(Ди, Жүн, Гүй, Ху, Хүннү зэрэг)
Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь Ди нар байсан бололтой байдаг. Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна. Ди нарын нэрийн зурлагад тийнхүү нохой дүрслэгдэн орсон монгол, түрэг, уйгарууд өөрсдийн өвөг дээдсийг чонын буюу чоно-нохойн гаралтай хэмээн үздэг байсантай ямар нэгэн холбоотойг харуулж байна. Учир нь чоно, нохой хоёр эрт дээр үед бараг нэг адил утгатай ойлгогдон яригддаг байжээ. Хуучин чулуун зэвсгийн дээд шатны хүмүүс бол нэгэнт нилээд боловсорсон хэл, соёлтой байсан боловч монгол, түрэг, манж-тунгус, зэрэг хэлний ялгаа хараахан гараагүй, анхны үед хуучин (палео) Азийн хэлтэй байж, дараа нь Урал-алтайн хэлтэй болж, нэлээд хожуу үед алтай язгуурын монгол, түрэг, манж-тунгус хэл, монгол, түрэг, манж тунгус угсааны овог аймгууд тус тус ялгаран салж ирсэн юм. Төв Ази, Монгол оронд оршин амьдарч байсан Ди зэрэг монголжуу шар арьстай овог аймгууд нь монгол, түрэг, манж-тунгус угсааны аймаг овгуудын өвөг дээдэс байсан бөгөөд дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь ямааг гаршуулж мал адуулан амьдрах болсон чухам тэр үед монгол, түрэг, манж-тунгус хэлний ялгаа гарч, Монгол оронд байсан хэсэг нь монгол угсааны өвөг дээдэс болсон байна.
Шинэ чулуун зэвсэг, ялангуяа хүрлийн үеийн Монгол орон буюу хожмын Ар, Өвөр, Баруун Монгол, Синьцзяны Монгол, Буриад Монгол, Тувагийн нутагт бог малаас гадна бод мал, тухайлбал, үхэр, адуу, тэмээ адуулж нэгэнт нүүдлийн мал аж ахуйтай болсон урьдын Ди түүнчлэн Хяньюнь, Хяньюй, Жүн, Гүй, Ху, Дүнхү, Сихү, Хүннү, Жич, Юэчжи, Динлин нарын зэрэг гол төлөв өвөг монгол угсааны овог аймгууд оршин амьдарч байжээ. Хяньюнь, Хянюй нарын нэрэнд бас нохой гэсэн үсэг орсон бөгөөд хяньюйнх нь нэрийн хоёр үед хоёуланд нь нохой орсон байна. Жүн нар нь дотроо нохой жүн гэх зэрэг ялгаатай байсан бөгөөд жүн гэдэг нь дайчин цэрэг, зэвсэг гэсэн утгатай байв. Эртний хятадын хойд, зүүн хойд, баруун хойд болон баруун талаар, Хөх нуур орчим нутаглаж байсан жүн нар түвэд-тангад угсааны овог аймгууд, баруун хойгуур нутаглаж байсан жүн нар нь иран, түрэг угсааны, зүүн хойгуурхи нь манж-тунгус угсааныхан байжээ. Харин хятадын хойд талаар нутаглаж байсан жүн нар нь өвөг монгол угсааны овог аймгуудын өмнө захын хэсэг байсан бололтой байдаг. Дүньхуаны агуйгаас хойш зүүн, Монгол нутгийн баруун урд зах залган нутаглаж байсан Юэчжи аймаг нь угтаа Перс хэлтэй Иран угсааны хүмүүсээс бүрдэж байсан бөгөөд Монголд оршин амьдарч байсан Хяньюнь, Хүньюй, Гүй, Ху, Сихү, Хүннү аймгуудтай нягт харилцаа холбоотой Дунху, Динлин нараас алслагдан хол байсан учир тэдэнтэй төдийлөн их харилцаа холбоотой байсан байдал ажиглагдахгүй байгаа юм. Динлин нар бол цагаан арьстан, европжуу хүмүүс байж, гал гаргаад түүнээ унтраахгүйн тулд өдөр шөнөгүй манаж, гол төлөв ан гөрөө хийж Монгол-Тувагийн хилийн зааг, Монгол нутгийн баруун хойт хязгаарт оршин амьдарч байсан юм. Тэд европжуу маягийн сахал үстэй хүмүүс байсан нь хятад түүхийн сурвалжууд дахь зураг тодорхойлолтоос тодорхой харагдавч чухам ямар гарал үүсэл, удам угсаа, хэл соёлтой аймаг овог байсан нь мэдэгдээгүй байна.
Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос Өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийн Хятадаар «бэйди» (Умард ди) гэдэг байжээ. Хожмын үеийн Монголын түүхчид Умард ди нарыг монголчуудын өвөг дээдэс хэмээн үзэж, тэдний нэрийг хятад сурваджид тэмдэглэгдсэнчлэн бэйди хэмээн уйгаржин монгол бичгээр үлдээсэн нь уг бичгийн дуудлагын өвөрмөц онцлогоос болж бидэ, бэдэ, бэтэ хэмээн сунжирч янз бүрээр дуудагдах болсон боловч үндсэндээ хэвээр хадгалагдан үлдсэн байна. Манай эриний өмнөх 3 мянганы дунд үеэс бэйди нарыг эртний хятадууд Ханьюнь, Хяньюй, Гүй гэх зэрэг нэрлэх болсны эдгээр нэрсийн дотрох хянь, хунь, гүй хэмээх үгс нь хун, ху хэмээх үгийн удаа дараагийн харьцангуй нарийвчлагдан тодотгож байсан хувилбар юм. Манай эриний өмнөх 21-р зууны үед шар мөрний буюу Хатаны голын дунд урсгалд орчимд Эртний Хятадын эзэн боолын нийгэмт Ся улс байгуулагдаж, дүрс үсэг, утга билгэ бий болж, суурьшмал соёл иргэншлийн үндэс суурь тавигдсан юм. Харьцангуй өндөр соёл иргэншил, эзэрхэг төр засагтай байж, хүй нэгдлийн байгуулал бүхий Хяньюнь, Хүньюй зэрэг нүүдэлчин аймаг овгуудыг харилхан доромж үзэж, Хун, Хү хэмээх аймаг овгуудын нэрийг ойролцоо дуудлага бүхий гүй (чөтгөр) хэмээх дүрс үсгээр тэмдэглэж, Монгол орныг нийтэд нь гүнфан буюу чөтгөрийн хязгаар хэмээх болсон бололтой байдаг. Гэсэн ч тухайн үеийн хятадын гүй хэмээх нэр нь үнэндээ Ху, Хүн хэмээх голдуу өвөг монгол угсааны аймгуудын нэрийн өвөрмөц хувилбар байжээ.
Эртний Хятадын түүхэн домог ёсоор Ся улсын сүүлчийн хаан нь цөллөгөнд байж нас барсан, түүний хөвгүүн Шүньвэй гэгч гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, харъяат иргэдийн хамтаар умар зүг зайлан гарч Төв Ази, Монголын хээр талд очиж нүүдэл амьдрал ахуйд идээшин дасаад тэндээ үлдсэн, тийм учир тэрээр Хүннү, Монгол хаадын дээд өвөг болсон мэт дурьдсан зүйл ганц нэгийн зэрэг бий. Шүньвэй түүний харъяат цөөн зарим хятад иргэн үнэхээр монголд ирж Ханьюнь, Хүньюй, Гүй нарын дунд орж ууссан байж болох боловч, өвөг монгол угсааны дайчин нүүдэлч аймгуудын дунд дүрвэн орж ирсэн Хятадуудын байр суурь төдийлөн их хүч нөлөөтэй байгаагүй нь мэдээж хэрэг. Ханьюнь, Хүньюй, Гүй, Ху хэмээн хятад түүхэн сурвалжид удаа дараалан нэр тэмдэглэгдсэн өвөг монгол угсааны овог аймгууд сурвалжит язгууртан, ахлагч, зонхилогч нартай байсан тул харь орноос цагаачлан ирсэн хэн ч тэдний тэргүүн болж, тэр тусмаа дараа үеийн Хүннү, Монгол хаадын өвөг дээдэс болсон байх ямар ч үндэсгүй. Харин нүүдэлчин овог, аймгуудын дунд төр улс, бичиг үсэг үүсээгүй байхад эртний Хятадын түүх судар дээр дурдсан өвөг монгол угсааны гол овог аймгуудын нэрсийг бүрэн зөв биш ч гэсэн ойролцоо төстэй дуудлагаар нь тэмдэглэн үлдээсэн нь чухал юм. Ся улсын дараа Эртний Хятадын дараачийн угсааны төр улсууд, тухайлбал, Шан-Инь (МЭӨ 16-11-р зуун), Чжоу (МЭӨ 11-нээс МЭӨ 221 он) улсууд байгуулагдаж, түүх судартаа өвөг монгол, түрэг, манж-тунгус угсааны нүүдэлчин аймаг овгуудын нэрийг Ху, Хүн гэх зэргээр улам нарийсган тодотгож тэмдэглэх болсон байна. Ху нарыг дотор нь Сиху (баруун ху), Дүнху (зүүн ху), Хүн нарыг Хүннү хэмээх зэргээр ялган нэрлэх нь нэлээд нарийн утга учиртай байжээ. Сиху буюу Баруун Ху гэж гол төлөв баруун өмнө зүгийн өвөг монгол, түрэг, бас зарим тохиолдолд иран угсааны аймаг овгуудыг нэрлэдэг байжээ. Дүнху хэмээх зүүн ху нарын бүрэлдэхүүнд дорнод монгол болон зарим манж-тунгус угсааны аймгуудыг оруулж ойлгодог байжээ. Ху, Хүн, Хүннү гэдэг нэрээр өвөг монгол угсааны гол аймгуудыг нэрлэдэг байжээ. Гүй, ху, хүн хэмээх нэрүүд нь чухамдаа хүн хэмээх монгол үгийн хуучин, шинэ хувилбарууд болох бөгөөд хүннү нарт эрт дээр үеэс өөрсдийгөө «Хүн» хэмээж байсан нь өвөг монгол төдийгүй түрэг, манж-тунгус зэрэг зарим аймаг овгуудад хамаарагдан хятад сударт тэмдэглэгдэх болсон байна.
Түрэг, Энэтхэг, АНУ болон Европын олонх улс оронд Хүннү нарын нэрийг гол төлөв «Хүн» хэмээсээр ирсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм. Хятад, Монгол, ОХУ-д голдуу Хүннү, Сюннү, Хүннү-Сюннү хэмээн нэрлэх уламжлал тогтсон юм. Хүннү нь уг нэрийн эртний хуучин дуудлага, Сюннү гэдэг нь түүний орчин цагийн шинэ хэллэг учир утгын хувьд адил ажээ. Хэргийн гол учир нь угаасаа Хүн гэдэг нэр яагаад Хүннү болсон бэ? гэдэгт оршино. Эртний Хятадын харьцангуй өндөр суурьшмал соёл иргэншилт эзэрхэг төр улсууд нүүдлийн соёлт Ху, Хүн нартай нэг биш удаа дайсагнаж, тэдгээр нүүдэлчдийн шийдэмгий зоримог эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч байсан учир тэдний нэрийг адил дуудлагатай атлаа муу муухай утга агуулгатай дүрс үсгээр тэмдэглэдэг болжээ: Гүй (чөтгөр), Ху (бүдүүлэг), Хүн буюу Сюн (хэрцгий) гэх мэт. Хятадаар Хүн=Сюн гэсэн утгатай дээр бас Нү хэмээх боол гэсэн утга бүхий үг залгаснаар Хүннү (хэрцгий боол) гэсэн нэр үүсчээ. Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал Хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх баригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр Хүн нар Хятадын түүхэнд Хүннү, Сюннү гэж алдаршжээ.
Дундад эртний монгол түүхчид хятад судраас Хүннү хэмээн шууд хуулбарлан авч хэрэглэснээр Монголд уг зүйл бас уламжлал болсон ажээ. Академич Ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн нарыг Хүн хэмээн бичдэг байсан боловч Монголын түүхийн нэгэн боть зохиол, гурван боть, бага, дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь Хүннү хэмээн бичих явдал ягштал тогтсон учир дэг эвдэхгүйн тул бид одоо бас тогтсон уламлалыг дагаж Хүннү хэмээн бичиж байгаа юм. Гэвч Хүннү гэж бичиж уншихдаа бид Хүн хэмээх өвөг монгол аймаг овгуудын тухай яригдаж байгаа болохыг анхааран санаж байх нь зүйтэй болов уу. Хүннү нарыг өвөг Монгол биш, Түрэгүүдын өвөг дээдэс, эсхүл ямар нэгэн Угур-фин, урал язгуурын хэлтэн байсан хэмээн үзэх явдал байдаг. Сүүлийн үед тэднийг Угур-фин угсааны хэмээн үзэх явдал бараг үгүй болоод өвөг түрэг хэлтэн байсан хэмээн үзэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч манай нэрт эрдэмтэн, доктор Г. Сүхбаатар Хүннүгийн талаар ул суурьтай судалгаа хийж 1980 онд нийтлүүлсэн «Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл угсаа гарвал) » хэмээх шинжилгээний бүтээлээрээ Хүннү нар өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолж өгсөн юм. Нэгэнт хүрэл зэвсгийн үед МЭӨ II мянганы эцэс I мянганы эхээр Хүннү аймгууд морьт цэрэг, нэлээд боловсорсон хүрэл зэвсэг бүхий харьцангүй хүчирхэг цэрэг аймгийн холбоо болж, зарим үед нийлэн нэгдэж, зарим үед салж бутран, өмнөд хөрш Хятадын Чжоу улсын хил хязгаарт довтлох болжээ. МЭӨ IX зууны үед Чжоу улсын нийслэлд довтлон орж түйвээгээд олз омогтой буцан одож байснаас үзвэл Хүннүгийн хөнгөн морьт цэргийн довтолгоон Хятадад багагүй аюул занал учруулж чадах болоод байсан байна. Чжоу улс хэдийгээр төмөр боловсруулж чаддаг болоод хүрэл төмөр зэвсэг хослуулан хэрэглэдэг болж хүчжиж байсан ч МЭӨ 8-5 зууны үед 140-өөд жижиг улс ванлиг болж хуваагдан нэг үе ихэд суларсан юм.
Гэвч МЭӨ 5-3-р зууны үед тэд хэсэг хэсгээрээ нийлэн нэгдэж, том жижиг долоон улс ванлиг болж өвөр хоорондоо ширүүн тэмцэл хийж байжээ. Тэдгээрийн дотроос Хүннү нартай нь хил залгаа Янь, Цзинь, Цинь улсууд үе үе хүннүгийн довтолгоонд өртөн эрсддэг байжээ. Монгол орон МЭӨ 7-р зууны үеэс эхлэн төмөр боловсруулж багаж зэвсэг үйлдэх болсны үр дүнд МЭӨ 4-3-р зууны үед Хүннүгийн морьт цэрэг аажмаар хүчирхэг болж, Хятадын умард хил хязгаарт нэн сүрхий аюул учруулах боломжтой болж иржээ. Тийн учир Хүннүтэй хил нийлсэн Хятадын умард хэсгийн Янь, Цзинь, Цинь улсууд хойд хилийгхээ дагуу тусдаа том хэмжээний шавар чулуун бэхлэлт хэрэм барьж, Хүннүгийн довтолгооноос сэргийлэх оролдлого хийж байжээ. Тухайн үед Хятад улс нэгдмэл хүчирхэг гүрэн болоогүй байсан учир Хүннүгийн эсрэг түрэмгий бодлого явуулж чаддаггүй, Хүннү нар ч өөрийн гэсэн төр улсгүй, сайндаа л үе үе цэрэг аймгийн холбоо болж, түр зуур нийлэн нэгдэхээс хэтэрдэггүй байсан тул Хятадын хил хязгаарт довтлохоос өөр аюул учруулж чаддаггүй байжээ.
Хүннү нар зөвхөн Хятадтай харьцаж байгаагүй, бас Дунху, Юэчжи, Динлин зэрэг нүүдлийн малчин анчин гөрөөчин эргэн тойрны бусад аймгуудтай янз бүрийн харилцаа холбоотой байсан нь мэдээж хэрэг. Гэвч МЭӨ 4-3-р зууны үе хүртэлх үед тэд чухам яаж харилцаж байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн зүйл үзэгдэхгүй байгаа юм. Өгүүлэгдэн бүхий эрт цагт Монгол орны хойд, баруун хойд, зүүн хойд талаар Динлин зэрэг анчин гөрөөчин юмуу цаатан, загасчин овог аймгууд оршин амьдарсаар байсан юм. Тэгэхдээ Хүннү, Сиху, Дүнху, Юэчжи аймгууд тэднээс харьцангуй дээгүүр хөгжилтэй, жинхэнэ нүүдэлчин малчин овог аймгууд байсан юм. Хүй нэгдлийн загасчин, гөрөөчид, цаатан нар байтугай нүүдэлчин малчдыг суурьшмал тариачдаас бүхэл бүтэн үе доогуур хэмээн үзэж байсан үед Английн эрдэмтэн А.Ж.Тойнби юу хэмээн өгүүлж байсныг хэн ч төдийлөн анхаарч байсангүй. Тэрээр, өгүүлэхдээ: "Нүүдлийн мал аж ахуйчлал бол газар тариалангаас хэд хэдэн зүйлээр давуу, тухайлбал ан амьтныг гаршуулж гэршүүлэн эдийн засгийн арга ажиллагаа хөгжүүлэх нь хөдөө аж ахуйгаас илүүгээр аж үйлдвэржилтэй харьцуулагдмаар байдаг. Нүүдлийн мал аж ахуй шинж чанар, ааш араншингийн хатуу чанга, өндөр хэм хэмжээ шаарддаг: Сайн малчин л Христосын ёсны дээд билгэдэл мөн билээ. " гэсэн байдаг. Үнэхээр төр улс, бичиг үсэг, хот суурин, аж үйлдвэр үүсэн хөгжихөөс өмнөх үеийн нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хоёрыг харьцуулан зэрэгцүүлэхэд газар зүй, уур амьсгалын хатуу ширүүн нөхцөлд идээшин ган, зудын зэрэг хүндийн хүнд бэрхшээлийг даван туулдаг нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчин түмэн тухайн үедээ олон талын давуу талтай нь хэн бүхэнд мэдрэгдэн тэнгэр бурханы өмнө үлгэр дууриал болмоор санагдсан талтай байсан ажээ.
МЭӨ 4-р мянганы үеэс Мисир, Египет, Шүмер, Вавилон, Энэтхэг, МЭӨ 3-2-р мянганы үед Хятад, Ассир, Финики, Израйл, Иудэйд, МЭӨ 1-р мянганы үед Өмнөд Арабын Сабэй, Сири-Арамэй, Өвөр Кавказын Урарат, жич иран зэрэгт дорно дахины анхны суурьшмал улс гүрэн дорнын суурьшмал соёл иргэншил бий болсон байна. МЭӨ 3-р мянганы үед Газрын Дундад тэнгисийн Крит арал, МЭӨ 2-р мянганы үед Микенд МЭӨ 1-р мянагны үед Грек, Этрури, Ром, Византи зэрэг Өмнөд Европын орнуудад өрнөдийн анхны төр улс бичиг үсэг дээр суурилсан суурьшмал соёл иргэншил үүсэн хөгжжээ. Дорно, өрнийн тэдгээр суурьшмал улс гүрэн, суурьшмал соёл иргэншлийн хоорондох Манжуураас Унгар, Арабаас Сибирь хүртэлх өргөн уудам хээр тал, хангай говийн бүс нутагт Элам, Киммер, Скиф, Урал-Алтай язгуурын янз бүрийн угсааны нүүдэлчин малчин аймаг овгууд, тэдгээрийн дотор мөн дээр дурдсан Хүннү, Сиху, Дүнху, тэргүүтэй Монгол, Түрэг, манж-тунгус нүүдэлчид оршин амьдарч байжээ.
Манай эриний өмнөх 3-р зууны үе хүртэл тэдний дунд ямарваа төр улс, бичиг үсэг үүсээгүй байсан боловч тэд нийтдээ өөрийн гэсэн соёлтой аймаг овгууд байжээ. Тэдгээрийн нүүдлийн соёл нь бас өвөг Монгол, Түрэг, Манж-тунгусын гэсэн өөрсдийн тус бүрийн онцлогтой байв. Хүн төрөлхтөн нийтдээ болон овог аймаг анх үүссэн цагаасаа эхлэн оюун ухаан, хэл соёлтой болж хөгжин байснаар бусад амьтнаас шинж чанар, зарчмын их ялгаатай. Зарим эрдэмтэд хүний нийгэм зөвхөн зэрлэг ургамал, үр жимс түүвэрлэн ан гөрөө хийж байгалийн бэлэн зүйлээр амьдрахаа больж нэгэн хэсэг нь гол төлөв тариа тарьж, нөгөө нь мал маллаж, бүтээн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх болсон явдал урьдах үеийнхээс чанар чиглэлийн ялгаатай томоохон дэвшил байсан юм. Тийм учраас тэрхүү газар тариалан, мал аж ахуй гэсэн хөдөлмөрийн анхны том хуваарь гарснаар иргэншилт соёл буюу иргэншил үүссэн хэмээн үзэх хандлага байсаар ирсэн.
Анхаарууштай нь эрдэм шинжилгээний болон нийтлэл сурталчилгааны зохиолуудын аль алинд нь соёл хэмээн жирийн соёл ба иргэншилт соёл хоёрыг нийтэд нь тодорхой ялгаж салгалгүй ерөнхийд нь дурдах явдал байдаг. Суурьшмал соёл, нүүдлийн соёл гэдэгтэй төсөөтэйгөөр «суурьшмал соёл иргэншил», «нүүдлийн соёл иргэншил», эсхүл товчилж тодруулаад «суурьшмал иргэншил», «нүүдэл иргэншил» хэмээн томъёолдог. Нүүдэл иргэншил гэдэг нь аливаа нүүдэлчин овог аймгуудын нийгэмд хүй нэгдлийн байгуулал, цусан төрлийн барилдлага задарч, нүүдлийн төр улс, бичиг үсэг үүсээд тэдгээрийг дээр тулгуурласан нүүдлийн төр ёс, гэгээн соёл бий болсныг хэлдэг. МЭӨ 3-р зууны үеийн Хүннү, Сиху, Дүнху зэрэг Төв Ази, Монгол орны нүүдлийн малчин аймаг овгуудын нийгэм нь чухам төр ёс бичиг үсэг бүхий нүүдэл иргэншил үүсэн бүрэлдэх тийш хандаж байсан хүй нэгдлийн байгууллын үеийн эцсийн шатанд гарсан цаг байсан юм.
No comments:
Post a Comment