Sunday, September 7, 2008

XI –XIII Зууны Монгол Орон

Хамаг Монголын ханаар Есүхэй баатрын хүү Тэмүүжинг 1189 онд өргөмжлөн Чингис цол соёрхов. Тэрээр тархай бутархай оршиж байсан монгол овогтныг нэгтгэх тэмцлээ 1185 оноос эхэлжээ. 1206 он хүртэл 16 жилийн хугацаанд их бага 32 удаагийн дайн тулалдааныг хийж, монгол, түрэг угсааны 81 том, жижиг аймгийг нэгтгэж Монголын тулгар төр Их Монгол улсыг байгуулав.

Их Монгол улс хүчирхэгжин улмаар Чингис хааны залгамжлагчид дэлхийн олон улсыг байлдан дагуулсан XIII-XIV зууныг "монголчуудын зуун" гэж тэмдэглэдэг. Газар зүйн байршлаар өмнөт Хятадын тэнгисээс Шар тэнгис, Арабын тэнгисээс Адриатын тэнгисийн хоорондох Евроазийн асар уудам газар нутагт оршин тогтнож, дэлхийн 50 шахам улс, угсаатантай зэвсэг зөрүүлж байлдан дагуулал хийсэн түүхээр нь дэлхий ертөнц монголчуудыг илүү сайн мэддэг билээ.

Монгол ханлиг аймгууд

Х-ХII зууны үед монгол болон түрэг угсааны олон ханлиг аймгууд хятадын Цагаан хэрэмнээс Байгаль нуур хүртэлх өргөн уудам нутагт нутаглаж, аж ахуйн болоод нийгмийн амьдрал хөгжлийн төвшингөөрөө жигд бус байсан юм. Тал хээрээр нутагладаг малчин аймгуудын дийлэнх хэсэг нь түрүү феодалын хөгжлийн шатанд дэвшсэн байв. Тэд таван хошуу мал өсгөн үржүүлэхийн зэрэгцээ ан агнуур, газар тариалан, гар урлалын аж ахуй эрхэлж, зах хязгаар, ой тайгаар нутагладаг ард түмний дотор голчлон овгийн байгуулал зонхилж, ихэвчлэн ан агнуур эрхлэн аж төрөхийн хамт мал аж ахуйд шилжиж байсан үе билээ.

Монгол угсаатны дунд хамжлагын /феодал/ харилцаа хөгжиж байх тэр үеэс сурвалжит язгууртнуудын эзэмшил нутгийг аймаг хэмээн нэрлэх болсноор эл нэр томьёо бий болсон ажээ. Энэ тухай түүхч А.Амар-авгай монголын түүхийг товчоолон бичсэн зохиолдоо "... Эрт цагт монгол хэлээр хэлэлцэгч хэсэг бүлэг аймгууд байсан бөгөөд тэдгээрийг монгол аймгууд хэмээн нэрлэдэг байсан" гэж тэмдэглэжээ. Аймгийн цаашдын хөгжилд аймгийн холбоо чухал үүрэг гүйцэтгэх болсон үеэс тэдгээр аймгийн холбоодыг Ханлиг /бага хаант улс/ хэмээн нэрлэж, Хамаг монгол улс, Хэрэйд ханлиг, Найманы ханлиг, Мэргэдийн ханлиг, Татар, Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь-түмэд, Соён зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж янз бүрийн нутагт салангид тусгаар оршин амьдрах болсон байв.

Талын язгууртнууд үүсэн буй болж эрх мэдэл, газар нутгаа булаалдан тэмцэлдэж байсныг Хамаг Монгол ханлигийн хан Есүхэй баатрын хүү Тэмүжин зориг ухаанаараа тодорч, бүх Монгол овогтоныг нэгтгэх тэмцлээ 1185 оноос эхэлжээ. Тэрээр 1189-1206 он хүртэл 16 жилийн хугацаанд их бага 32 удаагийн дайн тулалдаан хийж, монгол, түрэг угсааны 81 том, жижиг аймгийг нэгтгэжээ.

Их Монгол улс

Монголын тулгар төр-Их Монгол улс байгуулагдсаныг эдүгээгээс 800 орчим жилийн өмнө Онон мөрний эх орчимд 1206 онд хуралдсан хуралдайгаар Чингис хааныг их сууринд залж, есөн хөлт цагаан туг босгон эсгий туургатан улс нэгдсэнээс эхэлсэн гэж үздэг. Чингис хаан улсаа эмхлэн төвхнүүлэхдээ 95 мянгатыг зохион байгуулан тэдгээрийг захируулахаар"Монгол улсын мянгатын ноёдоор", төрийг байгуулахад зүтгэсэн "гавъяат нөхдөө" томилжээ. Мянгат, түмтийн ноёдын дотроос тусгайлан хишигтэн нарыг бас сонгожээ. Чингис хааны үед хишигтэн нарын тоо өсч нэг түм хүрсэн төдийгүй үүргийн хувьд ихээхэн өөрчлөгдөж нэг ёсондоо улсын засаг захиргааг хариуцсан "засгийн газрын" үүргийг гүйцэтгэж байв. Их Монгол улс талын нүүдэлчдийн төр засаглалын тогтолцоог бий болгож, соёл, үйлдвэрлэхүй хүчин, ахуй амьдралын уламжлалд тулгуурласан цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоо бүхий улс байсан.

Их Монгол улс хүчирхэгжин улмаар Чингис хааны залгамжлагчид дэлхийн олон улсыг байлдан дагуулсан ХIII-ХIV зууныг "монголчуудын зуун" гэж тэмдэглэдэг. Газар зүйн байршлаар өмнөт Хятадын тэнгисээс Шар тэнгис, Арабын тэнгисээс Адриатын тэнгисийн хоорондох Евроазийн асар уудам газар нутагт оршин тогтож, дэлхийн 50 шахам улс, угсаатантай зэвсэг зөрүүлж байлдан дагуулал хийсэн түүхээр нь дэлхий ертөнц монголчуудыг илүү сайн мэддэг билээ. Онон мөрний эхэнд үүсэн байгуулагдаж, Хөдөө арлаар дамжин улмаар алдарт Хар хорум хотоор нийслэлэн оршин тогтнож байсан Их Монгол улсын төрийн алтан жолоог Чингис хаан (1206-1227), Өгэдэй хаан (1229-1242), Гүег хаан (1246-1248), Мөнх хаан (1251-1259) нар барьсан.

Чингис хаан Их Монгол улсаа баруун, зүүн, төвийн хэмээн хувааж улсаа төвөөс шууд удирдаж байв. Эдгээр нь дотроо түмт, мянгат, зуут, аравт гэсэн засаг захиргааны нэгжид хуваагддаг. Төрийн тулгуур баганыг мянгатын систем буюу хишигтэн нар гэж үздэг хийгээд нэг овог аймаг дангаараа дагнан бүрэлдсэнийг дотоод мянган, хэд хэдэн овог аймгаас бүрэлдсэн мянганыг гадаад мянган хэмээдэг байжээ. Хишигтэнг хэвтүүл, хорчин, турхаг гэж гурав ангилан хувааж тэдний гүйцэтгэх ажлын нарийн хуваарь тогтоов. Эзэн хааны дэргэд Их хуралдай, Сэцдийн зөвлөл ажиллаж байв. Их Монгол улсын тулгуур хууль нь Их засаг хууль байлаа.

Чингис хааны цэрэг умард хятадын Алтан улсыг 1211-1217 оны хооронд дараа нь Мухулай жанжин, Өгэдэй, Тулай нарын удирдсан их цэрэг 1229-1234 онд тус тус дайлж Алтан улсыг мөхөөсөн байна. Мөн 1221 онд монголчууд Хорезмыг эзлэн 1221-1222 онд Хорасан, Афганистан, Энэтхэгт аялан байлдав. Тэрчлэн Тангуд улсыг 1205-1227 онд 5 удаа дайлж төр улсыг нь мөхөөжээ.
Ийнхүү Чингис хаан эх суурийг нь тавин бэхжүүлж, үр ач нар нь залгамжлан хүчирхэгжсэн Монгол улс нь XIII зуун болоход дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын тэн хагасыг эзэлсэн Монголын эзэнт гүрэн болжээ. Гэрэлт хөшөө. Монголчууд хад чулуунаа сийлэн үлдээсэн бичигт хөшөөг гэрэлт хөшөө хэмээн нэрлэдэг. Бичиг үсгийн эртний соёлтой бидний өвөг дээдэс түүхэндээ олон янзын бичиг үсэг хэрэглэн ном судраа туурвиж байв. Монгол бичгийн дурсгалын хамгийн эртнийх нь (одоогоор) 1225 онд үйлдсэн Чингисийн чулууны бичиг юм.

Чингисийн чулууны бичиг. Чингис хааны нэрээр алдаршсан энэхүү гэрэлт хөшөө нь цоолборлон сийлсэн таван мөр бичээстэй 21 үг бүхий монгол бичгийн дурсгал юм. Бичээсийн утга нь Буха сочихай гэдэг газар 1224 оны өвөл монгол ноёдын хуралдай чуулах үеэр Хавт Хасрын хүү Есүнгэ ноён 335 алд хол байг мэргэн онож шалгарсан түүхэн явдлыг тэмдэглэжээ. Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ. 1939 онд аж үйлдвэрийн үзэсгэлэнд тавьж, дараа нь Оросын ШУА-ийн Азийн музейд шилжүүлсэн ба түүнээс хойш Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдаж байгаа билээ. Тус музейн үзүүллэгт буй гэрэлт хөшөөний хуулбарыг 1998 онд Бичиг соёлын хишиг өдөр залсан.

Хөшөөний бичээсийг унших анхны оролдлогыг Хиагтын сургуулийн багш Ванчинков хийснээс хойш олон эрдэмтэд үүнд нөр их хөдөлмөрөө зориулжээ. Эрдэмтэн И.Я.Шмидт, Банзарын Дорж, Габеленз, В.В.Радлов, А.М.Позднеев, Клюкин, Мураяама, Амбис, Л.Лигети, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Х.Пэрлээ, Ш.Бира нар хөшөөний бичээсийг уншсан тайлалаа хэвлэн нийтлэснээс хамгийн үнэмшилтэй нь Клюкин, Х.Пэрлээ нарын уншилт байдаг билээ.

Уг бичээсийн эхэнд мөр тэтгэн Чингис гэдэг нэрийг онцгойлон бичсэнээр нь "Чингисийн чулууны бичиг" гэж нэрлэх болжээ. БНХАУ-ын судлаачид энэхүү бичээсийг Есүнгэ-ийн чулууны бичиг гэж нэрлэх нь зүйтэй гэж үздэг. Алтан ургийн бичиг. Монголчууд эрт дээр үеэс ураг удмынхаа хэлхээг бичиж тэмдэглэсээр ирснийг бид ургийн бичиг хэмээн нэрлэдэг. Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн томоохон хаан угсаа залгамжлалын нэгэнд монгол хаадын алтан ураг зүй ёсоор тооцогддог.

Музейн үзүүллэгт Чингис хааны дээд өвгийн алтан ургийн бичиг, Чингис хааны залгамжлагчдын ургийн бичгийг МНТ болон бусад түүхэн мэдээг баримтлан тэмдэглэсэн юм. Монгол хаадын уг гарлыг түүхийн сурвалж бичигт "Дээд тэнгэрээс заяат төрсөн, тэнгэр язгууртай" хэмээн өгүүлдэг. Монголчуудын угсаа залгамжлах ёс, ялангуяа Чингис хааны алтан ургийн удам угсааг баримтлах явдал түүхийн бүхий л үеийн турш чанд мөрдөгдөж ирсэн билээ. Тухайлбал Бөртэ чинуагаас Лигдэн хутагт хаан хүртэл 900 шахам жилийн турш монголчууд төр барих хаанаа зөвхөн алтан ургийн язгууртнуудаас сонгож байсан ажээ.

No comments:

: