Tuesday, September 9, 2008

Алтан Ордны улс

Алтан ордны улсын эрх баригч хаад хэл, шашин, соёлын харилцан адилгүй олон угсаатныг нэгтгэн захирахдаа тэдгээрийг эвцэлдүүлэн зохицуулах төрийн бодлогыг чадамгай явуулснаар өөрийн ноёрхлыг 200 гаруй жил тогтоон барьж чадсаныг “Алтан Ордны улс” нэг сэдэвт зохиолд судлан харуулсан болно.
Евразийг дамнасан асар уудам газар нутагтай, олон угсаатныг нэгтгэсэн Монголын гүрний бүрэлдэхүүнд 1242 онд Алтан Ордны улс байгуулагдсан билээ.


Алтан ордны улсын түүх нь Монголын эзэнт гүрний түүхийн салшгүй хэсэг юм. Алтан Ордны улс нь тухайн үед монголын төрөөс явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг эзлэн авсан улс орны онцлогт тохируулан хэрэгжүүлж өрнө зүгийн орнуудад монголын ноёрхлыг тогтоон барьж байсан гол төвийн нэг байсан юм.
Сүүлийн жилүүдэд Алтан Ордны улсын түүхэнд холбогдох эх сурвалжууд түүнд тулгуурласан эрдэмтдийн судалгаа нэлээд гарснаар шинэ баримт, шинэлэг дүгнэлтүүд судалгааны эргэлтэд орж, түүхэн үйл явцыг бодитойгоор авч үзэх болсон Алтан Ордны улсын түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр болж байна. Бидний явуулсан судалгааны үр дүнд Алтан ордны улсын засаг захиргааны зохион байгуулалт, алба татварын системийн талаар шинэ шинэ дүгнэлтийг хийх боломжтой болов.

Бат хаан ахмад хөвгүүдийн аян дайныг удирдан өрнө зүгийн орнуудыг эзлэн авч Алтан Ордны улсыг байгуулсан түүхийг нэгэн өнгөөр харлуулан будах бус харин асуудалд бодитой хандан, байлдан дагууллын эхэн үед хүний амь нас, соёлын үнэт зүйлийг эвдэн сйүтгэсэн ч дараа нь түүнээсээ илүү ихийг бүтээн байгуулсан гэдгийг баримтад тулгуурлан нотлон харуулахыг оролдов.
Алтан ордны улсын ноёрхлын үед худалдаа, эдийн засаг, зам харилцаа урьд байгаагүйгээр хөгжсөн нь хүчирхэг төрийн нэгдсэн зохион байгуулалтад орсонтой холбоотой юм. Төрийн удирдлагыг хурдан шуурхай явуулах үүднээс өртөө замын асуудлыг цогцоор шийдвэрлэснээр зам харилцаа, олон улсын худалдаа цэцэглэн хөгжсөн юм.

Худалдаа хөгжсөн нь мөнгө, зоос цутгах болон гар урлалын салбарын хөгжилд түлхэц өгч тэгснээрээ хот суурингууд өргөжин тэлэх, шинээр байгуулагдахад эрчим нэмэв. Монгол хаад мөнгөний бодлогод онцгой анхаарал тавьж зоос цутгах газруудыг зохион байгуулалтад оруулж, тодорхой хэдэн хотуудад төвлөрүүлэн хяналтдаа барьж байсан нь археологийн судалгаагаар олноор олдсон их хаадын тамга бүхий алт мөнгөн зоос гэрчилнэ. Монголын хаадын дэлдүүлсэн алт, мөнгөн зоосууд Евроазийн уудам тал нутагт чөлөөтэй гүйж олон улсын худалдааны хөгжилд эрч нэмж байсныг тодруулан гаргалаа.
Алтан Ордны улсын нийслэл Сарай хот бол улс улсаас салбарлан ирэх худалдааны олон замын уулзвар төдийгүй Номхон далайгаас Газрын дундад тэнгис хүртэлх олон улсын худалдааны хоёр гол зам дайран өнгөрөх чухал төв болж байснаараа дэлхийн хөгжлийг урагш ахиулахад тодорхой хувь нэмэр оруулав.

Зарим түүхчдийн тэмдэглэснээр Алтан Ордны улсыг хотуудын орон гэж нэрлэх болсон нь дээрх эдийн засаг, соёлын сэргэлт хөгжилттэй холбоотой юм. Тухайн үед Алтан Ордны улсад олон орны урчуудын гараа гаргаж барьж босгосон нийслэл Сарай-Бат, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг өрнө дорны өнгө төрхийг хосолсон тансаг сайхан хотууд сэргээгдэн босгогдсн буюу шинээр байгуулагдаж, олон орны төрийн элч төлөөлөгчид, худалдаачид, гар урчууд, шашны зүтгэлтнүүд хуран чуулсан төв болсон байжээ. Тэр үед 150 гаруй хотыг шинээр барьж байгуулсан буюу сэргээн босгосон хэмээн судлаачид үзэж байна.
Алтан Ордны улс нь төр засаг захиргааны 10 муж улсаас бүрдэж байсан ба хүн амын тооллого явуулах, алба татварыг оноохдоо тухайн газар орны байгаль, цаг уурын онцлог, эрхлэж буй аж ахуйн байдалтай нь нягт уялдуулж байжээ.Европын орнуудыг өөрийн католик шашинд оруулж, улмаар Орос болон Монголын Эзэнт гүрний Их хаадыг өөрийн шашны нөлөөнд оруулах гэсэн бодлогыг Ромын пап хүчтэй явуулах болсон нь Их гүрэн байгуулж дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн Монгол хаадын бодлоготой нь сөргөлдөх болов. Үзэл суртлын энэ их тэмцлийн гол талбар нь Алтан Ордны улс байсны хувьд уг асуудлыг хурц сөргөлдөөнд хүргүүлэхгүйгээр нааштайгаар зохицуулах үүрэг оногдсныг монголчууд амжилттай гүйцэтгэсэн юм.

Үнэн алдартны шашнаа өмгөөлөн боссон Александр Невский тэргүүтэй Оросын вангуудад цэрэг зэвсгийн тусламж үзүүлсэн төдийгүй 1261 онд нийслэл Сарайд оросын үнэн алдартны шашны төлөөний газрыг байгуулж, сүм хийдүүдийг нь алба татвараас, лам нарыг нь цэргийн албанаас чөлөөлөх, өргөмж олгох зэрэг дорвитой арга хэмжээ авснаар католик шашны нөлөөг хязгаарлаж чадсан төдийгүй Оросын үнэн алдартны шашин сэргэж, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэнээр Оросын ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэж, хожим нэгдсэн Оросын улс байгуулах гол нөхцлийг бүрдүүлснийг баримтаар гаргахыг оролдов. ХIII зуунд Оросын үнэн алдартны шашны сүм хийд 30 орчим байсан бол XIY зуунд 100 гаруй болж өргөжин бэхжсэн байжээ.

No comments:

: