Tuesday, November 11, 2008

ОРОС БА ТАТАРУУД

Орос нь татаарын эрхшээлд 242 жил байжээ. (1238-1480). Түүний түүхийн энэ үе нь (ялангуяа эхний 150 жил буюу Куликовын тулалдаанд Дмитрий Донский ялалт байгуулж булаан эзлэгчдийн дарлалыг ихээхэн сулруулж, тэд улс орны дотоод хэрэгт бараг оролцохоо больсон үе хүртэл) онцгой хүнд материаллаг гарз хохиролтой, үүнээс өмнө гялалзтал хөгжиж, баруун европын орнуудын соёлыг гүйцэж түрүүлж байсан оросын соёл бүрэн уналтад орсноор тэмдэглэгдсэн байдаг.

Оросын он дарааллын бичгүүдэд Орост татааруудын үйлдсэн эвдрэл дээрэм, харгис үйл, дураар авирласныг өнгө өнгөөр дүүртэл бичсэн нь буй. Дашрамд хэлэхэд “өнгө өнгийн” гэдэг илэрхийлэл энд бүрэн тохирохгүй, манай түүх бичигчид татаарууд болон тэдгээрийн үйлдлүүдийг дүрслэхдээ зөвхөн ганц хар өнгийг авч, чингэхдээ маш өтгөн хэрэглэсэн. Оросын цаашхи бүх утга зохиол, ялангуяа адал явдалт зохиолууд нь татаарчуудтай харьцахдаа энэхүү өнгийг өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр авч хэрэглэсэн байдаг. Энэ бүхэн нь иймэрхүү тохиолдолд заавал гардаг хэтрүүлгийг оролцуулбал бүрэн ойлгомжтой бөгөөд сэтгэл зүйн хувьд амархан тайлбарлаж болдог. Ялалт амжилтад дассан Оросын агуу их ард түмэн булаан эзлэгчдийн хүнд талхигдалд ороход үзэн ядалтаас өөр юуг ч мэдэрч чадахгүй нь ойлгомжтой. Тэр жилүүдэд татааруудын үндэсний зан араншин, ялангуяа тэдгээрийн засаглалд алагчлахгүй үнэлэлт өгөх гэсэн аливаа оролдлого нь доромжлол мэт санагддаг байв. Татаар хүн зэрлэг, хорон, хүмүүн бус дээрэмчин, хүчирхийлэгч зэрэг “бузар амьтан” л байж болох байв. Үнэнээс хол иймэрхүү дүр зураг манай утга зохиол болон орос хүмүүсийн төсөөлөлд уламжлал болон тогтсон юм.


Үүний зэрэгцээ, хэрэв асуудлыг урьдчилан дүгнэлгүйгээр авч үзвэл татаарчууд муу чанараас гадна хүнийхээ хувьд ч, эрх баригчдын хувьд ч олон эерэг чанаруудтай байсныг хүлээн зөвшөөрвөл зохино. Юуны өмнө тэд гандан бууршгүй шударга чанартай, үүрэгтээ үнэнч, сахилга баттайгаараа онцгой байсан ба энэ талууд Орост нөлөөлсөн нь зөвхөн сайн үйл болж чадах байв. Тэдний дарлал эргэлзээгүй хүнд байсан авч учруулсан гамшгийнхаа зэрэгцээ тойруу замаар Орост маш их тус үзүүлсэн. Аймаг (ванлиг?) хоорондын бутралд мөхөж байсан улс орныг энэхүү дарлалыг нийтээр хүчээр түлхэн унагах зайлшгүй байдалд дуудсан түүний эв нэгдэлд хүргэсэн юм.


Татаарын хаад нь хатуу гараар захирч, догшин ширүүн байх нь цөөнгүй байв (гэхдээ энд тэдгээрийн алийг нь ч догшин Ивантай зүйрлүүлж болохгүй). Цөөн зарим явдлыг эс тооцвол тэд шударга чанараараа онцгойрч байв. Хэрэв оросын зарим ноёдыг цаазалсан бол энэ нь ихэнхи тохиолдолд хангалттай үндэслэлтэй байдаг байлаа. Энэ нь ихэвчлэн оросын өрсөлдөгч ноёдууд бусад руугаа дайрснаас үүдэлтэй байв. Ёс суртахуун болон оюун санааны талаар Орос дахь тэдний дарлал хүнд байгаагүй. Оросын түүхэн уламжлал, ахуйн хэвшилд тэд халдаагүй, шашин шүтлэгт туйлын хүлцэнгүй байсан. Үнэн алдарт шашинд туйлбартай хүндэтгэн харьцаж, түүнийг бүх талаар ивээдэг байсан нь хадгалагдан үлдсэн хэд хэдэн хаадын пайзнаас нэн тодорхой харагддаг юм. Хоосон зүйл яриад байхгүйн тулд Их Хаан Мөнх – Төмөрөөс 1269 онд Оросын сүмийн тэргүүн, митрополит Кириллд өгсөн пайзнаас иш татъя: “Сүмийн бүх газар, ой, ус, ногооны газар, усан үзмийн талбай, цэцэрлэг, өвөлжөө болон зуслангаас баскакууд ч (татвар цуглуулдаг монгол хааны төлөөлөгчийг ингэж нэрлэдэг байжээ – Д.Г), түшмэдүүд ч, албаны хүмүүс ч татвар авч болохгүй. Мөн түүчлэн сүмийн бүх хүмүүс, мастерууд, шонхорчид, тариачид, боолчууд–зарц нар болон ажилчид, сүмд хамаарах бүх хүнээс юу ч авахгүй, ажил хийлгэхгүй, манаа мануулахгүй байх ёстой. Хар лам болон мяндагтнууд алба, өргөл, гааль хэнд ч өгөхгүй, тэднээс юм авсан манай баскакууд, хан, бичээч өөр хэн ч гэсэн цаазаар үхэх болно. Тэдний хуулинд буй икон, ном судар өөр бусад зүйлийг шоолох, доромжлох, эвдэн сүйтгэж болохгүй. Тэдний шашин шүтлэгийг доромжилсон хүнийг буруутгаж ална”.


Дараа дараачийн хаадууд энэхүү пайзыг баталгаажуулсан төдийгүй оросын сүм хийдийн эрх ямбыг өргөтгөсөн юм. Сарай хотод оросын епархи байснаас гадна үнэн алдартны шашны таван сүм ажиллаж байжээ. Орост татаарын булаан эзлэгчдийн нийтлэг харгис зан, тэдний учруулсан хүчирхийллийн хувьд гэвэл энэ нь онцгой зүйл байгаагүй бөгөөд дундад зууны тэр үед бүрэн хэвийн үзэгдэл байлаа. Тэдний энэхүү харгис зан нь ямар ч байсан гэсэн мусульманы орнуудад загалмайтнуудын түйвээсэн буюу мавруудаас чөлөөлөгдсөн Испанид энгийн номхон араб хүмүүсийг хэдэн арван мянгаар нь түүдэг галд шатааж байсан “ариун” тамлалаас зөөлөн байсан. Татаарууд ард түмнийг цөлмөн дээрэмдэж байсан, чингэхдээ тэр үеийн бусад армийн хийдгийг л хийж байв. Иймэрхүү маягийн дээрэм нь алба хаахаас өөр ямар ч шагналгүй дайчдад өвөрмөц маягийн урамшуулал байжээ. Татаарууд аян дайн, довтолгооны үедээ оросуудыг боол болгодог байсан, гэвч энэ нь бидний бодож байсан шиг тийм их хэмжээний байгаагүй. Орд дахь эдгээр боолчуудын байдал онцгой хүнд байгаагүй. Татаарчууд боолчуудтай харьцахдаа тэдний үеийнхэн болох венецчүүд, генуэйчууд, византчуудаас хавьгүй энэрэнгүй байсан. Татаарын эзэгнэлийн урт удаан бүхий л үед татварын дарлалыг түлхэн унагасан хаан гуравдугаар Иван болон түүний ойрын залгамжлагчдын автагдсан византийн нөлөөлөл шиг тийм хэмжээгээр оросын зан заншлыг ч, оросын хууль зүйг ч чангалан хатуужуулж байгаагүй юм.


Төр улсын ч, хувийн амьдралд ч орос болон татааруудыг ахуйн болон цусан холбоо аажмаар нэгтгэсэн бөгөөд энэ нь манай түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн. Оросын хэдэн арван вангууд татаарын гүнжүүдтэй гэрлэж, тэдний олонхи нь амьдралынхаа ихэнхи хэсгийг Сарайд өнгөрөөж, зарим нь тэнд төрцгөөсөн, нас барцгаасан; оросын худалдаачид, эгэл жирийн олон хүмүүс ямар нэг шалтгаанаар бас л Ордод амьдарч, тэндээ эд баялаг, өндөр албатай болох нь цөөнгүй байлаа. Улс төрийн болон гэр бүлийн янз бүрийн шалтгаанаас болж татаарын ихэс дээдсийн төлөөлөгчид аль Александр Невский вангийн үеэс л эхлэн Орос руу нүүн суурьшиж байв. Тэнд тэд нар ямагт сайхан угтуулж, үнэн алдарт шашинд орж, газар болон алба хүлээн авч, оросын язгууртан хүүхнүүдтэй гэрлэж, оросын цэрэгт элсэж, өөрийнхөө шинэ эх оронд үнэнчээр зүтгэцгээсэн. Тийм хүмүүс бүр нь хэдэн арав, хэдэн зуун нөхөр, боолчуудаа дагуулан ирснээр тэд нар нь мөн л оросын олон түмэнд уусч, иймэрхүү маягаар нийгмийн зөвхөн дээд давхаргад төдийгүй, доод давхаргад ч орос болон татаарын цус холилджээ. Орд задарч, Орос хүчирхэгжихийн хэрээр ийн шилжин нүүх явдал улам бүр олон гарах болж, Казань, Астрахань, Сибирь, Ногой зэрэг татаарын сүүлчийн ханлигууд унахад энэ нь өргөн олныг хамарсан юм. Татаарын дээдсийн ихэнхи хэсэг Москвагийн хаадын албанд орж, хан, ван, тайжуудын олон овгийн эхлэлийг тавьжээ. Генеологийн асуудлыг мэдэхгүй орос хүн бол өнөөдөр эдгээр овгийн ихэнхи нь татаар язгууртай гэдгийг мэддэггүй юм. Татаарын бүхэл бүтэн отряд, улсууд Москвагийн албанд шилжин, түүний дорнод нутгаар суурьшин, тэднийг гаднын дайснаас хамгаалж байсан юм. Их хаан Василий Тёмнийн өөрт нь захирагдсан татааруудаар Мещерскийн хязгаарт байгуулсан Касимовын хаант улс нь Орос орныг Казанийн хаант улсаас найдвартай хамгаалж байсан бөгөөд хожим нь энэ тухай Брокгауз Ефроны нэвтэрхий тольд:


“Тэд Оросын засгийн газарт алба хаадаг, оросын ноёдын ивгээлийг ямагт хүртдэг байсан тэрхүү мусульман гаралтнуудад амьдрах газар хүссэн юм. Энд эдгээр хүмүүс өөрсдийнхөө шашны зан үйлийг гээхээс өчүүхэн ч эмээлгүйгээр орос хүмүүст бага багаар дассаар өөрснөө ч шашин ба мэдрэхүйгээрээ оросод хандах болсон” гэж бичжээ. “Оросуудыг сайн ухвал татаар л гарна” гэсэн бүхний мэдэх зүйр үг байдаг. Энд мэдээж хэрэг өөр утга санаа байгаа авч түүнийг шууд “биологийн” утгаар хүлээн зөвшөөрөх хангалттай үндэслэл байдаг, учир нь орос цусанд татаарын ихээхэн хольц байдаг. Энэ нь бидэнд огт муу юм болоогүй. Генеологийг тусгайлан судлалгүйгээр татаарын эзэгнэлийн эрин үеийг бүх талаас нь судалж, өнгөрсөн үе дэх орос-татаарын холбооны бүх нийлбэрийг сонирхохдоо би түүхийн янз бүрийн сурвалж, баримт бичгүүдээс татаар удмаас эх авсан 92 хаан, 30 ван, 13 гүн болон 300 гаруй тайжийн овгийг олсон юм. Хэрэв дээр дурдсан цол бүхий овгууд дээр губернийн овог удмын номнуудаас татаар гаралтай тайж нарын хэдэн зуун овгийг олж маш олныг нэмж болох нь эргэлзээгүй. Харамсалтай нь тайж гарлаар бүртгэл хөтөлдөггүй байснаас тэдгээрийг тодорхойлох боломжгүй юм, гэхдээ тэдгээр нь олон мянгаар тоологдох нь эргэлзээгүй юм.


Энэхүү олон тооны татаар угсаатны хойч удмынхан хоёр, гурав дахь үе дээрээ л оюун санаа, хүмүүжлээрээ цэвэр орос хүмүүс болон хувирцгаасан юм. Тэд эх орондоо шударга үнэнчээр алба хааж, түүний төлөө тоо томшгүй олон тулалдаанд төдийгүй энх тайван амьдралын талбарт зүтгэж, оросын соёлыг алдаршуулсан цөөнгүй их хүмүүс, тэр ч байтугай суут хүмүүсийг төрүүлж өгсөн. Хамгийн тодорхой жишээ авъя. Шинжлэх ухааны салбарт татаар удамтай оросын суут эрдэмтэд гэвэл Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир, Карамзин, туйл судлагч Челюскин, Чириков нар байна. Утга зохиолд Достоевский, Тургенев, Державин, Языков, Денис Давидов, Загоскин, К.Леонтьев, Огарев, Куприн, Арцыбашев, Замятин, Булгакав нар болон бусад олон зохиолч, яруу найрагч нар бий. Урлагийн салбараас л гэхэд зөвхөн тод гэрэлтсэн хүмүүсийг нэрлэхэд л бүжигчин Анна Павлова, Уланова, Спесивцев, жүжигчин Каратыгин, Ермолов, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, зураач Шишкин нар болно. Татаар өвгөөс гаралтай алдар цэргийн жанжин, генерал, адмиралуудыг бүгдийг нь тоочих боломжгүй юм. Тэдгээрээс зөвхөн хоёр “томыг” нь нэрлэвэл Дмитрий Донскийн жанжид Юрий Мещерский ван, Куликовын тулалдаанд амь үрэгдсэн ван Андрей Серкизов нар юм. Мөн Их Петрийн нэрт хамтран зүтгэгч, генерал-адмирал Ф.М.Апраксин, Эх орны дайны баатар генералууд Ермолов, Дохтуров нарыг дурдаж болно. Оросын нэрт адмирал Матюшкин, Мордвинов, Епанчин, Бирилев, дэлхийн I дайны фронт командлагч генерал Жилинский, Щербаков нар “татаарууд” байсан юм. Татаарууд Орост Борис ба Феодор Годунов гэсэн хоёр хаан өгсөн. Мөн таван хатан хаан өгсөн. Энэ нь Соломония Сабурова – гуравдугаар Василийн анхны эхнэр; Елена Глинская – түүний хоёр дахь эхнэр; Ирина Годунова – хаан Феодор Иоанновичийн эхнэр; Наталъя Нарышкина - -Алексей Михайловичийн хоёр дахь эхнэр – Их Петрийн ээж; Марфа Апраксина – хаан Феодор Алексеевичийн эхнэр; Евдокия Сабурова – өөрийн эцэг догшин Иванд алагдсан хан хүү Иваны эхнэр зэрэг болно.


Нэлээн хэдэн татаарыг оросын сүм хийд үнэн алдартны ариун гэгээн хүмүүст тооцдогийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тэдгээрээс хамгийн нэрд гарсан нь гэгээн Петр Ордынский бөгөөд энэ хүн Бат хааны үнэн алдарт шашинд орсон ач хүү, хожим нь лам болсон юм. Өөр нэг татаар хүн бол Казаний зовлонг тэвчигч, ариун Петр юм. Бат хаан өөрийн том хүү, үе залгамжлагч Сартаг болон түүний эхнэрт үнэн алдар шашинд орохыг зөвшөөрч байсныг сануулах хэрэгтэй юм. Энэ тохиолдол нь татаарууд алив шашинд тэвчээртэй ханддагийг сайтар харуулахын хамт татаарууд шашны фанатикууд байж, христийн шашныг даран сөнөөгчид байсан гэсэн туйлын алдаатай боловч бат бэх тогтсон үзэл бодлыг илт няцааж байна. Хэрэв Сартаг Батын ах өөрийн өрсөлдөгчид хорлогдон эрт нас бараагүй бол Их Хааны суудалд үнэн алдарт шашинтан хүн суух байсан.


Энэ бүхнээс үзэхэд татаарчуудтай тогтоосон манай түүхэн, тэр ч байтугай цусан холбоо нь бидний бодож байснаас хавьгүй нягт, олон талтай болох нь илт байна. Хэрэв татаарын эзлэлт нь тухайн үедээ Орост маш их зовлон авчирсан бол тэр нь татааруудын бидэнд үлдээсэн баялаг өв, татаар гаралтнууд, тэдний хойч үеийнхний Орос орныг хамгаалах болон түүний соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан жинтэй хувь нэмрээр ямар нэг хэмжээгээр нөхөгдсөн юм. М.Д.Каратеев.


Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг


(Тайлбар: Гадаадууд Монголчуудыг татар хэмээн нэрлэдэг. Татар Монгол гэж дуудах нь ч бий, ердөөсөө л Монголчуудыг татарчууд хэмээн хэлж заншисан байдаг. Дээрхи нийтлэлд гарч буй татарчууд нь Монголчууд юм.)

No comments:

: