Wednesday, September 10, 2008

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Цагадайн улсын нийгэм эдийн засгийн байгуулал, соёл

Чингис хаан Дундад Азийг эзлэж авмагц гурван хөвүүддээ эзлэсэн орны нутгийг хувааж өгсөн нь угтаа дайны хөлд нирвэгдсэн эдгээр газар орныг эзний ёсоор хандаж өөд татах зорилго агуулж байв. Цагадайд оногдсон харлугийн хуучин газар нутаг монголчуудад дагаар орсон учир дайнд төдийлэн нирвэгдээгүй аж. Дайны халуун мөрөөр явсан Чань-Чүнь бумбо Цагадайн газар нутгаар дайран өнгөрөхдөө эвдрэл сүйрлийн тухай огт өгүүлээгүй байна. [Си юй цзи 1866 :304,336-337].

Эзлэгдсэн газар орныг аль болох оновчтой захирахын тулд Чингис хаан тухайн орон нутгийн онцлогийг сайн мэдэх хүнийг захирагчаар томилж монгол даргач нарыг түүний мэдэлд өгдөг байв. Энэ бодлогыг түүний үе залгамжлагчид ч хатуу баримталсаар ирсэн билээ. Жишээлбэл, Рашид ад-дины мэдээлснээр, Аму-дарьяа мөрнөөс өмнө тийш монголын эзлэсэн газар, өөрөөр хэлбэл, Хорасан, Ираныг уйгар гаралтай Куркузэд захируулсан бөгөөд тэр нь Хорасан, Мазендараны хэргийг хөтөлж цэгцэлсэн аж. Мөнхүү зохиогчийн мэдээгээр, Хойд Хятадыг захирах үүрэг хуучин Чингис хаанаас Мавераннахрт тавьсан захирагч Сахиб Махмуд Ялавачид оногдов. Түүний хүү Масуд-бек Мавераннахр, Дорнод Туркестан, Уйгарын захирагчийн албыг насан өөд болтолоо хашиж байв. [Рашид-ад-дин т.I :142, т.II :46].
Түүнчлэн Монголын хаад Дундад Ази, Дорнод Туркестанд төрийн алба хаалгахаар монгол, хятад хүмүүсийг томилон явуулж байв. [Бартольд 1963 а:543].Ийнхүү, монгол хаадын төрийн бодлого нь тухайн газар орны аж ахуйн онцлогийг сайн мэдэх хүмүүсийг томилон ажиллуулахад оршиж байв. Зарим судлаачдын үзэж буйгаар “гадаадыхныг монголчууд албандаа татан оролцуулдаг байсан нь нүүдэлчид өөрсдөө соёлоор дорой, эзлэгдсэн ард түмнийг удирдах арга туршлагагүйгээр тайлбарлагдана” гэжээ. [Кутлуков 1984: 102].

Бидний үзэж буйгаар захирагч гэдэг нь нэгд, гүйцэтгэх тушаалтан хоёрт, тэрээр дан ганцаараа бүх асуудлыг шийдэж байгаагүй. Захирагчийн дэргэд байсан монгол даргач нар түүнийг хянах үүрэгтэй байв. Гуравт, монголчууд эзлэгдсэн орнуудад орон нутгийн засаг захиргааг орон нутгийн язгууртанд үлдээдэг байсан ахул, тэдний дэргэд монгол түшмэл-захирагч заавал тавьдаг ажээ. Тэдгээрийн гол үүрэг нь: 1/ хүн амын тооллого явуулна, 2/ орон нутгийн хүн амаас цэрэг эрс татна, 3/ өртөө шуудан зохион байгуулна, 4/ алба гувчуур хураана, 5/ ордонд алба, албан татвар хүргүүлнэ, 6/ орон нутгийн засаг захиргааг хянана. [Бартольд 1963 а:468]. Өөрөөр хэлбэл, захирагч бол монголын төрийн зүтгэлтэн, их хааны зарлиг шийдвэрийг тухайн газар нутагт хэрэгжүүлэгч албан тушаалтан юм. Эзлэгдсэн оронд захирагчаар харь хүнийг томилон ажиллуулж байсан нь тухайн албан тушаалд томилон ажиллуулах чадвартай монгол тушмэл байгаагүйгээс бус харин энэ байдал нь эзлэгдсэн орны талаар явуулж байсан монгол төрийн бодлоготой шууд холбоотой юм. Монголын хаадууд эзэлж авсан орнуудын нийгэм эдийн засгийн бүтцийг нь тухай бүрд эвдэж ард түмэнд нь өөрийн засаг захиргааны тогтолцоог хүчээр тулгаж байгаагүй бөгөөд үүнийг зугуухан шат дараалалтай хийж байсныг онцлон тэмдэглүүштэй. Эзлэгдсэн орны ард түмнийг юуны өмнө оюун санаагаар нь барьж байхыг илүүд үзэж байсан тул тухайн ард түмний сэтгэл санаанд бүх юм хэвийн, өвөг дээдсийн хуучин уламжлал заншлаар явагдаж байна гэдгийг ойлгуулах нь чухал байлаа. Иймээс тухайн ард түмний ахуй амьдралыг сайн мэддэг бөгөөд монгол хаадууд өөрийн итгэл найдварыг бүрэн хүлээсэн хүнийг захирагчаар томилон ажиллуулж байв.

1241 онд Махмуд Ялавачийг Хойд Хятадын захирагчаар томилон ажиллуулахад түүний хүү Масуд-бек өөрийн төрсөн нутагтаа үлдэж Дундад Азиа захирах болсон билээ. [Рашид-ад-дин, т.II:140]. Аль ч талаар бодсон харь хүнийг тухайн нутгийн захирагчаар ажиллуулах нь монголын төрд илүү ашигтай байж таарна. Махмуд Ялавачийн хувьд тэрээр Чингис хааны итгэлийг олсон монголын төрд үнэнчээр зүтгэж байсан харь гаралтай төрийн зүтгэлтэн байсан тул Монголын их хаадууд түүнд болон түүний үр хүүхдүүдэд бүрэн итгэж тэднийг Мавераннахр, Дорнод Туркестаны захирагчаар үе улируулан томилж байв.Их Монгол улсын үед эдгээр захирагч нар их хааны төлөө, Эзэнт гүрний үед тэд нар тухайн улсын ханы төлөө алба гувчуур татах үндсэн үүрэг хүлээж байв. Цагадайн улсын нийгэм эдийн засгийн байгууллыг тодорхойлоход тус улсын газрын харилцааны хэлбэрүүдийг авч үзэх хэрэгтэй юм. Монголчуудын үеийн Дундад Азийн газрын харилцааны ангилалыг анх А.Ю.Якубовский санал болгосон аж. [История народов Узбекистана 1950: 233-234]. Үүнд:
1/. Мильк - дивани буюу улсын газрын өмч мөн энд ханы хувь газар – инж (инджу) багтана;
2/. Мульк буюу феодалын болзолгүй газрын өмч;
3/. Вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмч багтадаг байна. Судлаачид энэхүү ангилалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч газрын харилцааны дөрөвдөх хэлбэрийг нэмж оруулжээ:
4/. Мильк буюу тариачдын газрын эзэмшил. [Гафуров 1972: 465]. Ингээд Дундад Азийг ерөнхийд нь багтааж байсан Цагадайн улсад газрын харилцааны үндсэн дөрвөн хэлбэр байсан гэж судлаачид үздэг аж. Мильк - дивани буюу улсын газрын өмч.

Монголын байлдан дагууллын өмнөх үеийн Дундад Азийн түүхээс үзэхэд Хорезм шах Мухаммед өөртөө үнэнчээр зүтгэж, цэргийн гавъяа байгуулсан нүүдэлчин язгууртануудад улсын газрын сангаас шагнал болгон газар таслан өгч байв. Энэхүү шагналын газрыг икта гэдэг аж. Иктаг тодорхой хугацатайгаар цэргийн алба залгуулах болзолтой олгож байсан тул болзолт газрын эзэмшилд хамаарна. Энэхүү газрын эзэмшил нь Их Монголын улсын мянганы эзэмшил газартай уг утгаараа адил төстэй юм. Мянганы ноёд “тухайн мянганы газрыг бүрэн гүйцэд өмчлөгч бус харин хагас эрхтэй өмчлөгч төдий бөгөөд мянганы ноён харъяат мянганаа үе улиран эзэмших боловч түүнийгээ бутлан хувааж бусдад шилжүүлэх, наймаалах эрхгүй байсан юм” хэмээн монголын нэрт түүхч Ш.Нацагдорж тэмдэглэжээ. [Нацагдорж 1978: 60].Мянганы ноёны адил икта эзэмшигч цэргийн болон засаг захиргааны алба хаах болзолтой бөгөөд үүнийхээ төлөө тухайн газрыг эзэмшиж байжээ. Иктаг мянганы нутгийн нэгэн адил тухайн газарт оршин суух иргэдтэй нь хамт өгдөг байсан нь газар эзэмшигчдээс тариачид хараат болох байдлыг улам дэлгэрүүлж байжээ. Цагадайн улсын газар нутгийн суурьшмал хэсэг нь болох Мавераннахр их хааны мэдэлд байсан ахул нүүдэлчин хэсэг болох Долоон гол Или голын сав газрын дээд эзэн нь Цагадай болон түүний ургийнхан байв. Тиймээс Цагадайн улсын дивани газарт зөвхөн Мавераннахр харъяалагдаж байсан гэж үзэж болох юм. Цагадайн улс болон Эл хаадын үеийн Персид улсын газрын сан ихээхэн хорогдсон гэсэн И.П.Петрушевскийн дүгнэлттэй бид санал нэг байна. Учир нь улсын газрын сангаас икта болон соёрхолын газрыг таслан өгч байсан бөгөөд уг санг арвижуулах эх үүсвэр сүүлдээ бараг үгүй болсон тул дээрх дүгнэлт бодит байдалтай нийцсэн аж. Улсын газрыг тариачдад бутарган мильк болгон эзэмшүүлдэг байв. Эдгээр тариачид улсын сан диванид татвар төлдөг байв.

Их Монгол улсын үед Цагадайн ургийнханы эзэмшил газрыг инджу хэмээн нэрлэж байжээ. [Рашид-ад-дин т.II:102]. Харин Эзэнт гүрний үед инджу болон улсын дивани газар нь утга нэг болж нэгдсэн бололтой. Инджу газрын орлогыг Цагадайн орд өргөөний зардалд зарцуулж байсан ахул дивани газрын орлогыг Их хааны цэрэг захиргааны хэрэгцээнд зарцуулагдаж байв. [Петрушевский 1960: 240].Монголчуудын үед иктаг соёрхол хэмээн нэрлэх болсон гэж судлаачид үздэг. [Петрушевский 1960:274, Гафуров 1972:466]. Өөрөөр хэлбэл, ХIV зууны II хагасаас икта нь болзолт эзэмшлээс болзолгүй эзэмшил - соёрхол - болон хувирснаар Цагадайн улсын томоохон соёрхолын газрын эздийн гарт газар тариалангийн талбай болон уудам билчээр нутаг төвлөрөх болжээ. Улмаар эдгээр монгол түрэг угсааны том газрын эзэд эдийн засгийн эрх мэдлээс гадна засаг захиргааны болон шүүн таслах эрх бүхий болов. [Абдураимов 1961 :11]. Газрын эздийн эдгээр давуу эрх нь Цагадайн улс унаснаас хойш ХVII зуун хүртэл Дундад Азид хадгалагдсаар байжээ. [Абдураимов мөн тэнд]. Эрдэмтэн А.М.Беленицкийн тэмдэглэснээр Дундад Азид соёрхолын газар Доголон Төмөрийн үед хамгийн өргөн дэлгэрсэн аж. [Беленицкий 1941:46]. Мульк хэмээх нэр томъёо нь хүй нэгдлийн тариачдын газрын эзэмшил болон феодал ноёдын болзолгүй газрын өмчийн хэлбэрийг тодорхойлох аж. [Петрушевский 1960:251]. Энэхүү газрын хэлбэрийн талаар сурвалжийн мэдээ тун хомс тул судлаачид Ираны жишгээр тоймлон үздэг байна. Мулькийн эзэд улсад татвар төлдөг байсан бөгөөд энэхүү татвар нь газрын татвар болох хараджаас хавьгүй хөнгөн ердөө ургацын 1/10 хувьтай тэнцэж байв. Монголын ноёрхолын үеийн Дундад Азид зарим “чөлөөт мульк”-ууд улсын газрын татвараас бүрэн чөлөөлөгдсөн байжээ. [Петрушевский 1960:.255-256]. Мульк-ийн эзэд уг газраа үе дамжин өмчлөхөөс гадна хүн амтай нь цуг наймаалах, бэлэглэх эрхтэй байв. Хүй нэгдлийн газрын эзэмшил болох мульк эзэмшигч тариачид ямар ч болзолгүйгээр уг газраа үе дамжин эзэмшиж байжээ. Цагадайн улсын газрын харилцааны гурав дахь хэлбэр болох вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмчийн талаар сурвалжийн мэдээ харьцангүй илүү байдаг тул энэ талаар хийсэн судалгаа ч нэлээд байдаг.

Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэд монголын ноёрхолын үед Дундад Азид сүм хийдийн эзэмшил газар урьд үетэй харьцуулахад өргөн дэлгэрснийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. [Петрушевский 1960:280]. Хорезмын хаант улсын төр нь хүчирхэг нүүдэлчин цэргийн язгууртануудад тулгуурласан цэрэг иргэний шинжтэй төр байсан тул шашны санваартангуудын нийгмийн байр суурь сул дорой байв. [Артемов 2000 :267]. Монголын байлдан дагууллын дараа Дундад Азийн орнуудын төрийн тогтолцоо өөрчлөгдөж улмаар лалын шашны санвартангууд нийгмийн байр сууриа үлэмж дээшлүүлэх таатай нөхцөл бүрджээ. Чингис хаанаас эхлэн монгол хаадын төрийн бодлогын чухал нэг хэсэг бол эзлэгдсэн орнуудын ард түмнийг эвээр засах буюу оюун санаагаар нь захирах бодлогыг тууштай хэрэгжүүлж ирэв. Үүний хүрээнд лам нарыг хөхүүлэн дэмжиж тэд нарыг аливаа алба татвараас чөлөөлдөг явдал байлаа. Сурвалжийн мэдээгээр хамгийн анх Чингис хаанаас ийм хөнгөлөлт авсан хүн бол Даосын бумбо Чань-Чүнь арш билээ. [Си юй Цзи 1866:335]. Судлаачдын үзэж буйгаар Чингис хаан 1222 онд мөн лалын шашны “бүх санваартан, тухайлбал, Имам, Кадисыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулж, шашны асуудлыг эрхлэх сайдын тушаалыг бий болгосон” ажээ. [Саундерс 1992:71]. Үүнээс гадна Мөнх хааны эх загалмайт шашинтай Сорхогтани-бэх 1000 мөнгөн лан хандивлан өгч Бухар хотноо лалын шашны сүмийн сургууль бариулж мөн уг сүмийн харьяа эзэмшил газар – вакф - худалдан авхуулжээ. Энэ сүмийн захирагчаар Сейф-ул-ислам Бохарзийг томилов. [Рашид-ад-дин т. II:128]. Сорхогтани-бэх 1252 онд насан өөд болтлоо энэ сүмээр дамжуулан мусульман ядуус гүйлагчдад буян үйлдэж хоол хүнс, хувцас хунар байнга түгээж байжээ.

Сайфид-дин Бохарзи уг сүм болон сүмийн эзэмшил газраа үе дамжин захирч байсан бөгөөд түүний ач хүү Яхьи Бохарзи 1326 оны 8 сарын 1-нд уг эзэмшилдээ нэмж Бухар хотын зүүн хэсэгт орших 100 кв.км талбай бүхий 11 тосгон болон 18 боол хулалдаж авсан тухай баримт бичиг олджээ. [Чехович 1965:33]. Яагаад жижиг газрын эздүүд өөрийн газраа вакф болгон худалдах болов оо? гэсэн асуулт үүнээс урган гарч байгаа юм. Учир нь уг газрыг худалдан авсан сүм хуучин эзэнд үеийн үед уг газрын орлогын тодорхой хувийг олгох үүрэг хүлээсэн байв. [Чехович 1959:157]. Вакф болгосон газар болон ард иргэдийг худалдахгүй, бэлэглэхгүй бөгөөд үеийн үед уг сүмийн эзэмшилд байх агаад хоёр талын үйлдсэн баримт бичигт тусгасан ёсоор орлого зарлагаа хувиарлаж байх ёстой аж. [Чехович 1959:153]. Өөрөөр хэлбэл, сүм хийдийн эзэмшил газар вакф аливаа алба татвараас бүрэн чөлөөлөгдсөн байсан учир жижиг газрын эзэд улсын татвараас зайлсхийж өөрийн газраа дуртайяа вакф болгож байсан бололтой. Чингэхдээ өөрийн хөдөлмөрөөр олж байсан ашиг нь сүмээс авах ашигтай ойролцоо байсан болов уу. Эс тэгвээс газраа вакф болгох ашиггүй юм. Үүнээс гадна 1299 оны вакфын баримт бичигт Бухар хотын умард хэсэгт том газрын эзэн томоохон сууринг худалдаж аваад сүм хийд шинээр бариулж тосгон байгуулж хамгийн гол нь тэндээ хэд хэдэн нэхмэлийн газар байгуулсан тухай тусгасан байна. [Бухарский вакф 1979:8].

Дээрх хоёр баримтаас үзэхэд монголчуудын үед Дундад Азид шашны байгууллагын эзэмшил газар эрчимтэй өргөжин тэлж лалын шашны санваартангуудын нийгмийн байр суурь үлэмж дээшилж байсныг гэрчилж байна. Жишээлбэл, ХIII зуунд Дундад Азийн санваартан Сейфид-дин Бохарзи анх удаа “шейх ал-олам” буюу дэлхийн шейх цолыг монгол хаадын ивээлээр хүртсэн аж. [Чехович 1965:9]. И.П.Петрушевскийн тэмдэглэснээр “вакфын түүхэн үүрэг жингийн худалдаа болон гар үйлдвэрийн төв болсон зах зээлтэй нягт холбоо бүхий феодал ангийн онцгой бүлэг болох мусульман лам нарын орлогын үндсэн эх сурвалж болж байсанд оршино” гэжээ. [Петрушевский 1960:249]. Милькийг зөвхөн чөлөөт тариачид эзэмшиж байсан бөгөөд монголын ноёрхолын үед эдгээр эзэмшил газруудыг том газрын эзэд болон сүм хийдийн эзэмшилд шилжиж эрс цөөрөх хандлага давамгайлах болов. [Петрушевский 1955:100]. Гэвч энэ хандлага нь феодалын газар эзэмшлийн хэлбэрийн цаашдын хөгжлийн зүй ёсны үр дагавар байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. [Петрушевский 1955: 102-103].Газаргүй болсон тариачид түрээслэгч болохоос гадна том газрын эзний хувь нийлүүлэгч издольщик болж байв. Гэвч хувь нийлүүлэгч нь үнэн хэрэгтээ “үе дамжсан феодалын хараат байдлын нэгэн хэлбэр” юм. [Петрушевский 1960:286].

О.Д.Чеховичийн хийсэн судалгаагаар вакфын эзэмшил газрыг “музоре” нар харин милк газрыг "кедивар" ”хэмээх тариачид тус тус боловруулж байв. [Чехович 1959: 149]. Гэвч эдгээр кедивар, музоре нарын нийгмийн байр суурийг тодорхойлох баримт бичиг хараахан олдоогүй байна. Тиймээс тэд нарыг эрх чөлөөтэй аль эсвэл хамжлага байсан эсэхийг тодорхойлох боломжгүй аж. [Чехович 1959:155].Дундад Азийн бүх хүн амд оногдуулсан Их Монголын улсын нэгдсэн татварыг “купчур” хэмээн нэрлэдэг байв. 1229 онд Өгэдэй хаан улсын нэгдсэн алба татварын хууль гаргаж ард иргэдээс авах татварын хэмжээг хуульчлан тогтоожээ. [Мункуев 1965 a :137]. 100 толгой малаас нижгээд малыг авахаар тогтов. [Рашид-ад-дин т.II: 36]. 1233 онд улсын албан татварын хуулинд шинээр нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэр нэмэлт ёсоор адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой бүхий өрхөөс нэжгээд морь, үхэр, хонийг татварлан авах болон адуу, үхэр, хонь тус бүр 10 толгой өрхөөс тус бүр ч мөн адил нэжгээд морь, үхэр, хонь татварлан авахаар заасан байна. Ялангуяа худалдаа, арилжаа эрхлэгчдээс авах гаалийн татварыг чангатгасан хууль бас тогтоожээ. [Далай 1994:148-149]. Өгэдэй хаан эзэлсэн орны ардуудаас татварлах алба татварын хэмжээг Хятадын хүн амаас өрхөөр бодож, Дундад Азийн зэрэг баруун зүгийн орнуудаас эрийн тоогоор бодож авах журмыг тогтоожээ. [МУ-ын түүх. II боть :166].“Албаны хэмжээ нь сайн чанарын тарианы му тутмаас 3 жин, дунд тарианы му тутмаас 2 жин хагас, дорд тарианы нэг му тутмаас 2 жин тус тус хураах, ус оруулсан сайн тарианы нэг му тутмаас 5 жин тариа авахаар тогтоосон байна. Худалдааны зүйлээс гааль хураахдаа орлогын 1/30 авах, дарсны худалдаанаас 40 жин архи тутмаас нэг лан хураахаар тус тус тогтоосон байна. Энэ нь хятад иргэдээс авч байсан татварын хэмжээ бөгөөд Дундад Азийн орнуудаас мөн үүний нэгэн адил албан татвар авч байсан байна”. [МУ-ын түүх II боть: 166].

Өгэдэй хааны энэхүү хуулийн тухай мэдээ сэлт Дундад Азийн сурвалж бичигт тэр бүр тусгаагүй тул судлаачид гол төлөв Мөнх хааны хуулийн татварын заалтыг Жүвейнийн бүтээлд өгүүлсэн ёсоор авч үздэг байна. [Петрушевский 1960:115].Мөнх хааны алба татварын хуулийн заалтын ёсоор Дундад Азийн нүүдэлчин ард иргэдээс 100 толгой адуу, үхэр, хонь тус бүрээс нэжгээдийг, суурьшмал хэсгийн хүн амаас хөрөнгө чинээгээр авахаар тогтоов. “Баян чинээлэг ард иргэдээс нэг жилийн гувчуур 15 динар, ядуу доройгоос 1 динар” авхаар тогтжээ. [Якубовский 1936:114].Монголын ноёрхолын үед Дундад Азид купчур, калан, тагар, тамга зэрэг албан татвар шинээр орж ирсэн байна. [История таджикского народа 1964:310].Б.Д.Греков, А.Ю.Якубовский нар газрын татвар хараджийг монголчуудын үед калан хэмээн нэрлэх болсон гэж үздэг байна. [Греков, Якубовский 1950:111]. Газрын татвар харадж төлөхөөс гадна тариачдаас гаргуулж байсан тагар хэмээх бүтээгдэхүүний татвар нь монгол цэргийн хангамжинд зориулагдсан татвар байжээ. [Агаджанов 2000: 411].Тамга хэмээх татварыг гар урчуудаас авч байсан байна. [История таджикского народа 1964:308].Дэрх алба татваруудын хэмжээ маргаантай хэвээр байна.Дээрх тогтмол татвараас гадна онцгой үед авдаг нэмэлт татварууд байснаас дайны үед авч байсан ашлиг хэмээх бүтээгдэхүүний татварыг Цагадайн улсын бүх хүн амаас авч байсан гэж Б.А.Ахмедов тэмдэглэсэн байна. Энэ татварын хэмжээ нь тухайн нөхцөл байдлаас хамаарч байсан аж. [Ахмедов 1965:95].

Цагадайн улсын нийгмийн бүтцийг бүхэлд нь авч үзэхэд нийгмийн дээд давхаргад Цагадайн удмынхан багтаж байв. Удаах байранд монгол түрэг угсааны түмний болон мянганы ноёд. Эдгээр ноёдын адил давуу эрх эдэлж байсан лалын шашны хутагт хувилгаад энд бас хамаарна. Удаах байранд монгол түрэг угсааны нүүдлийн болон суурьшмал хэсгийн сурвалжит язгууртнууд. Тэгээд худалдаачид гар урчууд, тэдний дараа тариачид орж байв. Нийгмийн давхаргын доод хэсэгт боолчууд орж байв. ХIV зууны 20-иод онд Монголын эзэнт гүрний хэмжээнд улс төрийн байдал ерөнхийдээ төгтворжиж эдийн засаг, олон улсын худалдаа хөгжих таатай нөхцөл бүрдэв. Энэ үед пап ламын засгийн газар нь Алтан Ордны улс болон Цагадайн улсад худалдааны болон шашны үйл ажиллагаа өрнуулах тухай стратеги төлөвлөгөө боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд Тана-Сарай-Ургенч-Ханбалык гэсэн Алтан Ордны улс, Цагадайн улсын нутгаар дайран өнгөрч Европ Хятадыг холбосон олон улсын төв замд гол анхаарлаа хандуулсан байна. Учир нь энэ замыг шаардлагатай үед Энэтхэг орох нөөц зам болгон ашиглах боломжтой гэж тооцоолж байжээ. [После Марко Поло 1968:106].ХIҮ зууны 20-иод онд Ил хаадын улсад сууж байсан Венеци улсын консул Марко да Молин засгийн газартаа мэдээлэхдээ Иранд худалдаа зогсонги байдалд ороод байна, Ираны зам харгуй төдийлөн аюулгүй бус байна тэр байтугай Тебризд гадаадын худалдаачдад халдаж байгаа тухай өгүүлсэн байна. [После Марко Поло 1968:106].Венецийн худалдаачид Энэтхэг, Хятад руу Персийн нутгаар бус Цагадайн улс, Памир болон Гиндукушийн нуруугаар явах зам эрэлхийлэх болсон аж. Ингээд папын засгийн газар болон Европын худалдаачид энэ үеээс эхлэн Цагадайн улсыг эдийн засаг, шашны талаас ихэд сонирхож эхэлсэн байна. Энэ үед Цагадайн улсад Дува хааны хөвгүүд Элжигдэй болон Дурратөмөр нар (1326-1329) төр төр барьж байв. [Бартольд 1964 a:76]. Бусад улсуудыг бодвол Цагадайн улсын дотоод байдал төдийлөн тайван байсангүй. Мавераннахр болон Долоон голын нутгийн феодал ноёд өвөр хоорондоо байнга дайсагнаж тус улсын “бараг нийслэл” Алмалигт үе үе ордны эргэлт болж байлаа. [После Марко Поло1968:119].

Пап лам XXII Иоанн доминикан ёсны гэлэн Томмазо Мангазолыг Самарканд хотын хамбаар томилон 1328 онд захидлын хамт Цагадайн улсын Элжигдэй хан руу илгээжээ. Гэлэн Томмазо Мангазол хэрэг зорилгоо амжилттай биелүүлж Цагадайн улсад шашны төлөөний газрыг нээж байр сууриа бэхжүүлж чадсан ажээ. Дува ханы ач хүү Джэнкши ханы үед (1334-1338) Алмалиг хот нь Дундад Ази дахь загалмайтны шашны номлолын төв болон хувирчээ. Несториан шашинтай байж болзошгүй Карасмон, Юханан хоёр пап ламын илгээсэн хамбад Алмалигийн ойролцоо эдлэн газрыг өргөл болгон барихад тэрбээр тэндээ тун удалгүй загалмайтны шашны сүмийн барилга бариулжээ. Энэ үеэс хойш Алмалигт Бургундийн хамба лам Ришар, Александр хотоос ирсэн ах дүү гэлэн Франциск болон Раймунд Руф болон Испанийн ламтан Пасхалий нар үзэгдэх болжээ. [Бартольд1964 a: 62-63]. Ханы бие чилээрхэхэд эдгээр лам нар түүнийг анагаахад тэрээр талархан өөрийн долоон настай хүүг загалмайлах зөвшөөрөл өгчээ. Папын засгийн газар нь тухайн үед папын өргөө байрлаж байсан Авиньон хот Ханбалык хот хоёрын хооронд байнгын харилцаа холбоо тогтоох оролдлого хийж байв. Хятад дахь загалмайтны шашны сүмийн хамба лам Монтекорвиног нас барахад пап лам XXII Иоанн шинэ хамба лам Николайг илгээсэн байна. Ламтан Цагадайн улсад ирж Джэнкши ханд бараалхахад хан түүнийг ихэд найрсаг хүлээн авсан байна. Гэвч тэрээр Хятад хүрч чадалгүй буцжээ.

Алмалиг хот улс төрийн амьдралын гол төвд оршиж байсан учир 1339 онд болсон ээлжит үймээний хөлд лам нар амь үрэгджээ. Цагадайн улсын хан ширээнд санаархаж байсан Өгэдэйн удмын Али-султан Джэнкши ханыг хан ширээнээс унагаж амь насанд нь хортойгоор халдав. Төрийн эргэлт хийх энэ үед загалмайт шашны хамба Ришар тэргүүтэй гэлэн, лам нарыг бүгдийг нь хүйс тэмтэрсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Пасхалий ламтан энэ аймшигт үйл явдлын өмнөхөн пап ламд Цагадайн улс болон Алтан Ордны улсын талаар сонирхолтой мэдээ агуулсан захидал илгээсэн байжээ. Гэвч 1339 оны төрийн эргэлт нь төдөлгүй дарагдаж Али-султаныг хан ширээнээс зайлуулж дараа жил нь Алмалигт ирсэн Мариньолли ламтан шашны төвөө бүрэн сэргээж чадав. 1338 оны 5-р сарын 31-нд Тогоонтөмөр хааны төлөөлөгчид Авиньон хотноо хүрэлцэн ирэхэд тэд нарыг пап лам ХII Бенедикт (1334-1342) хүлээн авч уулзжээ. Их хааны хүсэлтийн дагуу пап лам Ханбалык руу францискан гэлэн ёсны ламтан Джовани Мариньолли тэргүүтэй шашны төлөөлөгчдийг илгээхээр тогтжээ. Эдгээр төлөөлөгчдийн зорилго нь гагцхүү Ханбалык хүрэх төдийгүй зам зуураа Алтан ордны хан Узбек (1312-1341), Цагадайн улсын хан болон түүний загалмайт шашинт хоёр зөвлөх (Карасмон, Юханон) нарт захидал дамжуулж өгөхөд оршиж байлаа. Мариньолли ламтан эдгээр бүх зорилгоо амжилттай биелүүлээд 1353 онд Европ руу буцжээ. Иймд, Эл хант улсын улс төрийн дотоод байдал тогтворгүй болоход папын засгийн газар Хятад хүрэх худалдааны нөөц замыг Цагадайн улсын нутгаар өртөөлөн өнгөрөөх арга замыг эрэлхийлэн тус улсад элч төлөөлөгч илгээж байжээ. Гэвч Цагадайн улсад XIV зууны дунд үед улс төрийн зөрчил тэмцэл дэгдэж папын засгийн газар тэрхүү санаачилгаа орхиход хүрчээ.

No comments:

: