Friday, November 21, 2008

ТАРХИНЫ ФИТНЕСС

Т.Алтангэрэл

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

Сэтгэлээ танин мэдэхүй

Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн. Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.

Эцэст нь дахин нэг жишээ татья. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

Тархины парадокс буюу сэтгэлээг чөлөөлөхүй

Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр боловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лимбийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх явцад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжилгээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэхдээ түүнийг тархинд хадгалагдаж байгаа бусад мэдээллэлтэй харьцуулж, хайрцаглаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойлдог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон тааламжтай мэдээлэл байж байдаг. Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно. Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байдлаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тархинд нь тогтож заншсан алимны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.

Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тархинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй “хиймэл загваруудаас” ангижирч болох ба энх амгалан, аз жаргалыг удаан хугацаанд хадгалах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясалгал нь хүний тархины хайрцаглах, аль нэг загварт оруулах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгаваруудыг арилгахад гайхамшигтай үр нөлөөтэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай болдог аж.

Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөгтэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэхээр яг бодитоор бидэнд ганцхан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодорхойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэдийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Будда цаг хугацааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харьцангуй чанартай гэж үзээд, туйлын чанараар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өнгөрлөө, зүүд шиг юм гэж хөгшчүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрийгөө “би”.гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогтнох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэдийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төөрөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төөрөгдөж, тархин дахь загварууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.

Орчин үеийн тархины судлал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангижрах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бурханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүүтэйгээр лам нар өндөр хэмжээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруулдаг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар нотолсон нь үүний тод жишээ юм.

Хоосон чанар ба квантын физик

Дээр дурьдсан юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх, ухаарах тухайд буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байдлын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлсэнийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сандал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор харагдаж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрчлөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүүрэхийг анзаардаг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэлдэж, баярлах гуних зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнштэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бодит бус чанар гэж нэрлэдэг. Харин нөхцөл байдлаас үл хамааран хэзээд үл хувирах, бодит, мөнх, хязгааргүй чанарыг туйлын буюу абсолют чанар гэх бөгөөд дээр өгүүлсэн харьцангуй бүхэн (ширээ сандал, эмоци, хүний бие, од гариг г.м) туйлын чанараас үүсч, эргээд түүнд шингэн алга болж, өөрөөр хэлбэл эдгээр нь туйлын чанарын ердөө өчүүхэн хязгаарладмал, хэлбэр дүрс төдий илэрхийлэл нь юм. Энэхүү юмс үзэгдлийн цаад эх буюу төгс, бодит, туйлын чанарыг буддын ухаанд хоосон чанар гэх бөгөөд бодитоор оршиж, бидний нүдэнд үзэгдэж байгаа биет юмс үзэгдэл нь угтаа энэхүү хязгааргүйгээс үүссэн, хувирамтгай, шалтгаан нөхцлөөс хамаарсан буюу дан ганцаараа оршин тогтнох аргагүй тул мөн чанартаа хоосон юм. Бүхэн хоосон чанараас үүсч хоосон чанар лугаа шингэдэг. Бурхан багш Будда хоосон чанарын тухай айлдахдаа дүрс бол хоосон чанар, хоосон чанар бол дүрс, хоосон чанар бол дүрсээс өөр юу ч бус, дүрс бол хоосон чанараас өөр юу ч бус гэжээ.

Ямарч юмс үзэгдэл бие даан дангаар оршин тогтнох, эсвэл өөрөө өөрөөсөө үүсэх аргагүй, үргэлж аливаа өөр зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж, харилцан хамаарч байдаг, хувирамтгай тул түүнийг харьцангуй, бодит бус, мөнх бус гэж үздэг. Харин хоосон чанар бол тийм биш юм. Энэ нь хязгааргүй, туйлын чанартай, үг томъёогоор илэрхийлэх боломжгүй бөгөөд дээр бичсэн нь гагцхүү логик аргаар тайлбарлах гэсэн оролдлого гэж үзэж болох юм. Хоосон чанарыг бүх зүйлийг үгүйсгэх, байхгүй мэтээр бодох нь буруу бөгөөд аливаа зүйлийг бодитоор байгаа ч бус, бас байхгүй ч бус, шалтгаан нөхцлөөс хамааралтай, харьцангуй гэж үзэх нь зөв юм. Тухайлбал, та хэн нэгэн Доржийг намхан эсвэл өндөр хүн юм даа гэж бодож байж болох юм. Угтаа бол Дорж таны өндөр нам гэх бодлоос үл хамааран өөрийнхөөрөө байгаа хүн байтал та түүнийг аль нэг өндөр хүнтэй харьцуулан түүнийг намхан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хүн ямар нэг зүйлийг дүгнэхдээ заавал өөр зүйлтэй харьцуулж, түүнээс хамааруулан, нөхцөлдүүлж сайхан эсвэл муухай гэж ялгаж боддог. Ийм учраас таны бодол, дээрх дүгнэлт бол угтаа бодит бус, харьцангуй бөгөөд Доржийг энэ бүх харьцуулалт, хэн нэгний үнэлэмжээс нь ангид авч үзвэл өөрийнхөө байгаа төрхөөрөө оршиж байгаа, ямар нэг байдлаар тодорхойлох боломжгүй, хоосон чанартай юм.

Хоосон чанарыг бясалгалын замаар мэдрэх ойлгох боломжтой аж. Нуруугаа тэгшлэн завилан сууж, амьсгалаа тайван авна. Толгойд орж бас гарч байгаа бодол, янз бүрийн мэдрэмжийг та хөндлөнгийн хүн шиг аль нэгэнд нь авталгүй сэтгэлдээ болгоон доод тал нь минут болох хэрэгтэй. Ингэхэд таны толгойд эргэлдэж буй бодлууд нэг тодрон гарч нэг алга болж, угтаа бол хоосон чанараас үүдэн бас эргээд түүн лүүгээ уусан, яг л далайн давалгаа нэг дээш давалж эргээд далайдаа уусан буух шиг болохыг анзаарах буйзаа. Далай буюу таны бодол санаа төрөн гарч бас эргээд уусан алга болж байгаа тэр хязгааргүй боломжит чанарыг хоосон чанар гэж нэрлэж байгаа хэрэг гэж Мингүр ринбүүчи адилтгасан байх юм.
Сонирхолтой нь хоосон чанарын тухай буддын гүн ухааны ойлголт нь орчин үеийн физикийн шинжлэх ухаанд квантын онолтой олон талаараа дүйцэж байна. Квант гэдэг нь атом дахь хамгийн жижигхэн, цааш үл хуваагдах хэсэг буюу энерги бөгөөд түүний зүй тогтлыг физикчид судлаад орчлон ертөнцийн мөн чанар, юмс үзэгдлийн хамгийн бичил ертөнц нь бидний нүдэнд харагдаж байгаагаас тэс өөр болохыг баталжээ. Нэрт физикч Нильс Бор “Хэрвээ та квантын онолыг судлаад шоконд орохгүй байвал та түүнийг ойлгоогүй юм байна гэж дүгнэхээс аргагүй” гэж хэлж байсан удаатай. Квантын хөдөлгөөн нь тодорхойлоход маш хүндрэлтэй, түүний байршил, хурд зэрэг нь уламжлалт физикийн зүй тогтлоос тэс өөр учраас өдий хүртэл нээгдээгүй, тайлбарлахад төвөгтэй олон зүйл эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Физикийн энерги хадгалах хуулиар бол аливаа юм бүрэн устаж үгүй болдоггүй, харин өөр зүйлд хувирдаг. Жишээ нь мөс хайлаад ус болдог, харин ус ууршиж, ус төрөгч, хүчилтөрөгчийн атом болж задардаг. Тэгэхээр буддын номоор бол атомын түвшинд эд юмс нь хувирамтгай, харьцангуй, бодит бус чанартай хэвээр байна гэж үзэх бөгөөд атомоос цааш задрах, туйлын чанартай, хувирдаггүй, дахин цааш хуваагдах боломжгүй, зүгийн хувь үгүй бичил хэсгийг байна гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь 20-р зуунд энэ бичил хэсгийг олж нээхэд ихээхэн төвлөрсөн бөгөөд атом нь байнгын тогтвортой зүйл бус тэрнээс ч илүү задарч электрон, квант, фотон зэрэг бичил хэсгүүд байдаг талаар нээлтүүд ар араасаа хийгдэж, өнөөдөр бидний хэрэглээнд лазер туяа, компьютер зэрэг гайхамшигт зүйлүүд нэвтэрсэн. Квантын онолоор квант нь замбараагүй, урьдчилан тооцоолох боломжгүй хөдөлгөөн бүхий заримдаа бичил хэсэг, заримдаа энергийн долгион шиг үйлдэлтэй. Аливаа үзэгдэл нь тодорхой шалтгаан нөхцлөөс болж өөрчлөгдөн улмаар шинэ үзэгдэл бий болох, эсвэл устаж алга болох зэргээр байнгын, урьдчилан тогтоох боломжгүй хөдөлгөөнд оршиж байдаг нь хязгааргүй. Хүний бодол санаа ч гэсэн тодорхой шалтгаан нөхцлөөс үүсдэг бөгөөд шалтгаан нөхцөл өөрчлөгдөхөд мөн дагаж өөрчлөгддөг.
Бясалгал ба Ливингстон нэртэй цахлай

Бурхан багш ертөнц, юмс үзэгдлийн мөн чанарыг ийнхүү гүн гүнзгий танин мэдээд, хүний зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам, эцэст нь хүн гэгээрэлд хүрч бурхан болох зам мөрийг зааснаараа агуу юм. Дээр өгүүлсэн буддын гүн ухааны суурь ойлголт нь бясалгал хийхэд үндэс суурь болдог. Гэгээрэлд хүрэх нь бие махбодийн хүлээсэнд буй энгийн хүнд төсөөлөгдөхгүй гэж үздэг бөгөөд гэгээрсэн сэтгэлийг зүйрлэвэл бүртийх үүлгүй цэлмэг тэнгэр шиг, туйлаас амгалан тал шиг тийм хязгааргүй, тайван гэж номонд өгүүлсэн байдаг. Чухамдаа гэгээрсэн, сэтгэл оюуны маш өндөр түвшинд хүрсэн хүн нь энгийн хүний төсөөлөмгүй гайхамшигийг бүтээх чадвартай болдог аж. Үүнийг манай болон төвдийн олон лам, хутагтууудын тухай хүмүүсийн ам дамжсан ярианаас бид олонтаа сонссон. Гэгээрсэн хүн сэтгэлээ бүрэн удирдах чадвартай болохоос гадна өөрийн үхлийг хэзээ ирэхийг мэдэх, өмнөх болон хойд дүр буюу хэдэн үеийн амьдралаа харах, сэтгэлдээ юу хүснэ тэр нь бодсон даруйдаа биелэх зэрэг энгийн хүний хэмжээсээр таашгүй бурханлиг чадвартай болдог. Тэр байтугай хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн нөхцөлд хийг удирдан зохицуулах чадвартай болдог бөгөөд тийм хүний дээгүүр машин яваад өнгөрөхөд ч гэмтэж, үхэхгүй байж чаддаг аж. Эсвэл газраас хөндийрөх, өвчнийг эс мэдрэх гэх мэт. Мэдээж бясалгалын үр шим заримдаа маш ойрхон ирдэг бол зарим гайхамшигийг хүн олон жилээр дасгал хийж байж олж мэддэг. Тэгэхдээ энэ хүч чадлыг гагцхүү сайн үйлсэд зориулахын тулд ийнхүү лам нар сахил авч номын ёсонд суралцдаг билээ.

Миний бие Ричард Бахын “Жонатан Ливингстон нэртэй Цахлай” хэмээх шувууны тухай өгүүллэгийг бага байхдаа анх уншсан нь маш их сэтгэл хөдөлгөж билээ. Төгс төгөлдөр, эрх чөлөө, гэгээрэл, нигүүлсэл рүү тэмүүлэх, бурханлиг чанарт ойртох тухай цахлай шувууны жишээн дээр өгүүлсэн энэ бүтээл нэгэн үе барууны ертөнцөд маш их шуугиулж байжээ. Сэтгэлгээний эрх чөлөө, нислэгийн гайхамшигт чадварыг эзэмшсэн Жонатан цахлай хүний хамгийн эрхэм сайхан, ариун, чөлөөт бүхний билэгдэл болж чадсан юм. Ямарч залуу хүний зайлшгүй унших ёстой энэ зохиол буддын ухааны гэгээрэл, төгс төгөлдөрт хүрэх хувь хүн бүрийн замналын уран илэрхийлэл гэж боддог. Бурхны номонд бодь сэтгэл буюу хамаг амьтны тусыг бүтээгч сэтгэлийн түвшинд хүрсэн хүнийг бодьсадва хэмээдэг билээ.

Бясалгал нь юуны өмнө сэтгэлээ төвлөрүүлэх, юмс үзэгдлийн хоосон чанарыг ухаарах, сэтгэлээ ариусгах зэргээр тусгай арга бүхий бие сэтгэлийн цогц дасгал бөгөөд цаашилбал улам нарийн, бурханлиг мэдлэгийг олж авдаг. Хүн гэгээрэлд хүрэхэд нэг байтугай хэдэн насны амьдралд бясалгал хийж, зөв амьдрах шаардлагатай бөгөөд өмнөх насандаа олж авсан мэдлэгээ хойд насанд дахин төрөхдөө хадгалж үргэлжлүүлж (ой санамжаа авч үлдэж) чадах нь бас нэг гайхалтай чадвар аж. Бясалгалыг тайван орчинд, бие сэтгэлийн тэнцвэрийг хадгасан байдалтай, цэгц суух, амьсгагаа удаан авч гаргах зэргээр биений талаас анхаарах хэрэгтэй байдаг. Бясалгахдаа огт тодорхой зүйл дээр төвлөрөхгүйгээр, бодол санааг чөлөөтэй, аль нэгт нь авталгүй хийх, эсвэл тодорхой обьект, ямар нэг үнэр, дуу авиа, хэлбэр дүрс, цаашлаад сэтгэл хөдлөл, бодол санаан дээр тогтож тэдгээрийг микроскопоор харж байгаа мэтээр задлан шинжилж бясалгах, өөрийн муу бодол санаанаас ангижрах талаар басалгал хийх зэрэг аргууд байна. Бясалгалыг хуралд оролцохдоо, автобусаар эсвэл машинаар явахдаа гээд ямар ч үед хийж болох бөгөөд хамгийн чухал нь бясалгагч чөлөөтэй, өөртөө тохиромжтой тэр цаг үе, нөхцлийг сонгох явдал юм. Ингэхдээ заавал удаан үргэлжлүүлэхдээ чухал бус харин олон дахин, давтамжтай байх нь чухал гэдэг. Ямарч бясалгалын хийсэн түүний үр дүнд хүний сэтгэл нээлттэй болж, сэтгэл зөөлөрч, хүн өөрөө өөрийгөө таньж эхэлдэг. Хүн өөрийгөө танихын хирээр бусад хүн, амьд амьтныг танин мэдэж, өөртэйгөө адилхан зовлонг үл хүсч, жаргал руу тэмүүлдэг амьд бүхний хүсэл нэгэн ижил болохыг ухаарч, бусдыг энэрэх сэтгэл төрж эхэлдэг нь гарцаагүй гэж бясалгалын мастер Мингүр ринбүүчи айлджээ. Энэрэнгүй сэтгэл үүсэх нь юуны өмнө өөртөө сайн сайхныг хүсэх сэтгэлээс үүддэг аж. Бясалгал хийхэд өөрийгөө хайрлах сэтгэлээс бусдад мөн өөрийн адил зөвхөн сайн сайхныг хүсэх сэтгэл үүсдэг. Нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх бясалгалын дараагийн шат бол ямарч нөхцөл байдлаас үл хамааран хувиршгүй, үрийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байдаг эхийн хайр шиг хайрыг бодож бясалгах явдал юм. Харин үүний дараа бодь сэтгэлийг үүсгэх бясалгал хийх бөгөөд энэ нь нэг талаас хамаг амьтны тусын тулд гэсэн тэр эрмэлзлэлийг өөртөө бий болгох, нөгөө талаас би хамаг хамаг амьтанд хэрхэн тус хүргэх вэ гэсэн бодолд сэтгэлээ төвлөрүүлэх юм. Ливингстон цахлайн тухай домог миний хувьд ингэж үргэлжилсэн билээ...

Аз жаргалыг сонгох нь

Мингүр ринбүүчи орчин үеийн мэдлэгтэй хүнд тохирсон арга хэлбэрээр буюу буддын ухааныг шинжлэх ухааны ололтуудтай холбон тайлбарласан нь бурханы сургааль ёсыг дагадаг монголчуудад зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Аливаа үйлдэл, амьдралын замнал философигүйгээр утга учиргүй бөгөөд сэтгэл оюунтай хүн болж төрсний хэрэг ямарч хүний хувьд гарах учиртай. Азаар бид эртний соёл түүхтэй, орчин үеийн шинжлэх ухаантай туйлаас нийлэмжтэй гүн ухаан, сургаал номтой улс юм.

Буддын гүн ухаан, үнэнийг танин мэдэхүй, зовлонгийн шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, эцэст нь хэрхэн амгалан, жаргалтай амьдрах тухай бурхны ном нь өнөөгийн физик, тархи болон сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны суурь хуулиудтай нийцэж, олон талаар нотлогдсоор байна. Хамгийн сүүлд гэхэд хүний аз жаргалын үзүүлэлт болох гамма долгион лам нарын тархинд маш өндөр түвшинд хүрдэг бас тэр нь удаан хадгалагддаг болохыг америкийн тархи судлаачид баталжээ. Хүн аз жаргалтай амьдрахын тулд юуны өмнө өөртэйгөө ажиллах чухал бөгөөд зовлонгийн шалтгааныг бясалгах тусам хүн өөрөөсөө эхлэн амгалан, жаргалтай, нээлттэй болж, амьдралаа шинэчлэн өөрчлөх боломж нээгдэнэ. Хүн амьдралаа богинохон харж, утга учиргүй, хий дэмий өнгөрүүлэх бус өөрийн хүнд заяасан сэтгэл оюун хэмээх гайхамшигийг ашиглан зөв зүйтэй утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Ийнхүү өөрийгөө эерэг ухаан, мэдлэг, сэтгэлээр тэтгэснээр аз жаргалтай, эрүүл саруул амьдарна. Харин уур, тунхаг, айдас, омог дээрэнгүй нь хүнийг зовлонд унагаадаг төдийгүй янз бүрийн өвчин тусдаг нь нэгэнт тогтоогджээ. Түр зуурын аз жаргал нь ирж буцдаг, хувирамтгай, энгийн хүний амьдралд өдөр тутам тохиодог зүйл бол урт удаан, байнгын жаргал нь зовлонгийн шалтгааныг үндсээр нь арилгахаас эхэлдэг гэж Бурхан багш сургажээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Швейцарь хөгжил

З.Батболд

1920-иод оны үеийн Монголын гол удирдагчид болох Цэрэндорж, Амар, Жадамбаа, Дамбадорж нар үндэсний асуудал шийдэх таван гол бодлогыг томьёолж, улс орноо “үлгэрлэвээс Швейцарь лугаа адил” болгох зорилго тавьж байжээ. Хожим нь коммунистуудын зүгээс эдгээр хүмүүсийг “баруунтан” гэж цоллон, Монгол улсыг Швейцарь шиг хөрөнгөтний замд оруулах гэлээ хэмээн буруутгаж байлаа. Харин өнөөдрийн өнцгөөс харахад энэ нь улс орноо төвийг сахисан, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засагтай болгохыг хүсэн, сайтар бодож боловсруулсан Монгол улсын алсын хараа (vision) байжээ.



Тэгвэл Монгол шиг орон Швейцарь шиг хөгжих боломжтой юу? 2008 оны 9 сард эдийн засагч Б.Ведер, Р.Ведер нар 200 жилийн өмнө Европ тивийн ядуу буурай орнуудын нэг байсан Швейцарь улс хэрхэн дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг болсон, энэхүү туршлагаас нь одоогийн хөгжиж буй орнууд чухам юуг авч хэрэгжүүлбэл тус болох талаар судалгааны ажил хийснээ гаргажээ. Тэд Швейцарьт шууд ардчиллын тогтолцоо амжилттай хэрэгжсэн, мөн эдийн засгийн хөгжил нь өрсөлдөх чадварыг дэмжихэд суурилсан болохыг онцолсон байна. Швейцарийн хөгжлийн энэхүү хоёр чухал хүчин зүйл Монголд хэрхэн хэрэгжиж болох вэ?

Шууд ардчилал

Xэдийгээр швейцарьчууд бусад ардчилсан улсын иргэдийн нэгэн адил сонгуулийн журмаар парламентын гишүүдээ сонгодог ч, дээр нь засаглалын аль ч түвшинд хэд хэдэн “ардын эрх” (Volksrechte) эдэлдэг байна. Эдгээрийн дотроос иргэд хууль санаачлах, мөн парламентаас гарсан аливаа хууль, тогтоомжид бүх нийтийн санал асуулгын журмаар хориг тавих эрх эдэлдэг нь шууд ардчиллын чухал элемент болдог. 7,3 сая хүн амтай Швейцарь улсад 100 мянган иргэн гарын үсэг зуран хууль санаачилдаг бол 50 мянган иргэн гарын үсэг зуран парламентаас гарсан аливаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой болдог.
Эдгээр эрх нь Швейцарийн улс төрийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Нэг талаас иргэдийн зүгээс нийгмийн шаардлагаар гарч ирж буй аливаа шинэ хуулийг санаачлахыг парламентын гишүүдээсээ хүлээх хэрэггүй болдог. Нөгөө талаас парламентын зүгээс иргэдийн эрх ашигт халтай “түүхий” хууль, тогтоомжууд гарах магадлал багасдаг. Мөн энэ нь иргэний нийгэм, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийнхэн болон улс төрийн цөөнх болсон хүчний зүгээс гарсан санал санаачлагыг төр, засгийн бодлогод тусгах, наад зах нь авч хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх чухал хөшүүрэг болдог байна.

Өрсөлдөх чадвар

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2008 оны өрсөлдөх чадварын индексээр Швейцарь улс 134 орноос АНУ-ын дараа хоёрт бичигджээ (Монгол 100-р байр). Чөлөөт өрсөлдөөний орчин нь зах зээлд шинээр орж ирэх боломжийг нээлттэй хангасан учир Швейцарийн компаниудад бараа, үйлчилгээний чанар болон бүтээмжээ өсгөн, шинэ зах зээлийг байнга эрэлхийлэхээс өөр замаар ашиг, орлогоо хадгалж үлдэх, нэмэгдүүлэх боломж байдагггүй. Ийнхүү дотоодын зах зээлдээ ширүүн өрсөлдөөнийг давж гарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болж, олон тооны үндэстэн дамнасан корпорациуд төрөн гарчээ. Жижигхэн Швейцарь улсаас эмийн салбарт Novartis, Roche, банкны салбарт UBS, Credit Suisse, хүнсний салбарт Nestle, даатгалын салбарт Suisse Re, Winterthur зэрэг дэлхийд танигдсан олон компани үүсэн гарав. Чөлөөт өрсөлдөөний ачаар Швейцарь улс хамгийн чанартай бараа үйлдвэрлэгч гэсэн имижийг нэгэнт олж авчээ.

Үүнээс гадна Швейцарийн засаг, захиргааны нэгж болох кантонуудын хооронд өрсөлдөөний бодлого хэрэгждэг байна. Кантонууд хоорондоо өрсөлдөх нь төсөв, санхүү, татварын бодлогыг үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд тустай байдаг. Үүний үр дүнд Швейцарьт ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээ 35 хувиас хэтэрдэггүй байна.

Өнөөдөр Монголд өрсөлдөх чадварыг дэмжих бизнесийн орчин ихээхэн үгүйлэгдэж байна. Компаниуд хоорондоо бүтээмжийн өсөлт, инновацийн түвшингээр өрсөлдөхийн оронд төр, засгийн албан хаагчидтай “нягт хамтран ажиллах” замаар давуу байдал олж авахыг хичээх боллоо. Төсвийн санхүүжилтээр хийгддэг худалдан авалт, ажил үйлчилгээг ихэвчлэн сайд, дарга нарын компани гүйцэтгэж байна. Энэ нь чөлөөт өрсөлдөөнийг хумиж, пүүс, компаниудыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нь ихээхэн саад учруулж байна.

Монгол оронд мах, сүү болон газар тариалангийн өндөр чанарын бүтээгдэхүүнээр Зүүн Хойд Азийн том зах зээлийг хангах боломж байгаа ч харьцангуй өндөр өртгөөр тээвэрлэгдэн ирдэг, алс холын Австрали, Шинэ Зеландын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна. Оюутолгой, Тавантолгойгоос гарах баялагт суурилан нэмүү үнэлэмж бий болгох бүтээгдэхүүн гаргах, салбарын төвлөрсөн бүлэглэл (cluster) байгуулах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно.
Мөн аймгууд хоорондоо хувийн хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэх чиглэлээр өрсөлдөх шаардлагатай болжээ. Энэ тохиолдолд ихэнх аймгийн улсын төсвөөс татаасаар амьдардаг өнөөгийн байдал өөрчлөгдөж, эдийн засгийн хувьд бие даах боломжтой болно.

Дүгнэлт

Швейцарийн нэгэн адил улс төрд шууд ардчиллыг хөгжүүлж, эдийн засагт өрсөлдөх чадварыг дэмжсэн бизнесийн орчинг бүрдүүлснээр Монгол улс тогтвортой хөгжилд хүрэх болно.

Монгол улсад өнөөдөр тулгараад байгаа парламентын засаглалын үйл ажиллагааны доголдлыг засах хамгийн сайн арга нь зарим хүмүүсийн үзэж байгаачлан ерөнхийлөгчийн засаглал бус, харин иргэдэд бүх нийтийн санал асуулга явуулах, хууль санаачлах, хуульд хориг тавих эрхийг олгох зэргээр шууд ардчиллыг хөгжүүлэх явдал юм.

Монгол орон өрсөлдөх чадвартай байна гэдэг бол Монголын компаниуд өрсөлдөх чадвартай байна гэсэн үг. Үүний тулд бизнесийн салбарыг төрийн хүнд суртал, авилгаас ангид байлгаж чанар, бүтээмжийн өсөлт, инновацид тулгуурласан чөлөөт өрсөлдөөний орчныг бий болгох цаг болжээ.


Монгол улс Швейцарь лугаа адил хөгжих болтугай!
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай

Дурсамж тэмдэглэл.

Чогжав гуай гэж нэгэн сайхан лам Бурхан байлаа. 1970 онд шинээр Шашны Дээд Сургуульд элсэн орсон бидний залуу лам нарыг Гандантэгчэнлин хийдийн лам нарын “Арван” гэдэгт хуваасан юм. “Арван” гэдэг нь Чингэсийн үеэс улбаатай засаг захиргаа, иргэний байгуулалтын нэгж юм билээ. Энэ нэгж биднийг оюутан болохоос өмнө Гандан хийдэд байсан, одоо ч байсаар байгаа бөлгөө. “...Арваны даргаас чөлөөгүй еэ хө!” хэмээн ардын дуунд хүртэл гэгэлзүүлэн аялдаг нь учиртай.

Гандангийн “Арван” гэдэг нь 60-аад оноос хойш үүсч Монгол орон даяар эрч хүчээ аван ихийг бүтээсэн “Социалист Хөдөлмөрийн Бригад” гэдэг шиг. Өвгөн лам нарынхаа гэрийг хаварт нь хамтран хөнгөлөх, намарт нь дулаалах, түлээ модоо нийлэн хөрөөдөж хагалах, Гандангийн хашаан дахь хүрдийг угаах, хэрмэн хашаагаа тойрон хэв журмын эргүүл хийх, хогийг нь цэвэрлэх, хийдийн гадаа болон дотор тарьсан модыг арчилах, услах зэрэг ажлыг ээлжээр хийдэг байсандаа. Угтаа шинэ залуу лам нарыг туслах хүч болгон тэдгээр аравнуудад тэнцүүлэн хуваадаг байсан юм. Тэр үед Гандангийн лам нар арван нэгэн арванд хамаарагддаг байсан юм. Баасан, Чойжамц бид гурав “Долоодугаар арван” буюу “Шар Умзад” хэмээн нэрлэгддэг Шаравсамбуу гуайн арванд хувиарлагдан тэнд харьяалагддаг байлаа.

Арванууд миний дээр дурьдсан ажлуудыг хамтран хийхийн зэрэгцээ бие биедээ байх, байхгүй ном судрын дэмжлэг үзүүлж, ойр дотно байхын зэрэгцээ гишүүн хэн нэг нь жилдээ өөрийн бололцоогоор нэгэн өдрийн хоолыг гэртээ бэлтгэн тэднийгээ цуглуулан хөгшин залуугүй халуун дотно яриагаа ярьж, бие биеэ шоолон өвгөдийнхөө залуу цагийн адал явдалтай дурсамж яриаг сонсон хөгжилдөн өнгөрөөдөгсөн. Энэ нь Гандан даяараа их дуулиантай.-Тэдний аравныхан маргааш тэднийд хоолтой гэнэлээ. Манайх чинь хэзээ билээ дээ. Дондог зам, /тогооч/ хоолыг нь хийж байгаа гэнэ билээ. Баянхонгороос айраг нь ирсэн гэнэ билээ гэх зэргээр өвгөд хоорондоо сонин болгон хөөрөлдөх ярианы сэжим болох нь харахад сонсоход өхөөрдмөөр хөөрхөн байдаг байлаа. Тэд маань жаран наймаас дээш настнууд байсан юм.Тиймдээ ч тэр хоолон дээр аравны дарга, дараагийн хоол төдөн сард тэдний өдөр “Тэднийд” хэмээн зарлаж, бид дахин аравнаараа цуглах тэр өдрийг тэсэн ядан хүлээж-Тэр гуайн хоол хэдэнд билээ? хэмээн сураглацгааж байдагсан.
Чогжав гуай гэлэн сахилтай хүн. Өдрийн 1.00 цагт л хоолоо иднэ. Бусад цагт шүд хөдөлгөх юм идэх цээртэй. Гэлэн санваартай хүний “Суртахуун” зөвхөн хоолон дээр л гэхэд энэ буюу. Бусад 267 санваарыг нь энд дурьдаад илүүц биз. Үүнийг нь мэдсэн бид ном сураглах, биеийг нь асуух маягаар хааяа өдрийн хоолыг нь “Буудна”. Дандаа тэгж буудаад байгаагүй ээ. Хааяа зүгээр ороход Чогжав гуай хүүхэд шиг нэг их бондгосхийн давхийн цоцно. Даяанч багш маань нэг өдрийн хичээл дээр-Та нар Чогжав ламын хоолонд нь болж тэднийх рүү гүйгээд байнаа даа янз нь. Цаад гэлэн чинь бариа тавианы үед хэзээ баригдах бол гэж айсаар байгаад цочимхой өвчтэй болчихсон юм гэсэн шүү, чочоогоод зүрхийг нь зогсоочих вий, холоос чимээ өгч очиж байгаарай. Өвгөн хүний аймхай зүрх юухан байх вэ? Хоолонд нь болж яваад цаад өвгөнөө хоолноос нь гаргачихав даа таминь.. хэмээн сургаж билээ. Түүнээс хойш учрыг мэдсэн бид хэд дор бүрдээ хичээж холоос хоолойгоо засан чимээ өгөх, хоорондоо ярилцах зэргээр гэр лүү нь очиж яваагаа мэдүүлдэг болж билээ.

Яг хоолных нь цагаар яваад ороход Чогжав гуай зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан галаа оролдосхийгээд буруу зөрүү харан эвгүйхэн зантай угтана.-Учир мэдэхгүй юм. Хоол хийнэ гэдэг чинь амьтны мах хэрэглэнэ гэсэн үг. Би багаасаа хий өвчтэй, цагаан хоол зохидоггүй. Улаанбаатарт мах ямар байгаа билээ дээ. Хүнд хэдэн төгрөг өгч мах захина. Түүнийг хямгадаж идэх санаатай. Энэ чинь цаана нь бас л нөгөө амьтны амь байна. Та нар яахав, босон суун хэзээ л бол хэзээ идэж байдаг улсууд. Би чинь Бурханы өмнө тангарага өргөсөн гэлэн хүн. Өдөрт нэг л хооллоно. Хэцүү юм. Дамба багш, Батнасан, Баярбаатар бас чи...За Баасан ч яахав...салах юм биш...хувцасаа энд тайлдаг, сольдог нэртэй байнга байж идэж байдаг хүн...тэр тэгэхээс яахав...хоолны цагаар тааруулж ирээд байх нь төвөгтэй юм. Сургууль нээгдэхээс өмнө ямар ийм байсан биш...гэсэн шүү юм төвөгшөөнгүй ярина. Тэгэхэд нь-За Чогжав гуай минь, ямар таны гүнцгийг тааруулах гэж бодсон биш. Ойрхон явж байгаад л биеийг чинь асуугаад гаръя! гээд ороод ирлээ. Явлаа! Явлаа! Та тайван хоолло! гэхэд-Үгүй ээ! Чи зүгээр сууж бай. Би төвөгшөөсөн юм биш. Зүгээр л учрыг хэлж байна. Байж бай! Одоохон бууз боллоо. Хэдийг идээд яв. Ер нь тэгээд хүний хоолны учрыг мэдэж байх хэрэгтэй...л дээ гэсээр буузаа гаргана.

Тогооныхоо тагийг авч жижиг зэс тавагаар сайтар сэвнэ. Юм юм нь таарсан буузны үнэр өлссөн оюутан бидэнд мөн ч гоёсон. Тэгж буузаа сэвж байхад нь гал нь унтарна. Түлш нь тооцоотой. Түлш гэснээс биднээр модоо хагалуулахгүй. Өөрөө хагална. Харин биднээр модоо хөрөөдүүлнэ. Хөрөөдөх хэмжээ болгож нэг мод өгнө, тэр нь 28 см. Энэ нь зуухандаа таарсан хэмжээ. Энэ л хэмжээгээр бид арваад жил модыг нь хөрөөдсөн дөө. Хагалуулдаггүйн учир нь гэвэл бид томтой жижигтэй хагалаад хаячихна. Чогжав гуай өөрөө болохоор модоо ангилан хагална. Ангилах гэдэг нь хэрэгцээндээ тааруулан бүхэл мах чанах, цай чанах, хуушуур хийх, галаа асаахад гэх шиг хэрэгцээндээ бүдүүн нарийныг нь тааруулан хагалж багцлан хураана. Тийм болохоор чанах цай нь, ус, түүнийг сүлэх сүү, түүнийг болгох мод, түүнд зарцуулах цаг бүгд хэмжээтэй гэсэн үг. Биднийхээр бол яг л “автомат” удирдлагатай машин байлаа. Оёдолд бол ажилч “зөгий” байсандаа. Оёдол гэдэг маань угалзтай гөлөм, угалзтай гутал байсан юм.

Өвгөн лам буузаа болмогц сэвчихээд жижиг мөнгөн дэвгэнд гурван ширхэг бууз хийгээд бурхандаа өргөнө. Өөрийнхөө гэртээ барьдаг том модон тагшинд /хуралд барьдаг нь арай бага/ долоо найман бууз хийж аваад жигнүүрт үлдсэн буузаа хүрэн модон тавганд хийж, тогоо саваа цэгцлээд, хоолны өмнө уншдаг уншлагаа уншчихаад-За чи хүлээгээд сууж бай. Нэгэнтээ ороод ирсэнийх. Би цадахаараа чамд өгнөө. Өгөлгүй яахав. Чи сууж бай! гээд өөрөө идэж эхлэнэ.
Хоолыг үнэхээр чин сэтгэлээсээ дурлаж, биендээ халдааж, таашааж, амталж идэх гэдэг тэр л болов уу. Буузныхаа нарийн үзүүрийг эхлэн хазаж, шүүсийг нь шорхийтэл сорж их дуу гарган шогжигнуулан дахин дахин сорон амталж тамшаална. Тэгээд жижиг жижгээр таалан хоёр завжиндаа шилжүүлэн удаанаар зажлах бүрийдээ хэлээрээ уруулаа шилэмдэн аах хэмээн амьсгалаа гаргана. Энэ мэтээр нэг буузыг ёстой шимийг нь барж, идэж дуусгана.

Түүнийг харж суухад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, аманд хуримтлагдах шүлсээ залгиж бас идэх дурандаа бид дороо хавьчиж эхэлнэ дээ. Ийн болохоо байхаар нь-За Чогжав гуай би явлаа. Шүлсээ залгиж ингэж танаас горьдож сууснаас явсан минь дээр гээд босох гэхэд-Байз чи би одоохон цадах гэж байна. Байж бай! гэнэ. Тэгээд бас нэгэн буузыг тамшаалан байж идчихээд-За одоо өгнөө! гэсээр өөр нэг том модон тагшинд овоолон байж хийгээд-Аягагүй яваа биз дээ! Май одоо чи идээ! энийг гээд өгнө. Би тэрийг нь барахгүй.-Хүнийг горьдоож тамлаж байснаас эхлээд хоёулаа идчихгүй дээ, Чогжав гуай. Хар шүлсээ гоожуулж таныг харсаар байгаад хий цадчихжээ...гэхэд-Үгүй энэ чинь би өөрийгөө бодохгүй яах юм бэ? Юмыг яаж мэдэх билээ. Би чинь цадахгүй бол яах юм бэ? Та нар бол эндээс гараад л гэртээ, эсвэл гуанзанд ороод нэмээд идчихнэ шүү дээ. Би чинь гэлэн хүн. Учир нь үүнд л байгаа юм. За Баасанд бас хэдийг далд хийхээс! Хэзээ ч юм бэ? Идэхийн мөн болж, хэдэн хоног хоосон явсан юм шиг, намайг ч гэсэн залгичихаар өлссөн амьтан орж ирнэ гээд нилээд хэдэн бууз хийж зуухны хажууд тавиад дээрээс нь зузаан модон таваг хөмрөнө. Бүлээн байлгах гэж тэр.

Бид хоорондоо одоо ч ярьдаг юм.-Чогжав лам гуай шиг бууз, хуушуурын амтыг нь мэдэрч, дэргэдээ суугаа хүнд мэдүүлж, Бурханыг ч гэсэн горьдоож иддэг хүн байхгүй байхаа...гэж. Сайхан амталж идэх чинь бас нэгэн урлаг бөгөөд дэргэдэх хүнийхээ хоол идэхийн дуршилыг дэвэргэж чаддаг билээ. Гэм нь...тийм сайхан идэхийг нь хараад сууж байх мөн ч хэцүү дээ. Тэгээд бас цадтал нь шүү. Уншигч та цадтал гэхээр нэг их юм бодож байгаа байх. Чогжав гуайн бууз ерийн айлуудын дунд зэргийн л бууз. Том ч биш, жижиг ч биш. Бид гурав хазаад л болдог бууз. Өвгөн маань ямбалж ямбалж, тамшаалж тамшаалж ердөө дөрөвхөн бууз л иднэ шүү дээ. Бууз нь бас л хэмжээтэй. Гурил, мах, шөл нь... Ходоод нь ч бас...тиймэрхүү байсан байхдаа. Бага залуугаасаа хэмжээнд нь хэвшүүлчихсэн.
Хоолыг нь отохоор бус ёстой биеийг нь асуухаар нэгэн өдөр орсон чинь Бурханыхаа доод шургуулгыг уудлаж, уудлаж хүрэн даавуунд боодолтой томхон юм гаргаж ирээд-Май энийг үз аль хэр болж вэ? Би ганц дүүтэй юм. Мишигдорж гэдэг юм. Москвад амьдардаг. Энэ жил хугацаа нь дуусаад ирэх сурагтай. Ирэхээр нь өгөх юм. Сайн модон тагш олдохгүй болохоор нь Шаазангийн артелийн Дагвадоржид /хожим УГЗ болсон/ захиж байж шахмал аяга авахуулсан юм хэмээн том мөнгөн аяга үзүүлж байж билээ. Юм мэдэхгүй миний бие, мэдэхгүй ч гэсэн үзэж үзэж,-Ийм аяга эр хүн барьж явахад яахав. Сайхан аяга болжээ л гэж билээ. Үнэндээ хэн ч үзсэн сайхан аяга гэхээс өөргүй аяга байж билээ. Хожмоо би Мишигдорж гуайтай танилцсан ах ламынхаа өөрт нь зориулан хийлгэсэн мөнгөн аяга шиг сайхан хүн дээ. 1970-аад оноос хойших үеийн сэхээтнүүд Мишигдорж гуайг ер нь мэднэ дээ. “Үнэн” сонины орлогч эрхлэгч, Москва дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн албыг хашиж байсан. Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгчдийн нэгэн болой.

Нэгэн хаврын налгар өдөр манай аравныхан Чогжав гуайндаа цаг болзон цугларч ээлжит хамтын хөдөлмөр болох тэдний гэрийг хөнгөлөх ажлаа эхэллээ. Чогжав гуай уламжлал ёсоор-За би үүнийгээ аваад гарлаа. Тэгээд та нар өөрсдөө хийдэг ёсоороо л мэдээд хий. Болж л өгвөл байсан юмыг байр байранд л тавиарай. Хожим хайх гэж төвөг болдог юм...гэсээр эсгий олбогны тасархайгаар бүрсэн хүнд хар дөшөө аваад гарав. Чогжав гуай өөрөө уран хүн болохоороо уран хийцтэй сайхан Бурхан шүтээнтэй. Тэр нь Занабазар хутагтын хийц юм гэнэ билээ. Бурхандаа хоолны дээж тавина. Дүйцэн өдрүүдээр зул өргөнө. Ер нь гэр доторхи нь замбараагүй тийшээгээдээ. Гэр хөнгөлөх, дулаалахдаа бид л Бурхан тахилд нь гар хүрч, тоосыг нь арчиж өгдөг байсан болов уу гэмээр.

Чогжав гуай дааж ядан авч гарсан дөшөө эвтэйхэн гэсэн газраа тавьчихаад туслахаар ирсэн Гандангийн оёдолчин авгай нарт бүрээснийхээ муудсаныг яаж оёж, нөхөхийг зааж, заавардаж тэр хавиар эргэлдэнэ. Ерөнхийдөө гэрийг нь яаж хөнгөлөх, яаж дулаалахыг “аравны дарга” Шар унзад хэмээгдсэн Шаравсамбуу лам гуай удирдана даа. Үдийн цаг дөхүүлээд Чогжав гуай гэрийн бүрээс тавиад дуусмагц өөрийн хариуцсан хүн бүрийн нормтой хайлсан хуушуураа хийж эхлэнэ дээ. Сармис, сонгино, шар тос ханхлуулаад л, ээдээ мөн ч сайхандаа. Хуушуур хайрна гэдгийг манай Чогжав гуай л нэг нэртэй нь дүйлгүүлэн хийж сурсан хүн байлаа. Бидний хуушуур хайрна гэдэг маань үнэндээ том хавтгай буузыг тосонд чанахын нэр юмдаа. Хайрах гэдэг чинь хайрахыг л хэлдэг юм билээ. Чогжав гуай зузаан ширмэн тавагны ёроолыг сүүлээр арчиж тослоод хуушуураа хоёр талаар нь эргүүлж хайрахдаа эргүүлэх бүрийдээ сүүлээр тавгаа тослоно. Бид яадаг билээ дээ. Хуушуур нь хагарч шажигнан их тос нь үсчээд л сүртэй юм болдог шүү дээ. Үнэндээ хайрсан хойноо идэхэд сайхан болохоос бус бидний хувьд хуушуур хийхэд төвөгтэй хоол доо. Энэ бидний чадахгүйд л байгаа юм билээ. Манай Чогжав гуайн хувьд хийхэд шөлтэй хоолноос хялбар бөгөөд хийгээд идэхэд амттай бөгөөд чанартай учраас голдуу бууз, хуушуур зооглодог байсан буй заа.

Нэгэн удаагийн гэр дулаалах ажлаа эхлээд байтал Чогжав гуай-Хөөе! Tа нар гараарай! Гэсгүй гуайн өнөө сахилгагүй шар “дөшин” дээгүүр харайгаад алга боллоо. Олоод ирээрэй! Олж ирж ариулахгүй бол болохгүй! хэмээн сандрав. Дүрсгүй шар гэдэг нь хожмоо ШДС-ийн сантехникийн засварчин болсон, Гандан хийдийн их гэсгүй Төмөр-Очир гавжийн ганц эрх хүү билээ. Бид гарлаа. Дор бүрдээ дуудан хайлаа. Төмөрөөгийн бараа алга. Түүний ээж Цэнд бугай бидний дэргэд бүрээс нөхөөд сууж байгаа хэрэг. Тэгтэл өнөөх Төмөрөө Гандангийн аж ахуйн хашаа руу давахдаа цаашаа нэвт гарсан хадаасны үзүүрт гэдсээ хүүлээд түргэн дуудуулаад байна гэж хэл ирэх нь тэр.
Төмөрөөгийн ээж зүү утсаа хам хум тавиад цойлдож, нөхөх ажлаа орхиж явахдаа Чогжав гуайд-Таны дөшөн дээгүүр харайгаад гарсан юм бол тэр золиг гэдсээ хүүлэх нь юу ч биш л дээ. Та утлага, рашаан хайрлана уу? Эмнэлэг аваад явахаас нь өмнө тэрийг ариулья хэмээн байж билээ. Урьд нь гэрийн ажил болоход Чогжав гуай эхлээд дөшөө аваад гараад явчихдаг. Бурханаа бидэнд даатгачихдаг болохоор нь учир мэдэхгүй бид-Та ч “Бурхан” дөштэй хүн юмаа! хэмээн дооглоход-Бариа тавианы үед энэ Ганданг нээгдэхээс өмнө намайг хоолтой байлгасан юмаа. Энэ чинь ...гээд инээдэг байсан. Төмөрөө гэдсээ хагалан сүйд майд болж байхад Чогжав гуай харин-Та нар намайг шоолоод л байдаг. Би Дархан хүн биш! Энэ дөшөөр хоол олж иддэг байсан гэж хэлдэг шүү дээ. Е р нь дархан хүний Дөшийг Бурхан шиг бодож яв. Бурхан яахав хол байх. Харин сайн дарханы Дөшийг ер нь хажууд нь байгаа, бараг Бурхан болчихсон эд гэж санаж явахад илүүдэхгүй. Хариугий нь та нар сая үзлээ шүү дээ. Гэхдээ би чинь дархан хүн биш тааруухан гэлэн шүү дээ. Энэ дөш бол хэдэн үеийн дарханы Дөш...гээд залган сайхан, хүүхдэрхүү бас доогтой инээж байж билээ. Чогжав гуай ер нь тэрүүхэндээ, чимээгүйхэн инээдэг хүн л дээ.

Цагаан сарын хурал номын ажил өнгөрөөд л Чогжав гуай хэдэнд ч юм бэ, бүү мэд угалзтай монгол гутал, угалзтай гөлөм хоёрыг зэрэг эхлэн эсгэж, шивж, оёж эхлэнэ. Нэг нь аяганы ширээн дээр, нэг нь орон дээр нь дэлгээтэй, угалзны хэв мод, олс, сарьс, сайр тэднийхээр хөглөрөх нь тэр. Хөглөрөөтэй байсаар намрын хяруутай золгоно. Тэр хугацаанд жаахан гэр нь оёдолын цех шиг. Аяга шанага Бурхан тахилтайгаа хамт холилдон байна даа. Ямагт зүү нь учигтайгаа, шивүүр нь дэргэд нь байна. Хурлын завсарлага, гэртээ ороод гарах, хоолоо хийж байх, хүнтэй ярилцаж байх зэрэгтээ өнөөхөө/гутал, гөлмөө/ хэд хатгана. Залгуулаад хэд шивнэ. Сууж хийхгүй, орхихгүй, орон гарав дөрөв, тав хатгаад л шивээд, оёод л явна. Нэг өдөр би-Чогжав гуай минь дээ! Ингэж өөрийгөө ядрааж зовоогоод, гэрээ хөглөрүүлж, тав тухаа алдаж ямар хэрэг байнаа. Нэг долоо хоног оёод л дуусгачихаач дээ ..гэсэн чинь-Үгүй ээ! Тэгдэггүй юм. Хүнд хийж өгсөнийх нэг насны юм хийж өгөх хэрэгтэй. Хийлгэх, хийлгүүлэхийн учир энд л байгаа юм. Чи сая өөрийгөө ядраагаад гэж байна. Яалаа гэж харин жаргааж байгаа юм. Хийж байгаа ажлаараа жаргах ёстой. Үүнд сэтгэл чухал. Сэтгэлгүй албадлагаар, мөнгөний төлөө хийсэн юм авсан хүндээ ч, хийсэн хүндээ ч хэрэг тусаа өгдөггүй юм. Гутал, гөлөм хоёрт түмэн оёдол байдаггүй юм. Орон гаран найм, ес хатгаад шивээд явахад цагийн тоогоор талийчихдаг юм. Суугаад оёход бусад ажил хоцорч, суудалдаа ядарч, нүд чилж, хуруу бяцарч цаашид оёхоос зүрхшээдэг юм. Ухаандаа зовлогоо зовоож байгаа хэрэг. Над шиг ингэж оёх нь алдаагаа ойрхон ойрхон арван хатгацын дараа, хоёр хуруу зайд шалгаад, засаад явчихдаг юм. Хийгээд дуусгачихсан хойно хийсэн битгий хэл, авсан хүн ч нийт угалзанд нь хууртаад нэгэн хатгацын алдааг олж хардаггүй юм.

Оёдолд нэг хатгацын алдаа гэдэг чинь уг эдийн чанарт яваандаа муугаар нөлөөлдөг юм. Бас ингэж бага багаар удаан оёж, алдаа гаргаагүй бол оёж байгаа хүн дараа дараачийн хатгацыг улам сайн хийхсэн гэж өөрөө урамшдаг юм. Би чинь сайн оёж байна шүү гэж өөртөө урам өгөх нь, зав л гарвал хэд хатгачихсан гэсэн ажилдаа яарах сэтгэлийг төрүүлдэг юм. Хийнэ, хийж байна, хийхсэн гэсэн сэтгэл нийлж байж сайн эд урладаг юм. Сайн эд хийлгэлээ дээ гэж сэтгэл ханасан хүн сайн харамж өгдөг нь хүний ёс. Өмнөговийн нэг өвгөн надад намрын хяруунаар ёстой төртэй хоёр хонины мах, шүдлэн үхрийн мах нэгийг авч ирж өгөөд миний оёсон гутал, гөлөм хоёрыг аваад буцдаг юм. Түүнийг ирэхэд л би сүүлчийн утсаа хатгаж, учгийг нь зангиддаг юм. Тэгэхээр би юундаа яарах билээ дээ.
Танай Дамба багш, ер нь манайд ирж миний гүнцэгнээс хороолцдог та нар чинь угтаа миний гурван улирал оёсон гөлөм, гутал хоёрын хөлсийг идэлцэж байгаа юм шүү дээ. Тэгээд би хоолоо элбэг хийдэгийн учир тэр юм шүү. Хүн ер нь олсоноо хувааж идэж байх юм шиг та нарт заадаг байсан байхаа. Хувааж идэхэд учир бий. Бүр их бий. Би гэлэн хүн. Идэлцэхэд ч, идүүлэхэд ч их учир бий. Богд лам “Бодь мөрийн зэрэгтээ” тодорхой заасан. Та нар одоо судлаж байгаа гэнэлээ. Би гэлэн хүн хэнтэй хувааж идэхээ сайн мэднэ. Үүнийг “Гэлэнгийн суртахуун” номонд заасан. Би гэлэн сахил хүртсэн цагаасаа эхлэн Богдын заасныг алдахгүйн төлөө чармайж явна даа хэмээж билээ.

Өвгөн лам нарын болон Гандан хийдийн олон түлхүүртэй нярав нарын эзэмшдэг цоож онгойхгүй буюу түлхүүрээ гээчихсэн, олохгүй болсон үед манай Чогжав гуайг сураглаж сүйд болцгооно. Чогжав гуай гутлынхаа түрүүнд нэгэн урт төмөр сэтгүүр үргэлж хийж явах бөгөөд цоож онгойлгодог багаж нь ердөө тэр. Үеийн өвгөн лам нар нь-Цаад Чогжав чинь ямар ч цоожийг үлээгээд онгойлгочихдог юм. Тэгдэг тариныг тоонд нь хүргээд тоолчихсон хүн. Сэтгээд онгойлгож байгаа дүрийг л үзүүлдэг байхгүй юу. Үлээчихдэг юмаа. Цоожны өргөс нь подхийгээд л үсэрчихдэг юм...хэмээлддэг. Нэгэн арван боловч тэр эрдмийг нь би үзээгүй ээ. Надад тийм завшаан тохиолдоогүй. Яагаад гэвэл цоож, сав хариуцдаг ажил хийж байсангүй. Хэрэв байсансан бол би Чогжав гуайгаа өдөр бүр залах байсан буйзаа.
Нэгэнтээ манай доод ангийг төгссөн хэдэн залуу ламд тохиолдсон явдлыг тохиолдох ч гэж тохиолдуулсан явдлын тухай, одоо Монголын уламжлалт эмнэлгийн нэртэй эмч болоод байгаа Сэнгэ-Очир лам Багануурын зочид буудалд надад ярьсан юм. Сэнгэ-Очир лам Баянхонгор нутгийн цуутай эмч лам бөгөөд Хайдав доктортой хамт эртний Монгол-Төвдийн орхигдон дарагдсан уламжлалт эмнэлгийг шинэ үед дахин сэргээсэн Доржжанцан гуайн гарын шавь бөлгөө. Түүний эрдмийг өвлөн авсан хүн тэр л болой. Тэр надад ийн ярьсан юм.

Лам нар ээлжээр Гандан хийдийн тахилыг сэргээж, сахиж хонодог нэгэн алба эртнээс уламжлалтай юм. Одоо ч үргэлжилсээр. Сэнгэ-Очирт ээлж ёсоор тэр алба нэгэн шөнө таарч гэнэ. Хоногийн лам шөнөдөө дугануудаа эргэж, зул жаргахыг харж, эрт жаргасан зулыг сэргээхийн зэрэгцээ хамгийн чухал ажил нь өглөө болдог бөлгөө.
Өглөө. Хийдийн дунд гадаа байдаг сангийн том бойпорт сан тавих бэлтгэлээ хийж, жасын зуухыг галлаж аргалын цог бэлтгэнэ. Бас Цорж лам, Унзад, гэсгүй нарыг морилон ирэхийг харуулдан тэднийг ороод ирмэгц нь хүндлэлийг үзүүлж, суудалдаа мориломогц нь “Жадамба” судрыг тэднээр уншуулахаар хэсэглэж багцлан өргөн барина. Уншмагц нь эргүүлж дарааллаар нь болгон шоголд нь хийнэ. Жасын энэхүү Жадамбыг 8-р Богд Жавзундамбын мэлмий муудахад засрал олгохын тулд 29 ширхэгийг тусгайлан барласан гэдэг. Мөн Жасад гол шүтээнүүд дунд голлуулан зассан Жигжид бурханы шуумал бас 29 ширхэг юм гэнэ билээ. Одоо бусад Бурхан, судар хоёр хэд нь хаана үлдсэн нь ёстой бүү мэд юм даа.

Ийм учраас Гандан хийдийн лам нар эдгээр шүтээнүүдийг эрхэмлэн үздэг юм. Ихэс лам нар “Жадамбаа” айлдаад буцааж өгч дуусмагц хоногийн лам гарч бэлтгэсэн сангаа тавина. Тэхэд бүрээний лам нар бүрээний шатны саравчинд өгсөн гарч ариун цагаан лавайг дөрвөн зүг, найман цогцост дуурсган үлээж өглөөний хурал ном эхлэх дуудлага болгоно. Хоногийн лам мөргөлчдөд түгээх рашааныг Очир-Дарийн дуганаас авч аривнуулан жасад оруулаад дараачийн хоногийн ламд жасын түлхүүрийг хүлээлгэж өгөөд “хоногийн албаа” хааж дуусах нь тэрээ.
Тэр нэгэн өглөө Сэнгэ-Очир лам энэ үүргээ гүйцэтгэж хоноод байтал тэдний ангийн лам Энхбат, бас хоёр залуу ламын хамт орж ирж өглөөний манжны дээжээс ууж байснаа/манжны дээж өглөө хоногийн ламд эхлэн ирдэг юм/Сэнгэ-Очирын бүсэнд тээглүүлээр нь дүүжилсэн жасын хаалганы мөнгөн чимэгтэй хоёр том түлхүүрийг хармагцаа-Хөөе! Сэнгээ...хурдлаач! Хэдүүлээ нэг юм үзье! Чогжав гуай түлхүүргүй цоожны өргөсийг үлээгээд онгойлгодог юм гэсэн. Хэдүүлээ үзье! Одоо очоод Чогжав гуайг аваад ирье. Чогжав лам их сандруу, сандраагаад аваад ирье! Хурдлаарай Чогжав гуай! Жасын түлхүүр олддоггүй. Цорж, гэсгүй нар ирэх болчихлоо гэж сандраагаад аваад ирье. Хаалгаа цоожилчих! гээд л өөрсдөө сандран тэднийх рүү гүйцгээж дээ.

Чогжав ламынх Орхоны 7-р гудамжинд дунд хирд нь байсан юм. Орхоны энэ гудамж Гандан хийдийн зүүн талын асартай хаалганаас гуравдахь гудамж юм. Тэд сүрийг үзүүлэн амьсгаадсаар Чогжав гуайнд гүйн очиж, хашааны хаалгыг нь хадаасаар онгойлгоод /Чогжав гуай өөрөө тэгж онгойлгодог юм/-Чогжав гуай гэж дуудалцсаар гэрт нь орсон чинь тэдний сүртэй чимээнээр нэг л хэрэг гарч гэдгийг мэдсэн өвгөн лам дээлээ өмсөөд зогсож байна гэнэ. Тэд-Хөөе! Чогжав гуай. Энэ Сэнгэ-Очир хоногт хоносон юм. Тэгсэн чинь жасын түлхүүрийг гээчихэж, одоо Цорж, гэсгүй нар ирэх, бүрээнд гарах цаг болчихлоо. Та л онгойлгож өг! гэсэн чинь Чогжав гуай-Түлхүүрийг нь гээчихсэн юм бол би ч яах юм бэ? тэрийг чинь гэж гэнэ. Нөгөө хэд та л онгойлгож өг! Хурдлаач! гээд л Энхбат бяртайгаар тэврэн мөрлөж, нөгөө нэг нь хаалга онгойлгож, нэг нь орхимжийг нь шүүрч аваад л жас руу гүйцгээж гэнэ. Чогжав гуай-Элэг доргиод, үхлээ хөөе! Өөрөө явья! хөөе! гэж дуугарч байна гэнэ. Тэд-Цаг боллоо. Болохоо байлаа. Чогжав гуай минь одоо хүрлээ гэсээр үүрээ дүүрээ болсон хөгшин залуу хөгийн лам нар амьсгаадсаар жасад ордог юм байж.

Чогжав гуай-Яачихсан улсууд байнаа. Хоёр түлхүүр хадгалаад хонож чадахгүй. Бас сандрааж байгаад өнөө муу сэтгүүр мартуулчихаж, би юугаараа онгойлгох болж байнаа. Жасын энэ цоож чинь Цолмон дарханы хийц, сэтгүүрээр гарахгүй эд ээ. Мөн ч сайн цоож доо. Өргөс нь гэж цул ган л даа гээд цоожийг илж байх юм гэнэ. Гэтэл ёстой Цорж ламын овоодой жасын цонхоор өнгөрч, хэдэн лам маань үнэндээ тэвдэж, нэг нь Цорж ламд хаалга нээж өгөхөөр гүйж, хоёр нь холдож, орхимжоо буулган хөшөө шиг зогсож, Цорж ламтан ч ороод ирж, Чогжав гуай ч мөнөөх мөнгөн тоногтой цоож руу нэг тонгойх шиг болоод л-Цорж та морилогтун! гээд жасын хаалгыг онгойлгон тэлж өгөхөд Цорж лам Осор гуай-Чогжав залуу лам нартай хоногт хонодог болоо юу? гээд инээвхилж дээ. Тэгээд л уламжлалт ажил өрнөж “Жадамбаа” Цорж, гэсгүй, унзад нарт тарааж, сан сунгаа тавин бүрээ юугаа татаж лам нар дуганыхаа үүдэнд “Мэгзэмээ” айлдаад хуралдаа морилж дээ.

Ингэж “хоногийн лам” Сэнгэ-Очир хамгийн чухал ээлжит ажлаа инээдтэй бөгөөд ёсоор нь хийж дуусгаад цоожныхоо өргөсийг эрээд олдоггүй гэнэ. Аргаа ядсан тэрбээр дуганд ороод Чогжав гуайн чихэнд шивэгнэн-Цоожны өргөс яасан бэ? Та...гэсэн чинь-Юун та гэж. Би яаж мэддэг юм бэ? Хоногийн лам чинь чи биз дээ? Та нараас болж Цоржоос айж, бас сандраад...зүрх...зүрх..явж үз. Тэр хавьцаа хайхгүй юу? Цоожны өргөс хаашаа гарах ёстой билээ гээд халгаасангүй гэнэ.Сэнгээ лам жасад эргэж ороод эрээд байж, тэгсэн чинь пийшин дээр хайлуулж хоносон шилтэй шар тоснуудаа авахаар орж ирсэн Тахилч лам Тогоохүү-Хөөх! Энэ юун цоожны өргөс вэ? түлээн дотор байх чинь. Ямар нь цоожныхоо өргөсийг энд хаядаг байнаа! гээд бариад зогсож байсан. Зуухны дэргэдэх түлээний дөрвөлж жасын хаалга хоёрын хооронд бараг дөрвөн метр газар даа. Хачин юм шүү. Чогжав гуайг цоож үлээгээд онгойлгодог гэдгийг бид тэгж үзсэндээ. Үнэн юм билээ. Нэг их сүр болж үлээдэг юм биш билээ, Чуука ахаа хэмээн ярьж билээ.
Ийм нэгэн өвгөн гэлэнгийн амьд сэрүүн ахуйд хэдэн жил гэрээр нь орж гаран бужигнаж, элдэв эрдмийг нь үзэж харж, хоолыг нь хороож явсан нь бидний бас тэдний буян юм болов уу. Өчүүхэн лам би бээр энэхүү өгүүллэгийг тэрлүүлсний учир нэгэн зул өргөсөн буян болох болтугай.

Гэвш лам Элдэжигэн овогт

Ш.Чулуунбаатар

Жич: Энэхүү дурсамж нь бурхан болооч ламтаны сүүлчийн гар бичмэл бөгөөд хаана ч хэвлэгдээгүй болно. Жанч халсан гэвш ламтаны гар бичмэлийг надад итгэн өгч блогтоо тавих бололцоо олгосон сайхан сэтгэлт сэтгүүлч Л.Эрдэнэмаад түмэнтээ талархаад ч барамгүй. Дээд тэнгэрийн оронд заларсан ламтан маань түүний энэ буянтай сайхан үйлсийг хараад магад баясан мишээж суугаа гэдэгт итгэнэм.
Энэтхэгийн Наландагийн Их Сургуульд Жагарын орны их эрдэмтэн Шантидэвагийн "Бодичарияа аватара" хэмээх гүн ухаан, яруу найргийн алдарт зохиолын есдүгээр бүлгийн философи сэтгэлгээний асуудлаар гүн ухааны докторын зэрэг хамгаалсан энэ эгэлгүй их эрдэм номтой хуврагийн гар бичмэлд үг үсэг, найруулгын ямар ч засвар хийсэнгүй ээ. Ядуу бичээч би яахин тэгж бөх зүрх гаргах билээ?
"Сэтгэлээ зөв төвлөрүүлж, оюун ухаанаараа гэгээрч, хорвоогийн бүх шуналаас ангижирч, үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ" гэж Бурхан багшийн сургаалд айлдсан байдаг. Тэгвэл ёстой жинхэнэ номтой лам байсан энэ хүний нэг хүүхэд нь Америкт, нөгөө нь Швейцарьт сурдаг юм гэсэн. Эцгийнхээ амьд сэрүүн ахуйдаа туурвисан сүүлчийн бүтээлийг олж үзвэл тэдний сэтгэл нь жаахан ч гэсэн амирлах болов уу хэмээн мунхаглан сууна.
Өчүүхэн би бээр унтах нойроо хугаслан байж энэхүү гэр бичмэлийг сийрүүлсний учир нь ламтаныхаа хойноос нэгэн зул өргөсөн буян болох болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУН.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Өөлд

Манжийн эсрэг хамгийн их тэмцэж сүүлдээ дагаар орсон Зүүнгарын хаант улсын тухай болон Монголын Өөлд ястнуудын талаар сонирхолтой материал.

Төв Азид Зүүнгарын хаант улс 120 орчим жил, ер нь Ойрадууд 300 гаран жил туурга тусгаар улс байгуулж явсан түүхтэй. Хожим халх Ойрадын дайны дараа энэ улсын монголчууд овог аймгаараа салж сарниж эхэлсэн. 1628 онд эхлээд Торгуудын Хо-Өрлөг өөрийн албат ардуудаа аван умар зүгт нүүн цаашлаад Оросын гүнд очиж Ижил мөрний адагт амьдрах болов. Энэ нь одоогийн Халимагууд билээ.

Галданбошигт хааны үед 1653 онд Зодов баатар, Зоригт хошууч нарын Өөлдийн хоёр томоохон хошуу мөн л хаантайгаа эв эвдрэлцэн Хөх нуурын зүг дайжин оджээ. Халх-Ойрадын дайн болдог Зуун модны тулалдааны дараа олон мянган цэрэг түүнийг дагалдан явсан өрх айлууд Халхын тал нутгаар тархан үлдсэн байдаг. Тухайлбал Ану хатны шарилыг сахиж үлдэх шалтгаанаар Ша бэйсийн хошуу одоогийн Хотонт, Хашаат сумын нутагт үлдсэн бол, Бошигт хааны жанжин Данжин Омбо, Дугарравдан нар Завхан Хүнгүй гол, Заг, Байдраг голуудаар таржээ.

Манжид эхэлж дагаар орсон өөлдүүдийг нутгийн гүн рүү татаж Дарьганга орчимд суурьшуулан Манжийн хааны сүрэгчин болгосон бол, Данжила хошуучийн албатыг Түйн голоос дахин хөдөлгөж бүр зүүн хязгаар руу цөлөн Халх голд аваачсан гэдэг. Гэвч тэнд бэлчээр хүрэлцэхээ байсан тул өөрсдийн хүсэлтийн дагуу улам цаашлан Хөлөнбуйр руу алсарчээ. Төв халхад Сайн ноён ханы захиргаанд байсан өөлдүүд ч дотроо бужигнан хөдөлгөөнд орж зарим нь Ховд гол руугаа буцан, зарим нь Цахарын нутаг өөд тэмцэн, зарим нь бүр Хар мөрөн хүртэл нүүдэллэсэн байна.
Ингэсээр XVIII зууны эцэс гэхэд Цахарт бие даасан Өөлдийн хэдэн сум, Өвөр Монголын Хөхнуурт 21 хошуу, Ил Тарвагатайд хамгийн олон буюу 26 хошуу, Шилийн голын Сөнөдөд, Алшаад, Орхон-Тамирын сав газарт гэх мэт 15 газарт Өөлдийн бие даасан хошуудын голомтууд таран үлджээ.
Хожим 1990-ээд оны үед Шинжааны Үрэмч хотын өөлдүүд Архангайн Өлзийт дэх угсаа нэгтэнтэйгээ уулзах үеэр "Алтан яснаа кэлтэрхиа, алаг махнаа тасархай... Өсирсин цусан, тасарсан махан..." хэмээлцэн байхуй нь энэ цагаас даруй 250 жилийн өмнө сураг алдарсан хэлхээ холбоотой улбаатай аж.
"Алтан яснаа кэлтэрхиан араас" явж, Хэнтий Дорнодыг машинаар туулж улмаар Зүүн хойд Хятадын нутаг болох Хайлар, Манжуур орж үзсэн юм.

Хайлар хотын ойролцоо Эвенк гэдэг хошуу байдаг юм байна. Энэ нь өөлдүүдийн эхэлж очсон нутаг аж. Тэнд Баян тал гацааны дарга Шижирийн эзэмшил газарт хоноглон, нутгийн ахлаач Пэлжид буурай, түүний самган Нансалмаа багш, хүү Төрөө, Гэрэлт, Имин сумын дэд дарга Шинээ, гацааны намын дарга Намаа, Бөө Хандмаа, дэлгүүрийн эзэн Цэрэнжим зэрэг олон монгол хүмүүстэй уулзан түүх соёл, хэл аялгуу, дуу хуурыг нүдээр үзэж чихээр сонссон юм. Тэд өөрсдийнхөө үүх гарвалыг маш сайн мэддэг аж.
Эндхийн өөлдүүд 1732 онд Ар Монголын Халх гол орчмоос нүүж очжээ. Халх гол орчмоос энд ирэх болсон шалтгаан нь тэнд баргууд олноор нүүн ирсэн, мөн Сэцэн ханы Чойжив, Сампил, Жамжин гүний хошуудын иргэд байнга өвөлжих болсон учраас нутаг бэлчээр хомсдсон. Тэгээд "Өөлд хөвөөт шар хошуу" нэртэй, Сэвдэнвамбуу бүгдийн даргатайгаар төвхнөсөн юм байх. Өөлдүүдийг Манжийн хаан Имин голын орчмоор нутаг зааж өгч шагнажээ. Тэр Сэвдэнвамбуу хэмээх нь Данжила баатрын удам угсаа. (Данжила бол Галданбошигтын ач).

Эдгээр монголчууд одоогийн Ховд, Архангай зүгээс угшилтай. 1760 онд бас дахин өөлдүүд нэмэгдэж ирснээр Имин голд шинэ (Зай), хуучин (Үжи) сумд үүсч,1948 оноос засаг захиргааны өөрчлөлтөд орон Имин сум гэгдэх болсон. Имин сум Жидвин, Үүдхэн, Билүүт зэрэг найман гацаа, нэг тосгоны бүтэцтэй аж. Саяхан гэхээр түүхийн явцад монголчууд овоо өсөн дэвжиж адуу малаа өсгөн амар жимэр байтал 1910-1920 онд Оросын төмөр замаар дамжиж ирсэн тарваган тахалд олонхи нь нэрвэгдсэн гэдэг. Гай үүгээр дууссангүй. 1945 онд энд байсан Японы арми бактерлогийн туршилт хийх явцад дахиад олон жирийн иргэд хэлмэгдэн амь насаа алджээ. Тахал хижиг, дайн байлдаан дууссан 1960 он гэхэд уртаашаа 300 өөлд иргэн үлдсэн бөгөөд одоо мянга хүрэхгүй үндэсний цөөнх байгаа аж. Тэд нь дотроо дөрвөд, торгууд, мянгад, заамад гэх мэтчилэн 24 овог язгууртай. Өөлдтэй зэрэгцээд барга, буриад, дагур зэрэг бусад монгол үндэстнүүд ч хамт холилдон нэг дор байцгаана. Эд нар өөр зуураа хятадаар ярилцах боловч дөчөөс дээш насныхан дотор өөлд аялгуу, заншил их, бага хэмжээгээр хадгалагдан үлджээ.

Имин голын өөлдүүдэд бөөгийн шашны ул мөр байхын зэргэцээ 1785 онд Хархужир гэдэг газарт манжууд "Буян зузаатгах" сүм барьж өгч ивээжээ. Уг сүмд айл бүрийн хөвгүүдээс лам болгож байсан уламжлалыг нь Хятадад өрнөсөн соёлын хувьсгал устгасан аж. Одоо жил бүр овоо тахилга, эрийн гурван наадам хийх зэрэг хуучин ёс заншил бага зэрэг сэргэж, Түвшинбаяр, Сэрэндаш нарын нөхдийн хичээл зүтгэлээр дуу хуурын тусгай нэвтрүүлэг радио, телевизээр олонтаа явагдах болсон байна. Монгол ардын уртын дууг дуулах явдал нэн ховордсон боловч бусад бэсрэг дуу хөгжмийн аяс, үг хэллэг нь Ховд нутгийн өөлдүүдтэй ойролцоо байгаа нь илт мэдрэгддэг.

Өнгөрсөн зун Имин сумын жаран жилийн ой болжээ. Уг ойд зориулсан арга хэмжээний дотор "Тунгалаг Имин" хэмээх нутгийн уг гарвалын тухай бичсэн номыг гаргасан байна. Номонд нутаг усныхаа нэрийг сайнаар дуудуулсан олон алдартнуудын түүх намтрыг оруулжээ. Тухайлбал, Японд гурван удаа сургуульд суралцсан, арваад улсын хэл мэддэг, Японы эзэрхэгчдийн гурван удаагийн хөөлтөөс эрх мэдлээ ашиглан нутаг усаа авч үлдсэн цахмад овгийн Хадын тухай гардаг. Хадын охин Ражидмаа эцгийнхээ мэндэлсний 100 жилийн дурсгалд зориулан бичсэн "Нутгийн минь өөлдүүд" гэсэн тусгай ном ч байна. Дайны жилүүдэд япончууд эндхийн малчдыг газар тариалангийн бүс болгох, алтны уурхай нээх, Оросын цэргийн зам хөлөөс зайлуулах шалтгаанаар удаа дараа хөөж байжээ.

Өөр нэг сонирхолтой баримт олсон нь Хар мөрөнд амьдарч буй нэгэн монгол айлд Галдан бошигт хааны өөрийн нь эзэмшиж байсан нум сум одоо болтол өвлөгдөн, хадгалагдан үлдсэн тухай юм. Чичихар гэдэг хотод өөлд эмгэнийд уг нум сум байгаа.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Өөлдүүд

Эсэн хаан хороогдож сүүдэр орхисноос хойш Ойрадаас түүх сударт тэгтлээ овойж олигтойхон аавын хүү гараагүй авч салах бутрах үйл хэргээ орхилгүй үргэлжлүүлсээр 16-р зууны 70-аад оныг хүргэсэн бололтой. Мандухай сэцэн хатун, Батмөнх Даян хаан нар удаа дараа цэрэглэн дайтаж ойрадуудыг номхруулсан явдал дээрх таамгийг нотлох баримт болох буй заа. Монголын Юан улс унаснаас хойш Даян хаан Монголын эвдрэл бутралыг түр намжаан, эв эеийг эрхэмлэх болсон ч түүнийгээ насан халсны хойно нөгөө л бутрал эвдрэл, будлиан самуун дахих сэрж, лавшран даамжирсаар эцэс сүүлдээ зуун тавиадхан жилийн дараа нэгдсэн Монгол улс дахин сэргэх чадваргүйд хүрч бусдын эрхшээлд ортлоон доройтсоныг бид мэдмүй. Нэгэн Монгол домогт "Ер бусын дүрс хэлбэртэй хоёр могой байж гэнэ. Нэг нь олон толгойтой ганц урт биетэй, нөгөө нь ганц данхар толгойтой олон салаа биетэй юмсанж. Хэн нь аминдаа арчаатай болох тухай маргах нь цөөнгүй. Нэг хэсэг нь олон ухаантай толгой хэрэгтэй гэхэд бусад зарим нь олон хөдөлмөрч бие ашигтай хэмээнэ.

Хаврын нэгэн нарлаг өдөр сайхи хоёр хачин амьтан нарны элчид дулаацахаар замын халцгайг дагаад хэвтэж байв гэнэ. Тэгтэл нэгэн морин тэрэг тачигнан давхиж айсууд ганц толгойтын олон бие толгойгоо дагаад хурдан шалмаг замаас зайлаад амжиж. Харин олон толгойтын толгой бүр найман зовхист тэмүүлсээр ганц биеэ хөдөлгөж чадалгүй тэрэгний мөөрийг норгож амь тасарчээ. Монголчууд эв нэгдэл эвдэрч чухамхүү сайхи олон толгойт могойн үлгэрээр жишихэд ойртсон цаг мөч цөөнгүй тохиосон. Улс гүрнээ бүрэн бүтнээр хадгалж хамгаалах алсын хараатай мэргэд ноёд цөөрч, өнөө маргаашийн өшөө хонзон бодсон эрх мэдэлтэн олширсоор л байв. Монгол газар иймэрхүү дүр төрх зураг зурлагатай 17 зууны давалгаатай долгионтой жилүүдтэй золгосон ажгуу. Өөлд хэмээх үгийн тухай хэдэн өгүүлбэр. Өөлдүүдийн гарвал үүсэл хийгээд "Өөлд" хэмээх нэр хэрхэн тогтсон тухай газар бүрийн эрдэмтэн судлаачид өөр өөрийн санал дүгнэлтийг дэвшүүлсэн байдаг. Эрдэмтэн Жамсрангийн Цэвээн Өөлдийн гарал нь Хори ба Буриад лугаа нэгэн түүхтэй. Барга Баатар гэгчийн гурван хөвгүүний бага Элгүтэй гэдэг нь дайнч байлдаанч учир өрнө зүгийг тэмцэж одвоо. Түүний харъяат нар Өөлд хэмээгдэх болжээ гэж бичжээ. (Ж.Цэвээн-Дархад Дөрвөд, Урианхай... нарын гарвалж үүсэл. 1934 он УБ). Мөн Ойрадын дотор хошууд Өөлд нэг гаралтай тухай Орос, Хятадын судлаачид бичсэн бий. Тэд Алашагийн хошуудыг Өөлд хэмээн тооцдог. Б.Цэрэн бичихдээ –Ер нь өөлд хошууд хойдууд нэгэн томоохон ястан буюу аймаг гэжээ. (Б.Цэрэн-Дөрвөн Ойрад ба Ойрадын Холбоонд багтах үндэстэн ястнууд УБ. 1997 он). "Хойд болбоос Их Мянган овогтой хамгаас буурай бүлгээ. (Жан Му-Монголын хошуу нутгийн тэмдэглэл 1990. Өвөрмонгол). Их Мянган нь Тогоон Тайши, Эсэн хаан нарын овог болохыг дээр дурдсан билээ. Ойрад судлаач эрдэмтэн А.Очир Ойрадын түүхийн тод бичгийн сурвалжийг үндэслэн бичихдээ –Эсэн хааны ач Хамаг Тайши 15 зууны наяад оны сүүлчээр Цорос дотроос албат таслан аваад тэднийгээ Өөлд хэмээн нэрлэсэн гэжээ. (Монгол Улсын Өөлдүүд. УБ. 1999). Мэргэд судлаачдын дэвшүүлж буй баялаг саналыг үндэслэн бодохул Өөлд болбоос Дөрвөн Ойрадын томоохон аймаг хийгээд Зүүн гарын голлох хүчин ажээ. Зарим түүхэн сурвалж бичигт Ойрадыг бүхэлд нь Өөлд хэмээн нэрлэж байсныг ч цохон бичсэн байх. Дээрх асуудалтай уялдаж Өөлд (Өгэлэд) хэмээх нэр хэрхэн үүссэн гэдэг сонирхолтой асуудал болж буй. Энэ тухай бас л олон янзын таамаг санал байдгийн заримаас толилуул юу. Оросын Монгол судлалын мэргэд үзэхдээ Хятадууд Ойрад гэх үгийн "Р" үсгийг өөрийн аялга дуудлагад тохируулж хялбарчилж "Л" болгон хувиргаж хэлтгий хазгай дуудсанаас Өөлд болон сунжирсан гэх авч үүнийг манай эрдэмтэд үнэмшил муутай гэж үздэг. Юу гэвэл ойн иргэд, Ойрад нэрийн хажуугаар хэсэг бүлэг ястан өөрсдийгөө Өгэлэд буюу Өөлд хэмээн нэрлэдэг баймуй. Зарим нь Ойрадуудын хэсэг нь Алтан Өлэгийд хэмээх газарт нутаглаж явснаар улмаар Өөлд нэр авсан гэнэ. Харин хэл шинжлэлийн эрдэмтэн Ж.Төмөрцэрэн, түүхч эрдэмтэн А.Очир нар өсгөлүүн бадриун том гэх утгатай Өгэлэ гэсэн үгэнд "д" олон тооны нөхцөл залгаж Өөлд нэр гаргасан гэх агаад үүнийгээ илүү бодитой хэмээн үздэг. ОХУ-ын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов "Ойрадын Галдан Бошгот ханы тухай өгүүлэх нь " (Новосибирск. 1980 орос хэлээр) хэмээх номондоо Ойрадын үүслийн тухай бичихдээ "...Эх нь нярай балчираа уйлуулахгүйн тулд тангадуудын элет хэмээн нэрлэх жижигхэн шар өнгөтэй шувууг модон дээр суулгаж жиргүүлжээ" гэсэн өгүүлбэр бий. Тэрхүү Элет буюу Ээлэт хэмээх ээл нөмрөө хүний хүүд хайрласан хөөрхөн уран шувууны нэр дамжин хазайсаар Эгэлэт буюу Өгэлэд нэр үүссэн байж болохыг үгүйгэх аргагүй. Эрдэмтэн Е.Кычанов гуай эл домог болон үлгэрийн шувууны нэрийг санаанаасаа зохиосон зүйлгүй, юутай ч ямар нэг тулгар баримтыг үндэслэн бичсэн нь лавтай. Харин ээлэт шувууны нэр мартагдаж орхигдохыг үгүйсгэх аргагүй. Ийнхүү Өөлд хэмээх нэр томъёо Ээлэт гэдэг домгийн шувууны нэрнээс уламжлан үүссэн гэх бас нэг таамгийг дэвшүүлэн нэмэрлэж буйг зарласугай. Харин нэр агч эрдэмтэд Өөлд гэдэг нэрийг сайхи шувууны нэртэй холбож үзсэн зүйлгүй болохыг нөхөн тэмдэглэсүй.


Эх сурвалж: Ойрадын түүхэн зурвас Чорос Бирадамба дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хаан ширээний төлөөх тэмцэл


XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна. Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ. Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай. Чингисийн ургийн дотор нэлээд ухаалаг сэргэлэндүү хэмээгдэж байснаас түүнийг “Хубилай Сэцэн” хэмээсэн гэж түүнийг түүхийн сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. Тэр үедээ хятад оронд эрдэм номоороо нэр цууд гарсан Чжао Би, Ван Ө, Яо Шу, Лю Бинжчун, Хао Цзин гэх мэтийн түшмэд Хубилайд үйлчилж байжээ. Тухайн үеийн сурвалжаас үзвэл хятад түшмэл Хао Цзин Хубилайд төрийн эрхийг авч хаан суух ёсыг хүртэл зөвлөн зааж өгдөг байжээ. Хубилай зарим үед хятад түшмэд нарын үгийг сүрхий дагаж хаан ширээ залгамжлах эрхийг аажимдаа сэм булаан авах ажлыг хийж байгааг ялангуяа, монголын өмнөд хэсэгт шинэ нийслэл хот барих ажлыг 1252 оноос санаачилж, 1256 оноос хэрэгжүүлж эхэлсэнийг Аригбөх, Аландар ноён нар мэдэж, “Хубилайн эрх ямбыг хязгаарлах ялангуяа тэрээр монголын их хааны ширээ залгамжлуулж яасан ч болохгүй хүн” гэдгийг Мөнх хаанд удаа дараалан сануулан хэлж байжээ. Мөнх хаан Хубилайн тухай хэлсэн тэр бүхэнд үл итгэсэн байдалтай байсан боловч, Хархорум нийслэлтэй монгол орныг захирах эрхийг Аригбөхөд өгч, нийслэл хотыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Нөгөө талаар дүү Хубилайг дуудаж уулзах гэж завдан байгаад амжаагүй гэнэт нас эцэслэсэн байна. Чингис хаан “Хубилай хөвгүүний үг нь ажигтайхан гарнам бүлгээ. Хотлоор түүний үгээр явагтун” гэж хэлсэн хэмээн Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лу “Алтан товч” зэрэг монгол сурвалжид бичсэн байхаас үзвэл, Хубилай багаас сэргэлэн ухаантай хөвгүүн байсан байна. Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3-р сарын 24-нд буюу аргын 1260 оны 5-р сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 5-р сарын 12-ноос 6-р сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их Монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нйислэл гарсан билээ. Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “Их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. Мөнх хааны хатан тэргүүтэй олонхи монгол ноёд Их хуралдайг уламжлалт газар хуралдуулсан Аригбөхийн талыг идэвхитэй дэмжсэн байна. Хубилайн хувьд бол монгол улсын хаан ширээ залгах ёсыг зөрчиж алт, мөнгө, эд бараанд татагдсан өөрийн талын хэсэг монгол ноёдыг Кайпин-Шандуд аваачин ёс бус хуралдай зарлан хуралдуулж, өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн юм. Хубилай монголын хаан ширээг булаан авахаар дүү Аригбөхийн эсрэг тэмцэхдээ, Кайпин хотыг монгол гүрний “нийслэл” хэмээн зарлаад Хархорумтай өрсөлдүүлэн тавьжээ. Нөгөө талаар Аригбөхтэй дайтах нь гарцаагүй хэрэг гэдгийг мэдэж, нууцаар цэргийн хүч сэлбэн байжээ. Аригбөх төр улсынхаа уламжлалт ёс журмыг үл хайхран хувийн эрх ашиг хичээсэн ахынхаа эсрэг арга буюу зэвсэгт тэмцэл хийхэд хүрсэн ажээ. Хубилайд Тулуйн угсааны Хадан мэтийн ноёд цэргийн хүчээр идэвхитэй тусалсанаас гадна хятадын цэргийн ихээхэн хүч Аригбөхийн эсрэг дайнд шууд гар бие оролцожээ.1260 оны намар Аригбөх, Аландар нар тэргүүтэй цэргийн хүч хоёр хуваагдан, Кайпин хот тийш айсуйг Хубилай сонсмогц тэдний эсрэг хоёр замын их цэргийг угтан гаргажээ. Хоёр замын цэргийг Хубилай, Хадан нар удирджээ. Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдлаж өөрөө алагджээ. Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна. Хубилай Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хотруу буцжээ. Хубилай ийнхүү яаравчлан буцсан явдал дүү Аригбөхөд дахин дайн хийх боломж хүч байхгүй гэж бодсоноос гадна Өмнөд Сүн улсыг бүрмөсөн байлдан дагуулах аян дайнтай холбоотой байжээ. Түүнээс гадна ер нь Хубилай угаас Хархорумд гүрний нийслэлийг урьдын адил төвлөрүүлж болохгүй гэж үзээд, шинэ барьсан Кайпин хотыг түр нийслэл болгож улмаар Бээжингээр нийслэллэх алсын зорилго тавьжээ. Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ. Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпинруу чиглэн хөдөлж Хубилайг хоёрдахь удаага довтолжээ. Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ. 1261 оны өвөл монголын говь нутгын заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хйисний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ. Үүнээс хойш бас Аригбөх аар саар довтолгооны удаа дараа хийсэн боловч тэр бүхэн амжилт олсонгүй. Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хаххорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хааснаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, “Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ?” гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх “миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ” гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж, харин түүнтэй талцан хамт явсан ноёдыг “алтан ураг”-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ. Хубилай хаан ширээ булаалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ. Хубилайд Аригбөх дийлдэсний гол шалтгаан нь хүчин чадлын тэнцүүргүй байсанд оршино. Монгол гүрэн нэгэнт задран бутарч эхэлсэн учир эзэнт гүрний төвийн хүч ихэд суларч, Аригбөх эцэстээ ганцаардахад хүрчээ. Гэтэл Хубилайн захиргаанд өмнө зүгт байлдаж явсан монгол цэргийн гол хүч байсны дээр хятадын цэрэг, эдийн засгийн нөөц баялгыг ашиглан, Аригбөхийг эсэргүүцэн тэмцэх бололцоо нөхцөл бүрдсэн байна. Аригбөх, Хубилайн тэмцлийн тухай БНМАУ-ын гурван боть түүхийн тэргүүн ботид “Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөө тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж монголыг урьдын адил гүрний төв хэвээр үлдээхэд чиглэгдэж байжээ” хэмээн дүгнэн бичжээ. “Хубилай хятадын талыг барьсан хүн байсан учраас монгол орныгоо хүндэтгэн үзэгч бүлгээс Хубилайтай тэмцэл хийх нь зүй ёсны хэрэг байв” хэмээн Ивамура Кафуджи нар бичжээ. Хятадын зарим түүхчид ч Аригбөх, Хубилай хоёрын тэмцлийг нэлээд зөв үнэлж байжээ. Жишээлбэл: Чжоу Гучэн бичсэн нь: “Мөнх хаан нас барсны дараа Хубилай 1260 оны хавар 3-р сард хуучны горим дүрмийг эвдэж олон ноёдын их хуралдайны шийдвэргүйгээс дур мэдэн... өөрөө хаан болсон юм” гэжээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хоорондын тэмцэл нь дундад зууны үед хаан ширээний төлөө удаа дараа гарч байсан хаан хөвгүүдийн хоорондын тэмцлийн нэгэн байсан боловч, хэргийн явц эцсийн үр дүнгийг нь авч үзвэл Аригбөхийнх нь тэмцэл монгол улсын төрийн уламжлалт заншлыг баримтлан Их хуралдайг монгол газар хуралдуулж, улс орныхоо төвийг уугуул нутагт хэвээр төвлөрүүлэх дэвшилт чиглэл бүхий, нөгөө Хубилайнх төрийн уламжлалын хэв ёсыг зөрчиж монгол улсын нийслэлийг харь улсад шилжүүлэн аваачих гэсэн сөрөг хандлага бүхий ажээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, November 17, 2008

Хүрээний төрийн эргэлтийг Богд удирдсан

Шинжлэх ухаан, технологийн 2008 оны шилдэг бүтээл болох “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” түүхийн номын зохиогч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан лугаа хөөрөлдсөнөө толилуулъя.




-Олны дунд VIII Богдын тухай ойлголт сайнгүй мэт байдаг, энэ талаар яриагаа эхлэх үү?
-Үүнд социализмын үеийн үзэл суртлын нөлөө орсон явдал бий. Тухайн үед, VIII Богдыг гутаан доромжилж, кино, уран зохиолд сохор, феодал хэмээн муучилж, эцсийн амьсгалаа хураах хүртлээ Монголын ард түмний заналт дайсан, харгис этгээд байсан мэтээр дүрсэлж байсан нь дэндүү өрөөсгөл, түүхэнд харалган байдлаар хандсаны илрэл.
-Сүүлийн жилүүдэд эсрэгээр, түүнийг магтах явдал гарч байна уу?
-Түүхэн үнэнээс үзвэл, Богдыг магтан дуулахгүй байх аргагүй. Ямар нэгэн түүхэн бодит байдлыг ямар нэгэн үзэл сурталд авталгүй, будаг шунхгүйгээр судалж, энэ хүний үнэн дүр төрхийг тодруулах зорилгоор, Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг судалж, эл номоо бичсэн юм.
-Түүхийн үйл явдлын тоймоос ярина уу?
-VIII Богдын нэр хүнд, нөлөө буддын шашинт халимаг, буриад, өвөр монгол, барга зэрэг бүх монгол овогтны шүтээн болсон байсныг 1890-ээд оны түүхээс харж болно. 1908 онд болсон Бат оршил өргөх наадмын дараа “Монголын томоохон ноёдыг нутаг буцаахгүй Богд Жавзандамба хутагт саатуулж байна, түүнээс зөвшөөрөл, адис авахгүйгээр ямар ч хан, томоохон лам нар явж чадахгүй болжээ, тэр одоо Монголын талын удирдагч болсон байна” гэж Оросын консул Я.Шишмарев бичсэн байдаг.
-Богдын хамгийн ойрын хүн нь хэн байв?
-1910-аад оны үед Да лам Цэрэнчимэд, Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар нэлээд ойр байсан гэж бичсэн буй.
-Монголчуудын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хэдий үеэс эрч хүчээ авч, ямар зүтгэлтнүүд нөлөөлсөн бэ?
-Манжийн шинэ засгийн бодлогыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс монголчуудын үндэсний хөдөлгөөн илүү хүчтэй өрнөх болсон болов уу. Баримт үзвэл, Жавзандамба хутагтын дэргэдэх Монголын ноёдууд тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар олон удаа хэлэлцэж байжээ. Тэд 1908 оны үеийн нэгэн удаагийн хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Энэ үөд Манжийн эрх баригчид Хүрээнд суух амбанаар дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаарджээ. Үүнд:
  • Яагаад уудам газар нутаг, цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,
  • Хаалган-Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудалд хэрхэн хандаж байгаа
  • Уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар халгаатай гэж үзээд байгаа талаараа хоёрдмол утгагүй хариулт өгөхийг шаарджээ.
Тэд удтал хэлэлцсэний дүнд, “хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй” гэж өмнө өгсөн байр сууриа хамгаалан, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн цагт ууланд нүүдэллэх тул уул уурхай нь төрөл бүрийн сөрөг үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ хурал нь, монголчуудын амьдрал түгшүүртэй болж байгааг ухамсарлаж, багагүй анхаарал тавих хэрэгтэйг хаана хаанаа ойлгоход хүргэсэн.
-Манжамбан, Богд Жавзандамба хутагт хоёрын харилцаа ямар байв. Тэр үед болсон “Лам нарын зодоон”-ы тухай та юу хэлэхсэн бол?
-1910 оны эхээр, “…”Хутагт, Хүрээний амбан Сандр хоёрын харилцаа лам нарын хэргээс үүдэн улам хурцадсаар байна”, “Шанзодба, Да лам нарыг албан тушаалаас нь зайлуулах тухай Бээжингийн шийдвэрийг Хутагт болон Шавийн яам хэрэгжүүлэхгүй байгаа тухай” Сандо Бээжинд мэдээллээ” хэмээн Оррсын консул тэмдэглэсэн байдаг. Энэ нь Бргд Жавзандамба хутагт Манжийн Засгийн газрын шийдвэрийг сөрж, лам нараа хамгаалан зогсч чадаж байсны илэрхийлэл юм. Богд, Хүрээнд сууж байсан манж амбанг буцааж байсан тохиолдол ч бий. Тэр зодоон лам нарын танхайрсан хэрэг төдий бус бүр улс төрийн шинжтэй болохыг харуулсан юм. Улмаар Манж амбан ба монголчуудын дундах уур амьсгал хичнээн хурц байгааг харуулаад зогсоогүй хэзээ мөдгүй шүдэнз зурах төдий асахад бэлэн байгааг мэдрүүлсэн болов уу.
-Богдын зүгээс Манжийг эсэргүүцсэн өөр ямар тохиолдол байдаг вэ?
-1911 оны эхээр Богд, манж, хятадуудтай нэг өдөр Цагаан cap хийхээс татгалзаж, монголчууд нэг өдрийн дараа хийхийг зарлиг буулгасан. “Сандо амбан Цагаан сараар Хутагттай золгохоор очиход хүлээн аваагүй” тухай ч бичсэн байдаг. Эдгээр нь Хүрээний Хутагт Манжийн амбан cайдаас хамааралгүйгээр оршиж байсныг илтгэж буй хэрэг.
-Таны номонд Оросын атаман Семенов Монголын хувьсгалд оролцсон гэж бичжээ.
-Тиймээ, Семенов 1911 оны үндэсний хувьсгал гарч байх үед Хүрээнд байсан бөгөөд дурсамждаа “Агуу Чингис хааны орны түүхийг бичилцэхэд оролцсон, би Хүрээн дэх манай консулын газрыг хамгаалж байсан хорооны 6 дугаар суманд үлдсэн юм. …Хүрээнд байхдаа, монгол хэл сурсан нь Монголын нийгмийн нэрт төлөөлөгчидтэй ойртох боломж олгосон. Цэргийн яамны сайдад нэр дэвшигч Намсрай гүн надаас орчин үеийн цэргийн эрдэмд сурч байв. Энэ үед Норовын тусламжтайгаар казакийн цэргийн жагсаалын дүрмийг би монгол хэл рүү хөрвүүлсэн. Хүрээ улс төрийн давалгаа, шинэ ирмүүн оргилд тэмүүлэн буцалж байв” хэмээн өгүүлээд “1911 оны 12 сарын 11-нд Хятадаас Халх тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болов” гэжээ.
-Хүрээнд сууж байсан Сандо амбан ямар хүн байв?
-Өвөр Монголын Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байж. Тэр монголын тусгаар тогтнолын эсрэг байхад, түвд цустай Богд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглахад онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхгүй байж болохгүй юм. Сандо амбан Хүрээнээс хөөгдөөд буцаж явах замдаа сэтгүүлчид өгсөн яриа нь Японы архивт байгаагаас үзвэл: “Сандо миний бие хэргийг шийтгэгч сайдаар хоёр жилийн хугацааг Их Хүрээнд өнгөрөөсөн боловч тэр хугацаанд нэг ч удаа хоолоо тавтай идэж үзсэнгүй. Учир нь хол газарт бүхий тэнд (Монголд) манай ордны ачлал болон сүр хүч хүрэхгүй тул Монголын хутагтын дарангуйлал хэтэрхий бөгөөд хөрш орон болох Оросын оролцоо туйлдаа хүрсэн” гэж хэлсэн бий.
-2007 оноос эхлэн тэмдэглэж буй “Үндэсний эрх чөлөөний өдөр” чухам юу болсон талаар таны номд тусгагдсан уу?
-Богд Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үргэлжилсээр оргил нь 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор туихаглан зарласан төрийн ёслол болсон юм. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан Дарыг “Улсын эх” гэж өргөмжлөн, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их Хүрээг улсын төв “Нийслэл Хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ. Богд эзэн хаанд хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл, “есөн цагаан” бэлгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган молцoгт нэжгээд цагаан морь, наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөж, төрийн ордноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн гэж бичсэн байдаг. Сонирхолтой нэгэн мэдээ бол, Богдыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд залрах тэр мөчид тэнгэрт өнгө бүрийн тунамал солонго гэрэл сацран мандаж байсан тухай Магсар хурц болон Их зуугийн чуулганы дарга, Ордосын засаг хошууны бэйс Арвинбаяр нар тэмдэглэсэн нь бий.
-VIII Богдыг гадаадын хумуус хэрхэн унэлсэн байдаг бол?
-Богд эзэн хааны тухай гадаадын хүмүүсийн бүтээлд илүү их тэмдэглэгдэн үлджээ. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 сарын мэдээндээ, “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлоод “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн буй. Оросын цэргийн офицер Тонких: “Хүрээнд болсон төрийн эргэлтийг Хутагт болон түүнийг хүрээлэгчид хийсэн байна” гээд үүнд хятадын засаг захиргааныхны балмагдал, орoсын төлөөлөгчдийн зүйтэй зөвлөмж нөлөөлжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.
-Монгол улс байгуулагдсан нь Орост ашигтай байв уу. Ер нь олон улсын байдалд нөлөөлсөн болов уу?
-1911, 1921, 1945 онд ч Оросын ашиг сонирхол байсан учраас Монголыг дэмжиж байсан хэрэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Сибирийн худалдаачин А.Д.Васенёв 1911 онд Петербургт Оросын Экспортын танхимын Алс Дорнодын хэлтсийн хуралдаан дээр тавьсан “Монгол дахь Оросуудын зорилт” хэмээх илтгэлдээ: “Орос, Хятадын хооронд буфер улс байгуулах хэрэгтэй байна. Бид дайсагнасан үзэлт хятадуудаас, энхээр нүүдэллэн орших оронтой хөрш байсан нь бүх талаар нийцтэй” гэж хэлсэн байдаг. Иймээс ч Оросын зүгээс Монголыг дэмжиж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараахан болсон үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл гаргаж билээ. Монгол дахь үйл явдлын талаар дэлхий нийтэд мэдээлснээрээ ач холбогдол бүхий үйл явц байсан. Энэхүү мэдээлэл нь, Японы засгийн газраас Оросуудад 1907 оныхоо гэрээг эелдгээр сануулж, “Монгол” хэмээх нэрийн дор юуг ойлгож байгаагаа тодорхой тайлбарлахыг хүсэхэд хүргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын асуудал Орoс, Хятадын төдийгүй Япон зэрэг бүс нутгийн олон улсын шинжийг агуулсан гэж үзэж болно.
-Тухайн үед Монголчууд өөрсдөө энэхүү үйл явдлыг хэрхэн ойлгож, хүлээн авсан бол?
-Монголчуудын магнай тэнийтэл баярласан, ойр хавьд бoлоогүй баярын мөч байсан хэмээн хүмүүс дурссан нь буй. Оросын худалдаачин Корнакова энэ талаар өгүүлэхдээ: “Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд Богд гэгээн бүх Монголын хаан ширээнд залран суух мэдээ авмагцаа баярын нулимс асгаруулан мөргөж билээ” хэмээн тэмдэглэсэн нь нэгийг хэлж байгаа болов уу. Ийм мэдээ нэг бус байдаг юм.
-Богдын алтан тамганд монголчууд хүндэтгэл үзүүллээ гэж хэдэн жилийн өмнө мэдээ гарч байсныг санаж байна.
-Богд хааны алтан тамга бий. Гэхдээ энэ бол ламын тамга нь, юм шүү дээ. Монголчууд бидэнд хас тамга, мөнгөн тамга нь утгаараа илүү дээдлэх учиртай зүйлс юм даа. 1911 онд Монгол Улсын эзэн хаанаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөөд хийсэн, “Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга” хэмээх үсэг бүхий цагаан хаш тамга, мөнгөн тамга болон Монгол Улсын Эх дагинын тамга зэрэг нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс хийгээд өөрийн эзэн хаантай болохыг илтгэн харуулсан агуулга, шинж чанартай юм.
-Эх дагина ер нь ямар хүн байсан юм бол?
-Эх дагина Дондогдулам нь Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин бөгөөд 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн бололтой байдаг. Богдын хатан Дондогдулам нь “шашин төрийг хослон өрнүүлэгч Эх дагины тамга” гэсэн бичигтэй тамга барьж байсан нь төрийн хэрэгт хувь нэмрээ оруулж байсныг илтгэнэ. Гeрман улсаас Бээжинд дэд консулаар 1920-иод оны үед ажиллаж байсан Херман Гиппэрич Дондогдуламын талаар хожим “Уран ухаантай, арга зальтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн суларсан байна” хэмээн бичсэн бол И.Я.Коростовец Эх дагина 1923 онд нас барснаас хойш Богд хаанд зөвлөгч дутсан хэмээсэн нь Эх дагины талаарх дээрх саналтай агаар нэгэн.
-Богдын санд маш сонирхолтой зүйлс олон байсан тухай дуулддаг?
-Жавзандамба хутагт амьтанд дуртай нэгэн. Түүнд хоёр ч амьд заан байсан гэдэг. 1890-1899 оны хооронд амьд амьтны үзэсгэлэн байгуулахаар цуглуулгатай болж, өөрийн сангаас багагүй хөрөнгө зарцуулсан байна. Тэр цуглуулгыг үзээд, Польшийн нэрт аялагч, эрдэмтэн А.Ф.Осендовский “автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас, болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, энэтхэгийн могри, тоть гээд олон төрлийн амьтад “Бурханы” ордонд янз бүpийн цаг үед байжээ” гээд Богдын үнэт эдлэлийн музейд саатсан тухайгаа өгүүлжээ. Түүний үзснээр, Богдын үнэт эдлэлийн санд “Бей Кемагаас авсан цэвэр алтан гулдмайнууд, Кемчингийн хар булга, гайхалтай бугын эвэр, Энэтхэгийн алмаз, Хятадын зааны яс” гэх мэт олон гойд сонирхолтой, европын музейд харж чадахааргүй тийм ховор зүйлс хадгалагдаж байгааг тэмдэглэн үлдээжээ. Их аялагч, эрдэмтэн П.К.Козлов тэмдэглэлдээ: “Хүрээнийхний яриагаар бол Богдын ордон европ маягаар тохижуулагдсан, бүр төгөлдөр хуур хүртэл байрлуулсан байдаг гэнэ. Тэнд үнэ цэнэтэй бүхэн бий. Хутагтад зориулан дэлхийн өнцөг булан бүрээс орос, хятад худалдаачид зөөн авчирч, түүнд худалддаг” хэмээн бичжээ. Богдод асар баян, ховор номын сан байсан тухай мэдээ буй. Оросын консул Я.Шишмаревын мэдээгээр, 1892 оны нэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хүрээн дэхь Хутагтын ордон шатаж, олон үе дамжиж ирсэн алт, мөнгөн үнэт эрдэнэ, “өөр хаана ч байхгүй эртний ховор нандин номын сан” шатсан тухай өгүүлдэг.
-VIII Богдыг архи уудаг, авгай хүүхэн эргүүлдэг их сахилгагүй байсан гэж бичдэг нь хэр ортой вэ?
-Богд билэг танхай нэгэн байжээ. Түүний бие даасан байдал, ухаантай, сэргэлэн, хэн нэгнээс хараат бусаар оршиж ирсэн нь түүнд өөрийн бодлоо хэрэгжүүлэх боломж бололцоог олгосон гэж бодож байна. Би, Богдын тухайн үед гаргаж байсан үйлдлүүдийг зөвтгөх хандлагатай нэгэн. Бид зах зээлд ороод арван хэдхэн жил болоход хөрөнгө мөнгөтэй хүмүүс ямар ааш аягтай болдгийг харж байна. Тэгвэл Богд гэдэг чинь олонд шүтэгдсэн, хичнээн их баян хүн байв, дээр нь, багаас нь монгол боловсрол олгосон гээд бодвол түүний үйлдлүүдийг ойлгож болох юм. Чухам тиймээс ч өөрийн багш Далай ламыг ирэхэд олны нүдэн дээр тосч авахгүй, үдэж явуулахгүй байж чадсан төдийгүй, Хүрээнээс манж амбанг хөөн явуулж, Манжийн эрх баригчдын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж, нууцаар Орост төлөөлөгч илгээж чадсан хүн шүү дээ. Түүний бие даасан байдал нь Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь болох боломж бололцоог нээж өгсөн болов уу. Тэрбээр Хиагтын гурван улсын гэрээний дараа Дундад улсын Их Жунтангаас тусгай элчийг тусгайлан томилж, Богд хаанд алтан тамга, өргөмжлөл ирүүлсэнд хүлээн авахгүй буцаасан байдаг. Амьд сэрүүн байхад нь түүнийг хүндэлдэггүй, түүнд мөргөдөггүй төрийн болон намын удирдах хүмүүс байгаагүй биз. Сөрөг мэдээллүүд нь ихэнхдээ Богдыг нас барсаны дараа л гарсан хэрэг байх.
-Гэвч тамга, өргөмжлөлийг нь авсан баримт байдаг.
-1919 оны 11 дүгээр сард Хятадын цэргийн эрхтнүүд Монголын Засгийн эрхийг хүчээр булаан авсны дараа л Богд бээр тэрхүү Хятадаас ирүүлсэн алтан тамга, өргөмжлөлийг хүлээн авсан байдаг юм.
-VIII Богдод монголчууд тийм их хүндэтгэл узуулж байсныг юугаар нотлох вэ?
-Нийт монголчууд шүтэж байсныг хэлэх нь бараг илүүц биз. Харин түүнийг нас барснаас гурав хоногийн дараа төрийн тамгыг нь Засгийн газарт сүр дуулиантай шилжүүлсэн нь Богд амьд сэрүүндээ төрийн эрх мэдлийг хянаж чадаж байсныг илтгэнэ. Нөгөөтэйгүүр Богдыг нас барсантай холбогдуулан орон даяар 21 хоног гашуудал зарлаж байсан болон түүнийг оршуулах ёслол зэрэг нь нэгийг хэлэх биз ээ.
-Богд хааны хүүхэд нас, гэр бүлийн талаар мэдээлэл ховор байх шиг…?
-Таван настайд нь тодруулан, Хүрээнд залнаас хойш түүний бүхий л амьдрал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ буй. Хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа, гэр бүлээрээ Монголд ирсэн нь түүний өмнөх дүрүүдээсээ ялгарах онцлог байв. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашины чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлдсэн. Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд тул монгол хэл, бичиг чадамгай сурч, их л чөлөөтэй биеэ авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Иймээс түүний тухай архи ууж, авгай эргүүлэхээс ч сийхгүй нэгэн хэмээн ярьж бичиж байсан биз. Багаас нь төвд, монгол хэл бичиг, шашны болон дорно дахины ёс заншилыг түүнд сургасан байна. Найман дүрийн Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан хийгээд Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан билээ.
-Богдыг Монгол Улсын эзэн хаанаар залахад өрсөлдөх хүмүүс гараагүй юу. Тэр үед Алтан ургийн хан, ноёд бүгд л байсан шүү дээ?
-Чухамдаа түүнтэй өрсөлдөх хүмүүс гараагүй гэж хэлж болно. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын өрөнхий консул Шишмарев бичихдээ, “хэрэв Монголд үндэcний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй. Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв. Цаг үеийн нөхцөл байдлыг сайтар ухаарч харсны улмаас 1911 оны үндэсний хувьсгалын бүхий л сценарийг нэлээд эртнээс Жавзандамба хутагт бичсэн бөгөөд түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чадсан хэрэг. Үүний улмаас Богдын зөвшөөрөлгүйгээр хэн ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн буй.
-Богд эзэн хаан Чингисийн уламжлалыг баримтлах талаар ямар нэгэн зүйлс хийгээгүй хэрэг үү?
-Богд бээр Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж, алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэд нөлөөлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.
-Бидний мэддэг хэрнээ огтоос “танил бус” эх түүхийн тухай сайхан бүтээл туурвиж, уншигчидтай минь сэтгэгдлээ хуваалцсан таны эрдмийн ажилд амжилт хүсье.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: