Friday, September 26, 2008

УЛАМЖЛАЛ

КИМҮРА АЯАКО
Монголын театр, цам судлаач, олон улсын сэтгүүлч

Уламжлал бол тухайн цаг үеийн хүний сэтгэлд хадагдан үлддэг сэтгэгдэл гэж санагдана. Чингис хааны хөшөө байна. Хүн бүр хүндэтгэн бөхийнө. Монгол хүн төдийгүй, гадаадын хүн ч Чингис хааныг хүндэтгэнэ. Яагаад… Тэр хөшөө бол зүгээр нэг дүрс төдий биш, гадаад төрх, зүс царай нь тухайн цаг үеийн бодит Чингис хааных биш ч байж магадгүй боловч хүн бүр тэр хөшөөг Чингис хаан гэж бодож хүндэтгэнэ. Яагаад гэвэл, тэр ямар хөшөө байсан ч хүн Чингис хааны хөшөөнд мөргөж байгаа биш, Чингис хааны байгуулсан гавьяа, эрдэм ухаан, удирдагчийн авъяас чадварыг хүндэтгэн бишрэн мөргөж байна. Яг Бурхан багшид мөргөж байгаа шиг. Бурхан багшийн дүр арванайлсны дараа Бурхан багш болдог. Түүн шиг доторхи агуулга, сүнс, нүдэнд харагдахгүйгээр бишрэл хүндэтгэл төрүүлдэг гэрэл гэгээт хүч нь чухал болж байна. Тэр бол олон жил тасралтгүй уламжлан ирсэн хүний итгэл сүсэг болой. Хүний тэр сүсэг итгэл тасралтгүй явж ирсэн хойноо уламжлал болно. Уламжлал гэдэг уг нь дүрсэлсэн зүйл биш байсан болов уу. Уламжлал бол ямар нэгэн дүрс хийж тэр дүрсээрээ уламжлан ирсэн нь үнэн байлаа ч эхлээд дүрс байгаагүй байж болох юм. Хүний сүсэг итгэл уламжлах явцад гадаад дүрсийг хэлбэржүүлэн авч явсан ч байж магад. Дүрсгүйгээр ч уламжлал тасралтгүй явах нь Чингис хааны хөшөөгүй ч Чингис хаанд сүсэглэх сэтгэл үгүй болоогүйтэй адил. Уламжлал бол тухайн хүний тасралтгүй нэгдсэн сэтгэлгээ, өөрөөр хэлбэл, сүсэг бишрэл, бахархал. Тасралтгүй олон жил хүний сэтгэлд уламжлан явсан нэгэн зүйлийн сүсэг бишрэл гэдэг өөрийгөө хэн бэ, юу вэ гэж батлан, сэтгэлийн түшиг болгох зүйл бөгөөд тийнхүү баталгаажуулдаг зүйл нь тэрхүү уламжлал буюу сүсэг бишрэл болон бахархал болой. Жишээлбэл, Далай лам багшид сүсэглэхтэй адил. Далай лам багш бол хувилгаан тул дахин дахин төрж, тасралтгүйгээр дараа дараачийн үеийн далай лам тодрон гарч ирнэ. Тэр нь аяганд байгаа цай асгарсан ч өөр аягаар тэр цайг бүгдийг тосоод авчихвал цай яг хэвээрээ байхтай адил. Далай лам ямар гадаад дүр төрхтэй байлаа ч тэр бүгд цөм Далай лам. Далай лам бол Лам хуврагийн дүрийг түр авч, энэ хорвоод уламжлан тасралтгүй заларч ирдэг Жанрайсиг бурхан бөгөөд энэ хорвоод залрах үедээ авч хэрэглэж байгаа тэр хүний дүрийн гадаад төрх хэлбэр ямар байх нь хамаагүй. Гадаад төрх ямар байсан ч Далай ламын хувилгаанаар тодруулсан бол тэр хүний дотор Далай ламын сүнс уламжлан оршиж, энэ хорвоод залран тодорсон Далай лам мөн болно. Тухайн үеийн Далай ламын ааш зан үе үеийн Далай ламын гадаад төрхөөс болоод жаахан өвөрмөц онцлогтой байвч тэр хамаагүй, чухал зүйл бол уламжлах сүнс. Сүсэгтэн бол дүрсэнд бишрэн мөргөх талтай ч хэрвээ тэр дүрсийн дотор уламжлан, сүсэглэх зүйл болж ирсэн сүнс байхгүй бол сүсэглэх сэтгэл төрөхгүй. Аливаа зүйлийг хүн олон жил тасралтгүй сүсэглэж ирсэн сэтгэгдэл, хүндэтгэл бишрэлийн хүчээр тэр юм шүтээн болно. Гадаад дүр төрх гол биш, доторхи сүнс чухал, өөрөөр хэлбэл, олон зуун жил хүний хүндэтгэл итгэл нь тухайн сүнс болж, цаашдаа тэр сүнсийг шүтдэг сүсэг бишрэл үндэсний бахархал болж, яваандаа үндэсний уламжлал болох буй заа. Төрөөс уламжлалыг өөрийгөө бэхжүүлэх хэрэгсэл болгох зорилгоор тодорхой хувиар хэлбэрийн шинэчлэл өөрчлөлт оруулсан ч хүний сүсэг бишрэлийг татан, бахархал болох нүдэнд харагдахгүй дотоод сүнс, дотоод чанар, утга учир, угийн агуулгын үнэ цэн, мөн чанарыг бууруулж болохгүй, уламжлалыг хэвээр байлгахад чухал нөлөөтэй, өч төчнөөн жил уламжлан явсан тэр гол хүчин зүйл бол хүний сүсэглэх сэтгэл болой.Энэ нь зөвхөн шашинд хамаарах зүйл биш, хэл, соёл, түүх, улс орон, үндэсний бахархал, амьдралын дадал хэвшилтэй хамаатай асуудал юм. Тодруулбал, Японы Сүмо одоо монгол бөхийн амжилтаар Монголд ч олон хүний мэддэг таньдаг зүйл болж байна. Гэвч Сүмог, Японы нэгэн уламжлал гэж Монголд ойлгож яваа хүн маш ховор. Чөлөөт бөхтэй адил, нэгэн төрлийн барилдаан гэж боддог хүн олон. Японы уламжлал гэвэл нэгэн хачин хоцрогдсон ёс заншлыг дээрэнгүй зангаар япончууд Монгол бөхөд тулгаж байгаа мэт ойлгох хүн ч Монголд цөөнгүй бий. Японы уламжлал гэхлээр монгол хүнд хамаагүй зүйл болчих тул тэгэж бодох нь бас аргагүй. Яагаад гэвэл, энэ нь Монголын залуучууд анх Японы сүмод орох болсон явдалтай бас холбоотой болов уу.

Анх 1991 оны гуравдугаар сард Баянмөнх аварга Японы ГХЯ-ны шугамаар, Хирошимад болох Зүүн Азийн тэмцээний өмнө Монголын уламжлалт спорт, түүний дотор монгол бөхийг танилцуулахаар таван залуу монгол бөхтэй хамт Японд хоёр долоо хоног айлчилсан юм. Тэр үед миний бие Баянмөнх аваргын тэргүүлсэн монгол бөхчүүлийн орчуулагчаар цуг явсан ба Баянмөнх аварга Японд байх үедээ “Би энэ удаагийн айлчлалын үеэр Японы Сүмо бөхийн нийгэмлэгийн даргатай болон бас Спортын намын дарга мэргэжлийн чөлөөт бөхийн Антонио Иноки гуайтай уулзмаар байна” гэж надаас гэнэт хүссэн юм. Уг нь Баянмөнх аварга тэрхүү хүсэлтээ Монголд байхдаа Японы элчин сайдын Яаманд тавих хэрэгтэй байсан гэнэ. Гэвч 1991 оны тэр үе бол Япон, Монголын харилцаа чөлөөтэй болохын дөнгөж эхний үе байсан тул одоогийнх шиг Японд арай чөлөөтэй очих боломжгүй, Японд очих монгол хүн ховор байсан цаг үе билээ. Японд очоод, Баянмөнх аварга гэнэт тийм хүсэлт гаргасан тул хөтөлбөрт урьдчилан ороогүй, уулзах хүний жагсаалтанд байхгүй хүнтэй, албан ёсны айлчлалын үеэр уулзуулах хэцүү байлаа. Гэвч харилцаж байсан Японы ГХЯ-ныхан болон Япон сангийнхан Баянмөнх аваргын хүсэлтийг сонсон хүлээж авсан юм. Гэхдээ их шахуу хөтөлбөртэй байсан тул хичнээн уулзмаар байлаа ч хоёулантай нь уулзуулна гэдэг бас хэцүү байлаа. Тиймээс Япон тал орчуулагч надад, “Энэ хоёр хүний аль нэгэнтэй л уулзуулж амжих тул нэгийг нь сонгох хэрэгтэй байна. Алийг нь сонгохыг Баянмөнх аваргаас асуугаарай” гэсэн. Намайг асуухад Баянмөнх аварга “Би аль алинтай нь уулзмаар байна. Нэгийг нь сонгож чадахгүй” гэлээ. Миний хувьд аль алинтай нь уулзуулчихмаар байсан ч зохицуулах гэхэд цаг тун бага, хөтөлбөр нь дэндүү шахуу байлаа. Баянмөнх аварга шийдэж чадалгүй, нэг хоёр хоноход Япон талын зохион байгуулж буй дарга нар “Одоо Баянмөнх гуай шийдэж чадахгүй бол алинтай нь ч уулзуулах цаггүй болно”гэсэн. Би сандраад Баянмөнх аваргаас дахин дахин асуусан ч бас л “Аль нэгийг нь шийдэж чадахгүй нь, хоёулантай нь уулзуулаад өгөөч” гэж байв. Би ч аль алинтай нь уулзуулаад өгөхийг Япон талд уламжлан гуйсан ч “Хөтөлбөр тогтоочихсон хойно бас айлчлалын явцад хоёр уулзалт оруулах боломжгүй, хэрэв заавал уулзмаар байгаа бол аль нэгийг нь шийдэн сонго. Баянмөнх аварга өөрөө шийдэж чадахгүй байгаа бол чи өөрөө сонго” гэлээ. Тэгэхлээр нь би Сүмо бөхийн холбооны даргатай уулзуулахаар сонгоод тэднийг Осака башё руу аваачин, Сүмо бөхийн холбооны тэр үеийн Хүтагояама ерөнхийлөгчтэй уулзуулсан юм. Тэр үед Баянмөнх аварга Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хүтагояама гуайд Монголын залуучуудыг Японы Сүмод оруулмаар байгаа тухай анх ярьж, Хүтагояама гуай ч тэрхүү санааг маш дуртай хүлээн авч, 1991 оны зун Монголд очиж, дахин энэ тухай Монголын газар дээр ярилцахаар болсон юм. Ингэж 1991 оны зун Хүтагояама гуай Монголд ирж, 1992 онд Монголоос анхны сүмо бөхийн залуучууд Японд очих болсон юм.

Үүнийг энд дурдсан учир гэвэл, угаасаа Монголын тал бол Сүмо, чөлөөт бөх аль алинтай нь холбоо тогтоох сонирхолтой байсан бөгөөд Сүмог Японы уламжлал гэсэн үүднээс үзэж байсан биш, харин бөхийн нэг төрөл л гэж бодож анх холбоо тогтоосон болой. Чөлөөт бөхийн даргатай тэр үед уулзсан бол сүмогоос өмнө Японы мэргэжлийн чөлөөт бөхийн салбарт Монголын залуучууд очих байсан ч байж магадгүй. Монголчуудын хувьд ер нь Сүмо бол Японы уламжлалт ёс заншил гэсэн ойлголт бараг үгүй, нэгэн төрлийн чөлөөт бөх шиг боддог тал ихтэй болов уу. Энэхүү анх холбоо тогтоох болсон явдлаас харсан ч тэр нь ойлгомжтой. Тиймээс одоо Монголын хоёр Ёокозүнатай болсон хойно Японы сүмогийн ёс заншил, сахилга ч гэсэн монголчуудад нэг хачин, Японы ойлгомжгүй хавчлага юм шиг санагдаад байж магад. Уг нь Сүмо бол жишээлээд хэлэхэд, Монголын Чингис хаанаа шүтэх уламжлал, Далай ламыг шүтэх уламжлалаас нэг их ялгаагүй, Япончуудын уламжлал юм. Мэдээж, одоогийн Сүмо бол Мэйжигийн хувьсгалаас хойш орчин үежиж, бас телевизээр нэвтрүүлэх болсноос хойш буюу ХХ зууны дунд үеэс бас том өөрчлөлтөд орсон юм. Одоогийн Сүмогийн хэлбэр бол хэдэн зуун жилийн өмнөөс уламжилсан зүйл дээр Мэйжигийн цаг үе болоод Японы уламжлалт спортын хувьд Япон гэсэн улс орны бэлгэ тэмдэг, уламжлалт зан үйл болгон орчин үежүүлэхээр боловсруулалт оруулсан зүйл болой. Гэвч Сүмогийн зан үйл, ёс журамд нэг их том өөрчлөлт оруулалгүйгээр өнөөг хүртэл уламжлан иржээ.

Сүүлийн үе Америкийн Хавай болон Монгол, Орос зэрэг орны залуучуудыг Сүмогийн дэвжээнд гаргасан боловч энэ бол Даяршлын нэг нөлөө л болохоос биш Сүмо гэсэн мөн чанарт хамаарахгүй, нэг их том өөрчлөлт ч болж чадахгүй зүйл байна. Америк хүн Ёокозүна болсон ч, Монгол хүн болсон ч Ёокозүна гэдэг уламжлалыг хадгалж яваа бол ямар үндэстэн байх нь хамаагүй. Энэ бол Далай лам өөр нэгэн дүрээр дахин мэндэллээ ч Далай лам хэвээрээ уламжлан шүтээн болж явдагтай адил юм. Одоог хүртэлх 14 Далай лам бүр өөр гадаад төрхтэй, нүүр царайтай, зан араншинтай байлаа ч энэ бол тухайн үеийн Далай ламын онцлог болохоос Далай лам биш эсэхийн тухайт зүйл болоогүй юм. Түүнтэй бараг адил Сүмогийн Ёкозүна ямар үндэстэн, ямар зан араншинтай байлаа ч япончуудын дотор уламжлан ирсэн Ёкозүна хэмээх сүнс нь үе үеийн Ёкозүнагаар дамжин явж, түүгээр Японы сүмогийн уламжлал хадгалагдан яваа гэсэн утгатай болох юм. Одоо Японы Сүмогийн бөхчүүдэд Японы ард түмэн янз бүрийн санаа бодол хэлж эхэлж байгаа нь энэ уламжлалтай холбоотойгоор үе дамжин уламжлан явах ёстой сүнс буюу уламжлалын үндэс болох сүсэг бишрэл, үндэсний онцлог гэж хэлж болох бахархлын сэтгэлгээний үндсэнд нөлөөлдөг ямар нэгэн өөрчлөлтөд орох бий хэмээн эмзэглэж эхэлсэнтэй хобоотой гэж бодогдох юм. Олон зүйлийг Ёкозүнагаас шаарддаг нь ч Япон сүмогийн уламжлалын сүнс, япончуудын дунд олон зуун жил тасралтгүй уламжлан ирсэн сүмог бишрэн сүслэх сэтгэлтэй холбоотой болов уу. Уламжлал гэдгийг гадаад төрхөөс нь харвал, цаг үеийн өөрчлөлт, тухайн цаг үеийн нийгэм улс төрийн байдлын нөлөөгөөр тодорхой өөрчлөлтөд орсон ч дотоод сүнсийг нь л уламжлан авч явж чадвал болох юм. Уламжлал гэдэг цаг үе өөрчлөгдсөн ч, гадаад хэлбэр төрх өөрчлөгдсөн ч үл хувиран хэвээр байгаа тэр зүйл юм. Тэр нь хүний дотор байж байгаад гарч ирдэг сүсэглэх сэтгэл бөгөөд энэхүү сүсэглэх сэтгэл уламжлалыг бий болгох үндэс болдог. Энэхүү сүсэг бишрэл үгүй болчихвол тэр нь уламжлал биш болно. Хэлбэр нь хичнээн үлдэж уламжиллаа ч тэнд хүний сэтгэл дагах зүйл үгүй бол зүгээр л нэг дүрс хэлбэр болох ба түүнийг уламжлал гэхгүй.

Цам ч гэсэн Монголын уламжлалын нэгэн зүйл. Гэвч түүнийг уламжлал болгоход сүсэг бишрэлийн үндэс болсон утга, сүнс гэдэг юм байх ёстой. Одоогоос 20 орчим жилийн өмнө Монголын судлаач нар, ялангуяа Ардын зураач Цүлтэм гуай “Цам бол театр биш. Театр уу эсвэл шашны зан үйл үү гэдгийг тодруулмаар байна. Цам бол зан үйл юм” хэмээж байсан билээ. Цам гэдэг юу вэ гэхэд багт бүжиг гэсэн ойлголт Монголд ихээхэн газар авч байна. Монголд ийм учраас гадаадынхан ч ялгаагүй тэгж ойлгоно. Гадаадынханд Монголын өвөрмөц онцлогийг харуулахын тулд цамын баг хувцас, цамнах хөдөлгөөнийг үзмэрийн хэрэгслийн хувиар ашиглуулж байна. Одоо театрт гарч байгаа цам бүжгийг би үгүйсгэхгүй боловч тэр бол цам биш юм. Социализмын үед шашны уламжлалыг таслахын тулд хэлбэр дэх зүйлийг ихэвчлэн үгүй болгож уламжлалаа авч явах хүнийг ч үгүй болгосны улмаас цамын уламжлал ч алга болсон юм. Уламжлал бол сүсэг бишрэл. Уламжлал тасарсан хойно, гадаад төрхийг л хэрэгсэл болгон шинээр орчин үеийн үндэсний хэлбэртэй бүжиг хийсэн нь одоогийн цам бүжиг юм. Энэ нь доторхи сүнсийг орхиж, зөвхөн гадаад төрх, хэлбэрийг ашиглан бүтээсэн орчин үеийн урлагийн нэгэн төрөл тул Монголын уламжлал ч бас биш. Тэр цам бүжгийг үзлээ ч сүсэглэх сэтгэл, итгэл бишрэл хүнд төрөхгүй. Сүсэг бишрэлгүй зүйлд хүний бахархах сэтгэл ч, хүндэтгэх сэтгэл ч төрөхгүй. Урлагийн хувьд хичнээн сайхан хувцас багтай бүжиглэсэн ч тэр бол нэгэн үзмэрийн хэмжээгээс давахгүй, хувцасны гоо сайхны мэдрэмж төрүүлсэн ч сүсэглэх сэтгэл яасан ч төрүүлэхгүй юм. Сүсэглэх сэтгэл л уламжлалын тулгуур болно. Сүүлийн жилд, ялангуяа энэ жилийн Наадмын нээлтийн ёслол болон саяхан болсон Мэргэжлийн Сүмо бөхийн Монгол башёгийн үе, Ерөнхийлөгчийн хүлээн авалт, Төрийн ёслолын үеэр гээд юм л бол цам бүжиг бүжих боллоо. Үүнийг Монголын уламжлалт соёлын хувьд юм болов уу гэхлээр өөрийнхөө ард түмэнд ч сүсэглэх сэтгэл төрүүлэхгүй хэлбэржүүлсэн зүйл байгаа нь харамсалтай. Цам бүжиг гэдэг нэгэн урлаг, шинэ цагийн бүжгийн төрөл байхыг үгүйсгэхгүй ч энэ бол монголчуудын уламжлалт цам биш. Цамын хэлбэрийг ашигласан нэгэн бүжиг юм. Наадам ч юм уу Төрийг хамруулсан нээлтийн ёслолын үед цам бүжиг хийх нь нэн сонин санагдана. Гэхдээ уламжлалаа хүндэтгэхгүй, сүсэглэх сэтгэл төрүүлэхгүй хэлбэрдэж байгаа нь Монголын Төрийн өмнөөс санаа зовмоор. Цам гэгч чухам юу юм бэ гэдгийг мэдэх хүн бараг байхгүй боллоо. Сэрээтэр ламтан Хүрээ цамын Чамбон байсны хувьд өнөөгийн Монголд Хүрээ цамын зан үйлийг жинхэнээр харагдуулан зүй ёсоор гаргах боломжтой болсон юм. Сэрээтэр ламтан хэлмэгдүүлгийн үеэр амьд мэнд үлдэж чадаад, цамын уламжлалын сэтгэлгээг хойч үеийнхэнд өвлүүлснээр Монголд одоо цам гэдэг нэг уламжлал үлдэх болсон гэж би боддог. Энэ бол Сэрээтэр ламтангүйгээр, зөвхөн залуу лам нарын хүчээр хийлгэн амжуулж чадах ажил биш байсан юм. Харин одоо цам бүжиг Монголд газар авч байгаа нь ч бас Сэрээтэр ламтантай холбоотой болов уу гэж би боддог. 1988 онд Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх эдийн засгийн бодлогын хүрээнд “Цам” гэдэг уран сайхны кино хийхээр болсон байна. Хүрээ цамыг мэддэг, бас хэлмэгдүүлгээс өмнө цамд биечлэн Чамбонгоор оролцож, цамын зан үйлийг удирдаж байсан Сэрээтэр ламтан 1988 оны тэрхүү “Цам” хэмээх кинод ч биечлэн оролцож, цамнах дэгийг киноныхонд заасан юм. Тэглээ гээд Сэрээтэр ламтанг буруутгах гэсэн юм биш. Харин Сэрээтэр ламтны Цам судлалын шавийн хувьд хэлэхэд, багш маань тэр үед ямар ч гэсэн цамын уламжлалыг Монголд үлдээхийг зорьсон болов уу. Уг нь тусгай сонгогдсон нууц тарнийн зан үйлийг хийж чадах чадвартай, ном мэдлэг өндөр лам нарт л цамд оролцох эрх зөвшөөрөл олгодог байжээ. Гэтэл, 1988 оны Цамын уран сайхны кинонд Сэрээтэр ламтнаас бусад нь бүгд лам биш, бүжигчид байсан бөгөөд Сэрээтэр ламтан бол өөрөө Хүрээ цамд Чамбон байсан хүн, Нууц тарнийн зан үйлийн талаар өөрөө хариуцаж чадах тул кино хэмээх мэдээллийн хэрэгслээр дамжуулан, цамын уламжлалыг хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхийг бодсон болов уу гэж бодогдоно. Тэр үед, цаашид Монголд ардчилал болно, шашин суртлаа сэргээх цаг ирнэ гэсэн төсөөлөл ч төрөөгүй цаг байсан ба Сэрээтэр ламтны нас сүүдэр ч ная зэрэгцэх шахаж байсан билээ. Уран сайхны кино бол урлагийн нэгэн төрөл боловч тухайн цагт, урлагийн аргаар уламжлалаа үлдээхээс өөр аргагүй байсан болов уу. Тэгээд “Цам” гэсэн кинод Сэрээтэр ламтан биечлэн оролцож, бүжигчидтэй хамт цамнасны улмаас Монголд цамыг багт бүжгийн төрөл шиг ойлгох ойлголт тархаж, бас бүжигчид ч цамын бүжиг гэсэн зүйл хийж эхэлсэн бололтой. Жинхэнэ лам хүн, тухайн цаг үед Чамбон байсан хүн бүжигчидтэй хамт цамнаснаас үүдэн, Монголд цам бол бүжиг гэж боддог болсон байж магадгүй. Сэрээтэр ламтан хувраг хүний хувьд тарнийн ёсны нандин нууцыг хэзээ ч хэнд ч задлахгүй нь мэдээж. Гэвч Чамбон гэсэн цамын амин сүнс болох нууц тарнийн зан үйлтэй холбоотой хэсгийг өөрөө ганцаар хариуцан хийж байсан хүн тул цамд лам биш, бүжигчин оролцож байсан ч, уламжлалаа хадгалахыг тэргүүн зорилго болгосон бол лам нарыг оролцуулах боломжгүй нөхцөлд өөрөө зан үйлээ ганцаар хариуцан, хуучин цамыг ямар ч гэсэн амьд байхдаа дахин Монголд сэргээхийн төлөө хүчин зүтгэсэн ч байж магадгүй. Цамыг мэдэлгүй өссөн хүн бол, Сэрээтэр ламтан өөрөө оролцож авсан кино тул кинод оролцсон бүжигчдийн Сэрээтэр ламаас сурсан дэг жаяг, хөдөлгөөнийг цам гэж бодоод, түүнийг нь уламжлалт цам гэж андуураад, энд тэнд цам бүжиг гэдэг шинэ төрлийн бүжиг гарган дэлгэрүүлсэн бололтой. Гэвч тэр бол цам биш, цамын хэлбэртэй орчин үеийн бүжиг. Уламжлалын мөн чанар бол сүсэглэх сэтгэл төрүүлэх эсэхэд л бий. Коминтерн цөөн тоот үндэстний уламжлалын хэв маягийг ашиглаж үзэл суртлын ухуулга хийж байсан цаг үе одоо нэгэнт өнгөрчээ. Төрийн албан ёсны ёслолын үед цам бүжиг гарч ирвэл Коминтернийн ухуулгын бодлогыг одоо Монголд үндэсний уламжлал болгон үлдээж, өөрийн үндэсний урлаг болгочихсон юм шиг санагдана. Цам бүжиг 1988 оны “Цам” гэдэг киноноос эхтэй бөгөөд тэр кино социализмын шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх үед гадаадын жуулчны тоог нэмэгдүүлэхийн тулд Монголын уламжлалт урлагийг сурталчлах шаардлагаар бүтээгдсэн юм. Тэр нь, сурталчилгаанд зориулсан урлаг байсан тул түүнд цамын сүнс байтугай, агуулга нь ч орхигдож зөвхөн хэлбэр нь л хуулагдсан зүйл болоод байж байвал болох байжээ. Одоо тэр хэлбэрдэн дуурайсан цам бүжгийг цам гэсэн нэрээр гаргаж байгааг харахад уламжлал гэдэг юм Монголд бол зөвхөн гадаадынханд өөрийн эх орныг нүдэнд ил харагдуулан сурталчлахад зориулсан зүйл шиг санагдах юм. Уг нь уламжлал бол тухайн ард түмний сүсэг бишрэл, бахархал болох нүдэнд үл харагдах, амин сүнс шиг юм байдаг. Сүсэглэх сэтгэлийг өөрийн ард түмний сэтгэлд эрхгүй төрүүлэхгүй зүйлийг уламжлал гээд яаж сурталчилсан ч уламжлал болно гэж үгүй юм. Монголд одоо уламжлал хэрэгтэй. Ардчиллаас эхлэх шинэхэн уламжлал биш, эрт цагаас эхтэй Монгол хүний сүсэг, бишрэл, итгэл, бахархал болох уламжлал өдөр тутмын нүүдлийн мал аж ахуйн амьдрал дотор зан заншил болж хадгалагдсаар байх шиг санагдана.

Аливаа үндэстний уламжлал гэдэг тухайн үндэстний хувьд сүсэг бишрэл болсон зүйл нь юм. Хэлбэр нь чухал биш , харин ч нүдэнд харагдахгүй, олон зуун жил хүний сүсэглэх сэтгэл шингэсэн сүнс тэнд байвал тэр уламжлал болж байгаа ба тэр нь өөр юу ч биш, зөвхөн олон жилээр хүн тасралтгүй амьдарч ирсэн зам мөр юм уу даа гэж бодогдоно.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Wednesday, September 10, 2008

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Дундад Азид хийсэн монголчуудын аян дайн



Их Монгол улс байгуулагдах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байв. Нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс. Эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ. Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156) хэмээн судлаачид үздэг. Хорезм нь Дорнод Сельжук улсын султан Санжарын хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж биеэ даасан улсын үндэс суурийг тавьжээ.

Астызыг залгамжлагч Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант төрийн нутаг дэвсгэр, засаг захиргааны тогтолцоо бүрэлдэн тогтжээ. Давуу эрх бүхий хүчирхэг цэргийн давхрагад тулгуурласан, санваартаны давхрааны нэр хүнд, ашиг сонирхолыг илэрхий орхигдуулсанд энэхүү тогтолцооны онцлог оршино. Текеш султаны хүү Ала ад-Дин Мухаммед шах (1200-1220) энэ тогтолцооны золиос болсон билээ.

Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ. Гэвч зэр зэвсгийн хүчээр захиргаандаа оруулсан Хорезмын хаант улсын дотоод эв нэгдэл нэн хэврэг байлаа.

Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж байв. [Груссе 2003:211]. Чингисий цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг иргэний хамт дагуулан Хар Киданы улсад очиж амь хоргоджээ. Хүчлүг 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж төрийн эрхийг булаан авчээ. Бурханы шашинт Хүчүлүг лалын шашинтныг хавчин гадуурхах бодлого барьж байсан нь хүн амын ихэнх хэсгийн дургүйцлийг төрүүлсэн байв.

Монголын цэрэг Дундад Азид очихын өмнөхөн үеийн Хорезм буюу Сартуул, Хар Киданы байдал иймэрхүү байлаа. Хүчүлүгийн ноёрхолыг эсэргүүцэж Харлагуудын толгойлогч Арслан, Уйгарын толгойлогч Идүүд хан, Алмалиг хотын захирагч Бузар нар 1211 онд Чингис хаанд дагаар орохоо илэрхийлжээ. Уйгар болоод харлагууд Балхаш нуур, Долоон голын саваар нутаглаж байсан ба Алмалиг хот нь Или мөрний дээд биед, өнөөгийн Кульжийн ойролцоо оршиж байлаа. Хубилай жанжны удирдсан монгол цэргүүд Долоон голын хойд талаар гарч ирэхэд өөрөө ямар их зөв сонголт хийснээ Арслан сэрхийтэл ойлгожээ. Тэрбээр Хубилайг дагалдан ирж, Чингис хаанд золгож, түүнд үнэнч байх андгай өргөсөн юм. “Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов” гэж “МНТ”-нд өгүүлжээ. Арсланд Алха бэгийг өгөв гэж “Алтан товчид” өгүүлсэн бол [Алтан товч 1990:98] Хятадын судлаач Чингис хаан охиноо Арсланд бус түүний хөвгүүн Эсэн Бухад өгсөн гэж үзжээ. [Яотин 2002: 243].

Бузар хан “Хүчүлүгтэй сөргөлдөхийн тулд Чингис хаанд элч илгээж, Хүчүлүгийн тухай мэдээлж , өөрийгөө Чингис хааны зарц хэмээн нэрлэжээ. Чингис хаан түүний санаа сэтгэлийг тайтгаруулж Зүчийн охиныг түүний хөвгүүнд өгч худ ураг болжээ”. [Яотин мөн тэнд]. Бузар хожим нь Монголын харъяанд орсон боловч нутаг буцсаны дараа тун удалгүй Хүчүлүгийн цэрэгт алагджээ. Хаан ширээг түүний хүү Шигнах тегин залгамжилсан бөгөөд тэрбээр Чингис хаанд ихэд таалагдсан бөгөөд түүний үр удам Алмалиг хотыг хэдэн үеийн турш захирч байсан ажээ. Чингис хаан 1217 онд Хүчүлүгт цохилт өгөхөөр Зэв жанжныг хорин мянган морьт цэрэгтэй Хар Кидан улсад илгээжээ. [МУ-ын түүх 2003:128, Груссе 2003:214, Саундерс 1992:60, Кутлуков 1984:99]. Харин Мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүд Худу, Чулуун нарыг даруулахаар Сүбэдэй жанжнаар удирдуулсан цэргээ илгээжээ.

Зэв жанжин Хар Киданы нутагт очоод Хүчүлүгийн улсын суугуул иргэд өөр өөрийн шашныг дураар шүтэх бүрэн эрхтэйг тунхаглан мэдэгджээ. Үүний хамт нутгийн хүн амд халдахгүй, зөвхөн Хүчүлүгийг эрж олох зорилготой байгаагаа таниулжээ. Хар Киданы хүн ам, ялангуяа лалын шашинт хэсэг Зэв жанжинд шууд дагаар оржээ. Хүчүлүг Бадахшан руу оргон зайлсан боловч нутгийн хүмүүс түүнийг монголчуудад барьж өгчээ. ”Зэв жанжин түүний толгойг цавчин авч Кашгар, Ирган, Яркенд, Хотон зэрэг орон нутгийн олон түмэнд үзүүлэв” гэж Жү Яотин бичсэн боловч ямар сурвалжид тулгуурласан нь тодорхойгүй байна. [Яотин 2002:284-285]. Рашид ад-Диний үзэж буйгаар Хүчүлүг Памир голын эх авсан уулын нутаг Сарикул буюу Сирикол (Шар нуур)-д алагджээ. Тэгвэл Жүвейни Бадахшанд алагдсан гэжээ. Сүбэдэй баатар Эрчис голыг гатлан мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүдийн толгойлсон цэргийг цохин сарниулжээ. Энэ үед Зүчи очсон бололтой гэхээс гадна “Сүүлчийн тулалдаанд Тогтоа бэхийн отгон хөвүүн, сайн цэцэн харваач Хөлтүгэн мэргэн Кыпчак руу зугтжээ. Хан хөвүүн Зүчийн цэрэг түүний хойноос нэхэж Хөлтүгэн мэргэнийг баривчлан авч” алжээ [Хаадын сан 1999:62]. Зүчи хан мэргидийн үлдэгдлийг Чу мөрөн хүртэл нэхэн хөөж мөхөөсөн юм. Ийнхүү найман мэргэдийн үлдэгдлийг мөхөөснөөр Их Монгол улсын баруун талын аюулгүй байдал хангагдав. Хар Киданы нутаг Монголын эзэмшилд бүрэн орсноор Их Монгол улс нь Хорезмын хаант улстай шууд хаяа хатгах болов.

Хорезмын хаант улсын Мухаммед шах торгоны замд хяналтаа тогтоох зорилгын үүднээс Зүчдийн Алтан улс болон Өмнөд Сүн улсын тухай мэдээлэл цуглуулж байв. Гэтэл Их Монгол улсын Чингис хаан Бяньлинг (Жунду) байлдаж байгаа мэдээг авмагц Чингис гэж хэн болох, Зүрчдийг байлдаж буй эсэхийг тандуулахаар 1215 онд Баха ал-Дин Ражи тэргүүтэй элч төлөөлгч заржээ. Мухаммедийн элч Жүндүгийн дэргэд Чингис хаанд бараалхжээ. Чингис хаан Хорезмшахтай найрсаг харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Хар Киданыг Хүчлүг эзлэн авснаас хойшх үед тасраад байгаа торгон замын худалдааг сэргээх, Их Монгол улсын баруун талын аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх ашиг сонирхолтой нь шууд холбоотой байв. Хорезмын хаант улсын элч төлөөлөгчид Чингис хааны хүсэл эрмэлзлийг Мухаммед шахад уламжлахдаа: “Би чиний хүч их, танай улс том гэдгийг мэднэ. Чамайг өргөн уудам газар нутгийг эзэмшин ноёрхож буйг би мэднэ. Би чамайг өөрийн хайртай хүүгийн нэгэн адил үзэж, чамтай сайн харилцаатай байхыг гүнээ хүсэж байна. Би нэгэнт Хятадыг байлдан дагуулж, Хятадын хойт нутгийн бүх угсаатныг эрхэндээ оруулсан, чи үүнийг мэдэх ёстой. Чи мөн манай улсын дайчид нь шоргоолж мэт олон, нөөц баялаг нь мөнгөний орд уурхай арвин, үнэхээр бусдын газар нутагт шунах горьдох шаардлагагүй гэдгийг ойлговол зохино. Би гагцхүү бидний ноёд түшмэд, ард иргэдийн хооронд эрх тэгш арилжаа наймаа хийж, энх тайвнаар харилцаж байгаасай гэж л хүссэн билээ” гэсэн байна. [Яотин 2002: 287]. Зөвлөлтийн түүхч И.П.Петрушевский:“Тэр үеийн дипломатуудын хэлээр, хаан өөр нэг хааныг “өөрийн хөвгүүн” гэвэл, түүнийг өөрийн хараат болгон үзэж байгаа хэрэг болдог байжээ” [Петрушевский 1984:124] гэж тэмдэглэжээ. Гэтэл Л.Н.Гумилев хэмээсэн билээ. “Мухаммед саяхан асар уудам газар орныг эрхэндээ оруулж, өөртэйгээ эгнэх хүн, өрсөлдөх дайсангүй хэмээн сэхүүн загнан, ялж дийлсэн тэр их эрч хүчээрээ гадагш давшилтаа үргэлжлүүлэх, тэр ч бүү хэл эзэмшил нутгаа дорно зүгт тэлэн өргөжүүлэх, Хятадыг байлдан дагуулж дэлхийн эзэнт улс байгуулах төлөвлөгөөтэй байжээ”. [Яотин 2002: 287].

Мухаммедийн элчийн хариуд Чингис хаан Хорезмын Махмуд, Бухарын Али-Хожа, Отрарын Юсуф Канка гэдэг Монголд амьдарч байсан мусульман худалдаач гурван хүнийг худалдааны гэрээ байгуулахаар Хорезмын хаант улсад илгээжээ. Мухаммед шахад өгөх бэлгийн дотор асар том тунгаамал алт, шижир алтан гулууз, үнэт хув болон зааны ясан эдлэлүүд, цагааг тэмээний ноосоор хийсэн асар үнэтэй зүйлүүд байв.[Груссе 2003:216]. Чингис хааны элч нарт Мухаммед шах хандан:”Манай улс том гэдгийг ертөнц даяар хэн хүнгүй мэднэ. Танай хаан чинь намайг хүүгээ гэж нэрлэж яахин зүрхлэнэ вэ?” Тэр ямар хайшаа амьтан юм, хэд хичнээн цэрэгтэй болооод тэр вэ?” гэхэд монголын элч Мухаммедийн уурлан хилэгнэж байгаа болон омгорхог дүрийг хараад түүнтэй маргалдахаас зайлсхийж: “Таны цэрэгтэй жишвээс Чингис хааны цэрэг ганц морьтой хүнтэй адил буйзаа” гэж хэлсэнд Мухаммед шахын сэтгэл уужирч, Чингис хаатай эвийн гэрээ байгуулахаар шийджээ. [Петрушевский мөн тэнд].

Бидний үзэж буйгаар энэ элчийн ташаа мэдээлэл шах Мухаммедийг төөрөгдүүлж, дараа нь Отрарт ирсэн монгол элч төлөөлөгч болон түүний дагалдах худалдаачдын талаар алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн болов уу. Чингис хаан хоёр улсын хоорондын арилжаа наймааг хөгжүүлэх үүднээс худалдааны зам дээр “Хараач” гэдэг харуул хамгаалат тавьж байжээ. Тэрбээр “Монгол улсын хилд нэвтрэн орж ирж буй худалдаачин хүн бүрт зар бичиг олгох, хааны хэрэгцээт барааг уул эзний хамт хаанд хүргэх, хаан зохих үнээр нь худалдан авах” тухай хууль хүртэл гаргаж байв. [Яотин 2002: 286].

Хорезмын улс руу Чингис хааны илгээсэн худалдааны хөсгийн талаар сурвалжид дурдсан зүйл болон судлаачдын санал нэлээд зөрөөтэй байна. Рашид ад-дины мэдээгээр тэмээн жинг дээрх гурван элч дагалдаж явсан бол [Рашид ад-дин т.I: 188] И.П.Петрушевскийн үзэж буйгаар тэдгээр элч тэмээн жингийн цуваанаасаа өмнө, тусдаа түрүүлж явсан гэжээ [Петрушевский 1984: 126] .Харин Р.Груссегийн үзэж буйгаар тэмээн хөсөг элч төлөөлгчдөөс нэлээд хожуу аян замд гарсан бөгөөд энэ удаа өөр элч нар болон их хааны бие төлөөлөгч монгол хүн явсан гэжээ. Тэрбээр бичихдээ: “Гурван элч Хорезм явснаас хойш хэсэг хугацаа өнгөрөөд Чингис хаан тавьсан саналаа хэрэгжүүлэх зорилгоор алт, мөнгө, хятад торго хоргой, тэмээний ноосон эдлэл, булга, халиу, минжний арьс тэргүүтэн ачсан маш баян худалдааны хөсгийг Хорезм руу хөдөлгөв. Энэ хөсгийн даамлаар бас л Монголд амьдардаг лал хүмүүсийг тохоон томилсон нь Омар Хожа (Отрарын), Гаммаль (Марагийн), Фахраддин-Дизаки (Бухар) гурав” байлаа. [Груссе 2003:217].Тэдэнтэй хамт өөрийн бие төлөөлөгч Ухуна гэдэг хүнийг Чингис хаан томилон илгээжээ. Ренэ Груссе бичихдээ: “Дорнод Ази, лалын ертөнц хоёрын хоорондын худалдаа наймааны ажлыг өргөтгөхийг Чингис хаан ихэд эрмэлзэж байсан” гэжээ. [Груссе 2003: 217].

Үнэт эдлэл бүхий 500 тэмээ ачааг авч явсан 450 худалдаачныг И.П.Петрушевский болон зарим судлаачид ихэд сэжиглэж тэдгээр хүмүүс “нүүдэлчин-цэргүүд” байсан бөгөөд худалдаа хийхээс гадна “цэргийн тагнуул хийх үүрэгтэй” байсан гэжээ. [Петрушевский 1984:130].Бидний бодлоор ийм их үнэ цэнтэй ачаа барааг сахин хамгаалах, замд ачаа бараагаа ачих буулгах, тэмээгээ арчлах маллах зэрэг холын аян замд зайлшгүй гарах хүндрэл бэрхшээлийг тооцож ийм олон хүнийг дагалдуулан явуулсан буйзаа. Харин цэргийн тагнуул хийхийн тулд ийм их үнэ бүхий бараагаар халхавч хийх нь дэндүү гоомой зүйл болно. Хааны хөсөг аян замдаа саад тотгоргүй явсаар Хорезмын хаант улсын хил Сыр-Дарья мөрний дунд салаанд орших өнөөгийн Туркестан хотын зэргэлдээ оршин байсан Отрар хотод хүрчээ. Хотын захирагч Иналчи нь Хорезмын Мухаммед шахын эх Теркены удам угсааны Хажир хан буюу “Хүчирхэг хаан” гэсэн цол хэргэмтэй, ихээхэн ов зальтай, бас шунахай этгээд байжээ. Тэрбээр кипчак, канглы түрэг овог аймгуудад тулгуурласан Теркен хатны талын хүн бөгөөд түркмен овог аймгаар гол тулгуураа хийсэн, төвлөрсөн хүчтэй засаг байгуулахыг эрмэлзэгч Мухаммед шахтай зөрчитэй нэгэн байв. Хорезмын улсын Теркен хатны талыхны тухай Жүвейни өгүүлсэн нь: ”Хайрлах өршөөхийг тэд ер мэддэггүй. Тэдний явж өнгөрсөн муж бүхэн цөлбөгдөн хоосорч, райатууд (тариачид) нь хэрэм цайзад нуугдан бүгж амь гарна” гэжээ. [Петрушевский 1984:124]. Иналчи хан Мухаммед шахад монголын худалдаачдын эд агуурсад шунасанаас хоёр улсын харилцаанд нэн сөрөг үр дагварыг бий болгожээ.

Монголын худалдаачид хилийн хот Отрарт худалдаа арилжаа хийхгүй, харин шахын өргөө байрлаж буй, нийслэл Самаркандад очиж Мухаммед шахад бараалхаж, дараа нь арилжаа наймаа хийх зарлиг хүлээсэн тухай тайлбарыг Иналчи ханхүлээж аваагүй байна. Иналчи хан бүх худалдаачдыг баривчилж, тэднийг Чингис хааны явуулсан тагнуул гэж зарлаад Мухаммед шахад энэ тухай мэдэгджээ. Монголын худалдаачдыг сайн харж хянаж байхыг Мухаммед шах зарлиг болгожээ. Гэтэл Иналчи хан худалдаачдын эд хөрөнгийг хураан авч Чингис хааны бие төлөөлөгч болон худалдаачдыг цаазаар авчээ. Тэднээс амь үлдсэн нэг хүн энэхүү аймшигт явдлын тухай Чингис хаанд айлтгажээ. Отрарын аллагын тухай В.В.Бартольд цохон тэмдэглэхдээ: ”Ийнхүү Хорезм шахын хийсэн хэрэг орчин үеийн олон улсын эрхийн үүднээс ч гэсэн Чингис хаанд дайн хийхэд нь хүрэлцэхээр барахгүй шалтаг өгчээ” гэжээ. [Бартольд 1963 а:467]. Гэхдээ энэ мөчийг хүртэл Хорезмтой дайтах тухай бодол Чингис хаанд хараахан төрөөгүй байсан гэж үзэж болно. Тийм учраас ч эе эвийг олох эцсийн горьдлого болгож Ибн Кафража Богра хэмээх лалын шашинт хүнийг хоёр монгол хүний хамт элчээр илгээж, худалдаачдыг алж хядсан хэргийн учрыг Мухаммед шахаас асуулгасан билээ. ”Чи надтай тохиролцсоноор бол манай улсын ямар ч худалдаачны ая тухыг алдуулахгүй гэсэн баталгаа өгсөн атал олон зуун худалдаачныг алж талж, гэрээ хэлэлцээнээс няцаад улсын эзэн гэсэн нэрээ хөөджээ. Хэрэв Отрарт худалдаачдыг алсан хэрэг чиний зарлигаар хийгдээгүй бол тэр жанжингаа надад тушаа, яаж шийтгэхээ би өөрөө мэдье. Эс бөгөөс чи дайтахад бэлтгэ” гэжээ. [Яотин 2002: 289]. Чингис хаанд Иналчи ханыг өгч явуулах боломж ч, хүсэл ч Мухаммед шахад байсангүй. Иналчи бол Мухаммед шахын эхийн талын хүн болохоор түүнийг Чингис хаанд барьж өгөх нь Хорезмын хагасыг өөрийн эсрэг босгохтой адил хэрэг байв. Ийм учраас Чингис хааны шаардлагыг Мухаммед шах хүлээж авсангүй. Лалын шашинтай хоёр монгол элчийг алж, Ибн Кафражагийн үс сахалыг хусаж туйлаас доромжлон буцаажээ. Насавийн өгүүлснээр гурван элчийг бүгдийг алсан аж [Бартольд 1963 a:467]. Зарим судлаачид Шах Мухаммедийн хүү Желал-ад-дин Иналчик ханыг Чингис хаанд өгч явуулах нь зүйтэй гэж эцэгтээ зөвлөсөн хэмээн зарим судлаач [Кычанов 2000:379] бичжээ.

Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас Хорезмын хаант улсад дайн зарлахаас өөр гарцгүй болжээ. Их Монгол улсын тусгаар тогтнолд дорно, өрнө зүгээс нэгэн зэрэг аюул нүүрлэсэн ийм эгзэгтэй нөхцөл байдал үүсчээ. Ийм нөхцөлд Алтан улстай дайтах үүргийг Мухулайд Чингис хаан даатгаж, өөрөө монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болохыг Тангуудаас шаарджээ.[Х.Шагдар]

Чингис хаан дайнд мордохын өмнө уул усандаа мөргөж тугаа тахиж, мөнх тэнгэртээ залбирсан ажээ. 1219 оны хавар Чингис хаан Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Тэр ёсоор Эрчис мөрний хөвөөнд их цэргээ хуралдуулав. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. [МУ түүх, II боть 2003:123]. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв. Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв. Хорезмшах Мухаммед Монголын цэрэгтэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан бутаргаснаар хорезмчууд хэдийгээр цэргийн тоогоор давуутай байсан ч тухайн тодорхой газар нутагт монголчуудаас цэргийн хүчээр цөөн болсон нь тэднийг нэг нэгээр нь хялбар эзлэн авах боломжийг монголчуудад олгожээ. Тоогоор монголчуудаас хавьгүй илүү байсан цэргийн хүчээ тарамдуулан хот суурингуудад ийнхүү бутарган хуваах болсон шах Мухаммедийн тактикийг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Олонх нь Хорезмын хаант улс нь дотроо хагаралтай байсан учир Мухаммед шах өөрийн орны цэргийн жанжин, ноёддоо итгэдэггүй байснаар тайлбарладаг. Нөгөө хэсэг нь түүнийг Чингис хааны цэрэгтэй шийдвэрлэх ерөнхий тулалдаанд орохоос зайлсхийсэн гэж үздэг байна. Яагаад Мухаммед шах ийм хачирхалтай алхам хийхэд хүрэв? Хэн түүний зүрхийг үхүүлэв? гэсэн асуулт гарч байгаа юм. Эзэнт гүрний түүх бичлэгт энэ асуудлыг анх Д’Оссон авч үзжээ. Тэрбээр Ан-Насавийн сурвалжийн мэдээнд тулгуурлан Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн гэжээ. Зүчийн цэрэгтэй түүний тулалдах болсон шалтгааны талаар Д’Оссон бичихдээ: “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд цохилт өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна. Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг хөдлөгөн Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлжээ. Мухаммед шах Иргиз гол хүрэхэд голын усыг гаталж болохооргүй хагас хөлдсөнд тэндээ буудаллан аятай цагийг хүлээжээ. Тэгэж тэгэж голыг гатлан Хүчүлүг ханы байгаа газрыг хайн хэдэн өдөр явтал олон морьт цэрэг ойртойж буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэр бол Хүчүлүгийн цэргийн гол хүчийг ялаад түүний толгойг аван буцаж явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ” гэсэн байна. [Д’Оссон 1937:129]. Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. “Султаны цэргийн хэсэгтэй дайралдвал биеэ аятай зохистой авч явж, хүндэтгэх ёс зарчмыг эвдэж таслах аливаа ааш зан гаргаж болохгүй гэж эцэг хаан зарлиг болгосон гэдгийг Зүчи хан мэдэгдэв” гэж Мухаммед шахад элч уламжилжээ. [Ан-Насави 1973:53-54]. Хорезмшах хариулсан нь:”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, бүхний Аллах чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, энэхүү тулалдааны төлөө надад буян амлаж байна. Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нар ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд. Иймд илд жадаа хугалан хэдэн хэсэг хуваагдах дайн болохоос гарцаагүй” гэжээ. [Ан-Насави 1973: 54]. Ийнхүү Зүчи Мухаммед шахтай тулалдахаас зайлшгүй болжээ. Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд биеэр цэргээ удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ. Хорезмшах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр байрлалдаа очиход Зүчийн цэрэг олон гал асааж орхиод тэр шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ.

Тухайн үед амьдарч байсан Сартаул иргэн Ибн aл-Асира (1160-1233) тэрхүү тулалдаан Мухаммед шахад хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэхдээ:”Хорезмын шах тийм бэрхтэй тулалдааныг урьд өмнө үзээгүй байжээ. Морьт цэргүүд явгалан бүр хутгаа барин, зарим нь нударга зангидан үзэлцэхэд морьд цусанд хальтирч байв. Мусульманы талаас 20 мянган хүн алуулжээ, нөгөө талаас хэдийг бүү мэд… шөнө болоход өөрийн байрлалдаа очсон монголчууд олон гал түлж орхиод зайлан явжээ... Хорезмын шах өөрийн цэргийн хүчний сул доройг мэдэж Бухарт ирээд, Бухар, Самарканд зэрэг хотын иргэдийг хориглолтод бэлтгэхийг тушаав” гэх зэргээр бичсэн байна. [Тизенгаузен 1884:6]. Өөрөөр хэлбэл, Мухаммед шахын зүрхийг Зүч үхүүлсэн учир тэрбээр хот суурингуудад цэргээ хуваан хүчээ тарамдуулахад хүрчээ. Чингис хааны цэргийн дайралтын анхны бай нь мэдээж Отрар хот байлаа. Отрар хотыг дагуулах үүргийг Цагадай, Өгөдэйд даалгав. Сыр-Дарья мөрний их адаг руу Алаг ноён болон Зүчийн удирдсан хоёр замын цэргийг илгээв. Чингис хааны гол цэргээ авч Хорезмын хаант улсын стратегийн чухал хот болох Бухарыг зорьсон нь хамгийн хүнд үүргийг өөртөө оногдуулсан хэрэг байлаа. Хорезмын шинэ нийслэл Самарканд нь Бухар хотоос зүүн тийш, хуучин нийслэл Ургенч нь Бухар хотоос баруун хойш оршиж байв. Шинэ нийслэлдээ шах Мухаммед, эх Теркен хатан нь хуучин нийслэлд тус тус сууж байлаа.

Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт буусан нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа. 1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бутцохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ. Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоондп оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байсан ажээ. Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик бум орчим хөлсний цэргээр хамгаалуулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байлаа. Тулалдаан эхлээ ч үгүй байхад Самаркандын хувь заяа үндсэндээ шийдэгдчихсэн байлаа. Самаркандын хамгаалалтын цэргүүдийг уутанд оруулах тактик хэрэглэн хээр гаргаж бутцохижээ. Хотын оршин суугчид бууж өгч, хотын хаалгаа нээжээ. 1220 оны 3 дугаар сарын 17-нд Мөргөлийн хаалгаар монгол цэргүүд Самаркандад оржээ. Тэр өдөртөө монголчууд хотын хэрмийг нурааж хот тойрсон гууг булж газартай тэгшилсэн байна. [Рашид-ад-дин т.I, кн., 2:207]. Самарканд хотыг тохинуулсаны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Үүний учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байсан оршино. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан цайзыг монгол цэргүүд удаан хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ. Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших зэлүүд нэгэн арал дээр хэсэг хугацаанд нуугдаж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ. Мухаммед шахыг анхнаасаа мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг үхсэний дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөрдөн байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, нийтдээ 8 мянган миль газрыг туулсан алдарт аян байлдаан нь монгол морины манёврийн чадавхи, монгол цэргийн ов заль, тэвчээр хатуужил, Чингис хааны цэргийн гайхамшгийг дэлхийн цэргийн урлагийн түүхэнд мөнхлөн үлдээсэн юм.

1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Зүчи хотыг боомилон буулгаж авах, харин Цагадай салхины аясыг олж хотыг галдан шатаагаад дайран орж эзлэх байр суурийг хатуу баримталж байсан учраас Үргенч хотын бүслэлт бүтэн долоон сараар сунжирчээ. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг бүрэн эзэлж авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ. Чингис хаан гурван том хөвгүүдээ Ургенч хотыг эзлүүлхээр илгээхдээ отгон хүү Толуйг Хорасаныг дайлуулахаар томилов. Толуй хэдхэн сарын дотор Хорасаны дөрвөн муж болох Балх, Мерв, Нишапур, ГератыгЭнэ үед Мухаммед шахын хүү Хорезмын хаант улсын сүүлчийн шах Желал-ад-Дин Газни орчимд цэрэг хуримтлуулсаар байлаа. Желал-ад-Дины довтолгоог няцаах үүргийг Чингис хаан өөртөө хүлээжээ. Чингис хааны манлай цэрэг Желал-ад-Динд хоёр удаа цохиулсаны дараа Чингис хаан их цэргээ авч мордон, Желал-ад-Диныг үлдэн хөөсөөр Шин (Инд) мөрөнд гүйцжээ. Энд 1221 оны 11 дүгээр сард Шин мөрний хэмээн алдаршсан тулалдаан болжээ. Желал-ад-Дин энэ тулулдаанд ялагдаж, Шин мөрнийг гатлан Энэтхэг оронд зугтан зайлжээ. Ийнхүү Хорезмын хаант улс мөхөж, түүний нутаг дэвсгэр, хүн ам Их Монгол улсын эзэмшилд бүрэн оржээ. Чингис хаан зорилгоо хэрэгжүүлсэндээ сэтгэл ихэд ханамжтай байсан бөгөөд хэсэг хугацаанд Сартуулыг засан тохинуулсаны дараа эх Монгол нутагтаа буцахаар шийджээ. Чингис хаан бомбын шашны гэлэн Чан-Чүньтай 1222 оны 4 дүгээр сард уулзахдаа ертөнцийг төвшитгөх ёсны талаар ярилцаж байсан нь цаашид Сартуулыг төвшитгөн тохинуулах талаар ихэд санаа зовж байсантай нь юуны өмнө холбоотой байсан ажээ.

Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ. Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болсон ажээ. Энэ нь өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн эзэмшил газар орны цаашдын хувь заяаны тухайд санаа талбиж байсны бас нэг илэрхийлэл байлаа. Судлаачид Чингис хааныг гагцхүү даосын арш Чан-Чүньтай уулзаж хүн алах, нүглийг тэвчиж урт наслах боломжийг эрэлхийлэх болсон гэж үздэг. Гэтэл арштай уулзаж ярилцахын хажуугаар лалын шашны хутагт хувилгаадтай мөн уулзаж Коран судрын үндсэн зарчмуудыг тайлбарлуулж байсан нь их сонирхолтой юм. Эзэлж авсан улс орныхоо ард түмний шүтдэг шашны тэргүүн нартай уулзаж өөртөө үнэнийг хайсан гэхээс илүү тухайн ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирахыг мэдэх зорилго бүхий байсан гэлтэй. Тийм ч учраас энэ хоёр орны санваартангуудыг аливаа алба татвараас чөлөөлсөн байна.Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ.Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ.



дэлгэрэнгvйгээр цааш унших...

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Цагадайн улс байгуулагдсан нь

Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүддээ газар нутаг хувааж өгсөн гэдэг. Цагадайд чухам ямар газар нутаг өгсөн талаар судлаачдын санал их зөрөөтөй байна. Цагадайн эзэмшил газар хийгээд орд өргөөгийн талаар хамгийн анхны мэдээ бол Чан Чунь бомбын тэмдэглэл юм. Тэрээр 1221 онд Чингис хаантай уулзахаар Дундад Ази руу одохдоо болон 1223 онд түүнтэй уулзаад буцахдаа Цагадайн өргөөгөөр дайран өнгөрсөн тухай тэмдэглэсэн байна. Энэ үед Цагадайн өргөө Или голоос урагш байрлаж байв. [Бартольд 1963 a:460]. Г.В.Вернадскийн үзэж буйгаар Чингис хаан Цагадайд “Или голын саваар төвлөрсөн хуучин Хар Киданы газар нутгийг” хувь болгон олгожээ. [Вернадский 2001:52]. Цагадай “эцгийгээ нас барсны дараа эзэгнэл нутагтаа байх болж түүнд нь Уйгурын нутаг, Хара Киданы хуучин эзэмшил, Мавераннахр багтаж байлаа” хэмээн Ж.Ж.Саундерс өгүүлжээ. [Саундерс 1992: 82]. В.В.Бартольд бичихдээ: “Чингис хааны нөгөө хоёр хүү болох Цагадай, Өгөдэй нарт чухам хэзээ хувь олгосон тухай бидэнд мэдээ хараахан алга. Тэдний хувь газрын тухай хамгийн эртний мэдээ сэлтийг бид энэ нутгаар 1221 онд очихдоо,1223 онд буцахдаа дайран өнгөрсөн Чан Чуний тэмдэглэлээс олж үзэж болно. Цагадайн орд энэ үед Илийн урд биед байрлаж байв” гэжээ. [Бартольд 1963 a:460].Сурвалжийн мэдээ мөшгөвөөс Лу. “Алтан товч”-д: “Чагадайг сартагчны газарт салгав” гэжээ. [Алтан товч 1990: 137]. Мөн тэнд “Чагадай эзний үр (хөвгүүд) зүүн зах нь Хэмил (Хамил) буй. Баруун зах нь Бургари (Болгар), Сэмисгин Самурхан (Самарканд), эд агсу (хүртэл) захачлан түмэн хот мэдэн эзлэв” гэжээ. [Алтан товч 1990: 147]. Дээрх мэдээг тулгуурлан үзвээс Чингис хаан Цагадайд хувь болгож Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг дэвгэр буюу хуучин Хар Киданы нутаг дэвсгэрийг таслан өгчээ.

Хар Киданчууд 936 оноос 1122 он хүртэл Бээжинг захирч байгаад 1128 онд зүрчдийн “Алтан хаанд” хөөгдөн Бээжингээс зугтан гарч Тэнгэр уулын баруунтаа очсон байна. Хэдийгээр тэд хятадын соёл иргэншлийг өвлөж авсан ч шинэ нутгийн түрэгүүд тэдэнтэй хоршин амьдрах болов. Тэгэхдээ тэдний нэг хэсэг, тухайлбал Долоон гол хавийнх нь бөө мөргөлтөн, зарим нь несториан, лалын шашинтан, харин Кашгар, Яркенд, Хотаны оршин суугчид толгой дараалан мусульманчууд байсан аж.
1229 онд эцгийнхээ их орд суусан Өгэдэй хаан зүрчидийн Алтан улс руу дайн хийж эзлээд 1236 онд “ Хятадын нутгийг ноёд болон хааны ах дүү нартаа хуваан эзэмшүүлэв. …Цагадайд Тхай-юань-фү, Гүюгт Да-минь-фү, … Цагадайд Даньцзинь… өгчээ. Хаан газар сайгүй дарга нарыг тодруулж, тухайн нутагт орлого цуглуулах түшмэдийг тавьжээ. Тэнд хаадын зарлиггүйгээр хэн ч газрын түрээс авах, цэрэг татахыг зүрхэлдэггүй байлаа” хэмээн Н.Я.Бичурин бичжээ. [Бичурин 1829:126]. Цагадай эзэмшилд орсон Тхай-юань-фу гэдэг нь Шаньси мужийн Тай-юань-фу хот, Даньцзинь гэдэг нь Шенси мужийн зүүн урд байх Нинь-цянь-чжэу хот мөн хэмээн “Монголын 100 хаан, найман богд” цувралын “Цагадай хаан” цувралд өгүүлсэн байна. [Хаадын сан 2000: 56]. Рашид-ад-Дины “Судрын чуулганд” Цагадайн эзэмшил газар бол Найманы аймгийн нутаг байсан Алтайн уулнаас Жейхун (Сыр-дарья) мөрөн хүртэл нутаг болно хэмээжээ. [Рашид-ад-Дин т.II:94]. Энэ мэдээгээр Цагадайн улсын бүрэлдэхүүнд Хар-Киданы нутгаас гадна Сыр-дарья болон Аму-дарья мөрний хоорондох сав газар буюу Мавераннахр багтаж байгаа билээ. Гэхдээ Мавераннахрын баруун хэсэг буюу хоёр мөрний адаг Зүчийн эзэмшилд багтах ажээ. Чингис хаан Мавераннахрын захирагчаар Махмуд Ялавачийг томилсон нь эл газар нутаг их хааны мэдэлд байсан гэсэн үг юм. Тийм ч учраас Рашид-ад-Дин дараах нэгэн сонирхолтой мэдээг иш татсан байна. “Өгөдэй хааны үед их хааны зарлигаар Ялавачийн мэдэлд байсан Мавераннахрын зарим мужийг Цагадай өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх тухай зарлиг буулгасан гэдэг. Ялавач энэ нөхцөл байдлыг хаанд танилцуулав. Хаан, Цагадайгаас энэ тухай лавлан асуусан зарлиг илгээж хариу бичиж илгээхийг тушаасан байна. Цагадай: ”Би бодлогогүй ёс алдлаа, хариу болгож бичих зүйл ч алга. Гэвч хаан намайг заавал хариул гэж зарлигдсан учир ийнхүү бичив” хэмээн хариулжээ. Хаанд энэ нь ихэд таалагдсан учир тэрээр түүнийг уучилж тэр нутгийг Цагадайд инж болгон өгөв” гэжээ. [Рашид-ад-дин т. II:102]. Энд өгүүлж буй инж гэдэг нь алтан ургийнханы дунд өгөлцөх эзэмшил газрын хэлбэр бололтой.

Ийнхүү Өгөдэй хааны үед Цагадайн улсын газар нутагт Мавераннахрын зарим муж харъяалагдах болсон байна. Энэ байдал цаашид Цагадайн болон Зүчийн удмыхны хооронд газар нутгийн маргаан гарахад нөлөөлжээ. Цагадайн улс хэмээн түүхэнд алдаршсан энэхүү улсын байгуулагдсан талаар он цагийн талаар судлаачид санал зөрөөтэй байдаг ажээ. Тухайлбал, Ш.Бира “Үнэн хэрэг дээрээ чухамхүү Алугу хан л Цагадайн Монгол хант улсыг байгуулсан ажээ. Тэрээр Төв Азийг бүхэлд нь өөрийн эрхшээлд авч, Цагадайн хуучин эзэмшил нутгийг өргөтгөн тэлжээ” гэсэн байна. [Бира 2001:439]. Гэтэл В.В.Бартольд “Цагадайн хант улсыг жинхэнэ үндэслэн байгуулагч нь Дува хан” хэмээн тэмдэглэжээ. Бидний бодлоор Цагадайн улс чухамдаа Цагадайг амьд сэрүүн байх үед бүрэлдэн тогтсон билээ. Цагадай 1227 онд Чингис хааныг тэнгэрт халихад эзэмшил нутагтаа очиж суусан юм. Цагадайн ахмад хөвгүүн Мүтүгэний 4 дүгээр хүү Хар Хүлэг Цагадайн улсын төрийг барьж байв. Цагадайн нь эзэмшил нутаг, улс иргэнээ ач хүү Хар Хүлэгдээ залгамжлуулахаар гэрээслэсэн ажээ. Хар Хүлэгийн хатан нь Эргэнэ бөгөөд Мубарек шахын эх юм.


Цагадай болон түүнийг залгамжлагчдын үйл ажиллагаа

Цагадайг эзэн Чингис хааны хоёрдугаар хөвгүүн болон 1183 оны харагчин туулай жилд төрсөн гэж ихэнх судлаачид үздэг бол зарим нь түүнийг 1185 оны хөхөгчин могой жил төрсөн гэдэг. Цагадайг мэндэлж байхад Тэмүжин эцэг нь 21 настай байж нэн хүнд нөхцөлд Монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө тэмцэж байв. Тэр үеийг “Одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, орондоо унтах завгүй, олзлон байлдаж байв” гэж МНТ-нд дүрсэлсэн байдаг. [МНТ 1990:226].Цагадайн ах Зүчи, хөвгүүн дүү нь Өгэдэй, Толуй нар болно. Цагадай багаасаа ухаалаг, авьяастай гэгдэж байсан бөгөөд эцгийн билиг сургаалыг ах дүү нараасаа илүү сайн тусган авч чадсан учир хожим хойно Чингис хаан ноёд түшмэддээ хандаж хэлэхдээ:”Яса хууль, дүрэм журам, ёс заншлыг илүүгээр мэдэж, хаант ёсыг сахих хүсэлтэй тэр хүмүүс Цагадайг дага” гэж зөвлөж байв. [Рашид-ад-Дин т.II:93-94].Цагадай бага залуугаасаа эцгээ дагаж, Их Монгол улсыг байгуулахын төлөөх тэмцэлд оролцож иржээ. Цагадайг 20 настай байхад буюу 1201 онд Чингис хаан Хэрэйдийн Ван хантай дайтах үед Өгэдэйг шархдсан тухай сурвалжид өгүүлдэг. [МНТ 1990:132]. Дөнгөж 15 нас хүрч байсан Өгэдэй энэ байлдаанд оролцсоноос үзэхэд эрийн цээнд хүрсэн ах Цагадай нь мөн адил дайтаж явсан нь дамжиггүй.

Цагадай Тататунгаа багшаар бичиг үсэг заалгаж, гарамгай сайн сурсан учир хожим улсын заргач Шихихутагийн бичгээр үйлдсэн шийдвэрүүдийг хянан нягтлах үүрэг бүхий “Их засаг” хуулийг сахиулагч гэгдэх болсон буйзаа. Цагадай 1211 оноос бие даан цэрэг удирдаж дайнд оролцох болжээ. Чингис хаан анх удаа Алтан улсыг дайлахдаа нэгэн замын цэргийг Зүчи, Цагадай, Өгэдэй нараар захируулжээ. Тэдний удирдсан замын цэрэг Юньнэй, Дуншэн, Үжоу, Шужоуг эзлээд Алтан улсын баруун нийслэл Сижинг (одоогийн Датун хот) бүслэн эзэлжээ. Чингис хаан 1213 онд Алтан улсад довтлохдоо Зүчи, Цагадай нараар мөн нэгэн жигүүрийн цэргийг удирдуулан одоогийн Баодин, Динсянь, Синтай зэрэг газрыг эзлээд Шар мөрөн (Хатан гол) хүрсэн байна. Алтан улсыг дайлах үед цэргийн авьяаслаг жанжин болохоо харуулсан Цагадай 1219 онд Чингис хаан Хорезмын хаант улсыг дайлахад дүү Өгэдэйн хамт нэгэн замын цэрэг удирдаж Отрар хотыг эзлэн авсан юм. Нийслэл Самарканд болон хуучин нийслэл Ургенчийг эзлэн авах байлдаанд Цагадай идэхтэй оролцжээ.

Чингис хаан 1224 онд их цэргээ хурааж Аму-дарья мөрнийг гаталж Самаркандад ирж өвөлжих үедээ Цагадай, Өгэдэй хоёрыг Хар нуур тийш явуулж хун, галуу зэрэг усны шувуу агнуулж, замын хүнсээ базаалгаж байв. Цагадай, Өгөдэй хоёр эцгийн зарлигийг дагаж өдөр тутам шувуу агнаж, долоо хоног бүр 50 тэмээнд ачин Чингис хаанд өргөн явуулж түүнийг баярлуулж байв. [Алтаншаа 1993:357-358]. Чингис хаан 1225 онд Тангуд улсыг дайлаар мордохдоо Цагадайг ар талын цэргийн нэг жигүүрийг удирдуулан үлдээв. [Рашид-ад-Дин т.II:95]. Цагадайд ар талын цэрэг хариуцуулах болсон шалтгаан нь Чингис хаан ахмад хүү Зүчи хоёрын хоорондын харьцаа муудсантай холбоотой гэж үзэж болох юм.”Судрын чуулган”-д тэмдэглэснээр Чингис хаан Зүчийг Килард, Башкирд, Урус, Черкес, Дешт-и Кипчак болон бусад нутгийг байлдан дагуулахыг зарлиг болгосон юм. Тэрбээр үүнд оролцохоос зайлсхийж, өөрийн суурин өргөө рүүгээ очсонд Чингис хаан ихэд хилэгнэн “Би түүнийг өршөөхгүйгээр цаазлана” хэмээн хэлсэн гэжээ. [Рашид-ад-ди т.II:78-79]. Зүчийн санаа хувиран эцгийнхээ үгийг дагахгүй болжээ гэж үзсэн Чингис хаан түүний зүг Цагадай, Өгэдэйг цэрэгтэй нь хамт эхэлж хөдөлгөөд дараа нь өөрөө явахаар зэхэж байв. [Мөн тэнд]. Энэ үед Зүчи хан нас барлаа гэсэн гашуудлын мэдээ иржээ. Олонхи судлаачид Зүчийг 1227 оны 2 сард нас барасан гэж үздэг.

Цагадайг ах Зүчитэйгээ эв түнжин муутай байсан тухай сурвалж бичигт олонтаа өгүүлсэн байдаг. Чингис хаан “Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхөчос өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтугай” гэж зарлиг болгожээ. [МНТ 1990:211]. “Цагадай хан өөрийн нь дэргэд байхад тун ширүүн догшин, тиймээс хэн ч түүн рүү харахаас айдаг байлаа” гэж “Татаруудын гарал үүслийн тухай түүх” номонд бичсэн байна. [Родословная история о татарах. Т.2 :3]. Түргэн ууртай, санасан бодсоноо шууд хэлчихдэг Цагадай хаан эцгийн ширээг Зүчитэй булаалдан түүнийг үг хэлүүлэлгүй:”Энэ мэргэдийн орхидост бид захирагдах гэж үү?” гэсэнд Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн:”Хаан эцэг намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!” гэв. Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад Чингис хаан дуугуй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн:”Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ” гэв. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн:”Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи биш үү? Хожим тэгж бүү хэлтүгэй” гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн:”Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй. Аавын хөвгүүдийн ахмад нь Зүчи бид хоёр биз. Өгэдэй өршөөлтэй тул өргөмжлөхөд болно” гэжээ. [МНТ 1990:225-229].

Ингээд Цагадайн санал дэвшүүлснээр Өгэдэйг хаанд өргөмжлөхөөр тогтжээ. Хөвүүдийн дотороос гарал үүсэл нь ямар ч маргаангүй байсан Цагадай санаа бодлоо эцэгтээ чөлөөтэй илэрхийлдэг байсан бөгөөд хаан түүний үгийг дагадаг байсныг энэ баримт гэрчилж байгаа юм. Нөгөө талаар Чингис хаан хөвгүүдийн тухай ярих тоолондоо “Хөвүүдийн минь ах Зүчи билээ” гэж хэлж байсан нь санамсаргүй зүйл биш юм. [МНТ 1990:208]. Хэдийгээр Зүчи түүний төрсөн хүү биш байсан ч Чингис хаан энэ асуудлыг хөндөх боломжгүй байв. Эс тэгвээс түүний өөрийнх нь гарал үүслийн тухай асуудал тавигдах нь зайлшгүй байв. Зүчи эцгийгээ залгамжлан их хааны суудалд суулгах зөвшөөрөл олдоогүйд дотроо гол буруутан Цагадайд дургуйцэн түүнтэй үг хэлээ ололцохгүй болсныг дараах баримт гэрчилж байна. Хорезм улсын хуучин нийслэл Ургенчийг байлдах үед Зүчи, Цагадайн хоорондын зөрчил хурцадсаныг өмнө өгүүлсэн. Энэ хоёрын эв түнжин муудалцсан явдал хожим тэдний үр хүүдүүдийн хоорондын харилцаа холбоонд муугаар нөлөөлсөн билээ.

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа 1229 онд Өгэдэйг хаан ширээнд залах Их хуралдайд Цагадай отгон дүү Толуйн хамт чухал үүрэг гүйцэтгэв. Өгэдэйн хаанчлалын үед Цагадайн нэр хүнд өндөр байсан төдийгүй Толуйг нас барснаас хойш улам ч дээшилжээ. Өгэдэй хааныг 13 жил төр барихад түүний өмөг түшиг болж байсан Цагадай их хааны ахын хувьд, “Их засаг” хуулийг гарамгай мэдэх хүний хувьд Их Монгол улсыг бэхжүүлэх үйлсэд бүхий л оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулсан юм. Өгэдэй хааныг тэнгэрт хальсанаас хойш хэдхэн сарын дараа 1242 оны эхээр Цагадайөөд болжээ. “Судрын чуулган”-д бусад сурвалжаас илүү дэлгэрэнгүйгээр Цагадайн гэр бүлийн тухай өгүүлсэн байдаг. “Чингис хааны хоёрдугаар хөвүүн нь Цагадай бөгөөд түүний эх нь хонгирад аймгийн Дай ноёны охин, Чингис хааны их хатан Бөртэ Үжин юм. Цагадай нь олон хатан, татвар эхнэртэй байжээ. Тэднээс хамгийн их нөлөөтэй хоёр хатан байв. Нэг нь хонгирад (аймгийн) эзэнтэн Даритайн хүү ... ноёны охин Есөнлун бөгөөд тэр Цагадайн алдаршсан бүх хөвгүүдийн эх юм. Чингис хааны их хатан Бөртэ Үжин ба Есөнлун хатан хоёул ах дүүсийн хүүхэд байжээ. Нөгөө нь Туркан (Турьхан) хатан бөгөөд дээр дурдсан Есөнлун хатны дүү нь билээ. Цагадай Есөнлун хатнаа өөд болсоны дараа Турканыг гэргий болгон авсан билээ. Цагадай нь зургаан хүүтэй байжээ. Тэднийг насны дарааллаар дурьвал:1.Мүтүгэн, 2.Мужи Яя, 3.Белькеши,4.Сарабан, 5.Есөн-Мөнх, 6.Байдар, 7. …, 8.. …” гэж Рашид-ад-Дин бичжээ [Рашид –ад-дин т.II: 88-89].“Татаруудын гарал үүслийн түүх” номонд “Цагадай олон хатантай байснаас хонгирад аймгийн эгч дүү хоёр хатнаа их хайрладаг байв. Цагадай олон хүүхдийн эх Буссулун хатнаа нас барсны дараа Тархан хатнаа авчээ. Цагадайн хүүхдүүд нь: 1.Мутуган, 2.Мучи, 3.Балда-шаг, 4.Сагинлалга, 5.Сарманс, 6.Буссумунга, 7.Байдар” гэсэн байна [Родословная история о татарах т.II:10].

Дээрх хоёр сурвалжийн мэдээнээс үзэхэд авааль гэргий, халамжит Есөнлун хатнаа нас барахад тэрээр түүний дүү Турканыг хатнаа болгон авснаар нэгд, талийгч хатандаа их хайртай байсныг, хоёрт, өнчин хоцорсон олон хөвгүүдээ төрсөн эхээс нь дутхааргүй хайрлах хүнийг олж авсныг харуулж байна. Үүнээс гадна Цагадайн хөвгүүдийн тоо хоёр сурвалжид зөрж байна. Цагадайн ахмад хүү нь Есөнлун хатнаас төрсөн Мүтүгэн бөгөөд тэрбээр өвөг эцэг Чингис хааны дэргэдөсөж торнижээ Бамиан цайзыг байлдах үед Мүтүгэн шархдаж нас барахад Чингис хаан ихэд хорсон гашуудаж, эсэргүүцэл үзүүлэгчдийг устгаж, барилга бэхлэлтийг нураажээ [Рашид-ад-Дин т.II:89]. Энэ үед Цагадай Ургенчийг эзэлж аваад буцаж ирсэн аж. Чингис хаан Мүтүгэнийг алуулсан тухай эцэгт нь шууд хэлж зүрхэлсэнгүй. Энэ тухай Цагадайд хэлэхгүй байхыг зарлиг буулгажээ. Мүтүгэн юманд явсан гэж эцэгт нь хэлээд хэд хоносон ажээ.

Чингис хаан нэг удаа шалтаг олоод хөвгүүддээ: “Та нар миний үгэнд орохгүй, хэлж ярьсныг дагаж гүйцэтгэхгүй байна” гэж зориутаар аашилж загнажээ. Тэгэхэд нь Цагадай өвдөг сөхрөн “Эцэг хаан таны юу гэж тушааж зарлигдсанаар би зүтгэнэ. Би чадлын хирээр зүтгээд хэрэгцээтэй бол амиа өгөхөд ч бэлэн” хэмээн өгүүлэхэд нь Чингис хаан:”Чи үүнийг үнэн сэтгэлээсээ хэлж байна уу, чи үнэхээр миний хэлснийг дагах юм уу” гэж дахин дахин лавлахад Цагадай:”Өөрийн хэлсэн үгээсээ зөрчвөл, би үхтүгэй” гэж хариулжээ. Яг тэгж хариулахад нь эцэг нь :”Мүтүгэн байхгүй болсон, чи уйлж цөхөрч болохгүй” гэж хэлэв. Цагадайн дотор харанхуйлан гашуудсан боловч хэлсэн амандаа эзэн болж тэсвэрлээд уйлж унжсангүй. Харин гадагш гараад холхон очиж нууцаар нилээд уйлж сэтгэлээ онгойлгоод хаан эцгийн өргөө рүү буцаж ирсэн байна. “Судрын чуулган”-д өгүүлсэн энэхүү мэдээнээс үзэхэд Чингис хаан хүү Цагадайг ах дүү нараасаа түрүүлж дуу гарахыг мэдэж байсан учир ийнхүү аашилж загнан эхэлсэн ажээ.

Мүтүгэн нь Байжу, Бүри, Есөндува, Хар Хүлэг гэсэн дөрвөн хүүтэй байв. Эдгээрээс Бүри, Есөндува, Хар Хүлэг нар Цагадай улсын түүхэнд нэрээ үлдээсэн төрийн томоохон зүтгэлтнүүд юм. Мүтүгэний ахмад хөвүүн Байжу нь Тудан гэдэг нэг хөвүүнтэй, Тудан нь Бужай гэдэг хүүтэй, Бужай нь Абдаллах гэдэг хөвүүнтэй байжээ. Мүтүгэний хоёрдугаар хөвүүн Бүрийн тухай нэгэн хууч яриа байдаг. Эв-оглануудын гэрийн зарц нар цугларч ордны ажилд хамжилцдаг байжээ. Нэг удаа Мүтүгэн хааны ордонд орохдоо олон хүүхэн цугласныг харжээ. Тэдний дунд үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй байхыг үзсэн Мүтүгэн түүнтэй уулзан, дагуулж яваад өрөөнд орж нийлсэн байна. Тэр бүсгүй нь жирэмсэлж магадгүй гэж үзээд Мүтүгэн нөхрөөс нь тусгаарлан хамгаалахыг тушаав. Тэр бүсгүй үнэхээр жирэмсэн болоод мэндэлсэн хүү нь Бүри юм. Бүрийг мэндэлсний дараа түүнийг хан хүүгийн ордны халамжинд авч эхийг нь хуучин нөхөртэй нь дахин нийлүүлсэн байна. Энэхүү Бүри нь тун зориг зүрхтэй, шазруун эр болов. Тэрбээр согтохоороо элдвийг ярьж агсамнана. Мөнх хааны үед Бүри архи ууж согтохдоо сэтгэлдээ нуугдаж байсан хорслоо тайлж Батыг муу хэлэн хараадаг байв. Энэ тухай Бат мэдээд түүнийг өөрийн ордонд ирүүлэхийг шаарджээ. Мөнх хааны зарлигаар Мөнхсар ноён Батын ордонд Бүрийг хүргэхэд Бат түүнийг цаазалсан байна.
Бүри таван хөвүүнтэй байв. Тэдгээрээс нэрд гарсан нь отгон хүү Абишка бөгөөд тэр нь Уруг нэрт нэгэн хөвүүнтэй. Хубилай нь Аригбөхтэй хаан ширээ булаалдан эв эвдрэлцэхдээ Абишкаг Цагадайн улсын Хар Хүлэгийн оронд эзэн суулгаж, Эргэнэ хатныг баривчлуулахаар явуулжээ. Замд нь Аригбөхийн цэргүүд Абишкаг баривчлан аваачжээ. Зарим мэдээгээр Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн тушаалаар Абишкаг цаазалсан гэх агаад өөр мэдээгээр энэ Абишка нь Хубилай хааны дэргэд байнга байсан бөгөөд дараа нь Хубилай хааны хүү Өлзийт хааны дэргэд нас өндөр болтол байсан гэх ажээ [Рашид-ад-Дин т.II:90,166]. Абишкагийн оронд Алгуйг Аригбөх Цагадайн улсыг захируулахаар томилон явуулжээ. Алгуй бол Цагадайн ач, Байдарын хөвгүүн билээ. Аригбөх өөрийнхөө дэргэд алба хааж байсан Алгуйд гэрэгэ, зарлигаа атгуулан Цагадайн улсын эзнээр томилон явуулахдаа Дорнод Туркестанаас тариа нийлүүлэх, Алтан ордны зүгээс Хубилай руу цэрэг илгээхэд хүрвэл түүнийг тосон тулалдаж Монгол руу оруулахгүй байхын зарлигджээ. Хар Хүлэгийн хатан Эргэнэг Алгуй өөрийн хатнаа болгожээ.

Алгуй 1263 оноос Аригбөхийн нөлөөнөөс гарч бие даах бодлого баримтлаж эхэлжээ. Аригбөх Цагадайн улсаас авахуулхааар илгээсэн элч нарыг Алгуй удаан хугацаагаар саатуулж улмаар ноёдын зөвлөлгөөнөөр хэлэлцэн тэдгээр элч нарыг бүгдийг нь алж хороож байжээ. Тэрбээр хожим нь Мавераннахраас Алтан ордны цэргүүдийг шахан гаргаж газар нутгаа тэлсэн ажээ. Алгуйг нас барахад Эргэнэ хатан ноёдыг ятгаж өөрийн хүү Мубарек шахыг их хааны зөвшөөрөлгүй Цагадайн улсын эзэн суулгажээ. Мубарек шах Цагадайн удмынхан дотроос хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. [Бартольд 1963 б:68-69].Мүтүгэний гуравдугаар хүү Есөндува бөгөөд тэрбээр Мөөмэн, Басар (Ясаур), Борак (Борог) хэмээх гурван хөвүүнтэй байв. Мөөмэн нь архинд хэтэрхий орсон, хэсэж зугаалах нь дэндсэн нүгэлтэй нэгэн байв гэж Рашид-ад-Дин тэмдэглэсэн байна. [Рашид-ад-Дин т.II:91]. Есөндувагийн хоёрдугаар хүү Басар нь Ил хаант улсад сайдаар очижээ. Тэрбээр удалгүй амь үрэгдсэн ажээ. Есөндувагийн гуравдугаар хөвүүн Борак билээ. Борак нь Хубилай хааны дэргэд өсч өндийж, албан үүргээ гаргууд сайн биелүүлж байжээ. Цагадайн улсын эзнээр Хар Хүлэгийн ганц хөвүүн Мубарек шах байсан үед Хубилай хаан Цагадайн улсын толгойд Боракийг суулгах зарлиг гарган явуулжээ. Борак Цагадайн улсад очиж, арга заль хэрэглэж, Мубарек шахыг зайлуулан, тэнд эзэн суужээ.

Цагадайн улсын хил хязгаар нь Өгэдэй хааны ач хүү Хайдугийн эзэмшил нутагтай хиллэдэг байв. Борак Хайдугийн нутгийн хэсэг газрыг эзлэн авч Хайдугийн цэрэгтэй хэд хэдэн удаа тулалджээ. Гэсэн хэдий ч удалгүй Өгэдэй хааны удмын Кипчак ноён тэр хоёрын дунд зуучилж эвлэрүүлжээ. Борак Хайду хоёр анд бололцож бие биеэ хүндэтгэдэг болжээ. Хожим хойно энэ хоёрын үр хүүхдүүд нэг нэгнээ “анд” гэж нэрлэдэг байсан гэж Рашид-ад-Дин өгүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].Боракийг нас барсны дараа Цагадайн дөрөвдүгээр аөвүүн Сарабаны хүү Никпей Цагадайн улсын хаан ширээнд суужээ. Алгуй Цагадайн улсын хаан байх үедээ Алтан ордны мэдэлд байсан Мавераннахрыг эзлүүлэхээр Никпейд 5 мянган цэрэг захируулан явуулжээ. Никпейтэй хамт Учачар ноён, Хабаш Амидын хүү Сулейман-бэхийг хамт илгээн тухайн зорилгыг гүйцэлдүүлж байв. Никпей 1271-1272 онд хаан суужээ.

Бүрийн хөвүүн Хадагсэцэний хүү Бөхтөмөр (Туга-Темюр) Никпейн оронд хаан ширээг залгамжлав. Бөхтөмөр хаан суугаад төдийлөн удалгүй арьсны хомхруу өвчтэй болсон гэнэ. Түүний толгойны бүх үс халцран унаад, энэ өвчнөөсөө болж өөд болжээ. [Рашид-ад-Дин т.II :100].Цагадайн улсын улс төрийн байдал 1282 онд хаан ширээнд суусан Боракийн хүү Дувагийн үеээс ихэд тогтворжжээ Дувагийн зургаан хүү Цагадайн улсын хаан ширээг залгамжилжээ.Дува ханы төр барьсан хугацааны талаар эрдэмтдийн санал зөрөөтэй байдаг. В.В.Бартольд түүнийг 1282 оноос төр барьсан гэж үздэг ажээ. [Бартольд 1963 б:70]. К.Э.Босфорт түүнийг 1291 оноос хаан суусан гэжээ. [Босфорт 1971:197]. Дува 1307 онд нугас тархи нь хавдан саа өвчин дайрсны улмаас тэнгэрт хальжээ [Бартольд 1963 б:73]. Өөрөөр хэлбэл Дува 25 жил Цагадайн улсын төрийн жолоог атгаж байжээ.

Дува хан өмнөх хаадын үед байнга гарч байсан язгууртан ноёдын хоорондын дайн самууныг намжааж, улс орноо төвхинүүлэв гэж Махмуд ибн Валид онцлон тэмдэглэжээ [Пищулина 1983:44]. Дува хан улс төрийн дотоод байдлаа тогтворжуулж чадсан хэдий ч улс төрийн гадаад байдал нь төдийлэн тайван бус байв. Дува нь Хайду ноёны хамтран зүтгэгч байсан төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр болсон Хубилайн эсрэг зэвсэгт тэмцэлд биечлэн оролцож явжээ. Түүнээс гадна Бат хааны ах Ордын удмын Баян хантай Дува Хайду хоёр 18 удаа тулалдаж байсан гэж В.В.Бартольд тэмдэглэжээ. [Бартольд 1963 б:70]. Хубилай хааны хүү Төмөр хаанд Баян хан элч зарж Хайду Дува нарын эсрэг холбоо байгуулж цэрэглэн цохих санал дэвшүүлжээ. Гэвч Төмөр хаан хатан эхийн зөвлөснөөр тодорхой хариу өгөөгүй байна. 1301 онд Хайду Юань улсын цэрэгтэй тулалдаж яваад амь үрэгдсэн ба Дува энэ тулалдаанд хүнд шарх олж “насан турш эдгэрэхгүй өвчтэй болжээ” [Бартольд мөн тэнд].Гэлээ хэдүй ч Дува хан идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлж Монголын эзэнт гүрний хэмжээнд дөрвөн улсыг холбооны хэлбэрээр нэгтгэж худалдаа арилжаа хөгжүүлж тогтмол харилцаа холбоог тогтоох санал дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж байжээ. Тусгаар улсуудын тэргүүн нар нь эзэнт гүрний их хааны билэгдлийн удирдлагын дор бие биетэйгээ эвтэй найртай аж төрөх ёсиой бөгөөд худалдаа наймаагаа бүх Монгол гүрний хэмжээнд явуулна гэжээ. [Бартольд 1963 б:72].

Дува хан энэхүү төлөвлөгөөг Юань улсын их хаан Өлзийт (Төмөр) зөвшөөрч, өөрийн элчийг Дундад Азид томилон явуулжээ. 1304 онд уг элчийн хамт Дува хааны элч Эл хаант улс, Алтан ордны улсын хаадуудад уг төлөвлөгөөг танилцуулжээ. Тэд төлөвлөгөөг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээр байгуулсан авч тэр нь биелсэнгүй. Учир нь 1305 онд Хайду ноёны хүү Чапарын цэрэг Цагадайн улсын нутаг Мавераннахрт довтлон дайн өдөөжээ. Дува хан Чапарт элч илгээн “Эвгүй явдлын учрыг ярьж шийдье” гэжээ. Үүний дагуу Ташкентэд уулзалт хийхээр болсон боловч Өгэдэй, Цагадай нарын үр ач нар хоорондоо тулалдаж Дува Чапарыг буулган авсан байна. Дуваг нас барахад түүний орыг хөвгүүн Кунжик залгамжилсан боловч тун удалгүй 1308 онд нас нөхчижээ. Хаан ширээг Бүрийн ач Талику эзлэн авав. Тэрбээр лалын шашинтан байсан бөгөөд Дувагийн үр хүүхдүүд түүний эсрэг хуйвалдаан зохиож Кебек 1310 онд түүний амь насанд нь халджээ.Кебек тэр жилдээ ноёдын чуулган хийж, өөрийн ах Эсэнбөхийг хаан ширээнд өргөмжлөв.
Эсэнбөхийн хаанчлалын үед Цагадайн улсын дотоод байдал тогтвортой байсан боловч гадагш хийсэн аян дайн түүнд сөргөөр нөлөөлжээ. Юань улсын хилийн цэрэгтэй тулалдснаас дайн дэгдэж, Юань улсын цэргүүд Эсэнбөхийн өвөл, зуны ордыг эзлэн сүйтгэжээ. Юань улсын хааны эсрэг холбоо байгуулах зорилгоор Алтан ордны хаан Узбектэй хийсэн хэлэлцээр нь төдийлэн амжилтанд хүрээгүй аж. Эл хаант улстай холбоо тогтоох оролдлого нь мөн бүтэлгүйтэв. Бартольдын тооцоогоор Эсэнбөх 1318 оны үед нас барсан бололтой. Цагадайн улсын түүхэнд нэрээ мөнхрүүлсэн тоотой хэдэн хаадын нэг болох Кебек 1318-1326 оны хооронд төр барьж байв. Арабын жуулчин Ибн Баттута 1333 онд Дундад Ази, Цагадайн улсаар аялахдаа Кебек ханы талаар сонссон зүйлээ бичиж үлдээжээ. Кебек бөө мөргөлтөн байсан бөгөөд улс орондоо шудрага байдал тогтоохын төлөө, лалын шашинтныг энэрч хамгаалхын төлөө, албат нарынхаа аятай байдлын төлөө тэмцэж байлаа. Тэр үед Цагадайн улсын нийслэл нь Нахшеб байв. Нахшеб хотоос холгүй газарт Кебек өөртөө тусгай орд байгуулжээ. Уг ордыг Карши (харш) гэж нэрлэдэг байв. Кебек нь Цагадайн улсын хаад дотроос анх удаа улсынхаа хэмжээгээр хэрэглэх мөнгөн зоосыг өөрийн нэрийн өмнөөс цутган гаргажээ. Энэхүү зоосыг түүний нэрээр кебекүүд хэмээн нэрлэж байв. Энэ нэр нь орос хэлэнд сунжирсаар “копейка” болон хувирсан гэж зарим судлаачид үздэг аж. [Хаадын сан 2000 а:205].Зарим түүхчдийн үзэж буйгаар Кебек өөрийн үхлээр нас нөхчсөн аж. Харин Ибн Батуттагийн тэмдэглэснээр Кебек өөрийн дүү Тармаширинд алагдсан гэдэг.Кебек, Тармаширин нарын хооронд Дува ханы өөр хоёр хүү Илжигдэй, Дурра-Төмөр нар хэдхэн сарын хугацаагаар төр барьж байв. Илжигдэйн үед Цагадайн улсад католик шашны суртал ухуулга дэлгэрч Фома Мангазола хэмээх доминикан ёсны гэлэн шашны үйл ажиллагааг өрнүүлж байв. 1329 онд гэлэнг Авиньон руу нутаг буцахад пап лам түүнийг Цагадайн улсын хамбаар томилон буцаан явуулжээ.

1326 оны сүүлээр Цагадайн улсын хаан ширээг Тармаширин эзлэн авав. Тэрээр 1334 он хүртэл хаанчилжээ. Нахшеб хотын ойролцоо Тармаширинтэй Ибн Батутта дайралджээ. Тармаширин нь лалын шашин шүтэж суурин амьдралыг илүүд үзэж байсан бөгөөд мусульманчууд түүнийг Ала ад-Дин гэж нэрлэдэг байв. Түүний нүүдэлчин ардынхаа уламжлал ёс заншлаас хэтэрхий тасарч холдлоо хэмээн зарим хан хөвүүд дургүйцэн бослого гарган халджээ. Уг бослогыг Дурра-Төмөр ханы хүү Бузан удирдаж байсан бөгөөд тэрээр Тармаширинийг хаан ширээнээс зайлуулж амийг нь хөнөөсөн ажээ.Бузаны тухай Ибн-Батутта өгүүлэхдээ түүнийг лалынханд дургүй харин загалмайтнууд болон еврей нарт их талтай байсан учир тэдэнд сүм хийдээ сэргээн босгох боломж олгосон гэжээ. [Бартольд 1963 б:76]. Бузан хэдхэн сар төр бариад мөн 1334 ондоо хаан ширээг Дувагийн ач Женкшид тавьж өгчээ. Женкши хан бурханы шашинтан байсан бөгөөд 1332 онд 172 олзны орос хүмүүсийг илгээснийхээ төлөө мөнгөн шагналхүртэж байжээ. Женкши ханы орд нь Алмалигт байсан бөгөөд католик шашны лам нар тус хотын ойролцоо газар худалдан авч сүм дуган бариулжээ. Женкши ханыг 1338 онд түүний дүү Есөнтөмөр амь насыг нь бүрэлгэх замаар төрийн эргэлт хийжээ. Есөнтөмөр удалгүй сэтгэл санаагаар унаж, ахынхаа үхэлд өөрийн эхийг буруутгажээ. Түүний дараа Цагадайн улсын хаан ширээг Өгэдэй удмын Али-султан булаан авч загалмайт шашинтны эсрэг аллага хядлага явуулжээ. Энэ аллагын үеэр католик шашны бүх лам нар амь үрэгджээ.

Али-султаны дараа Кунжиг ханы ач Мухаммед-Пулад хан болж, түүний орыг Ясавурын хүү Казан эзлэв. Казан дайн самуунд доройтсон хант төрийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж яваад 1346 онд Казаган ноёны гарт амь үрэгджээ. Түүний дараагийн хаадууд ёс төдий төр барьж байсан бөгөөд төрийн бодит эрх мэдэл монгол, түрэг ноёдын гарт оржээ. Цагадайн улсад 1241 оноос хойш 1370 онд Доголон Төмөр төрийн эрхэнд гарч ирэх үе хүртэл нийтдээ 25 хаан төр барьсан гэж судлаачид үздэг [Босворт 1971:197].Гэвч Мавераннахрт Цагадайн угсааны Казан ханы дараа 1346 онд Өгэдэйн удмын хан Данишменж 2 жил төрийн эрхийг булаан авч барьж байв. Түүний дараа 1370 он хүртэл 22 жилийн турш бодит эрх мэдэлгүй болж, монгол, түрэг угсааны ноёдын гар хурууны тоглоомын хүүхэлдэй болсон Баян-Кули, Төмөр шах нар ээлж дараалан хаан ширээнд сууж байв. Харин Моголистанд 1348 онд төрийн эрхэнд гарч ирсэн 18 настай Туглагтөмөрийг Дува ханы ач хэмээн зарлаж хаан ширээнд өргөмжилжээ. Туглагтөмөрийн эх нь Дува ханы хүү Эмиль-Хожагийн эхнэр байгаад түүний нас барахад хоёр дахь нөхрийн гэрт бие давхар очсон хэмээн үздэг байна. [Бартольд 1963 б:79-80]. Өөрөөр хэлбэл, Туглагтөмөр Цагадайн удмын хаан гэхэд ихэд эргэлзээтэй учир зарим судлаачид түүний Цагадайн улсын хаан гэж үздэггүй байна.


Зарим судлаачид Цагадайн угсааны сүүлчийн хан Казан гэж үздэг байна. Бидний бодлоор Цагадайн улс 1370 онд Доголон Төмөрийн дайны хөлд мөхсөн бололтой. Гэвч Цагадайн улсын үлдэц болсон хэсэг бусаг нүүдэлчид орон нутагтаа оршсоор байжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Цагадайн улсын нийгэм эдийн засгийн байгуулал, соёл

Чингис хаан Дундад Азийг эзлэж авмагц гурван хөвүүддээ эзлэсэн орны нутгийг хувааж өгсөн нь угтаа дайны хөлд нирвэгдсэн эдгээр газар орныг эзний ёсоор хандаж өөд татах зорилго агуулж байв. Цагадайд оногдсон харлугийн хуучин газар нутаг монголчуудад дагаар орсон учир дайнд төдийлэн нирвэгдээгүй аж. Дайны халуун мөрөөр явсан Чань-Чүнь бумбо Цагадайн газар нутгаар дайран өнгөрөхдөө эвдрэл сүйрлийн тухай огт өгүүлээгүй байна. [Си юй цзи 1866 :304,336-337].

Эзлэгдсэн газар орныг аль болох оновчтой захирахын тулд Чингис хаан тухайн орон нутгийн онцлогийг сайн мэдэх хүнийг захирагчаар томилж монгол даргач нарыг түүний мэдэлд өгдөг байв. Энэ бодлогыг түүний үе залгамжлагчид ч хатуу баримталсаар ирсэн билээ. Жишээлбэл, Рашид ад-дины мэдээлснээр, Аму-дарьяа мөрнөөс өмнө тийш монголын эзлэсэн газар, өөрөөр хэлбэл, Хорасан, Ираныг уйгар гаралтай Куркузэд захируулсан бөгөөд тэр нь Хорасан, Мазендараны хэргийг хөтөлж цэгцэлсэн аж. Мөнхүү зохиогчийн мэдээгээр, Хойд Хятадыг захирах үүрэг хуучин Чингис хаанаас Мавераннахрт тавьсан захирагч Сахиб Махмуд Ялавачид оногдов. Түүний хүү Масуд-бек Мавераннахр, Дорнод Туркестан, Уйгарын захирагчийн албыг насан өөд болтолоо хашиж байв. [Рашид-ад-дин т.I :142, т.II :46].
Түүнчлэн Монголын хаад Дундад Ази, Дорнод Туркестанд төрийн алба хаалгахаар монгол, хятад хүмүүсийг томилон явуулж байв. [Бартольд 1963 а:543].Ийнхүү, монгол хаадын төрийн бодлого нь тухайн газар орны аж ахуйн онцлогийг сайн мэдэх хүмүүсийг томилон ажиллуулахад оршиж байв. Зарим судлаачдын үзэж буйгаар “гадаадыхныг монголчууд албандаа татан оролцуулдаг байсан нь нүүдэлчид өөрсдөө соёлоор дорой, эзлэгдсэн ард түмнийг удирдах арга туршлагагүйгээр тайлбарлагдана” гэжээ. [Кутлуков 1984: 102].

Бидний үзэж буйгаар захирагч гэдэг нь нэгд, гүйцэтгэх тушаалтан хоёрт, тэрээр дан ганцаараа бүх асуудлыг шийдэж байгаагүй. Захирагчийн дэргэд байсан монгол даргач нар түүнийг хянах үүрэгтэй байв. Гуравт, монголчууд эзлэгдсэн орнуудад орон нутгийн засаг захиргааг орон нутгийн язгууртанд үлдээдэг байсан ахул, тэдний дэргэд монгол түшмэл-захирагч заавал тавьдаг ажээ. Тэдгээрийн гол үүрэг нь: 1/ хүн амын тооллого явуулна, 2/ орон нутгийн хүн амаас цэрэг эрс татна, 3/ өртөө шуудан зохион байгуулна, 4/ алба гувчуур хураана, 5/ ордонд алба, албан татвар хүргүүлнэ, 6/ орон нутгийн засаг захиргааг хянана. [Бартольд 1963 а:468]. Өөрөөр хэлбэл, захирагч бол монголын төрийн зүтгэлтэн, их хааны зарлиг шийдвэрийг тухайн газар нутагт хэрэгжүүлэгч албан тушаалтан юм. Эзлэгдсэн оронд захирагчаар харь хүнийг томилон ажиллуулж байсан нь тухайн албан тушаалд томилон ажиллуулах чадвартай монгол тушмэл байгаагүйгээс бус харин энэ байдал нь эзлэгдсэн орны талаар явуулж байсан монгол төрийн бодлоготой шууд холбоотой юм. Монголын хаадууд эзэлж авсан орнуудын нийгэм эдийн засгийн бүтцийг нь тухай бүрд эвдэж ард түмэнд нь өөрийн засаг захиргааны тогтолцоог хүчээр тулгаж байгаагүй бөгөөд үүнийг зугуухан шат дараалалтай хийж байсныг онцлон тэмдэглүүштэй. Эзлэгдсэн орны ард түмнийг юуны өмнө оюун санаагаар нь барьж байхыг илүүд үзэж байсан тул тухайн ард түмний сэтгэл санаанд бүх юм хэвийн, өвөг дээдсийн хуучин уламжлал заншлаар явагдаж байна гэдгийг ойлгуулах нь чухал байлаа. Иймээс тухайн ард түмний ахуй амьдралыг сайн мэддэг бөгөөд монгол хаадууд өөрийн итгэл найдварыг бүрэн хүлээсэн хүнийг захирагчаар томилон ажиллуулж байв.

1241 онд Махмуд Ялавачийг Хойд Хятадын захирагчаар томилон ажиллуулахад түүний хүү Масуд-бек өөрийн төрсөн нутагтаа үлдэж Дундад Азиа захирах болсон билээ. [Рашид-ад-дин, т.II:140]. Аль ч талаар бодсон харь хүнийг тухайн нутгийн захирагчаар ажиллуулах нь монголын төрд илүү ашигтай байж таарна. Махмуд Ялавачийн хувьд тэрээр Чингис хааны итгэлийг олсон монголын төрд үнэнчээр зүтгэж байсан харь гаралтай төрийн зүтгэлтэн байсан тул Монголын их хаадууд түүнд болон түүний үр хүүхдүүдэд бүрэн итгэж тэднийг Мавераннахр, Дорнод Туркестаны захирагчаар үе улируулан томилж байв.Их Монгол улсын үед эдгээр захирагч нар их хааны төлөө, Эзэнт гүрний үед тэд нар тухайн улсын ханы төлөө алба гувчуур татах үндсэн үүрэг хүлээж байв. Цагадайн улсын нийгэм эдийн засгийн байгууллыг тодорхойлоход тус улсын газрын харилцааны хэлбэрүүдийг авч үзэх хэрэгтэй юм. Монголчуудын үеийн Дундад Азийн газрын харилцааны ангилалыг анх А.Ю.Якубовский санал болгосон аж. [История народов Узбекистана 1950: 233-234]. Үүнд:
1/. Мильк - дивани буюу улсын газрын өмч мөн энд ханы хувь газар – инж (инджу) багтана;
2/. Мульк буюу феодалын болзолгүй газрын өмч;
3/. Вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмч багтадаг байна. Судлаачид энэхүү ангилалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч газрын харилцааны дөрөвдөх хэлбэрийг нэмж оруулжээ:
4/. Мильк буюу тариачдын газрын эзэмшил. [Гафуров 1972: 465]. Ингээд Дундад Азийг ерөнхийд нь багтааж байсан Цагадайн улсад газрын харилцааны үндсэн дөрвөн хэлбэр байсан гэж судлаачид үздэг аж. Мильк - дивани буюу улсын газрын өмч.

Монголын байлдан дагууллын өмнөх үеийн Дундад Азийн түүхээс үзэхэд Хорезм шах Мухаммед өөртөө үнэнчээр зүтгэж, цэргийн гавъяа байгуулсан нүүдэлчин язгууртануудад улсын газрын сангаас шагнал болгон газар таслан өгч байв. Энэхүү шагналын газрыг икта гэдэг аж. Иктаг тодорхой хугацатайгаар цэргийн алба залгуулах болзолтой олгож байсан тул болзолт газрын эзэмшилд хамаарна. Энэхүү газрын эзэмшил нь Их Монголын улсын мянганы эзэмшил газартай уг утгаараа адил төстэй юм. Мянганы ноёд “тухайн мянганы газрыг бүрэн гүйцэд өмчлөгч бус харин хагас эрхтэй өмчлөгч төдий бөгөөд мянганы ноён харъяат мянганаа үе улиран эзэмших боловч түүнийгээ бутлан хувааж бусдад шилжүүлэх, наймаалах эрхгүй байсан юм” хэмээн монголын нэрт түүхч Ш.Нацагдорж тэмдэглэжээ. [Нацагдорж 1978: 60].Мянганы ноёны адил икта эзэмшигч цэргийн болон засаг захиргааны алба хаах болзолтой бөгөөд үүнийхээ төлөө тухайн газрыг эзэмшиж байжээ. Иктаг мянганы нутгийн нэгэн адил тухайн газарт оршин суух иргэдтэй нь хамт өгдөг байсан нь газар эзэмшигчдээс тариачид хараат болох байдлыг улам дэлгэрүүлж байжээ. Цагадайн улсын газар нутгийн суурьшмал хэсэг нь болох Мавераннахр их хааны мэдэлд байсан ахул нүүдэлчин хэсэг болох Долоон гол Или голын сав газрын дээд эзэн нь Цагадай болон түүний ургийнхан байв. Тиймээс Цагадайн улсын дивани газарт зөвхөн Мавераннахр харъяалагдаж байсан гэж үзэж болох юм. Цагадайн улс болон Эл хаадын үеийн Персид улсын газрын сан ихээхэн хорогдсон гэсэн И.П.Петрушевскийн дүгнэлттэй бид санал нэг байна. Учир нь улсын газрын сангаас икта болон соёрхолын газрыг таслан өгч байсан бөгөөд уг санг арвижуулах эх үүсвэр сүүлдээ бараг үгүй болсон тул дээрх дүгнэлт бодит байдалтай нийцсэн аж. Улсын газрыг тариачдад бутарган мильк болгон эзэмшүүлдэг байв. Эдгээр тариачид улсын сан диванид татвар төлдөг байв.

Их Монгол улсын үед Цагадайн ургийнханы эзэмшил газрыг инджу хэмээн нэрлэж байжээ. [Рашид-ад-дин т.II:102]. Харин Эзэнт гүрний үед инджу болон улсын дивани газар нь утга нэг болж нэгдсэн бололтой. Инджу газрын орлогыг Цагадайн орд өргөөний зардалд зарцуулж байсан ахул дивани газрын орлогыг Их хааны цэрэг захиргааны хэрэгцээнд зарцуулагдаж байв. [Петрушевский 1960: 240].Монголчуудын үед иктаг соёрхол хэмээн нэрлэх болсон гэж судлаачид үздэг. [Петрушевский 1960:274, Гафуров 1972:466]. Өөрөөр хэлбэл, ХIV зууны II хагасаас икта нь болзолт эзэмшлээс болзолгүй эзэмшил - соёрхол - болон хувирснаар Цагадайн улсын томоохон соёрхолын газрын эздийн гарт газар тариалангийн талбай болон уудам билчээр нутаг төвлөрөх болжээ. Улмаар эдгээр монгол түрэг угсааны том газрын эзэд эдийн засгийн эрх мэдлээс гадна засаг захиргааны болон шүүн таслах эрх бүхий болов. [Абдураимов 1961 :11]. Газрын эздийн эдгээр давуу эрх нь Цагадайн улс унаснаас хойш ХVII зуун хүртэл Дундад Азид хадгалагдсаар байжээ. [Абдураимов мөн тэнд]. Эрдэмтэн А.М.Беленицкийн тэмдэглэснээр Дундад Азид соёрхолын газар Доголон Төмөрийн үед хамгийн өргөн дэлгэрсэн аж. [Беленицкий 1941:46]. Мульк хэмээх нэр томъёо нь хүй нэгдлийн тариачдын газрын эзэмшил болон феодал ноёдын болзолгүй газрын өмчийн хэлбэрийг тодорхойлох аж. [Петрушевский 1960:251]. Энэхүү газрын хэлбэрийн талаар сурвалжийн мэдээ тун хомс тул судлаачид Ираны жишгээр тоймлон үздэг байна. Мулькийн эзэд улсад татвар төлдөг байсан бөгөөд энэхүү татвар нь газрын татвар болох хараджаас хавьгүй хөнгөн ердөө ургацын 1/10 хувьтай тэнцэж байв. Монголын ноёрхолын үеийн Дундад Азид зарим “чөлөөт мульк”-ууд улсын газрын татвараас бүрэн чөлөөлөгдсөн байжээ. [Петрушевский 1960:.255-256]. Мульк-ийн эзэд уг газраа үе дамжин өмчлөхөөс гадна хүн амтай нь цуг наймаалах, бэлэглэх эрхтэй байв. Хүй нэгдлийн газрын эзэмшил болох мульк эзэмшигч тариачид ямар ч болзолгүйгээр уг газраа үе дамжин эзэмшиж байжээ. Цагадайн улсын газрын харилцааны гурав дахь хэлбэр болох вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмчийн талаар сурвалжийн мэдээ харьцангүй илүү байдаг тул энэ талаар хийсэн судалгаа ч нэлээд байдаг.

Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэд монголын ноёрхолын үед Дундад Азид сүм хийдийн эзэмшил газар урьд үетэй харьцуулахад өргөн дэлгэрснийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. [Петрушевский 1960:280]. Хорезмын хаант улсын төр нь хүчирхэг нүүдэлчин цэргийн язгууртануудад тулгуурласан цэрэг иргэний шинжтэй төр байсан тул шашны санваартангуудын нийгмийн байр суурь сул дорой байв. [Артемов 2000 :267]. Монголын байлдан дагууллын дараа Дундад Азийн орнуудын төрийн тогтолцоо өөрчлөгдөж улмаар лалын шашны санвартангууд нийгмийн байр сууриа үлэмж дээшлүүлэх таатай нөхцөл бүрджээ. Чингис хаанаас эхлэн монгол хаадын төрийн бодлогын чухал нэг хэсэг бол эзлэгдсэн орнуудын ард түмнийг эвээр засах буюу оюун санаагаар нь захирах бодлогыг тууштай хэрэгжүүлж ирэв. Үүний хүрээнд лам нарыг хөхүүлэн дэмжиж тэд нарыг аливаа алба татвараас чөлөөлдөг явдал байлаа. Сурвалжийн мэдээгээр хамгийн анх Чингис хаанаас ийм хөнгөлөлт авсан хүн бол Даосын бумбо Чань-Чүнь арш билээ. [Си юй Цзи 1866:335]. Судлаачдын үзэж буйгаар Чингис хаан 1222 онд мөн лалын шашны “бүх санваартан, тухайлбал, Имам, Кадисыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулж, шашны асуудлыг эрхлэх сайдын тушаалыг бий болгосон” ажээ. [Саундерс 1992:71]. Үүнээс гадна Мөнх хааны эх загалмайт шашинтай Сорхогтани-бэх 1000 мөнгөн лан хандивлан өгч Бухар хотноо лалын шашны сүмийн сургууль бариулж мөн уг сүмийн харьяа эзэмшил газар – вакф - худалдан авхуулжээ. Энэ сүмийн захирагчаар Сейф-ул-ислам Бохарзийг томилов. [Рашид-ад-дин т. II:128]. Сорхогтани-бэх 1252 онд насан өөд болтлоо энэ сүмээр дамжуулан мусульман ядуус гүйлагчдад буян үйлдэж хоол хүнс, хувцас хунар байнга түгээж байжээ.

Сайфид-дин Бохарзи уг сүм болон сүмийн эзэмшил газраа үе дамжин захирч байсан бөгөөд түүний ач хүү Яхьи Бохарзи 1326 оны 8 сарын 1-нд уг эзэмшилдээ нэмж Бухар хотын зүүн хэсэгт орших 100 кв.км талбай бүхий 11 тосгон болон 18 боол хулалдаж авсан тухай баримт бичиг олджээ. [Чехович 1965:33]. Яагаад жижиг газрын эздүүд өөрийн газраа вакф болгон худалдах болов оо? гэсэн асуулт үүнээс урган гарч байгаа юм. Учир нь уг газрыг худалдан авсан сүм хуучин эзэнд үеийн үед уг газрын орлогын тодорхой хувийг олгох үүрэг хүлээсэн байв. [Чехович 1959:157]. Вакф болгосон газар болон ард иргэдийг худалдахгүй, бэлэглэхгүй бөгөөд үеийн үед уг сүмийн эзэмшилд байх агаад хоёр талын үйлдсэн баримт бичигт тусгасан ёсоор орлого зарлагаа хувиарлаж байх ёстой аж. [Чехович 1959:153]. Өөрөөр хэлбэл, сүм хийдийн эзэмшил газар вакф аливаа алба татвараас бүрэн чөлөөлөгдсөн байсан учир жижиг газрын эзэд улсын татвараас зайлсхийж өөрийн газраа дуртайяа вакф болгож байсан бололтой. Чингэхдээ өөрийн хөдөлмөрөөр олж байсан ашиг нь сүмээс авах ашигтай ойролцоо байсан болов уу. Эс тэгвээс газраа вакф болгох ашиггүй юм. Үүнээс гадна 1299 оны вакфын баримт бичигт Бухар хотын умард хэсэгт том газрын эзэн томоохон сууринг худалдаж аваад сүм хийд шинээр бариулж тосгон байгуулж хамгийн гол нь тэндээ хэд хэдэн нэхмэлийн газар байгуулсан тухай тусгасан байна. [Бухарский вакф 1979:8].

Дээрх хоёр баримтаас үзэхэд монголчуудын үед Дундад Азид шашны байгууллагын эзэмшил газар эрчимтэй өргөжин тэлж лалын шашны санваартангуудын нийгмийн байр суурь үлэмж дээшилж байсныг гэрчилж байна. Жишээлбэл, ХIII зуунд Дундад Азийн санваартан Сейфид-дин Бохарзи анх удаа “шейх ал-олам” буюу дэлхийн шейх цолыг монгол хаадын ивээлээр хүртсэн аж. [Чехович 1965:9]. И.П.Петрушевскийн тэмдэглэснээр “вакфын түүхэн үүрэг жингийн худалдаа болон гар үйлдвэрийн төв болсон зах зээлтэй нягт холбоо бүхий феодал ангийн онцгой бүлэг болох мусульман лам нарын орлогын үндсэн эх сурвалж болж байсанд оршино” гэжээ. [Петрушевский 1960:249]. Милькийг зөвхөн чөлөөт тариачид эзэмшиж байсан бөгөөд монголын ноёрхолын үед эдгээр эзэмшил газруудыг том газрын эзэд болон сүм хийдийн эзэмшилд шилжиж эрс цөөрөх хандлага давамгайлах болов. [Петрушевский 1955:100]. Гэвч энэ хандлага нь феодалын газар эзэмшлийн хэлбэрийн цаашдын хөгжлийн зүй ёсны үр дагавар байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. [Петрушевский 1955: 102-103].Газаргүй болсон тариачид түрээслэгч болохоос гадна том газрын эзний хувь нийлүүлэгч издольщик болж байв. Гэвч хувь нийлүүлэгч нь үнэн хэрэгтээ “үе дамжсан феодалын хараат байдлын нэгэн хэлбэр” юм. [Петрушевский 1960:286].

О.Д.Чеховичийн хийсэн судалгаагаар вакфын эзэмшил газрыг “музоре” нар харин милк газрыг "кедивар" ”хэмээх тариачид тус тус боловруулж байв. [Чехович 1959: 149]. Гэвч эдгээр кедивар, музоре нарын нийгмийн байр суурийг тодорхойлох баримт бичиг хараахан олдоогүй байна. Тиймээс тэд нарыг эрх чөлөөтэй аль эсвэл хамжлага байсан эсэхийг тодорхойлох боломжгүй аж. [Чехович 1959:155].Дундад Азийн бүх хүн амд оногдуулсан Их Монголын улсын нэгдсэн татварыг “купчур” хэмээн нэрлэдэг байв. 1229 онд Өгэдэй хаан улсын нэгдсэн алба татварын хууль гаргаж ард иргэдээс авах татварын хэмжээг хуульчлан тогтоожээ. [Мункуев 1965 a :137]. 100 толгой малаас нижгээд малыг авахаар тогтов. [Рашид-ад-дин т.II: 36]. 1233 онд улсын албан татварын хуулинд шинээр нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэр нэмэлт ёсоор адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой бүхий өрхөөс нэжгээд морь, үхэр, хонийг татварлан авах болон адуу, үхэр, хонь тус бүр 10 толгой өрхөөс тус бүр ч мөн адил нэжгээд морь, үхэр, хонь татварлан авахаар заасан байна. Ялангуяа худалдаа, арилжаа эрхлэгчдээс авах гаалийн татварыг чангатгасан хууль бас тогтоожээ. [Далай 1994:148-149]. Өгэдэй хаан эзэлсэн орны ардуудаас татварлах алба татварын хэмжээг Хятадын хүн амаас өрхөөр бодож, Дундад Азийн зэрэг баруун зүгийн орнуудаас эрийн тоогоор бодож авах журмыг тогтоожээ. [МУ-ын түүх. II боть :166].“Албаны хэмжээ нь сайн чанарын тарианы му тутмаас 3 жин, дунд тарианы му тутмаас 2 жин хагас, дорд тарианы нэг му тутмаас 2 жин тус тус хураах, ус оруулсан сайн тарианы нэг му тутмаас 5 жин тариа авахаар тогтоосон байна. Худалдааны зүйлээс гааль хураахдаа орлогын 1/30 авах, дарсны худалдаанаас 40 жин архи тутмаас нэг лан хураахаар тус тус тогтоосон байна. Энэ нь хятад иргэдээс авч байсан татварын хэмжээ бөгөөд Дундад Азийн орнуудаас мөн үүний нэгэн адил албан татвар авч байсан байна”. [МУ-ын түүх II боть: 166].

Өгэдэй хааны энэхүү хуулийн тухай мэдээ сэлт Дундад Азийн сурвалж бичигт тэр бүр тусгаагүй тул судлаачид гол төлөв Мөнх хааны хуулийн татварын заалтыг Жүвейнийн бүтээлд өгүүлсэн ёсоор авч үздэг байна. [Петрушевский 1960:115].Мөнх хааны алба татварын хуулийн заалтын ёсоор Дундад Азийн нүүдэлчин ард иргэдээс 100 толгой адуу, үхэр, хонь тус бүрээс нэжгээдийг, суурьшмал хэсгийн хүн амаас хөрөнгө чинээгээр авахаар тогтоов. “Баян чинээлэг ард иргэдээс нэг жилийн гувчуур 15 динар, ядуу доройгоос 1 динар” авхаар тогтжээ. [Якубовский 1936:114].Монголын ноёрхолын үед Дундад Азид купчур, калан, тагар, тамга зэрэг албан татвар шинээр орж ирсэн байна. [История таджикского народа 1964:310].Б.Д.Греков, А.Ю.Якубовский нар газрын татвар хараджийг монголчуудын үед калан хэмээн нэрлэх болсон гэж үздэг байна. [Греков, Якубовский 1950:111]. Газрын татвар харадж төлөхөөс гадна тариачдаас гаргуулж байсан тагар хэмээх бүтээгдэхүүний татвар нь монгол цэргийн хангамжинд зориулагдсан татвар байжээ. [Агаджанов 2000: 411].Тамга хэмээх татварыг гар урчуудаас авч байсан байна. [История таджикского народа 1964:308].Дэрх алба татваруудын хэмжээ маргаантай хэвээр байна.Дээрх тогтмол татвараас гадна онцгой үед авдаг нэмэлт татварууд байснаас дайны үед авч байсан ашлиг хэмээх бүтээгдэхүүний татварыг Цагадайн улсын бүх хүн амаас авч байсан гэж Б.А.Ахмедов тэмдэглэсэн байна. Энэ татварын хэмжээ нь тухайн нөхцөл байдлаас хамаарч байсан аж. [Ахмедов 1965:95].

Цагадайн улсын нийгмийн бүтцийг бүхэлд нь авч үзэхэд нийгмийн дээд давхаргад Цагадайн удмынхан багтаж байв. Удаах байранд монгол түрэг угсааны түмний болон мянганы ноёд. Эдгээр ноёдын адил давуу эрх эдэлж байсан лалын шашны хутагт хувилгаад энд бас хамаарна. Удаах байранд монгол түрэг угсааны нүүдлийн болон суурьшмал хэсгийн сурвалжит язгууртнууд. Тэгээд худалдаачид гар урчууд, тэдний дараа тариачид орж байв. Нийгмийн давхаргын доод хэсэгт боолчууд орж байв. ХIV зууны 20-иод онд Монголын эзэнт гүрний хэмжээнд улс төрийн байдал ерөнхийдээ төгтворжиж эдийн засаг, олон улсын худалдаа хөгжих таатай нөхцөл бүрдэв. Энэ үед пап ламын засгийн газар нь Алтан Ордны улс болон Цагадайн улсад худалдааны болон шашны үйл ажиллагаа өрнуулах тухай стратеги төлөвлөгөө боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд Тана-Сарай-Ургенч-Ханбалык гэсэн Алтан Ордны улс, Цагадайн улсын нутгаар дайран өнгөрч Европ Хятадыг холбосон олон улсын төв замд гол анхаарлаа хандуулсан байна. Учир нь энэ замыг шаардлагатай үед Энэтхэг орох нөөц зам болгон ашиглах боломжтой гэж тооцоолж байжээ. [После Марко Поло 1968:106].ХIҮ зууны 20-иод онд Ил хаадын улсад сууж байсан Венеци улсын консул Марко да Молин засгийн газартаа мэдээлэхдээ Иранд худалдаа зогсонги байдалд ороод байна, Ираны зам харгуй төдийлөн аюулгүй бус байна тэр байтугай Тебризд гадаадын худалдаачдад халдаж байгаа тухай өгүүлсэн байна. [После Марко Поло 1968:106].Венецийн худалдаачид Энэтхэг, Хятад руу Персийн нутгаар бус Цагадайн улс, Памир болон Гиндукушийн нуруугаар явах зам эрэлхийлэх болсон аж. Ингээд папын засгийн газар болон Европын худалдаачид энэ үеээс эхлэн Цагадайн улсыг эдийн засаг, шашны талаас ихэд сонирхож эхэлсэн байна. Энэ үед Цагадайн улсад Дува хааны хөвгүүд Элжигдэй болон Дурратөмөр нар (1326-1329) төр төр барьж байв. [Бартольд 1964 a:76]. Бусад улсуудыг бодвол Цагадайн улсын дотоод байдал төдийлөн тайван байсангүй. Мавераннахр болон Долоон голын нутгийн феодал ноёд өвөр хоорондоо байнга дайсагнаж тус улсын “бараг нийслэл” Алмалигт үе үе ордны эргэлт болж байлаа. [После Марко Поло1968:119].

Пап лам XXII Иоанн доминикан ёсны гэлэн Томмазо Мангазолыг Самарканд хотын хамбаар томилон 1328 онд захидлын хамт Цагадайн улсын Элжигдэй хан руу илгээжээ. Гэлэн Томмазо Мангазол хэрэг зорилгоо амжилттай биелүүлж Цагадайн улсад шашны төлөөний газрыг нээж байр сууриа бэхжүүлж чадсан ажээ. Дува ханы ач хүү Джэнкши ханы үед (1334-1338) Алмалиг хот нь Дундад Ази дахь загалмайтны шашны номлолын төв болон хувирчээ. Несториан шашинтай байж болзошгүй Карасмон, Юханан хоёр пап ламын илгээсэн хамбад Алмалигийн ойролцоо эдлэн газрыг өргөл болгон барихад тэрбээр тэндээ тун удалгүй загалмайтны шашны сүмийн барилга бариулжээ. Энэ үеэс хойш Алмалигт Бургундийн хамба лам Ришар, Александр хотоос ирсэн ах дүү гэлэн Франциск болон Раймунд Руф болон Испанийн ламтан Пасхалий нар үзэгдэх болжээ. [Бартольд1964 a: 62-63]. Ханы бие чилээрхэхэд эдгээр лам нар түүнийг анагаахад тэрээр талархан өөрийн долоон настай хүүг загалмайлах зөвшөөрөл өгчээ. Папын засгийн газар нь тухайн үед папын өргөө байрлаж байсан Авиньон хот Ханбалык хот хоёрын хооронд байнгын харилцаа холбоо тогтоох оролдлого хийж байв. Хятад дахь загалмайтны шашны сүмийн хамба лам Монтекорвиног нас барахад пап лам XXII Иоанн шинэ хамба лам Николайг илгээсэн байна. Ламтан Цагадайн улсад ирж Джэнкши ханд бараалхахад хан түүнийг ихэд найрсаг хүлээн авсан байна. Гэвч тэрээр Хятад хүрч чадалгүй буцжээ.

Алмалиг хот улс төрийн амьдралын гол төвд оршиж байсан учир 1339 онд болсон ээлжит үймээний хөлд лам нар амь үрэгджээ. Цагадайн улсын хан ширээнд санаархаж байсан Өгэдэйн удмын Али-султан Джэнкши ханыг хан ширээнээс унагаж амь насанд нь хортойгоор халдав. Төрийн эргэлт хийх энэ үед загалмайт шашны хамба Ришар тэргүүтэй гэлэн, лам нарыг бүгдийг нь хүйс тэмтэрсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Пасхалий ламтан энэ аймшигт үйл явдлын өмнөхөн пап ламд Цагадайн улс болон Алтан Ордны улсын талаар сонирхолтой мэдээ агуулсан захидал илгээсэн байжээ. Гэвч 1339 оны төрийн эргэлт нь төдөлгүй дарагдаж Али-султаныг хан ширээнээс зайлуулж дараа жил нь Алмалигт ирсэн Мариньолли ламтан шашны төвөө бүрэн сэргээж чадав. 1338 оны 5-р сарын 31-нд Тогоонтөмөр хааны төлөөлөгчид Авиньон хотноо хүрэлцэн ирэхэд тэд нарыг пап лам ХII Бенедикт (1334-1342) хүлээн авч уулзжээ. Их хааны хүсэлтийн дагуу пап лам Ханбалык руу францискан гэлэн ёсны ламтан Джовани Мариньолли тэргүүтэй шашны төлөөлөгчдийг илгээхээр тогтжээ. Эдгээр төлөөлөгчдийн зорилго нь гагцхүү Ханбалык хүрэх төдийгүй зам зуураа Алтан ордны хан Узбек (1312-1341), Цагадайн улсын хан болон түүний загалмайт шашинт хоёр зөвлөх (Карасмон, Юханон) нарт захидал дамжуулж өгөхөд оршиж байлаа. Мариньолли ламтан эдгээр бүх зорилгоо амжилттай биелүүлээд 1353 онд Европ руу буцжээ. Иймд, Эл хант улсын улс төрийн дотоод байдал тогтворгүй болоход папын засгийн газар Хятад хүрэх худалдааны нөөц замыг Цагадайн улсын нутгаар өртөөлөн өнгөрөөх арга замыг эрэлхийлэн тус улсад элч төлөөлөгч илгээж байжээ. Гэвч Цагадайн улсад XIV зууны дунд үед улс төрийн зөрчил тэмцэл дэгдэж папын засгийн газар тэрхүү санаачилгаа орхиход хүрчээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: