Wednesday, September 10, 2008

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Цагадайн улс унасан нь

Монгол гүрэнд эхэн үедээ багтаж байгаад хожим салж тусгаарласан Хүлэгүгийн улс, Цагадайн улс, Алтан ордны улс нь Юань улсын нэгэн адил удаа дараагаар мөхөж Ази, Европын орнуудад Монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон билээ. ХIҮ зууны 30-40-өөд он болоход Хүлэгү, Цагадайн улсын монгол байлдан дагуулагчид Перс, түрэг угсааны аймаг ястны дунд орж уусан ижилсээд, нутгийн хүнээс бараг ялгагдахгүй болсон байна. Гэвч тэдгээр улсын төр, цэргийн эрхийг монгол угсааны ноёд гартаа барьсан хэвээр байсан юм.

ХIV зууны 30-аад оны үест Эл хаадын улсад тархай бутархай байдал хүчтэй болж, дотоодын дайн самуун дэгджээ. Үүний үр дүнд Хүлэгүгийн улс биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагдан бутрахад хүрчээ. 1352-1355 оны үед Персид хотын уран дархан, хөдөөгийн тариачдыг хамарсан том бослого гарчээ. 1353 онд босогчид Эл хаан Тугай- Төмөрийг бусад монгол ноёд түшмэдийн хамт барьж алснаар, Персид Хүлэгүгийн угсааны монгол хаан төр барих явдал эцэс болжээ.

ХV зууны эхээр Алтан ордны улсад самуун дэгдэж, 1412 онд Эдигей ноён Хорезмын зүг зугтан гарчээ. Тэр үед Алтан ордон улсын гол хэсэг болох Ижил мөрний адгаар нутагтай Их ордон улам сулран доройтсоор байжээ. ХIV зууны эцэст Ижил мөрөн, Эрчис мөрний хоорондох газар нутаг дээр Ногайн орд гэдэг шинэ улс бий болж Алтан ордноос тасран салжээ. 1437 Ижил мөрний дунд урсгал буюу хуучин Булгарын хант улсын нутаг дэвсгэр дээр Казаны хант улс шинээр байгуулагдаж, 1449 онд Крымын хант улс, дараа нь Астраханы хаант улс, бий болж, Алтан ордноос мөн салан тусгаарлав. Алтан ордноос бас баруун Сибирийн хэсэг аймаг, ястан тасран салж, Сибирийн хаант улсыг байгуулжээ. Сибирийн хаант улс Тоболь, Тура, Эрчис болон Обь мөрний хоорондох газар нутгийг эзэлж байв. Ингэж ХV зууны дундуур Алтан ордны улс бүрмөсөн задарч, бие даасан хэд хэдэн улс болжээ.

Юан улсын төгсгөл буюу Тогоонтөмөр хааны үед монгол, хятад бусад Азийн оронд монголын байлдан дагуулагчдын дарлал их болж ард түмний аж байдал хүнд хэцүү болсны улмаас бослого хөдөлгөөн гарах нь улмааар нэмэгдэж тэр нь өдрөөс өдөрт эрч хүчээ авсаар эцсийн эцэст хятадаар төвлөсөн Юан улсын төрийн ноёрхолыг түлхэн унагаасан ажээ.
Юан улсын захиргааг эсэргүүцсэн хятадын тариачдын улаан алчууртны бослого 1351 онд гарч улмаар эрч хүчээ авсаар 1368 онд Хаан балгасан хотыг давшин байлдахад Юан улсын сүүлчийн их хаан болох Тогоонтөмөр торгон цэргийн гол анги, сайд, түшмэдийн хамт Монгол нутгаа зорин оджээ. Ийнхүү Юан улс үндсэндээ мөхөж, хятад монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон байна.

Цагадайн улс 1227 оноос 1370 он хүртэл 143 жил бие даан оршин тогтножээ. ХIV зууны тэргүүн хагаст Цагадайн улс Мавераннахр болон Моголистан гэж хоёр салснаас хойш монгол түрэг угсааны ноёд эдийн засгийн талаар байр сууриа үлэмж бэхжүүлэн улмаар төрийн эрхийн төлөө тэмцэл хийх болов. Зөвхөн 1330-аад оноос 1346 он хүртэл 10-аад жилийн дотор Мавераннахрт 10 хан солигджээ. Хаан сууринд суусан хүн бүр өмнөх хаанаа хорлон хөнөөх аргаар зайлуулжээ.
1343 онд хаан суурийг залгамжилсан Казан нь том ноёдын эрх мэдлийг хязгаалах замаар хант төрийн эрхийг орон даяар тогтоох бодлогыг тууштай хэрэгжүүлж байсан учир түүний эсрэг Казаган тэргүүтэй сурвалжит ноёд эсэргүүцэн тэмцэж байгаад улмаар 1346 онд түүнийг алж засаг төрийн эрхийг булаан авчээ. Ийнхүү Цагадайн улсын төрийн дээд эрх мэдэл Казаган ноёны гарт шилжжээ. Гэвч тэрээр Чингисийн удмын хүн биш байсан учир “өөрөө хаан сууж зүрхэлсэнгүй” харин зүгээр “эмир” буюу перс хэлнээ ноён гэгдэж байв. [Бартольд 1964 a:34-35]. Эмир Казаганы мэдэлд зөвхөн Мавераннахр орж байв. Энэ үеэс эхлэн Алтан ургийн гишүүдийн нэрийг нь ашиглах төдийгөөр хаан ширээнд тавих болжээ. [Саундерс 1992:100].

Цагадайн улсын бусад нутаг дэвсгэр бүхэлдээ дуглат хэмээх түрэг угсааны аймгийн ноёдын захиргаанд багтаж байв. Монгол болон түрэг угсааны ноёд өөрийн эрх мэдлээ хууль ёсны болгохын тулд Чингисийн угсааны жинхэнэ буюу хуурамч хахныг Цагадайн улсын хаан ширээнд залахыг эрхэмлэж байв. Эдгээр жинхэнэ бөгөөд хуурамч хаадын дотор янз бүрийн этгээд таарч байжээ. Бартольдын хэлсэнчлэн “Мавераннахрын хаад бодит эрх мэдэлгүй ёс төдий эрх баригчид байсан ахул дуглат эмируудын олж тавьж байсан хаадуудын дотор гарамгай бие хүмүүс тохиож байсан бөгөөд тэд ёс төдий бус харин жинхэнэ төрийн тэргүүн болж бур өөрийн угсаа залгамжлалыг тогтоож байсан” гэжээ. [Бартольд 1964 a: 35].

Казаган, Хайду ноёны хөвүүн Данишменжийг (1346-1348) эзэн суулгажээ. Казаган 1346-1358 онд төр барьж, цэргийн эрхтэн нарын ашиг сонирхолыг илэрхий хамгаалж байв. Казаган нүүдлийн амьдралд үнэнч хэвээр үлдэж, Аму-Дарья мөрний хөвөөнд Сали-Сарай хэмээх газарт өвөлжиж, Мөнх хотын (одоогийн Бальджуан) ойролцоох зусаж байжээ. [Бартольд 1964 a:37]. Тэрээр суурин иргэдийн газрыг хөнддөггүй байсан учир түүний талаар монголчууд төдийгүй түрэг, таджикүүд сайнаар дурсдаг байжээ. Казаганыг 1358 онд үхэсний дараа Мавераннахрт улс төрийн самуун дахин өрнөж, биеэ даасан хэд хэдэн эзэмшилүүд болж хуваагдаад харилцан дайн дажин хийх болжээ.

Мавераннахрын хүчин ийнхүү суларсан учир Моголистаны довтолгооныг няцааж чадахгүйд хүрч байв. Мавераннахрын ноёд дундаас Балха, Самарканд хотын захирагч ноён Хусейн, барлас аймгийн доголон Төмөр хамгийн хүчтэй байсан бөгөөд 1365 онд Моголистаны хан Туглагтөмөрийн довтолгооныг эсэргүүцэн байлдсан боловч цохигдож, гадагш зугтан гарч Мавераннахрын бүх газар нутаг, түүний дотор Самарканд хот ямар ч хамгаалалтгүй үлджээ.

Энэ үед Цагадайн удмын ноёд Моголистаныг улс төрийн төв болгохыг хичээж эхэлжээ. Моголистаны эзэн ноёд Цагадайн хант улсыг нэгтгэхээр аян дайн хийсэн боловч зорилгоо гүйцээж чадахгүй байв. Цагадайн удмын ноёд Дува ханы ач хүү Туглагтөмөрийг Моголистаны эзний ширээнд 1348 онд суулгажээ. [Бартольд 1964 a:79]. Туглагтөмөр ханы үед Моголистанд лалын шашин өргөн дэлгэрч, хаан өөрөө энэ шашинд оржээ. Туглагтөмөр хаан Мавераннахрыг эзэлж хаан ширээг хүү Ильяс Ходжад заргамжлуулжээ. Тэгтэл Мавераннахрт дахин самуун дэгдэж Төмөр, Хусейн хоёр ноён цэрэг хөдөлгөн явж, Ильяс-Ходжаг хаан ширээнээс зайлуулаад өөрсдөө эзэн суув. Самарканд хотын гар урчуудын дотроос сербедар нар гэдэг зоригтой тэцэгчид гарч, хотын иргэдийг удирдан дайсны эсрэг гавшгайлан байлдаж, өөрийн хот болон нийт Маверанахрыг Моголистаны ноёдын гарт орохоос аварсан байна. Сербедар нар бас улсын албыг хөнгөвчлөн, зарим алба татварыг хүчингүй болгохын тулд нутгийн ноёд, цэргийн эрхтэн нарын эсрэг тэмцэл хийжээ. Гэтэл 1366 оны хавар Хусейн, Төмөр нарын дагуулан ирсэн цэрэгт сербедар нар цохигдож, Самарканд хот болон нийт Мавераннахр тэдний гарт оров. Гэвч удалгүй хоёр холбоотны хооронд зөрчил гарч 1370 онд зэвсэгт мөргөлдөөн болж. Төмөр нь Хусейныг барьж алжээ.

Мөн ондоо Балх хотод хийсэн монгол ноёд цэргийн язгууртнуудын хурадайгаар Төмөр “эмир” цол хүртэж, улсын ёс төдий хаанаар Өгэдэйн удмын Суюргатмышийг өргөмжлөв. 1388 онд түүнийг нас бархад Төмөр Суюргатмышийн хүү Махмудыг залгамжлагчаар томилж 1402 онд түүнийг нас барснаас хойш ямар ч хүнийг хаанаар өргөмжлөөгүй байна. [Кычанов 2000:443]. Төмөр бүх Мавераннахрыг өөрийн захиргаанд оруулан авч Самарканд хотыг улсынхаа нийслэл болгожээ. Ийнхүү Цагадайн улс 1370 онд Төмөрийн гарт орж улмаар Дундад Азийн Төмөрийн эзэнт гүрний суурь тавигдав. Цагадайн улс задран унаж, Дундад Азид оршин сууж байсан барлас, жалайр, хуучид, арлуат зэрэг монгол аймгууд түрэгжиж байсан хэдий боловч Төв Азийн түүхэнд идэвхитэй үүрэг гүйцэтгэсээр байсан юм. Тэнд монголын ноёрхол унасны дараа ч гэсэн монголчууд удаан хугацааны туршид нэр хүндтэй хэвээр байлаа. [Гаскойн 2003:15]. Тэдний дотроос Монголын хант улсуудын үлгэр загвараар Дундад Азид Төмөрийнхний эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан доголон Төмөр мэт алдарт эмир төрөн гарч байсан билээ.

Төмөр бол монголын барлас аймгийн бек Тарагайн хүү бөгөөд Цагадайн удмын бүсгүйтэй гэрлэжээ. Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ.[Гаскойн 2003:15]. 1362 онд шархдаж доголон болсон тул Төмөр-ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ. Европ дахинд Тамерлан гэж алдаршжээ. Моголистаны хан Туглагтөмөрт алба хашиж байгаад хожим нь салан тусгаарлажээ.Төмөр болон түүний цэргүүд монгол заншлаар гэзэг тавьж байсан нь тэр үеийн зурагт гар бичмэлүүдэд үлджээ. Энэ нь тэр үеийн түргүүдээс монголчуудын ялгарах нэгэн онцлог юм. Төмөр Мавераннахрыг нэгтгэхдээ, чадамгай зохион байгуулагч болохоо харуулжээ. Төмөр Мавераннахрыг өөрийн хувийн эзэмшлийн байдалд байлган онцгой эрх дарх олгож ивээж байв. Хол ойрын аян дайнаас үй олон гар урчуудыг олзлон авчирч Самарканд хотын алдарт барилга байгууламжийг бариуулж байв. “Төмөр Монголын эзэнт гүрнийг сэргээх төдийгүй түнээс ч илүү өргөн их байлдан дагуулал хийхийг зорьж байжээ. [Новосельцев 2000:434]. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн хийсэн байна.1381 онд Төмөрийн анхны түрэмгийлэлд Хорасан өртжээ.

1388 онд Хорезмыг эзлээд, дараа нь Моголистаныг байлдан дагуулав. 1380 оны үед Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак болон Бага Азид довтолжээ. Тэрээр Алтан ордны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд хэдэн удаа дайтжээ. 1391, 1395 онд Алтан ордны Тохтамыштэй хийсэн хоёр тулалдааны хоёуланд нь Төмөр ялж Сарай Бэрх, Астрахан зэрэг хотуудыг эзлэн авав. 1398-1399 онд Төмөр хойт Энэтхэгийг эзлэн авчээ. 1401 онд Сириг эзлэж авав. Энэ бүхний эцэст Төмөр Түркийн Баязид султантай сөргөлдөж улмаар 1402 онд Анкара хотын ойролцоо болсон шийдвэрлэх тулалдаанд Төмөр султан Баязид Ансарийн цэргийг бут цохиж султаныг олзлон авав. Ийнхүү Төмөр Дундад Ази, Туркестан, Персийн ихэнхи хэсгийг нэгтгэж 15-20 жилийн дотор томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхолыг устгаад байсан Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-сард насан эцэс болсон байна.

Төмөрийн байлдан дагуулал харгис хэрцгий явагдаж өнгөрсөн нь Ази, Европын түүхэнд тодорхой тэмдэглэн үлджээ. Зөвхөн ганц хоёр зүйлийг жишээ болгож дурьдвал, 1378 онд Ираны Исфахан хотын иргэд босож тэмцснийг зэвсгийн хүчээр цус урсган дараад 70 мянган хүний гавлаар цамхаг босгож, олныг айлган сүрдүүлэх тушаал өгчээ. 1388 онд Дундад Азийн соёлжсон, хөгжилтэй хотын нэгэн болох Ургенчийг эзэлж аваад эвдэн газрын хөрстэй тэгшилж, дээр нь тариа тарих шийдвэр гаргаж байжээ. [БНМАУ-ын түүх I боть: 339].
Төмөр бол нүүдэл ба суурьшмал аймгуудын язгууртан нарыг түшиглэж, дотоод бодлого нь тэдгээр язгууртны ашиг сонирхолд нийцэж байжээ. Төмөр эзэлсэн газар орноосоо гагцхүү Дундад Азийг шууд өөрийн захиргаанд үлдээгээд бусад газрыг үр ач, цэргийн эрхтэн, шашны төлөөлөгч зэрэг нөлөө бүхий этгээдүүдэд хуваан өгчээ. Төмөрийн үед газар эзэмшлийн гол хэлбэр нь үе залгамжлан эзэмших соёрхол болж байв. Соёрхол хүртсэн хүн хааны төлөө цэрэг авч дайнд явах үүрэгтэй байлаа. Соёрхолын газар эзэмшигч этгээд өөрийн газар нутгийн дотор алба татвар, зарга заальхай, засаг захиргааны бүх эрхийг толгой мэдэн шийдэх эрхтэй байжээ. Соёрхолын газарт төв засгийн газрын ямар ч албаны хүн дур зоргоороо орох эрхгүй байжээ.

Төмөр бас цэргийн шинэтгэл хийжээ. Хуучин цэргийн бүрэлдэхүүнд нүүдэлчин аймгийн цэргээс гадна суурьшмал иргэдээс цэрэг дайчилж оруулах болжээ. Цэргийн зэвсэгт чөдөр оньст нум, хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх орж байсан бөгөөд Төмөрийн цэрэг галт зэвсэг (буу) хэрэглсэн үзэгдэнэ. Төмөр ба түүний ач Үлүгбэхийн үед Самарканд тэргүүтэй зарим хот сүрхий хөгжиж, Дундад Азийн соёлд ахиц гарсан байна. Төмөрийн үед Мавераннахрт суваг татах, хот барих ажил нэлээд байжээ. Энэ үед шинээр баригдсан болон сэргээсэн 20 сувгийн 9 нь Төмөрийн цэргийн жанжин ба сурвалжит ноёдын нэрээр нэрлэсэн ажээ. [Ашрафян 2000:437]. Самарканд зэрэг зарим хотод гар урчууд, эрдэмтэд, урлагийн хүмүүсийг аваачиж ажиллуулан олон сайхан барилга, орд харш, сүм дуган, бунхан суварга босгожээ. Самарканд хотын орчин тойрны сууригуудыг дэлхийн томоохон хотуудын нэрээр Багдад, Дамаск, миср, Шираз, Султанийя хэмээн нэрийдсэн нь угтаа нийслэл хотын сүр жавхааг харуулах зорилготой байсан аж. Самарканд хотноо зөвхөн эд материалын үнэт зүйлс төвлөрч байсан төдийгүй мөн оюуны хөрөнгө оруулалт идэвхитэй хийж байв. Эзлэгдсэн орны уран барилгачин, уран зураач, яруу найрагч, эрдэмтдийг Самаркандад авчирч суулгаж байв. Тэдгээрийн гараар бүтээсэн Самаркандын уран барилга дэлхийн соёл урлагийн санд гайхамшигт сайхан хувь хандив болж орсон билээ.

Төмөрийн үйл ажиллагааг нарийвчлан хянан үзвэл, эхнээсээ эцэс хүртэл гүнзгий зөрчилтэй юм. Нэгэн налаар үй олон хүнийг хядаж, зарим хотыг газрын хөрстэй тэгшлэн эвдэж туйлын харгислаж байжээ. Нөгөө талаар Дундад Азид самууныг дарж, тархай бутархай байдлыг устган, зарим хотыг нь өөд татан хөгжүүлж, гоёмсог сайхан барилга бариулж, суваг татуулж байсан нь дэвшилттэй зүйл байжээ. Цагадайн хант улсад оршин суугчдын ихэнхи нь түрэгүүд байлаа. Тэнд оршин сууж байсан монголчууд түрэгүүдээс тооны хувьд хавьгүй цөөн байсан бөгөөд тэд аажимдаа лалын шашинд орж түрэгийн орон нутгийн угсаа соёлын хүрээнд уусахад хүрснийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Бүр хожим нь Цагадайн хант улсын эзэмшил газрын нэлээд хэсэг нь Зүүн гарын хаант улсын нутаг дэвсгэрт хамрагдах болжээ.

No comments:

: