Friday, November 21, 2008

ТАРХИНЫ ФИТНЕСС

Т.Алтангэрэл

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

Сэтгэлээ танин мэдэхүй

Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн. Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.

Эцэст нь дахин нэг жишээ татья. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

Тархины парадокс буюу сэтгэлээг чөлөөлөхүй

Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр боловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лимбийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх явцад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжилгээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэхдээ түүнийг тархинд хадгалагдаж байгаа бусад мэдээллэлтэй харьцуулж, хайрцаглаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойлдог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон тааламжтай мэдээлэл байж байдаг. Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно. Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байдлаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тархинд нь тогтож заншсан алимны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.

Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тархинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй “хиймэл загваруудаас” ангижирч болох ба энх амгалан, аз жаргалыг удаан хугацаанд хадгалах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясалгал нь хүний тархины хайрцаглах, аль нэг загварт оруулах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгаваруудыг арилгахад гайхамшигтай үр нөлөөтэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай болдог аж.

Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөгтэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэхээр яг бодитоор бидэнд ганцхан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодорхойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэдийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Будда цаг хугацааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харьцангуй чанартай гэж үзээд, туйлын чанараар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өнгөрлөө, зүүд шиг юм гэж хөгшчүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрийгөө “би”.гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогтнох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэдийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төөрөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төөрөгдөж, тархин дахь загварууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.

Орчин үеийн тархины судлал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангижрах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бурханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүүтэйгээр лам нар өндөр хэмжээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруулдаг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар нотолсон нь үүний тод жишээ юм.

Хоосон чанар ба квантын физик

Дээр дурьдсан юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх, ухаарах тухайд буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байдлын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлсэнийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сандал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор харагдаж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрчлөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүүрэхийг анзаардаг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэлдэж, баярлах гуних зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнштэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бодит бус чанар гэж нэрлэдэг. Харин нөхцөл байдлаас үл хамааран хэзээд үл хувирах, бодит, мөнх, хязгааргүй чанарыг туйлын буюу абсолют чанар гэх бөгөөд дээр өгүүлсэн харьцангуй бүхэн (ширээ сандал, эмоци, хүний бие, од гариг г.м) туйлын чанараас үүсч, эргээд түүнд шингэн алга болж, өөрөөр хэлбэл эдгээр нь туйлын чанарын ердөө өчүүхэн хязгаарладмал, хэлбэр дүрс төдий илэрхийлэл нь юм. Энэхүү юмс үзэгдлийн цаад эх буюу төгс, бодит, туйлын чанарыг буддын ухаанд хоосон чанар гэх бөгөөд бодитоор оршиж, бидний нүдэнд үзэгдэж байгаа биет юмс үзэгдэл нь угтаа энэхүү хязгааргүйгээс үүссэн, хувирамтгай, шалтгаан нөхцлөөс хамаарсан буюу дан ганцаараа оршин тогтнох аргагүй тул мөн чанартаа хоосон юм. Бүхэн хоосон чанараас үүсч хоосон чанар лугаа шингэдэг. Бурхан багш Будда хоосон чанарын тухай айлдахдаа дүрс бол хоосон чанар, хоосон чанар бол дүрс, хоосон чанар бол дүрсээс өөр юу ч бус, дүрс бол хоосон чанараас өөр юу ч бус гэжээ.

Ямарч юмс үзэгдэл бие даан дангаар оршин тогтнох, эсвэл өөрөө өөрөөсөө үүсэх аргагүй, үргэлж аливаа өөр зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж, харилцан хамаарч байдаг, хувирамтгай тул түүнийг харьцангуй, бодит бус, мөнх бус гэж үздэг. Харин хоосон чанар бол тийм биш юм. Энэ нь хязгааргүй, туйлын чанартай, үг томъёогоор илэрхийлэх боломжгүй бөгөөд дээр бичсэн нь гагцхүү логик аргаар тайлбарлах гэсэн оролдлого гэж үзэж болох юм. Хоосон чанарыг бүх зүйлийг үгүйсгэх, байхгүй мэтээр бодох нь буруу бөгөөд аливаа зүйлийг бодитоор байгаа ч бус, бас байхгүй ч бус, шалтгаан нөхцлөөс хамааралтай, харьцангуй гэж үзэх нь зөв юм. Тухайлбал, та хэн нэгэн Доржийг намхан эсвэл өндөр хүн юм даа гэж бодож байж болох юм. Угтаа бол Дорж таны өндөр нам гэх бодлоос үл хамааран өөрийнхөөрөө байгаа хүн байтал та түүнийг аль нэг өндөр хүнтэй харьцуулан түүнийг намхан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хүн ямар нэг зүйлийг дүгнэхдээ заавал өөр зүйлтэй харьцуулж, түүнээс хамааруулан, нөхцөлдүүлж сайхан эсвэл муухай гэж ялгаж боддог. Ийм учраас таны бодол, дээрх дүгнэлт бол угтаа бодит бус, харьцангуй бөгөөд Доржийг энэ бүх харьцуулалт, хэн нэгний үнэлэмжээс нь ангид авч үзвэл өөрийнхөө байгаа төрхөөрөө оршиж байгаа, ямар нэг байдлаар тодорхойлох боломжгүй, хоосон чанартай юм.

Хоосон чанарыг бясалгалын замаар мэдрэх ойлгох боломжтой аж. Нуруугаа тэгшлэн завилан сууж, амьсгалаа тайван авна. Толгойд орж бас гарч байгаа бодол, янз бүрийн мэдрэмжийг та хөндлөнгийн хүн шиг аль нэгэнд нь авталгүй сэтгэлдээ болгоон доод тал нь минут болох хэрэгтэй. Ингэхэд таны толгойд эргэлдэж буй бодлууд нэг тодрон гарч нэг алга болж, угтаа бол хоосон чанараас үүдэн бас эргээд түүн лүүгээ уусан, яг л далайн давалгаа нэг дээш давалж эргээд далайдаа уусан буух шиг болохыг анзаарах буйзаа. Далай буюу таны бодол санаа төрөн гарч бас эргээд уусан алга болж байгаа тэр хязгааргүй боломжит чанарыг хоосон чанар гэж нэрлэж байгаа хэрэг гэж Мингүр ринбүүчи адилтгасан байх юм.
Сонирхолтой нь хоосон чанарын тухай буддын гүн ухааны ойлголт нь орчин үеийн физикийн шинжлэх ухаанд квантын онолтой олон талаараа дүйцэж байна. Квант гэдэг нь атом дахь хамгийн жижигхэн, цааш үл хуваагдах хэсэг буюу энерги бөгөөд түүний зүй тогтлыг физикчид судлаад орчлон ертөнцийн мөн чанар, юмс үзэгдлийн хамгийн бичил ертөнц нь бидний нүдэнд харагдаж байгаагаас тэс өөр болохыг баталжээ. Нэрт физикч Нильс Бор “Хэрвээ та квантын онолыг судлаад шоконд орохгүй байвал та түүнийг ойлгоогүй юм байна гэж дүгнэхээс аргагүй” гэж хэлж байсан удаатай. Квантын хөдөлгөөн нь тодорхойлоход маш хүндрэлтэй, түүний байршил, хурд зэрэг нь уламжлалт физикийн зүй тогтлоос тэс өөр учраас өдий хүртэл нээгдээгүй, тайлбарлахад төвөгтэй олон зүйл эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Физикийн энерги хадгалах хуулиар бол аливаа юм бүрэн устаж үгүй болдоггүй, харин өөр зүйлд хувирдаг. Жишээ нь мөс хайлаад ус болдог, харин ус ууршиж, ус төрөгч, хүчилтөрөгчийн атом болж задардаг. Тэгэхээр буддын номоор бол атомын түвшинд эд юмс нь хувирамтгай, харьцангуй, бодит бус чанартай хэвээр байна гэж үзэх бөгөөд атомоос цааш задрах, туйлын чанартай, хувирдаггүй, дахин цааш хуваагдах боломжгүй, зүгийн хувь үгүй бичил хэсгийг байна гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь 20-р зуунд энэ бичил хэсгийг олж нээхэд ихээхэн төвлөрсөн бөгөөд атом нь байнгын тогтвортой зүйл бус тэрнээс ч илүү задарч электрон, квант, фотон зэрэг бичил хэсгүүд байдаг талаар нээлтүүд ар араасаа хийгдэж, өнөөдөр бидний хэрэглээнд лазер туяа, компьютер зэрэг гайхамшигт зүйлүүд нэвтэрсэн. Квантын онолоор квант нь замбараагүй, урьдчилан тооцоолох боломжгүй хөдөлгөөн бүхий заримдаа бичил хэсэг, заримдаа энергийн долгион шиг үйлдэлтэй. Аливаа үзэгдэл нь тодорхой шалтгаан нөхцлөөс болж өөрчлөгдөн улмаар шинэ үзэгдэл бий болох, эсвэл устаж алга болох зэргээр байнгын, урьдчилан тогтоох боломжгүй хөдөлгөөнд оршиж байдаг нь хязгааргүй. Хүний бодол санаа ч гэсэн тодорхой шалтгаан нөхцлөөс үүсдэг бөгөөд шалтгаан нөхцөл өөрчлөгдөхөд мөн дагаж өөрчлөгддөг.
Бясалгал ба Ливингстон нэртэй цахлай

Бурхан багш ертөнц, юмс үзэгдлийн мөн чанарыг ийнхүү гүн гүнзгий танин мэдээд, хүний зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам, эцэст нь хүн гэгээрэлд хүрч бурхан болох зам мөрийг зааснаараа агуу юм. Дээр өгүүлсэн буддын гүн ухааны суурь ойлголт нь бясалгал хийхэд үндэс суурь болдог. Гэгээрэлд хүрэх нь бие махбодийн хүлээсэнд буй энгийн хүнд төсөөлөгдөхгүй гэж үздэг бөгөөд гэгээрсэн сэтгэлийг зүйрлэвэл бүртийх үүлгүй цэлмэг тэнгэр шиг, туйлаас амгалан тал шиг тийм хязгааргүй, тайван гэж номонд өгүүлсэн байдаг. Чухамдаа гэгээрсэн, сэтгэл оюуны маш өндөр түвшинд хүрсэн хүн нь энгийн хүний төсөөлөмгүй гайхамшигийг бүтээх чадвартай болдог аж. Үүнийг манай болон төвдийн олон лам, хутагтууудын тухай хүмүүсийн ам дамжсан ярианаас бид олонтаа сонссон. Гэгээрсэн хүн сэтгэлээ бүрэн удирдах чадвартай болохоос гадна өөрийн үхлийг хэзээ ирэхийг мэдэх, өмнөх болон хойд дүр буюу хэдэн үеийн амьдралаа харах, сэтгэлдээ юу хүснэ тэр нь бодсон даруйдаа биелэх зэрэг энгийн хүний хэмжээсээр таашгүй бурханлиг чадвартай болдог. Тэр байтугай хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн нөхцөлд хийг удирдан зохицуулах чадвартай болдог бөгөөд тийм хүний дээгүүр машин яваад өнгөрөхөд ч гэмтэж, үхэхгүй байж чаддаг аж. Эсвэл газраас хөндийрөх, өвчнийг эс мэдрэх гэх мэт. Мэдээж бясалгалын үр шим заримдаа маш ойрхон ирдэг бол зарим гайхамшигийг хүн олон жилээр дасгал хийж байж олж мэддэг. Тэгэхдээ энэ хүч чадлыг гагцхүү сайн үйлсэд зориулахын тулд ийнхүү лам нар сахил авч номын ёсонд суралцдаг билээ.

Миний бие Ричард Бахын “Жонатан Ливингстон нэртэй Цахлай” хэмээх шувууны тухай өгүүллэгийг бага байхдаа анх уншсан нь маш их сэтгэл хөдөлгөж билээ. Төгс төгөлдөр, эрх чөлөө, гэгээрэл, нигүүлсэл рүү тэмүүлэх, бурханлиг чанарт ойртох тухай цахлай шувууны жишээн дээр өгүүлсэн энэ бүтээл нэгэн үе барууны ертөнцөд маш их шуугиулж байжээ. Сэтгэлгээний эрх чөлөө, нислэгийн гайхамшигт чадварыг эзэмшсэн Жонатан цахлай хүний хамгийн эрхэм сайхан, ариун, чөлөөт бүхний билэгдэл болж чадсан юм. Ямарч залуу хүний зайлшгүй унших ёстой энэ зохиол буддын ухааны гэгээрэл, төгс төгөлдөрт хүрэх хувь хүн бүрийн замналын уран илэрхийлэл гэж боддог. Бурхны номонд бодь сэтгэл буюу хамаг амьтны тусыг бүтээгч сэтгэлийн түвшинд хүрсэн хүнийг бодьсадва хэмээдэг билээ.

Бясалгал нь юуны өмнө сэтгэлээ төвлөрүүлэх, юмс үзэгдлийн хоосон чанарыг ухаарах, сэтгэлээ ариусгах зэргээр тусгай арга бүхий бие сэтгэлийн цогц дасгал бөгөөд цаашилбал улам нарийн, бурханлиг мэдлэгийг олж авдаг. Хүн гэгээрэлд хүрэхэд нэг байтугай хэдэн насны амьдралд бясалгал хийж, зөв амьдрах шаардлагатай бөгөөд өмнөх насандаа олж авсан мэдлэгээ хойд насанд дахин төрөхдөө хадгалж үргэлжлүүлж (ой санамжаа авч үлдэж) чадах нь бас нэг гайхалтай чадвар аж. Бясалгалыг тайван орчинд, бие сэтгэлийн тэнцвэрийг хадгасан байдалтай, цэгц суух, амьсгагаа удаан авч гаргах зэргээр биений талаас анхаарах хэрэгтэй байдаг. Бясалгахдаа огт тодорхой зүйл дээр төвлөрөхгүйгээр, бодол санааг чөлөөтэй, аль нэгт нь авталгүй хийх, эсвэл тодорхой обьект, ямар нэг үнэр, дуу авиа, хэлбэр дүрс, цаашлаад сэтгэл хөдлөл, бодол санаан дээр тогтож тэдгээрийг микроскопоор харж байгаа мэтээр задлан шинжилж бясалгах, өөрийн муу бодол санаанаас ангижрах талаар басалгал хийх зэрэг аргууд байна. Бясалгалыг хуралд оролцохдоо, автобусаар эсвэл машинаар явахдаа гээд ямар ч үед хийж болох бөгөөд хамгийн чухал нь бясалгагч чөлөөтэй, өөртөө тохиромжтой тэр цаг үе, нөхцлийг сонгох явдал юм. Ингэхдээ заавал удаан үргэлжлүүлэхдээ чухал бус харин олон дахин, давтамжтай байх нь чухал гэдэг. Ямарч бясалгалын хийсэн түүний үр дүнд хүний сэтгэл нээлттэй болж, сэтгэл зөөлөрч, хүн өөрөө өөрийгөө таньж эхэлдэг. Хүн өөрийгөө танихын хирээр бусад хүн, амьд амьтныг танин мэдэж, өөртэйгөө адилхан зовлонг үл хүсч, жаргал руу тэмүүлдэг амьд бүхний хүсэл нэгэн ижил болохыг ухаарч, бусдыг энэрэх сэтгэл төрж эхэлдэг нь гарцаагүй гэж бясалгалын мастер Мингүр ринбүүчи айлджээ. Энэрэнгүй сэтгэл үүсэх нь юуны өмнө өөртөө сайн сайхныг хүсэх сэтгэлээс үүддэг аж. Бясалгал хийхэд өөрийгөө хайрлах сэтгэлээс бусдад мөн өөрийн адил зөвхөн сайн сайхныг хүсэх сэтгэл үүсдэг. Нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх бясалгалын дараагийн шат бол ямарч нөхцөл байдлаас үл хамааран хувиршгүй, үрийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байдаг эхийн хайр шиг хайрыг бодож бясалгах явдал юм. Харин үүний дараа бодь сэтгэлийг үүсгэх бясалгал хийх бөгөөд энэ нь нэг талаас хамаг амьтны тусын тулд гэсэн тэр эрмэлзлэлийг өөртөө бий болгох, нөгөө талаас би хамаг хамаг амьтанд хэрхэн тус хүргэх вэ гэсэн бодолд сэтгэлээ төвлөрүүлэх юм. Ливингстон цахлайн тухай домог миний хувьд ингэж үргэлжилсэн билээ...

Аз жаргалыг сонгох нь

Мингүр ринбүүчи орчин үеийн мэдлэгтэй хүнд тохирсон арга хэлбэрээр буюу буддын ухааныг шинжлэх ухааны ололтуудтай холбон тайлбарласан нь бурханы сургааль ёсыг дагадаг монголчуудад зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Аливаа үйлдэл, амьдралын замнал философигүйгээр утга учиргүй бөгөөд сэтгэл оюунтай хүн болж төрсний хэрэг ямарч хүний хувьд гарах учиртай. Азаар бид эртний соёл түүхтэй, орчин үеийн шинжлэх ухаантай туйлаас нийлэмжтэй гүн ухаан, сургаал номтой улс юм.

Буддын гүн ухаан, үнэнийг танин мэдэхүй, зовлонгийн шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, эцэст нь хэрхэн амгалан, жаргалтай амьдрах тухай бурхны ном нь өнөөгийн физик, тархи болон сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны суурь хуулиудтай нийцэж, олон талаар нотлогдсоор байна. Хамгийн сүүлд гэхэд хүний аз жаргалын үзүүлэлт болох гамма долгион лам нарын тархинд маш өндөр түвшинд хүрдэг бас тэр нь удаан хадгалагддаг болохыг америкийн тархи судлаачид баталжээ. Хүн аз жаргалтай амьдрахын тулд юуны өмнө өөртэйгөө ажиллах чухал бөгөөд зовлонгийн шалтгааныг бясалгах тусам хүн өөрөөсөө эхлэн амгалан, жаргалтай, нээлттэй болж, амьдралаа шинэчлэн өөрчлөх боломж нээгдэнэ. Хүн амьдралаа богинохон харж, утга учиргүй, хий дэмий өнгөрүүлэх бус өөрийн хүнд заяасан сэтгэл оюун хэмээх гайхамшигийг ашиглан зөв зүйтэй утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Ийнхүү өөрийгөө эерэг ухаан, мэдлэг, сэтгэлээр тэтгэснээр аз жаргалтай, эрүүл саруул амьдарна. Харин уур, тунхаг, айдас, омог дээрэнгүй нь хүнийг зовлонд унагаадаг төдийгүй янз бүрийн өвчин тусдаг нь нэгэнт тогтоогджээ. Түр зуурын аз жаргал нь ирж буцдаг, хувирамтгай, энгийн хүний амьдралд өдөр тутам тохиодог зүйл бол урт удаан, байнгын жаргал нь зовлонгийн шалтгааныг үндсээр нь арилгахаас эхэлдэг гэж Бурхан багш сургажээ.

No comments:

: