Friday, November 21, 2008

Өөлдүүд

Эсэн хаан хороогдож сүүдэр орхисноос хойш Ойрадаас түүх сударт тэгтлээ овойж олигтойхон аавын хүү гараагүй авч салах бутрах үйл хэргээ орхилгүй үргэлжлүүлсээр 16-р зууны 70-аад оныг хүргэсэн бололтой. Мандухай сэцэн хатун, Батмөнх Даян хаан нар удаа дараа цэрэглэн дайтаж ойрадуудыг номхруулсан явдал дээрх таамгийг нотлох баримт болох буй заа. Монголын Юан улс унаснаас хойш Даян хаан Монголын эвдрэл бутралыг түр намжаан, эв эеийг эрхэмлэх болсон ч түүнийгээ насан халсны хойно нөгөө л бутрал эвдрэл, будлиан самуун дахих сэрж, лавшран даамжирсаар эцэс сүүлдээ зуун тавиадхан жилийн дараа нэгдсэн Монгол улс дахин сэргэх чадваргүйд хүрч бусдын эрхшээлд ортлоон доройтсоныг бид мэдмүй. Нэгэн Монгол домогт "Ер бусын дүрс хэлбэртэй хоёр могой байж гэнэ. Нэг нь олон толгойтой ганц урт биетэй, нөгөө нь ганц данхар толгойтой олон салаа биетэй юмсанж. Хэн нь аминдаа арчаатай болох тухай маргах нь цөөнгүй. Нэг хэсэг нь олон ухаантай толгой хэрэгтэй гэхэд бусад зарим нь олон хөдөлмөрч бие ашигтай хэмээнэ.

Хаврын нэгэн нарлаг өдөр сайхи хоёр хачин амьтан нарны элчид дулаацахаар замын халцгайг дагаад хэвтэж байв гэнэ. Тэгтэл нэгэн морин тэрэг тачигнан давхиж айсууд ганц толгойтын олон бие толгойгоо дагаад хурдан шалмаг замаас зайлаад амжиж. Харин олон толгойтын толгой бүр найман зовхист тэмүүлсээр ганц биеэ хөдөлгөж чадалгүй тэрэгний мөөрийг норгож амь тасарчээ. Монголчууд эв нэгдэл эвдэрч чухамхүү сайхи олон толгойт могойн үлгэрээр жишихэд ойртсон цаг мөч цөөнгүй тохиосон. Улс гүрнээ бүрэн бүтнээр хадгалж хамгаалах алсын хараатай мэргэд ноёд цөөрч, өнөө маргаашийн өшөө хонзон бодсон эрх мэдэлтэн олширсоор л байв. Монгол газар иймэрхүү дүр төрх зураг зурлагатай 17 зууны давалгаатай долгионтой жилүүдтэй золгосон ажгуу. Өөлд хэмээх үгийн тухай хэдэн өгүүлбэр. Өөлдүүдийн гарвал үүсэл хийгээд "Өөлд" хэмээх нэр хэрхэн тогтсон тухай газар бүрийн эрдэмтэн судлаачид өөр өөрийн санал дүгнэлтийг дэвшүүлсэн байдаг. Эрдэмтэн Жамсрангийн Цэвээн Өөлдийн гарал нь Хори ба Буриад лугаа нэгэн түүхтэй. Барга Баатар гэгчийн гурван хөвгүүний бага Элгүтэй гэдэг нь дайнч байлдаанч учир өрнө зүгийг тэмцэж одвоо. Түүний харъяат нар Өөлд хэмээгдэх болжээ гэж бичжээ. (Ж.Цэвээн-Дархад Дөрвөд, Урианхай... нарын гарвалж үүсэл. 1934 он УБ). Мөн Ойрадын дотор хошууд Өөлд нэг гаралтай тухай Орос, Хятадын судлаачид бичсэн бий. Тэд Алашагийн хошуудыг Өөлд хэмээн тооцдог. Б.Цэрэн бичихдээ –Ер нь өөлд хошууд хойдууд нэгэн томоохон ястан буюу аймаг гэжээ. (Б.Цэрэн-Дөрвөн Ойрад ба Ойрадын Холбоонд багтах үндэстэн ястнууд УБ. 1997 он). "Хойд болбоос Их Мянган овогтой хамгаас буурай бүлгээ. (Жан Му-Монголын хошуу нутгийн тэмдэглэл 1990. Өвөрмонгол). Их Мянган нь Тогоон Тайши, Эсэн хаан нарын овог болохыг дээр дурдсан билээ. Ойрад судлаач эрдэмтэн А.Очир Ойрадын түүхийн тод бичгийн сурвалжийг үндэслэн бичихдээ –Эсэн хааны ач Хамаг Тайши 15 зууны наяад оны сүүлчээр Цорос дотроос албат таслан аваад тэднийгээ Өөлд хэмээн нэрлэсэн гэжээ. (Монгол Улсын Өөлдүүд. УБ. 1999). Мэргэд судлаачдын дэвшүүлж буй баялаг саналыг үндэслэн бодохул Өөлд болбоос Дөрвөн Ойрадын томоохон аймаг хийгээд Зүүн гарын голлох хүчин ажээ. Зарим түүхэн сурвалж бичигт Ойрадыг бүхэлд нь Өөлд хэмээн нэрлэж байсныг ч цохон бичсэн байх. Дээрх асуудалтай уялдаж Өөлд (Өгэлэд) хэмээх нэр хэрхэн үүссэн гэдэг сонирхолтой асуудал болж буй. Энэ тухай бас л олон янзын таамаг санал байдгийн заримаас толилуул юу. Оросын Монгол судлалын мэргэд үзэхдээ Хятадууд Ойрад гэх үгийн "Р" үсгийг өөрийн аялга дуудлагад тохируулж хялбарчилж "Л" болгон хувиргаж хэлтгий хазгай дуудсанаас Өөлд болон сунжирсан гэх авч үүнийг манай эрдэмтэд үнэмшил муутай гэж үздэг. Юу гэвэл ойн иргэд, Ойрад нэрийн хажуугаар хэсэг бүлэг ястан өөрсдийгөө Өгэлэд буюу Өөлд хэмээн нэрлэдэг баймуй. Зарим нь Ойрадуудын хэсэг нь Алтан Өлэгийд хэмээх газарт нутаглаж явснаар улмаар Өөлд нэр авсан гэнэ. Харин хэл шинжлэлийн эрдэмтэн Ж.Төмөрцэрэн, түүхч эрдэмтэн А.Очир нар өсгөлүүн бадриун том гэх утгатай Өгэлэ гэсэн үгэнд "д" олон тооны нөхцөл залгаж Өөлд нэр гаргасан гэх агаад үүнийгээ илүү бодитой хэмээн үздэг. ОХУ-ын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов "Ойрадын Галдан Бошгот ханы тухай өгүүлэх нь " (Новосибирск. 1980 орос хэлээр) хэмээх номондоо Ойрадын үүслийн тухай бичихдээ "...Эх нь нярай балчираа уйлуулахгүйн тулд тангадуудын элет хэмээн нэрлэх жижигхэн шар өнгөтэй шувууг модон дээр суулгаж жиргүүлжээ" гэсэн өгүүлбэр бий. Тэрхүү Элет буюу Ээлэт хэмээх ээл нөмрөө хүний хүүд хайрласан хөөрхөн уран шувууны нэр дамжин хазайсаар Эгэлэт буюу Өгэлэд нэр үүссэн байж болохыг үгүйгэх аргагүй. Эрдэмтэн Е.Кычанов гуай эл домог болон үлгэрийн шувууны нэрийг санаанаасаа зохиосон зүйлгүй, юутай ч ямар нэг тулгар баримтыг үндэслэн бичсэн нь лавтай. Харин ээлэт шувууны нэр мартагдаж орхигдохыг үгүйсгэх аргагүй. Ийнхүү Өөлд хэмээх нэр томъёо Ээлэт гэдэг домгийн шувууны нэрнээс уламжлан үүссэн гэх бас нэг таамгийг дэвшүүлэн нэмэрлэж буйг зарласугай. Харин нэр агч эрдэмтэд Өөлд гэдэг нэрийг сайхи шувууны нэртэй холбож үзсэн зүйлгүй болохыг нөхөн тэмдэглэсүй.


Эх сурвалж: Ойрадын түүхэн зурвас Чорос Бирадамба

No comments:

: