Friday, November 21, 2008

Швейцарь хөгжил

З.Батболд

1920-иод оны үеийн Монголын гол удирдагчид болох Цэрэндорж, Амар, Жадамбаа, Дамбадорж нар үндэсний асуудал шийдэх таван гол бодлогыг томьёолж, улс орноо “үлгэрлэвээс Швейцарь лугаа адил” болгох зорилго тавьж байжээ. Хожим нь коммунистуудын зүгээс эдгээр хүмүүсийг “баруунтан” гэж цоллон, Монгол улсыг Швейцарь шиг хөрөнгөтний замд оруулах гэлээ хэмээн буруутгаж байлаа. Харин өнөөдрийн өнцгөөс харахад энэ нь улс орноо төвийг сахисан, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засагтай болгохыг хүсэн, сайтар бодож боловсруулсан Монгол улсын алсын хараа (vision) байжээ.



Тэгвэл Монгол шиг орон Швейцарь шиг хөгжих боломжтой юу? 2008 оны 9 сард эдийн засагч Б.Ведер, Р.Ведер нар 200 жилийн өмнө Европ тивийн ядуу буурай орнуудын нэг байсан Швейцарь улс хэрхэн дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг болсон, энэхүү туршлагаас нь одоогийн хөгжиж буй орнууд чухам юуг авч хэрэгжүүлбэл тус болох талаар судалгааны ажил хийснээ гаргажээ. Тэд Швейцарьт шууд ардчиллын тогтолцоо амжилттай хэрэгжсэн, мөн эдийн засгийн хөгжил нь өрсөлдөх чадварыг дэмжихэд суурилсан болохыг онцолсон байна. Швейцарийн хөгжлийн энэхүү хоёр чухал хүчин зүйл Монголд хэрхэн хэрэгжиж болох вэ?

Шууд ардчилал

Xэдийгээр швейцарьчууд бусад ардчилсан улсын иргэдийн нэгэн адил сонгуулийн журмаар парламентын гишүүдээ сонгодог ч, дээр нь засаглалын аль ч түвшинд хэд хэдэн “ардын эрх” (Volksrechte) эдэлдэг байна. Эдгээрийн дотроос иргэд хууль санаачлах, мөн парламентаас гарсан аливаа хууль, тогтоомжид бүх нийтийн санал асуулгын журмаар хориг тавих эрх эдэлдэг нь шууд ардчиллын чухал элемент болдог. 7,3 сая хүн амтай Швейцарь улсад 100 мянган иргэн гарын үсэг зуран хууль санаачилдаг бол 50 мянган иргэн гарын үсэг зуран парламентаас гарсан аливаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой болдог.
Эдгээр эрх нь Швейцарийн улс төрийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Нэг талаас иргэдийн зүгээс нийгмийн шаардлагаар гарч ирж буй аливаа шинэ хуулийг санаачлахыг парламентын гишүүдээсээ хүлээх хэрэггүй болдог. Нөгөө талаас парламентын зүгээс иргэдийн эрх ашигт халтай “түүхий” хууль, тогтоомжууд гарах магадлал багасдаг. Мөн энэ нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийнхэн болон улс төрийн цөөнх болсон хүчний зүгээс гарсан санал санаачлагыг төр, засгийн бодлогод тусгах, наад зах нь авч хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх чухал хөшүүрэг болдог байна.

Өрсөлдөх чадвар

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2008 оны өрсөлдөх чадварын индексээр Швейцарь улс 134 орноос АНУ-ын дараа хоёрт бичигджээ (Монгол 100-р байр). Чөлөөт өрсөлдөөний орчин нь зах зээлд шинээр орж ирэх боломжийг нээлттэй хангасан учир Швейцарийн компаниудад бараа, үйлчилгээний чанар болон бүтээмжээ өсгөн, шинэ зах зээлийг байнга эрэлхийлэхээс өөр замаар ашиг, орлогоо хадгалж үлдэх, нэмэгдүүлэх боломж байдагггүй. Ийнхүү дотоодын зах зээлдээ ширүүн өрсөлдөөнийг давж гарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болж, олон тооны үндэстэн дамнасан корпорациуд төрөн гарчээ. Жижигхэн Швейцарь улсаас эмийн салбарт Novartis, Roche, банкны салбарт UBS, Credit Suisse, хүнсний салбарт Nestle, даатгалын салбарт Suisse Re, Winterthur зэрэг дэлхийд танигдсан олон компани үүсэн гарав. Чөлөөт өрсөлдөөний ачаар Швейцарь улс хамгийн чанартай бараа үйлдвэрлэгч гэсэн имижийг нэгэнт олж авчээ.

Үүнээс гадна Швейцарийн засаг, захиргааны нэгж болох кантонуудын хооронд өрсөлдөөний бодлого хэрэгждэг байна. Кантонууд хоорондоо өрсөлдөх нь төсөв, санхүү, татварын бодлогыг үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд тустай байдаг. Үүний үр дүнд Швейцарьт ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээ 35 хувиас хэтэрдэггүй байна.

Өнөөдөр Монголд өрсөлдөх чадварыг дэмжих бизнесийн орчин ихээхэн үгүйлэгдэж байна. Компаниуд хоорондоо бүтээмжийн өсөлт, инновацийн түвшингээр өрсөлдөхийн оронд төр, засгийн албан хаагчидтай “нягт хамтран ажиллах” замаар давуу байдал олж авахыг хичээх боллоо. Төсвийн санхүүжилтээр хийгддэг худалдан авалт, ажил үйлчилгээг ихэвчлэн сайд, дарга нарын компани гүйцэтгэж байна. Энэ нь чөлөөт өрсөлдөөнийг хумиж, пүүс, компаниудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь ихээхэн саад учруулж байна.

Монгол оронд мах, сүү болон газар тариалангийн өндөр чанарын бүтээгдэхүүнээр Зүүн Хойд Азийн том зах зээлийг хангах боломж байгаа ч харьцангуй өндөр өртгөөр тээвэрлэгдэн ирдэг, алс холын Австрали, Шинэ Зеландын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна. Оюутолгой, Тавантолгойгоос гарах баялагт суурилан нэмүү үнэлэмж бий болгох бүтээгдэхүүн гаргах, салбарын төвлөрсөн бүлэглэл (cluster) байгуулах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно.
Мөн аймгууд хоорондоо хувийн хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэх чиглэлээр өрсөлдөх шаардлагатай болжээ. Энэ тохиолдолд ихэнх аймгийн улсын төсвөөс татаасаар амьдардаг өнөөгийн байдал өөрчлөгдөж, эдийн засгийн хувьд бие даах боломжтой болно.

Дүгнэлт

Швейцарийн нэгэн адил улс төрд шууд ардчиллыг хөгжүүлж, эдийн засагт өрсөлдөх чадварыг дэмжсэн бизнесийн орчинг бүрдүүлснээр Монгол улс тогтвортой хөгжилд хүрэх болно.

Монгол улсад өнөөдөр тулгараад байгаа парламентын засаглалын үйл ажиллагааны доголдлыг засах хамгийн сайн арга нь зарим хүмүүсийн үзэж байгаачлан ерөнхийлөгчийн засаглал бус, харин иргэдэд бүх нийтийн санал асуулга явуулах, хууль санаачлах, хуульд хориг тавих эрхийг олгох зэргээр шууд ардчиллыг хөгжүүлэх явдал юм.

Монгол орон өрсөлдөх чадвартай байна гэдэг бол Монголын компаниуд өрсөлдөх чадвартай байна гэсэн үг. Үүний тулд бизнесийн салбарыг төрийн хүнд суртал, авилгаас ангид байлгаж чанар, бүтээмжийн өсөлт, инновацид тулгуурласан чөлөөт өрсөлдөөний орчныг бий болгох цаг болжээ.


Монгол улс Швейцарь лугаа адил хөгжих болтугай!

No comments:

: