Tuesday, November 11, 2008

Монголчуудын байлдааны тактик, стратеги

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Хойд Жоржиагийн их сургуулийн профессор Тимоти Мэй төсөрхөн “The Mongol Art of War” хэмээх ном бичсэн, Монголчуудын Дундад Азид хийсэн аян дайныг нарийвчлан судалсан эрдэмтэн. Тимоти Мэй Вашингтон хотноо айлчлах боломж гарч ЭСЯ-ны их танхимд “Монгол дайны урлагийн тактик ба стратеги” сэдвээр лекц уншлаа.

Шуурган сум

Монголчуудын амжилтад хүрсэн тактикийн цөм нь морьтой нумчид, тэдний хөдөлгөөнт чанар, харвах чадварын зангилаан дээр янз бүрийн тактикийн хувилбар боловсруулдаг байжээ. “Шуурган сум” хэмээн нэрийдсэн тактик нь хамгийн их хэрэглэдэг арга байж. Дайснаа бүслээд заавал нэг тодорхой цэрэг, байнд бус ерөөс тэр хавь рүү нүргэлсэн их сум тавих арга юм байна. Тэр их сум дайсанд байгалийн гамшиг мэт санагддаг байсан тухай, жишээлбэл, Мажартай 1241 онд тулалдах үед тэмдэглэгдсэн байна. Гол зорилго нь дайсны жагсаал, тогтолцоог бусниулах. Yүний дараа довтлон орно. Ярианы дараа нэг хүн өнөөгийн монгол наадамд сурчид бай бус товх харвадгийн учрыг асуухад Тимоти Мэй дээрх тактиктай холбон, өөрөөр хэлбэл чухам нэг хүнийг бус нэг хэсэг газрыг нэлэнхүйд нь харвах зорилготой холбон тайлбарлаж байлаа.

Эргэн довтлох

Мориороо давхин очиж, харваад буцан давхина. Ингэхдээ эргэн харж дахин нэг харваад, морио юүлж дахин довтлох мэтээр тойрог маягаар довтлох тактик. Дайсанд 40-50 метр ойртож ирээд сумаа тавиад буцдаг байсан нь хуягийг нь бол нэвтлэхэд хангалттай ойр, харин дайсан эргээд харвах гэхэд дэндүү хол зай гэнэ. Европынхон энэ аргыг сураад бүр XVI-XVII зуунд гар буутай арми дээрээ хэрэглэж байжээ. Yүнийгээ тэд caracole tactics хэмээн нэрийдсэн байна. Тимоти Мэй Монголын Нууц Товчоонд “цүүц хатгалдвал хатгалдъя” гэж гардгийг энэ байх хэмээн таамаглаж байлаа.

Худал ухрах

Талын нүүдэлчдийн сайн хэрэглэдэг, уламжлалт арга бол худал ухрах ажээ. Ухран зугтахад араас нь хөөхдөө дайсны гол хүч сунан уртасч, системээ алддаг байна. Энэ үед нь нуугдаж байгаа жинхэнэ хүч дайран сөнөөдөг байж. Энэ аргын хамгийн алдартай жишээ нь Зэв, Сүбээдэй хоёрын Оросуудаас хэдэн өдрийн турш зугтаж байгаад Калка голын дэргэд, сайхан талд аваачин бут цохисон тулаан аж. Та бидний харин хамгийн сайн мэдэх жишээ бол Монголын Нууц Товчоонд Зэвийн Цавчаал боомтыг эзэлсэн хэсэг байна.Бүслэлтдээ хуурамч гарц гаргахМонголчууд дайснаа бүслээд шууд дайрахаас зайлсхийдэг байсан байна. Учир нь нэгэнт үхэхээ мэдсэн цэргүүд эцсээ дуустал үзэж, их хохирол учруулдаг ажээ. Тиймээс албаар бүслэлтэндээ нүх гаргаж, үүнийгээ санамсаргүй гаргачихсан мэт ойлголт төрүүлдэг байж. Нэгэнт гарц байхад дайсан түүгээр гарч зугтана. Ингэхдээ хурдан зугтахын тулд хуяг дуулга, зэр зэвсгээ орхин оддог нь манай эзэмшил болдог байжээ. Нэгэнт зэвсэггүй болсон зугтаж яваа дайсныг араас нь хөөн намнах нь морьтон монгол цэргүүдийн хувьд харин хавьгүй амар байсан нь ойлгомжтой.

Өөрсдийгөө олон хэмээн ойлгуулах

Мөнх хаан 1258 онд Сичуаныг эзлэхдээ ердөө 40 мянган цэрэгтэй байсан боловч янз бүрийн аргаар өөрсдийгөө 100 мянгуул хэмээн дайсандаа үнэмшүүлж чаджээ. Мэй докторын энэ ярьсантай яг адил тактик Монголын Нууц Товчоонд гардаг билээ. Чингис хаан шөнө цэргүүдээ маш олон гал ноцоохыг шаардаж, тэр нь дайсанд тэнгэрийн одноос олон болж харагддаг. Мөн дайснаасаа цөөхөн атлаа олон жижиг хэсэг болж тал талаас нь, зарим нь бүр араас нь довтлох нь яг л олон цэргээр бүсэлчихсэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан байна.Энэ мэтчилэн Тимоти Мэй монголчуудын дайн болон ан агнуурын нэргэ хэмээх аргын тухай, цэргийн өмнө явдаг алгинч хэмээх тагнуулын тухай, сэтгэлзүйн дайн, цуурхал тараан айлгах тактик болон зад буулгах ер бусын аргын тухай, хорт сум, галт зэвсэг, оньсон техник хэрэглэх зэрэг маш олон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Ерөөсөө эцсийн дүгнэлт нь монголчууд дайндаа хэрэглэсэн тактик, стратеги нь маш практик шинжтэй, илүү дутуу юм ер байдаггүй аж. Европынхны үздэг шиг учир начиргүй аллага хийж бахаа хангасан улс огт биш, хамгийн харгис үйлдлүүд нь хүртэл цаанаа дайсныг сэтгэлзүйгээр айлгах, дагахгүй бол ийм болно гэдгийг үзүүлэх зорилготой, түүнээс биш шашин, үндэс зэргээр нь хоморголон, утгагүй хөнөөсөн зүйл байхгүй аж. Лекцийн дараа хүмүүс ч асуун сонирхож, удаан ярилцлаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл түүний номыг худалдан авч уншина буй заа.

No comments:

: