Tuesday, September 9, 2008

Их Юан Улс

Мөнх хааныг таалал төгссөний дараа түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нар хоёул өөрсдийгөө хаанд өргөмжилж, харилцан тэмцэлдэв. Энэ тэмцэлд Хубилай ялж, Монголын эзэнт гүрний хаан ширээг 1260 онд эзэлжээ.


Түүний хувьд алтан ургийн бусад хан хөвгүүд ноцтой заналхийлж байсан учир Хархүрэм хотыг орхин цагаан хэрэмийн дотор шинэ нийслэл байгуулж, улсынхаа нэрийг ч “Их Юан” хэмээн зарласнаар Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгджээ.Хубилайн байгуулсан Их Юан улс нь Их Монгол улсын шууд залгамжлагч мөн бөгөөд нөгөө талаас Зүүн өмнөд ба өмнөд Азид монголын төр ёсны нөлөөг бодитойгоор тогтоосны хувьд шинэ маягийн эзэнт улс байлаа.
Хубилай хаан хятад, нангиад үндэстний дотоод хямралыг зогсоож, тэдний суурин соёл, тариалангийн аж ахуйд дорвитой шинэчлэлт хийснээрээ өнөөгийн дорно дахины түүхэнд үнэлэгдэх гавъяа байгуулсан.

Ялангуяа нангиадын хэвшмэл зан үйлийн хэм хэмжээнд “Их засаг” хуулийн далайцтай агуулгыг нэвтрүүлснээр Их Юан улс нь оршин тогтнох хугацаандаа өрнө, дорнод гайхагдсан өвөрмөц соёлт гүрэн болж хөгжсөн юм.

Их Юан улсын засаг, засаглал нь монгол хэв шинжтэй, тодруулбал “Их засаг” хуулийн хэм хэмжээ давамгайлж байсан нь ийм гүрэн байх нөхцлийг хангаж байжээ.Их Юан улсад 11 хаан залгамжлан суусан бөгөөд 1368 онд хятадын Мин төрд мөхөөгджээ. Их Юан улсын нутаг дэвсгэр нь бүх Монгол улс, өнөөгийн БНХАУ, Солонгосын хойг, Төвд, Хөх нуурыг хамарч байсан бөгөөд Бирм, Сикким, Тайланд, Аннам буюу Вьетнам зэрэг улс орнууд Их Юан улсын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байв.

Их Юан улс унаснаар эдгээр нөлөө нэгэнт дуусч, хятадад тогтсон удаа дараагийн төр улсууд /Мин, Чин, Дундад Иргэн улс гэх мэт/ үүнийг хэзээ ч сэргээн тогтоож чадаагүй юм.

No comments:

: