Хүрээний төрийн эргэлтийг Богд удирдсан
Шинжлэх ухаан, технологийн 2008 оны шилдэг бүтээл болох “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” түүхийн номын зохиогч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан лугаа хөөрөлдсөнөө толилуулъя.
Шинжлэх ухаан, технологийн 2008 оны шилдэг бүтээл болох “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” түүхийн номын зохиогч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан лугаа хөөрөлдсөнөө толилуулъя.
-Олны дунд VIII Богдын тухай ойлголт сайнгүй мэт байдаг, энэ талаар яриагаа эхлэх үү?
-Үүнд социализмын үеийн үзэл суртлын нөлөө орсон явдал бий. Тухайн үед, VIII Богдыг гутаан доромжилж, кино, уран зохиолд сохор, феодал хэмээн муучилж, эцсийн амьсгалаа хураах хүртлээ Монголын ард түмний заналт дайсан, харгис этгээд байсан мэтээр дүрсэлж байсан нь дэндүү өрөөсгөл, түүхэнд харалган байдлаар хандсаны илрэл.
-Сүүлийн жилүүдэд эсрэгээр, түүнийг магтах явдал гарч байна уу?-Түүхэн үнэнээс үзвэл, Богдыг магтан дуулахгүй байх аргагүй. Ямар нэгэн түүхэн бодит байдлыг ямар нэгэн үзэл сурталд авталгүй, будаг шунхгүйгээр судалж, энэ хүний үнэн дүр төрхийг тодруулах зорилгоор, Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг судалж, эл номоо бичсэн юм.
-Түүхийн үйл явдлын тоймоос ярина уу?-VIII Богдын нэр хүнд, нөлөө буддын шашинт халимаг, буриад, өвөр монгол, барга зэрэг бүх монгол овогтны шүтээн болсон байсныг 1890-ээд оны түүхээс харж болно. 1908 онд болсон Бат оршил өргөх наадмын дараа “Монголын томоохон ноёдыг нутаг буцаахгүй Богд Жавзандамба хутагт саатуулж байна, түүнээс зөвшөөрөл, адис авахгүйгээр ямар ч хан, томоохон лам нар явж чадахгүй болжээ, тэр одоо Монголын талын удирдагч болсон байна” гэж Оросын консул Я.Шишмарев бичсэн байдаг.
-Богдын хамгийн ойрын хүн нь хэн байв?-1910-аад оны үед Да лам Цэрэнчимэд, Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар нэлээд ойр байсан гэж бичсэн буй.
-Монголчуудын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хэдий үеэс эрч хүчээ авч, ямар зүтгэлтнүүд нөлөөлсөн бэ?-Манжийн шинэ засгийн бодлогыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс монголчуудын үндэсний хөдөлгөөн илүү хүчтэй өрнөх болсон болов уу. Баримт үзвэл, Жавзандамба хутагтын дэргэдэх Монголын ноёдууд тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар олон удаа хэлэлцэж байжээ. Тэд 1908 оны үеийн нэгэн удаагийн хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Энэ үөд Манжийн эрх баригчид Хүрээнд суух амбанаар дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаарджээ. Үүнд:
- Яагаад уудам газар нутаг, цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,
- Хаалган-Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудалд хэрхэн хандаж байгаа
- Уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар халгаатай гэж үзээд байгаа талаараа хоёрдмол утгагүй хариулт өгөхийг шаарджээ.
Тэд удтал хэлэлцсэний дүнд, “хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй” гэж өмнө өгсөн байр сууриа хамгаалан, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн цагт ууланд нүүдэллэх тул уул уурхай нь төрөл бүрийн сөрөг үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ хурал нь, монголчуудын амьдрал түгшүүртэй болж байгааг ухамсарлаж, багагүй анхаарал тавих хэрэгтэйг хаана хаанаа ойлгоход хүргэсэн.
-Манжамбан, Богд Жавзандамба хутагт хоёрын харилцаа ямар байв. Тэр үед болсон “Лам нарын зодоон”-ы тухай та юу хэлэхсэн бол?-1910 оны эхээр, “…”Хутагт, Хүрээний амбан Сандр хоёрын харилцаа лам нарын хэргээс үүдэн улам хурцадсаар байна”, “Шанзодба, Да лам нарыг албан тушаалаас нь зайлуулах тухай Бээжингийн шийдвэрийг Хутагт болон Шавийн яам хэрэгжүүлэхгүй байгаа тухай” Сандо Бээжинд мэдээллээ” хэмээн Оррсын консул тэмдэглэсэн байдаг. Энэ нь Бргд Жавзандамба хутагт Манжийн Засгийн газрын шийдвэрийг сөрж, лам нараа хамгаалан зогсч чадаж байсны илэрхийлэл юм. Богд, Хүрээнд сууж байсан манж амбанг буцааж байсан тохиолдол ч бий. Тэр зодоон лам нарын танхайрсан хэрэг төдий бус бүр улс төрийн шинжтэй болохыг харуулсан юм. Улмаар Манж амбан ба монголчуудын дундах уур амьсгал хичнээн хурц байгааг харуулаад зогсоогүй хэзээ мөдгүй шүдэнз зурах төдий асахад бэлэн байгааг мэдрүүлсэн болов уу.
-Богдын зүгээс Манжийг эсэргүүцсэн өөр ямар тохиолдол байдаг вэ?-1911 оны эхээр Богд, манж, хятадуудтай нэг өдөр Цагаан cap хийхээс татгалзаж, монголчууд нэг өдрийн дараа хийхийг зарлиг буулгасан. “Сандо амбан Цагаан сараар Хутагттай золгохоор очиход хүлээн аваагүй” тухай ч бичсэн байдаг. Эдгээр нь Хүрээний Хутагт Манжийн амбан cайдаас хамааралгүйгээр оршиж байсныг илтгэж буй хэрэг.
-Таны номонд Оросын атаман Семенов Монголын хувьсгалд оролцсон гэж бичжээ.-Тиймээ, Семенов 1911 оны үндэсний хувьсгал гарч байх үед Хүрээнд байсан бөгөөд дурсамждаа “Агуу Чингис хааны орны түүхийг бичилцэхэд оролцсон, би Хүрээн дэх манай консулын газрыг хамгаалж байсан хорооны 6 дугаар суманд үлдсэн юм. …Хүрээнд байхдаа, монгол хэл сурсан нь Монголын нийгмийн нэрт төлөөлөгчидтэй ойртох боломж олгосон. Цэргийн яамны сайдад нэр дэвшигч Намсрай гүн надаас орчин үеийн цэргийн эрдэмд сурч байв. Энэ үед Норовын тусламжтайгаар казакийн цэргийн жагсаалын дүрмийг би монгол хэл рүү хөрвүүлсэн. Хүрээ улс төрийн давалгаа, шинэ ирмүүн оргилд тэмүүлэн буцалж байв” хэмээн өгүүлээд “1911 оны 12 сарын 11-нд Хятадаас Халх тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болов” гэжээ.
-Хүрээнд сууж байсан Сандо амбан ямар хүн байв?-Өвөр Монголын Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байж. Тэр монголын тусгаар тогтнолын эсрэг байхад, түвд цустай Богд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглахад онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхгүй байж болохгүй юм. Сандо амбан Хүрээнээс хөөгдөөд буцаж явах замдаа сэтгүүлчид өгсөн яриа нь Японы архивт байгаагаас үзвэл: “Сандо миний бие хэргийг шийтгэгч сайдаар хоёр жилийн хугацааг Их Хүрээнд өнгөрөөсөн боловч тэр хугацаанд нэг ч удаа хоолоо тавтай идэж үзсэнгүй. Учир нь хол газарт бүхий тэнд (Монголд) манай ордны ачлал болон сүр хүч хүрэхгүй тул Монголын хутагтын дарангуйлал хэтэрхий бөгөөд хөрш орон болох Оросын оролцоо туйлдаа хүрсэн” гэж хэлсэн бий.
-2007 оноос эхлэн тэмдэглэж буй “Үндэсний эрх чөлөөний өдөр” чухам юу болсон талаар таны номд тусгагдсан уу?-Богд Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үргэлжилсээр оргил нь 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор туихаглан зарласан төрийн ёслол болсон юм. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан Дарыг “Улсын эх” гэж өргөмжлөн, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их Хүрээг улсын төв “Нийслэл Хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ. Богд эзэн хаанд хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл, “есөн цагаан” бэлгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган молцoгт нэжгээд цагаан морь, наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөж, төрийн ордноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн гэж бичсэн байдаг. Сонирхолтой нэгэн мэдээ бол, Богдыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд залрах тэр мөчид тэнгэрт өнгө бүрийн тунамал солонго гэрэл сацран мандаж байсан тухай Магсар хурц болон Их зуугийн чуулганы дарга, Ордосын засаг хошууны бэйс Арвинбаяр нар тэмдэглэсэн нь бий.
-VIII Богдыг гадаадын хумуус хэрхэн унэлсэн байдаг бол?-Богд эзэн хааны тухай гадаадын хүмүүсийн бүтээлд илүү их тэмдэглэгдэн үлджээ. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 сарын мэдээндээ, “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлоод “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн буй. Оросын цэргийн офицер Тонких: “Хүрээнд болсон төрийн эргэлтийг Хутагт болон түүнийг хүрээлэгчид хийсэн байна” гээд үүнд хятадын засаг захиргааныхны балмагдал, орoсын төлөөлөгчдийн зүйтэй зөвлөмж нөлөөлжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.
-Монгол улс байгуулагдсан нь Орост ашигтай байв уу. Ер нь олон улсын байдалд нөлөөлсөн болов уу?-1911, 1921, 1945 онд ч Оросын ашиг сонирхол байсан учраас Монголыг дэмжиж байсан хэрэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Сибирийн худалдаачин А.Д.Васенёв 1911 онд Петербургт Оросын Экспортын танхимын Алс Дорнодын хэлтсийн хуралдаан дээр тавьсан “Монгол дахь Оросуудын зорилт” хэмээх илтгэлдээ: “Орос, Хятадын хооронд буфер улс байгуулах хэрэгтэй байна. Бид дайсагнасан үзэлт хятадуудаас, энхээр нүүдэллэн орших оронтой хөрш байсан нь бүх талаар нийцтэй” гэж хэлсэн байдаг. Иймээс ч Оросын зүгээс Монголыг дэмжиж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараахан болсон үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл гаргаж билээ. Монгол дахь үйл явдлын талаар дэлхий нийтэд мэдээлснээрээ ач холбогдол бүхий үйл явц байсан. Энэхүү мэдээлэл нь, Японы засгийн газраас Оросуудад 1907 оныхоо гэрээг эелдгээр сануулж, “Монгол” хэмээх нэрийн дор юуг ойлгож байгаагаа тодорхой тайлбарлахыг хүсэхэд хүргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын асуудал Орoс, Хятадын төдийгүй Япон зэрэг бүс нутгийн олон улсын шинжийг агуулсан гэж үзэж болно.
-Тухайн үед Монголчууд өөрсдөө энэхүү үйл явдлыг хэрхэн ойлгож, хүлээн авсан бол?-Монголчуудын магнай тэнийтэл баярласан, ойр хавьд бoлоогүй баярын мөч байсан хэмээн хүмүүс дурссан нь буй. Оросын худалдаачин Корнакова энэ талаар өгүүлэхдээ: “Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд Богд гэгээн бүх Монголын хаан ширээнд залран суух мэдээ авмагцаа баярын нулимс асгаруулан мөргөж билээ” хэмээн тэмдэглэсэн нь нэгийг хэлж байгаа болов уу. Ийм мэдээ нэг бус байдаг юм.
-Богдын алтан тамганд монголчууд хүндэтгэл үзүүллээ гэж хэдэн жилийн өмнө мэдээ гарч байсныг санаж байна.-Богд хааны алтан тамга бий. Гэхдээ энэ бол ламын тамга нь, юм шүү дээ. Монголчууд бидэнд хас тамга, мөнгөн тамга нь утгаараа илүү дээдлэх учиртай зүйлс юм даа. 1911 онд Монгол Улсын эзэн хаанаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөөд хийсэн, “Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга” хэмээх үсэг бүхий цагаан хаш тамга, мөнгөн тамга болон Монгол Улсын Эх дагинын тамга зэрэг нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс хийгээд өөрийн эзэн хаантай болохыг илтгэн харуулсан агуулга, шинж чанартай юм.
-Эх дагина ер нь ямар хүн байсан юм бол?-Эх дагина Дондогдулам нь Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин бөгөөд 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн бололтой байдаг. Богдын хатан Дондогдулам нь “шашин төрийг хослон өрнүүлэгч Эх дагины тамга” гэсэн бичигтэй тамга барьж байсан нь төрийн хэрэгт хувь нэмрээ оруулж байсныг илтгэнэ. Гeрман улсаас Бээжинд дэд консулаар 1920-иод оны үед ажиллаж байсан Херман Гиппэрич Дондогдуламын талаар хожим “Уран ухаантай, арга зальтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн суларсан байна” хэмээн бичсэн бол И.Я.Коростовец Эх дагина 1923 онд нас барснаас хойш Богд хаанд зөвлөгч дутсан хэмээсэн нь Эх дагины талаарх дээрх саналтай агаар нэгэн.
-Богдын санд маш сонирхолтой зүйлс олон байсан тухай дуулддаг?-Жавзандамба хутагт амьтанд дуртай нэгэн. Түүнд хоёр ч амьд заан байсан гэдэг. 1890-1899 оны хооронд амьд амьтны үзэсгэлэн байгуулахаар цуглуулгатай болж, өөрийн сангаас багагүй хөрөнгө зарцуулсан байна. Тэр цуглуулгыг үзээд, Польшийн нэрт аялагч, эрдэмтэн А.Ф.Осендовский “автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас, болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, энэтхэгийн могри, тоть гээд олон төрлийн амьтад “Бурханы” ордонд янз бүpийн цаг үед байжээ” гээд Богдын үнэт эдлэлийн музейд саатсан тухайгаа өгүүлжээ. Түүний үзснээр, Богдын үнэт эдлэлийн санд “Бей Кемагаас авсан цэвэр алтан гулдмайнууд, Кемчингийн хар булга, гайхалтай бугын эвэр, Энэтхэгийн алмаз, Хятадын зааны яс” гэх мэт олон гойд сонирхолтой, европын музейд харж чадахааргүй тийм ховор зүйлс хадгалагдаж байгааг тэмдэглэн үлдээжээ. Их аялагч, эрдэмтэн П.К.Козлов тэмдэглэлдээ: “Хүрээнийхний яриагаар бол Богдын ордон европ маягаар тохижуулагдсан, бүр төгөлдөр хуур хүртэл байрлуулсан байдаг гэнэ. Тэнд үнэ цэнэтэй бүхэн бий. Хутагтад зориулан дэлхийн өнцөг булан бүрээс орос, хятад худалдаачид зөөн авчирч, түүнд худалддаг” хэмээн бичжээ. Богдод асар баян, ховор номын сан байсан тухай мэдээ буй. Оросын консул Я.Шишмаревын мэдээгээр, 1892 оны нэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хүрээн дэхь Хутагтын ордон шатаж, олон үе дамжиж ирсэн алт, мөнгөн үнэт эрдэнэ, “өөр хаана ч байхгүй эртний ховор нандин номын сан” шатсан тухай өгүүлдэг.
-VIII Богдыг архи уудаг, авгай хүүхэн эргүүлдэг их сахилгагүй байсан гэж бичдэг нь хэр ортой вэ?-Богд билэг танхай нэгэн байжээ. Түүний бие даасан байдал, ухаантай, сэргэлэн, хэн нэгнээс хараат бусаар оршиж ирсэн нь түүнд өөрийн бодлоо хэрэгжүүлэх боломж бололцоог олгосон гэж бодож байна. Би, Богдын тухайн үед гаргаж байсан үйлдлүүдийг зөвтгөх хандлагатай нэгэн. Бид зах зээлд ороод арван хэдхэн жил болоход хөрөнгө мөнгөтэй хүмүүс ямар ааш аягтай болдгийг харж байна. Тэгвэл Богд гэдэг чинь олонд шүтэгдсэн, хичнээн их баян хүн байв, дээр нь, багаас нь монгол боловсрол олгосон гээд бодвол түүний үйлдлүүдийг ойлгож болох юм. Чухам тиймээс ч өөрийн багш Далай ламыг ирэхэд олны нүдэн дээр тосч авахгүй, үдэж явуулахгүй байж чадсан төдийгүй, Хүрээнээс манж амбанг хөөн явуулж, Манжийн эрх баригчдын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж, нууцаар Орост төлөөлөгч илгээж чадсан хүн шүү дээ. Түүний бие даасан байдал нь Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь болох боломж бололцоог нээж өгсөн болов уу. Тэрбээр Хиагтын гурван улсын гэрээний дараа Дундад улсын Их Жунтангаас тусгай элчийг тусгайлан томилж, Богд хаанд алтан тамга, өргөмжлөл ирүүлсэнд хүлээн авахгүй буцаасан байдаг. Амьд сэрүүн байхад нь түүнийг хүндэлдэггүй, түүнд мөргөдөггүй төрийн болон намын удирдах хүмүүс байгаагүй биз. Сөрөг мэдээллүүд нь ихэнхдээ Богдыг нас барсаны дараа л гарсан хэрэг байх.
-Гэвч тамга, өргөмжлөлийг нь авсан баримт байдаг.-1919 оны 11 дүгээр сард Хятадын цэргийн эрхтнүүд Монголын Засгийн эрхийг хүчээр булаан авсны дараа л Богд бээр тэрхүү Хятадаас ирүүлсэн алтан тамга, өргөмжлөлийг хүлээн авсан байдаг юм.
-VIII Богдод монголчууд тийм их хүндэтгэл узуулж байсныг юугаар нотлох вэ?-Нийт монголчууд шүтэж байсныг хэлэх нь бараг илүүц биз. Харин түүнийг нас барснаас гурав хоногийн дараа төрийн тамгыг нь Засгийн газарт сүр дуулиантай шилжүүлсэн нь Богд амьд сэрүүндээ төрийн эрх мэдлийг хянаж чадаж байсныг илтгэнэ. Нөгөөтэйгүүр Богдыг нас барсантай холбогдуулан орон даяар 21 хоног гашуудал зарлаж байсан болон түүнийг оршуулах ёслол зэрэг нь нэгийг хэлэх биз ээ.
-Богд хааны хүүхэд нас, гэр бүлийн талаар мэдээлэл ховор байх шиг…?-Таван настайд нь тодруулан, Хүрээнд залнаас хойш түүний бүхий л амьдрал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ буй. Хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа, гэр бүлээрээ Монголд ирсэн нь түүний өмнөх дүрүүдээсээ ялгарах онцлог байв. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашины чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлдсэн. Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд тул монгол хэл, бичиг чадамгай сурч, их л чөлөөтэй биеэ авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Иймээс түүний тухай архи ууж, авгай эргүүлэхээс ч сийхгүй нэгэн хэмээн ярьж бичиж байсан биз. Багаас нь төвд, монгол хэл бичиг, шашны болон дорно дахины ёс заншилыг түүнд сургасан байна. Найман дүрийн Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан хийгээд Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан билээ.
-Богдыг Монгол Улсын эзэн хаанаар залахад өрсөлдөх хүмүүс гараагүй юу. Тэр үед Алтан ургийн хан, ноёд бүгд л байсан шүү дээ?-Чухамдаа түүнтэй өрсөлдөх хүмүүс гараагүй гэж хэлж болно. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын өрөнхий консул Шишмарев бичихдээ, “хэрэв Монголд үндэcний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй. Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв. Цаг үеийн нөхцөл байдлыг сайтар ухаарч харсны улмаас 1911 оны үндэсний хувьсгалын бүхий л сценарийг нэлээд эртнээс Жавзандамба хутагт бичсэн бөгөөд түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чадсан хэрэг. Үүний улмаас Богдын зөвшөөрөлгүйгээр хэн ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн буй.
-Богд эзэн хаан Чингисийн уламжлалыг баримтлах талаар ямар нэгэн зүйлс хийгээгүй хэрэг үү?-Богд бээр Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж, алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэд нөлөөлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.
-Бидний мэддэг хэрнээ огтоос “танил бус” эх түүхийн тухай сайхан бүтээл туурвиж, уншигчидтай минь сэтгэгдлээ хуваалцсан таны эрдмийн ажилд амжилт хүсье.
No comments:
Post a Comment