ЦАГАДАЙН УЛСЫН ЗАДРАЛ
Монголын эзэнт гүрэн задарсан нь, түүний шалтгаан
ХIII зууны II хагаст Их Монгол улс задралын шатандаа оржээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань улсыг үндэслэн байгуулснаар Монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа бие даасан хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, алтан ургийнхны дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогнолд аюул учирч эхэлсэн байна.
1259 онд Мөнх хаан тэнгэрт хальсаны дараа монгол улсын төр засаглалын явдалд хожмоо зарчмын учир холбогдол бүхий үйл явдал болжээ. Тэр нь Хятадыг дайлах хэргийг удирдаж явсан Хубилайн үйл ажиллагаанаас болсон аж. Хубилай болон түүний залгамжлагчид хятад газар төвлөн сууж, нүүдлийн монгол ахуйгаас хөндийрсөн нь хэргийн явцаар өөрийн орныг бус харийн орны хөгжилд үлэмжхэн хувь нэмрээ оруулахад хүрчээ. Монголын Эзэнт гүрний үед Хятад улс түүхэндээ байгаагүйгээр хөгжиж хэсэг хугацаанд дэлхийн улс төр, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцааны төв байв. Харин уугуул Монгол нутгаа орхигдуулахгүйг хичээн анхаарч байсан ч нийслэлийн ач холбогдлоо алдаснаар хөгжлийн эрч хүч нь саарчээ.Академич Ш.Нацагдоржийн тэмдэглэснээр “Юань улс байгуулагдсан нь монголын хэвийн хөгжилд дэвшилтэд роль гүйцэтгээгүй. Хубилай ах Мөнх хаанаас өвгөдийн хуулийг дагана, өөр улсын ёсонг дагахгүй гэж олонтаа хэлдэг байсан бодлогын шууд эсрэг байр суурь баримталсан” гэжээ. [Нацагдорж 1987:128]. Энэ нь монголчуудыг хятадад уусах аюулыг агуулж байсан аж. Харин хятадын ард түмэн монголын түрэмгийлэгчдийг ”1368 онд эх нутгаасаа хөөн зайлуулсан нь хэрэг дээрээ монголыг хятадад уусах аюулаас аварсан гавьяат үйл болсон байна” хэмээн М. Санждорж дүгнэжээ. [Санждорж 1998:68].Хубилайн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэг хэсэг судлаачид нийслэлийг Хархорумаас Хятадад шилжүүлсэн, хууль бусаар хаан суусан, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад [Майдар 1990:84-88, Нацагдорж 1998:41-42 , Санждорж 1998:66-68] нөгөө хэсэг нь дорно дахиныг эзэгнэсэн их гүрний төвд нь сууж удирдахаас аргагүй байсан гэж үзэж байна. Аль алинд үнэний хувь бийг үгүйсгэх аргагүй боловч дахин нягтлан эрэгцүүлбээс, Хубилай хаан тухайн үедээ улс төрийн төвийг Бээжинд шилжүүлэхдээ Хятадын нутагт суурьшиж байна гэж бодоогүй, харин өнө эртнийхээ Монгол газар, Монгол, Хятадын зааг нутагт шилжин суурьшлаа гэж үзэж байсан бололтой. Түүнчлэн, хуучин нийслэлээ төрийн төв хэвээр байлгасан бол дорно дахиныг эзэлсэн их гүрнийг удаан тогтоон барьж чадахгүй байсан. Ингэж чадлаа ч эл удаан хугацаанд хятадууд Монгол нутаг руу шилжин суурьшиж, монголчуудыг үндэстнийх нь хувьд уусгах аюул нүүрлэх байсан байж болох юм. [Дэлхий дахины түүх. 2003:157].1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Монголын Юань улсыг байгуулснаар эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал буй болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Толуйн хөвгүүн Хүлэг 1254-1258 оныг хүртэл баруун тийш аян дайн хийжПерс, Араб зэргийг байлдан дагуулж, Эл хант улсыг байгуулжээ. Зүчийн хөвгүүн Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтлож, Польш, Мажарыг эзлэн, Алтан ордны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагадайн хант улс байгуулагдав. ХIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан боловч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна. Ази, Европын ихэнхийг эзэлсэн Монгол гүрэн ийнхүү тус тусын өвөрмөц онцлог бүхий хэд хэдэн улс болж хуваагдсан билээ. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм.
Манай түүхчид Монголын эзэнт гүрэн хэд хэдэн биеэ даасан уулсууд болон сарнисан шартгааныг эзэнт гүрний хэсгүүдийн дунд нийтлэг талуудаас гадна өвөрмөц ялгаа, үл нийцэх зүйл олон байсан бөгөөд тэр байдал нь эцсийн дүнд түүнийг задран бутрахад хүргэсэн гэж үздэг юм. [Бира 1994: 42].
Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн хөгжлийн төвшин нь ч харилуан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан билээ.
Цагадайн улсын задрал
Судлаачдын үзэж буйгаар нүүдлийн хийгээд суурьшмал амьдралыг эрхэмлэгч ноёдын хоорондын зөрчил тэмцлийн улмаас ХIҮ зууны II хагасаас Цагадайн улс Мавераннахр болон Моголистан гэж хоёр хуваагдахад хүрсэн ажээ. Ингэж хоёр хуваагдах болсны гол шалтгааныг Таласын чуулганаар тавигдсан гэж үзэж болох юм. Учир нь Мавераннахрт очсон монголчууд уламжлалт мал аж ахуйгаасаа салж суурьшмал соёлыг эрхэмлэн лалын шашинд орох үйл явц Моголистаны монголчуудыг бодвол илүү түргэн явагдсан ажээ. Улмаар энэ хоёр хэсгийн хүн амын ялгаа улам даамжирч эцсийн эцэст хоёр ондоо угсаатан бүрэлдэн тогтоход хүргэсэн.
Юуны өмнө Цагадайн улсын хаадууд засаг захиргааны хуучин хуваарийг халж Мавераннахрын газар нутгийг Их Монгол улсын засаг захиргааны жишгээр түмтүүдэд хуваасан байна. Дараа нь Кебек хан (1318-1326) өөрийн нэр бүхий мөнгөн зоосыг шинээр гүйлгээнд оруулсан бөгөөд энэхүү зоосыг түүний нэрээр кебекүүд гэдэг байсан нь хожим сунжирч “копейка” болон хувирчээ. Чингис хаанаас уламжлагдан ирсэн сүм хийдийг аливаа алба татвараас чөлөөлдөг монгол төрийн бодлогыг цагадайн угсааны хаадууд мөн Мавераннахрт дэлгэрүүлсэн. Судлаачдын дүгнэлтээр Мавераннахрт ХIII-ХIV зууны заагаас эхлэн сүм хийдийн эзэмшил газар (вакф) өргөн дэлгэрсэн байна. [Чехович 1959]. Эдгээр шашны байгууллагуудын эдийн засгийн хүчин чадлыг дагалдан лалын шашны санвартангуудын нийгмийн байр суурь дээшилж улмаар лалын шашны нөлөө ихэссэн гэж үзүүштэй. Монголын Эзэнт гүрэнд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэзээд дээгүүр байсан учир лалын шашинт Мавераннахрын эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг дээшлүүлэхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Эдгээр жишээнүүд нь монголын нөлөө Мавераннахрын нийгмийг бүхэлд нь хамарч байсныг харуулж байгаа юм.
Ингээд Цагадайн улс Моголистан ба Мавераннахр гэж хоёр хуваагдах болсон гол шалтгаан нь тус улсын хүн амын нүүдэл суурьшмал хоёр хэсгийн зөрчлийн үр дагвар байсан төдийгүй Долоон гол, Или голын сав газарт Хайдугийн сэргээсэн Өгэдэйн улс тогтох болсонтой шууд холбоотой юм. Чингис хаан эзэлсэн орны газар нутаг, улс иргэнийг хөвгүүддээ хувааж өгснөөр Монголын Эзэнт гүрний задралын эх тавигдсан хэмээн судлаачид үздэг. Мөнх хааныг нас барсаны дараа дэгдсэн Ариг-Бөх Хубилай нарын хаан ширээний төлөө тэмцэл нь 1264 онд Хубилайн ялалтаар төгсөв. Улмаар Юан улс байгуулагдаж эзэнт гүрэн задрах тийшээ хэлбийжээ.
Цагадайн улс Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсгийн хувьд түүхэн хөгжлийн энэхүү үйл явцыг туулж өнгөрүүлэв. Өөрөөр хэлбэл, Хубилай хааны үед Цагадайн улсад эзэнт гүрнээс салан тусгаарлаж биеэ даах чиг хандлага улам бүр давамгайлах болов. Энэ нь Дува ханы хийсэн засаг захиргааны шинэчлэлт, Кебек ханы мөнгөний шинэчлэлтээр нотлогдож байгаа юм.
Цагадайн улсад өрнөсөн салан тусгаарлах үйл явц нь дотоодын улс төр, шашин соёлын зөрчилтэй нягт уялдаж байсан онцлогтой юм. Хайду Дундад Азид биеэ даасан улс байгуулсан нь үнэн хэрэгтээ Цагадайн болон Өгэдэйн улсыг нэгтгэсэн явдал байлаа. 1269 онд болсон Таласын чуулганаар Хайду Дорнод Туркестан, Долоон голын сав газрыг өөрийн удамд шилжүүлэн авч Цагадайн улсын нутаг дэвсгэрийг Мавераннахраар хязгаарласан юм. Таласын чуулганы тэрхүү шийдвэр нь мөн чанартаа Цагадайн улсыг Мавераннахр болон Моголистан хэмээн хоёр хуваагдахад хүргэв. 1269 оноос хойш Цагадай Өгэдэйн удмын хооронд эрх мэдэл, газар нутгийн төлөө тэмцэл тасралтгүй явагдах болжээ. Ихэнх судлаачид эл тэмцлийг Цагадайн улсын улс төрийн хоёр чиг хандлагаар тайлбарладаг. “Цагадайн улс төрийн амьдралд хоёр гол хандлагыг барьж байлаа. Үүнд: Или голын хөндийд нутаглаж байсан хаад нь Монголын уламжлалт хуучны ёс зарчимд үнэнч байж ихэнхдээ лал болон буддизмыг талархан дэмжиж байсан бөгөөдМавераннахрт очсон бүхэн персээр ярьж, лалыг шүтдэг хотуудын эрхшээл нөлөөнд орж байсны дээр лалын ёсон дотор Ясаг дагах тангараг тавьдаг байлаа” гэж Ж.Ж.саундерс тэмдэглэжээ [Саундерс. 1992:198].
Дээрх тэмцэл өнгөцхөн харахад Мавераннахр Моголистаны хоорондын шашин соёлын ялгаагаар илэрч буй мэт боловч мөн чанартаа Цагадайн угсааны хан нар Таласын чуулганаар Хайдуд алдсан Дорнод Туркестан, Долоон голын сав газрыг эргүүлэн авч өөрийн улсын улс төрийн нэгдлийг хангахын төлөө тэмцэж байсан аж. Хайду Хубилай нарын тэмцэл 40 жил үргэлжлэхэд Цагадайн улс нэгдэж нэгэн төвтэй болж чадаагүй байна. Сурвалж бичигт өгүүлснээр, “Цагадай ханы хөвүүд нэгэн ширээнд нэгэн тогооноос хоол идэж байснаа мартаж, бие биеэсээ хэтэрхий хөндийрч, бие биедээ бэлэг сэлт явуулж, харилцан амар мэндээ мэдэлцэхээ байжээ. Зарим нь хятадын ордныхны дэргэд хоргодож, нөгөө нь узбек улсын ивээлд орж, үлдэх нь Толуйн үр угсаатны эзэмшил нутагт одож нийлэв” гэжээ. [МИКК 1973:114].“Тарих-и Рашиди”-д өгүүлсэн сүйрэл Цагадайн улсын түүхийн чухамхүү энэ үеийг харуулсан бололтой. “Моголистан дотор цэцэглэж яваа олон муж, хотууд байсан . . . тухайлбал, Түрэгийн Афрасиаб хааны босгосон Балагасун хот юм. Балагасун хар-киданы ирэхээс өмнө Афрасиабын үр угсаатны эрхэнд байжээ . . . Гүр хан Балагасунг Илик хаанаас булаан авч нийслэлээ хийв. Балагасун бараг 95 жилийн турш хар-киданы нийслэл болж байв. Моголууд Балагасунг “Каралык” гэж нэрлэсэн. Гэвч манай үед нээ хот оршин байсан гэх ямар ч шинж тэмдэг алга” гэжээ [Кутлуков 1984:111]. Моголууд Балагасунг “Алмалиг” хэмээн нэрлэж байжээ. Тэнд Туглак-Төмөрийн шарил байгаа бөгөөд энэ хотоос одоо ямар ч ул мөр үлдсэнгүй гэжээ [мөн тэнд].Сурвалжийн энэхүү мэдээ нь Мавераннахр Моголистаны хооронд болж байсан олон жилийн тэмцлийн хөлд Дорнод Туркестаны хот суурин газрууд ихэд сүйрсэн тухай өгүүлсэн баримт юм. Үүнээс үзэхэд Цагадай Өгөдэйн удмын хоорондох тэмцэл ихэд ширүүн явагдаж байсныг гэрчилж байгаа юм. Цагадайн улсыг задрахад хүргэсэн улс төрийн дээрх шалтгаанаас гадна өөр шалтгаан мөн байсан хэмээн судлаачид үздэг. Тухайлбал, Алтан Ордон, Юан улс Цагадайн улсын дотоод хэрэгт үе үе хөндлөнгөөс оролцож дайн байлдаан тасралтгүй хийж байв. Үүний уршгаар тус улсын хүн ам газар нутгаасаа дүрвэж, худалдаа наймааны ажил зогсонги байдалд орж тариачдын аж ахуй ядуурч, зам харгуйн аюулгүйн байдал хангагдаагүй байв. Мөн “XIV зууны үед Жата буюу Жете гэдэг нүүдэлчин дээрэмчдийн бүлэг Төв Азийн хүн амьтныг алан хядаж, дээрэмдэн сүйтгэж байсан нь яггүй бэрхшээлийг учруулж байжээ” [Саундерс 1992:198].
1301 онд Хайдуг нас барахад түүний хүү Чапар Өгөдэйн улсыг захирах болов. Чапарын үед Цагадайн улсын Дува хан улс орноо биеэ даан захирч Хайдугийн байгуулсан эвслээс салан гарчээ. Иймээс зарим судлаачид Дува ханыг Цагадайн биеэ даасан улсыг байгуулсан хэмээн үздэг юм. Дува хан алтан ургийнхны дунд ихэд нэр хүндтэй байсан тул тухайн үед түүний дэвшүүлсэн нилээд зоримог саналыг Их хаан хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байжээ. Дува ханы санаачилснаар Монголын эзэнт гүрний нэгдсэн байдлыг холбооны улсуудын хэлбэрээр сэргээж эдгээр улсуудын хооронд чөлөөтэй худалдаа арилжаа хийх бөгөөд аливаа хоорондын зөрчил маргааныг эвээр шийдэж байх тухай Төв Азийн геополитикийн цоо шинэ зарчмыг боловсруулан дэвшүүлсэн ажээ. Гэвч Дува ханы тэрхүү алсын хараатай санаачлагыг Өгөдэйн удмынхан хэрэгжих шатанд нь таслан зогсоосон юм. Учир нь 1305 онд Чапарын цэрэг Мавераннахр луу уулгалан довтолж уг санаачлагыг хөсөр хаяв. Дува ханы цэргүүд Чапарыг бут цохисноор Дундад Азийн дээд эрх мэдэл Өгөдэйн удмаас ийнхүү Цагадайн удамд нэг мөсөн шилжсэн ажээ [Кутлуков 1984:113].
Энэ үеэс хойш “Цагадайн улс” гэдэг нэр томъёо тогтож Цагадайн удмын хан нарын цэргийн хүчийг бүрэлдүүлж байсан нүүдэлчид өөрсдийгөө “Цагадайхан” хэмээн нэрлэх болжээ. Энэ нэр нь Цагадайн угсаа залгамжлагчдаас гаралтай хаад бүр үгүй болсон хойно ч бас л хэвээр үлдсэн. Тэрч байтугай, тэр үед Дундад Азид тогтсон уран зохиолын хэлийг “Цагадайн” гэж нэрлэж байв [Бартольд 1963в:152].Өгөдэйн харьяат нар шилжин суурьшсан Долоон гол, Дорнод Туркестаныг Моголистан гэж нэрлэх болжээ. Энэ газрын байгаль цаг уур нь нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой тул энд нутагласан нүүдэлчид уламжлалт аж ахуйгаа хэвээр үлдээж энд урьд нь хөгжиж байсан газар тариалан уналтын байдалд оржээ. Үүнээс болоод худалдаа наймаа уналтанд орж хот суурин газрууд балгас болон хоцорчээ. Моголууд өөрсдийгөө жинхэнэ монголчууд хэмээн үзэж байсан бөгөөд Мавераннахрт аж төрөх болсон цагадайнхныг уламжлалаа гээсэн эрлийзүүд хэмээн дорд үзэх болжээ. Мавераннахрт очиж суурьшсан цагадайнхан аргагүйн эрхэнд лалын шашинд орох болсон бөгөөд тэдгээрээс анхлан лалын шашин шүтэх болсон нь Мубарек-шах юм. Дараачийн хан Борак лалын шашинтан болов.Ийм үйл явц мөн Моголистанд ч өрнөсөн аж. Өөрсдийгөө албан ёсоор могол (монгол) гэдэг боловч, Моголистаны нүүдэлчид үнэндээ жинхэнэ монголчуудаас их ялгаатай байсан бөгөөд тэд орон нутгийн түрэг, уйгар хүн амтай хутгалдан уусч түрэг маягаар хувцаслаж, түргээр ярих бөгөөд XIV зуунд лалын шашин шүтэх болжээ [Кутлуков 1984:113].
Моголистаны хан нараас Туглаг-Төмөр хан эхлээд лалын шашинд орсон юм. Лалын шашин шүтсэн хаад ноёд нүүдлийн амьдралаас салж хот сууринд төвлөн суух болов. Туглаг-Төмөр хан өөрийн байнга байх орд харшаа Или голын биеэс Аксуд нүүлгэн шилжүүлэв. Мавераннахрын карши хотод амьдарч байсан Кебек хан ба түүний дүү Тармаширин нар нүүдлийн амьдралаа орхисон юм. Хан нар хот руу шилжин сууж нүүдлийн уламжлалт ахуйгаас тасарсан явдал улс орны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж хоёр удмын хооронд улс төрийн тэмцэл арилаагүй байхад шашин соёлын зөрчил тэмцэл нэмэгдэв. Уг тэмцлийн үр дүнд Долоон гол, Или голын сав газарт байсан хотууд нэрвэгдэж, тэдгээрийн амьдралд сөргөөр нөлөөлөв. 1346 онд Мавераннахрт лалын бүлгийн эсэргүүцэл тэмцэл дэгдэж Казан ханыг хан ширээнээс түлхэн унагааж төрийн эрхийг түрэг ноёд булаан авав. Мөн энэ үед Моголистаны ноён Пуладчи төрийн эрхийг булаан авч Чингисийн удмын гэгдэх 18 настай Туглаг-Төмөрийг 1348 онд хан болгожээ. Пуладчи ноёны эзэмшил гэдэг нь “Манглай субе гэж хойшид нэрлэгдэж бүрэлдэхүүнд нь Дорнод Туркестаны хэсэг Кашгараас Кучи хүртэлх газар, Долоон голын хэсэг Иссык-Куль нуураас өмнө тийших нутаг орж байв” [Бартольд 1963б:79]. Цагадайн улс тийнхүү хоёр хэсэгт хуваагдсан тухай судлаачид янз бүрийн санал дэвшүүлсэн байна. Зарим нь энэ бол Цагадайн удмын хан хөвгүүдийн хоорондын эрх мэдоийн төлөө хийсэн тэмцлийн үр дүн гэх агаад нөгөө нь Дуглат ноёдын эрх ямба өссөнөөр шалтгаална гэх аж. Бартольдын саналаар ахул, Цагадайн улсын хоёр хэсэг нь соёлын талаар харилцан адилгүй байсан явдал тэр улсыг хоёр хэсэг болон задрах гол шалтгаан болсон гэх ажээ [Бартольд 1973:66].
Моголистаны хаадаас Туглаг-Төмөр хан эхлээд лалын шашинд орж түүнийг аажмаар ард түмний дотор дэлгэрүүлжээ. Туглаг-төмөр хан 1360 онд Мавераннахрыг эрхэндээ оруулсан боловч түүнийг нас барсны дараахан 1370 онд тус нутаг дахин тасарчээ. Хожим тэнд Төмөрийн улс тогтож Самаркандад төвлөж Цагадайн улсын зүүн хэсэгт бүрэн тусгаар тогтносон Моголистан улс байгуулагдаж Турфан, Аксугаар төвөө хийжээ. Тус улсын бүрэлдэхүүнд Дорнод Туркестанаас гадна нүүдэлчдийн оршин суудаг өргөн уудам газар – Зүүнгар, одоогийн Киргизийн нутаг дэвсгэр, Долоон гол оржээ. “Моголистаны нутаг дэвсгэр хойноосоо өмнө тийш долоо найман сар явах замын хэртэй үргэлжлэх ажээ” [Кутлуков 1984:115].Академич В.В.Бартольдын тэмдэглэснээр: “Энэ улс зан үйлийн хувьд хэлэхэд хэцүү боловч ахуй, соёлын талаар маш их зөрүү байсан нь Персийг өөринй эзэмшилд оруулсан Төмөр ч хүртэл Цагадайн улсын нэгдлийг сэргээн босгож Дорнод Туркестанд эрх дархаа тогтоож чадсангүй” ажээ [Бартольд 1963в:66]. Улмаар эдгээр хоёр улсын хооронд дайн дэгдэж Төмөрийн угсааны сүүлчийн хаад хүртэл аль тал нь ялах ялагдах нь мэдэгдэхгүй байв. Төмөр Моголистаны эсрэг 1370-1390 оны хооронд долоон удаагийн аян дайн хийж энэ орны ард түмэнд тоолж баршгүй гай зовлон учруулав. Бүхэл бүтэн хот балгас, мужууд цөлбөн дээрэмдэгдэж үгүйрэн хоосров.
Эцэст нь тэмдэглэхэд Цагадайн улсын задралын шалтгаан нь тус улсын хоёр хэсгийн гагцхүү ахуй соёлын ялгаа төдийгүй нийгэм- улс төрийн шинжтэй байжээ. Мавераннахр хийгээд Моголистан гэж хуваагдах болсон шалтгаан нь Таласын чуулгантай шууд холбоотой юм. Уг чуулганаар Цагадай, Өгөдэй нарын эзэмшил газрыг нэгтгэж газар нутгийн шинэ хуваарь хийснээр хожим хоёр удмын хаад эрх мэдлийн төлөө тасралтгүй тэмцэх болж улам бүр нэгнээсээ холдож байв. Дээрээс нь Мавераннахрын хаад лалын шашинд орж ахуй соёлоор өвөр хоорондоо ялгарч эцсийн дүнд Мавераннахр Моголистан гэж салан тусгаарлажээ.
No comments:
Post a Comment