Wednesday, September 10, 2008

ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түүх


XYII зуун нь Европын хөгжил дэвшил эрчимжих эхлэлийн үе байлаа. Шашны реформаторын хөдөлгөөн үндсэндээ шийдэгдэж Капитализмын шинэ үзэл суртал ноёрхсноор хүн болон угсаатан хүчтэй хүчгүйн нь угсаа гарлаар бус баян чинээлэг, мөнгө хөрөнгө, эрдэм боловсролоор тодорхойлогдох болов. 1648 онд Европын орнуудын “30 жилийн дайн” Вестфалийн гэрээ хийгдсэнээр төгсгөл болж улс орнуудын тусгаар тогнолыг шинэ маягаар тодорхойлж эхлэв. Вестфалийн гэрээгээр орчин үеийн улс буюу nation-state гэдэг нэр томъёо шинээр бий болов. Nation-state гэдэг нь тодорхой хил хязгаар, газар зүйн хүрээнд оршин суугчдын нийгэм нь улс төрийн төвлөрсөн удирдлагад байж хил дотроо үйлчлэх хууль, тогтоол шийдвэрийг үйлдэн тэр нь хэрэгжиж байна гэсэн үг. Улс орнуудын тусгаар тогтнолыг энэ зарчмаар авч үзэх болсноор суверенитет буюу тухайн улс хичнээн жижиг буурай ч байсан эргэн тойрны улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бол улсын хил дотор төрөөс нь илүү эрх дархтан байхгүй гэж гадаад улсууд үздэг улс төрийн шинэ нэр томъёо гарч ирлээ. Дэлхийд хамгийн анх Швейцарь улс суверенитетэй nation-state улс болж жижиг буурай улсуудад үлгэр дууриал болжээ.

Ямар нэг улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл урган гарч ирдэг. Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг. Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнол нь De facto, De jure гэсэн 2 хэлбэртэй. De facto ньтухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг нөгөө улсын төр хэсэг хугацаанд “тодорхойгүйгээр” хүлээн зөвшөөрөх хэлбэр. De facto-оор хүлээн зөвшөөрөх нь шинэ дэглэмийн тогтвортой байдлыг болон бусад харилцаагаа өргөжүүлэх практик шийдвэрүүдийг баталгаажуулдаг. Гэхдээ улсын төрийн дэглэм буюу засаглал нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй болохоор De jure болон дипломат харилцаа тогтооход шийдвэрлэх нөлөөтэй байж чаддаггүй. De jure нь нэг улсыг нөгөө улс нь албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэлбэр. De jure-гээр хүлээн зөвшөөрүүлсэн тохиодолд жирийн дипломат харилцаатай байх нот солилцон тэгш эрхтэйгээр зэрэгцэн оршдог.

МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДӨЛ

Тусгаар тогтнол нь ХХ зууны турш Монголчуудын хүсч мөрөөдсөн ганц зүйл байлаа. Ийм учраас Монголын улс төр, гадаад харилцааны түүх нь өөрийн тусгаар тогтнолоо олох тэмцлийн түүх байсан юм. 1911 оны 12-р сарын 28-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа 1912 онд мөн л тусгаар тогтнох гэж оролдож байсан Төвд л Монголыг хүлээн зөвшөөрчээ. Манай шинэ Засгийн газар гадаад улсуудаар ялангуяа их гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх ажилд их анхаарч 1913 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд найдлага тавьж байлаа. Намнансүрэн хэдий сайн дипломатчийн арга хэрэглэсэн ч Англи, Франц, Япон, АНУ, Герман зэрэг орнууд түүний гардуулсан тусгаар тогтнолоо тунхагласан нот бичигт тодорхой хариу өгсөнгүй. Харин Оросын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь багагүй амжилттай болж 3 сая алтан рублийн зээл, 20 мянган винтов сум, зэвсэг техник зэргийн туслалцаа авахаар болжээ. Харин “Их Монгол” улс байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг нь Оросууд хүлээн аваагүй юм. Учир Оросууд 1904-1905 онд өөрсдийг нь Порт-Артурт ялсан Япончуудын эрх ашгийг өвөрмонголд хөндөхөөс болгоомжилж байжээ. Учаний хөрөнгөтний хувьсгалын үр дүнд Дундад Иргэн Улс байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр Юань Шикайг сонгон 1912 оны 3-р сарын 10-нд үндсэн хуулиа баталжээ. Үндсэн хуулийн 1-р бүлэгт: ДИУ нь 22 муж Ар, өвөрмонгол, Төвд, Хөхнуур Шинжааныг багтаасан 5 өнгийн 5 үндэстний БНУ мөн хэмээн тунхаглал “Гадаад Монголын Төрийг засах явдлын яам”-ыг татан буулгаж Монгол Төвдийн хэргийн товчоо гэдэг байгууллагыг оронд нь 1912 оны намар байгуулжээ. Энэ байгууллага Бээжинд Монгол Төвдийг их гэртээ нэгтгэх хурлыг зохиож олон ноёдыг татан оруулж “Манж, Хятад, Монгол, Хотон, Төвд 5 төрөл бүгдээр нэгэн гэртээ эв найртай, хамтын улс байгуулъяа!” гэсэн утга бүхий айлгасан, аргадсан, сүрдүүлж доромжилсон гэх мэт олон өнгө аястай цахилгаан илгээж эхэлжээ.Энэ бүрийд Монголын Засгийн газар тодорхой хариу өгөлгүй өөрийн тусгаар тогтнолоо хэрхэн хадгалан үлдэхэд их анхаарч өвөрмонголчуудад тусгаар тогтнолын тунхаг гаргаж байлаа.

ДИУ нь Өвөр монголд 1912 оны 10 сараас цэргээ оруулах шийдвэр гаргасан тул Монголын Засгийн газар 1913 оны 1 сард их түгшүүртэй байгаа Өвөрмонголын нутаг руу 5 замаар нийт 10000 цэргийг Баргын Дамдинсүрэн, Өвөрмонгол ван Удай нараар удирдуулан оруулав. 1. Егүзэр хийдийн чиглэлийг Чимэдцэрэн, 2. Даригангын чиглэлийг Хайсан, Бавуужав нар, 3. Сөнидийн чиглэлийг Насан-Аривжих, 4. Хөх хотын чиглэлийг Сономдорж, 5. Хатны голын чиглэлийг Зүтгэлтэн нарын Өвөрмонголын эх оронч ноёд тайж нар удирдаж байв. Энэ нь Монголчуудын өөрсдийнхөө нутгийг чөлөөлж байгааг бусад улсад харуулж нутгийнхны дэмжлэгийг авч амжилт гаргах зорилготой байлаа. Үнэхээр энэ зорилгодоо хүрч Хятадын цэрэгт хэд хэдэн цохилт өгч Чуулалт хаалганд дөхөж очих тэр үед ДИУ Япон, Англиар Оросыг, Оросоор Монголд Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Өвөрмонголоос цэргээ татах гэсэн шахалт үзүүлэв.

Ингээд Монголчуудын цэрэг Өвөрмонголоос гарч 1914 оны 11-р сараас 1915 оны 6-р сарын 7-нд Хиагтад 3 улсын хэлэлцээр боллоо. Орос талыг хүрээнд суугаа ерөнхий консул Миллер, хурандаа Хитров, Хятадын талыг Манжуурын цэргийн дарга, генерал Би Гуй-фан, Мексик дэх элчин сайд Ченлу, Монголын Засгийн газрын талыг Дотоод явдлын яамны сайд Да лам Дашзэвэг, Гадаад явдлын яамны дэд сайд Цэрэндорж, зөвлөхөөр Өвөрмонголын Ван Удай, Дамдинсүрэн нар төлөөлж оролцжээ. Дэлхийн I дайн эхлээд удаагүй тул ХОУ гадаад бодлогодоо Монголын асуудлыг түр хойш тавьсныг ДИУ ашиглан Монголын төлөөлөгчдийг удаа дараа шахалт дарамт үзүүлж 1915 оны 6-р сарын 7-нд 22 зүйлт гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр дуусчээ. Энэ гэрээнд Монголын гадаад байдлыг Хятадын сюзеренитет хэмээн хүлээн зөвшөөрч Монголыг автономит засагтай улс гэж зарлав. Мөн Автономит Монгол улс нь дотоод хэргийн талаар өөрийн сюзерен /эзэн улс/ Хятадаас бүрэн тусгаар байж гадаадтай худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэргээр бие даан харилцах онцгой эрхтэй байна. Автономит Монгол дахь сюзерений эрх ашгийг хүрээнд суух хятад сайд, Хиагт, Улиастай, Ховдод суух түүний туслах нар төлөөлөх бөгөөд Монголын хилийг Орос-Хятадын тунхагийн дагуу зөвхөн Автономит Монголоор тогтооно гэсэн заалтууд байлаа.

Харин хэрэг дээрээ Монголд ХОУ-ын протектрат эрх 1918 оныг хүртэл байсан бөгөөд Монголчууд автономит засгийг бүрэн тусгаар улс хэмээн ойлгож байсан ч Өвөрмонголоос өөрийн цэргээ гаргаж, хятад сайд түшмэдийг байлгах болсонд нь Хиагтын гэрээнд сэтгэл дундуур байжээ. Тэр үеийн Монголын улс төрийн лидерүүд гадаадад аль улсыг түшиглэх дээр санал хуваагдаж тэр нь сүүлдээ гүнзгий зөрчилдөж бие биенээ золиолслоход хүргэсэн нь 1919 онд автономит засаг амархан унахад нөлөөлжээ. Октябрь сарын хувьсгалын үр дүнд Оросын хаант засаг унаж Алс дорнод, Төв ази дахь Оросын орон зайд Их Наран улс түрэн орж ирэв. Япон цэрэг зэвсгийн их хүчээр жанжлах бодлого явуулдгаараа Оросоос ялгарч байсан ч Монголын талаар өвөрмөц зөөлөн бодлого баримталж байлаа. Япончууд дундад зууны үеэс үндсэрхэг угсаатнуудын дунд дэлгэрч ирсэн “Их нармайн үзэл”-ийг Монголд хэрэглэх гэсэн нь их сонирхолтой юм. 1919 оны 2 сарын 25-нд Чита хотод “Нармай Монголын бага хурал” болж үүнд Монголын Засгийн газрын олхиогүй бодлогоос залхсан Өвөрмонгол, Барга, Буриадын ноёд, сэхээтнүүд оролцон Их Монгол улс байгуулж ерөнхийлөгчөөр нь Өвөрмонголын Жалайд хошууны Нэйс гэгээнийг сонгожээ. Энэ хурлын шийдвэр хэрэгжиж чадаагүй замхран алга боллоо.

1921 ОН БИДНИЙ ХУВЬД ЧУХАЛ УУ?

1921 онд үндэсний ардчилсан хувьсгалын дараа Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэл шинэ шат, шинэ хэлбэрт орсон юм. Ардын Засгийн газар 1921 оны 9-р сарын 14-нд Монголын тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж 1921 оны 11-р сарын 5-нд ЗОУ, Монголын тусгаар тогтнолыг “хүлээн зөвшөөрч” найрамдлын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь de facto, de jure алин ч байхгүй маргааш нь ураад хаячихаж болохоор баримт бичиг байлаа. Монголын Засгийн газар дан ганц Оростой харилцахыг хүссэнгүй. Өөрсдөө биеэ дааж гадаад харилцаагаа хөгжүүлж, Хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулж эхэллээ. 1922 онд боловсруулсан “Эдийн засгийн үндсэн бодлого”-д “Герман улсын нэгэн түмэн ард түмэн дотроос 4 нь бичиг үл мэдэх, Английн уул хүмүүс дотроос 10-аад нь бичиг үсэг үл мэдэх, Орост 7000 хүн нь бичиг үл мэдэх буй… Эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа герман, орос, америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлжээ. Мөн онд гаргасан “Монгол улсын максимум” төлөвлөгөөнд монголыг хэтдээ Швейцарь улс шиг төвийг сахьсан БНУ болгон Монгол угсаатныг нэгтгэнэ гэж онцлон тэмдэглэжээ.

Дээрх баримт бичгүүдийг гаргаж байх явцад Монголын улс төрийн лидерүүдийн дунд тус улсын хэтийн төлөвийн талаарх үзэл баримтлалын санал зөрөлдөөн гарч ирсэн. Энэ зөрөлдөөн Данзангийн, Бодоогийн, Сүхбаатарын гэсэн 3 бүлэгт хуваагдаж байсан хэдий ч зөрөлдөөн нь зөвхөн өөрсдийн үзэл бодлыг уралдуулах мэтгэлцээний шинж чанартай байсан юм. Бодоогийн хэмжээт цаазат хаант засагтай улс байгуулах төлөвлөгөөний хэрэгжилт нь 1921 оны 11-р сарын 1-нд АЗГ-аас хэрэгжүүлсэн “Тангарагийн гэрээ” байв. Энд “… улсын хэргийг явуулбал улсын хаан ба Засгийн газрын хооронд үл тохирох явдал амаргүй болж болзошгүй тул Монголын АЗГ-аас хэмжээт засагт ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм” гэж гол зорилгыг заасан. Энэ гэрээгээр Богд хаан АЗГ-аас гаргасан хууль, тогтоол журмыг уншиж эцэслэн баталдаг, өөрийн санал, гомдлыг илэрхийлдэг төрийн тэргүүн гэдгийг зааж өгсөн боловч Хууль тогтоох-Гүйцэтгэн захирах-Шүүх эрх мэдлийг 1924 он хүртэл АЗГ дангаараа мэдэж байсан тул хэмжээт цаазат хаант засаглал бүрэн утгаараа хэрэгжсэнгүй. Энэ нь дэлхий дахинд Их Британи улсын анх XYII зуунд гаргаж ирсэн “Хаанчил харин битгий удирд” гэсэн зарчимд тулгуурласан дэвшилттэй засаглалын хэлбэр байлаа. Одоо ч хаант засагтай дэвшилтэд улсууд энэ зарчим дээр тулгуурладаг юм.

Өнөө үе хүртэл түүхийн таавар болж байгаа 1924 оны 5 сард болсон Богдын үхлийн дараа Монгол улсын хэтийн төлвийн талаарх асуудал бүрмөсөн шийдвэрлэгдэх цаг ирлээ. ЗХУ 1921 онд бий болгосон Монгол дахь өөрийн байр сууриа бэхжүүлэх, Хятадад зохион байгуулж буй “экспортын хувьсгалыг” амжилттай хэрэгжүүлж түүний үр дүнг нь хуваалцахын тулд 1924 оны 5-р сарын 21-нд “ЗХУ-ДИУ хооронд асуудал зохицуулах ерөнхий зарчмын хэлэлцээ”-нд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний 5-р зүйлд: “ЗСБНХУ нь гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч байгаа бөгөөд Монголын нутагт хятадын бүрэн эрхийг хүндэтгэн үзнэ” гэсэн заалт оруулав.

Энэ хэлэлцээр нь ДИУ-аас ихэд болгоомжилдог Монголын улс төрийн лидерүүдийг цочирдуулж ЗХУ, Коминтерны төлөөлөгчдөд буулт хийхэд хүргэжээ. ЗХУ-Коминтерний албан ёсны төлөөлөгч Э.Ринчино үүнийг ашиглаж өөрийн “Зургаан зүйлт үзэл”-ийг Монголын улсын хөгжлийн хэтийн төлөвийн төлөвлөгөө болгож МАН-ын 8 сарын III их хурлаар баталжээ. Э.Ринчино өөрийн гол өрсөлдөгч Данзан нарын хүмүүсийг хурлын явцад улс төрийн аллагаар замаасаа зайлуулж, 1922 онд байгуулсан “Үндсэн хууль боловсруулах комисс”ыг тарааж 1918 оны ЗОУ-ын үндсэн хуулийн Монгол маягийн орчуулгыг 11-р сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар батлуулжээ.

Ийнхүү Монгол улс нь хууль эрх зүйн талаараа ЗХУ, Коминтерний хараат улс болох боломж бий болжээ. 1924 оны анхдугаар үндсэн хууль Монголын либераль маягийн хэтийн төлөвлөгөөг хүчингүй болгосон ч тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүд төрийн бодлогодоо үндэсний ардчилсан шинэчлэлтийг явуулж биеэ даасан тусгаар тогтносон улс болох зорилгоо тавьсан хэвээр байсан. Тэд МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Дамбадорж, тэргүүлэгч гишүүд С.Гэлэгсэнгэ, Ө.Жадамба, ГЯЯ-ны сайд Амар, ерөнхий сайд Б.Цэрэндорж нарын хүмүүс байсан бөгөөд ЗХУ, коминтерн тэднийг хожим нь тэдний эсрэг Хөдөөгийнхөн буюу Зүүнтэн хэмээх залуучуудыг өдөөн турхиран төрийн удирдлагаас зайлуулжээ. Энэ үйл ажиллагаа 1927 оны МАХН-ын YII их хурлаар болсныг түүхчид “Ордны хуйвалдаан” гэж дүгнэдэг юм.

Баруунтны үзэл сурталч Ц. Жамсрановын үзлээр Баруунууд Монголын тусгаар тогтнолын талаар ямар үүрэг бодолтой байсныг мэдэж болно. Ц. Жамсрановын Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улсыг байгуулах явдал. Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар Монгол нь бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг, улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны улс байгуулах ёстой. Ингэж чадвал Монгол нь Орос, Хятадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно” хэмээн бичиж байсан нь 1923 онд боловсруулсан Монгол максимум төлөвлөгөөг хэрэгжүүлэх шууд стратеги тактик нь болж байжээ.

Гэвч 1928 оны 1 сард Монголын төрийн удирдлагад боловсрол багатай, Марксизм, Ленинизмыг догмаар цээжилсэн дан залуучууд “Зүүнтэнгүүд” хэмээн гарлаа. Тэдний гарч ирэх хуйвалдааныг Монголд гардан хэрэгжүүлэгч нь Коминтерний төлөөлөгч Шмераль гэгч байлаа. Түүний Коминтерний удирдлагад тавьсан илтгэл нь Монголын тусгаар тогтнолын талаар Коминтерн ямар байр суурьтай байсныг түүхэнд гэрчлэн үлдээжээ.
Ийнхүү Монгол Улс нь хууль-эрх зүйгээр ЗХУ-ын хараат байсан дээрээ төрийн удирдлага, боловсон хүчнээрээ хараат болжээ. Зүүнтэнгүүд улс төр, дадлага туршлагагүй тул Монголд Коминтерний сургагч зөвлөхүүдийг сайтар илгээх хэрэгтэй байв.
Зүүнтэнгүүд хөрөнгө хураах, үлдэгдэл хөрөнгийг шүүх бодлого, Жасын компани, Хамтрал-Коммун байгуулах, шарын шашны болон улс төрийн хэлмэгдүүлэлтийн гэх мэт олон бодлогын уршгаар Монголд улс төр, эдийн засгийн хямрал гарч 10 аймгийн 7542 өрх /бүрэн бус мэдээ/-ийг хамарсан дүрвэж нүүх хөдөлгөөн, төрийн эсрэг бослого хөдөлгөөн удаа дараа гарчээ. ЗХУ, коминтерн үүнд дүгнэлт хийхдээ өөрсдийн хүмүүжүүлсэн Зүүнтэнгүүдээ буруутгаж баруунтангуудын бодлогыг “Шинэ Эргэлтийн Бодлого” гэдэг сүржин нэрээр халхлан Монголд хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өгч хямрал богино хугацаанд намжлаа.

Энэ намжмал байдлыг ЗХУ ашиглан 1922 оноос явуулсаар нэлээд дадлагатай болсон улс төр, залхаан цээрлүүлэх аллагаа өргөн далайцтайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажиллагаанд ЗХУ, Коминтерн нэлээд эртнээс бэлтгэж Монгол тайж угсаанууд, лам нарын бүтэц, сүм хийдийн тухай маш дэлгэрэнгүй, нарийн судалгааг дэлхийн Монгол судлаачдаас дутахгүйгээр бэлтгэсэн нь одоо ч архивуудад хадгалаастай байдаг юм. Улс төрийн үүднээс арл түмнийг үй олноор хэлмэгдүүлэх буюу репрессийг 1933 онд буриадуудаас эхэлж 1937-1939 онд туйлд нь хүргэн насанд хүрсэн хүмүүсийн 10 хувийг нь хамарчээ. Энэ нь ЗХУ-ын монгол сэхээтний эсрэг хийсэн хүйс тэмтрэх буюу геноцит үйл ажиллагаа байсан төдийгүй Монголыг өөрийн дагавар улс болгох гурав дахь алхам нь байсан юм.

Хэлмэгдүүлэлт буюу Репрессия гэдэг бол төр хүнийг “нийгмийн амьтан” хүчээр болгож тэдний гол эрхүүдийг бүдүүлгээр зөрчихийг хэлнэ. Хүн төрөлхтний одоогоор нээн илрүүлээд байгаа “хамгийн эрсдэл багатай боловч хамгийн их зардал, цаг хугацаа шаарддаг” ардчилсан нийгэмд хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчилт ямар нэг хэмжээгээр байгаа боловч дундад зууны үе, авторитар, тоталитар нийгмийнх шиг хамгийн харгис хэрцгий хэлбэр нь одоо нэгэнт устжээ. Хэлмэгдүүлэлт улс хоорондын дунд явагдахдаа шашин шүтлэг, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж геноцит буюу аймаглан устгах хэлбэр болж хүрээгээ тэлдэг. Геноцит бодлого яг хэзээнээс үүссэн нь тодорхойгүй боловч МЭӨ III мянганы үед Гиксосчууд Нубичуудыг пирамид барьсанд нь, 1985 онд францын Католикчууд шашин шүтэх эрх чөлөөгөө сонгосон Гугенотуудыг устгаж “Гэгээн Варфолмейн шөнө” гэж өөрсдийн нүгэлийг бурханы өмнө наманчилж байсан бол ХХ зууны хүн төрөлхтөн энэ аймшигт үйлдлийг хэнээс ч айж эмээлгүй “өөрсдийн тусын тулд” хийх болжээ. Гитлер, Геббельс нар зөьхөн 6 сая еврейчүүдийг 6 жилийн дотор устгахдаа “бидний зорилго бидний аргыг зөтгөнө” (энэ үгийг 1540 онд байгуулагдсан “Иезуитын орден”-ы удирдагч Игнатий Аойл анх хэлжээ) гэж өөрсдийгөө зөвтгөж байсан бол Сталин, Мао дарга нар “Дэлхийн Пролетарийн хувьсгалыг хэрэгжүүлэх”-ийн тулд 50 сая энгйин номхoн хүнийг хэлмэгдүүлжээ. Үүгээрээ Фашизм-Коммунизм хоёр огт ялгаагүй нь харагдаж байна. Фашист дэглэм эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан эзэнт улсын сайд Г. Розенберг, рейхсмаршал, СС-ийн удирдагч Г. Геринг нарын удирдлага дор 900 гаруй хорих лагерь, хэдэн зуун мянган хоригдол байсан бол ЗХУ-д 1926 онд байгуулагдсан ГУЛАГ (Хөдөлмөрийн лагериудыг удирдах газар)–д 1938 оны байдлаар Цагаан тэнгис, Урал, Сибирь, Камчаткаар орших олон олтриг хорих лагерьд 16 сая хоригдол байсан нь ХХ зууны нэгэн аймшигтай үзэгдэл байв. Хятад орон ч 1950-1970-аад оны эхэн үеийн Соёлын хувьсгал, Улаан хамгаалагчдын үед ийм байдалтай байсан. Фашист, Коммунист үзэл сурталд “хоригдлуудад юу ч зарцуулахгүйгээр бүх хүчийг нь ашиглаж хямд өртгөөр асар том барилга байгууламжуудыг барих” номлол хүчтэй байж олон энгийн номхон хүмүүсийг улс төрийн талаар ялгаварлан гадуурхаж хэлмэгдүүлжээ. Харин манайд ийм тооцоо байсангүй учир нь Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан бөгөөд улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг. Эхний үе шат 1922-1940 онд Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгажаймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4-р сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав. Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат (1940-1955) эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат (1956-1990 он) Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм. Ийнхүү ЗХУ, Коминтерн Монголд төр засаг, хуулийг ашиглан Улс төрийн хүчирхийлэл, Эдийн засгийн механизмаар дамжуулан ямар нэг зүйлд албаар нөлөөлөх эдийн засгийн хүчирхийлэл, хүмүүсийн итгэл үнэмшил, оюун ухаанд нөлөөлөх Оюун санааны хүчирхийллийг тулгаж Монгол улс бүрэн утгаараа ЗХУ-ын саттилет улс болов. Энэ нь нэг хүн, нэг улс төрийн хүчний хийсэн үйлийн үр бус Монгол орны геополитик, дэлхийн түүхэн зүй тогтлоос болсон жам ёсны түүхэн үйл явдал байсан юм шүү!

ЗХУ ЯАГААД МОНГОЛД ИЙМ БОДЛОГО ЯВУУЛАХ БОЛОВ ОО?

ЗХУ Монголд яагаад ийм бодлого явуулах болов оо? Түүхийн өшөө авалт уу? Эсвэл Монголчуудад уулаасаа дургүй юм уу? Монгол жижиг улс болохоор ийм замаар явах ёстой байсан юм уу? Эдгээрийн аль нь ч биш ажээ. О.Шпенглер нийгэм, түүний соёл иргэншлийг судалж математик аргаар голлон судлаад “Ертөнц бол түүхтэйгээ тэнцүү. Түүх бол улс төрийн бодлоготойгоо тэнцүү. Улс төрийн бодлого нь хүчирхийлэлтэй тэнцүү. Дэлхийн түүх бол улс төрийн түүх. Улс төрийн түүх бол хүчирхийллийн түүх байдаг. Энэ хүчирхийлэл нь эрх ашиг, оршин тогтнох үндсээс урган гардаг заяагдмал чанар мөн ажээ” гэж бичсэн байдаг.
Төрүүлсэн эх эцгээ хүн сонгодоггүйтэй адил түүхээр заяасан байршлаа улс гүрэн өөрчлөх аргагүй юм. Тиймээс “хүний тавилан хүмүүжлээсээ, улсын тавилан байршлаасаа” гэдэг үг үүсчээ. Энэхүү байршил нь тухайн улсын өнгөрсөн, одоо, ирээдүй болон өгсөх, уруудах замыг нь тодорхойлогч суурь хүчин зүйл болдог. Улсын байршил гэдэг ойлголтод улс төр, газар зүйн гэсэн хоёр цогцолбор ойлголт багтдаг. Геополитик буюу улс төр, газар зүйн талаасаа тухайн улсын байршил нь хэдэн улстай хиллэдэг, хил залгаа улсуудын хүчний хэмжээ, тэдний явуулах бодлого гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлогддог. Геополитикийн хэллэгээр хоёр том гүрний дунд хавчигдан орших жижиг улсыг буфер буюу бамбай улс гэж нэрлэдэг. Дэлхийд ийм улс цөөнгүй байдгийн нэг нь Монгол улс юм.

Түүхээс үзвэл бамбай улсууд нь мөнхийн ийм тавилантай байсангүй. Үүнд улс гүрний том жижгийн хэмжээ нь харьцангуй зүйл юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг болон цэрэг зэвсгийн хүчин чадал гэх мэт үзүүлэлтээр харьцангуй том байлаа ч тэдгээр нь хөрш зэргэлдээ улс гүрнүүдийнхээс бага л бол тэр улс бамбайн тавиланг тойрч чадахгүй юм. Бамбай улсын оршин тогтнох эсэх нь тухайн улсын амьдрах чадвараас гадна түүний хөрш зэргэлдээ гүрнүүдийн хоорондын харилцаа болон тэдгээрийн хүчин тэнцвэр, мөн тус бүс нутгийн улс төр, уур амьсгал зэрэг гадаад хүчин зүйлээс үлэмж шалтгаалдаг байна. Иймээс Бамбай улсыг хоёрхон хувь тавилан хүлээдэг. 1. Аль нэгэн давуу хүчтэй улсаар хувь заяагаа шийдүүлж Сатиллет буюу дагавар улс болох. Энэ хувь заяагаар Монголчууд ХҮII зуунаас 1990-ээд оныг хүртэл явжээ. 2. Хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлж төвийг сахисан улс болох. Үүнийг Монголын бүх үеийн улс төрийн зүтгэлтнүүд мөрөөдөж үүнд хүрэхийн тулд асар их бэрхшээл зовлон зүдгүүртэй замыг туулж ирсэн юм. Гэтэл Монголчууд Швейцарь шиг төвийг сахих улс болохын тулд уг бодлогоо хангах эдийн засаг болон цэрэг зэвсгийн зохих нөөцтэй, газар зүйн ашигтай байрлалтай, мөн эрх ашгаа хамгаалуулах их гүрнүүдтэй байх ёстой байлаа. Харин дэлхий дахинд төвийг сахисан, аюулгүй тусгаар тогтнолтой улс болохыг бага буурай орнууд одоо ч мөрөөдсөөр байна. Энэ нь төвийг сахих бодлого тунхаглах хялбар, харин түүнийг хэрэгжүүлэх нь нэн хэцүү гэдгийн бодит жишээ юм.

Монголын улс төрийн зүтгэлтнүүд ийнхүү бамбай улсын зовлонг амсч 1940-өөд онд Монгол нь эргэлт буцалтгүй ЗХУ-ын сатиллет орон болжээ. Сохорсон биш завшив гэдэг үгийн адил Монгол улс сатиллет шинж чанартай болсны ачаар харийн түрэмгийллээс найдвартай хамгаалагдаж, 1945 онд Англи, АНУ, Франц улсаар өөрийн статус-квог хүлээн зөвшөөрүүлж, 1945 оны 10-р сарын 20-ны Монголын 498000 хүн оролцож зуун хувь “Тусгаар тогтносон Монгол ард улсын төлөө” саналаа өгсөн санал асуулгын үр дүнгээр их гүрнүүд ДИУ-д шахалт үзүүлж Чан Кайши 1946 оны 1-р сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Монголын бүх үеийн улс төрчдийн хийх гээд хийж чадаагүй зүйлийг ЗХУ, ялангуяа Сталин ердөө 10 хүрэхгүй жилийн хугацаанд хийсэн нь үнэхээр бахархалтай. Гэтэл үүний цаана ЗХУ, Коммунизмын эрх ашиг нуугдаж байсан бөгөөд сатилет Монголын тусгаар тогтнол нь их гүрнүүдийн дипломат наймаан дээр тулгуурласан, Монголчуудаас хараат бус ЗХУ-Коммунизмаас хараат зүйл байсан юм. Үүний дараахан 2-р сарын 27-нд Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааны 20 жилийн гэрээ байгуулагдснаар ЗХУ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж олон улсын харилцаа судлаачид тайлбарладаг. Дэлхийн олон улсын харилцаанд 1946 оноос бий болсон “Хүйтэн дайны” хямралаас болж АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 оны 2-р сарын 25-нд Конгересс дээр хэлсэн үгэндээ Яалтын нууц гэрээнээс татгалзснаа албан ёсоор мэдэгдэж, Тайваний удирдагч Чань Кайши 1960-аад он гэхэд Социалист системийн болон зарим төвийг сахьсан улсуудтай дипломат харилцаа тогтоосноор монголд Вестфалийн зарчим бүрэн биеллээ олж БНМАУ nation-state болжээ.

ЗХУ яагаад Халх голын дайнд маш их хохирол амсаж Монголыг Японоос хамгаалж, 1943 оны 11-р сарын 28-нд Тегераны уулзалтаар Монголын оршин буй газар нутгийг /статус-кво/ Англи, АНУ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн юм бэ? Үүнд хоёр орны ах дүүгийн найрамдал гэхээсээ илүү ЗХУ, Коммунизмын оршин тогтнох эрх ашиг байлаа. Учир нь ямар ч улс орнууд найрамдал гэдэг нэрийн дор өөр өөрийн эрх ашгийн үүднээс харилцдаг. Чадал дорой, мөхөс орнууд л найрамдал гэж хэт үзэл сурталждаг. Сталин “Гадаад монголын газар нутаг цэрэг стратегийн байр сууринаасаа онц хэрэгтэй” гэж Хятадын төлөөлөгчдөд сануулж байснаас гадна “Монгол нутаг нь Транссибирийн төмөр замын дагуу оршдог. Хэрэв Монгол нь ЗХУ-ын дайсны түшиц газар болж Транссибирийн төмөр зам тасалдахад хүрвэл ЗХУ-ын хувьд мөхөл болно” хэмээн хэлж байжээ. Энэ бол Монгол улсын Буфер шинжийг хамгийн тод харуулсан тодорхойлолт байсан юм. ЗХУ-ын хүнд үйлдвэрлэлүүдийг түүхий эд материаллаг баазаар хангадаг хамгийн гол “амьдралын зам” нь Транссибирийн төмөр зам. Энэ зам Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Хаант Орос, ЗХУ, ОХУ-аас гарах шийдвэрүүдийн гол зангилгаа нь байсан.

No comments:

: