Дундад Азид хийсэн монголчуудын аян дайн
Их Монгол улс байгуулагдах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байв. Нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс. Эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ. Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156) хэмээн судлаачид үздэг. Хорезм нь Дорнод Сельжук улсын султан Санжарын хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж биеэ даасан улсын үндэс суурийг тавьжээ.
Астызыг залгамжлагч Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант төрийн нутаг дэвсгэр, засаг захиргааны тогтолцоо бүрэлдэн тогтжээ. Давуу эрх бүхий хүчирхэг цэргийн давхрагад тулгуурласан, санваартаны давхрааны нэр хүнд, ашиг сонирхолыг илэрхий орхигдуулсанд энэхүү тогтолцооны онцлог оршино. Текеш султаны хүү Ала ад-Дин Мухаммед шах (1200-1220) энэ тогтолцооны золиос болсон билээ.
Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ. Гэвч зэр зэвсгийн хүчээр захиргаандаа оруулсан Хорезмын хаант улсын дотоод эв нэгдэл нэн хэврэг байлаа.
Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж байв. [Груссе 2003:211]. Чингисий цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг иргэний хамт дагуулан Хар Киданы улсад очиж амь хоргоджээ. Хүчлүг 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж төрийн эрхийг булаан авчээ. Бурханы шашинт Хүчүлүг лалын шашинтныг хавчин гадуурхах бодлого барьж байсан нь хүн амын ихэнх хэсгийн дургүйцлийг төрүүлсэн байв.
Монголын цэрэг Дундад Азид очихын өмнөхөн үеийн Хорезм буюу Сартуул, Хар Киданы байдал иймэрхүү байлаа. Хүчүлүгийн ноёрхолыг эсэргүүцэж Харлагуудын толгойлогч Арслан, Уйгарын толгойлогч Идүүд хан, Алмалиг хотын захирагч Бузар нар 1211 онд Чингис хаанд дагаар орохоо илэрхийлжээ. Уйгар болоод харлагууд Балхаш нуур, Долоон голын саваар нутаглаж байсан ба Алмалиг хот нь Или мөрний дээд биед, өнөөгийн Кульжийн ойролцоо оршиж байлаа. Хубилай жанжны удирдсан монгол цэргүүд Долоон голын хойд талаар гарч ирэхэд өөрөө ямар их зөв сонголт хийснээ Арслан сэрхийтэл ойлгожээ. Тэрбээр Хубилайг дагалдан ирж, Чингис хаанд золгож, түүнд үнэнч байх андгай өргөсөн юм. “Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов” гэж “МНТ”-нд өгүүлжээ. Арсланд Алха бэгийг өгөв гэж “Алтан товчид” өгүүлсэн бол [Алтан товч 1990:98] Хятадын судлаач Чингис хаан охиноо Арсланд бус түүний хөвгүүн Эсэн Бухад өгсөн гэж үзжээ. [Яотин 2002: 243].
Бузар хан “Хүчүлүгтэй сөргөлдөхийн тулд Чингис хаанд элч илгээж, Хүчүлүгийн тухай мэдээлж , өөрийгөө Чингис хааны зарц хэмээн нэрлэжээ. Чингис хаан түүний санаа сэтгэлийг тайтгаруулж Зүчийн охиныг түүний хөвгүүнд өгч худ ураг болжээ”. [Яотин мөн тэнд]. Бузар хожим нь Монголын харъяанд орсон боловч нутаг буцсаны дараа тун удалгүй Хүчүлүгийн цэрэгт алагджээ. Хаан ширээг түүний хүү Шигнах тегин залгамжилсан бөгөөд тэрбээр Чингис хаанд ихэд таалагдсан бөгөөд түүний үр удам Алмалиг хотыг хэдэн үеийн турш захирч байсан ажээ. Чингис хаан 1217 онд Хүчүлүгт цохилт өгөхөөр Зэв жанжныг хорин мянган морьт цэрэгтэй Хар Кидан улсад илгээжээ. [МУ-ын түүх 2003:128, Груссе 2003:214, Саундерс 1992:60, Кутлуков 1984:99]. Харин Мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүд Худу, Чулуун нарыг даруулахаар Сүбэдэй жанжнаар удирдуулсан цэргээ илгээжээ.
Зэв жанжин Хар Киданы нутагт очоод Хүчүлүгийн улсын суугуул иргэд өөр өөрийн шашныг дураар шүтэх бүрэн эрхтэйг тунхаглан мэдэгджээ. Үүний хамт нутгийн хүн амд халдахгүй, зөвхөн Хүчүлүгийг эрж олох зорилготой байгаагаа таниулжээ. Хар Киданы хүн ам, ялангуяа лалын шашинт хэсэг Зэв жанжинд шууд дагаар оржээ. Хүчүлүг Бадахшан руу оргон зайлсан боловч нутгийн хүмүүс түүнийг монголчуудад барьж өгчээ. ”Зэв жанжин түүний толгойг цавчин авч Кашгар, Ирган, Яркенд, Хотон зэрэг орон нутгийн олон түмэнд үзүүлэв” гэж Жү Яотин бичсэн боловч ямар сурвалжид тулгуурласан нь тодорхойгүй байна. [Яотин 2002:284-285]. Рашид ад-Диний үзэж буйгаар Хүчүлүг Памир голын эх авсан уулын нутаг Сарикул буюу Сирикол (Шар нуур)-д алагджээ. Тэгвэл Жүвейни Бадахшанд алагдсан гэжээ. Сүбэдэй баатар Эрчис голыг гатлан мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүдийн толгойлсон цэргийг цохин сарниулжээ. Энэ үед Зүчи очсон бололтой гэхээс гадна “Сүүлчийн тулалдаанд Тогтоа бэхийн отгон хөвүүн, сайн цэцэн харваач Хөлтүгэн мэргэн Кыпчак руу зугтжээ. Хан хөвүүн Зүчийн цэрэг түүний хойноос нэхэж Хөлтүгэн мэргэнийг баривчлан авч” алжээ [Хаадын сан 1999:62]. Зүчи хан мэргидийн үлдэгдлийг Чу мөрөн хүртэл нэхэн хөөж мөхөөсөн юм. Ийнхүү найман мэргэдийн үлдэгдлийг мөхөөснөөр Их Монгол улсын баруун талын аюулгүй байдал хангагдав. Хар Киданы нутаг Монголын эзэмшилд бүрэн орсноор Их Монгол улс нь Хорезмын хаант улстай шууд хаяа хатгах болов.
Хорезмын хаант улсын Мухаммед шах торгоны замд хяналтаа тогтоох зорилгын үүднээс Зүчдийн Алтан улс болон Өмнөд Сүн улсын тухай мэдээлэл цуглуулж байв. Гэтэл Их Монгол улсын Чингис хаан Бяньлинг (Жунду) байлдаж байгаа мэдээг авмагц Чингис гэж хэн болох, Зүрчдийг байлдаж буй эсэхийг тандуулахаар 1215 онд Баха ал-Дин Ражи тэргүүтэй элч төлөөлгч заржээ. Мухаммедийн элч Жүндүгийн дэргэд Чингис хаанд бараалхжээ. Чингис хаан Хорезмшахтай найрсаг харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Хар Киданыг Хүчлүг эзлэн авснаас хойшх үед тасраад байгаа торгон замын худалдааг сэргээх, Их Монгол улсын баруун талын аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх ашиг сонирхолтой нь шууд холбоотой байв. Хорезмын хаант улсын элч төлөөлөгчид Чингис хааны хүсэл эрмэлзлийг Мухаммед шахад уламжлахдаа: “Би чиний хүч их, танай улс том гэдгийг мэднэ. Чамайг өргөн уудам газар нутгийг эзэмшин ноёрхож буйг би мэднэ. Би чамайг өөрийн хайртай хүүгийн нэгэн адил үзэж, чамтай сайн харилцаатай байхыг гүнээ хүсэж байна. Би нэгэнт Хятадыг байлдан дагуулж, Хятадын хойт нутгийн бүх угсаатныг эрхэндээ оруулсан, чи үүнийг мэдэх ёстой. Чи мөн манай улсын дайчид нь шоргоолж мэт олон, нөөц баялаг нь мөнгөний орд уурхай арвин, үнэхээр бусдын газар нутагт шунах горьдох шаардлагагүй гэдгийг ойлговол зохино. Би гагцхүү бидний ноёд түшмэд, ард иргэдийн хооронд эрх тэгш арилжаа наймаа хийж, энх тайвнаар харилцаж байгаасай гэж л хүссэн билээ” гэсэн байна. [Яотин 2002: 287]. Зөвлөлтийн түүхч И.П.Петрушевский:“Тэр үеийн дипломатуудын хэлээр, хаан өөр нэг хааныг “өөрийн хөвгүүн” гэвэл, түүнийг өөрийн хараат болгон үзэж байгаа хэрэг болдог байжээ” [Петрушевский 1984:124] гэж тэмдэглэжээ. Гэтэл Л.Н.Гумилев хэмээсэн билээ. “Мухаммед саяхан асар уудам газар орныг эрхэндээ оруулж, өөртэйгээ эгнэх хүн, өрсөлдөх дайсангүй хэмээн сэхүүн загнан, ялж дийлсэн тэр их эрч хүчээрээ гадагш давшилтаа үргэлжлүүлэх, тэр ч бүү хэл эзэмшил нутгаа дорно зүгт тэлэн өргөжүүлэх, Хятадыг байлдан дагуулж дэлхийн эзэнт улс байгуулах төлөвлөгөөтэй байжээ”. [Яотин 2002: 287].
Мухаммедийн элчийн хариуд Чингис хаан Хорезмын Махмуд, Бухарын Али-Хожа, Отрарын Юсуф Канка гэдэг Монголд амьдарч байсан мусульман худалдаач гурван хүнийг худалдааны гэрээ байгуулахаар Хорезмын хаант улсад илгээжээ. Мухаммед шахад өгөх бэлгийн дотор асар том тунгаамал алт, шижир алтан гулууз, үнэт хув болон зааны ясан эдлэлүүд, цагааг тэмээний ноосоор хийсэн асар үнэтэй зүйлүүд байв.[Груссе 2003:216]. Чингис хааны элч нарт Мухаммед шах хандан:”Манай улс том гэдгийг ертөнц даяар хэн хүнгүй мэднэ. Танай хаан чинь намайг хүүгээ гэж нэрлэж яахин зүрхлэнэ вэ?” Тэр ямар хайшаа амьтан юм, хэд хичнээн цэрэгтэй болооод тэр вэ?” гэхэд монголын элч Мухаммедийн уурлан хилэгнэж байгаа болон омгорхог дүрийг хараад түүнтэй маргалдахаас зайлсхийж: “Таны цэрэгтэй жишвээс Чингис хааны цэрэг ганц морьтой хүнтэй адил буйзаа” гэж хэлсэнд Мухаммед шахын сэтгэл уужирч, Чингис хаатай эвийн гэрээ байгуулахаар шийджээ. [Петрушевский мөн тэнд].
Бидний үзэж буйгаар энэ элчийн ташаа мэдээлэл шах Мухаммедийг төөрөгдүүлж, дараа нь Отрарт ирсэн монгол элч төлөөлөгч болон түүний дагалдах худалдаачдын талаар алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн болов уу. Чингис хаан хоёр улсын хоорондын арилжаа наймааг хөгжүүлэх үүднээс худалдааны зам дээр “Хараач” гэдэг харуул хамгаалат тавьж байжээ. Тэрбээр “Монгол улсын хилд нэвтрэн орж ирж буй худалдаачин хүн бүрт зар бичиг олгох, хааны хэрэгцээт барааг уул эзний хамт хаанд хүргэх, хаан зохих үнээр нь худалдан авах” тухай хууль хүртэл гаргаж байв. [Яотин 2002: 286].
Хорезмын улс руу Чингис хааны илгээсэн худалдааны хөсгийн талаар сурвалжид дурдсан зүйл болон судлаачдын санал нэлээд зөрөөтэй байна. Рашид ад-дины мэдээгээр тэмээн жинг дээрх гурван элч дагалдаж явсан бол [Рашид ад-дин т.I: 188] И.П.Петрушевскийн үзэж буйгаар тэдгээр элч тэмээн жингийн цуваанаасаа өмнө, тусдаа түрүүлж явсан гэжээ [Петрушевский 1984: 126] .Харин Р.Груссегийн үзэж буйгаар тэмээн хөсөг элч төлөөлгчдөөс нэлээд хожуу аян замд гарсан бөгөөд энэ удаа өөр элч нар болон их хааны бие төлөөлөгч монгол хүн явсан гэжээ. Тэрбээр бичихдээ: “Гурван элч Хорезм явснаас хойш хэсэг хугацаа өнгөрөөд Чингис хаан тавьсан саналаа хэрэгжүүлэх зорилгоор алт, мөнгө, хятад торго хоргой, тэмээний ноосон эдлэл, булга, халиу, минжний арьс тэргүүтэн ачсан маш баян худалдааны хөсгийг Хорезм руу хөдөлгөв. Энэ хөсгийн даамлаар бас л Монголд амьдардаг лал хүмүүсийг тохоон томилсон нь Омар Хожа (Отрарын), Гаммаль (Марагийн), Фахраддин-Дизаки (Бухар) гурав” байлаа. [Груссе 2003:217].Тэдэнтэй хамт өөрийн бие төлөөлөгч Ухуна гэдэг хүнийг Чингис хаан томилон илгээжээ. Ренэ Груссе бичихдээ: “Дорнод Ази, лалын ертөнц хоёрын хоорондын худалдаа наймааны ажлыг өргөтгөхийг Чингис хаан ихэд эрмэлзэж байсан” гэжээ. [Груссе 2003: 217].
Үнэт эдлэл бүхий 500 тэмээ ачааг авч явсан 450 худалдаачныг И.П.Петрушевский болон зарим судлаачид ихэд сэжиглэж тэдгээр хүмүүс “нүүдэлчин-цэргүүд” байсан бөгөөд худалдаа хийхээс гадна “цэргийн тагнуул хийх үүрэгтэй” байсан гэжээ. [Петрушевский 1984:130].Бидний бодлоор ийм их үнэ цэнтэй ачаа барааг сахин хамгаалах, замд ачаа бараагаа ачих буулгах, тэмээгээ арчлах маллах зэрэг холын аян замд зайлшгүй гарах хүндрэл бэрхшээлийг тооцож ийм олон хүнийг дагалдуулан явуулсан буйзаа. Харин цэргийн тагнуул хийхийн тулд ийм их үнэ бүхий бараагаар халхавч хийх нь дэндүү гоомой зүйл болно. Хааны хөсөг аян замдаа саад тотгоргүй явсаар Хорезмын хаант улсын хил Сыр-Дарья мөрний дунд салаанд орших өнөөгийн Туркестан хотын зэргэлдээ оршин байсан Отрар хотод хүрчээ. Хотын захирагч Иналчи нь Хорезмын Мухаммед шахын эх Теркены удам угсааны Хажир хан буюу “Хүчирхэг хаан” гэсэн цол хэргэмтэй, ихээхэн ов зальтай, бас шунахай этгээд байжээ. Тэрбээр кипчак, канглы түрэг овог аймгуудад тулгуурласан Теркен хатны талын хүн бөгөөд түркмен овог аймгаар гол тулгуураа хийсэн, төвлөрсөн хүчтэй засаг байгуулахыг эрмэлзэгч Мухаммед шахтай зөрчитэй нэгэн байв. Хорезмын улсын Теркен хатны талыхны тухай Жүвейни өгүүлсэн нь: ”Хайрлах өршөөхийг тэд ер мэддэггүй. Тэдний явж өнгөрсөн муж бүхэн цөлбөгдөн хоосорч, райатууд (тариачид) нь хэрэм цайзад нуугдан бүгж амь гарна” гэжээ. [Петрушевский 1984:124]. Иналчи хан Мухаммед шахад монголын худалдаачдын эд агуурсад шунасанаас хоёр улсын харилцаанд нэн сөрөг үр дагварыг бий болгожээ.
Монголын худалдаачид хилийн хот Отрарт худалдаа арилжаа хийхгүй, харин шахын өргөө байрлаж буй, нийслэл Самаркандад очиж Мухаммед шахад бараалхаж, дараа нь арилжаа наймаа хийх зарлиг хүлээсэн тухай тайлбарыг Иналчи ханхүлээж аваагүй байна. Иналчи хан бүх худалдаачдыг баривчилж, тэднийг Чингис хааны явуулсан тагнуул гэж зарлаад Мухаммед шахад энэ тухай мэдэгджээ. Монголын худалдаачдыг сайн харж хянаж байхыг Мухаммед шах зарлиг болгожээ. Гэтэл Иналчи хан худалдаачдын эд хөрөнгийг хураан авч Чингис хааны бие төлөөлөгч болон худалдаачдыг цаазаар авчээ. Тэднээс амь үлдсэн нэг хүн энэхүү аймшигт явдлын тухай Чингис хаанд айлтгажээ. Отрарын аллагын тухай В.В.Бартольд цохон тэмдэглэхдээ: ”Ийнхүү Хорезм шахын хийсэн хэрэг орчин үеийн олон улсын эрхийн үүднээс ч гэсэн Чингис хаанд дайн хийхэд нь хүрэлцэхээр барахгүй шалтаг өгчээ” гэжээ. [Бартольд 1963 а:467]. Гэхдээ энэ мөчийг хүртэл Хорезмтой дайтах тухай бодол Чингис хаанд хараахан төрөөгүй байсан гэж үзэж болно. Тийм учраас ч эе эвийг олох эцсийн горьдлого болгож Ибн Кафража Богра хэмээх лалын шашинт хүнийг хоёр монгол хүний хамт элчээр илгээж, худалдаачдыг алж хядсан хэргийн учрыг Мухаммед шахаас асуулгасан билээ. ”Чи надтай тохиролцсоноор бол манай улсын ямар ч худалдаачны ая тухыг алдуулахгүй гэсэн баталгаа өгсөн атал олон зуун худалдаачныг алж талж, гэрээ хэлэлцээнээс няцаад улсын эзэн гэсэн нэрээ хөөджээ. Хэрэв Отрарт худалдаачдыг алсан хэрэг чиний зарлигаар хийгдээгүй бол тэр жанжингаа надад тушаа, яаж шийтгэхээ би өөрөө мэдье. Эс бөгөөс чи дайтахад бэлтгэ” гэжээ. [Яотин 2002: 289]. Чингис хаанд Иналчи ханыг өгч явуулах боломж ч, хүсэл ч Мухаммед шахад байсангүй. Иналчи бол Мухаммед шахын эхийн талын хүн болохоор түүнийг Чингис хаанд барьж өгөх нь Хорезмын хагасыг өөрийн эсрэг босгохтой адил хэрэг байв. Ийм учраас Чингис хааны шаардлагыг Мухаммед шах хүлээж авсангүй. Лалын шашинтай хоёр монгол элчийг алж, Ибн Кафражагийн үс сахалыг хусаж туйлаас доромжлон буцаажээ. Насавийн өгүүлснээр гурван элчийг бүгдийг алсан аж [Бартольд 1963 a:467]. Зарим судлаачид Шах Мухаммедийн хүү Желал-ад-дин Иналчик ханыг Чингис хаанд өгч явуулах нь зүйтэй гэж эцэгтээ зөвлөсөн хэмээн зарим судлаач [Кычанов 2000:379] бичжээ.
Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас Хорезмын хаант улсад дайн зарлахаас өөр гарцгүй болжээ. Их Монгол улсын тусгаар тогтнолд дорно, өрнө зүгээс нэгэн зэрэг аюул нүүрлэсэн ийм эгзэгтэй нөхцөл байдал үүсчээ. Ийм нөхцөлд Алтан улстай дайтах үүргийг Мухулайд Чингис хаан даатгаж, өөрөө монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болохыг Тангуудаас шаарджээ.[Х.Шагдар]
Чингис хаан дайнд мордохын өмнө уул усандаа мөргөж тугаа тахиж, мөнх тэнгэртээ залбирсан ажээ. 1219 оны хавар Чингис хаан Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Тэр ёсоор Эрчис мөрний хөвөөнд их цэргээ хуралдуулав. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. [МУ түүх, II боть 2003:123]. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв. Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв. Хорезмшах Мухаммед Монголын цэрэгтэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан бутаргаснаар хорезмчууд хэдийгээр цэргийн тоогоор давуутай байсан ч тухайн тодорхой газар нутагт монголчуудаас цэргийн хүчээр цөөн болсон нь тэднийг нэг нэгээр нь хялбар эзлэн авах боломжийг монголчуудад олгожээ. Тоогоор монголчуудаас хавьгүй илүү байсан цэргийн хүчээ тарамдуулан хот суурингуудад ийнхүү бутарган хуваах болсон шах Мухаммедийн тактикийг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Олонх нь Хорезмын хаант улс нь дотроо хагаралтай байсан учир Мухаммед шах өөрийн орны цэргийн жанжин, ноёддоо итгэдэггүй байснаар тайлбарладаг. Нөгөө хэсэг нь түүнийг Чингис хааны цэрэгтэй шийдвэрлэх ерөнхий тулалдаанд орохоос зайлсхийсэн гэж үздэг байна. Яагаад Мухаммед шах ийм хачирхалтай алхам хийхэд хүрэв? Хэн түүний зүрхийг үхүүлэв? гэсэн асуулт гарч байгаа юм. Эзэнт гүрний түүх бичлэгт энэ асуудлыг анх Д’Оссон авч үзжээ. Тэрбээр Ан-Насавийн сурвалжийн мэдээнд тулгуурлан Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн гэжээ. Зүчийн цэрэгтэй түүний тулалдах болсон шалтгааны талаар Д’Оссон бичихдээ: “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд цохилт өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна. Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг хөдлөгөн Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлжээ. Мухаммед шах Иргиз гол хүрэхэд голын усыг гаталж болохооргүй хагас хөлдсөнд тэндээ буудаллан аятай цагийг хүлээжээ. Тэгэж тэгэж голыг гатлан Хүчүлүг ханы байгаа газрыг хайн хэдэн өдөр явтал олон морьт цэрэг ойртойж буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэр бол Хүчүлүгийн цэргийн гол хүчийг ялаад түүний толгойг аван буцаж явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ” гэсэн байна. [Д’Оссон 1937:129]. Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. “Султаны цэргийн хэсэгтэй дайралдвал биеэ аятай зохистой авч явж, хүндэтгэх ёс зарчмыг эвдэж таслах аливаа ааш зан гаргаж болохгүй гэж эцэг хаан зарлиг болгосон гэдгийг Зүчи хан мэдэгдэв” гэж Мухаммед шахад элч уламжилжээ. [Ан-Насави 1973:53-54]. Хорезмшах хариулсан нь:”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, бүхний Аллах чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, энэхүү тулалдааны төлөө надад буян амлаж байна. Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нар ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд. Иймд илд жадаа хугалан хэдэн хэсэг хуваагдах дайн болохоос гарцаагүй” гэжээ. [Ан-Насави 1973: 54]. Ийнхүү Зүчи Мухаммед шахтай тулалдахаас зайлшгүй болжээ. Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд биеэр цэргээ удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ. Хорезмшах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр байрлалдаа очиход Зүчийн цэрэг олон гал асааж орхиод тэр шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ.
Тухайн үед амьдарч байсан Сартаул иргэн Ибн aл-Асира (1160-1233) тэрхүү тулалдаан Мухаммед шахад хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэхдээ:”Хорезмын шах тийм бэрхтэй тулалдааныг урьд өмнө үзээгүй байжээ. Морьт цэргүүд явгалан бүр хутгаа барин, зарим нь нударга зангидан үзэлцэхэд морьд цусанд хальтирч байв. Мусульманы талаас 20 мянган хүн алуулжээ, нөгөө талаас хэдийг бүү мэд… шөнө болоход өөрийн байрлалдаа очсон монголчууд олон гал түлж орхиод зайлан явжээ... Хорезмын шах өөрийн цэргийн хүчний сул доройг мэдэж Бухарт ирээд, Бухар, Самарканд зэрэг хотын иргэдийг хориглолтод бэлтгэхийг тушаав” гэх зэргээр бичсэн байна. [Тизенгаузен 1884:6]. Өөрөөр хэлбэл, Мухаммед шахын зүрхийг Зүч үхүүлсэн учир тэрбээр хот суурингуудад цэргээ хуваан хүчээ тарамдуулахад хүрчээ. Чингис хааны цэргийн дайралтын анхны бай нь мэдээж Отрар хот байлаа. Отрар хотыг дагуулах үүргийг Цагадай, Өгөдэйд даалгав. Сыр-Дарья мөрний их адаг руу Алаг ноён болон Зүчийн удирдсан хоёр замын цэргийг илгээв. Чингис хааны гол цэргээ авч Хорезмын хаант улсын стратегийн чухал хот болох Бухарыг зорьсон нь хамгийн хүнд үүргийг өөртөө оногдуулсан хэрэг байлаа. Хорезмын шинэ нийслэл Самарканд нь Бухар хотоос зүүн тийш, хуучин нийслэл Ургенч нь Бухар хотоос баруун хойш оршиж байв. Шинэ нийслэлдээ шах Мухаммед, эх Теркен хатан нь хуучин нийслэлд тус тус сууж байлаа.
Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт буусан нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа. 1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бутцохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ. Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоондп оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байсан ажээ. Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик бум орчим хөлсний цэргээр хамгаалуулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байлаа. Тулалдаан эхлээ ч үгүй байхад Самаркандын хувь заяа үндсэндээ шийдэгдчихсэн байлаа. Самаркандын хамгаалалтын цэргүүдийг уутанд оруулах тактик хэрэглэн хээр гаргаж бутцохижээ. Хотын оршин суугчид бууж өгч, хотын хаалгаа нээжээ. 1220 оны 3 дугаар сарын 17-нд Мөргөлийн хаалгаар монгол цэргүүд Самаркандад оржээ. Тэр өдөртөө монголчууд хотын хэрмийг нурааж хот тойрсон гууг булж газартай тэгшилсэн байна. [Рашид-ад-дин т.I, кн., 2:207]. Самарканд хотыг тохинуулсаны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Үүний учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байсан оршино. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан цайзыг монгол цэргүүд удаан хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ. Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших зэлүүд нэгэн арал дээр хэсэг хугацаанд нуугдаж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ. Мухаммед шахыг анхнаасаа мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг үхсэний дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөрдөн байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, нийтдээ 8 мянган миль газрыг туулсан алдарт аян байлдаан нь монгол морины манёврийн чадавхи, монгол цэргийн ов заль, тэвчээр хатуужил, Чингис хааны цэргийн гайхамшгийг дэлхийн цэргийн урлагийн түүхэнд мөнхлөн үлдээсэн юм.
1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Зүчи хотыг боомилон буулгаж авах, харин Цагадай салхины аясыг олж хотыг галдан шатаагаад дайран орж эзлэх байр суурийг хатуу баримталж байсан учраас Үргенч хотын бүслэлт бүтэн долоон сараар сунжирчээ. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг бүрэн эзэлж авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ. Чингис хаан гурван том хөвгүүдээ Ургенч хотыг эзлүүлхээр илгээхдээ отгон хүү Толуйг Хорасаныг дайлуулахаар томилов. Толуй хэдхэн сарын дотор Хорасаны дөрвөн муж болох Балх, Мерв, Нишапур, ГератыгЭнэ үед Мухаммед шахын хүү Хорезмын хаант улсын сүүлчийн шах Желал-ад-Дин Газни орчимд цэрэг хуримтлуулсаар байлаа. Желал-ад-Дины довтолгоог няцаах үүргийг Чингис хаан өөртөө хүлээжээ. Чингис хааны манлай цэрэг Желал-ад-Динд хоёр удаа цохиулсаны дараа Чингис хаан их цэргээ авч мордон, Желал-ад-Диныг үлдэн хөөсөөр Шин (Инд) мөрөнд гүйцжээ. Энд 1221 оны 11 дүгээр сард Шин мөрний хэмээн алдаршсан тулалдаан болжээ. Желал-ад-Дин энэ тулулдаанд ялагдаж, Шин мөрнийг гатлан Энэтхэг оронд зугтан зайлжээ. Ийнхүү Хорезмын хаант улс мөхөж, түүний нутаг дэвсгэр, хүн ам Их Монгол улсын эзэмшилд бүрэн оржээ. Чингис хаан зорилгоо хэрэгжүүлсэндээ сэтгэл ихэд ханамжтай байсан бөгөөд хэсэг хугацаанд Сартуулыг засан тохинуулсаны дараа эх Монгол нутагтаа буцахаар шийджээ. Чингис хаан бомбын шашны гэлэн Чан-Чүньтай 1222 оны 4 дүгээр сард уулзахдаа ертөнцийг төвшитгөх ёсны талаар ярилцаж байсан нь цаашид Сартуулыг төвшитгөн тохинуулах талаар ихэд санаа зовж байсантай нь юуны өмнө холбоотой байсан ажээ.
Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ. Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болсон ажээ. Энэ нь өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн эзэмшил газар орны цаашдын хувь заяаны тухайд санаа талбиж байсны бас нэг илэрхийлэл байлаа. Судлаачид Чингис хааныг гагцхүү даосын арш Чан-Чүньтай уулзаж хүн алах, нүглийг тэвчиж урт наслах боломжийг эрэлхийлэх болсон гэж үздэг. Гэтэл арштай уулзаж ярилцахын хажуугаар лалын шашны хутагт хувилгаадтай мөн уулзаж Коран судрын үндсэн зарчмуудыг тайлбарлуулж байсан нь их сонирхолтой юм. Эзэлж авсан улс орныхоо ард түмний шүтдэг шашны тэргүүн нартай уулзаж өөртөө үнэнийг хайсан гэхээс илүү тухайн ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирахыг мэдэх зорилго бүхий байсан гэлтэй. Тийм ч учраас энэ хоёр орны санваартангуудыг аливаа алба татвараас чөлөөлсөн байна.Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ.Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ.
No comments:
Post a Comment