Эзэнт гүрний үеийн Цагадайн улс
Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо өөрийн отгон дүү Аригбөхөд Хархорумыг даатган үлдээсэн билээ. Гэтэл Мөнх хаан 1259 онд тэнгэрт халив. Аригбөх Толуйн отгон хөвүүний хувьд Толуйн удмын мэдэлд шилжин ирсэн Их Монгол улсын хаан ширээг залгамжлах илүү эрх бүхий байжээ. Мөнх хааны бэлбэсэн их хатан Сорхогтани-бэхээс эхлээд алтан ургийн ихэнх ноёд, нөлөө бүхий сайд түшмэд Аригбөхийг хаан өргөмжлөхийг дэмжиж Хархорумд ноёдын Их хуралдай хийлгэхээр болсон байна. Уг хуралдайд хүрэлцэн ирэхийг ах Хубилайд тусгай элч илгээн мэдэгджээ. Гэтэл Хубилай Аригбөхийг монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буйг мэдээд тэр даруйдаа Кайпин хотод 1260 оны 5 сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. [Д’Оссон 1937:288]. Тэр “Их хуралдайд” оролцогчид нь их хааныг сонгох хэргийг шийдвэрлэх нэр нөлөө бүхий этгээдүүд биш байсан аж. Хубилай их хаан гэж өргөмжлөгдөөд Хархорумд байсан хүүгээрээ дамжуулан Их хааны тамгыг Ариг-Бөхөөс салгаж авахыг оролдож байжээ. Хубилай хаан болоод зарлан тунхаглах бичигтээ: “Олон ноёд намайг хаан өргөмжлөх гэж дахин дахин шаардав. Өвөг Чингисийн удам угсааны дотроос насны ах, сурсан эрдмээр надаас илүү нь үгүй тул түмний хүсэлт шахалтыг дагаж хаан суув” гэжээ. [МҮТТ 1988:108].
Аригбөх 1260 оны 5 сарын 12-ноос 6 сар хүртэл Орхон голын эхэнд бас монгол ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны их хаан гэж өргөмжилсөн байна. Ингэж Монголд 1260 онд хоёр хуралдай хурж нэгэн зэрэг хоёр их хаан тодорчээ. Урьд хаан ширээний төлөө тэмцэл ах дүү Өгэдэй, Толуйхны дунд явагдаж байсан бол энэ удаагаас эхлээд Толуйнхны дотор, түүний ах дүү хоёр хүүхдийн хооронд өрнөжээ. Аригбөх Хубилай нарын хооронд өрнөсөн зэвсэгт тэмцэл бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч үнэн хэрэгтээ Аригбөхийн тэмцэл нь улс төрийн төвийг монголд хэвээр нь байлгаж, монгол нутгийг урьдын адил Эзэнт гурний төв хэвээр байлгахад чиглэгдэж байжээ. Аригбөхийг их хааны ширээнд залсан явдлыг Цагадай болон Алтан ордны улсын нөлөө бүхий ноёд санал нэгтэй дэмжжээ. Монголын ихэнх ноёдууд Аригбөхийн талд байсан бол Хубилайг Толуйн төрлийн зарим ноёд дэмжиж байснаас гадна хамгийн гол нь Аригбөхийн эсрэг дайнд Хубилайн удирдлагаар Хятадыг байлдан явсан цэргийн хүч шууд оролцсон ажээ. Их Монгол улсын хаан ширээний төлөө тэмцэлд Цагадайн улсын байр суурь чухал байсан тул хоёр тал түүнийг булаацалдан тэмцэх болжээ. Тухайн үед Цагадайн улсын төрийг барьж байсан Эргэнэ хатныг Хубилай хаан өөрийн талд татан авах зорилгоор Бүрийн хүү Абишкаг тус улс уруу илгээжээ. Гэвч Абишка Тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж удалгүй хороогдсон байна. Ингэж Абишка нь Хубилай, Аригбөхийн тэмцлийн золиос болов. Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагадайн улс уруу өөрийнхөө дэргэд алба хааж байсан Цагадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ, зарлигаа өгч явуулжээ. Аригбөх Алгуйг Цагадайн улсын эзнээр томилж хэрэв Хүлэг, Бэрх хоёр Хубилайн талд гэнэт орж цэрэг илэгээвэл түүний замыг хаах мөн энэ үед Хубилай Хятадаас Монгол уруу талх тариа нийлүүлэхээ больсон учир Монголд өлсгөлөн гарсан тул Туркестанаас талх тариа нийлүүлэх зэрэг даалгавар өгчээ. Ийнхүү Цагадайн улс нь Эл хаадын улс, Алтан ордоны улсаас Их Монгол улсыг хамгаалах “жийргэвч”ийн үүрэг гүйцэтгэх болжээ.
Алгуй өвөг эцгийнхээ хувь улсад очиж Цагадайн удмын ноёд, тэдний талыг дэмжигчдийн итгэлийг хүлээн улсаа бүрэн эрхтэйгээ захирч эхэлжээ. Эргэнэ хатан захирагч Масуд-бекийн хамт Аригбөхийн зүг явж тэнд очоод Алгуйн талаар гомдол мэдүүлж байжээ. Эргэнэ хатан Аригбөхийн халамжинд нэлээд хугацаагаар хажууд нь байжээ. Энэ хугацаанд Алгуй Мавераннахрыг эзэлж Бэрхийн захирагч нарыг зайлуулахаар Никпей-Огулыг 5 мянган цэрэгтэй илгээв. Никпейн хамт Учачар ноён, Хабаш-Амидын хүү Сулейман-бек нарыг явуулснаас үзэхэд Алгуйн талд лалын шашинт нөлөө бүхий сайд ноёд байсан байна. Бухар хотыг эзлэх үед лалын шашны томоохон төлөөлөгч Сейф ад-дины хүү Джелал ад-дин Бахарзи амь үрэгджээ. Мавераннахр дахь монгол цэргийн дарга Бөх-Нуш болон Чинсан Тайфу нар Алгуйн талд орсон байна. Алгуй үйл хэргээ үүгээр хязгаалалгүй Цагадайн улсын нутаг дэвсгэрт урд өмнө огт орж байгаагүй Хорезм болон Афганистаныг эахиргаандаа оруулахыг зорьж байлаа. Хорезм уруу Учачарыг, Афганистан уруу Садай-илчийг тус тус илгээв. Мөнх хааны үед Энэтхэг уруу явуулсан монгол цэргийн дарга Салибаатарын захиргаанд байсан хүмүүсийг Садай-илч өөрийн талд татан оруулснаар тэд нар түүнд цэргийн даргаа барьж өгчээ. Үүгээр Афганистан нь Алгуйн захиргаанд оров.
Энэ бүхнийг Алгуй Аригбөхийн төлөө бус өөрийн төлөө хийж байсан нь тун удалгүй тодорхой болсон юм. 1262 онд Аригбөх Цагадайн улсын аравт бүхнээс ачлаганы хоёр мал, зэвсэг, мөнгө цуглуулахаар зарлиг гарган Иркакун, Бүритай, Шади нэрт гурван элчийг илгээв. [Рашид-ад-Дин т.II: 97]. Элч нар Алгуйтай уулзаж зарлигийг гардуулан уналга ачилганы мал, зэвсэг мөнгө цуглуулж эхэлжээ. Элч нар нэлээд мал, зэвсэг мөнгө цуглуулаад буцах болоход “Бусад нөхдий чинь ирэхээр та бүхнийг хамт явуулна” гээд Алгуй тэд нарыг сатуулсан байна. 1263 онд бусад нөхөд нь ирээд яагаад буцаагүй байгаа шалтгааныг элч нараас асуухад үнэн байдлаа хэлсэн байна. Элч нар бүгдээрээ нийлж Алгуйгийн өргөөнд хүрэлцэн очоод “Бид бүхэн Аригбөхийн зарлигаар ирж татвар цуглуулаад явж байна. Бидний нөхдүүдэд саад хийх та ямар эрхтэй юм бэ?” гэж асуужээ. Хубилай Аригбөх нарын тэмцлээс гархаар шийдэж Алгуй энэ алхамыг хийсэн бололтой. Тэгээд шалтаг гаргаж бүдүүлэг үг хэллээ гэж тэд нарыг баривчлан хорих тушаал өгөв. Үүний дараа Алгуй ноёдтойгоо яавал зрхилтой талаар зөвлөжээ. Ноёд өгүүлсэн нь:”Элч нарыг баривчлахын өмнө зөвлөлдөх ёстой байжээ. Одоо бид Аригбөхтэй эв эвдрэлцэн түүний дайсан боллоо. Иймээс бидний цорын ганц зөв зам бол Аригбөхөөс бүрмөсөн салж, Хубилай хаантай нийлэх нь зөв” гэжээ. [Рашид ад-Дин, мөн тэнд].Алгуй Аригбөхийн элч нарыг алж, цуглуулсан эд мөнгийг аваад ихээхэн хүчирхэжсэн байна.
Элч нарыг алсан тухай мэдээг Аригбөх аваад ихэд уурсан цэргээ Мавераннахрын зүг Алгуйгийн эсрэг хөдөлгөсөн байна. Аригбөхийн манлай цэргийг удирдсан Харбөх жанжин Сум-куль (Сайрам) нуурын ойролцоо Алгуйгийн цэрэгтэй тулгаран байлдав. Энэ тулалдаанд Харбөх амиа алдаж Алгуй ялагч болсон тул Аригбөхийн манлайн цэргийг бут цохиж жанжин Харбөхийн аминд хүрснээр нэр нөлөө олсон байна. Ялалт байгуулж сэтгэл нь амарсан Алгуй Или голын хөндийд байсан ордондоо буцаж очоод цэргээ гэр гэрт нь явуулжээ. Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн ар талын цэргийг удирдаж байв. Асутай Төмөр хаалгын даваагаар Илийн хөндий рүү орж Алгуйг гэндүүлэн бут цохижээ. Алгуй Дорнод Туркестан уруу зугтан зайлав. Аригбөх Илийн хөндийд өвөлжихдөө нутгийн ард иргэдийг байнга дарлаж байсан учир өлсгөлөн болж олон хүн үхсэн байна. [Бартольд 1963 а:576]. Тэр өвөл Аригбөхийг дэмжиж байсан ноёдын олонхи нь түүнийг орхин оджээ. Мөн Алтайд цэрэгтэйгээ өвөлжиж байсан Өгэдэй хааны өөр нэг хүү Уранташ (Рашид ад-дин: Уренгташ) Хубилайн талд урван оржээ. Дээрээс нь өвөлжингөө нутгийн иргэдээс хүчээр гаргуулан авсан улаан буудайгаар адуу малаа тэжээж байсан учир хавар ногоо цухуйхад агт морьд нь өвчилж хиарсан байна. Алгуй Аригбөхийн энэхүү хүнд байдлыг ашиглан түүнийг нэгмөсөн бүт цохих санаатай хүн хүчээ базаагаад дөхөж ирэхэд Аригбөх Эргэнэ хатан болон Масуд-бекийг түүнийг угтуулан илгээгээд өөрөө 1264 онд Асутайн хамтаар Хубилай хаанд бүүж өгөхөөр оджээ.
Бидний үзэж байгаагаар Аригбөх Эргэнэ хатныг чухам энэ үед Алгуй руу явуулсан нь үнэнд нийцнэ. Энэ үеэс Алгуй Эргэнэг хатнаа болгож харин Масуд-бекийг Самарканд, Бухарын захирагчаар томилжээ. Бэрх Хүлэг хоёрын дунд Алгуй яс хаясан гэж армян сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Алгуй Бэрхийг үзэн яддаг биш юмаа гэхэд дүргүй байх бүрэн үндэстэй юм. Нэгд, Бэрх лалын шашинд орсон бөгөөд лалыхныг Хүлэг хааны шахалт дарамтаас өөрийгөө сахин хамгаалагч хэмээн зарлаж байв. Хоёрт, Бэрхийн матаасаар Алгуйн удам буюу Өгэдэйн үр ач нарыг хэлмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл 1251 оны үйл явдлын гол буруутан нь Бэрх мөн гэж Алгуй үзэж байв. [Бартольд 1963 а: 576].Алгуй Бэрх хоёрыг дайтаж байсан гэж Бартольд үзсэн байна. Алгуйн зарлигаар Масуд-бек Мавераннахрын хотын оршин суугчдаас Бэрхтэй хийх дайнд зориулсан мөнгө татаж Алгуйд өгсөн гэжээ. [Бартольд, мөн тэнд]. Энэ дайнд Бэрх бүрэн ялагдаж, Алгуй түүний мэдэлд байсан Отрарыг эзлэн дээрэмдсэн байна. Арран, Азербайджаны нутаг дэвсгэр нь Алтан ордны болон Эл хаадын улсын хоорондын хэрүүлийн алим болж байлаа. Энэ хоёр улсын хооронд 1262 оноос дайн явагдаж байсан бөгөөд энэ дайны үед Хубилай элч зарж Бухарын хүн амын тооллого хийхийг зарлигджээ. Эл тооллогоор Бухар хотноо 16 мянган монгол цэрэг байснаас 5 мянга нь Батын буюу Алтан ордны, 3 мянга нь Сорхогтани хатны буюу Хубилай, Хүлэг нарын эхийн, үлдсэн 8 мянга нь их хааных байжээ. Хубилайн зарлигаар Алтан ордны улсын цэргүүдийг хотоос гаргаж бүгдийн хороосон бөгөөд гэр бүл, өмч хөрөнгий нь хураан авчээ. Алгуй 1264 онд нас барав.
Аригбөх Хубилай хоёрын зэвсэгт тэмцэл 1260-аас 1264 он хүртэл бүтэн 5 жил үргэлжилж эцэст нь Аригбөх тэмцлээ үргэлжлүүлэх ямар ч нөхцөлгүй болсон тул, үлдсэн цэрэгтэйгээ Хубилайд бууж өгөв. Хубилай хаан дүү Аригбөх болон Асутайг хэрхэх талаар ах Хүлэг, Бэрх, Алгуй нарын санал авсан хэмээн Бартольд бичжээ. [Бартольд, мөн тэнд]. Гурвуул булзамхай хариу өгсөн тул Хубилай хоёулангийн өршөөж амь насыг нь хэлтрүүлжээ.Хубилай өөрийн отгон дүү Аригбөхийн амь насыг хэлтрүүлсэн боловч түүнийг нас барах хүртэл нь тусгай харгалзан барьж байжээ. Гэвч Хубилай Аригбөхийн талын бусад ноёдыг ах дүүсийн хооронд хуйвалдаан зохион байгуулж, хэрүүл маргаан гаргаж, дайн өдөөв хэмээн шийтгэж нэлээд олныг нь цаазлан алсан билээ. [Рашид-ад-дин т.II :197].Үүгээр ах дүү хоёрын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч, их хааны ширээний төлөө тэмцэл зогссонгүй, энэ удаа уг тэмцэл монгол ноён Хайдугийн удирдлагын доор явагджээ. Хубилайн эсрэг Монгол ноёдын шинэ эвсэл 1266 онд байгуулагдаж түүнийг урьд Аригбөхийг дэмжиж явсан Хайду толгойлжээ. Хайду, Өгөдэйн үр ач нарын дунд сэргэлэн ухаантай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед их хааны эсрэг хуйвалдаанд оролцож шийтгүүлэхийн даваан дээр хаанаас өршөөл гуйсан тул их хаан түүний амийг хэлтрүүлэн Тарвагатайд нутаг заан тэнд байнга байхаар цөлсөн ажээ.Хайду бол Өгэдэй хааны тав дахь хүү Хашины хүү. Өвөг эцэг Чингисийн ордонд хүмүүжил олсон, Өгэдэй хааны нас барахад Мөнх хааны дэргэд байсан бөгөөд дараа нь хааныг Хятад уруу дайлаар мордоход Аригбөхийн дэргэд үлдсэн. Ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл дэгдэхэд Аригбөрийн талд орсон. Харин Аригбөхийг бууж өгөхөд Хайду өөрийн удмын эрх дархыг сэргээн хамгаалхаар үлджээ.
Энэ удаа тэрбээр Хубилайн эсрэг тэмцэж монгол ноёдын эвсэл байгуулах болсон шалтгаан нь “эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээ эзлэн Хятадын нөлөөнд орсон” гэж Хубилайг буруушааж байсантай холбоотой юм. [БНМАУ-ын түүх 1 боть: 289]. Энэ эвсэлд Мөнх хааны үед хэлмэгдэж явсан Өгэдэй болон Цагадайн удмынхан оржээ. Хубилай хаан Хайдугийн довтолгооноос бүх талаар сэргийлж эсэргүүцэн байлдах цэргийн хүчийг бэлтгэж, ерөнхийлөн захирагчаар хөвүүн Номхоныг тохоон томилжээ. Номхон Хархорумд хүрэлцэн ирсэний дараа юуны өмнө монголын шилдэг цэргийн хүчнийг бөөгнөрүүлж, цэргийн сургууль хийлгэжээ. Үүнээс гадна Алтан орд, Цагадайн улсын монгол ноёдтой холбоо барихаар элч төлөөлөгч заржээ. Эн түрүүнд Цагадайн улсад хаан эцэг Хубилайн нэрээр хэд дахин яаралтай элчийг “хятад газрын үнэт бэлэгтэй илгээж түр зуурын холбоо тогтоон хэлэлцээр байгуулж амжжээ. Тэр хэлэлцээр ёсоор Цагадайн улсын Чапар цэргийн хүчээр Хайдуг цагдан сэргийлж байхаар тогтжээ”. [МУ-ын түүх II боть:198]. Чапар бол Хайду ноёны хүү бөгөөд эцгийн үйл хэргийг үргэлжлүүсэн билээ.
Номхон бас эцгийн нэрээр Артан ордны улсад элч заржээ. Алтан ордны Мөнхтөмөр хаан, Хайдуг Юань улсад довтолбол цэрэг гаргаж Хубилайд туслахыг зөвшөөрчээ. Чухам ингэж Номхон богино хугацаанд бусад улсын хүчийг Хайдугийн эсрэг чиглүүлж чадсан боловч тэр нь бат бэх биш байжээ. 1276 онд Хубилайн эсрэг явуулсан тэмцэлд Мөнх хааны хөвгүүн Ширжи, Ариг-Бөхийн хөвгүүн Мингэл-Төмөр, Юмахор нар идэвхитэй оролцсон байна. Хубилай өмнөд Хятадыг дайлаар явуулсан цэргийн гол хүчийг татан авчирч эсэргүүцэн боссон ноёдыг дарах арга хэмжээг яаралтай авсан байна. 1283 он хүртэл үргэлжилсэн ширүүн байлдааны эцэст Хубилайн эсрэг боссон ноёд хүч мохож бууж өгсөн боловч Монгол гүрний тал нутгийн баруун хэсгийн ихэнхийг эзэлсэн Хайду Хубилайн эсрэг тэмцлээ цааш үргэлжлүүсэн юм. Хубилай Хайду нарын зөрчлийн үндэс нь Хубилай Хятадад төрийн төвийг шилжүүлсэн, Хайду монголын нүүдлийн уламжлалт хэв ёсоо хадгалахын тулд Хубилайг эсэргүүцэн тэмцсэн нь уул тэмцлийн нэгэн гол шалтгаан мөн боловч “үүнээс өөр илүү чухал шалтгаан байсныг үгүйсгэж болохгүй”. “Юуны урьд Хубилай Төв Азийг өөрийн гүрэнд багтаан оруулахыг чухалчилж байсныг дурьдах нь чухал. Хубилай Төв Азиар дамжин өрнө зүг асар их худалдааны замыг нээх бодолтой байсан. Гэтэл Хайдугийн эсэргүүцлээс болж энэ бодлого төлөвлөгөө биелэгдэхгүй болсон байна. Төв Ази Хайдугийн гарт байх нь Хубилайд ашиггүй боловч энэ бол бага хэрэг. Хэрэв Монгол орон тэр аяараа Хайдугийн гарт орвол Хубилайд хэмжээлж баршгүй аюул хохирол гарах нь тааж цөхөрмөөргүй зүйл байв. Хэрвээ Хайду Монгол орныг эзлэн авбал Хубилай эх нутгаасаа салж зөвхөн Хятадыг захирах төдийгээр үл барам өчнөөн олон жил үйл тамаа эдэлж байж эзлэн авсан Хятадыг алдахад хүргэх нь ямарч маргаангүй байв.Эцсийн бүлэгт Хубилай Тогоонтөмөр хаан шиг хөөгдөн гарах нь гарцаагүй байв. Энэ бол зөвхөн Хятадад Монголын ноёрхол унаж байгаа хэрэг төдий биш Чингисийн үүсгэн байгуулсан Монгол их гүрэн бүрмөсөн балран мөхнө хэмээсэн хэрэг байв” гэж академич Ш.Нацагдорж дүгнэсэн байна. [Нацагдорж.1998:41-42].
Эргэнэ хатан Цагадайн улсын ноёд түшмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек-шагийг хаан ширээнд өргөмжилжээ. Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрч Есөндувагийн хүү Боракийг Мубарек-шахтай хамтран төр барьж Хайду ноёныг дарж газар нутгий нь эрхэндээ оруулахыг зарлигдан нутаг уруу нь илгээв. Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, хааны итгэлийг олсон хүн байлаа. Энэ үед Хайду Эмиль голын эрэг дагуу газрыг эзлэн эрхшээлээ Дорнод Туркестан хүртэл тэлжээ. Уйгурын нутаг Хайду, Хубилай хоёрын хоорондын жийрэг газар болон хувирчээ.Хубилайн талд орсон уйгурууд Хайду ноёны эвсэлд орсон Цагадайн улсын цэрэгт олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй Бишбалык хотоо орхин зайлхаас өөр арга олсонгүй. Уйгурын идикуутууд ард иргэдээ дагуулаад эхлээд Хамид нүүн очоод дараагаар нь барагцаалбал 1283-1284 онд 400 жилийн турш оршин суусан газар орноо орхиж Ганьсуд зугтаан очиж, эцэж ядарч хэсүүчлэн явсан нь Юань улсын хааны аврал өршөөлөөр эцэс болж, Юнчанд амьдрах болжээ. Ийнхүү уйгурын газар нутаг Цагадайн улсын бүрэлдэхүүнд оров. Турфан, Хамийн ногоон талдаа үлдсэн зарим уйгур хэсэг хугацаанд Юань улс ба Цагадайн улсын хооронд тал засах аргаар тусгаар тогтнолоо нэлээд хамгаалж байжээ. 1369 онд тэдгээрийг Цагадайн улсын хаан Хизр-Ходжа эзлэн авчээ. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек-шахын байр суурь нэлээд бэх бат болохыг олж харжээ. Иймд тэрбээр Мубарек-шахтай эеээр үзэхийг шийдэж хүн ардаа цуглуулж эцэг өвгийнхээ эзэмшил нутагт очиж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эцэг Есөндувагийн эзэмшил нутаг нь Чаганианд байсан тул Мубарек-шах хүсэлтийг ёсоор болгов. Мумин, Басар хэмээх хоёр ах нартайгаа Борак Чаганианд очиж суурьшиж аажмаар Цагадайн улсын ноёд түшмэдийн ихэнхийг өөртөө урвуулан татаж чаджээ. Улмаар Мавераннахрыг гартаа оруулж 1264 оны 10-р сард Цагадайн улсын хаан ширээнд суужээ.
Рашид ад-Дины тэмдэглэснээр Мубарек-шахыг Борак өөрийн барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. [Рашид ад-дин т. II: 98].Ийнхүү Борак Цагадайн улсын хаан ширээг эзлэн авчээ. Цагадайн улс нь Хайдугийн эзэмшил газартай хиллэж байв. Энэ үед Эзэнт гүрний хувь улсуудын хоорондын хил хязгаар нарийн тогтоогдоогүй байсан учир Борак Хайду хоёр газар нутгийн маргаанаас хэд хэдэн удаа тулалджээ. Гэвч Борак дан ганц өөрийн хүчээр Хайдуг цохиж чадахгүй гэдгээ мэдээд түүнтэй эвлэрхээр шийдэв. Ингээд Борак Хайдутай хилийн маргаанаа эв дүйгээр шийдэж энэ асуудлаар дахин эвдрэлцэхгүй гэж андгай тангараг тавьсан байна. Хэргийн явцаар Борак хүчээ нэмэгдүүлж Хубилайн даалгаврыг умартан эзэмшил нутгаа өргөтгөх үүднээс түүнээс урвахаар шийдэв.
Юуны өмнө Борак Дорнод Туркестан дахь их хааны мэдлийн Хотаныг тонон дээрэмдэж их олз авсан төдийгүй Хубилай хааны томилсон Туркестаны захирагч Мугултай ноёныг Хятад руу хөөж явуулсан байна. Боракийн зөв тооцоолсноор зүүн, зүүн өмнөд Азид байлдан дагуулал хийж байсан Хубилай хаан түүний эсрэг их цэргээ илгээж чадахгүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны цэрэг илгээсэн боловч амжилтанд төдийлөн хүрсэнгүй. Хубилайн эсрэг хийж байсан монгол ноёдын тэмцлийн үр дүн нь Хайду Борак нарын зохицож хүчээ нэгтгэж чадах эсэхээс ихээхэн хамаарч байлаа. Иймд Борак, Хубилай нарын зөрчил тэмцлийг ашиглан өмнө Цагадайн удмынхны мэдэлд байсан Талас гол хүртэлх нутаг дэвсгэрийг Хайду эзлэн авчээ. Мавераннахраа хамгаалахын тулд Хайдугийн эсрэг хөдөлж Сыр-дарья мөрний эрэг дээр болсон анхны тулалдаанд Борак ялан дийлжээ. Алтан ордны улсын хаан Мөнхтөмөрийн илгээсэн 50 мянган цэргийн дэмжлэгтэйгээр Хайду хариу цохилт хийж Боракийн цэргийг бут цохижээ. Борак маш хүнд гарз хохирол амссан тул цөхрөнгөө баран Бухар Самарканд хотын оршин суугчдыг хотоос гаргаж өмч хөрөнгийг нь цэргээр тонон дээрэмдүүлэхийг хүссэн байна. Гэвч хотын оршин суугчид лалын шашны өмгөөлөлд орсноор Борак дээрх зорилгоосоо няцаж хотын гар урчуудад дийлж давашгүй татвар оногдуулжээ. Үүний улмаас дархчуул өдөр шөнөгүй зэвсэг хийх болжээ. [Бартольд, мөн тэнд]. Боракийг дайны бэлтгэлээ ид базааж байх тэр үед Хайду, Өгэдэй хааны хөвгүүн Хадааны хөвгүүн Кипчакийг элчээр илгээж найрамдахыг хүссэн байна. Кипчак Борактай дотно харьцаатай байсан учир хоёр этгээдийн дунд зуучилж тэднийг эвлэрүүлэн нөхөрсөг харилцаатай болгож чаджээ. Борак Кипчакийг Самарканд хотноо хүндэтгэлтэй хүлээн авч монгол заншлаар нэг нэгэндээ хундага барьжээ. Ингээд учир зүйгээ ололцож дараа жил хуралдай хийж газар нутгийн маргаанаа шийдвэрлэхээр тохиролцжээ. Ийнхүү Хайду Боракийг нэг мөсөн дуусган цохихыг бодолгүй харин элч зарж дараа жилийн хавар уулзаж гэрээ хэлцэл хийх санал болгосоны цаана ямар утга агуулж буйг Борак тааварлан мэдээгүй ч дуртайяа хүлээн зөвшөөрчээ. Хайду тухайн үедээ Боракийг бут цохиж Цагадайн улсыг бүгдийг эзэлж авах боломж байсан боловч тэгээгүй нь гайхал төрүүлж байна. Алтан ургийн дунд өвөг эцгийн гэрээс захиасыг давах эрх үгүй байсан нь үүнээс харагдаж байгаа юм.
Рашид-ад-Дины мэдээгээр 1269 оны хавар Талас голын хөндийд Цагадай, Өгэдэйн удмын хан хөвүүд болон ноёдууд хуран цугларч Дундад Ази дахь монгол ноёдын анхны хуралдайг хийжээ. [Рашид-ад-Дин т.III:71]. Уг чуулганд (Сурвалжид курултай, зөвлөгөөн, чуулган гэж зөрөөтэй тэмдэглэсэн байгаагаар авав). Алтан ордны улсын Мөнхтөмөр хаан тус чуулгаанд оролцсонийг зарим судлаачид үл зөвшөөрөн “Зүчийн улсын төлөөний хүн оролцсон байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн үздэг байна. [Бартольд 1963 a :582].Хуран цугларагчид 7 хоног найрлаж цэнгэж, найм дахь өдөр нь хэлэлцээрээ хийж эхэлжээ. Бүх хэлэлцээрийг Хайду удирдаж байв. Талас гол хүртлэх улсынхаа зүүн хэсгийг алдсан Борак, Цагадайн хууль ёсны залгамжлагчийн хувьд газар нутгаа эргүүлэн өгөхийг шаардсан байна. Гэвч уг хуралдайд оролцсон ноёдууд хэлэлцэж Мавераннахр нутгийн 2/3 хэсгийг Боракт, 1/3 хэсгийг Хайду болон Мөнхтөмөр хаан нарын хамтын эзэмшилд олгохоор шийдвэрлэжээ. [Рашид-ад-Дин т.III :71].Уг чуулганаар хэлэлцсэн хамгийн хэцүү бөгөөд маргаантай асуудал бол Долоон гол, Илийн хөндийд аж төрж байсан Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хэсгийг суурьшмал соёлтой Мавераннахрт нүүлгэн шилжүүлж тэнд нэгмөсөн нутагшуулах тухай байв. Ингээд Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хийгээд суурьшмал хоёр хэсэг хэрхэн зэрэгцэн орших үндсэн зарчмуудыг чуулганаар боловсруулан гаргав. Үүнд нүүдэлчид Мавераннахрын зөвхөн хээр талд аж төрж хот суурины ойр орчимд эргэлдэн хоргодож байхгүй агаад тариалангийн талбайд малаа билчээхгүй, хотын оршин суугчдаас хууль ёсны татвараас гадуур нэмэлт татвар авахгүй байхаар тохиролцов. Мавераннахрын захирагчаар Масуд-бекийг улираан томилжээ. [Рашид-ад-Дин т III.:71]. Мөн чуулганаар Цагадайн улсын хан Боракийн өвөл зуны ордын газрыг нарийн тогтоож өгөв. Академич В.В.Бартольдын үзэж буйгаар энэ чуулганаар Хорасан руу Ил хан Абагагийн эсрэг хийх Боракийн дайны төлөвлөгөөг мөн хэлэлцэж тохиролцсон ажээ. [Бартольд 1964 б:510].
Эцэст нь чуулганд оролцсон хан хөвүүд анд бололцон өвөр хоорондоо хувцас хунараа солилцож өмсөөд хундага өргөн үеийн үед нэг нэгэндээ үнэнч байх андгай тангараг тавьжээ. Үүгээр Таласын чуулган өндөрлөв. Таласын чуулганыг санаачлагч Хайду уг чуулганаар тогтоосон Дундад Азийн шинэ зохион байгуулалтын гол этгээд байсан нь эргэлзээгүй бөгөөд түүний цаад санаа нь эцэг өвгөдийн хуучин нутгийг сэргээхэд чиглэгдэж байсан бололтой. Хайду Цагадайн улсын газар нутгийн Долоон гол, Или голын хөндийн хэсгийг эзэлж аваад хариуд нь нөхөн төлбөр маягаар урьд нь 1260 онд Алтан ордны улсаас Алгуйн булааж авсан Мавераннахрыг албан ёсоор Цагадайн улсын эзэн Боракт шилжүүлж өгөх зорилго өвөртөлж энэхүү чуулганыг зохион байгуулсан нь харагдаж байна. Харин яагаад Цагадайн улсыг нэг мөсөн эзэлж өөрийн захиргаанд оруулаагүй юм бэ? гэвээс их хаан Хубилай хийгээд Алтан ордон болон Ил хаадын улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж Хайду Цагадайн улсаас цэргийн хүчээр авсан газар нутгаа ямарч маргаангүйгээр өөрийн удмын захиргаанд оруулахыг юу юунаас илүүд үзсэн бололтой. Үүнийгээ ч хийж чадав. Таласын чуулганд Хайду Борак хоёроос гадна Алтан ордны хан Мөнхтөмөр оролцсон нь газар нутгаа булаацалдаж байгаа хоёр этгээдийн маргааныг таслахаас гадна хөндлөнгийн гэрчийн үүрэг гүцэтгэж байв. Ингээд Хайдугаас ялагдал хүлээсэн Борак хүссэн хүсээгүй Таласын чуулганы шийдвэрийг дагаж харьяат ард иргэдтэйгээ Мавераннахрт шилжин суух болов. Цагадайн улсын хүн амын үндсэн монгол хэсэг нь Жалайр, Барлас, Хуучид болон Арлуад аймгаас бүрдэж байжээ.
Оросын эрдэмтэн А.Ю.Якубовскийн тэмдэглэснээр “жалайр аймгийнхан Ангрен мөрний хөндийд, барласууд Кашка-дарья голын сав газарт суурьших болсон ба эдгээр аймгууд Долоон голоос ирэхдээ хэл ярианы хувьд их бага хэмжээгээр түргийн нөлөөнд автсан байсан бөгөөд Мавераннахрт ирээд тэдний түрэгжих үйл явц улам эрчимжсэн байна” гэжээ. [Якубовский 1946: 49].Цагадайн улсын нөгөө хоёр үндсэн аймгуудын тухайд гэвэл “хуучид Аму-дарья мөрний эхэнд, арлуадууд Аму-дарья мөрнийг өгсөн өмнө этгээдээр нутаглан суужээ”. [Петрушевский 1984:152].Ихэнх судлаачид эдгээр аймгуудыг Мавераннахр луу шилжих болсон гол шалтгааныг Мубарек-шах болон Борак нар лалын шашинд орж суурьшмал соёлыг эрхэмлэн үзэж хот сууринг бараадан амьдрах болсонтой холбон үүний төлөө Таласын чуулганыг хуралдуулжээ хэмээн үздэг нь бидний бодлоор эндүү зүйл бололтой. [Петрушевский мөн тэнд]. Цагадайн улсын эдгээр аймгуудын сууж байсан хуучин нутаг болох Долоон голд Эрчис мөрөн, Тарвагатайн тэндээс шилжин ирсэн Өгэдэй хааны харьяат аймаг болох сүлдүс, хонгирад, хонхотан нар эзлэн суужээ. Чу голын хөндийг Хайду хааны хориг /“хоруг”/ болгов. Рашид-ад-дины тэмдэглэснээр “Или болон Чу голын завсар байх Шонхорлиг хэмээх нэртэй өндөр ууланд Хайду болон бусад хан хөвүүдийн онгод байдаг” гэдэг нь энэ нутаг Хайдугийн эзэмшил болсныг гэрчилж байгаа юм. [Рашид-ад-Дин т.II:16].
Цагадайн улсын дараа дараагийн хаадууд алдсан нутаг дэвсгэрээ Өгэдэйн удмыхнаас эргүүлэн авахыг оролдож байсан тул энэ хоёр улсын хооронд дайн самуун нэг бус удаа дэгдэж байв. Энэ хоёр этгээдийн хоорондын дайн самууныг судлаачид Цагадайн улсын дотоодын нүүдлийн болон суурьшмал хоёр чиг хандлагын зөрчил тэмцлээр тайлбарлан авч үздэг. [Бартольд 1963 д: 731].Хуралдайн дараа Хайду Боракаас ихэд сэрэмжилж байв. Боракийг Бухарт ойртуулахгүйн тулд Хайду Боракийн сууж байсан газар хот хоёрын дунд цэрэг байрлуулжээ. Борак хуралдайн шийдвэр болон тавьсан андгай тангарагтаа үнэнч үлдэж Хайдутай энэ асуудлаар ам мурийсангүй, харин: “Манай цэргийн тоо ихэд олширлоо. Цэргээ нутагтаа агуулахад хүндрэлтэй байна. Гол гаталж Хорасан мужийг эзлэх хэрэгтэй байна. Энэ ажиллагаанд Хайду анд тусал” гэжээ. [Рашид-ад Дин т.II :98]. Хайду нь Хорасаны Абага хаантай таарамж муутайгаас гадна нөгөө талаар Боракийг холдуулахын тулд Кипчак, Чапат хоёрыг тус тусад цэрэг захируулан Боракт туслуулахаар илгээжээ. Чапат нь Гүюг хааны хүү Нагугийн хүү ажээ. Борак цэрэгтэйгээ хөдлөн явсаар голыг гатлан Мервийн хилийн хавьцаа будаллав. Дараа нь тэрбээр Абага хааны дүү Тобшины цэрэгтэй тулалджээ. Энэ үед Абага хааны мянганы ноён Сүжигтү Борактай хамт Кипчак ирснийг сонсоод бултан очиж түүний талд ороод өгүүлсэн нь:”Би Кипчак ноёны албат тул өөрийн эзэндээ ирлээ. Бас эзэндээ сайн хөлөг морь авч ирлээ” гэжээ. Кипчак хариу болгон:”Хэдэн сайн морь авч Боракт бэлэг болгон барь” гэжээ. Сүжигтү Кипчакийн хэлсэн ёсоор болгожээ. Маргааш нь Боракийн өргөөнд Жалайртай ноён Кипчакт хэлсэн нь:”Борак чиний төлөө сэлэмнийхээ ид хавыг үзэх гэж олон мянган цэрэгтэйгээ энд ирсэн” гэжээ. Кипчак:”Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж гайхан асуув. “Болох юм ёсоороо л болж байна. Сүжигтү чиний албат, чамд захирагддаг ч гэлээ, өчнөөн хугацаа өнгөрчихөөд байхад тэр одоо яагаад чамруу ирэхгүй байна. Борак байгаа учраас л Сүжигтү наашаа ирсэн. Сүжигтүгээс Боракт өгөх ёстой сайн морьдыг чи өөртөө авсан. Чи өөртөө авах ёстой морьдыг Боракт өгсөн. Ийм учраас чи Сүжүгтүгээс өөртөө авсан морьдыг Борагт бэлэг болгон барь” гэж Жалайртай зандарсан байна. Энэ үгийг сонссон Кипчак уурсангуйгаар:”Ах дүү нарын хоорондуур орж их үг хэлж байдаг чи ер нь хэн юм бэ?” гэжээ. Жалайртай:”Би Боракийн зарц болхоос чинийх биш. Тийм учир чи намайг хэн бэ гэдгийг асуух болоогүй” хэмээн хариулав. Кипчак:”Хэзээ Чингис хааны удмынхантай харц хүн маргалдаж зүрхэлж байлаа? Чи муу нохой надад юу гэж сөргөлдөнө вэ?” хэмээн уурлав. Жалайртай:”Хэрвээ би нохой юм бол чинийх биш Боракийнх. Чи өөрийн нэрээ хичээж, хирээ мэд”.Кипчакийн шар нь хөдөлж:”Чи надад ингэж хариулж байгаа юм уу? Би чамайг тас цавчина даа! Борак миний ах учир чамайг тас цавчисаны төлөө надад юу ч хэлэхгүй” гэжээ. Жалайртай хутга шүүрэн авч:”Хэрвээ чи миний өмнөөс сарвалзах юм бол би чиний гэдсийг хүү татна” гэж ханхалзав.
Тэр хоёрын хэрүүл ийнхүү түйлдаа хүрэхэд Борак огт дуугаралгүй байхыг Кипчак хараад Боракийг Жалайртайн талд байна гэж ойлгоод нэрээ хичээн гарч явжээ. Тэрбээр өөрийн цэргээ авч голыг гатлан буцав. Кипчакийн буцасныг Борак мэдээд сандран, түүнийг буцааж ирүүлэх гэж дүү Никпейгээ, мөн араас нь Жалайртайг 3 мянган цэрэгтэй явуулжээ. Үүний дараа Чапат ч цэргээ аван Кипчакийн араас Хайдугийн зүг буцсан байна. 1269 онд болсон энэхүү тулалдаанд Боракийн цэргийн ихэнх нь амь үрэгдэж үлдсэн хэдэн нь таран зугтав. Хунд шархадсан Борак Бухарт очиж хэсэг хугацаагаар биеэ тэнхэртэл байсан байна. Борак өөртөө туслахаас татгалзсан Цагадайн хүү Мужи-Яягийн хөвүүн Ахмедын эсрэг далд тэмцэл дэгдээв. Борак Басар ахыгаа элч болгон Хайдуд зарж: ”Хан хөвгүүд надад туслах гээд хайхрамжгүй хандснаас би болон миний цэрэг ялагдлаа. Хэдийгээр миний хүчин чадал доройтсон ч гэлээ анд минь надад тусалбал би тэдний араас мөшгөн хөөж, барьж авч зохих шанг нь хүртээх болно” гэж хэлүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].Боракийн энэхүү саналыг Хайду эрэгцүүлэн бодож, хүний гараар могой барих гэсэн Боракийн далд санааг гадарлан элч Басарыг баривчлан дөнгөлжээ. Хайду Боракийн хүчин суларсныг далимдуулан бүрмөсөн зайлуулахын тулд түүнд туслана гэсэн цуу тараагаад 20 мянган цэргийн хамт Боракийн эсрэг морджээ. Энэ үед Боракийн хүмүүс Ахмедыг гартаа оруулан алсан байжээ. Үүнээс болж Борак Хайдугаас цэргийн тусламж хүссэндээ харамсч Хайдуд элч илгээн: ”Анд Хайду минь энд өөрийн чинь туслалцааг авах хэрэгцээгүй боллоо. Одоо санаагаа зовоолгүй буцаж харь” хэмээн хэлүүлжээ.Хайду Боракийн элчийн үгийг үл тоож урагшилсаар Боракийн өргөөнд ойртон бүсэлж хоножээ. Борак айсандаа тэр шөнөдөө нас барсан байлаа гэж “Судрын чуулган”-д өгүүлсэн байна. [Рашид-ад-Дин т.III:85]. Дараа өдөр нь Хайду Боракийн өргөөнд очиж гашуудал илэрхийлээд, оршуулагад нь оролцжээ. Боракийн цогцсыг монгол ёсоор өндөр газар онголсон байна. Тэнд байсан хан хөвүүд, ноёд Хайдууд бараалхан “Энэ цаг үе хүртэл бидний эзэн Борак ах байсан юм. Үүнээс хойш Хайду ах биднийг захирах болно. Та юу гэж зарлиг буулгана бид ёсоор гүйцэтгэнэ” гээд мэхийн ёслов. [Рашид-ад-дин т.II:100].
Хайду Боракийн хөрөнгийг цэргүүддээ хувааж өгөөд нутгийн зүг оджээ. Үүнд нь Боракийн үүган хөвгүүн ихэд дургүйцэн Алсу, Чупай, Капан нэрт дүү нараа дагуулан Алтан Ордоны Бэхтөмөр хаанд дагаар оржээ. Гуюг хааны хоёрдугаар хүү Чапат нь ард иргэдээ дагуулан Хубилай хааныг бараадан явжээ. Харин Мубарек-шахын хөвгүүд болон Харахүлэгийн хөвгүүн Эл хаадын улсын Абага-хааны харьяанд ороход хаан тэднийг Газни хотын орчим байрлаж байсан Никударын цэргийн дарга нараар томилжээ. Боракийн ах Басар нь мөн тэдний араас Абага хаанд очиж алба хаах болов. Боракийг нас барснаас хойш Цагадайн улсын нөлөө бүхий хан хөвгүүд болон ноёд Хайдугийн захиргааг үл зөвшөөрөн тал тал тийшээ сарнин оджээ. Өөрөөр хэлбэл, Цагадайн улсын нөлөө бүхий ноёд Хубилайн эсрэг хийж байсан Хайду ноёны тэмцлийг толгой дараалан дэмжиж байгаагүйг энэ баримт харуулж байгаа юм. Хайду Хубилайн хоорондох зэвсэгт тэмцэл Хубилайн нас нөхчих хүртэл (1294) 30 гаруй жил үргэлжлэв. Хайду үе үе Хубилай хааны эсрэг их бага довтолгоон хийсээр өвөг эцэг Өгэдэйн эзэмшил нутгийг сэргээн товхинуулаад эзэн нь сууж байжээ. Хубилай хаан амьдралынхаа турш Хайдугийн хүчийг бүрмөсөн бут ниргэж чадаагүй юм.Энэ хоёрын тэмцэлд Дундад Ази дахь Цагадайн хаант улс хамгийн их хэлмэгдсэн учир нь түүний эдийн засгийн хөгжил цэцэглэлт Торгоны замын худалдаатай шууд холбоотой байсанд оршино.Хайду ноёныг нас барсны дараахан Цагадайн удмын Дува хаан 1282 онд улсынхаа эзэн суусан байна.
Олон жил үргэлжилсэн Хайду Хубилай нарын зэвсэгт тэмцлийн хөлд нэрвэгдсэн улс орноо төвхинүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх асуудалтай Цагадайн улсын төрийг барьсан Дува хаан болон түүний үе залгамжлагчдын өмнө тулгарав. Юуны өмнө тэрбээр засаг захиргааны хуучин тогтолцоог халж түмтийн хуваарийг дэлгэрүүлэв. Үүний үр дүнд Цагадайн улсын дотоод байдал нэлээд тогтворжив. 1306 онд Дува хан нас нөхчив. Дува хааны дараа ээлж дараалан төр барьсан түүний гурван хөвгүүдийн нэг нь болох Кебек (1318 – 1326) улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд нэлээд анхаарлаа хандуулжээ. . Академик В.В.Бартольдын бичсэнээр Кебек хаан “мусульманы шашинд ороогүй ч мусульманчууд түүнийг шудрага төр баригч хэмээн магтан хотуудыг сэргээж, шинээр барьж байгуулсан” ажээ. [Бартольд 1964 б: 543].
No comments:
Post a Comment