Friday, April 24, 2009

ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Төв Азийн тал нутгаар нүүдлэн амьдрагч тархай бутархай Монгол аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг эмхтгэн байгуулж, зуун зууныг дамжин дуурсах их алдрыг хүртсэн Чингис хааны амьдрал, тэмцлийг уран сайхны аргаар өгүүлсэн “Heaven’s Favorite“ (Тэнгэрийн таалал) хэмээх хоёр дэвтэр түүхэн романыг АНУ-ын Колорадо мужийн “MindShare Press” хэвлэлийн газар (4285 Slash Pine Drive Colorado Springs, CO 80908) тун саяхан хэвлэж, худалдаанд гаргалаа.


Зохиогч Том Шанли (Tom Shanley) уг түүхэн романдаа өсөх бага насандаа эцгээсээ өнчирч үлдээд, төрөл садангууддаа ч орхигдоход хүрч хүнд бэрх амьдралыг туулсан Тэмүжин хожмын их үйлсийн аянд өөрт нь тулах түшиг болсон итгэлт анд-хүлэг баатрууд, дотны зөвлөгч, халуун хайрт ханиа хэрхэн олсон хийгээд байр сууриа бэхэжүүлснийг “Мандал бадрал: Чингис хааны хүчирхэгжил” хэмээх тэргүүн дэвтэрт дэлгэрэнгүй өгүүлжээ. Тал нутгийн овог аймгуудыг нэгэн хүчирхэг гарын дор нэгдсэн захиргаанд оруулж, хаяа залгасан бусад улсад төдийгүй, тив дэлхийн сонорыг дэлдэж, зүрхийг донсолгом их үйлсийг өрнүүлсэн тухай “Ноёрхол: Монголын гүрний шинэ эрин” хэмээх удаах дэвтэрт сонирхол татахуйцаар үзүүлсэн байна. Зохиогч Том Шанли энэ зохиолоо сүүлийн гурван жил гаруй хугацаанд туурвихдаа түүхэн үйл явдлуудын төрөлх дэвжээ болсон Монгол нутгаар хэдэнтээ аялаж, Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн багш эрдэмтэн Х.Лхагвсүрэн, нэрт түүхч О.Сүхбаатар, бусад олон хүнтэй уулзан, санал бодлоо солилцож, гар нийлж хамтран ажилласан тухайгаа номынхоо эхэнд дурдаж тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Хэвлэгдсэн даруйдаа нэгэнбум илүү ширхэг нь борлож 2003 онд борлуулалт сайтай бүтээл буюу “Бэстсэллэр” -т шалгарсан “Чингис хаан ба орчин цагийн дэлхий ертөнц” номын зохиогч Минносота мужийн Макластр коллежийн профессор эрдэмтэн Жак Уэрдфорд ахайтан ч эрдэмтэн Х.Лхагвасүрэн, түүхч О.Сүхбаатар нартай дотно хамтарч ажилласан тухайгаа онцлон тэмдэглээд зогсохгүй номынхоо монгол хэлээр борлуулах эрхийг итгэмжлэн шилжүүлсэн байдаг нь эх орныхоо түүхийг олон жилийн туршид хичээнгүйлэн судалсан манай түүхч эрдэмтэд судалгааныхаа ажлын үр дүнг олон орны уншигчдад хүргэх талаар бусад улсын, түүний дотор АНУ-ын эрдэмтэд, зохиолчидтой үр бүтээлтэй ажиллаж байгаагийн илрэл болов уу.Нийт тавь шахам бүлэгтэй нэлээд хэдэн зураг сэлт бүхий эл романы хавтасны зураг чимэглэлүүдийг зураач Ч.Ганболд хийсэн нь уг зохиолын агуулгыг тодотгон донж нэмсэн харагдана.Монгол Улсаас АНУ-д Элчин сайдын яаманд элэгсэг үгтэй захидлын хамтаар түүхэн романыхаа дээжийг ирүүлсэн зохиогч Том Шанлид халуун талархал илэрхийлэх нь зүйтэй. Зохиогчийн өмнө нь ямар бүтээлүүд туурвисан, цаашид юуг хийж бүтээхээр бодож яваа болон утга зохиол шүүмжлэгчид, түүх судлаачид, урлаг, соёлын асуудлаар мэргэшсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувь мэргэжилтнүүд энд өгүүлсэн “Тэнгэрийн таалал” хоёр дэвтэр түүхэн романыг хэрхэн үнэлж байгаа талаар уг номын танилцуулгад болон түүнд дурдсан www.heavensfavorite.com вэб хуудсанд огт дурдаагүй байх тул энэ удаа яаран олныг өгүүлэхийг зорьсонгүй. Түүхийн судалгаа биш, олны дунд нэгэнт тогтсон хэвшмэл төсөөлөлтэй эс тохирох, нэр, үг хэллэг, ойлголтын хувьд оновчтой биш гэхээр ч зүйл нэг биш байгааг үгүйсгэхгүй. Ямар боловч Монголын түүхийн нэн сонирхолтой, магадгүй урлагийн олон төрлөөр цаашид шинэ зохиол бүтээлүүд үргэлжлэн гарах нэгээхэн хэсгийг уран сайхны аргаар дүрслэн харуулахыг зорьсон энэхүү түүхэн роман англи хэлээр уншигчдын сонирхлыг татаж, тэр хэрээрээ Монгол орны зүгт олон хүний хараа, анхаарлыг хандуулахад, Монголын хүүхэд залуучуудад англи хэлийг шамдан суралцахад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна.

Г.Ганболд

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Доктор Ц.Ганхүү: Оросууд биднийг геополитикийн тоглоомондоо ашигласаар байна

Манaй сонинд нийтлэгдсэн Монгол улсын геoпoлитикийн холбогдолтой єгvvллvvд Монгол хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж байна. Зохиолч Энхбoлдын єгvvллийг www.sonin.mn тавьсан бол судлаач Ганхvvгийн нийтлэлийг news.mn зєвхєн вэбдээ нийтэлсэн тєдийгvй мэссэнжэрээр холбогдон ярилцлага авсан байна. Тэрхvv ярилцлагыг та бvхэнд хvргэж байна.
- Д.Медведевийн урилгын цаад санааг тайлсан таны өгүүлэл монголчуудын дунд нилээд яриа үүсгэж, олныг эргэцүүлэхэд хүргэлээ. Юу таныг тэр өгүүллийг бичихэд хүргэв?
- Мэдээж хэрэг Д.Медведевийн урилгыг уншаад л эгдүү хүрэхүй юу. Энэ бол оросын шовинизм, дээрэнгүй үзлийн илрэл л дээ. Хөрш орондоо явагдах гэж байгаа чөлөөт сонгуулийн дүнг урьдчилан хэлээд, "тэр ялна, тэрийг би уръж байна" гэх маягийн хандлага цухалзуулна гэдэг бол яавч алдаа биш. Тэд нар гүрж, беларусь, украин, киргиз гээд эргэн тойрныхоо улсуудад ийм дээрэнгүй маягаар ханддаг. Монголчууд 1990 оноос хойш тэдний үгээр явахаа больж өөрийнхөө толгойг мэдэх болсон ч сүүлийн хоёр жилд л оросууд эргээд "загнаад" зааварлаад байдаг болчихлоо. Би хагас монгол, хагас украин хүн ч гэлээ зүрх сэтгэлээрээ, хүмүүжлээрээ, соёлоороо бол монгол хүн юм шүү. Миний ээж ч аавтай гэрлэж монголд ирснээсээ хойш өөрийгөө монгол гэж үзэх болсон. Өөд болохдоо өөрийгөө монголын газар шороонд оршуулахыг хүсэж байсан
- Харин таны өгүүллийн санаа жирийн нэгэн мэдээний цаана айхтар том бодлого нуугдаж байдгийг харуулсан. Гэхдээ ийм далд бодлогыг ойлгох, олж харахын тулд нилээд мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой байх боловуу?
- Ямар ч нэмэлт мэдээлэл, тусгай юм хэрэггүй ш дээ. Үйл явдлуудын учир шалтгааны хэлхээ, холбоог хөөгөөд бодчиход л болно. Би ямар ч нууц материал, тусгай мэдээлэл ашиглаагүй бүгд л нийтлэгдсэн ил байгаа мэдээллүүд. Сонингуудаар гараад олны хүртээл болчихсон мэдээнүүд. Би тодорхой дараалалд оруулаад, учир шалтгааныг жоохон ухсан төдий. Чи ч гэсэн тэдгээр мэдээнүүдийг дараалуулаад өрж байгаад бодлого бодчихож болно ш дээ. Хоёулаа ахиад нэг өрөөтөх үү?2009 оны 2 сарын 26-ны өдөр. СЕХ Ерөнхийлөгчийн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлав. Энэ үедээ тэд " санал хураалт 2009 оны 5 сарын 24-нд болно" гэж товлохдоо "гадаадад суугаа ЭСЯ-дын ажилтнуудын саналыг үндэслэсэн" гэдгээ онцлов.2009 оны 3 сарын 17-ны өдөр. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Екатеринбург хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг айлчлахыг урьсан захидал ирүүлсэн байна.2009 оны 4 сарын 10-ны өдөр. Энэ урилгын талаар Ерөнхийлөгчийн ХМА хэвлэлүүдээр мэдээ цацлаа.2008 оны 5 сар. Оросын хэвлэл мэдээллүүдээр Монголын УИХ-ын сонгууль эхэллээ. Оросын судлаачдын хийсэн судалгаагаар сөрөг хүчин Ардчилсан нам маш бага буюу 3-4 суудлын илүүтэйгээр МАХН-ыг ялахаар байна гэсэн дүгнэлт гарлаа.Яг энэ үед С.Баяр орост айлчлан ураны хамтарсан төслүүдийн талаар ярилцжээ.2008 оны 6 сар. С.Баяр Краснокаменскт нисэж очоод РОСАТОМ-ын тэргүүн С.Кириенкотой ураны хөтөлбөрөө нарийвчлан хэлэлцлээ2008 оны 6 сар. Эрх баригчид сонгуулийн дүнг будлиантууллаа.2008 оны 7 сарын 1. Сонгуулийн дүнг луйвардсаныг эсэргүүцсэн ард түмний бослого гарлаа2008 оны 7 сарын 2. В.Путин, Д.Медведев нарт зөвлөгөө өгдөг Центр Политической Конъюнктуры хэмээх байгууллага хамтарсан Засгийн газар байгуулахыг МАХН-д зөвлөлөө.2008 оны 9 сарын 3. С.Баяр "олон хоног нойргүй шаналсны эцэст стандарт бус шийдэл гаргаж "хамтарсан Засгийн газар байгуулах" болсноо зарлалаа.Тэгэхээр энэ хэлхээнээс тэнэг л биш бол хялбархан дүгнэлт гаргаж болно оо доо. Оросууд монголын эрх баригчдыг далдаас удирдаж, залуурдаж байна.
- Д.Медведевийн гадаад харилцааны ажилтнууд алдаа гаргасан байж болохгүй юу?
- Ямар ч боломжгүй. Дипломат ёс гэдэг бол нарийн эд. Ер нь бол аливаа урилгыг тодорхой нэр зааж, цаг хугацаа зааж ирүүлдэггүй юм. Албан тушаалыг дурдаад, тааламжтай үедээ айлчлан ирэхийг урьдаг номтой. Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын уулзалтанд урьж байгаа болохоор өдөр судар заах хэрэгцээ байсан гэхэд тухайн улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийн тов зарлачихсны дараа болох арга хэмжээнд нэр заах нь бүдүүлэг алхам. Энэ бол манай улсын дотоод хэрэгт ичгүүр сонжуургүй оролцож, иргэдийн сонголтонд нөлөөлөх, монголын нэг улс төрчид дэмжлэг үзүүлж, нөгөөд нь дарамт, шахалт үзүүлэх гэсэн оролдлого. Өөрөөр тайлах ямар ч арга байхгүй.
-3 сарын 17-ны өдөр ирүүлсэн Д.Медведевийн урилгын талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба яагаад тээр хойно 4 сарын 10-ны өдөр олон нийтэд ил болгосон юм бол?
- Нарийн учрыг нь надаас биш ХМА-ны дарга, пионерийн удирдагч Я.Төмөрбаатараас асуух хэрэгтэй байх. Миний таамаглаж байгаагаар бол хөөрхий пионерийн удирдагч сонгогчдыг пионер шиг санаад дандаа нэг тийм өрөвдүүлэх, бахархуулах чигийн мэдээлэл цацахыг эрхэмлэдэг шиг байгаа юм. Өмнө нь "Ерөнхийлөгчийг Бээжин явсан хойгуур араас нь "буудлаа", тэр чинь хүн юм байгаа биз дээ" гээд уйлан дуугарч байсан. Гэтэл будлианыг өөрөө зохион байгуулсан нь илэрсэн. Медведевийн урилгын хувьд бол бас л хөнгөн сэтгэчих шиг боллоо. Эд нар гадуур "С.Баяр оросоос их мөнгөтэй ирсэн. Одоо л Эх орны хишгийг тараах юм гэнэ. Ерөнхийлөгчөөр тараалгана" гэж цуурсныгаа үнэмшилтэй болгох гэж хичээсэн нь тэр.
- Н.Энхбаяр "Эх орны хишгээр" сонгуулийн шоугаа хийхээр шийдсэн нь илт байгаа. Ард түмнийг нэг мэхээрээ гурван удаа унагаж чадах болов уу?
- Би өчигдрийн "Үнэн" сонин дээр "Ц.Элбэгдоржийг сонговол Ерєнхийлєгчийн бvрэн эрхийн хvрээнд Эх орны хишиг олгох хуульд хориг тавих гэж байгаа" гэж ирээд л буудахыг уншлаа. Д.Заяа гэсэн нэртэй тэр бичвэр "Эх орны хишиг"-ээ хурдан хvртье гэвэл Н.Энхбаярыг сонго" гэж тулгаад дуусаж байна лээ. Эндээс ахиад л хачин дүгнэлтүүд гарч байгаа юм. 2000 оноос хойш Н.Энхбаярт бүх л эрх мэдэл төвлөрлөө, саад болох зүйл юу ч байсангүй. Тэгээд тэр үедээ шинэ монголыг байгуулаад, Эх орны хишгээ өгч байхгүй яасан юм бэ? "Намайг хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгосон үед нь л хийе" гээд нөөцлөөд байсан юм уу? Тэнэг хүн хуурч байгаа юм шиг аашлахыг чинь сонгогчид харж мэдэж л байна ш дээ.
- Оросын далд сонирхол нь монголын ураны нөөц рүү чиглэж байна гэж та үзэж байна уу?
- Би биш ээ оросууд тэгэж байна. "Бидэнд монголын уран хэрэгтэй гэж" үзсэнийхээ үндсэн дээр монгол дахь нөлөөллөө тэлэхийг хичээж, чармайж эхэллээ. Та нар сүүлийн нэг жилийн оросын хэвлэлүүдээр гарсан монголын талаарх мэдээлэлд контент анализ хийгээд үзээч. 7 сарын 1-ний үйл явдыг "Кризис в Монголии может заморозить совместные урановые проекты"(монгол дахь хямрал нь ураны хамтарсан төслүүдийг зогсонги байдалд оруулах магад), "ураны хувьсгал эхэллээ", "АНУ тэргүүтэй барууныхан монголын ураны ордуудад хяналтаа тогтоох гэхдээ ийм ажил хийлээ" гэх зэргээр юм л бол урантай холбож бичээд байгаа. Та нар мэдэж байгаа ОХУ бол хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр маш доогуур ордог, хагас дарангуйлалтай орон. Тэнд сониноор гарч байгаа зүйлс бол эрх баригчдын санаархал л байдаг юм. Тэднийг сөрвөл Анна Политковскаягийн замаар орно. Монголд бол харин харьцангуй хэвлэлийн эрх чөлөө байгаа шүү.
- Таны өгүүлийн цаад зорилго нь юу вэ?
- Цаадсаад байх юм байхгүй илт уншигдаж байгаа ш дээ. Монголчууд 200 гаруй жил Манжийн хяналтанд, 70 жил Зөвлөлтийн удирдлаганд байж удирдагчдаа өөрсдөө сонгох эрхээ эдэлж чадахгүй байсныг Ардчилсан хувьсгал өөрчилсөн юм шүү. Гэтэл оросууд зөвлөлтийн үе шиг Монголын удирдлага хэн байхыг заах гэж оролдоод байгаа бол Монголын сонгогчид бид жинтэй хариу өгөх хэрэгтэй. "Н.Энхбаярыг 100 хувь санал нэгтэй сонголоо" гэдгийн цаана С.Баярыг гаднаас шахсан гэсэн яриа МАХН-ын найз нөхдийн минь дунд байгаа. Ер нь бол Хойд Солонгост ч 100 хувийн дэмжлэгтэй сонгууль болдоггүй юм ш дээ. 99 хувь л гэдэг. Тэгэхээр энд бас нэг "но" байна. Би МАХН, Ардчилсан нам гэхээсээ илүүтэй монголчууд сайн ч бай, муу ч бай төрийн тэргүүнээ өөсрдөө мэдээд сонгохын төлөө л байдаг. Бор гэртээ богд гэдэг дээ. "Хүний эрхээр жаргахаа өөрийн эрхээр зов" гэдэг бол эрх чөлөөний өндөр дээд мэдрэмжийг илтгэсэн үг шүү. Боолын сэтгэлгээтэй хүмүүс л бусдаар заалгаад, зүалуулаад ч хамаагүй гэдэс цатгалан мөр бүтэн жаргахыг хүсдэг.
- Та өөрийнхөө талаар арай дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
- Надад бусдаас гоц гойд юм байхгүй ээ. Монголд төрж, өссөн. Одоо АНУ-ын нэгэн Их сургуульд багшилж байна. Би орос судлаач мэргэжилтэй юм л даа. Кондолиза Райс бид ижил мэргэжилтэй. С.Баяртай монголд ч, ЗХУ-д ч нэг сургуульд суралцаж байсан. Би тэрнээс 4 насаар дүү юм. Адилхан 40 мянгатын л хүүхдүүд. Миний аав Увсынх, ээж украины Харьковоос гаралтай. Аав минь цэргийн хүн байсан. Би монгол эхнэртэй, гурван монгол хүүхэдтэй. Хэдий хол газар ажиллаж амьдарч байгаа ч монголоо гэсэн сэтгэлээ тээгээд явж байдаг. Жирийн л нэгэн хүн. Монголын талаар байнгын мэдээлэлтэй байдаг. Товчхондоо ийм л шив дээ
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

З.САРАН
www.news.mn

дэлгэрэнгvйгээр цааш унших...
БУРАНГУЙ ЦАГИЙН БУУЛГАНД ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУНЫ ТУХАЙ


Бид нийгмийн нэгэн их шилжилт, өөрчлөл- тийн үйл явц дунд амьдарч байна. 1990 оноос өмнө байсан нийгмийн тогтолцоо нуран унахтай зэрэгцэн тэр цаг үеэ цогцлоон босгож, түүндээ итгэн үнэмшиж байсан хэд хэдэн үеийнхний итгэл үнэмшил, оюуны эрэл, зорилго тэмүүлэл нь хамт нуран унасан юм. Шинэ цаг үеийн шинэ үзэл санаа төрж, соёолон нахиалж байгаа ч нийгмийн тогтолцооны болон оюун сэтгэлгээний энэ их нурангин дороос урган төлжиж, гэрэл гэгээнд гарч, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит байдал болтол бас их хугацаа хэрэгтэй байжээ.

Ер хүн төрөлхтний түүхэн дэх аливаа нийгмийн донсолгоо, өөрчлөлт бүхэн сайн сайхан, илүү төгс төгөлдөрт тэмүүлсэн дотоод их хүчний үйлчлэл дор өрнөдөг ч түүнийг дагасан их золиос, хямрал, хэлмэгдэл ёс юм шиг дагаж ирсэн байх юм. Энэ ёс ч бидний хүчлэн туулж буй энэ шилжилтийн дүр төрх нь болсон байна.

90 оноос эхэлсэн нийгмийн шилжилт донсолгооны үр урхаг өдий хүртэл арилаагүй байгаа нь чухам оюун сэтгэлгээний бүхэл бүтэн үе солигдож буйтай холбоотой. Ýнэ шилжилт хямралын цөмд буй хувь хүний дотоод ертөнцийн хямрал, зөрчил нь уран бүтээлч хүмүүст асар баялаг “судалгааны” сэдэв юм. Аль 19 дүгээр зууны төгсгөлд Ф.Достоевский хүний дотоод ертөнцийн зөрчлийн гүнд буй нууцад нэвтрээд “Цөвүүн цагт төрсөн минь юутай аз вэ” хэмээн дуу алдан байжээ. Энэ нь хүмүүний амьдран оршихуйн философи, үзэл санааны хувирал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн ялангуяа гоо зүй, ёс суртхууны мөн чанарын асуудлыг нэг бүрчлэн шинжлэн үзэх боломжийг чухам уран бүтээлч хүнд олгодог болоод тэр болов уу. Манай энэ цаг үед бидний нүдэн дээр барим тавим харагдах хувь хүний дотоод ертөнцийн хямрал, итгэл үнэмшил, ёс суртхууныхаа баримжааг алдан сүйрч буй сүйрэл цөхрөл, мөн түүний хажуугаарх оюуны шинэ эрэл, тэмүүллийг манай утга зохиолд барим тавим тод дүрсэлсэн нь энэ сүүлийн 20 орчим жилд бараг үгүй агаад өөрсдөө гүн хямралд орж, баримжаагаа алдчихаад байгаа манай утга зохиолчдоос бас тийм зүйл шаардах нь зохисгүй, ёс зүйгүй ч байж болох юм. Гэтэл харин утга зохиолын хүрээнээс анхи хол, огтоос өөр ажил мэргэжлийн хүн эл асуудлыг гоо зүй, философи ёсзүйн хүрээнд нэлээн ул суурьтай хөндөн, уран сайхны хувьд ч бас боломжийн боловсруулан тавьж буйг үзээд эрхгүй олзуурхан баярлав. Хөвхөр овогт Жамбын Түмэнбаяр хэмээх эгэл нэгэн ýäèéí çàñàã÷ийн бичсэн “ХУГАРСАН” НОЁН НУРУУ, ХӨӨРХИЙ САРАА гэсэн хоёр бэсрэгхэн туужийн тухай энд өгүүлж байна. Ялангуяа “ХУГАРСАН НОЁН” НУРУУ туужид энэ асуудлыг хэд хэдэн талаас нь илэрхийлэн гаргахыг зорьж, ёсзүйн нэгэн тусгаар ангид бодьгал элемэнт өнгөрсөн, одоо хоёр нийгмийн харьцааны гүнд хэрхэн “оршин тогтнож” буйг та бидний өдөр тутмын аж амьдралын сэдэв дундаас гарган үзүүлжээ. Амьдралын хүнд бэрхэд хүн чанар, ноён нуруугаа алдаагүй итгэл төгс амьдарч яваа нэгний тухай өгүүлдэг Ч.Лодойдамба агсны “Хугараагүй ноён нуруу” хэмээх сайхан өгүүллэг бий. Харин энэхүү өгүүлэн буй “ХУГАРСАН” НОЁН НУРУУ туужид нийгмийн шилжилтийн бурангуй тоосонд сөхөрч унатлаа дарагдсан Жамбалын тухай өгүүлнэ. Жамбал нь ажил амьдралаасаа эхлээд итгэл үнэмшил, хайр дурлал бүхнээ нуга хуга даруулсан харагдах ч мөн чанартаа бол түүний дотоод ертөнц энэ бурангуй цагийн салхийг найдваргүй ч гэсэн сөрөн зогсох чадалтай хэвээр байж, түүний дотоод мөн чанар нь огтхон ч ХУГАРСАНГҮЙ ажээ. Зохиогч Жамбалыг “Энэ п.... шиг бузар цаг үеийн төлөө би хуруугаа ч хөдөлгөхгүй. Хөдөлгөх хуруу ч байхгүй” гээд мухар хуруут гараа үзүүлснийг бичжээ. Тэр мөн чанараа хадгалж үлдэхийн тулд насан туршийн ажил хаялт зарлаж, бурангуй ёсны эсрэг боломж, чадлынхаа хэмжээнд л “бослого-эсэргүүцэл” зарлаж буй нь энэ ээ. Энэ үйлдэл бол эцсийн эцэст хүнлэг ёсны удиртгал юм. Тиймдээ ч зохиогч маань ò¿¿íèé ноён нурууã õóãàðààã¿é ãýæ ¿çæýý. Зохиолд Жамбалаас гадна Бүжмаа, Чулуун гэсэн хоёр дүр их тод тусчээ. Ажилч хичээнгүй, үнэнч шударгуу Бүжмаа бүсгүй бол Жамбалын насан багын хань нь. Гэвч тэрáýýð цаг үеийн ёс бусын хүчирхэг тулгалтын өмнө барьц алдан ёс суртхуун, итгэл үнэмшлийн хувьд сульдан тамирдсаар сөхрөн унаж байна. Түүний зүтгэл төдийгүй алдаа бүхэн нь Чулууны зол завшаан болно. Тэр бүхэнд цөхөрсөн Бүжмаа “Хэн ч хариуцлага хүлээдэггүй, ямарч арга хэмжээ авдаггүй, хэнд ч хэрэггүй тэр олон эрх чөлөөгөөр чинь бид яах юм бэ? Мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг тэр шүүхээр чинь бид яах юм бэ?” хэмээн áàõàðäàí хашгирч байна. Түүнд итгэл найдвар, гэрэл гэгээ харагдсангүй, тэр харж чадахгүй байсаар эмгэнэлтэйгээр хорвоогоос хальдаг. “Мөн ч их хүлээлээ дээ” гэдэг шиг мөн ч их олон хүн ийнхүү сөхөрч унасан даа, энэ хэдхэн жилд. Гуравдах нь болох Чулууны дүр бүр ч их түгээмэл. Дээр нэгэнтээ ишлэл авсан Ф.Достоевский “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг” хэмээн тэднийг урнаар тодорхойлсон нь бий. Манайхаар бол “Муу хүн дүйвээнээр, чоно борооноор” гэдэг дээ. Чулуун бол энэ тодорхойлолтонд яв цав таарах хэв шинж гэдгийг энэ зохиолыг уншсан хэн бүхэн ойлгох болно. Тэр ардчиллыг хамгийн түрүүнд талархан дэмжсэн нь угаасаа ардчиллын үзэл санааг итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ хүлээн авсаных бус, харин дүйвээнээр сиймхий гарч буйг ашиглан “тэсч ядсанаа илэрхийлсэн” хэрэг. Тэр чадварлаг инженер, ажилч хичээнгүй Жамбал, Бүжмаа мэтийн хүмүүсийн чадварыг хөнгөн заль, гүйлгээ ухааныхаа хүчээр ховх сорон ашиглаад зогсохгүй тэдний амь амьдралаар нь, амин ганц охиноор нь ч тоглож чадна. Жамбал “Миний энэ хоёр гар мухар болтлоо, Бүжмаагийн толгой мангуу болтлоо ажилласан, түй п.... ” гээд нулимж байдаг. Энэ ч үнэн л дээ, ёс суртхуун, итгэл үнэмшлийн баримжаагүй болно гэдэг нь Бүжмаа мэтийн хүмүүст “мангуу” болíо гэсэн үг. Харин Чулуунд Жамбал болоод Бүжмаа нарынх шиг ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байгаагүй учраас түүнд төөрөлдөх, баримжаа алдах, цөхрөх явдал гарсангүй, тиймээс ч ардчилал, шударга ёсны үйлчлэл эхлээ ч үгүй шилжилтийн тэр бурангуй цаг үедээ маш хурдан хамелион мэт зохицож, зүй ёсны болон зүй ёсны бус бүхий л аргаар олж авах зүйлсээ шүүрэн авч чадна. Амжилттай зохицоод зогсохгүй тэр улс төр, эрх мэдлийн өндөрлөг өөд улам шаргуу зүтгэж байна.Үүнийг зохиолд хэдэн үгээр ингэж бичжээ. “Чулуун улам баяжиж сонгуульд оролцон, Бүжмаа, Жамбал бусад олны бий болгосон хөрөнгийг түүндээ зарцуулж, аймгийн хурлын төлөөлөгч болсон гэнэ. Бас эхнэр Жагаагаа хайр найргүй хөөж, архи дарс уун, зугаа цэнгэл хөөцөлдөж, толгойгоороо хөл хийж, танил тал, хөрөнгө мөнгөөрөө байнга үйлдэх гэмээ хаацайлж, эрх чөлөө гэдгийг ч эдлээд өгчээ. Нөгөө том даргын тоочсон олон эрх чөлөө бол зөвхөн Чулуунд, мөнгөтэй хүнд л зориулагдсан эрх чөлөө юм байж л дээ”Аман дээрээ ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж, ачир дээрээ юу ч хийхээс буцахгүй болтлоо улайран тэсч ядах, сүнсээ түймэрдүүлсэн энэ Чулууны амьдрал дээрх бодит дүр гэлмэн хэлмэгдсэн Жамбалуудын нэгэн адил дэндүү олон. Өнөөдөр улс төр, бизнесийн хүрээнийхний дундаас нэг бус нэлээд олон Чулууны өрөөсөн дугуйнуудыг бүр нэр ус, хийсэн үйлдсэнээр нь барим тавим баримттайгаар дурдаж ч болохоор байгаа билээ. Чухам өнөөдөр бидний их золиос гарган олж авсан ардчилсан хувьсгалын ололт маань ихээхэн гажуудаж, анархи маягтай цөөнх олигархийн дарангуйлалд нэн дөхөж очсонд тэдгээр Чулуун нарын “гавьяа зүтгэл” ихээхэн үүрэг рольтой байгаа юм. Шиндлер хуруун дахь алтан бөгжөө хараад “... үүгээр би дахиад хоёр хүний амь аварч болох байсан шүү дээ” хэмээн гаслан уйлдаг шиг зүйл Чулуун нарт бараг л тохиолдохгүй болов уу. Ер нь ямар нэгэн итгэл, бишрэлгүй хүн хүн-араатан болж хувирдàгын жишээ.Бидний энэ цаг үед үй олон хүний амьдрал яг л энэ Жамбал болон Бүжмаагийн адилаар нуран унасан. Тэднийг хувиран өөрчлөгдсөн цаг үеэ ойлгон хүлээн авч, зохицон амьдарч чадаагүй бол хохь нь гэж буруутгах өнөө цагийн ёсзүйчид их олон бий. Гэвч тэдний дотоод ертөнцийн гүн дэх шаналал, ёс бусын эсрэг, дотоод мөн чанараа хадгалж үлдэх гэсэн тэмцлийнх нь өмнө ямар ч буруутгал өчүүхэн зүйл юм. Бид 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай байнга л ярьдаг. Нэр томьёоны хувьд 1930-аад оны үйл явдлыг хилсдүүлэг гэвэл илүү оновчтой бөгөөд харин энэ туужид гарч буй золгүй хувь тавилантнууд бол нийгмийн шилжилтийн төлөөсөнд хэлмэгдэж буй жинхэнэ хэлмэгдэгсэд гэлтэй. Энэ үзэгдэл хэдэн арван мянгаар тогтохгүй хүний, гэр бүлийн дээгүүр одоо ч хар сүүдрээ тусгасаар байгаа. Өөрөөр хэлбэл цар хүрээгээрээ 1930-аад оныхоос хавьгүй илүү байж мэдэх тийм их хэлмэгдүүлэл бидний энэ цаг үед ид өрнөж байна. Үүнийг зохиогч маань гярхай ажиглажээ. Жалга тойрсон, хувь чанарын ядмагхан үзэл санаа, мэдрэмжийн сэдвээс халин гарч цаг үеэ, нийгмийнхээ тогтолцоог шүүж, эргэцүүлэн харсан нь энэ зохиолын гол ололт болж байна. Зохиогч маань эцэст нь “Устсан бус устгагдан үгүй болох бидний адил үгүй болсон ч сэтгэл зүрхэнд минь байсаар байх юм даа” хэмээн шүүрс алджээ. Энэ бол тэрхүү бүхэл бүтэн үеийнхий дотоод сэтгэлийн гүнээс гарч буй нийтлэг дуу авиа юм. Гэвч эцсийн эцэст энэ бүх зовлон золиос болон сарнихад бид улам илүү үнэн, улам бат гүн гүíзгий тийм үзэл санаа руу шилжиж байгаагаа мэдрэх болно. Ер үеийн үед түүхийн хүрд илүү төгс төгөлдөр, илүү сайн сайхан руу эргэж байсан билээ.

Б.Номинчимэд
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Бошигт хаан Галдан бээр зарлиг болруун:

"Агуу их сүр хүчний тухай дууль" романы өргөл шүлэг

-Үе дутуу үгс утгаа үл гүйцээх шиг
Үндэс дутуу мод ургаж эс цэцэглэх шиг
Хаан үгүй бол улсын төр самтарна
Халх үгүй бол Монгол минь хагасарна


Манант өглөөгүүр хөхөөн донгодохыг сонсов, би
Манжийг дагаж одсон Зана ах минь хөөрхий еэ
Марал бугын урамдаа хөвчийн тэнгэрт хөглөрнө зээ
Манийгаа зорьсон манж нар хөдөөгөө бүрхээд айсуй байна
Хонхолзуур хар нь сойлготой усныхаа эхэнд очьюу даа
Хорьдол сарьдаг Алтайнхаа холын бараанд нь сүсэльюү, би
Холхийн цэнхэр хязгаар нь холбирч зэрэглэн бодогдоно л
Хосгүй үзэсгэлэнт эх нутгаа ховдолт зүрхэндээ хадгалнам, би
Дайтсугай гэсэндээ дайтсангүй
Тарамдаж гүйцсэн Монголыгоо хураан хумья гэлээ, би
Дайлсугай гэсэндээ дайлсангүй
Талхигдаж зовсон Монголыгоо халхлан хаая гэлээ, би
Хатан Ануг халгаасан харгис цэвдэг жилүүд
Хамаг Монголын түүхэнд хамгийн сүүлчийнх байтугай
Халх, Ойрадыг хагацаасан харь Манжийн санаархалд
Хааны үхэл хэрэгтэй бол хар толгойгоо тавьсугай
Эвлэж найрамдъя гэвээс
Эрлэг ч ирсэн эвлэ
Эвдэж тараая гэвээс
эзний зарлигийг ч бүү дага
Мэндлэн хүндлэх аваас чөтгөр ч ирсэн мэхий
Миний нутгийн газраас бурхан ч гуйсан бүү өг!

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Thursday, April 23, 2009

Бөх Билгүүдэйн аман хүзүү

Өвөрмонгол хүний бичсэн нийтлэлийг ямар нэгэн засвар хийлгүйгээр авч тавилаа.

Бөх билгүүдэйн аман хүзүү хэмээгч хоёр талдаа сэнжтэй , арван найман сантиметр урд бөгөөд хүнний гap орж багтах нэгэн ясаны чулуужмалыг бөх билгүүдэйн үр хойчис болох дөрвөн авага хошуу oлон зуун жил шүтэн тахиж ирчээ . 1960 он болтол авага хошууны хурган хаяын сүмд тахиж байсан энхүү чулуужмалыг хожим нь хүмуус шашинтай тэмцэх , мухар сүсгийг арилгах , хуучныг эвдэх үзэл суртлын нөлөөнөөс болж нэг их шүтэж тахихгүй болжээ . Соёлын их хувьсгалын үед сүм хийдийг нурааж бурхан шүтээнг талхидаж байсан үед бөх билгүүдэйн аман хүзүүн яс нь овоотой аргалын дэргэд хаягдаатай байсныг го ванчиг олж хадгалаж байсныг хожим нь го. жамъян нараас аймгийн улстөрийн зөвлөлгөөнд хүргэн өгж дараа нь аймгийн хууч судлалын газраас шинжилгээ хийлгэсэн тухай мэдээ бий . гэвч дараа нь тойрсоор байж дахиад го ванчигийн дэргэд буцаж ирснийг миний бие 1996 онд гэрэл зургаар буулгаж aвсан билээ .

Бөх билгүүдэйн аман хүзүүн ясны тухай монгол судлаач ринчингиваа гуай их дээр үед Өвөр монголын өдрийн coнинд нэг удаа мэдээлж өнгөрсэн гадэг бөгөөд авага нутгийн түүхэч го. жамъян Шилийн голын өдрийн coнинд мэдээлж өнгөрчээ . түүнээс хойш coнин сэтгүүл дээр харагддаг болсон юм .

Бөх билгүүдэйн аман хүзүүн яс хэмээгч энэхүү чулуужмалыг ардын дунд хүний яс биш , тэмээн хүзүүний яс , аварга гүрвэлийн яс гэх мэтээр яридаг байсныг тэмдэглүүштэй . Гэвч үнэн хүний яс мөн эсэхийг нийтэд зарласан тодорхойлолт гараагүй гүй боловч соёлын үзүүлэлтээрээ тэр өөрийн гасэн үнэ өртөгтэй юм .

Бөх билгүүдэй бол есүгэй баатарын сочгил нэртэй хатан аас төрсөн хөбгүүн бөгөөд бир чадалтай , бөх caйн барилддагаараа алдартай , дайанд гарамгай , эрэлхэг баатарлаг хүн байсаи юм . Чингис хаан мoнголын oлон аймгийг хураан нэгтгэхдээ хасрын хаваар , билгүүдэйн бөхөөр ялсан гэж магтаж өнгөрсөн юм . дөрввн авгачууд төдийгүй үзэмчин , хуучид , сүнид зэрэг шилийн голын чуулганы бусад ястад ч бөх билгүүдэйн аман хүжүүнд мөргөж бөх caйн төрөх гэж адис авдаг байсаи нь өнөөхний учир байсаи юм .

Ж. Сарандуулга
Эх сурвалж: cyrillic.ulaaq.com
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Д.Цэвээндорж: Монголоос олдсон МӨСӨН МУМИ бол дэлхийд хосгүй үзмэр

Америкийн “Discover” сэтгүүлээс Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Монголын Алтай таван богдоос олдсон Мөсөн мумиг нэрлэсэн. Энэхүү олдворын талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржтой ярилцлаа.

-Алтай таван богдод хийсэн археологийн малтлагын үеэр Монгол, Германы эрдэмтэд Мөсөн муми олж шуугиан дэгдээсэн. Цэвдгийн булшны малтлагыг хэдийнээс хийж эхлэв?
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Чадраа гуай 2000 онд ОХУ-ын Новосибирск хотноо очиж, Оросын Алтай цэвдэгт малтсан булшийг үзсэн юм. Ингээд л энэ Монголд Мөсөн муми хайх ажлын эхлэл тавигдсан. Цэвдгийн булш нь бусад булшийг бодвол эмзэг, их мэдээллийн шинж чанартай байдаг.Тиймээс туршлагатай, техник, тоног төхөөрөмж сайтай лабораторийнхонтой хамтрахгүй бол болохгүй байлаа.Ингээд Оросын археологичид, Герман улсын экспедицийнхэнтэй хамтран 2004 онд булш бүхий 22 газрыг тогтоосон.Мэдээж хэрэг, энэ бүхэнд хөрөнгө мөнгө чухал шүү дээ. Дээр нь булш буй газраа тогтоосон ч цэвдэг байна уу, үгүй гэдгийг нягтлуулахаар 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Новосибирск дахь Геологийн хүрээлэнгийн эрдэмтдийг урьж, геофизикийн судалгаа хийлгэсэн юм.Судалгааны явцад тав, зургаан газар нь цэвдэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Археологийн малтлагын явцад Монголын талаас хоёр археологич нэгдээд 2006 онд ажлаа эхэллээ. Хоёр, гурван малтлагаар гараагүй л дээ. Ер нь хоёр булш малтах гэрээтэй байсан ч цааш нь үргэлжлүүлсэн.Ингээд хоёр морины оршуулга, бамбай бүхий доод тал нь огт хөндөгдөөгүй нэгэн булш олсон юм. Энэ дотор Мөсөн муми байсан даа. Бүгдийг маш нарийн малтаж, цэвэрлээд авчрахад газраар зөөхөөс эхлээд хүндрэлтэй асуудал байсан ч бүрэн бүтнээр нь авчирсан.
-Булшнаас гадна эдлэл, хэрэглэл олон гарсан гэлээ. Хэчнээн олдвор байсан бэ?
-Булш, модон буу, дээл, хувцас гээд олон зүйл гарсан. Хамгийн гол нь түүх, соёлын олдвор болох Мөсөн мумиг нээсэн нь сайн хэрэг болсон. Тэгээд олдворуудаа Орос руу шинжилгээнд явуулсан. Манайхан үүнийг гадаадынханд өгчихөж байгаа мэтээр буруу ойлгодог. Гэтэл тэд олдворыг судалж, шинжлээд ямар үнэ цэнэтэй болохыг нь хүртэл тогтоогоод өгч байгаа юм шүү дээ. Энэ жил судалгаа, шинжилгээг нь дуусгаад Орос дахь Монголын Элчин сайдын яаманд хүлээлгэж өгсөн байгаа. Энэ олдвор нь зөвхөн Мөсөн мумигаараа алдаршаад зогсоогүй, булшны хайрцгийг нь хэрэм, хурга, адууны арьсаас доторлосон байснаараа дэлхийд хосгүй үзмэрт тооцогдож байгаа юм.
-Мөсөн муми дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр тодроход ямар сэтгэгдэл төрж байв?
-Америкийн “Discover” сэтгүүлээс 2006 онд Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Мөсөн мумиг зарласан нь бахархууштай хэрэг. Яагаад гэхээр энэ сэтгүүл барагтай юмыг зарладаггүй нь нэг талаараа бидэнд түүх, соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлж байна л даа.
-Булшийг Мөсөн муми гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ булш бүхлээрээ месөөр хучигдсан байсан гэсэн үг үү. Хэзээнээс олон түмэнд үзүүлж эхлэх вэ?
-Булш маань мөсөн цэвдэгт байсан л даа. Гэхдээ онцлог нь бүх юм нь мөс хүрээгүй яг австай хэсэг нь мөстэй байсан. Хэрвээ битүү мөстэй байсан бол судалгаа хийхэд хүндрэлтэй байх байсан. Тэгээд энэ бүх олдвороор Германд үзэсгэлэн гаргасан. Ер нь олдвороос харж байхад дэлхийд огт бүртгэгдээгүй нум хүртэл байх жишээтэй. Мөн сум, модон сийлбэрүүд байна. Үүн дотроо аргалын эвэр, шавраар хийсэн, модоор хийсэн сав гэх зэрэг тэр үеийн холбогдолтой эмээл, хазаар, бүх юм байсан. Эдгээр эдлэлээс нь хэдий үеийн олдвор болохыг нь тогтоох боломжтой. Шинжлэх ухааны олдворыг хамаагүй эрт олонгуутаа дэвэргэж, олон нийтэд зарлаж болдоггүй. Шуугиан дэгдээхээсээ өмнө шинжилгээнд хамруулж, нарийн тогтоолгох шаардлагатай байдаг. Ингээд л дэлхийн дансанд Монголын олдвор гэдгээр нь бүртгүүлэх хэрэгтэй. Энэ булш маань одоо шинжилгээний шатандаа байгаа. Энэ оны сүүлч гэхэд лабораторийн шинжилгээний хариу эцсийн байдлаар гарна.
-Мөсөн муми тэгэхээр хэдий үеийн олдворт хамрагдаж байгаа вэ?
-Булшийг 2500 гаруй жилийн өмнө байсан гэж тогтоож байгаа. Үүнийг гаргахад шинжлэх ухааны үүднээс бол амархан болсон л доо.
-Мөсөн муми ямар нэгэн дээд язгуурын хүний шарил болов уу, эсвэл?
-Тэгэхээр Муми гэдэг нь хатаасан шарилыг хэлж байгаа юм. Энэ булшны хувьд хөлдөөсөн байгаа. Хүний хувьд, арьс, мах нь хатсанаас биш олдвор яг хэвээрээ байгаа нь гайхалтай. Мөсөн муми бол Ойрхи дорнод Иран, Иракаас нүүдэллэн ирж нутаглаж байсан овгийн төлөөлөгч хүний шарил болох нь тогтоогдсон.

С.МӨНХБАЯСГАЛАН

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хуучны үгэнд худал байдаггүй

50-иад жилийн урд намайг бага хүүхэд байхад багийн даргын алба хашдаг авга ахынд хэсэг хүмүүс хуучилж сууснаа нэг нь, хуучны үгэнд худал байдаггүй гэдэгдээ. Худлаа ярьдаг л байж. Бороо ороод маргааш нь нар гарахаар “одоо ч ногоо час час хийтэл ургана даа” гэдэгсэн. Ногоо ургахад дуу гарах нь хаашаа юм бэ? Сайхан худлаа ярьж байгаа юм шүү гэсэнсэн. Гэтэл Японд чимээ анир, сонсох судлах микро аппарат бүтээж түүгээрээ ногоо ургах явцыг судлахад асар их дуу чимээ үүсдгийг тогтоосон тухай 1970 оны эхээр намын үнэн сонинд бичсэн байсан. Япончуудын техникээр, шинжилгээ судалгаагаар баталсан тэр дуу чимээг монгол хүн техникгүйгээр олон зууны урд яаж тогтоов оо. Анир чимээгүй нам гүм орчинд аль эсвэл адуугаа манаж байхдаа олж мэдэв үү.
1970-аад оны үед ахмад настангууд цаг улирал, байгаль дэлхийд өөрчлөлт орж байгаа тухай Монгол орны энд тэндгүй ярьж “Биднийг багад чинь зун нь зун шиг өвөл нь өвөл шиг болдог байлаа. Говьд намар дуусдаггүй сэн дээ. Одоо ч налгар намрыг үзэхээ болих нь ээ” гэхчилэнгийн үгс чих дэлсдэг байсан. Харин тэр ярианы дундаас Цэрэв агсны хэлсэн “байгаль дэлхий өөрчлөгдөж буйг юуг нь гайхсан юм бэ? Хавар намар хоёр нь хавчсаар байгаад зунгүй болж, танил тал нь хавчсаар байгаад төргүй болох цаг ирэх юм гэнэ билээ. Хуучны үгэнд худал байдаггүй юм. Чиний нас залуу байна үзнээ гайгүй” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. …5 дугаар сарын 15-нд мал мах тушаахад бог, бод цадаж үс ноосоо хаяад мөлчийчихсэн, дэлхий эрт дэлэгнэсэн нутагт айраг цагаа гарч хангай говь хаа сайгүй буянт малынхаа ашиг шимийг хүртэн хүнийх нь сэтгэл, малынх нь зоо тэнийдэг байсан цаг саяхандаа. Хангай газарт наадмын дараахнаас намрын аяс эхэлдгээ больж огoтно, зурам хөеөгөө 7 дугаар сарын дундуур хураагаад сэр сэр салхи сэвэлзэж намрын өнгө наадамтай зэрэгцэн эрт эхэлдэг болсоор арваад жилийн нүүр үзлээ. Байгаль дэхий цаг улирлын өөрчлөлт ганц бидний Монголчуудаас шалтгаалах биш, тэр ч яахав гэхэд … танил тал нь хавчсаар төргүй болно гэдгийг тэр олон жилийн урдаас өтгөс буурлууд яаж мэдээ вэ? Санаа сэтгэл, үзэл бодол нэгтэй гэх хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрлийг нам /нам гэдэг үг сэм гэдэг үгнээс гаралтай, сэм гэдэг нь хуйвалдах гэсэн агуулгатай/ хэмээн нэрлэж тэдэн дотроосоо аргатай зальтай, овсгоотой самбаатай нь албан тушаал алдар цолонд хүрч эргээд өөртөө талтай, дэмтэй, тустайгаа өөд нь татан дээш нь дэвшүүлж хариуд нь хишиг шан харамж авч түүнийгээ авилга хэмээн нэрлэж авилга нь төр захиргааны байгууллагын бүх шатанд нэвтэрч “шуналын див, жандангийн бузар” болсон түшмэдүүд хэн хэнтэйгээ хариуцлага тооцох чадваргүй болсноос төрийн хууль цааз Монголд үл хэрэгжих цаг ирэхийг ухаант мэргэд их холоос олж харсан нь хачирхалтай…Улс орон доройтох гурван үндсэн шалтгаан байдгийн нэгдэх нь төрийн суудал булаалдах, нөгөө нь архидах, гуравдах нь эмс завхайрах гэдгийг би олон жилийн урд сонссон боловч бас л нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргасан хэдий ч мартаагүй явдаг юм. Хэдэн зуугаараа улс, аймаг, сум, дүүргийн хурал, засаг захиргааны сонгуульд нэрээ дэвшүүлэн төрийн суудал булаалцалдаж эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй согтууруулах ундаанд шүлтээд бөгс, бөөр, гуя хаа, дэлэн хөхөө шалдалсан “хос зүрх, хоёр сүвтэй” авгай хүүхэн, эмс охид албан газар, аймаг сум, улс гүрэн дамжин завхайрч хөлхөлдөх нь улс орны доройтсоны шинж гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ? …Манай улс шиг бүрэн бүтэн нутаг устай, баян тансаг орон гүрэн энэ дэлхийд байдаггүй юм гэнэ ээ. Гаднаас ирж байгаа зочин гийчид хамгийн сайхан байгальтай газар Монгол гэж ярьдаг юм байх гэсэн үгийг сонссон азай буурал өвөө аль 1980 хэдэн онд “Хай мэдэхгүй, тэд сайн санасандаа тэгээгүй байлгүй. Өвөг дээдсийн үлдээсэн газар нутгийн минь баялгийг дэлхийн 215 улс хувааж иддэг түүхтэй юм гэж хууччуул ярьдаг байсан юм даа гээд нүүр буруулсан бухимдангуй байхыг нь би бас л харсан хүн дээ… 2007 оны байдлаар дэлхийн 96 орны 2774 компани манайд үйл ажиллагаа явуулж, хятадын хөрөнгө оруулалттай компани дээрхээс 1000 илүүтэйгээр хол давсан тухай тоо бүртгэлийн мэдээ зурагтын дэлгэцээр хөвөрч байх юм. Монгол орон, монголчууд чөмгөө соруулждээ. Ухаангүй ноёд, урагшгүй түшмэдүүдтэй миний монгол яана даа. Бусдыг нь чаддаггүй юм аа гэхэд улсын нийслэлээ утаа, хог хоёроос нь салгаж, улс орноо цөлжилтөөс хамгаалж, цөлжүүлэхээс сэргийлэх аавын хүүхдүүд гараасай билээ.

Т.Баттулга

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, April 20, 2009

А.Думбурай: ТVVХИЙН VНЭНД ГVЙЦЭГДСЭН НЬ

Хятадаас цэргийн тусламж авч Монгол Улсын тусгаар тогтнолыг устгахыг санаархсан тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон тухай А.Думбурайн “Түүхийн үнэнд гүйцэгдсэн нь” өгүүллээс үзнэ үү.


А.Думбурай: ТҮҮХИЙН ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН НЬ

“Муу хүн сонжооч

Мухар үхэр сэжээч”
/Ардын цэцэн үг/

Б.Эрэгдэндагвын “38”-ын хэрэг гэгчийн тухай


1929-1930 -аад онд улс орныг капиталист бус хөгжлийн замаар хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байсны үр дүнд манай нийгмийн анги давхаргын хүчний харьцаанд нэлээд өөрчлөлт оржээ. Феодал ангийг үндсэнд нь хүчээр устгаж, эдийн засгийн хүчин чадлыг нь сулруулан доройтуулсан байв. Өөрөөр хэлбэл МАХН-ын VII, БНМАУ-ын V их хурлуудын шийдвэр хэрэгжиж баруунтныг бутцохих, гадаадын капиталыг шахан зайлуулах, төрийн аппаратыг хуучны феодал түшмэдийн этгээдээс бүрэн цэвэрлэх, намын II шалгалт явуулах, лам нарын талаар дээд, дунд, доод гурван анги болгосон бодлого баримтлах, хутагт хувилгаадыг залах, тодруулах явдлыг болиулах, феодалын хөрөнгийг хураах, албан татварыг ялгавартай тогтоох зэрэг арга хэмжээ хэрэгжиж байв.
Энэ бүхнээс болж хар, шар феодалуудын дотор нам засагт дургүйцэх, шашин бурхнаа хамгаалах, хуучин засаг төрөө хүсэх үзэл бодол төрөх төдийгүй хааяа эсэргүү үйл ажиллагаа гарах болсон юм.
Ийм үед ДХГ тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгчийг илрүүлж цохилт өгсөн түүхтэй ажээ. Тийм ч учраас “МАХН-ын товч түүх” номд: “Намаас хар, шар феодалын эсрэг явуулсан улс төр, эдийн засгийн арга хэмжээ нь ангийн дайсны ширүүн эсэрүүцэлтэй тулгарсан юм. Үүнийг 1929 оны эцэс 1930 оны эхээр гарсан … тайж Эрэгдэндагвын феодал лам нарын хуйвалдаан … гэрчлэх бөгөөд хар, шар феодалын эдгээр эсэргүүцлийг нам засгаас хөдөлмөрчин олон түмний дэмжлэгтэйгээр тухай бүр няцаан дарж байв” /МАХН-ын товч түүх 1985 он 150 дугаар тал/ гэсэн байна. “БНМАУ-ын түүх”-ийн гуравдугаар ботид “Хар, шар феодалууд нам засгийн бодлогыг эсэргүүцэж эхэлсэн юм. 1929-1932 оны үед феодалуудаас өдөөсөн тийм бослого хуйвалдааны түрүүч нь тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хуйвалдаан мөн байв. Энэ эсэргүү бүлгийн толгойлогчид нь хөрөнгөө хураалгасан феодал харгис том лам нар байжээ” гэж тэмдэглэсэн байх юм.
ДХГ “Хятад цэргийн ба засгийн эрх баригчид хийгээд Банчинбогдоос ардын засгийг устгах цэргийн тусламж гуйсан захидал” бичиж харилцан зөвшөөрч түүнийгээ хадгалж байгаад тайж Б.Эрэгдэндагва Хятадад хүргэхээр явж байсан хэрэгт холбогдуулан Боржгид овогтой тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийг 1930 оны 5 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 30 хүртэл хугацаанд дайчлан баривчилжээ. Эдгээрээс Б.Донойжав, Г.Нямжав, Ж.Бүүвэй, Ц.Чойнзон, Г.Наваанжамба, Ц.Маньбадар, Б.Лувсан, Г.Наранжав, Л.Дашдэндэв, Б.Цэнд, Ж.Уртнасан, Т.Аюуш нарын 12 хүнийг 1930 оны 5 дугаар сарын 19-д, Л.Жанцанг 1930 оны 5 дугаар сарын 27-д, Ц.Цэрэнвандуйг 5 дугаар сарын 29-д баривчилж, Б.Эрэгдэндагва, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Л.Гомбо-Идшин, Д.Ишлодон, Г.Чойжинням, Т.Чадраабал, бурханч Д.Дамдин, Ж.Дандар, эмэгтэй Долгор, Л.Наваан, Л.Түдэв, Д.Шаравжамц, С.Дэмбэрэл, Н.Жигмиддорж, Х.Лувсанцэрэн, Ж.Дамдин, Б.Янжин, Б.Буянт, Д.Ёндон, Ц.Буд, Б.Цогбадрах, Д.Дашдондог нарын 24 хүнд баривчлах ордер, бүх хүнд дайчлан баривчлах болон цагдан хорих тогтоол үйлдэлгүй мөрдөн байцаалтыг явуулсан байна.
Энэ хэргийн этгээздийг ДХГ-ын ажилтан М.Лувсан-Ёндон, Дамба, С.Галиндэв, Жадамбаа, Дорж, Ц.Донров, Батмөнх, Баяр, Баясгалан, Лувсанжамбаа, Дэнсмаа, Бадамжав, Тогоо нар дайчлан баривчилсан бөгөөд сургагч Цэдыпов, Болдаев нар оролцжээ. Эдгээрийг баривчилснаас хойш Намсрай, Болдаев, Н.Цэдыпов, Жадамбаа, С.Галиндэв, Норовжамц, Рэнцэн, Баяр, М.Лувсан-Ёндон, Батмөнх, Дамдинсүрэн нар мөрдөн байцаах ажилд оролцсоны дотор С.Галиндэв, Н.Цэдыпов нар голлон аижлласан байна. Мөрдөн байцаалтыг дуусгаж ДХГ-ын нууц улс төрийн хэлтсийн төлөөлөгч байсан С.Галиндэв ял төлөвлөж, хэлтсийн даргыг орлосон Жадамбаа зөвшөөрч, ерөнхий даргыг орлосон Д.Намсрай, сургагч Болдаев нар баталсан байна.
Энэ ялын төлөвлөгөөгөөр Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээд 1930 оны 3 дугаар сарын эхний үеэс эхлэн тус хот дотор бүлэглэл үүсгэж, Егүзэр-Эрдэнэцагааны зэрэг газарт буюу Өвөр Монгол, Хятад зэрэг улс лугаа харилцаа бүхий хувьсгалын эсэргүү бүлэглэлд оролцсон гэж ял төлөвлөжээ.
Энэ бүлэглэлд Л.Гомбо-Идшин, Б.Эрэгдэндагва, Г.Нямжав, Н.Жигмиддорж, Т.Аюуш, Ц.Цэрэнвандуй нарын феодал, Ц.Маньбадар, Г.Наранжав, Б.Цогбадрах, Т.Чадраабал, Г.Чойжинням, Д.Дашдондог, Б.Цэнд нарын хуучин түшмэд, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Д.Ишлодон, Л.Дашдэндэв, Г.Наваанжамбаа, Ж.Бүүвэй, Л.Жанцан, С.Дэмбэрэл, Ц.Чойнзон, Б.Лувсан, Д.Дамдин, Д.Ёндон, Д.Шаравжамц, Л.Түдэв, Ж.Дандар, Б.Буд нарын лам, Б.Донойжав /намын гишүүн/, И.Лувсанцэрэн, Л.Наваан, Ж.Дамдин, Долгор /эмэгтэй/, Ж.Уртнасан /эмэгтэй/, Б.Янжин /эмэгтэй/, Б.Буянт /хятад/ нар оролцсон гэж үзжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

А.Думбурай: ТVVХИЙН VНЭНД ГVЙЦЭГДСЭН НЬ

(үргэлжлэл)

Хэрэгт холбогдсон гол зарим хүмүүсийн мэдүүлгийг үзвэл:

1/ Б.Эрэгдэн- дагвыг 1930 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн 7 дугаар сарын 1 хүртэл 18 удаа байцааж мэдүүлэг авсан байна. Тэр хэргээ хүлээхдээ: “Өнгөрсөн хавраас сонин бичиг үзэж байгаад дэлхийн 2 дугаар дайн бол үнэхээр хэцүү гэж бодсон бөгөөд миний бие хуучин үзэл баримталж, бурханд итгэсээр эдүгээд хүрсэн тул биеэ өмгөөлөн хамгаалах ба нөгөө талаар улс төрийг хэрхэн хамгаалах тухай гуч шахам хамар /хуудас/ бичиг үйлсэн нь туйлын үнэн”, “…урьд таних чин ван лам Дашдэндэвт уг бичгээ үзүүлсэн зүйл бий. Дашдэндэвээс хариуд нь “Зүгээр юм байна” гэж байсан, “миний бие санаснаа үйлдэхийг бодолхийлсэн ба одоо боловч өөрчлөх зүйлгүй… Халх Монголын хуучин ван, гүн, хутагт хувилгаан, хамба, цорж, тайж, түшмэд нараас хэмээн гадаадад явуулах бичиг үйлдсэн нь тэдний санал бодол минийхтэй лав нийлнэ гэж бодсондоо тэгж бичсэнээс биш хуучны ван, гүн, хувилгаан, хамба, цорж, тайж язгууртантай харилцан тусалсан зүйлгүй, бас хуучны энэ этгээдүүд бол хувьсгалт засаг төрд үнэхээр дургүй болох нь байдалд илэрхий бөгөөд тэдний нэрээр энэ хэргийг хүчинтэй болгон биелүүлэхийг оролдсон нь түмэн үнэн билээ” гэжээ.
Мөн “ловон Шаамар хэмээх ламд өөрийн санал бодлыг дэлгэрэнгүй ярьж уг хэргийн бүтэх эсэх тухай аврал асуусанд “Цагийн байдлыг харгалзаж хөдөлгөвөл зохино” гэж буулгасан. Энэ хэргийг Дашдэндэв, ловон Шаамар бид гурваас өөр мэдэх хүнгүй”, “Ерөөс ардын засаг анх мандахдаа ард түмэнд энэрэнгүй мэт байсан боловч цаашид ямар болох нь мэдэгдэхгүй болсноос миний дотор элдэв санаа бодол төрөх болсон. Ялангуяа жил улирах тутам нам засгийн ажил явуулга улам догшрон хатуурч … шарын шашин баларч мөхөхөд хүрээд … эрхбиш гадаадаас тусламж гуйхаас өөр аргагүй болсон тул дэлгэрэнгүй учрыг гадаадад явуулах бичгийн дотор тодорхойлсон ба өөрчлөх зүйлгүй болохыг мэдүүлсэн болно”, “Гандан хийдэд суугаа гавж Бүүвэйгээс унаа тэмээ худалдан авах үедээ би гадаадаас тусламж гуйхаар Хятад улсын нутагт одохыг завдаж байгаагаа тэр Бүүвэй болон түүний ах Чойжиннямд хэлсэн… Бүүвэй гавж сонсоод бидний монголчууд эртнээс шүтэж ирсэн шарын шашин даруй мөхөхөд хүрч байна гэж байсан” гэх мэтээр мэдүүлэг өгч байжээ.
2/ Ловон Шаамар хэмээх Д.Ишлодонг 5-6 дугаар сард 11 удаа байцааж мэдүүлэг авсан байна. Тэрээр “Эрэгдэндагва ганцаар очиж ярилцахдаа Банчинбогдыг зална. Дундад иргэн улсад бичиг хүргэнэ гэхээр нь ямар бичиг болохыг асуухад төрийн тухай тусламж гуйх бичиг гэж над хариулсан. Түүний хариуд хуучин хүн гэхдээ сайн яваад ирээрэй гэж би хэлээд шоо орхиж үзээд зорьсон хэрэг сайн бүтнэ. Балгандолийн сэржим өргөөд даруйхан явбал сайн байна… Бурхан сахиусаа сайн тахиул гэж хэлсэн… Эрэгдэндагва ярихдаа миний бие өвлийн турш нэг бичиг хийж гэрт гадаа хог шороонд өвөлжсөн бөгөөд энэ бичгийг заримдаа галдаа түлмээр болж заримдаа хүн амьтанд үзүүлмээр бодогдож байгаад хөрөнгөө хураагдсан лам Дашдэндэвт үзүүлсэнд “болно” гэсэн, одоо танд ирэв гэхэд нь ямар бичиг болохыг лавласанд ийм бичиг гэж нэгэн бичиг гаргаж сонсгох гэхэд нь би сонсоод яахав гэсэнд Банчинбогдыг зална төрийн тухай тусламж гуйна гэж хэлсэн санагдана” гэж мэдүүлжээ.
3/ Гавж Ж.Бүүвэйг 6 удаа байцааж мэдүүлэг авчээ. Тэрээр “Эрэгдэндагва анх уулзахдаа нутаг буцаж цаашдаа Банчинбогдод мөргөж ирэх санаатай… Эрэгдэндагва манай гэрт ирээд тус улсын зарим анги этгээдэд ихээхэн гачигдалтай байдал тохиолдсон учир Дундад иргэн улсын засгийн газар эл учирыг тоочин мэдүүлж цэрэг зэвсгийн тусламж гуйна гэж хэлж байсан нь үнэн. Бас сүүлд ирээд Дундад иргэн улсын засгийн газар ба Банчинбогдод нэр хамтран мэдүүлэх бичгийг Бүүвэй надад уншиж өгсөн… Эрэгдэндагва улс төрийн талаар элдэв зүйлийг ярьсан нь тун олон” гэжээ.
4/ Чин ван лам Л.Дашдэндэвийг 5, 6 дугаар сард гуравхан удаа байцаасан бөгөөд түүний мэдүүлсэн: “Зүс таних тайж Эрэгдэндагва намайг гэртээ ганцаар байхад орж ирээд байн байсаар бурхан шашин балрахад хүрүүзэй гэж санаа зовохдоо Банчинбогдыг залж ирүүлэх ба Дундад улсаас тусламж гуйхаар гэнэт санаа төрж ийм бичиг зохиосноо танд үзүүлье гэж ирсэн билээ гээд олон үг бүхий навтарга хуудас үзүүлснийг уншиж үзсэн, энэ хэргийг ловон Шаамар, зайсан Маньбазар, гавж Бүүвэй, Донойжав, Чойжинням, эмэгтэй Долгор нарт хэлж мэдэгдсэн гэж хэлж байсан… Иймд хүнд холбогдол бүхий зохиосон бичгийг уншиж үзээд дув дуугүй суух нь туйлын мунхаг буруу тул эл хэргийг гэрчлэн мэдүүлж ардын засгийн агуу өршөөлөөр татан хүмүүжүүлэхийг гуйна” гэжээ.
Эд нарыг тус бүрийг 2-10 гаруй 20 шахам удаа байцааж мэдүүлэг авсан бөгөөд Б.Эрэгдэндагвыг хэд хэдэн хүнтэй нүүрэлдүүлснээс өөрөөр шалгаж баримтжуулсан ажиллагаа хавтаст хэргээс үзэхэд байхгүй юм. Тиймээс ч нотлогдсон баримтжсан мэдүүлэгтэй хүн ихээхэн цөөн бөгөөд түүгээр ч барахгүй өөрөө хэрэг хүлээгээгүй хүн байхад шалгалгүй, бусдын мэдүүлгийг үндэслэн тулгаж шийтгэсэн явдал ч харагдаж байгаа юм. Зарим баримтыг дурдъя. Манзшир хутагт С.Цэрэндорж мэдүүлэхдээ: “Миний шавь Данигай хэмээх Дамдин манайд ирж ярьснаар бол түүний бие ловон Шаамар багшийнд очиж ном уншилцсан гэх бөгөөд тэр үед тэднийхээр Эрэгдэндагва, Адшдэндэв нар ороод явсан гэнэ. Эрэгдэндагва нэг бичиг аваад цааш явах юм гэнэ. Учир нь Банчинбогдод мөргөөд дундад иргэн улсын засгийн газраас цэрэг зэвсгийн тусламж олох, хамгаалалт гуйх юм гэж хэлээд багш танд Эрэгдэндагва нэг хадаг бариулсныг би авчраагүй. Бас тэд багш тантай ирж уулзахталаар асуухад нь би хориглож зогсоов гэж хэлсэн нь үнэн” гэснээр өөр Эрэгдэндагватай холбоотой ямар ч мэдүүлэг үгүй атал энэ хэрэгт холбосон байдаг билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

А.Думбурай: ТVVХИЙН VНЭНД ГVЙЦЭГДСЭН НЬ

(үргэлжлэл-2)

Мөрдөн байцаалтыг 8 дугаар сарын сүүлчээр дуусгаж ялын төлөвлөгөөг зохиохдоо дараах гэмт үйлдлүүд байна гэж үзжээ.

1. 1929 оны намар тайж Эрэгдэн- дагва Хятадын засгийн газар, цэргийн дээд рэхтэн хийгээд төвд гэгээн Банчинбогд нарт тусгайлан бэлтгэсэн захидалдаа гадаад Монголын зүдгүүртэй барх байдал ба улаан Оросын дарлалд байгаа зэргийг тодорхой тоочиж, ардын хувьсгалт засгийг устгах зэвсэг бүхий тусламж гуйжээ.
2. Энэ захидлаа зохигчдод явуулаагүй, Эрэгдэндагва хадгалж байсан. 1929 оны өвөл цагаас эхлэн 1930 оны 5 дугаар сар хүртэл тэрээр уг захидалд дурдсан ёсоор ажлыг гүйцэтгэж чадах бөгөөд биеэр бүх байгууллагын өмнөөс явуулах, энэ захидлыг тусгай төлөөлөгчийн хамт Хятадад явуулаад хариуг хүлээх зуур тус улсын дотор үүсгэсэн хэрэг ажлаа хэвээр явуулахын тулд харилцаа байгуулах нэг санаа бүхий этгээд нарыг эрж байсан.
3. Эрэгдэндагва, харгис лам Манзшир хутагт, Дилав хутагт, Егүзэр хутагт, ловон Шаамар /Ишлодон/, Бүүвэй гавж, Чин ван лам Дашдэндэв нарын толгойлогчид Гомбо-Идшин гүн, Аюуш гүн, Нямжав бэйс зэрэг хүмүүстэй харилцаж тэдэнд захидлаа үзүүлэх, уул захидалд юуг тусгах, цаашид хэрхэн ажиллах тухай хэлэлцэж байсан.
4. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс хоорондоо хэлэлцэн зөвшөөрөлцсөний дараа Улаанбаатар хот, Манзшир, Егүзэрийн хийдийн хооронд харлицаа тогтоож цаашид хийх ажлын төлөвлөгөөг үйлдэж энэ оны 5 дугаар сард Эрэгдэндагва нь нөхдийн өмнөөс төлөөлөгч болж уг захидлаа авч Хятад явах зам зуур тус газрын албан хаагчдад баригдсан гэжээ. Цааш нь уг хэрэгт холбогдсон 38 хүн нэг бүрийн гэмт үйлдлийг тодорхойлж, тус улсын шүүх цаазны бичгийн тусгай ангийн 25, 42, 46 дугаар зүйлд зааснаар яллагдахыг зааж шүүх таслах газруудын дүрмийн 2 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлд зааснаар уг хэргийг Улсын дээд шүүх таслах газарт шилжүүлсэн байна.
Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хэргийг БНМАУ-ын Ерөнхий шүүх таслах газар хүлээн авч хянаад хурлын дарга Р.Мэнд, гишүүдэд А.Амар, Эрилдаваа, Өлзийбат, Догсом нар оролцсон шүүн таслах хурлыг 1930 оны 9 дүгээр сарын 15-29-ний өдөр өргөтгөн хийжээ.
Гадаадын эзэрхэг түрэмгий Хятад, Японоос зэвсэгт цэрэг урин тус ардын хуьсгалт засаг төрийг устгахаар зорьж эсэргүү бүлгэм байгуулж, ажил явуулгаа гүйцэтгэхийг оролдож, төлөөлөгчөөрөө Хятадын засгийн газар ба Банчинбогдод өгөх бичгийг илгээж байгаад илрэн баригдсан улс төрийн хүнд холбогдол бүхий ялт Б.Эрэгдэндагва, Ж.Галсандаш нарын 38 этгээдийн тухай хэргийг шүүнтаслахад улсын яллагч Ядамсүрэн, Чулуунбат, олон нийтийн яллагч Цэндсүрэн, улаан цэргийн шинжээч Пунцаг, хэрэгтний өмгөөлөгч Намсрай, Сэржхүү, Жамсранжав, Санжмятав, Цэвэгжав нар оролцжээ. Таслан шийтгэх хурал олны өмнө ил тод явагдсан байна. Шүүх ххурал хэрэгтэн этгээдийн өчиг мэдүүлэг, хэргийн бичиг сэлт, шинэчилсэн байцаалт зэргийг хянан үзээд таслан шийтгэсэн тогтоолдоо:
1. Энэ эсэргүү бүлгэм 1929 оны намар эхлэх ихээхэн бэлтгэлтэй байгуулагдаж, түүний гол штаб нь Улаанбаатар хот бөгөөд салбар нь Егүзэр, Намдаваа, Манзширийн хийд зэрэгт байгуулагдаж нийт 30 гаруй гишүүнийг элсүүлжээ.
2. Тус улсын хувьсгалт засаг төрийг зүйл зүйлээр загнан муушаасан бөгөөд зарц ядуу ба дунд ардын хөдөлгөөн, тэдний хүсэл эрмэлзлээр байгуулагдсан нам засгийг цэргийн хүчээр байгуулсан хэмээн гүтгэжээ.
3. Феодалын хөрөнгийг хураасан ба эрхийг хассан хийгээд шашин төрийг тусгаарласан явдлыг эсэргүүцэн тэмцжээ.
4. Тус улсын гадаад харгис цэргийн хүчинд автагдаж хүн ард, хөрөнгө хогшлоо хэлмэгдүүлэн бүхий л түгшүүртэй үесэд халуун тусламж үзүүлсэн дэлхийн ангийн хувьсгалын хөдөлгөгчид болох СССР улсыг зүйл бүрээр гүтгэн муучилсан төдийгүй бидний хоёр улсын хэлхээ холбоог холдуулан тэмцэлдүүлэхийг эрмэлзжээ.
5. Тийм учраас тус улсын тусгаар тогтнолын хувьсгалт улс төрийг Хятадын харгис цэргийн хүчээр устгаж Хятадын мэдэлд болгон оруулахыг зорьжээ.
6. Энэ эсэргүү бүлгэмийн хэрэг нь харгис феодал ба лам нарын этгээдээс өөрсдийн хорыг илрүүлэн үзүүлснээр үл барам үгээгүй ардын дарангуйлан захирах хатуу засгийг устгах хэмээсэн үндсэн зорилго явуулга нь …баримттайгаар тодорхойлогдсон. Эдний үйлдсэн хэрэг бол улс төрийн холбогдол бхий хүнд ноцтой эрүүгийн хэрэг даруй мөний тул … хууль ёсоор цээрлүүлэн шийтгэнэ гэж дурдсан байна.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: