Tuesday, December 2, 2008

Хүннү гүрэн байгуулагдсан нь


Хүрэл, төмөр зэвсгийн үеэс эхлэн Хүннү нар 24 том аймаг болж хуваагдаад сайн үүлдрийн адуу, үхэр, хонь, ямаа голлон маллаж, тэмээ, илжиг, луус бага зэрэг өсгөдөг байжээ. Жилийн 4 улиралд өвс усны аяыг дагаж оторлон нүүж амьдардаг байсан. Тэдэнд газар тариалан, хот суурин, төр улс, бичиг үсэг гэж байсангүй, аман уламжлал дамжин үлдсэн ердийн хуулийг дагаж мөрдөн аж төрдөг байжээ.

Эрэгтэй хүүхдүүд нь хонь, ямаа унаж чадах болмогц өчүүхэн жижиг амьтад болон шувуухайг нум сумаар харваж чаддаг байжээ. Арай том болохоороо үнэг, туулай намнан хоол хүнсэнд хэрэглэх жишээтэй байжээ. Тайван цагт Хүннү нар мал маллахын хажуугаар ан гөрөө хийж эрх дураар амьдран суудаг байжээ. Дайн дажны аюул нүүрлэсэн үед нум сум харваж чадах эрчүүд цөм хуягт морь цэрэг болж, цэрэг дайны сургууль хийж, дайсантай тулалдах, довтлох бэлтгэл хийдэг байжээ. Залуу чийрэг зарим эмэгтэйчүүд нь мөн түүнд оролцдог байсан тухай мэдээ бий. Эхний үед нум сум, сэлэм, жаднаас өөр хүчтэй зэвсэггүй байсан боловч Хүннү нар дайн тулалдаанд ихээхэн зориг самбаатай, чадварлаг хүмүүс байжээ. Дайн тулааны үед Хүннү нар амжилт олмоор бол шууд довтлон байлддаг, хүч түрэмгий бол ухран зугтахаас ичиж нэрлэхдэггүй байсан гэдэг бөгөөд тэр нь хожмын үеийн монголчуудын байлдааны арга тактиктай ижил төстэй байжээ.

Ашиг завшаан харсан цагтаа ичүүр сонжуур, шударга журам мэддэггүй гэх зэргээр хятад түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн үзэгдэнэ. Тэдний дунд төр ёс, бичиг үсэг, соёл иргэншил үүсэхийн өмнөх үед дээгүүр доогуургүй цөм малын мах, сүү цагаан идээгээр хооллож арьс үсээр нь хувцас хийж өмсдөг байжээ. Аль хүчтэй нь хоолны сайныг идэж ядуу буурай нь үлдэгдлээр нь амиа тэжээдэг, идэр чийрэг эрсийг ихэд хүндэлж, сул доройг бага анхаардаг гэсэн баримт дайралддаг. МЭӨ 5-3-р зууны үед Хүннүгийн нийгэм тийм байдалтай байхад Хятад улс хуваагдмал байдалтай байлаа ч гэсэн Хүннүтэй хиллэдэг умард хэсэг нь аажмаар хүчирхэг болж Төв Азийн нүүдэлчдийн эсрэг түрэмгийлэл хийх хүчин чадалтай болж байжээ. Тэдний зарим нь цэрэг дайны үйл ажиллагаандаа амжилт олохын тулд Хүннү тэргүүтэй нүүдэлчдийн амьдрал ахуйг судалж, цэргийн эрдмээс нь тусгайлан суралцаж байжээ. МЭӨ 307 онд Умард Хятадын Чжао улсын Үлин ван хэмээх цэргийн жанжин нь өөрийн харъяа нарт Хүннүгийн маягийн хувцас хийлгэж өмсгөн, морь унуулаад давхиан дунд нь нум сумаар бай харвуулан сургаж байжээ. Тэгээд умар зүг аян дайнд мордож, Хүннү аймгийн зонхилогч, түүний харъяат гол овгууд оршин амьдарч байсан Шар мөрний дунд урсгалын тохойн доторх Ордос нутгаас Хүннү нарыг шахан зайлуулж, Шар мөрнөөр хилийн зааг тогтоон, түүний хойдох Муна уул тэргүүтэй Иньшань уулын урд хормойгоор бэхлэлт хэрэм босгож, Хүннүгийн хувьд цэрэг стратегийн чухал холбогдолтой уугуул нутгийн нэгэн хэсгийг нь эзлэн авч байжээ.

Түүний дараа умард Хятадын Янь улсын хааны ордноос баривчлагдан үлдээд байсан Цинь Хай хэмээх сурвалжит язгууртан залуу тэдний амьдрал ахуйд амархан дасч итгэл хүндэтгэлийг олж цэргийн эрдэмд сайтар суралцжээ. Гэсэн ч тэрээр нутагтаа буцаж ирсний дараа Үлин вангийн нэгэн адил цэргээ нүүдэлчдийн маягаар сургаж аваад Дүнхү нарын эсрэг гэнэт довтолж, ихээхэн газар нутаг эзлэн авч урдуур нь хил тогтоон бэхлэлт хэрэм босгож хаасан байна. Харин Хүннү нар Ордос нутгаа эргүүлэн эзлэн авсан боловч тэр нь төдийлөн бат бэх, найдвартай хамгаалагдаж байсангүй. МЭӨ 221 онд умард Хятадын Цин улсын хаан Цинь Шихуан бусад зургаан улсыг байлдан дагуулж өөрийн улст нийлүүлэн нэгтгэж, эртний хятадын анхны хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь Хүннү, Сихү, Дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ. Цинь Шихуан өмнөх үеийн Цинь, Чжао, Янь улсын хилийн бэхлэлт хэрмүүдийг өвөр хооронд нь шинээр бэхлэлт хэрэм барин залгаад, түүнийг баруун зүүн тийш уртасган, Хятадын баруун хойд, умард, зүүн хойд талын бүх хилийн дагуу 5000 км урт «Түмэн газрын урт цагаан хэрэм» бариулж бэхлүүлээд умар зүгийн нүүдэлчдийн эсрэг асар их далайц хүчтэй түрэмгийлэл хийж эхэлсэн байна. МЭӨ 214 оны үест Цинь гүрний анхны эзэн хаан Цинь Шихуан өөрийн цэргийн жанжин Мын Тянь тэргүүтэй 100 мянган цэрэг хөдөлгөж Хүннү нарын нутгийн өмнөд хэсгийн Ордос болон одоогийн Өвөр Монголын Хөх хот, Бугат хот орчмын газар нутгийг эзлэн авч урд талаар нь Цагаан хэрэм нэмэн босгожээ.

Тэдгээр нутагт 44 хошуу сум байгуулж, Хятад нутгаасаа олон тооны гэмт хэрэгтэн, ялтангуудыг шилжүүлэн орогнуулж, хил хязгаар сахин хамгаалах цэрэгтээ арын албаны маягийн түшиг тулгуур болгож байжээ. Цинь Шихуан тухайн үеийн Хятад орныг нэгтгэн анхны эзэнт гүрнийг байгуулж, улсаа ихээхэн хүчирхэг болгож, жин хэмжүүр, бичиг үсгээ жигдлэн хөгжүүлсэн гавъяатай байсан боловч олон тооны сүрлэг орд харш, зам гүүр, хот суурин, ялангуяа Цагаан хэрэмийг барих зэрэгт Хятадын ард түмнийг асар их хэмжээний алба татвар, биеийн хөдөлмөр, цэрэг, өртөө, харуулын албаар дарамтлан хэрцгийлсэн явдал нийт олны дургүйцэл хилэнгийн галыг бадрааж, энд тэндгүй бослого хөдөлгөөн, эсэргүүцэл тэмцэл гарч, улс гүрэн аажмаар сулран доройтох үүд хаалгыг цэлийтэл нээсэн байна. Удалгүй Цинь Шихуан, Мын Тянь нас барж, Хятадын зүгээс умар зүг их хэмжээний аян дайн хийх боломж хомсдсон боловч дараачийн эзэн хаан Шихуаны үед Цинь улс нэг хэсэгтээ бас умар зүгийн нүүдэлдийн нутгийн өмнөд хэсгийг эзлэн захирсан нэлээд хүчирхэг эзэнт гүрэн хэвээр үлдээд аятай нөхцөл гарсан цагт Хүннү нарт ахин дахин аюул учраалах нь магадтай байжээ. Цинь Шихуаны үед Хүннүгийн цэрэг аймгийн холбооны Шаньюй цолтой зонхилогч нь Түмэн хэмээн сурвалжит язгууртай байсан бөгөөд Мын Тяны довтолгоонд эрсдэн Ордос нутгаа алдсаны дараа өөрийн нутгийн умард хэсэг болох хойчийн үеийн Ар Монголд шилжин ирсэн байна.

Тухайн цагт Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн Шаньюйгаас залгамжлах хөвгүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Хүннүгийн нийгэмд овгийн байгуулал улам задарч, сурвалжит язгууртнуудын дундах цусан төрлийн барилдлага суларч эцэг үр, ахан дүүс, эр эм, гэр бүл, өмч хөрөнгө, эрх мэдлийн харилцаа ихэд ээдрээтэй болж, хүй нэгдлийн байгууллын үеийн овог аймгийн ердийн хууль, уламжлал зан заншлын дагуу шийдвэрлэхэд бэрх болж байжээ. Шаньюн их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвгүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн өөрийн хөвүүнээр өөрийг залгамжлуулах бодолтой байжээ. Тэгээд тэрээр Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд ачуулаад түүнийг хордуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугатан иржээ. Түмэн Шаньюй арга буюу түүний ухаан, зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ. Тухайн үеийн Хүннүд хятадын Цинь Гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул аймаг овгуудаа баттай нэгтгэн хүчирхэг зангидмал хүчин болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд амин чухал зорилтууд тулгаран тавигдаад байсан юм. Түүний тул нэн түрүүн төрийн бодлогоо урьд урьдынхаас дээгүүр тавьж, нарийн боловсруулан, нэн тууштай болгож, цэргийн сахилга, дэг журмыг чангалан чандлах хэрэгтэй болжээ.

Тэр бүхнийн Түмэн шаньюй тэргүүтний сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий ойлгож зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан бололтой байдаг. Модун өөрийн аймгийн холбоооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тулд нэн түрүү өөрт нь далдуур дайсагнаад Хүннү аймгийн холбоог олигтой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн ажээ. Модун цэргүүддээ хандаж би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг түүнийг харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвал түүний толгойг авна хэмээн тушааж, хатуу журам тогтоожээ. Түүхэн домог ёсоор Модун нумаа татаад тавимагц исгэрэн дуугарч оддог дуут сум үйлдээд нэг өдөр ан хийж явахдаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх ихэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь тэгсэнгүй,. Модун тэгж харваагүй цэргүүдийн толгойг тас цавчжээ. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхижээ. Зарим дагалдагчид нь айж хэлмэгдээд хатны зүг сум тавьсангүй үлдээд толгойгоо авахуулжээ. Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагчид нь цөм тэрхүү хүлэг моринд сум зоожээ. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэсэн болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харважээ. Цэргүүд нь бас цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болох хөвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртан нарыг бүгдийг нь цаазаар авчээ.

Тэгээд МЭӨ 209 онд Модун, Хүннүгийн Шаньюй хаан болж, бүх 24 аймгаа нэгтгэн захирч Хүннү улсыг үндэслэн байгуулсан байна. Хүннү улс бол Төв Азийн түүхнээ байгууладсан нүүдэлчдийн анхны төр улс байсан бөгөөд тэр нь чухамхүү Монгол нутагт үүсэн бий болсон нь сонин бөгөөд чухал юм. Хүннү улсын шаньюй хаан Модунгийн өргөө ордог нийслэл Луут хот нь Монгол орны төв хэсэгт , Хангайн нуруу, Орхоны хөндийд, хожмын монгол улсын нийслэл Хархорум хот баригдсан газрын орчим байжээ гэж зарим эрдэмтэд үздэг. Модун Шаньюйн үеийн Хүннү улсын хааны өргөө ордон нь их олон орд харштай том хот байгаагүй боловч бас Түмэн Шаньюйн үеийнх шиг зөвхөн өргөө гэрүүд байгаагүй, аажмаар байшин барилгатай өргөө ордон болж байсан нь тодорхой байгаа юм. Хүннү улс төрийн тамгатай байсан, хятад зэрэг гадаад улс орнуудтай харилцахдаа хэрэглэдэг тусгай тамга, бичиг үсэгтэй байсан болно. Хятадын түүхийн зарим сурвалжид Хүннү нарыг бичиг үсэггүй хэмээн тэмдэглэсэн байдаг боловч тэр чухамдаа төр улс байгуулагдахаас өмнөх үеийн Хүннү нарт хамаарах бөгөөд Хятад дүрс үсгийг Хүннү нар мэддэгггүй байсан гэсэн үг байсан болно. Нүүдэлчин Хүннү нарын төр улс нь анх үүсээд удаагүй байх үедээ, түүнчлэн нэлээд удаж, нарийсан жигдэрсэн үедээ ч гэсэн Хятад зэрэг эртний суурьшмал иргэмшилт улс гүрнүүдийн төр засгийг бодвол тийм их ээдрээтэй, хүнд суртлын олон давхар, нүсэр их байгууламжгүй харьцангуй хөнгөн хялбар тогтолцоотой байсан юм.

Тэдний төр засаг, нийгэм улс төрийн байгуулалд овгийн байгууллын нөлөө их байснаар үл барам ерөөс Хүннүгийн төр ёс нь гадаад, дотоод нөхцөл байдлын учир Хүннүгийн аймгийн холбооны задран байсан овог аймгийн үндэс суурь дээр шууд гарч ирсэн болохоор Хүннүгийн төр нь хөрөнгө чинээ, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч , ангийн тэмцэл хурцдаад ноёлогч анги нь жирийн талчин ардуудыг дарангуйлан захирч дарлах мөлжих, цэрэг улс төрийн дарангуйллын зэвсэг болж гарч ирсэн гэвэл үнэн байдалд эс нийцнэ. Ер нь нүүдэлчдийн төр ёс нь хүй нэгдлийн байгууллын эцсийн шатны цэргийн ардчилал хэмээгдэгчийн нөхцөл байдалд овог аймагтаа суурилан овог аймгийн улс төр, цэрэг иргэний нүүдэл иргэншлийн зохион байгуулалттай тусгай аппарат гарч ирдэг байжээ. БНХАУ-ын Ма Чаншоу, АНУ-ын Дэнис Синор, Оросын Л.Гумилев, И.С.Урбанаева нарын зэрэг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа, туурвисан шинэ бүтээлүүдээс үзэхэд Хүннү зэрэг нүүдэлчин улс түмний төр ёс, түүний гарвал үүсэл, мөн чанар, шинж төрхийн хувьд чухам иймэрхүү өвөрмөц онцлог байдлаар хандах болсон нь илт байгаа юм. Хүннү нарын дунд тийнхүү төр улс үүсч, бичиг үсэг үүсэхийн хамт мөн тэдгээр дээр тулгуурласан шинэ ёс, шинэ маягийн амьдрал, соёл аажмаар бүрэлдэн тогтох нөхцөл бүрдэж, Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчин малчдын өвөрмөц соёл иргэншил, Монголын онцлогтой нүүдлийн иргэншлийн эх суурь тавигдсан юм.

2210-аад жилийн тэртээ үеэс эхлэн Төв Ази, Монгол орны нүүдэл иргэншлийн тухай бүрэн дүүрэн, итгэл үнэмшилтэйгээр ярьж бичих бололцоотой болсныг цохон тэмдэглэхэд таатай байгаа юм. Монгол орон, Монгол улсыг дэлхий дээр хамгийн эртний, хамгийн өндөр хөгжилтэй байсаар ирсэн улс орон биш юм аа гэхэд Төв Азийн нүүдэлчин улс түмний дундаас 2200 гаруй жилийн төр ёс, нүүдэл иргэншлийн бат уламжлалтай улс орнуудын тэргүүний эхний нэг нь хэмээн тооцоход бодит байдалд өчүүхэн ч харшлахгүй түүхэн үнэн мөн билээ. Монгол орон, Төв Азийн анхны тэрхүү Хүннү улс, түүний нүүдэл иргэншлийн улс төр, нийгэм, соёлын бүтэц, зохион байгуулалт чухам ямар байв гэвэл, төрийн тэргүүн нь мэдээжийн хэрэг нэгэнт хаан болсон Модун Шаньюй, түүний хойчийг залгамжлагчид байсан юм. Тухайн үеийн Хүннү улсын аймаг овгуудын дотроос хамгийн их сурвалжит язгуур, нэр хүндтэй нь Модун шаньюйн Люаньти буюу Сюйлянти (Ляньти) овог байжээ. Ляньти овгоос дараачийн бусад Шаньюй нар гарч хэрэг дээр хаан суудаг байжээ. Шаньюй нар хаан хэмээх цол хэрэглээгүй боловч Модун тэргүүтэй дараачийн хэдэн үед үнэндээ жинхэнэ хаан буюу эзэн хааны хэмжээ төвшинд гарсан байв. Түүнчлэн Хуянь, Лань, Сүйбү хэмээх ихээхэн сурвалжтай гурван овог байснаас Шаньюйн Яньчжи хатан, бэр төрхмүүд, ихэс ноён жанжин нар гардаг байжээ. Зарим сурвалжид Сүйбү овгийг нилээд сүүл үед шинээр тодрон гарч ирсэн овог хэмээн дурдсан зүйл байдаг. Гэвч түүнийг цаашид нарийвчлан судлаж тодруулах шаардлагатай байгаа юм.

Анхаарууштай нэгэн зүйл бол Хуянь овгийг зарим эрдэмтэд хожмын Монголын Хиян овог болсон хэмээн үздэг явдал юм. Тэд монголчуудын гарвал үүслийг маш эрт цагаас улбаалуулан судлаад хэдэн мянган жилийн өмнө өвөг Хүннү, Монгол угсааны аймгийн зонхилогчийнд Монгол, Татар гэдэг ихэр хоёр хөвгүүн төржээ. Тэд нарын Монгол нь язгуурын Монгол, Татар нь татар нарын өвөг дээдэс болжээ. Хэдэн үе өнгөрсний дараа язгуурын Монгол аймгийн зонхилогч нь Хиад (хурц ширүүн), Нукуз (нохос, чоно-нохос) гэдэг хоёр хөвгүүнтэй байжээ. Тэр хоёр удам угсааныхан нь Хияд, Чонос (ноход) овогтон болжээ гэсэн түүхэн домог байдаг. Гэтэл Хүннү нарын дунд Мүгель (Монгол), Хуянь (Хиян) овгууд байсан, тэд нарын өвөг дээдэс болох Ди, Хяньюань, Хүньюй нарын Хятад зурлагад чоно-нохой гэсэн үсэг орсон байдаг зэргээс үзэхэд Хүннү, Монголын зарим гол овгуудын нэрс ижил давхцаж байгаа байдал харагдаж байна. Энэ нь Хүннү нарын бүрэлдэхүүнд язгуурын Монголын Монгол, Хияд Чонос овгууд багтаж байсныг харуулж байна. Тэр байтугай Хүннүгий дөрвөн гол овгийн нэгэн болох Сүйбү аймгийг зарим эрдэмтэд хожмын Монголын Зүбү аймаг хэмээн үзэх болсон байна. Харин Татар аймгийг Хүннү нарын төр байгуулагдахын өмнөх болон эхэн үед Дүнхү аймгийн бүрэлдэхүүнд зонхилох нэгэн аймаг болж байсан хэмээн Иакинф Бичурин нарын зэрэг эрдэмтэд үзэж байсан нь үнэний хувьтай байгаа юм. Тэдгээрийн дотроос бас дээгүүр тушаалтан, сайд, жанжин нар гардаг байсан байна. Хүннүгийн шаньюйн удаах ихэс сайд түшмэд, жанжин нар зургаан зэрэг дэв байжээ. Хамгийн томоохон нь зүүн, баруун этгээдийн чжүки (цзюйкүй) ноёд байжээ. Зүүн этгээдийн чжүки шаньюйг залгамжлах хан хөвгүүн байдаг байжээ. Наран мандах зүүн зүгийг хойч үеийн монголчуудын нэгэн адилаар Хүннү нар онцгой ихэд эрхэмлэдэг байжээ. Чжүки ноёны цолын чжүки гэдэг үг нь сэцэн гэсэн утгатай байв хэмээн хятад сурвалжууд нэг бус удаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Үнэхээр чжүки, сэцэн гэсэн үгс зарим талаар төсөөтэй байж болох талтай боловч эртний хятад хэлний аялга дуудлагаар үг чухам ямар байсан, сэцэн хэмээх Монгол үгтэй тохирч байгаа эсэхийг жич судлан тогтоох хэрэгтэй байгаа болов уу. Зүүн, баруун этгээдийн чжүки ноёны дараах томоохон тушаалтан нь зүүн, баруун этгээдийн лүли ноёд байжээ. Чжүки, Лүли ноёдын удаах томоохон тушаалтан нар нь зүүн, баруун этгээдийн их тэргүүлэгч, тэдний удаах нь зүүн, баруун этгээдийг их дүюй, дараах нь зүүн, баруун этгээдийн гүдү-хэү нар байжээ. Чжүки ноён, Лүли ноён, тэргүүлэгч, дүюй , данхү, гүдү-хэү гэсэн ийм зургаан зэрэг дэвийн ноёд, жанжин нар Хүннү улсын төр, засаг захиргаа, цэрэг, эдийн засаг, соёл шашин мөргөл, ёс суртахууны үйлийг шаньюйд туслан захирч явуулдаг байжээ. Тэдгээр сайд, түшмэд, жанжин нарын зэрэг тушаал нь үе залгамжилдаг байсан ажээ. Тэд тус бүр нэг түмэн айл өрх захирч, түмэн морьт цэрэг удирдан явдаг байжээ. Хүннүгийн 24 аймаг тус бүр нэг түмт болж, түмний ноён цолтой цэргийн жанжин толгойлдог байжээ. Түмэн нь хожмын Монголын нэгэн адилаар мянгатууд болж хуваагддаг, мянгат нь зуутууд, зуут нь аравт болж хуваагддаг байжээ. Үүгээр үзвэл Хүннү улс анх байгуулагдах үедээ нэгэнт 240 орчим мянган морьт цэрэгтэй байсан бөгөөд цаашид бусад улс орныг байлдан дагуулахын хамт тэр тоо өсөн нэмэгдэж байсан нь үзэгдэнэ, Хүннү улс байгуулагдахын өмнө Түмэн шаньюйн үед зүүн зэргэлдээх Дүнхү аймгийн холбоо, баруун урд залгаа Юэчжи аймгийн холбоо тус тус ихээхэн хүчирхэг болж ялангуяа Дүнхү нар Хүннүд сүрхий дэрэлхэх янзтай болсон байв. Модун шаньюй гарч ирж, Хүннү улс байгуулагдан хүчийг олох шинжтэй болж ирсэн нь тэдэнд таалагдсангүй. Дүнхү нар түүнийг янз бүрээр өдөөн хатгаж байгаад дайн гаргаж, цохин доройтуулах бодлого явуулжээ.

Эхний ээлжинд Дүнхү аймгийн холбооны зонхилогч нь Модун шаньюйд элч илгээж Түмэн шаньюйн хэрэглэж байсан, өдөрт мянган ли газар (нэг газар буюу ли нь 576 метр орчим) давхиж чаддаг хурдан хүлэг морийг авахыг хүснэ, хоёр талын найрамдлын учир найр тавьж олгох ажаамуу хэмээн албан ёсоор хүсэмжилжээ. Дүнхүгийн зонхилогч нь Хүннүг хүчирхэг болохоос өмнө дайн байлдаан өдөөд даруй бут цохихын тул нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа Модунд дахин элч илгээж, яньчжи хатнуудынхаа аль нэгийг найр тавьж өгмүү хэмээн өдөөн хатгажээ. Шаньюйн зөвлөхүүд маш их ундууцан зэвүүцэж, Дүнхү нар ичих нүүрэндээ элэг наасан үл бүтэх амьтад болжээ, шаньюйн хатнаас нэгийг авахаар нэхнэ гэнэ ээ, тэдэнд шууд дайн зарлавал зохино хэмээн зөвлөжээ. Модун шаньюй Хүннү улсын хүчин чадал жигдэрч цэрэг дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзэж, найрамдалт хөрштэйгөө аль нэг хатны улмаас эв эвдрэх хэрэггүй биз гээд өөрийн хамгийн дотно хайрт хатнаа Дүнхүд найр тавьж илгээжээ. Түүний дараа удалгүй Модун шаньюй улсын дотоодыг засч, цэрэг дайны бэлтгэлийг үндсэнд нь ханган, дайн тулаанд бэлэн болгож чадсан бололтой. Дүнхүгийн дараагийн хүсэлт шаардлагад тэс өөрөөр хандсан байна. Хүннү, Дүнхүгийн хилийн харуулуудын хооронд Хүннүгийн харъяаны говийн нэлээд урт нарийн зурвас газар ямар ч эзэнгүй байдаг байжээ. Хүннүгийн нутгийн зүүн өмнөд хязгаарын цөл говийн хужир марз болсон тэр газрыг Хүннүгийн мэдэлд үлдээх явдал зохимжгүй байна хэмээн Дүнхүгийн зонхилогч тусгай элч илгээж, Дүнхүд найр тавьж өгөхийг хүсчээ. Модунгын зөвлөх сайд, түшмэд тэр газар бол үржил шимгүй, хэрэггүй дэмий газар, Дүнхүд өгсөн ч үгүй ч ялгаагүй, найр тавихад бүрэн болно гэж зөвлөжээ. Модун шаньюй маш их ундууцан хилэгнэж, «Газар бол төр улсын үндэс суурь мөн билээ. Түүнийг бусдад өгч яаж болох вэ?!» гээд зөвлөхүүдийнхээ дотроос найр тавиулах санал гаргасан этгээдүүдийг бүгдийг цаазаар авчээ. Тэгээд Модун шаньюй цэргээ удирдан хөдөлж, Дүнхү нарыг санаандгүй байхад гэнэт довтлон дайрчээ. Дүнхүн нар Модун шаньюйг өөрсдөөсөө айж болгоомжилдог, хулчгар дорой хэмээн үздэг болоод зохих бэлтгэлгүй байсан учир Хүннүд тэр дороо бут цохигдон эзлэгджээ. Модун шаньюй Дүнхүгийн бүх газар нутаг, хүн малыг цөмийг эрхшээлдээ оруулж аваад урьд авсан хүлэг морь, хайртай хатнаа эргүүлэн авч ирсэн байна.

Дүнхү аймгийн холбоог байлдан эзэлж, цэрэг дайны бэлтгэл бүрэн хангагдсан тул Модун шаньюй тэр дороо баруун урагш хөдөлж, Юэчжи аймгийн холбоог бут цохин доройтуулжээ. Юэчжи аймгуудын тав нь баруун зүг зугатан гарч, зам зуур Тэнгэр уулын Өвөр, Их Юэчжи, Бактри зэрэг газарт нэлээд саатан байгаад одоогийн Афганистанд очиж суурьшин 1 зууны үед Кушан гүрнийг байгуулан эртний Энэтхэгийн Кушаны соёл иргэншлийн үндэс суурийг тавилцсан юм. Модун шаньюй бас Монголын умард хязгаар, Буриад, Тува, Хакас нутагт оршин амьдарч байсан Хүньюй, Динлин, Гэгүнь, Кюэше, Цайли зэрэг нүүдлийн малчин, цаатан, анчин гөрөөчин аймаг, овгуудыг эзэлж, дэвсгэр нутгаа Хакас, Байгал нуур хүртэл тэлсэн байна. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд нь эртний Хятадын Мын Тянь жанжны булаан эзэлсэн Ордос газар болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлж Хүннү улсдаа нэгтгэн авсан байна. Түүнчлэн баруун зүг хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үсүн аймгууд болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ. Манай эриний өмнөх 3-2-р зууны зааг дээр хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан Монгол ба Төв Азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй (эзэн хаан) гэгдэх болсон байна. Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний Хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь улс дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоон зэргээс нэлээд сулран доройтоод мөхөх тийш хандаж байжээ. Модун шаньюй тэргүүтэй Хүннү улсын цэрэг Хятадын умард хилд үе үе цөмрөн орж, Цинь улсын эсрэг Хятадуудын тэмцлийн ил, далд дэмжиж байсан явдал эртний Хятадын тэрхүү хүчирхэг гүрний мөхлийг түргэтгэсэн талтай. Цинь улсыг үндэслэн байгуулагч Цинь Шихуаны нас барснаас хойш нэг жилийн дараа Хятадын тариачид зэвсэглэн босч, хоёр жил гаруй ширүүн тэмцэл хийж, Цинь улсыг мөхөөсөн юм.

Бослого гаргасан тариачдын удирдагчдын нэгэн болох Лю Бан 206 онд Хятадыг дахин нэгтгэж, Чанань (одоогийн Сиань) хот нийслэлтэй Баруун Хань улсыг байгуулсан нь урьдах Цинь улсаас илүү хүчирхэг эзэнт гүрэн болсон ажээ. Тийнхүү МЭӨ 3-р зууны эцсээр Монгол орон, Төв Азид Хүннү улс хэмээх нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрэн бий болоход Хятадад Баруун Хань улс хэмээх суурьшмал соёл иргэншилт бас нэгэн хүчирхэг эзэнт гүрэн үүсч, өвөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Баруун Хань улс газар нутаг ихтэй, хүн ам олонтой, эдийн засаг соёлын хувьд тухайн үедээ харьцангуй ихээхэн өндөр хөгжилтэй улс гүрэн байжээ. Хүннү гүрэн хүн амын хувьд Баруун Хань улсаас хэдэн арав дахин цөөн, шинжлэх ухаан, соёлын хувьд түүнээс давуугүй байсан боловч газар нутгийн хувьд хэд дахин илүү, төрийн бодлогын хувьд хэнээс ч дутахгүй зарим талаар давуу талтай улс гүрэн байжээ. Баруун Хань улс хүн амын хувьд бараг дан ганц Хятад иргэдээр бүтсэн, удам угсааны талаар нэгэн жигд улс гүрэн байжээ. Хүннү гүрэн нь Монгол, Түрэг, Манж-тунгус, Иран (юэчжи) зэрэг Урал-Алтай, Энэтхэг-Европын язгуурын янз бүрийн хэлний аймаг овгуудаас бүрэлдсэн улс байжээ. Арьс өнгө, хэл яриа, удам угсааны хувьд Хүннү гүрэн ихээхэн эрээвэр хураавар, зөвхөн хүчээр түр нэгтгэгдэн захирагдсан хэврэгхэн төр улсын бүрдэл мэт санагддаг, тэгэж ч ярьж бичигддэг байв. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар нилээд өөр маягийн санаа дүгнэлт Хүннү, дараа үеийн Монгол, Түрэг, Манж-тунгус угсааны улс аймгуудын талаар хийгдэж байгаа юм. Жишээлэхэд, Оросын эрдэмтэн Л.Гумилев, И.Урбанаева нар Монгол орон, Төв Азид удаа дараалан бий болж байсан. Хүннү, Түрэг, Монгол тэргүүтэй нүүдэлчдийн их эзэнт гүрнүүд нь санамсаргүй тийм том улс гүрнүүд болж байгаагүй, харин монгол, түрэг угсааны янз бүрийн овгууд нь хэдийгээр тус бүр өөр хэлтэй болоод байсан ч гэсэн гарал үүсэл, удам угсааны хувьд ихээхэн нэгдмэл, нийтлэг байдалтай нийтлэг угсаатан суперэтнос байсан, тийм учир нэг янзын удам угсааны улс аймаг гарч ирмэгц бусдыгаа нийлүүлэн нэгтгэж, нэгдсэн нэгэн том улс гүрэн, нийтлэг нэгэн том угсаатан болдог байв хэмээн үздэг болжээ.

Тэдний бодлоор Монгол угсааны Хүннү нар түүхийн тавцан дээр гарч ирээд түрэг, манж-тунгус нарыг өөртөө нэгтгэж байсан нь нарийн яривал ямар нэгэн харгис байлдан дагуулал биш, харин нийлэг нэгэн угсааны нэг нь нөгөөгөө зүй ёсоор өөртөө нэгтгэж байгаа буюу өөрсдөө бусадтайгаа нэгдэн байсан явдал байжээ. МЭӨ 201 онд Модун шаньюй 400 мянган морьт цэрэгтэйгээр Хятадын хилд цөмрөн орж, Тайюань, Датун хүртэлх газрыг эзлэн авчээ. Хятадын Баруун Хань улсын эзэн хаан Гаоди цолтой Лю Бан морьт цэрэг бүхий тэргүүн ангийн хамт Датун хотын ойрлцоох Пинчен хотод хүрэлцэн ирсэн боловч намар орой сэрүүн байсан учир цэргийн нэлээд нь гарын хурууг хөлдөөж, сүрхий даарч бээрсэн ажээ. Хятадын цэргийн гол хүчин, дийлэнх олонх болох явган цэрэг нь морьт тэргүүн ангиа гүйцэж ирээгүй байжээ. Модун шаньюй цэргээ авч ухран зугтах дүр үзүүлээд замын хоёр талаар олон цэрэг нуувчид бөгүүлэн үлдээжээ. Лю Бан морьт цэргээ удирдан нэхэж явтал нэг мэдэхнээ Модунгийн аргад хууртан Пинчен орчим Хүннү нарт бүслэгдсэн байв. Лю Баныг бүсэлсэн Хүннү цэргийн баруун талынх нь цагаан морьтон, зүүн талынх нь саарал адуутан, умард талд нь хар хээр хүлэгтэн, өмнө этгээдэд шар зүсмийн морь унасан цэргүүд байжээ. Дөрвөн этгээд тус бүрээс 100 мянган Хүннү морьт цэрэг бүслэн хаасан тул Лю Баны морьт цэрэг дотроо 7 хоног хориглон байлдаад хичнээн дайран гарахыг оролдовч хүч хүрэхгүй байв. Хятадын явган цэрэг гаднаас хүнс хоол залгуулах гэж хэдий их оролдсон ч бүтсэнгүй. Баруун Хань улсын эзэн хаан арга мухардаад хятад ухаан сийлж, Хүннүгийн шаньюйн гол хатанд элч төлөөлөгчөө илгээн хээл хахууль өгч, гарцаагүй байдалд оруулж байгаад тулган шаардахаар шийджээ.

Тухайн үед Модунд туслахаар ирэх ёстой байсан хоёр Хятад жанжин цэргийн хамт хүрэлцэн ирсэнгүй, Лю Бан хааныхаа талд орсон бололтой байжээ. Бас Хятадын цэргийн гол хүчин, олон тооны явган цэрэг байлдааны талбарт нэгэнт хүрэлцэн ирсэн тул хоёр талаас асар их цус асгаруулсан ширүүн тулалдаан болох ёстой байжээ. Тэгэх нь Лю Бан, Модун хоёрын хэн хэн нь дөнгөж шинэ мандаад бүрэн бэхжиж амжаагүй, зөвхөн анхны амжилт олж байсан хоёр хааны аль алинд нь ашиггүй болохыг сайтар ойлгон, шийдвэрлэх тулалдаанд орохоос түдгэлзэн байжээ. Тэгэж байтал гол яньчжи хатан нөхрийн зүг хандан: Лю Бан та хоёул их хаан байж, бие биенийг ингэж шахамдуулах ёсгүй, эдүгээ чи Хань улсын нэлээд газар нутгийг эзлэн авчээ. Гэсэн ч чи түүн дээр амьдран суухгүй шүү дээ. Түүнээс гадна Хань улсын хаан нь ухаантай, хэл амаа ололцож болох хүн юм. Шаньюй та энэ тухай эргэцүүлэн бодож үзвэл зохилтой юм хэмээжээ. Модун шаньюй Хань улсын хаанд элч зарж, ураг холбон найрамдлын гэрээ байгуулах амлалт түүнээс аваад бүслэлтийн нэг газрыг нээж хоолой гарган Лю Бан тэргүүтэй Хятадын цэргийн тэргүүн анги, морьт цэргүүдийг тавьж явуулахаар шийджээ. Лю Баны зарлигаар Хятад цэргээр итгэж ядан нум сумаа тал тал тийш харвахад бэлнээр онилон, хоолой дундуур явсаар бүслэлтээс мултарч гол хүчинтэйгээ нийлжээ. Тэгээд Модун цэргээ авч нутгийн зүг буцсанд Лю Бан сая үнэмшиж мөн нийслэлийн зүг эргэн оджээ. Одоо гагцхүү Лю Бан амласандаа хүрч Хүннүтэй найрамдал, ургийн гэрээ байгуулах эсэх асуудал үлджээ. Бүдүүлгүүд, зэрлэгүүд хэмээн үздэг байсан Хүннү нартай ураг холбон найрамдлын гэрээ байгуулах нь Хятад их гүрний хувьд хэдий эвгүй мэт санагдаж байсан боловч чухам тийм гэрээ байгуулахад шахагдан орохдоо зэрлэг бүдүүлэг нүүдэлчний эхнэрийг хахуульдан тулгаж, царайчлан гуйж гувшиж байж бүтээх арга хэрэглэсэн нь гутамшгийн туйл байсан хэмээн Хятад хаад, ноёд ихэд нэрэлхэн, түүнийгээ аль болохоор нууж далдлан, түүх сударт тусгуулахгүй үлдээхийг оролдож байсан ажээ. Хятадууд Модун шаньюйн хатныг залуу сайхан хүүхнүүдийн зургаар аргалж, шаньюйд хэлүүлэн бүслэлтийг нээлгэсэн хэмээн бодсон боловч үнэндээ Хань улсын хаан буулт хийж ураг холбон, урт удаан хугацааны найрамдлын гэрээ байгуулахыг зөвшөөрүүлж, урьдчилан хүлээж байгаад дараа нь шаньюйд нөлөөлсөн дүр үзүүлэхээр тохиролцсон бололтой байгаа юм.

Модун шаньюй Хань улсын бүслэгдсэн цэргийг бут цохин хааныг нь олзолж авах бүрэн бололцоотой байсан боловч тэгээгүй нь хатны үгэнд орсондоо биш, харин шаньюй, яньчжи хоёр үгсэн, Хятадын Хүннүтэй урт удаан хугацааны ургийн холбоот найрамдлын гэрээ байгуулж, алба татвар жил бүр төлүүлэх болгож байж бүслэлтийг тавьж, хэдэн удаагийн цуст дайн, байнгийн өс хонзон бололцон дайсагналцалгүйгээр асуудлыг найрамдлын дотор ихээхэн ухаалаг шийвэрлэсэн ажээ. Хятадийн төр ёсонд ураг холбосон найрамдлын гэрээ буюу найрамдал, ургийн гэрээ гэгч нь гагцхүү өөртэй нь эн сацуу хүчирхэг, өндөр их соёл иргэншил бүхий, суурьшмал улс оронтой дуртай, дургүй байгуулбал байгуулдаг, үгүй бол үгүй ховор чухал дипломат үйлдэл байсан бөгөөд «зэрлэг бүдүүлэг» нүүдэлчидтэй тийм гэрээ байгуулахыг төр улсын сүр сүлдэнд харш, ёсонд хязгаар зүйл гэж хатуу цээрлэдэг байжээ. Модун шаньюйтай тохиролцсон ёсоор Хятадын Хань улс Хүннүгийн шаньюйд өөрийн эзэн хааны гүнжийг хатан болгож өгөөд үүрд найрамдалтай байх гэрээ байгуулж, жил бүр их хэмжээний мөнгө, торго, бүс бараа, эх хэрэглэгдэхүүнээр алба барьж тогтмол хүргүүлэн байх ёстой байжээ. Тэр асуудлыг хэрхэн яаж аргалан бултаж зайлах вэ? хэмээн Хятадын хааны ордонд хэлэлцэхэд нэг сайд нь Модун шаньюйд үнэхээр хааны гүнж нэгэн охинийг хатан болгож өгье, хэрэв тэгвэл шаньюй түүнийг яньчжи болгоод өөрөө манай хүргэн болно, Модунг үхсэний дараа гүнж хатны хөвгүүнээр шаньюй тавиад нийт Хүннүг Хань улсын харъяат болгож, дайн дажин хийж, цус урсгалгүй найрамдал, ургийн дотор эрхшээл нөлөөндөө бүрэн оруулж, амархнаар эзлэн авч болно гэж байжээ. Гэсэн ч Модун шаньюй тийм амархан хууртаж, Хүннү нар Хятадад хараат болж орж ирэхгүй хэмээн Лю Бан үзээд өөрийн нэгэн шадар сайдын охинд гүнж цол олгоод Модунд хатан болгож хүргүүлэхээр шийджээ. Тэр зорилгоор МЭӨ 198 онд Хань улсын эзэн хаан Лю Бан өөрийн бас нэгэн сайдад үүрэг өгч Ордны сайд ноёны охинийг гүнж хэмээн Модун шаньюйд ихээхэн бэлэг сэлттэй хүргүүлж, найрамдал, ургийн гэрээ байгуулжээ.

Тэрхүү гэрээ ёсоор, Хүннү гүрэн, Хань улс хоёр бие биеийг тусгаар тогтнож, биеэ даасан, бүрэн эрхт, эн сацуу хоёр их эзэнт гүрэн мөн хэмээн хүлээн зөвшөөрөөд Хань улсын хаан нь «Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс (нүүдэлчид) Шаньюйн цаазыг дагасугай, Урт хэрмээс дотогш дээл малгайт улсыг (Хятадыг) би захирсугай» хэмээн тохиролцож, жил бүр Хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар алба татвар барьж байх үүрэг авчээ. Хүннү нар тэргүүтэй Төв Азийн нүүдэлчдийн довтолгооноос болгоомжилж, Хань улсын засгийн газар жил бүр үнэхээр тийм албыг Модун шаньюйн өргөө ордонд хүргүүлж байжээ. МЭӨ 192 онд Баруун Хань улсын анхны эзэн хаан Лю Бан таалал төгсөөд түүний гол хатан төр хамаарч байх 16 жилийн хугацаанд Хүннү гүрэн, Хань улсын хооронд найрамдал, ургийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байжээ. МЭӨ 179 онд Хань улсын хаан ширээнд Сяо Вэньди хэмээх эзэн хаан сууж, Хүннү, Хятадын хоорондох найрамдал, ургийн гэрээг сэргээн баталсан байна. Хүннү, Хятадын хаад өвөр хоорондоо албан ёсны бичиг захидал солилцон харилцдаг байсан бөгөөд Модун шаньюй Хань улсын эзэн хаанд илгээх бичиг захидлаа "Тэнгэр язгуурт Хүннүгийн их шаньюй Хуандийн (Хятадын эзэн хааны . –Н.И) амар амгаланг эрж хүндэтгэн ёсолж байна. " шаньюйд бичиг захидал илгээхдээ "Хуанди Хүннүгийн их шаньюйн амар амгаланг эрж, хүндэтгэн ёсолж байна" гэж эхлэн бичдэг байжээ. Энэ нь Хүннү гүрэн, Баруун Хань улс хоёр албан ёсны дипломат харилцааны шугамаар үнэхээр эрх тэгш, эн сацуу харилцаж байсныг харуулж байна. Модун шаньюй 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд МЭӨ 174 онд нас барсан юм.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хүннү гүрэн Хятадын түшмэг улс болж байсан нь


МЭӨ 53 онд Хуханье шаньюй нэг хөвгүүнээ Хань улсын барьцаанд очуулаад дараа жил нь өөрийн биеэр Хятадын нийслэл Чачань хотод хүрэлцэн очиж Баруун Хань улсын эзэн хаан Сюаньдид бараалхажээ. Сюаньди хаан түүнийг маш найрсгаар их хүндтэй мэндтэй хүлээж аваад Хүннү улс Хань гүрний түшмэг хараат (Вассал) улс болсон тухай мэдэгдэж, хуучин төрийн тамгыг нь сольж «Хүннүгийн шаньюйн тамга» гэсэн үсэгтэй шар торгон оосортой алтан тамга шинээр гардуулан бариулжээ. Тэр нь Хүннү улсын хааны тамга гэсэн утгатай тамга байсан учир Хуханье шаньюй их дургүйлхсэнгүй хүлээн авчээ. Тамгийн үсгийн дотор Хүннүгийн төр ёс, шаньюйн хаанчлал үгүйсгэгдээгүй, тэгээд тамга гэсэн үг нь Хань улсын харъяаны муж хязгаарын ноёд захирагч нарын хэрэглэдэг тэмдэг гэсэн үгсээр солигдоогүй, чухамхүү тамга гэсэн хэвээр байсан байна.

Хүннү гүрэн тухайн үед хэдийгээр хуваагдан доройтож хань улсад дагаар орж байсан боловч төр ёс, хүчин чадал, санаа зориг нь хараахан гандан буураагүй байсан болохоор Хань улс түүнийг үгүйсгэж шууд өөрийн харъяаны энгийн нэг муж хязгаар болгож огтхон ч болохгүй гэдгийг ойлгож байсан ажээ. Хань улсын эзэн хаан нь Хуханьег хүлээн авахдаа их алсаас сүр бараатай угтуулж, хүрэлцэн ирсэн хойно нь сайд, түшмэд, ноёд, жанжин нараасаа дээгүүр суудалд суулгаад төрийн тамганаас гадна малгай, бүс, гадуур дотуур хувцас, үнэт эрдэнэ шигтгэсэн сэлэм, хутга, нум сум саадгийн хамт, сүйх тэрэг, 15 хүлэг морь, 20 жин (1 жин = 596.8 грамм) алт, 200 мянган зэс зоос, 8 мянган хэсэг янз бүрийн торгон эдлэл, 6 мянган жин хөвөн даавуу бэлэг болгон өгчээ. Хуханье шаньюй хань улсын хааны ордон, нийслэл Чанань хотод нэг сар болоод буцсан бөгөөд 20 орчим мянган хятад морьт цэрэг хамгаалан явжээ. Хааны зарлиг, өөрийнх нь хүсэлт ёсоор түүнийг Ордосоос хойших Шеүсүсянчен хэмээх Хүннү нутгийн өмнө хэсэгт Хятадуудын барьсан боомт бэхлэлтийн ойролцоо байрлуулах болсон байна. Шаньюйтай цуг Хятадад дагаар орсон бусад Хүннү нарт зориулж тэнд бас нэлээд их хэмжээний шар, цагаан будаа хүргүүлж цаашид бүр их хүнс хэрэглэгдэхүүнээр хангаж байх болсон байна.

Хүннү нарын олонх нь Чжичжи шаньюйн захиргаанд байсан боловч тэрээр хятадын талын тусламж дэмжлэгийг олсон Хуханье шаньюйгаас болгоомжилж, өргөө гэр Хангайн нуруу, Орхоны хөндийгөөс Жунгар нутгийн Тарвагайн өвөрт нүүлгэн шилжүүлжээ. Тэндээ Үсүнь нарыг довтлон цохиод умар зүг хөдөлж Үчйе аймаг, Гяньгүнь буюу Хягас (Хакас), Динлин нарыг эргүүлж эрхшээл нөлөөндөө оруулан авчээ. МЭӨ 48 үнд Чжичжи шаньюйн өргөөнд хүрэлцэн очсон Хятадын элч үл мэдэгдэх шалтгаанаар амь үрэгдсэн учир Хятадын тал өөрийн элчийг Чжичжи алсан хэмээн үзэж, түүнд эргэлт буцалтгүй өслөн дайсагнах болжээ. Тийнхүү Чжижчи хуучин нутагтаа буцаж ирэх боломжгүй болсон учир Хуханье шаньюйд түүнийг ирж довтлон дайсагнана хэмээн айж болгоомжлох хэрэггүй болсон ажээ. Тийм учир Хуханьегийн захиргаанд байсан хүмүүс Хүннү сайд, түшмэд, овог аймгийн ахлагч нар хуучин нутагтаа эргэж очиж нутаглах санал гаргах болжээ. Үнэхээр Хуханье шаньюй тэргүүтэй Хүннү нар МЭӨ 47 онд хуучин нутаглаж байсан Дорнод Монголдоо эргэж ирж нутаглажээ.

Хуханье шаньюй нэг талаас Чжичжигийн эзэмшилд хэт ойртож очихоос болгоомжилж, нөгөө талаар өөрөө угаасаа Хүннүгийн зүүн зүгийн Чжүки ноёны эзэмшил нутгаас гаралтай тул ийнхүү Богд хан уул, Баян улаан уулын аль нэгэнд юмуу тэдгээрийн хооронд ирж нутагласан байна. Хүннү гүрэн тухайн үед Хятадын хараат түшмэг улс байсан боловч жинхэнэ Монгол нутгийн үндсэн хэсэг нь Хуханьед захирагдаж, Жунгар, Казахстан, Хягас, Динлин Чжичжи шаньюйн мэдэлд байжээ. Хүннүгийн шаньюйд Ухуань зэрэг урьдын эзлэгдсэн аймаг овгууд арьс үс болон бөс даавуугаар алба барьдаг хэвээр байжээ. Чжичжи шаньюй Кангюйтай эвсэж Үсүнь нарыг цохиод Ферганд довтлон орж баахан тариа, будаа дээрэмдэж аваад Согдын эсрэг Парфитай цэрэг, улс төрийн холбоо байгуулж байсан бололтой байгаа юм. МЭӨ 41-40 оны үест Чжичжи шаньюй Синцзьяны Талас голын хөндийд тариа будаа нөөцлөн хурааж, өөрийн цэргийн гол ангийн хамт суурин суух нэгэн бэхлэлт хот байгуулж эхэлжээ.

Бат бэх сайн бэхлэлт хот барихын тул тэр талын дадлага туршлагатай Парфиас тусламж гуйсан ажээ. Парфийн эрх баригчид өөрийн дорнод хил дээр байсан Ромын цэргийн нэг зуутыг түүнд туслуулахаар өгсөн байв. Уг нь тэрхүү зуут нь Ромын жанжин Марк Крассын цэргийн нэг хэсэг байгаад Парфийн эсрэг дайны үед бууж өгч хилийн хамгаалалтанд илгээгдсэн байжээ. Чухам тэд Талас дахь Чжичжигийн бэхлэлт хотыг барьж босгоход гардан оролцоод мөн тэндээ хамгаалалцан үлдсэн байв. Бэхлэлтийг 500 хүн 2 жилийн турш барьсан бөгөөд эргэн тойрон шавар далан хэрэм, гадуураа хоёр давхар модон шорон хашаа, харуулын цамхагтай байв. Хэрмийн дотор Чжичжи шаньюйн ордон, бас бус гэр, байшин байдаг байжээ. Бэхлэлтийг Дорнод Туркестаны хот улсууд, Парфи, Ромын инженер, цэргүүд барьсан болохоор нэлээд сайн бэхлэлт болсон байв. МЭӨ 37 оны үест хятадын баруун хязгаарын цэрэг Таласын хөндийд гэнэт түрэн орж ирж бэхлэлтийг бүслэн байлджээ. Хятад цэргүүд хэрмийн гадна талын бэхлэлтэнд байсан хамгаалалтын цэргүүдийн шахан хэрэмд оруулаад модон бэхлэлтийг шатааж орхижээ. Чжичжи тэргүүтэй Хүннү, Кангюй, Ром цэргүүд хэрмийн дээр гарч тал тал тийш маш эрэлхэг байлдаж байсан боловч Хятад цэргийн алсын тусгалтай хатуу нумаар харвасан мөндөр мэт буух сумнуудад өртөөд өөрсдийнх нь харвасан сум дайсанд хүрэхгүй байв. Хэрмийн дээрхи цэргүүд хорогдсоор Чжичжи шаньюй хамрын тус газарт хүнд шарх олж, цус их алдаад байлдах чадалгүй болж, дайны талбарыг орхин, өргөө ордондоо хүргүүлж хэвтэрт оржээ.

Кангюй цэргүүд нэн түрүү зүрх алдаж, олигтой байлдаж чадахаа больжээ. Ромын цэрэг сүрхий сайн байлдаж цөм хядуулжээ. Хэрмийн дээр хамгийн сүүлд Хүннү эмэгтэй цэргүүд өчүүхэн төдий ч шатралгүй эрэлхэг зоригтой эсэргүүцэн байлдаж амь үрэгдсээр байжээ. Шөнө өнгөрч үүр цайх үеэр хятад цэргүүд хэрмийн тал талаас дайран ороход Хүннү нар бууж өгөлгүй мөн тулалдсаар байжээ. Удалгүй шаньюйн ордон шатаж, гал утаанд бүрхэгджээ. Хятад цэргүүд дайран ороход шархтай Чжичжи хөдлөх чадалгүй хэвтэж байжээ. Хятадууд түүний толгойг тас цавчин авч зүйл дуусгасны дараа Хүннү цэргүүд байлдахаа больсон боловч дайсанд бууж өгөлгүй байсаар 1518 хүн тэр дороо цаазаар авахуулжээ. Гагцхүү бусад угсааны мянгаад хүн дайсанд бууж өгч амиа хоохойлжээ. Чжичжи шаньюй түүний цэргүүдийн баатарлаг эсэргүүцэл тэмцэл тийнхүү давуу хүчинд автан эцэс болж, Жунгар, Дорнод Туркестан буюу одоогийн Синьцзян Хань улсын эхршээл нөлөөнд орсон байна. МЭӨ 33 онд Хуханье шаньюй Чанань хотод хүрэлцэн очиж, Хань улсын эзэн хаанд бараалхаад түүний хойт хилийг бусад нүүдэлчлийн довтолгооноос хамгаалах үүрэг хүлээжээ. Тэгэхдээ хань улсаас гүнж авч хоёр улсын найрамдлыг улам бэхжүүлэх санал гаргажээ.

Хань улсын эзэн хаан зөвшөөрч өөрийн охиноо оронд ордны доторхи нөөцний татвар эмс охидоос шаньюйд аль таалагдсан нэгийг гүнж болгож өгөхөөр амлажээ. Татвар охидыг гаргаж бүжиглүүлэн үзүүлэхэд цэвэр үзэсгэлэнт нэгэн охин шаньюйд төдийгүй, эзэн хаанд өөрт нь гойд их таалагджээ. Шаньюй тэр охиныг хатан болгож авах санал илэрхийлсэнд эзэн хаан нэгэнт амласан учир татгалзаж чадсангүй, арга буюу найр тавих хэрэгтэй болжээ. Яагаад ийм сайхан хүүхэн байсныг урьд түүнд өөрт нь урьдчилан мэдэгдсэнгүй вэ? хэмээн хаан ихэд гайхаж, ундууцан дургүйцжээ. Гэтэл эзэн хааны хатад татвар эм болох охидыг түүнд өөрт нь эхлээд үзүүлдэггүй, харин хамгийн сайн зураач нар зургийг нь ав адил зурж үзүүлээд таалагдвал уулзуулж учруулдаг журамтай байжээ. Тэдгээр охидын дундаас хэн нь хахууль өгнө, түүнийг зураач хамгийн түрүү сайхан зурж хаанд үзүүлдэг байсныг хэн ч сайн мэддэггүй байжээ. Хуханье шаньюй шилж сонгосон ван Чжаоцзюнь хэмээх тэр охин хөдөөнөөс шилэгдэн гайхагдаж ирсэн боловч маш ядуу байсны улмаас хээл хахууль өгч чадахгүй байсаар нэг удаа зуруулсанд зураач зориуд муухай мэнгэ нэмэн зурж гутаасан учир хаан таалсангүй өнгөрөөсөн юм байжээ.

Тэр бүхэнд дургүйцэн гутарсан охин Хүннүгийн хаанд таалагдан шилэгдэх охидуудын дунд орж бүжиглэн хаанд их таалагдсан боловч нэгэнт хожимдож шаньюйд гүнж болж очих болжээ. Тийм болно гэдгийг Ван Цзюйцзюнь охин барагцаалан мэдэж байсан учир шаньюйд шилэгдэн очсондоо тэрээр огд харамссангүй, түүний гүнж хатан болж, Ар Монголд түүнтэй цуг хүрэлцэн ирсэн байна. Ван Цзюйцзюнь Хүннү нартай ихэд дотно болж, Хуханьед Итучжясы хэмээх нэгэн хөвгүүн төрүүлж өгсөн нь дараа үед Хүннүгийн баруун этгээдийн Жичжо ноён болсон байна. МЭӨ 31 оны Хуханье шаньюй нас барж, түүний нэг хөвгүүн Фүчжүлэй-Жоди цолтой шаньюй болжээ. Тэрээр заншил ёсоор Ван Цзюйцзюнийг бас хатан болгож авснаар хоёр охин төрсөн байна. Ван Цзюйцзюн хатан Фүчжүлэй-Жоди шаньюйн эсэн мэнд ахуйд нас барсан бололтой байдаг бөгөөд Өвөр Монголын төв Хөх хотын өмнө Ван Цзюйцзюний шарилийн бунхан хэмээн алдаршсан том бөмбөгөр шороон бунхан байдаг. Гэвч Хуханье шаньюйн үеэс эхлэн Хүннүгийн өргөө ордон нь Ар Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан бүсэд байдаг болоод шаньюй түүний хатад, овог төрлийнхнийг нэгэнт Хараагийн Ноён ууланд оршуулдаг болж байсан тул Ван Цзюйцзюн хатны шарил чухам тэнд оршуулагдсан байж болох талтай учир уг асуудлыг цаашид нарийвчлан судалмаар.

Харин Модун шаньюй, магадгүй бас Түмэн шаньюйгээс Хуханье хүртлэх Хүннүгийн шаньюй нар төвлөн сууж, тэдгээрийн шарилийг Хүнүй голын тэнд оршуулдаг байсан юм. МЭӨ , онд Хүннүгийн шаньюйн ширээнд зүүн этгээдийн Чжүки ноён Наньчжияс гэдэг сурвалжит язгууртан Үчжүлю-Жоди шаньюй байсан хэмээн өргөмжлөгджээ. Хараат түшмэг улсын байдалтай байсаар байсан боловч бас л нэлээд хүчирхэг нүүдэлчин гүрэн хэвээр үлдсэн байжээ. Түүнээс хань улс нэлээд болгоомжлон аль болохоор найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг, урьд эзлэгдсэн зарим улс түмэн Хүннүгийн харъяанд түр үлдээд зарим нь түүнээс хараат байдалтай оршин тогтнож, түүнд алба барьдаг байжээ. МЭӨ 5 онд Ухуань аймгийн нэг ноён Хүннүгийн зүүн өмнөд нутагт довтлон олон тооны мал, их хэмжээний эд зүйл олзлон буцсанд Үчжүлю-Жоди түүнийг нэхэн цохиж, түүний олзлон авсан бүх зүйлийг буцааж авснаар үл барам, урьд адил алба барьж, аймгийн холбооны зонхилогч нь хүүгээ Хүннүд барьцаанд хүргэж байх болгосон байна. Хань улсын засгийн газар нь Хүннүд элч илгээж хань улсын хил хязгаар руу цүлхийж орсон Хүннүгийн баруун этгээдийн нэг хэсэг газрыг шилжүүлж авах гэжээ. Гэтэл тэр газар нь гэр ба тэрэг, түүнчлэн нумны сум үйлдэхэд хэрэглэх сайн модтой, суманд бэхлэх өд бүхий сайн бүргэдтэй байсан учир шаньюй урьд үеийн хань улсын эзэн хаан манай «Хуханье шаньюйг эцгийн ёсоор энэрч, урт цагаан хэрмээс хойших бүх юм зүйлийг Хүннү гүрэнд харъяалуулан хамааруулсан юм» гээд зөвшөөрсөнгүй, нэн даруй Хятадын эзэн хаанд зарга мэдүүлжээ.

Хань улсын хаан Хүннүгээс уг газрыг хүчлэн шаардаж зүрхэлсэнгүй, харин өөрийн элчийг эрх хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэж тийм үл зохилдох шаардлага тавьсан байна, түүнийг цаазаар авбал зохих боловч өршөөл үзүүлж өмнө зүг доогуур алба хаалгахаар явуулав гэсэн хариу өгч байжээ. МЭӨ 1 онд Үчжүлю- Жоди шаньюй хань улсын эзэн хаанд бараалхахаар Чанань хотод зочлон ирсэнд тус улсын засгийн газар түүнд урьдах үеийн шаньюйн нарт өгснөөсөө илүү их бэлэг сэлт өгөөд аргадан буцааж байжээ. МЭ 1 онд Баруун хань улсын эзэн хаан нас барж, оронд нь нэг балчир хөвүүн хаан ширээнд суугаад эмэг эх нь төр хамаарах болсны улмаас түүний хайрт Ван Мань сайд Хань улсын төрийн дотоод, гадаад бодлогыг дур мэдэн өөрчилж явуулах болсон байна. Ван Мань 4 онд Ухуань нарын зүг элч зарж, Хүннү улсад алба барихыг хоригложээ. Ухуань нар Хүннүгийн алба татвар хураагч түшмэл хүрэлцэн ирэхэд барьж алжээ. Үчжүлю-Жоди шаньюй цэрэг илгээж, Ухуань нарт хүчтэй цохилт өгүүлээд нэг мянга орчим эхнэр, хүүхдийг олзлуулж аваад буцааж өгсөнгүй. Уг хэргийн эзэн Ван Мань Ухуань нарт ямар ч тусламж үзүүлсэнгүй. Баруун хязгаарын хүмүүс буюу Синцзяныхан Хятадад төдийлөн дуртай биш байсны дээр Ван Маньд нэн дургүйцэж, хоёр түшмэл нь Хүннүд зугтан нийлснийг Ван Мань шаардаж байгаад эзэн хааны ордонд хүргүүлж аваачжээ. Шаньюй хэдийгээр тэр хоёрын амийг хэлтрүүлэхийг хүссэн боловч Ван Мань тэднийг цаазаар авчээ. Тэгээд Ван Мань Хятад, Ухуань, Үсүнь болон нийт Баруун хязгаараас оргодол босуул хүлээн авч орогнуулахыг Хүннүд тас хориглосон байна. Үчжү-лю шаньюй Баруун хань улс, түүний эзэн хаадтай найрамдалтай байхыг чухалчлаад эсэргүйцсэнгүй.

Тэр байтугай Ван Мань Хятад болон түүний хараат улс орнуудад хоёр үе үсэг дуудлага бүхий нэртэй хүн байхыг хориглосон Үчжүлю шаньюй эс татгалзан өөрийн Нанчжиясы нэрийг Чжи хэмээн товчиллоо хэмээн мэдэгджээ.Гэвч тэр бүхний улмаас Ван маньд ихэд дургүй болсон байна. Гэтэл 9 онд Ван Мань Баруун Хань улсын хаан ширээг эзлэн авч Хятадын дотоодод болон гадаад харилцаанд санааны зоргоор эсэн бусын өөрчлөлт оруулан нэн ширүүнээр харгислан балмадлах болжээ. Ван Мань Хүннүгийн шаньюйн хүч нөлөөг сулруулж, дотоод мужийн захирагч, жирийн ноёдын хэмжээнд буулгахын тул «Хүннү улсын шаньюйн тамга» гэсэн үсэгтэй тэмдэг олгуулжээ. Мөн Хүннү нутагт зайлан гарсан Ухуань нарыг Хятадад гаргаж өгөхийг шаарджээ. Үчжүлю-Жоди шаньюй Ван Манийн шаардлагыг хүлээж авсан дүр үзүүлээд өөрийн нутгийн өмнөд хэсэгт орж ирсэн Ухуань нарыг хураан цуглуулж, Хятадад хүргүүлэх нэрийдлээр нэг түмэн морьт цэрэг хөдөлгөөд үнэн хэрэг дээрээ Хятадын умард хилийн Шофан боомтыг бүслүүлэн цохиулсан байна. 10 онд Ван Мань Хүннү гүрнийг задлан бусниулах зорилгоор Хуханье шаньюйн төрөл садангаас 15 шаньюй нэгэн зэрэг гаргаж ирэх гэсэн боловч Хүннү ноёд шаньюйнхаа эсрэг тийм урвалт хийхийг зөвшөөрсөнгүй. Гагцхүү Хянь гэгч Хүннү ноёныг Ван Мань гэнэдүүлэн аваачиж, албан хүчээр «шаньюй» болгоод буцаажээ. Хянь ноён нутагтаа буцаж ирээд Үчжүлю-Жоди шаньюйд юу болсныг мэдэгдэж Ван Манийн өгсөн цолыг хүчингүй болгуулжээ. Үчжүлю-Жоди шаньюй Ван Манийг Хань улсын хаадын угсааны хүн биш, төрийн эрхийг зүй бус булаан авсан этгээд хэмээн зарлаж, цаашид түүнд эс захирагдахаа мэдэгдээд Хүннү нартаа Хятадын хилд цөмрөн орж, дээрэм тонуул хийж байхийг зөвшөөрсөн байна.

80 жил энх тайван байж, баян чинээлэг болсон Хятадын умард хил хязгаар Хүннүгийн довтолгоонд эрсдэн ганцхан жилийн дотор хов хоосров хэмээн сурвалж сударт тэмдэглэн үлдээсэн үзэгдэнэ. Ван Мань маш их хилэгнэж, 300 мянган морьт цэрэг дайчилж, Хүннү гүрнийг устган, үлдсэн Хүннү нарыг Динлин нутаг буюу Саяны нурууны цаад руу түрэн зайлуулах балмад зарлиг буулгажээ. Гэсэн ч тэр нь хятадын ард иргэдийн амьдрал байдлыг эрс доройтуулж, сайд, жанжин нар нь ч дургүйцэн эсэргүүцэж байсан учир бүтсэнгүй. Харин Ван Маны азаар 13 онд Үчжүлю-Жоди шаньюй нас баржээ. Үчжүлю-Жоди шаньюй Хараагийн ноён ууланд ихээхэн хүндтэй мэндтэй оршуулагдаад 1911 жил болсон нь Оросын эрдэмтэн П.К.Козловын археологийн шинжилгээний ангид илрэн олдсон байна. Түүний булш бунхнаас олдсон зүйлс Хуханьегээс эхлэн түүний дараах Хүннүгийн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан ноёдыг чухамхүү ноён ууланд оршуулдаг болсныг нотлоод Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчдийн судалгаанд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан юм. Үчжүлю-Жоди шаньюй тэргүүтэй Хүннүгийн томоохон сурвалжит язгууртан, жанжин нарын дийлэнх нь Ван Манийн ба нийт Хятадын хувьд хатуу бодлого явуулж байхад хань улс, түүний дотор мөн Ван Маний хувьд найрамдах бодлого баримтлахыг хүсэгч сурвалжит язгууртан нар байжээ. Туайлбал, Хүннү нарын дунд нэлээд их хүч нөлөөтэй болоод байсан Чжаоцзюнь хатны ахан дүүс, хүргэн бэрүүд гэх зэрэг.

Тэдний дундаас Хүннүгийн төрийн шүүгчийн үүрэг гүйцэтгэж байсан, Ван Чжаоцзюнь хатны хүргэн Сюйбудан нар Хятадтай хэл амаа ололцохын тул урьд нь Ван Маний зүгээс албын хүчээр Хүннүгийн «шаньюй» болгож байсан Хянийг шаньюй болгон өргөмжилсөн байна. Дараа нь Ван Мань тэргүүтэй тухайн үеийн Хятадын эрх баригчид Ван Цзюйцзюнь хатан агсны үр ач, хамаатан садныг талдаа татаж, тэднээр дамжуулан өөрийн түрэмгий бодлогыг Хүннүд хэрэгжүүлэхийг оролдож байсан боловч тэр нь тийм амархан бүтэхгүй байжээ. Хянь шаньюйн хөвгүүн Хань улсын хааны ордонд цаазаар авахуулаад нуусан явдал илэрсэн учир шаньюй Ван Маньд үнэнчээр үйлчлэхийг хүссэнгүй, харин Хятадын хилд Хүннү нарын цөмрөн орохыг хориглохоо больсон байна. Хянь шаньюйн нэг шадар сайд нь Хятадад байсан талийгаач Ван Чжаоцзюнь хатны ахан хөвгүүнийг хил дээр дуудуулан уулзаж, Ван Маний зүгээс Ван Чжаоцзюний хамаатан садныг Хүннүгийн эсрэг ашиглах арга явуулгад хэрхэн автахгүй байх талаар санаа бодлоо солилцож байсан бололтой байгаа юм. Ван Чжаоцзюнь, түүний үр удмынхан Хүннү, Хятадын найрамдлын төлөө, дайны эсрэг байсан боловч Хүннү гүрнийг устгах гэсэн Ван Мань мэтийн балмад бодлоготны гар болж байгаагүй бололтой байдаг. 18 онд Хянь шаньюй нас барж, түүний дүү Юй гэгч Худурши Даогао-Жоди цолтой шаньюй болжээ. Гэтэл Ван Мань бас Хүннүг задлан бутаргах зорилгоо хэрэгжүүлэхийг оролдсон хэвээр байжээ. Баруун Хань улсын нийслэлд хэлэлцээр хийхээр очсон Сюйбудан ноёныг Ван Мань ноён тэр дор нь барьж аваад албан хүчээр «шаньюй» болгосон боловч тэр нь удалгүй өвчлөн нас барсан ажээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хүннү гүрэн дахин бие дааж тусгаар тогтносон нь


(Умард, Өмнөд, Баруун Хүннү)

17 онд Хятадад Ван Маний эсрэг «улаан хөмсөгтний бослого» хэмээх тариачдын бослого эхэлжээ. Түүнчлэн баруун Хань улсын төрийн эрхийг түүний үндэслэн байгуулагч Лю Баны удам угсааны Лю овогтныхны гараас булаан авч, хэрэг дээр Баруун Хань улсын төрийг мөхөөсөн Ван Маний хаанчлалыг устган Хань улсын төрийг сэргээн байгуулах гэсэн сурвалжит язгууртан, ноёд, жанжин нар бослого гаргаж «улаан хөмсөгтний бослого»-ын цэрэгтэй хүчээ нэгтгэн тэмцжээ. Юй шаньюй тэргүүтэй Хүннү нар Улаан хөмсөгтний бослогыг дэмжиж, Хятадын хил рүү довтлон Хань улсын хил дээр Хятадын цэргийн их хүчийг босогчдын эсрэг хандуулалгүй барьж байжээ. Гэхдээ Хятадад их хэмжээгээр нэвтрэн орж түйврэгсэнгүй. Босогчид 25 онд нийслэл Чанань хотод дайран орж, ширүүн тулалдаан хийж эзэн хааны ордыг эзэлж аваад Ван Манийг барьж алжээ. Лю Баны угсааны Лю Сю ноён төрийн эрхийг гартаа авч биеэ Гуан Уди хаан хэмээн өргөмжлөөд Хань улсын төрийг сэргээжээ. Тэрээр улсын нийслэлийг зүүн тийш нүүлгэж, Лоюн хотод шилжүүлсэн явдлаас үүдэн түүний сэргээсэн Хань улс нь түүхэд Зүүн Хань улс хэмээн алдаршсан юм.

Ван Манийг унагаж, Зүүн Хань улсыг байгуулахад Юй шаньюй тэргүүтэй Хүннү нар улаан хөмсөгтний бослогыг дэмжиж үнэхээр багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Юй шаньюй тэр байтугай Хань улсыг сэргээн байгуулж, эзэн хаан болгохоор нэгэн их хүч нөлөө бүхий Лю овогтон Хятад сурвалжит язгууртнийг дэмжин өргөө ордондоо байлгаж байжээ. Тэр ноён Хүннүгийн шаньюйн хүчирхэг дэмжлэгтэй байсан учир Умард Хятадын хилийн бүсэд нэлээд хэмжээний газар нутгийг эзлэн захирч байжээ. Гуан Уди гарч ирээд түүнийг Хятадад аваачсан боловч тэр ноён нь Зүүн Хань улсыг зөвшөөрөн хүлээж, шинэ эзэн хаанд харшлан хөндөлссөнгүй, ялангуяа хүчирхэг Хүннүгийн шаньюйн идэвхитэй дэмжлэгтэй байсан зэрэг учир аливаа ял зэмлэл хүлээсэнгүй, Хүннү гүрэнд буцсан байна. Тухайн үед Хүннү гүрэн нэлээд хүчирхэг болж, Ухуань, Сяньби зэрэг зүүн зүгийн аймгуудыг эргүүлж өөрийн эрхшээл нөлөөнд оруулж аваад Баруун Хязгаарт Хятадтай амжилттай өрсөлдөн ихэнхийг өөрийн талд барьж чадан байв.

Мөн Хятадад урьд эзлэгдсэн газруудаа эргүүлэн аваад зүүн Хань улсын умард хилийн доторхи зарим газар нутгийг эзлэн авсан байв. Хүннү улс тухайн үед бараг Модун шаньюй, Лаошань шаньюй нарын эзэлсэн бараг бүх нутаг орныг захиран ноёрхсон их гүрэн болж, сэргэн мандаж байжээ. 30 онд Зүүн Хань улсын эзэн хаан Гуан Уди Хүннүгийн шаньюйд хандаж, Хухань шаньюйн үед хань улс, Хүннү гүрэн хоёр ахан дүүс, эзэн түшмэл улс болж байсан найрамдал, ургийн гэрээг сэргээн байгуулах тухай санал гаргажээ. Юй шаньюй тэр саналыг хүлээн авсангүй, Хуханьегийн үед Хүннү доройтоод Баруун Хань улс хүчирхэг болсон байсан цаг учир тийм гэрээ байгуулагдаж байсан, одоо бол Хятад сулран доройтоод Хүннү гүрэн хүчирхэг мандаж байна, тийм учир Хүннү гүрнийг Хятадтай эн сацуу улс гүрэн хэмээн хүлээн зөвшөөрч тэгш эрхтэй гэрээ байгуулбал байгуулна, үгүй бол үгүй гэж гэдийгээд Гуан Уди хааны саналыг зөвшөөрсөнгүй. 33 онд Гуан Уди хаан Хүннүгийн эсрэг их цэрэг хөдөлгөсөн боловч тэр нь ялагдаад Хүннү нар Хятадын хилийг түйвээж, Зүүн Хань улс хил хязгаарын иргэдээ нутгийн гүн рүү татан нүүлгээд тэдний байсан газрыг Хүннү нар эзлэн авч хятад орны хил хязгаар дотор Хүннүгийн эзэмшил газрууд бий болж иржээ. Хүннү нар Хятадын дотоод нутгуудад ч аюул учруулах болжээ. Олон жил үргэлжилсэн Хүннү Хятадын өрсөлдөөн тэмцэлд Хятад ялагдсан нь хэнд ч тодорхой байв.

Гагцхүү түүхийн ёгтлолоор, тухайлбал Хүннүгийн дотоод зөрчил тэмцлийн хурцдалын ачаар Хятад аврагдсан байна. 46 онд Юй шаньюй нас барсан бөгөөд түүнийг эсвэл Хуханье шаньюй, Ван Чжаоцзяны хөвгүүн Иту-Чжяны, эсхүл Үчжүлю-Жоди шаньюй хөвгүүн Би залгамжлан шаньюй болох ёстой байжээ. Юй шаньюй Хятадын эрлийзээр өөрийгөө залгамжлуулахыг хүссэнгүй, түүнийг алуулж орхижээ. Юйг түүний хоёрдугаар хөвгүүн Пүнү залгамжилж шаньюй болжээ. Сүүлийн хэдэн жил дараалан Хүннү нутагт ган, зуд болж, царцаа хорхой элбэгшээд өвс ногоо, тариа будаа ургасангүйн дээр халдварт өвчин гарч хүн, мал маш их үхэж, байдал сүрхий хүндэрчээ. Пүни шаньюй Зүүн Хань улсад элч зарж, найрамдал, ургийн гэрээ байгуулан Хятадтай дайн хийхийг түр зогсоохыг оролджээ. Түүний эцэг болон түүнтэй өөртэй нь шаньюйн ширээний төлөө өрсөлдөөнд оролцож байсан Би ноён өрсөлдөөнөө үргэлжлүүлж Хятадтай хуйвалдан , шууд урвах тийш ханджээ. Тэрээр Хүннүгийн зүүн өмнөд хэсгийн Югянь овог, аймгийг захирч байсан бөгөөд Зүүн Хань улсад Хүннүгийн ихэд нууцалдаг байсан газрын зургийг сэм илгээгээд 47 онд Хятадад дагаар орох хүсэлт гаргажээ. Би ноён нэгэнт 40 мянган цэрэгтэй байсан тул арваадхан мянган цэрэгтэй үлдсэн шаньюй түүнийг довтлон цохих гэсэн боловч хүч хүрсэнгүй. Дахин цэрэг цуглуулж байгаад цохих гэтэл нэгэнт хожимдсон байв.

48 онд Би ноён Хүннүгийн өмнөд хязгаарын 8 аймгийн зонхилогч нарыг хуралдуулж, улс орны дотоод, гадаад бодлогыг шүүмжлэн хэхэлцээд Зүүн Хань улсад дагаар орохоор шийджээ. Хуралдан чуулсан аймгуудын ноёд Би ноёныг хоёрдугаар Хухань шаньюй хэмээн өргөмжилж, аймаг овгуудаа удирдан Хятадын зүг нүүн оджээ. Би шаньюй Зүүн Хань улсын Уди хаантай гэрээ хэхэлцээр байгуулаад Пүнүгийн хамт үлдсэн Хүннү нараас Хятадын умард хилийг сэргийлэн хамгаалах үүрэг хүлээсэн байна. Тийнхүү 48 онд Хүннү гүрэн Би шаньюй тэргүүтэй Өмнөд Хүннү, Пүнү шаньюй тэргүүтэй Умард Хүннү болж хоёр хэсэг хуваагдсан байна. Түүх сударт Хухань шаньюйг анх мөн урагш нүүн Хятадтай найрамдал, ургийн гэрээ байгуулсны үндсэн дээр Өмнөд Хүннүгийн үндэс суурийг тавьсан, анхны өмнөд шаньюй хэмээн үзэх хандлага байдаг. Гэвч Хуханье шаньюй удалгүй Ар Монголдоо ирж нутагласан бөгөөд залгамжлагчид нь ч мөн тус оронд амьдарч байсны дээр тэднээс өөр ямар нэгэн Умард, Өмнөд Хүннү гэж байгаагүй юм. Хүннү гүрэн умард, өмнөд болж хуваагдсан нь чухамхүү Би шаньюй үед болсон хэрэг явдал байсан ажээ.

Өмнөд Хүннү нар хойч үеийн Өвөр Монголын Ордос, Түмэд нутаг, Хятадын Шаньси, Шэньси мужийн хойт хэсэгт нутаглах болжээ. Би шаньюй Хятадын умард хилийг сэргийлэн хамгаалж суух явдлаар үйл ажиллагаагаа хязгаарласангүй, 49 онд их говийн өмнөд дэх Пүнү шаньюй аяны өргөө ордыг довтлон цохижээ. Пүнү ухран Хангайн нуруу, Орхоны хөндий дэх гол өргөө ордондоо хүрэлцэн ирж, тэндээ байнга төвлөрөн суух болсон байна. Би шаньюйг анх хил хязгаарын хараат болж Зүүн Хань улсад дагаар ороход түүнийг Юньчжүн хэмээх газарт, тухайлбал хожмын Өвөр Монголын Урадын чуулганы өмнө захад Бугат хотын баруун хойгуур өргөө ордоо барьж төвлөн суух болгоод өмнөд Хүннү улсын шаньюйн төрийн тамга олгож их хэмжээний бэлэг сэлт гардуулсан байна. Гэвч хятадын элчийг өөрийн өргөө ордонд хүрэлцэн ирж, эзэн хааны зарлиг захидал, бэлэг сэлтийг гардуулахад Би шаньюй сөгдөж мөргөн хүлээж авч байх ёстой байжээ. Гэтэл тэр явдал Би шаньюйн нэр хүнд, сүр хүчийг түүний өөрийн харъяат нарын өмнө унагаж гутаах байсан тул тэргүүлэхгүй байхыг тэрээр нулимс унаган гуйж байжээ. Гэсэн ч тэгэхээс өөр аргагүй болсон Өмнөд Хүннүгийн шаньюй Хань улсын элчид сөгдөн мөргөж байгааг шадар сайд түшмэдүүд нь хараад мөн ихэд гутран нулимс унагахгүй байж чадсангүй ажээ. Тэдний зарим нь Өмнөд Хүннүгээс салан одож байсан байна. Тэглээ гээд Умард Хүннүгийн байдал асар их дээрдэхгүй байсан нь мэдээж хэрэг.

50-иад оны эхээр Ухуань, Сяньби нар бослого гаргаж Умард Хүннүгээс тасран салжээ. 58 оны үест Манжуур дахь Манж-тунгус угсааны овгууд бас Умард Хүннүгээс тасран салж, үндсэндээ бүрэн алдагдсан байна. Харин Баруун Хязгаар буюу Дорнод Туркестан үндсэндээ Умард Хүннүгийн захиргаанд бараг хэвээр үлдсэн байв. Гэсэн ч тэнд байдал бас түгшүүртэй болж Умард Хүннүгийн эрхшээл нөлөө сулран байсан ажээ. Би шаньюй Умард Хүннүг бут цохин нийт Хүннү гүрэнд ноёлох байр суурь эзлэх зорилгоор хэд хэдэн удаа дайран довтолсон боловч Пүнүд өөрөө цохигдоод Хятадын талаас цэргийн тусламж авч аврагдан гарч байжээ. Тэр нь Өмнөд Хүннү нарын дунд түүний нэр хүндийг улам доройтуулж байв. 55 онд Би шаньюй нас барж, Мо (55-56), Хань (56-59), Чжан (63-85) шаньюй нар удаа дараалан гарч ирж, Өмнөд Хүннүг захиран байжээ. Тухайн үед Өмнөд Хүннү нарын зарим нь Умард Хүннү нарын зүг шилжин одож, Умард Хүннү нарын нэг хэсэг нь Өмнөд Хүннүтэйгээ очиж нийлэх зэрэг янз бүрийн явдал болж байв. 64 онд Умард Хүннүгийн шаньюй нь Хятадаас хилийн худалдааны зах зээл нээлгэхийг хүсэн оролдсон боловч Зүүн Хань улсын засгийн газар зөвшөөрсөнгүй. Түүний улмаас Умард Хүннү нар 10 жилийн турш Хятадын хил хязгаарт довтлон түйвээжээ. Зүүн Хань улс, Өмнөд Хүннүгийн цэрэг хил хязгаараа найдвартай хамгаалж хүч хүрдэггүй байв.

73 онд Хятадын их цэрэг Халх нутагт дайран орсон боловч Умард Хүннү нар нутгийн хойт хэсгийн хэд хэдэн газарт зайлан одсон байсан тул Хятад цэрэг ямар ч олз омоггүй хоосон буцсан байна. Умард Хүннү нар Баруун хязгаарын Харашар зэрэг Жунгар нутагт бүрэн эзэгнэж, Шаньшань, Хотан, Күча, Аксү мэтийн Дорнод Туркестаны ихэнх газарт өөрийн түшиг тулгууртай байжээ. Дорнод Туркестанд Баруун Хязгаарын хамгийн баруун талын Кашгар хот Зүүн Хань улсад түшиглэж байсан боловч бас тийм их тогтвортой биш ажээ. Гагцхүү «Баруун Хань улсын түүх»-ийн зохиогч, түүхч Бань Гүгийн дүү, Бань Чао хэмээх бага дарга Умард Хүннү нараас Баруун хязгаарыг салган авах аян дайнд томилогдон мордоод 73 онд Балхаш нуурын тэнд амжилттай байлдаж, улмаар цөөн цэргийн хамт Дорнод Туркестанд орж очжээ. Тэнд тэрээр Хүннүгийн цэрэгт бүслэгдэн цохигдох зэрэг янз бүрийн зовлон амсч байсан боловч Шаньшань, Хотан, Яркенд хотуудыг булаан авч 90 онд Парфи-Кушаны 70 мянган цэрэгтэй байлдаж ялаад 91 оны үест нийт Баруун хязгаарыг Умард Хүннүгийн эрхшээл нөлөөнөөс үндсэнд нь салгаж авч чадсан байна. 80-аад оны үест Өмнөд Хүннү нар Хятадтай улам нягт түншлэн тариа будаа, бараа таваараар гачигдахаа больсон байхад Умард Хүннү бараа таваараар ихэд гачигдаж, 84 онд Зүүн Хань улсын засгийн газарт хандан хилийн худалдааны зах нээлгэж, хятадын бараа таваарыг чөлөөт худалдааны өрсөлдөөнд заавал оруулан хямдруулж авах гэхгүй, Зүүн Хань улсын засгийн газрын онц эрхийн дагуу түүний зааж тогтоосон өндөр үнээр худалдан авч, мал, түүнийхээ арьс үсийгхямд үнээр өгч байхыг арга буюу хүсчээ.

Хятадын засгийн газар түүнийг зөвшөөрсөн боловч Умард Хүннүгийн туун ирж байсан олон толгой малыг Өмнөд Хүннүгийнхэн замаас тосон дээрэмдэж, хилийн худалдааг тасалдуулсан байна. Байдал хүндрэх тусам Умард Хүннүгийн шаньюй, ноёд, түшмэдийн дотоодын зөрчил хурцдаж, 85 онд 73 том овог нь Хятадад дагаар оржээ. Умард Хүннүгийн хүчин тийнхүү суларч ирэхийн хамт 86 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Шиги түүнийг довтлон цохиж ноцтой хохирол учруулжээ. 87 онд Сяньби нар довтлон байлдаж, Умард Хүннүгийн шаньюй Юлюг барьж аваад амьдаар нь арьсыг нь өвчин алсан байна. 89 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Түньтүхэ Хятадын эрх баригчидтай хуйвалдан Умард Хүннү улсыг хүч хавсран цохиж бүрмөсөн устгахаар тохиролцжээ.

Өмнөд Хүннүгийн 30 мянган морьт цэрэг, Хятадын 8 мянган морьт цэрэг умард Хүннүгийн нутгийн гүнд дайран орж, Хангайн уулын тэнд Умард Хүннүгийн цэрэгт хүнд цохилт өгч 200-гаад мянган хүн олзолж буцсан байна. Дараа жил нь шаньюй Шиги 8 мянган Хүннү, цөөн тооны хятад цэрэгтэй Умард Хүннүгийн нутагт цөмрөн орж, шинэ тавигдсан нэрийг үл мэдэх шаньюйн өргөө ордыг бүслэн цохижээ. Умард шаньюй нэг мянгахан цэрэгтэйгээр дайсны эсрэг эрэлхэг тэмцэж байгаад хүнд шархдан мориноосоо унажээ. Гэвч үнэнч нөхөд баатрууд нь түүнийг шүүрэн авч эмээл дээр нь тавиад бүслэлтийг зад татан гарч, шаньюйгаа авч зугтан оджээ. Тэр дайнд Умард шаньюй төрийн хаш тамга, гэр бүлээ дайсанд алдаж үнэхээр хүнд хохирол үзсэн байна. 91 онд Умард шаньюй Хятадын цэрэгт цохигдоод зугтан алга болжээ. Түүний дараах Умард Хүннүгийн шаньюй Юйчжүгянь Хятадтай найрамдаж гэрээ байгуулахыг хүссэнд хятад зөвшөөрөх дүр үзүүлж байгаад 93 онд түүнийг мэхлэн барьж алж, түүнтэй хамт байсан цөөн хэдэн Хүннү цэргийг хяджээ. Юйчжүгянь шаньюй бол Модун шаньюйн овгоос гарсан Умард Хүннүгийн сүүлчийн шаньюй байсан бөгөөд түүнтэй Ар Монгол дахь Умард Хүннү улс эцэс болсон байна. Гэвч үүгээр Хүннү нарын улс төрийн түүх дуусаагүй юм. Тэр бүхний дараа Ар Монголд 100 мянган өрх буюу 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга баруун тийш Жунгар, Казахстан, Барабын хээр талын зүг зайлан оджээ.

Умард Хүннүгийн дотроос Хуйянь овгийн тэргүүтэй нэг хэсэг нь тийнхүү баруун тийш халин гараад Түрэг, Перс, Угро хэлтнүүдийн дунд орсон байна. Тухайн үед Кангюйн цаагуур Кавказын нурууны ар талаар Сармат гарвалт Перс-Иран хэлтэн Алан нар оршин амьдарч, Уралын нурууны тэнд Угро-Чуваш хэлтэн овог аймгууд байдаг байжээ. Умард Хүннүгээс гарагсдын ихэнх хэсэг нь Кангюй зэрэг Түрэг хэлтний дундуур дайран гарч Урал, Волга, Доны Угро хэлтэн овог аймгуудын тэнд очиж 200 гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны талаар нэлээд хэмжээгээр ижилсэн Хүннү гарвалт, Түрэг-Угро голлосон Хүннү угсааны томоохон овог аймгууд болсон байна. Тэдгээр Хүннү-Угро аймгууд 350 оны үест хүчээ нэгэнт сэлбэж аваад Алануудыг байлдан эзэлжээ. 4-р зууны 70-аад оны үест Баламбер (Баламир) тэргүүтэй Хүннү нар Дон мөрнийг гаталж Остготуудыг цохин баруун зүг хөдөлгөснөөр Зүүн, Баруун Европ дахь «Улс түмнүүдийн их нүүдэл»-ийг эхлүүлсэн байна. 377 онд Хүннү нар Ромын эзэнт гүрний урд хилд тулж очжээ. Хүннү нар 396-397 оны үест Сири, Месопотамыг дайран өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна. Хүннү нарын төр улсын бүрдлийн тэргүүн Атилла (445-453) хааны өргөө ордон нь тэнд байсан бөгөөд чухам тэндээс бусад аймаг, овгуудыг эзэлж, Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн бйажээ. Гэсэн ч 451 онд Каталауны тал хэмээх газар Ром, Герман, Франц зэрэг олон янзын улс угсаатны нэгдмэл хүчинд цохигдоод 453 онд Атилла хааны нас барсны дараа Хүннү нарын төр улс бүрдэл бутран сарнисан байна.

Угрожан Хүннү нар Уралын тэртээх Чуваш угсаатан үндэстэн үүсэн бүрдэхэд хэл, удам угсааны хувьд ихэд нөлөөлсөн байна. Тухайн үеийн Хүннүнүүд, хожмын үеийн Түрэгжсэн Жужан-Авар нар унгар хэл, унгар үндэстний бүрэлдэхүүнд ижилсэн орсон талтай. Барууг зүг халин гарсан Чжичжи шаньюйн Хүннү нар болон дараа үед нь халин гарч Жунгарын Тарвагатайд нутаглан байсан умард Хүннү нарын нэг хэсэг нь Синцзяны Долоон усанд үлдэж Юэбань хэмээх жижигхэн хант улсын байгуулсан нь 5-р зууны үе хүртэл оршин тогтнож байжээ. Нөгөө нэг хэсэг нь Согд, Бактри газар очиж нутаглаад иранжин, персжээд Цагаан Хүннү, Эфталит гэх зэргээр нэрлэгдэх болжээ. Тэд улмаар Афганистан, Пакистан, Энэтхэгийн баруун хойт хил хязгаарт түрэн орж суурьшаад нутгийн бусад овог аймгуудтай ижилсэн ууссан байна. Эртний Энэтхэгийн ном сударт Монголын Хүннү, Цагаан Хүннү нарыг Хуна хэмээн нэрлэдэг байсан бөгөөд одоогийн Афганистаны зүүн урд талын нэгэн муж нь хунар гэдэг нэртэй байдаг болно. 93 онд Умард Хүннүгийн улсыг бут цохин устгахад Түньтүхэ тэргүүтэй Өмнөд Хүннү нар, ялангуяа Шиги ноён Хятадын Зүүн Хань улсад идэвхитэй тусалж, чухал үүрэг гүйцэтгэсэн бас тэгээд нэлээд тооны Умард Хүннү нар Өмнөд Хүннүд дагаар орж, хүн малын тоо олширсон боловч Өмнөд Хүннүгийн дотоод улс төрийн байдал улам ээдрээтэй болж иржээ. Мөн тэнд Түньтүхэ шаньюй нас барж, Аньго хэмээх шинэ шаньюй гарч ирсэн нь Шиги ноёнтой сүрхий зөрчилтэй байжээ.

Аньго шаньюй Умард Хүннүгээс дагаар орогсод дээр түшиглэж байхад хятадын тал Шигиг дэмжиж байжээ. 94 онд Аньгог Хятадын талыг баримтлагч хэсэг Өмнөд Хүннү нар барьж алсанд Умард Хүннүгийн дагаар орогсод бослого гаргаад Түньтүхэ шаньюй агсны хөвгүүнийг шаньюй болгож зарлажээ. Зүүн Хань улсын засгийн газар өмнөд Хүннүгийн болон хөлсний Сяньби, Ухуань, Тангад голлосон 40 мянган цэрэг хөдөлгөж байж бослогыг арай чарай дарсан байна. 98 онд Шиги ч нас баржээ. Зүүн Хань улсын засгийн газар Умард Хүннүгийн улс оршин тогтнож байхад Өмнөд Хүннүгийнхнийг тэдэнтэй нийлүүлэхгүй, аль болохоор хооронд нь зөрчилдүүлэн дайсагнаж байх бодлого явуулж, Умард Хүннүгийн эсрэг Өмнөд Хүннүг турхирдаг байжээ. Умард Хүннүг бут цохигдсоны дараа Өмнөд Хүннүг тусгайлан сүрхий дэмжих шаардлагагүй болж, өөрийн ноёрхолд бүрэн оруулж авахын тул хэрэгт нь улам улмаар дур мэдэн оролцож, элдвээр шахамдуулах болж байжээ. 140 онд Өмнөд Хүннүгийн 3 мянган хүн Хятадын мэдлээс гарч одоод хил хязгаарт нь довтолсны учир Зүүн Хань улсын түшмэд Өмнөд шаньюй, түүний хойчийг залгамжлах ёстой зүүн зүгийн Чжүки ноён хоёрыг ихэд шахамдуулан амиа хорлон үхэхэд хүргэжээ.

170 онд нэг хятад түшмэл Өмнөд шаньюйг дур мэдэн барьж хориод оронд нь шинэ шаньюй тавьж орхисон байна. 177 онд өөр бас нэг хятад түшмэл Өмнөд шаньюйг цаазаар авсан үзэгдэнэ. 215 онд Умард Хятадын тэргүүн ноён Цао Цо Өмнөд шаньюйг түүнд бараалхахаар нийслэл Есянь хотод нь хүрэлцэн очиход барьж аваад өөр шаньюй тавьж, Өмнөд Хүннүгийн төр улсыг хэрэг дээр үгүй хийж, Хятадын жирийн нэг муж хязгаарын доторх аймаг, сум мэт үзэж, 5 аймаг болгож захирсан байна. Тэгээд Өмнөд Хүннүгээс өврийн мужуудын доторхи аймаг, сумуудаас алба татдагийн нэгэн адил жил бүр албан татвар гаргуулан авах журам тогтоосон байна. Тийм байдалтайгаар Өмнөд Хүннү нар 4-р зууны эхэн хүртэл Умард Хятадын Вэй, дараа нь Цинь улсад захирагдан байв. Гэвч 304 онд Өмнөд Хүннүгийн 5 аймгийн ахлагч, зонхилогч нар хуралдаж Хятадад алдсан "эрх сүргээ цэргийн хүчээр эргүүлж авна" хэмээн шийджээ. Тэгээд тэд өөрийн цэргийн ерөнхий жанжин Лю Юань хэмээх бичиг, цэргийн өндөр боловсролтой сурвалжит язгууртан нэгэн залууг их шаньюй хэмээн өргөмжилж, Хятадын Цзинь улсын эрхшээл нөлөөнөөс тусгаарлан салснаа тунхаглан зарлажээ. 305 оноос эхлэн Лю Юань Умард Хятадын ихээхэн хэсгийн байлдан эзэлж, Өмнөд Хүннүгийн Хань улс хэмээхийг байгуулж, Пинянь хотод нийслэлжээ. 311 онд Лю Юань Эртний Хятадын зүүн, баруун хоёр нийслэл Лоянь, Чанань хотуудыг эзлэн авч Лоянь хотод нийслэлээ шилжүүлээд 318 онд биеэ эзэн хаанаар өргөмжилсөн байна. 319 онд Лю Юань нас барж, Люйо хэмээх цэргийн жанжин эзэн хаан болж, нийслэлийг Чанань хотод шилжүүлж, улсын нэрийг Чжао хэмээн өөрчилжээ. Мөн тэр үеэр Чжао улсын зүүн талд Хятад дахь Хүннү боолчуудын бослогын удирдагч Өмнөд Хүннү Шилэ гэгч хүн ялалт байгуулж, Бага Чжао хэмээх улс байгуулж, Шүндэ хотод нийслэллээд биеэ ван өргөмжилжээ. 328 онд Шилэ Өмнөд Хүннү, Умард Хятадын Чжао, Бага Чжао хоёр улсыг нэгтгэж 330 онд биеэ эзэн хаан хэмээн өргөмжилж, Есянь хотод нийслэллээд нийт Умард хятад даяар ноёлох болсон байна. Өмнөд Хүннүгийн тэрхүү эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан нь Шихү гэдэг маш харгис хэрцгий этгээд байсан бөгөөд 349 онд түүнийг нас барсны дараа түүний өргөмөл хөвгүүн Ши Минь тэргүүтэй Хятадууд бослого гаргаж Өмнөд Хүннүгийн эзэнт гүрнийг мөхөөсөн байна. Тийнхүү 4-р зууны Умард Хятадад Өмнөд Хүннүгийн ноёрхол эцэс болжээ. Гэвч Өмнөд Хүннү нарын түүх үүгээр дууссангүй, тэд цаашид ч нэг хэсэгтээ хятад, Монголын түүхийн зарим үйл явдалд идэвхитэй оролцон зарим үүрэг гүйцэтгэж байжээ. Ордост байсан Хэлянь Бобо тэргүүтэй Өмнөд Хүннү нар 407 онд Ся улс хэмээх бас нэгэн тусгаар улс байгуулсан нь 431 он болтол оршин тогтнож байжээ. Түүнчлэн 400 онд Мэн Сүн хэмээх Хүннү хүн өөрийн нөхдийн хамт цэрэглэн хөдөлж, одоогийн Хятадын Ганьсу мужийн байгаа газар нутгийг эзлэн авч, Шар мөрний баруун талд Хэси хэмээх улсыг байгуулсан нь 460 он хүртэл бүрэн бүтэн байсаар байжээ. Алдарт Дуньхуаны агуйн тэнд байдаг байсан бөгөөд буддын шашны хуврагууд тус улсыг «Умар зүгийн улс орнуудын очир алмаз» хэмээн нэрлэдэг байсан байна.

Алс өрнөдөд Атилла хааны байгуулсан хүчирхэг эрэмгий Хүннү улс түүний үлдэгдэл 469 онд мөхөж дууссан байхад Синцзяны Долоон усанд «Хүчин мөхөс Хүннү» нарын байгуулсан Юэбань улс 488 он хүртэл оршин тогтнож байжээ. Л.Н.Гумилевын цохон тэмдэглэсэнчлэн "Энэ нь эрин үеийн төгсгөл мэт санагдаж байж болох юм. Гэсэн ч хэргийн байдал хавьгүй илүү ээдрээтэй байв. Хүннү нар соёлын тэргүүний буухиа тэмдгийг алдар нэрээ мандуулагч өөр улс түмэнд гардуулан өгч чадсан юм. Юу ч боллоо, Яалаа ч гэсэн нүүдлийн соёлын эрчимт үе хэрэгжин биелсэн байв. Үүнд бас дэлхий нийтийн түүхийн өмнө Хүннү нарын байгуулсан хоёрдох гавъяа зүтгэл орших билээ". Л.Гумилев «Каспи нуурын орчин тойрны мянган жил» хэмээх зохиолынхоо дотор Хүннүгийн түүх соёлын тухай нэлээд тодорхой дурдаад түүнийгээ дүгнэж үзүүлэхдээ: " Хятадын зах хязгаар байсаар ирсэн юм шиг яригддаг Төв Азийн улс түмнүүдийг бүрэн дүүрэн чадвар, чадавхигүй хэмээн шагширдаг бэртэгчин үзэл санааг няцаахын тул бид энэ асуудлийг ингэж дэлгэрэнгүй авч үзлээ, үнэн хэрэг дээрээ тэдгээр улс түмэн бол биеэ дааж, эрчимтэй хөгжин байсан билээ" гэсэн маш зөв зүйтэй дүн шинжилгээ хийсэн байна.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Аббасидын эзэнт гvрэн /750-1258 он/


750 онд Арабын зєнч мэргэн Мухаммедийн євєг Аббасаас гаралтай угсааныхан Омейядуудыг тvлхэн унагааж, Араб дахиныг эзлэн, Аббасидыи vе эхэлжээ.

Xaлиф нь нийт Лалын ертєнцийн "сvсэгтэн олны дээд эзэн" байхаа больж, Арабын нийслэл Дамаскаас Багдадад шилжсэн. Аббасидын vед Арабчууд ихэд хєгжин дэвшиж, Багдад хотыг байгуулагч хvчирхэг Халиф Мансур /754-775/, Харун-ар-Рашид /786-809/, Аль-Мамун /813-833/ нарын vед улам хvчирхэгжин хєгжєєд Мутатид /892-902/ Халифын vед сvр хvч нь буурч иржээ. Байнгын цэрэг нь 160000 хvнтэй, Ираны нєлєє ихтэй ноёд Везир хэмээх сайдын албыг хашиж, татвар татах Перс аргыг хэрэглэж байв.

Тvрэг-сельджукууд 1055 онд Багдад хотыг эзлэн авчээ. 1258 онд Чингис хааны ач Хvлэгv хааны их цэрэг 2 сая хvн амтай Багдад хотыг эзлэн аваад, 500 жил оршин тогтносон баян тансаг Аббасидын эзэнт улсыг мєхєєж, Ильхаант улсыг vvсгэн байгуулсан билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, December 1, 2008

Хятадууд vгийн утгыг хэрхэн гуйвуулдаг вэ


Хятад хүн өөртөө ашигтай л бол түүхийн ямар ч үнэнийг үнэмшилтэйгээр гуйвуулж чаддаг. Тэд үгийн утгыг гуйвуулахдаа тухайн баримтын 10 хувийг өөрчилж 90 хувийг хэвээр үлдээдэг боловч үнэн хэрэгтээ утга нь 90 хувь хувирсан үр дүн гардаг. Нэгэн жишээгээр үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая.

Сүүлийн үед Төвдийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орох тутам “хятадууд төвдүүдийг хэрхэн Xятадын салшгүй нэг xэcэг болох” талаар улайран зүтгэж, ямар ч үнээр хамаагүй худал хуурмаг баримтаар дүүрсэн үй олон ном бичиж, янз бүрийн баримтат кино хийж дэлхий нийтийн тархийг угаахыг санаархаж байна.

“Хятадын Төвдийн сүм хийдүүд” нэртэй гурван анги баримтат киног англи хэл дээр гарсныг үзлээ. Уг кинонд Лхас хотын Далай ламын Будалын (Потала) ордны нэрийг тайлбарлахдаа Поутоула нь Гүенжиен (бодьсатва) гэсэн хятад үгнээс гаралтай гэжээ. Гэтэл 1844-46 онуудад Монгол, Төвдийн нутгаар аялсан Францын католик шашины номлогч хоёр лам Лхасад очсон тэмдэглэлдээ; “-Потала ордон нь Будда-ла буюу Эрхэм дээд Бурхан гэсэн утгатай пали (санскрит) хэлнээс гаралтай үг” гэж монгол, төвд лам нараас сонссоноороо тайлбарлажээ. Ла гэдэг үг одooгоор төвд хэлэнд эрхэм, гуай гэсэн утгa илэрхийлсээр байна.

Хятадууд түүхийн үнэнийг нэг үгэн дээр гуйвуулснаар тухайн нэвтрүүлгийн утга “Төвд бол Хятадаас гарал үүсэлтэй юм” гэсэн агуулгатай болжээ. Уг баримтат кинонд Будалын ордон хэрхэн баригдсан тухай, монголчууд түүнд яаж оролцсон тухай нэг үг дурдсангүй. Тэр хэсгийн түүхийн үнэнийг төвдүүд балартуулсан байж болно. Төвдүүд хэдий тэгэж залжин зан гаргасан ч өөрсдөө хятадуудад залгигдсан нь харамсалтай хувь заяа юм даа.

Үнэндээ Будалын ордныг барих үед Төвдийг Гүүш хаан захирч байсан ба 5-р дүрийн Далай Ламыг жанч халсныг нууцлаад ордноо барьсаар байжээ. Түүнээс хойш 10-аад жилийн дараа Гүүш хаан таалал төгссөн хэдий ч түүний их хатан Будалын ордныг барьж дуусгасан байна. Будалын улаан, цагаан ордыг барьж дуусаад Далай ламын таалал төгссөнийг түмэн олонд анх зарласан байдаг. Энэ талаар нэг ч өгүүлбэр уг нэвтрүүлэгт ороогүйгээр барахгүй 3-р дүрийн Далай ламыг Манжийн хаан хүлээн зөвшөөрсөн мэтээр дурдав. 3-р Далай Ламын үед Манж улс хараахан байгуулагдаагүй байжээ. Энэ мэтээр хятадууд дэлхийн ард түмний тархийг худал, зохиомол үзэл суртлаар угааж байна.


Ер нь 70-аад оноос хойш гарсан хятад ном зохиолүүд худал суртлаар дүүрэн байдаг учир манай судлаачид аль болохоор 60-аад оноос өмнө бичигдсэн хятад судалгааны материалыг эхэлж үзсэний дараа тэдгээр үзэл суртлаар бичигдсэн материалаас хэрэгтэйгээ ялгаж авах хэрэгтэй. 1960 оноос хойш бичигдсэн хятад ном зохиол ашиглаcaн барууны судалгааны материалуудад ч бас шүүмжтэй хандаж, ялгаж салгаж ойлгох нь чухал байна.

Америкийн Си-Эн-Эн телевизийн сувгын нэгэн нэвтрүүлэгч хятадууд луйварчин, залилагч хэвээрээ л байна шүү дээ гэж хэлээд ямар их эсэргүүцэлтэй тулгарав. Хятадуудын хуудууг хэлж ч хүртэл болохгүй болох нээ одоо.
.
Ш.Баатар
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Япон Цэнд гэгч хэн байв?


"Хамаг бүхэн хаалттай
Хатуу чанд заалттай" ч "эв хамтын ертөнцийг" бай­гуулах уриатай асан түрүү нийгэмд өөрөөр сэтгэснийхээ горыг амсан амьдралаараа, бүхий л насаараа хохирсон зол заяагүй хүний нэг нь Хан Хэнтий нутгаас гаралтай "Япон" хэмээх Цэнд байжээ. Зохиолч Лом­бын Нямаа "Ийм хүн Хэнтий нутагт ойрын зуун жилд дахин төрөхгүй" гэсэн байдаг. "Амьд ододтой хөө­рөлд­сөн алтан хором" ном туур­висан, яруу найрагч Б.Гал­­сансүх, Б.Одгэрэл на­рын багш энэ хүн өөрөө Мон­голдоо томоо­хонд тооцог­дох сэхээтэн гэдгийг уншиг­чид мэдэх байх. "Хэнтийн япон Цэнд гэдэг хүний тухай битүү хатуудуу бас нэлээд нууцал­сан аястай яриаг эрх­лэгчийн­хээ (ардын уран зо­хиолч С.Эрдэнэ) ам­наас сонсч би­лээ. Тэр сонин хүний тухай "Утга зохиол, урлаг" сониндоо тавья гэхэд эрхлэгч гунигтай атлаа хө­хиү­нээр "Тэр ч бид­ний давдаг даваа биш байх аа. Гэхдээ япон Цэнд мар­тагдахгүй ээ. Түү­нийг ямар ч гэсэн дурсах цаг ирнэ гэж хэлсэн нь чихэнд одоо ч сонсогдох шиг" гэж хэл бич­гийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билэг­сайхан дурссан байдаг.

Б.Цэнд хууч­наар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон ван­гийн хо­шуу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон голын зүүн эргийн Сүл­жээ гэдэг газар 1928 онд мэндэл­жээ. Хэлмэг­дэж, на­саа­раа нутаг заагдсан энэ хүн эдүгээ амьд сэрүүн байсан бол наян настай байх байжээ. Япон хэмээн олноо алдарш­сан Худай Балжмаа­гийн Цэн­доог яруу найрагч, судлаач Н.Да­рам­загд "Мон­голын Лео­нардо да Винчи" гээд сэтгэгч, фи­зикч, одон оронч, зураач, зурхайч, цаг уурч, яруу най­рагч, судлаач, хэл шинжээч, толь зохиогч, эмч, инженер, зохион бүтээгч, ирээдүйг зөгнөгч гэх мэт олон талаас нь нээж харуулахаар зорьж байгаа аж. Цэнд "18 настайдаа 18 хэл сурна" хэмээж англи, орос, япон, герман, франц, хятад зэрэг хэлийг сурсан гэдэг. Германд сурч байсан, нэрт эрдэмтэн О.Намнандорж түүнтэй дотно нөхөрлөж, хөлс өгч хэвлэ­лийн зураг зуруул­даг байж. Түүний япон гэгдэх болсны учир нь хятад, япон хэл сурч байхдаа олзны япон офице­руудтай танилцан, япон хув­цас өмсч дэгжирхдэг байс­­­­наас үүдэлтэй аж. Тэ­рээр "социализм, коммунизм гэдэг чинь ор үндсээрээ худлаа байна, манай улс Оросын колони болжээ" гэж ярих болсноор До яамны ногоон малгайтнуудын ха­раанд өр­төж эхэлжээ. 1950 оны арваннэгдүгээр сарын 13-нд түүнийг улс төрийн хэрэгтэн хэмээж дайчлан баривчилсан байна. Хэрэгт сэжиглэгдэх үндэслэл нь гэрээс нь олдсон хятад, япон, англи, орос хэл­ний толь би­чиг, ном зохиол, Манжийн газрын зураг, гер­ман атлас, америк сэтгүүл зэрэг болжээ.

Харгис Чин­гэсийг өмгөөлсөн үндэсний үзэлтэн, Зөвлөлт-Монголын ард түмний ган бат най­рамдлыг үгүйсгэсэн гэсэн шалтгаанаар 10 жилийн ялаар шийтгүүлсэн Цэнд Японы Квантуны армийн хурандаа, эрдэмтэн Такао, хөгжмийн зохиолч Г.Бирваа, домогт баатар Дандар нарын гадаад, дотоодын нэр бүхий хүмүүс­тэй хоригдож байсан агаад Дандар баатрын хамт Тэрэлж голоор сал урсгах ялын ажил хийж байсан байна. Цэнд "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэ­мий. Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэм­шил­тэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй" гэж ярьдаг сэтгэгч нэгэн байсан гэдэг. Монголын нэрт эрдэм­тэн "Дубна" Содном гэдэг хүн түүнийг Биндэрт нутаг зааг­даад байхад нь очиж уулзаж байсан баримт байдаг. "Дуб­на" Содном хэдэн жилийн дараа Цэндэд захидал, ЗХУ-ын шинжлэх ухааны сэтгүү­лийн хамт илгээж "Таны ярьж байсан зүйл батлагдахад төдгүй болж байна. Үүнийг энэ сэтгүүлээс үзээрэй" гэсэн байжээ. Ямартаа ч, Цэнд тулгуур физикийн шинэ нээлт хийж байжээ гэдгийг эл ба­римт нотолно.

Билгүүн номч Б.Ринчен 1966 онд их хааны нутгаар аялаад буцахдаа "Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой гэж үнэн юм. Бин­дэрт нэг тийм "эрдэнэтэй" таарлаа. Япон Цэнд гэж хэд хэдэн хэлтэй, эрдэмтэй залуу байна. Надтай явсан герман оюутантай германаар зэгсэн сайн ярьж байна, бас ном бүтээлтэй ч хүн юм. Би гадар­лаж бас доторлох учраас хэл шинжлэлийн юм л түүнтэй жаахан ярилаа. Харин Их Наран улсын "овогт" тэр хүн одон орон, бодос зүй гээд өвгөн намайг өрхгүй сансрын өөд авч "нисчих" гээд мэдэх­гүйн мянган шалтаг, айхын түмэн зовлон тоочиж байж, тэр түг түмэн од дунд нь төөрч талийчихалгүй шуу эсэн мэнд ирлээ" гэж намтар наргиан хослуулан ярьж байжээ. Цэнд өөрөө одон орны дуран хий­сэн байсан гэнэ. Харамсал­тай нь түүний астрономийн дуранг НАХЯ-ныхан ховор ном судрынх нь хамт хурааж аваад өгөөгүй аж. Хожим харин академич Б.Чадраа түүнд одон орны дуран бэлэг­лэсэн байна. Тэрээр " Наран дээр ионжиход гурав хоногийн дараа дэлхийн цаг агаар мууд­даг" гэж хэлж байсан гэхээр үнэхээр гайхам­шиг­тай. Цаг уурын "амьд лавлах" байсан гэж нутгийн­хан нь одоо ч дурсан ярьсаар. Цаг уурын байдлыг урьд­чилан мэдэж болох тооцоолол бүхий хүрд хийсэн нь яг тохирдог байжээ. 1980 оны мичин жилийн хавар болсон их цасан шуургыг тэрээр бүтэн сарын өмнөөс мэдэж нутгийнхандаа хэлж байжээ. "Эсэргүү" Цэндийн үгийг үл тоосон соц нийгмийн дарга нар сүүлд амаа барьж байсан гэлцэх. Энэ тухай нь Биндэр сумын иргэн Д.Бат-Очир на­рын хүмүүс батлан өгүүлдэг байна. С.Нарангэрэл хэмээх хүний яриагаар бол "үсэн мэдрэмжтэй япон баро­метр" ч түүний даруухан гэр лабор­иторид байжээ.

Түүний зураа­чийн авьяас эрт тодор­сон гэдэг. Ямар сайндаа л мар­шал Х.Чойбалсантай нүүр тулан уулзсан даруйдаа бай­гаа байдлаар нь барсгар цоо­хор нүүртэй зураад үеийнхээ хүүхдүүдэд үзүүл­тэл цааш матагдаж "Хайрт удирдагчийг муухайгаар зур­лаа" гэж хэ­рэгт орохоо шахаж байх вэ дээ. Нэрт гүүш Г.Амар шог зураач В.Одгийвээс ямар шавиа онцолж хэлэх вэ гэхэд "Япон Цэнд л байна даа. 1943 оны өвөл Хэнтийгээс цагаан хөдсөн дээлтэй нэг хүү ирсэн юм. Багшийн сургуулийн дэр­гэдэх зураачийн бүлгэмд би оруулж өгсөн. Юм юманд авьяастай, маш сэргэлэн хүүхэд" гэж дүгнэсэн байдаг бол соёлын гавьяат зүтгэл­тэн, шог зураач Ц.Байды "Миний нэг танилтай япон Цэнд танил байсан юм билээ. Түүнийг хичээл зааж байхад нь Цэнд ирж уулзаад гарахдаа хүүхдүүдийг нэг гүйлгэж хар­чихаад гарч гэнэ. Тэгээд төд удалгүй эргэн орж ирээд өөрийг нь 20 гаруй сураг­чидтай нь зурсан зургаа өгөөд гарч л дээ. Өөрийг нь ч яахав мэдэх хойно зурдаг юм гэхэд хорь гаруй хүүхдийг зэрвэс хараад тэгтлээ адил­хан зурна гэдэг яавч эгэл жирийн хүний ой биш, суут хүний ой. Би энэ Цэндтэй танилцах сан гэж бодсоор яваад амжсангүй" гэж харам­сан өгүүлсэн нь бий.

Бин­дэрийн хүн ардын олонхи нь Цэндээр гэрэл зургаа даруул­сан нь одоо ч айлуудын жаа­занд байгаа нь лавтай. Гэхдээ, гэрэл цахилгаан байх­гүй үед тэрээр лааны гэрэлд зураг угаах технологи бий болгосон байжээ. Энэ Цэнд гэдэг хүний алдар нэр тухайн үедээ хэ­тийдсэн нэгэн байсан гэлтэй. Ардын уран зохиолч Д.Пүрэв­дорж "Би 1950 онд хотод орж ирсэн.Тэр үед хотын сэхээт­нүүдийн дунд япон Цэнд гэдэг хүн их яригддаг, нэр нь их сонсогд­дог байсан. Оргоод Япон руу гарчихжээ гэх цуу ч гарч байсан" гэсэн байдаг. Тэгвэл, эх орондоо ихийг сурч, мэд­лэг боловсролоо улс олондоо зориулна гэж бодож явсан түүний авьяас билгийг тоол­гүй­ хэлмэгдүүлснээр тэрээр 1990-ээд он хүртэл улс төрийн чанга чандлалд тарчилж байжээ. Юутай ч, уугуул нутаг нэгт Н.Дарам­загдын судалгааны олон талт бүтээл япон Цэндийг хожим хойчийнхонд нээх нь дам­жиггүй юм.

Л.Батцэнгэл
дэлгэрэнгvйгээр цааш унших...
МОНГОЛ ШАШИН


Шашны асуудлыг манайхан зориглож ярьдаггүй юм. Ярихгүй байх нь асуудлыг шийдэх арга огт биш. Энд л манай нийгмийн сэтгэлгээний хамгийн эмгэнэлтэй бөгөөд эмзэг асуудлууд байдаг юм. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлье.

Уламжлалт шашны хандлага. Муу социализмын үед манай олон мянган лам нарыг харгислан алж, шашныг маань хяхан хавчиж байсан. Тэр үед л шашин, төр сайхан хөгжиж байсан юм. Одоо л бүгдээрээ “уламжлалт” шашнаа нэг сайхан хөгжүүлье гэсэн нэг том хандлага бий. Нийгэм доторх “нийгэм” болтлоо хэт тэлэлтэд орсон, дараа нь удаан хугацаагаар “нөөшлөгдсөн” байсан шашныг “уламжлалт” ёсоор нь сэргээх асуудал туйлын хүнд юм. Шарын шашинд ч гэсэн “ёс” хэмээн нэрлэдэг хоорондоо тэрсэлддэг олон урсгал бий. Тэднүүд нь бараг бүгдээрээ ороод ирчихэж.
Уламжлалт бус шашны хандлага. Манай хоцрогдлын гол шалтгаан нь хирээ ч угааж чадахгүй, нийгэмд тустай хөдөлмөр үл хийдэг, гадаад (түвд) хэлээр номлодог шарын шашин юм. Иймээс гаднаас “Христийн” шашныг оруулж ирнэ гэх том чиглэл бий. Гэтэл бидний Христийн гэж ойлгодог шашин нь хар мянган чиглэлээс бүрддэг аж. Тэр болгоныг нь оруулж ирсээр байтал Монгол Улс христийн чиглэлийн шашны бараг бүх урсгалуудын “хогийн сав” болж байна.
Бөө мөргөлийн хандлага. Чингисийн үед бөөгийн шашин байсан болохоор бид бараг дэлхийн талыг эзэлсэн. Энэ муу шарын шашныг Хятадууд хэзээ хойно Түвдээс оруулж ирээд Эзэнт гүрэн доройтсон юм. Тэгчихээд уламжлалт болоод байхдаа ч яахав. Одоо “жинхэнэ” уламжлалт бөөгийн шашнаа хөгжүүлнэ ээ, энэ тэр гээд “Бөө судлалын Академи” хүртэл байгуулж Монгол орон бөө, удган зайрангуудаар пиг дүүрэв. Одоо захын дураак чамайг “хараана шүү” гэж айлгадаг болж байна.

Энд л хамаг холион бантан болж байна даа. Нарийн яривал дотор нь инээдтэй, хөгийн, ямарваа шашин, түүний голлох үзэл санаатай огт үл нийцэх шууд бизнес шинжтэй, мунхруулгын олон зан үйл тогтож, энэ нь улам олон хүнийг хамарч байгаад хамаг лай ланчиг оршино.
Төрийн тэргүүнээсээ эхлээд уул овоо тахиж, суварга босгож, Бурхан босгох, сэрэг дүр бүтээх зэргээр шашны ажил хийгээд давхиад байхаар эхлээд бүх дарга нар нь, дараа нь иргэд нь хүртэл суварга босгоно гэж дайрах хүртлээ балайрдаг юм байна.
Төр шашныг хослон барьсан Богд хааны үед Отгон Тэнгэр, Хан Хэнтий, Богдхан гэсэн гуравхан уул тахидаг байсан бол одоо Монголын төр албан ёсоор 10 гаруй уул тахиж байна. Ингэхэд одоо чинь XXI зуун мөн үү, үгүй юу ?
Энд би аль нэг шашны сайн муу, үнэн худлын тухай ярихгүй, харин нийгэмд дэлгэрсэн хэлбэр, тогтолцооны гажиг, түүнийг арчаагүй төр шиг юмнаасаа эхлээд жирийн луйварчид хүртэл хэрхэн ашиглаж байгааг талаар өгүүлэх юм.

Ер нь ингэхэд шашин “хөгждөг” үү ?

Олон хүнтэй уулзаад үзэхэд шашныг угаасаа огтын хөдөлгөөнгүй, угаасаа байсан мэтээр төсөөлдөг юм байна лээ. Үнэн хэрэг дээрээ тийм биш л дээ. Шашин бол ямагт нийгэм дотор байдаг бөгөөд түүний бий болох, сэргэн мандах, бууран доройтох зэрэг нь бас л нийгэмтэйгээ холбоотой байдаг. Үүнийг нотлох нь илүүц зүйл болно.
Түвд гэхэд л Буддизмыг Энэтхэгээс авчирсан. Үүнээс өмнө Түвдэд бон (бумба ?) хэмээх бөөлөг маягийн шашин байсан бөгөөд дотроо хэд хэдэн урсгалтай байсан. Өөр ч олон шашин (урсгал) байсан юм билээ. Гэхдээ хөгжлийн явцад Түвдийн буддизм бие даасан шашин болж хувирсан. Харин ч шашин нь төртэй хэт холилдсоноос болж Түвдийн шашин улс төрийн тэмцлийн түүх болж хувирсан. Манайд ч гэсэн Түвдээс шарын шашин орж ирсэн боловч олон жилийн явцад монголжиж, шашны ном эрдмээрээ монголчууд тэднээс илүү гарч чадсан. Үүнийг YIII Богдын үйл ажиллагаа, нэр хүнд ил тод харуулдаг.

Тэгэхээр Буддын шашны Их Хөлгөний сургааль Түвдэд, улмаар Монголд, зарим талаар Хятадад нэвтэрсэн нь хэн бүхэнд ойлгомжтой атал хэрхэн яаж өөрчлөгдөж, хөгжиж ирснийг хэн ч сонирхдоггүй ба үүнийг тун цөөхөн хүн мэддэг юм. Мэдэхгүй юмаа чалчих нь монголчуудын хувьд бараг өвчин болтлоо хөгжчихсөн юм л даа. Харин шашны халхавчаар эдгээр улсуудад улс төр, угсаатны томоохон зөрчил, дайн самуун болж, санаанд багтамгүй их цус урсгасан нь харин бодит баримт юм.
Шарын шашин ч гэсэн олон “ёс”-той бөгөөд тэдний дотроос Богд Зонховын (1357) үндэслэсэн гелүгва ёс буюу “шарын шашин” нь монголд голлох үүрэгтэй байсныг хүн бүр мэднэ. Гэхдээ Богд Зонхов ч гэсэн сургаалиа оргүй хоосноос зохиочихоогүй бөгөөд түүний үндэс нь Атиша-гийн (XI зуун) үндэслэсэн гаадамбын ёсноос үүдэлтэй юм. Түүний гол сургааль нь “Бодь мөрийн зэрэг” бөгөөд “Дөрвөн үндэсний мөрийн биеийг төгсөөр номлосон их шашдир Очирдара мөрийн зэрэг”, “Парчины аугаа их номлол Сайн номлолын алтан эрхэс”, “Үндсэн билгийн их тайлбар ухааны далай” зэрэг 300 гаруй зохиол болно.

Тэгэхлээр эртний Энэтхэгийн, Түвдийн болон Монголын шашнууд мэдээжийн хэрэг ихээхэн ижилсэлтэй, холбоотой боловч түүхэн хөгжлийн явцад тун их ялгаатай болсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бараг л бие даасан, үл хамаарах шинжтэй болчихсон болов уу даа.
Харин эдгээрийг бүгдийг нь хольчихоод “уламжлалт шашин” гээд суугаад байвал хүнийг гэгээрүүлэх нь битгий хэл өөрсдөө ч толгой нь эргэчихдэг юм л даа. Ямар ч гэсэн шашин нь хэрэв олигтой бол нийгмээ өөд нь татна, утгагүй бол задраадаг гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Харин шашныг сайн муу аль тийш нь залах нь эхлээд нэн түрүүнд төрийн асуудал байх ёстой. Одоо бол ч төр нь ч, шашин нь ч үнэхээр балайрч өгч байна л даа…
Ер нь бол гаднын шашныг “ялахын” тулд өөрөө “олигтой” байх ёстойгоос гадна маш хурдан өөрчлөгдөж буй нийгэм, нийгмийнхээ ухамсарт нийцсэн “шинэ” үйл ажиллагаа явуулж таарна биз дээ. Шашин нь ном сургаалийнхаа хувьд биш юмаа гэхэд хэлбэр, зохион байгуулалтын хувьд цаг ямагт хөгжиж, өөрчлөгдөх жамтай.

Эртний шашнаас одоо хүртэл…

Аливаа шашин үүсч дэлгэрээ л бол заавал эсрэг хүчин буюу “буруу номтныг” төрүүлдэг жамтай. Энэ нь аль ч шашинд хамаарна. Яагаад Буддизм Их болон Бага Хөлгөн гэж, яагаад Христийн шашин католик болон үнэн алдарт, улмаар католик болон протестант гэж, яагаад шарын шашин “улаан” болон шар” гэж хуваагдаг вэ ? Мэдээж энэ нь нийгэм, улс төр, угсаатны хөгжлийн явцтай ихээхэн нягт холбоотой. Зарим хүн хэдэн лам буу халж сууж байгаад шал дэмий “нэг юмнаас” болж муудалцаад салаад явчихсан мэт төсөөлдөг нь үнэхээр өрөвдөлтэй.
Эрт дээр үед хүн төрөлхтөн одоогийнх шиг нягт суурьшиж, мэдээллийн галзуу хурдтай байгаагүй боловч эдийн засгийн болон үзэл санааны ихээхэн өргөн харилцаатай байжээ. Y зуунд Византийн үеийн үнэн алдарт шашнаас “буруу номтон” болж салсан несториан шашин Дорно дахин, ялангуяа Хятад, Монголд ихээхэн нөлөөтэй байсан юм. Хэрэйд, Найман хоёр л лав энэ шашныг шүтэж байсан. Тэгэхлээр энэ нь нэлээд эртнийх болж таарнаа даа.

Мөн Мани гэгчийн үндэслэсэн манихейн шашныг Уйгарын хаан албан ёсных болгосон байдаг. Энэ нь ч гэсэн тэр үедээ христийн үндсэн урсгалын гол дайсан, “буруу номтны” шилдэг жишээ байсан юм.
Мөн Хятадын Ляо-Цы энэ шашинтай холбоотой байсан бөгөөд Тан улсын сүүлийн үе хүртэл оршин байсан мэдээ байдаг. Зөвхөн энэ хоёр жишээнээс үзэхэд христийн шашны эртний урсгалууд Монгол нутагт эрт дээр үеэс оршин байжээ. Хүн гүрний үед ч байсан байж болох бөгөөд учир нь манихей I зууны үед үүссэн юм.
Ийм олон шашин холилдон байхад ямар нэг харилцан нөлөөлөлгүй байх магадлал маш бага юм. Эдгээр эртний шашныг нэгэнт капиталист болчихсон одоогийн Христийн сургаалиудтай адилтган үзэх нь огт буруу юм. Тэр тусмаа Эзэнт гүрний үед Христийн шашин “мандаж” байсан гэж хөөрцөглөх нь их эргэлзээтэй. Ямар ч шашин “буруу номтноо” өөрийнхөө тоонд оруулддаггүйг бодолцоод тэр шүү дээ.

Ингэхлээр “цэвэр” шашин олох болон мандуулах эрмэлзэл бол ердөө л тэнэг хэрэг болох нь бөгөөд асуудлын энэ талыг одоо судалж буй хүн монголд л лав байхгүй. Байсан хэд нь өнгөрчихсөн юм л даа. Ганц шашин байлаа гээд төсөөлөөд үзэхэд ч тэр нь өдий олон зуун жил болоход ямар нэг өөрчлөлтөд орж л таарна биз дээ…

Эртний Монголд бөө байсан уу ?

1891 онд Оросын буриад эрдэмтэн Дорж Банзаров “Харын шашин” (Черная вера) хэмээх ном бичиж Петербург хотноо хэвлүүлсэн юм. Мэдээж энэ хүн том эрдэмтэн байсан хэдий ч монголчуудыг 1) тэнгэр, 2) газар, 3) гал, 4) бусад бурхад буюу тэнгэрүүд, 5) өнгөрсөн хүмүүсийн сүнс буюу онгон зэргийг шүтдэг гэж үзжээ. Ийм олон зүйлийг зэрэг шүтдэг шашин гэж байдаггүй билээ. Заавал аль нэг нь гол, бусад нь туслах шинжтэй байх ёстой. Эсвэл олон шүтлэг зэрэгцэн орших ёстой.
Бараг энэ үед Оросын Н.Веселовский хэмээх эрдэмтэн “Оросын он дарааллын бичиг дэх татаарын шашны тухай” гэсэн номыг 1916 онд хэвлүүлжээ. Тэрээр монголчуудыг бөө мөргөлтэй байсан гээд
1) аль ч бүдүүлэг шашинд байдаг гал,
2) нар ба сар (энэ талаар Д.Банзаров дурдаагүй),
3) бут сөөг,
4) дээдсийн сүнс онгоныг шүтдэг гэж бичжээ. Яагаад энэ хоёр номыг дурдаад байна гэхээр бусад нь эндээс их бага хэмжээгээр одоо болтол хуулаад байгаа болохоор л ингэж байгаа юм.
Энд үй олон асуулт гарч ирнэ. Монголын бөө нар ямар сүнстэй харьцдаг байсан бэ ? Үхэгсдийн сүнс үү, аль эсвэл Этүгэн-газрын сүнс үү ? Удган хэмээх нь этүгэн хэмээх үгнээс гарсан байх. Дараа нь бөөгийн харьцдаг сүнснүүд гол бурхан болох Тэнгэртэй ямар харьцаатай вэ? Яагаад бөө нар гол Бурханд мөргөдөггүй, тэр ч байтугай түүнийг үгүйсгэдэг юм бэ ? гэх мэтчилэн…

Ер нь түүхэн сурвалжуудад монголд эрт үеэс шашин байсан тухай олон баримт бий. Гэхдээ эдгээр нь бүгдээрээ адилхан бөө байсан гэсэн нэг ч нотолгоо байхгүй юм. Ер нь түүхэн цаг хугацаанд аваад үзсэн ч, аливаа юмс үзэгдлийн өөрчлөгдөх шинж чанарыг аваад үзсэн ч НТӨ III зууны Хүнчүүд, НТ YI зууны Түрэг, XIII зууны Монголчууд, тэр ч байтугай XIX-XX зууны бөө мөргөлийн зан заншлыг цөмийг нь хольчихож болохгүй биз дээ.
Манайхан ч холихоор барахгүй бараг хүн үүсэх үеэс бөө мөргөл байсан гэж нотолж, бас хар мянган онгон бүхий бөө, удган, зайрандаа даруулж ядаж байна. Тэр ч байтугай төрийн зайран гэсэн шинэ албан тушаал гаргачихсан давхиж явна.

Чингисийн үеийн “Мөнх Тэнгэр” бол монголчуудын гол ганц шүтээн байсан бөгөөд бусад нь “туслах” шинж чанартай зүйлс байсан нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл тэр үеийн Монголын шашин шүтлэг одоогийн бөө мөргөлтэй төстэй юмаар тун бага байсан гэж хэлэх бүрэн үндэслэл бий. Түүхэн сурвалжуудад Тэнгэр, Газар хоёрыг голдуу хамт авч үзэхийн хамт Тэнгэрийг газаргүйгээр олон удаа хэлж, харин Газрыг Тэнгэргүйгээр огт хэлдэггүй байсан нь анхаарал татдаг юм. Мөнх тэнгэр нь эрчим хүчний асар их оргилолт өгдөг зүйл байсан байх…
Эртний монголын, тухайлбал XIII зууны үеийн шашныг бөө мөргөл (шашин) гэж үзэх үндэслэл тун бага байна. Бөө мөргөл бол практик болохоос биш, номлол огтхон ч биш юм. Ямар ч гэсэн хүнийг ч эмчилдэг, бүх хувь заяаг нь хэлж өгдөг, бас үүнтэйгээ нэгэн зэрэг төрийн шашин болдог бөө мөргөл гэж байдаггүй л юм билээ. Бөөг төртэй тэрсэлдэхээр нь нуруугий нь хугалаад хаячихдаг байсан биздээ.

Эзэнт гүрний задралын улмаас Монголын баруун хэсэг исламыг, дорнод хэсэг буддизмын авсан учраас эртний Монголын шашин бараг алга болсон. Энэ үед шашин шүтлэгийн жинхэнэ системийн оронд тухайн үедээ дарагдаж байсан бөө мөргөл дахин бий болсон буй заа. Ямар ч гэсэн одоогийн бөө мөргөл бол эртний монголын шашинтай огт адилгүй л юмдаг.

Христчүүд

Ардчиллаас хойш манайд Христчүүд бөөн бөөнөөрөө гарч ирэв. Бид л мэдэхгүй болохоороо бүгдийг нь “Христийнхэн” гээд байгаа болохоос биш, чиглэл, урсгал, сект, культ гэх мэтчилэн 3000 гаруй “шашин” байдаг гэдгийг дөнгөж саяхнаас л ойлгож байна. Зарим нь бүр нууц нийгэмлэг маягаар үйл ажиллагаа явуулдаг, хувь хүнийг нийгмээс тусгаарлан ганцаардуулдаг, амь насанд нь халгаатай гээд маш олон асуудал тарих шинжтэй. Тэдний зарим нь өөр хоорондоо таагүй хандана, заримдаа бүр дайсагнаж ханддаг юм байна.
Хэрэв олигтой төр байдаг бол бүгдийг нь судлаад нийгэм болон хувь хүнд хор хохирол учруулж, ганцаардуулдаг, бас аюултай үйлдэл хийдгийг нь зарлах, хаах, оруулахгүй байх гэх мэтийн олон арга хэмжээ авдаг юм билээ л дээ.

Нийгэмд олон ургальч үзэл дэлгэрч байвал сайн л биз гэж олон хүн хэлнэ байх. Гэхдээ насанд хүрсэн 1,3 сая монголчуудад Өрнө, Дорнынхтойгоо нийлээд 4000 шахам “шашин” оруулах ч арай дэндэнэ ээ.
Энэ бол Монгол Улсын төрд үндэстнээ нэгтгэх цогц үзэл санаа ор тас байхгүйг харуулж байна. Н.Энхбаярын “Үндэсний хөгжлийн Цогц Бодлого”-д л лав энэ асуудал ор тас байхгүй. Оюун санааных нь орон зай хоосон болохоор хэн ч гэсэн тэрийг нь эзлэхийг бодно биз дээ. Миний бодлоор шашин нь үзэл санаа, үзэл суртал, номлолын цогц байхаас гадна хамгийн гол нь үндэсний шүүлтүүрээр дамжсан байх ёстой. Энэ нь уламжлалт болон уламжлалт бус бүх шашинд хамаарна.
Намайг тал талаас минь хараана гэдгийг би сайн мэдэж байна. Гэхдээ энэ маргаанд наад захын мэдлэггүйгээр битгий оролцоосой гэж хүсэж байна. Шашин шашнаа өмөөрөөд “солиороод” байвал ямар ч асуудал шийдэгдэхгүй, хоосон хэрүүл л болно.
Том гүрний том үзэл санаа болох Тэнгэр яагаад ч ор мөргүй алга болдоггүй учраас монголчуудыг “Тэнгэр нь хаячихаагүй” гэдэгт би итгэж байгаа юм аа…

Судлаач Д.Ганхуяг.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ШАМБАЛ

Монголд Шамбал, Шамбалын орон, Шамбалын дайн гэдгийг сонсоогүй хүн байхгүй л болов уу. Харин Шамбалыг Европын талаас зурж, судалж, шинжлэх ухааны таамнал (гипотез) дэвшүүлж, энэ дагуудаа бодит үйл ажиллагаа явуулж алдаршсан ганц хүн хүн нь Николай Константинович Рерих (1874-1947) юм. Гэхдээ манайд түүнийг зураач, аялагч эрдэмтэн гэж голдуу төсөөлдөг. Гэтэл сүүлийн үеийн баримтуудыг үзээд байхад Рерихийн хоёр удаагийн экспедици маш том зорилго агуулж, Монголтой тэр үед ч, одоо ч ихээхэн холбоотой байгаа юм. Гадаадад Рерихийг судалдаг олон зуун институт, байгууллага одоо ид ажиллаж байна. Харин монголчууд бид л байдаггүй. Зөвхөн өнгөц ажихад л энд маш олон “нууцлаг юм” олон байгаа нь мэдэгдэж байна. Манай А.Баатархуяг намайг “албадсан”, бас сонирхон судлах зүйл олон байгаа учраас энэ өгүүллийг бичив. Гэхдээ өнөөгийн соёлт уншигчид юу юугүй Шамбалын орныг хайгаад явчихгүй гэдэгт би найдаж байна. Хэрэв уншигчид хүсэх аваас нэлээд хэд хэдэн цуврал бичих санаатай.


Орост хувьсгал ялж коммунизмыг дэлхий дахинд түгээх шинэ түүхэн нөхцөл бий болов. Энэ нь Монгол-Сибирийн “том” улс байгуулах, Оросын “дорноджих” номлолоор нөхцөлдсөн бололтой. Азийн ард түмнүүдийн холбоо маягийн улс байгуулах үзэл санааг тэр үеүдэд Н.М.Пржевалький, П.Бадмаев, Оросын барон Агваандоржиев, барон Унгерн, генерал П.Н.Краснов нар дэмжиж байсан олон баримт байдаг. Харин Рерих бол энэ үзэл санааг шууд хэрэгжүүлэгч болсон байна.
Энэ үед Японы нөлөө асар ихссэний улмаас Өвөр Монголд тусгаар тогтнол олгох хөдөлгөөн эхэлсэн бөгөөд энэ нь Рерихийн “тусгаар улс” байгуулах үзэл санаатай давхцсан мэт байна.

Эхлээд Н.К.Рерих монгол үндэстний нэгдмэл улс байгуулах уриан дор бий болсон “хувьсгалт панмонголизмын” хөдөлгөөнийг дэмжиж байсан Банчин Богдтой холбоо тогтоосон бололтой. 1932 оны “эсэргүү бослогын” үеэр Банчин богд Монголд ирж, Шамбалын дайн болно гэсэн цуурхал оргүй хоосноос үүсээгүй юм. Энд зориуд дурдахад Рерихийн экспедицийг АНУ-ын маш олон байгууллага дэмжиж байсан нь сонирхолтой юм. Ар Монголд Рерих болон түүний экспедици дэх америкчууд панмонголизмын голлох үзэл сурталч Цэвээн Жамсрановтой шууд харилцаа тогтоосон байна. Монголд асар их нөлөөтэй байсан дээд лам нарыг өөртөө татахыг Рерих төдийгүй Орос, Япон, Хятад улсууд ихээхэн сонирхож байсан нь баримт юм.
Бараг энэ үед Шинжаанд 1930-аад оноос “Исламын бие даасан Улс байгуулах” уйгаруудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлж, энэ бүс нутагт ойлгомжгүй, тогтворгүй байдал бий болжээ. Оросууд энд “Түвдийн бодлого”-ыг хүчтэй болгох гэж оролдож эхэлсэн байна. Ухаандаа Дорнод Туркестаны болон Османы асуудал, Монголчууд түүнд тусалсан, Байтаг Богдын байлдаан зэрэг нь үүнтэй дам боловч холбогдоно гэж үзэж байна. Рерихийн анхны экспедици Шинжаанд нэлээд байсан нь тохиолдлын хэрэг биш л болов уу.
“Белуха” хэмээх америкийн корпораци Рерихийн экспедицийг санжүүжүүлж байжээ. 1924 оны 12 дугаар сард Рерих Оросын бүрэн эрхт төлөөлөгч Н.Н.Крестинский болон дорно дахины орнуудыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Г.А.Астахов нартай Берлин хотноо хэлэлцээр хийсэн нь мэдэгдэж байна. Үүний үр дүнд буддизмын тугийн дор Орост азийн ард түмнүүдийг нэгтгэх, “Дорнын Холбоо” (шинэ улс) байгуулах төлөвлөгөөг хэлэлцжээ.

Рерихт “Америк дахь Оросын хөдөө аж ахуйн товчоо”-ны эрхлэгч Д.Н.Бородин тун идэвхитэй тусалснаар Рерих 1925 онд Париж дахь Оросын бүрэн эрхт төлөөлөгч Л.Б. Красинтай уулзсан байна. Энэ үйл ажиллагаанд дээр дурдсан АНУ-ын “Белуха” корпорацийн Л.Л.Хорш, М.М.Лихтман нар оролцжээ.
Цаашаа бүр ч сонин юм болжээ. Рерих 1926 оны 6 дугаар сард Орост ирж Гадаад хэргийн ардын комиссар Чичерин, Гэгээрлийн ардын комиссар А.В.Лунарчарский нартай уулзаж 10 зүйл бүхий өөрийнхөө хөтөлбөрийг танилцуулжээ. Энэ хөтөлбөрийн гол санаа нь “буддизмыг ленинизмтэй холбох”, дэлхийн нийтлэгийн төгс эрхэмлэлийг багтаасан, будда-коммунизмын үзэл суртал бүхий “Нэгдмэл Ази” улс байгуулах явдал байжээ. Энэ үед Рерих “Шинэ Улс” байгуулах явдлаа ЗХУ-тай холбон үзэж, Английн эсрэг байр суурьтай байсан нь тодорхой байна. Манай Цэвээн Жамсранов Рерихийг бишрэн үздэг байсан ба тэрээр “Бурхны сургааль лениний сургааль хоёр адилхан” гэж хэлсэн нь зүгээр ч нэг үг биш, бодвол Рерихээс гарсан санаа болов уу даа. Түүнчлэн Рерих Б.Цэрэндорж болон МАХН-ын баруун жигүүрийнхэнтэй нягт холбоотой байсан нь ихээхэн сонирхолтой бөгөөд цаашид нягтлууштай баримт юм.
Ингээд Рерихийн анхны экспедици 1927 оны 4 дүгээр сард XII Далай ламтай уулзахаар аялалд гарчээ. Гадна талаасаа энэ экспедици уран сайхан- археологийн нэртэй байсан авч, “Барууны буддистуудын холбоо”-ны дипломат үүргийг гүйцэтгэж байсныг Рерих хожим нь тэмдэглэлдээ үлдээжээ. Тэд Гималайн ууланд бараг л “там”-ыг туулсан бөгөөд Далай ламтай уулзаж чадаагүй юм. Энд англичууд ихээхэн нөлөөлсөн нь тодорхой байдаг юм. Хажуугаар нь Чапчаев гэгчийн толгойлсон өөр нэг “улаантны” экспедици гарч ирж хамаг юмыг бантан болгож орхижээ.

1926 онд Рерих Алтайн экспедици зохион байгуулж, “Дорнын ариун холбоо” хэмээгдэх Монгол–Сибирийн улсын ирээдүйн нийслэлийг байгуулах газрыг хайж байсан нь ихээхэн сонирхолтой юм. Тэд Алтайн баруун өмнө байх Белуха уулын хавьд энэ газрыг хайж байсан ба америкийн “Белуха” нийгэмлэг Оросын гадаад хэргийн ардын комиссар Б.Н.Мельников, дотоод яамны М.А. Трилиссер нартай нөхөрсөг харилцаатай байсан байна.
Чухам энэ үед л Рерих буддын олон лам нартай ярилцаж, Шамбалын орны тухай олон зураг (нийтдээ 600 гаруй зураг буй) зурж, “Азийн зүрх”, “Туяаран буй Шамбал”, “Алтай-Гималай” зэрэг олон ном, бас аян замын асар их тэмдэглэл хөтөлсөн байна. Тэр Шамбалд хүрэх зам, түүний түлхүүрийг хайж байсан нь илэрхий. Дорно дахины нууцад түүн шиг гүнзгий нэвтэрсэн европ хүн одоо болтол байхгүй л байгаа юм даа.
Түвдэд орж чадаагүй Рерихийн гэр бүл АНУ-д 1934 оны хавар хүрсэн байдаг. Эндээс эхлээд бүр ч илүү сонирхолтой, “оньсого” шиг адал явдал эхэлдэг юм. Тэрээр теософийг үндэслэгч Е.П.Балаватская-тай дотно холбоотой болж, хөрөг -зургийг нь зурж өгч байжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн демартаментаас зохион байгуулсан Манжуурын экспедицийг (1934-1936) Рерих толгойлсон байдаг. Энэ үед тэрээр франц дахь орос цагаачид, түүний толгойлогч генерал Н.Н.Головинтай холбоо тогтоосон байдаг. Дашрамд дурдахад генерал Головин Алс Дорнодын байлдааны талбарыг нэвтэрхий мэддэг цөөхөн мэргэжилтний нэг байжээ.
Энэ үе чинь Хасан нуур, Халхын гол гээд дэлхийн хоёрдугаар дайны нэгэн эхлэл болж байсан нэн түгшүүртэй үе шүү дээ. Энэ үед түүний экспедици ургамал судлаад явж байсан байдаг юм.

Ямар ч гэсэн Рерих Японы цэргийн яамны сайд Хаяшитай албан ёсны уулзалт хийж байжээ. Түүнчлэн Рерих Манж-Гогийн эзэн хаан Пу–И-тэй уулзсаныхаа дараа Азийн “шинэ байгуулалтын” талаар улам ч их сонирхох болжээ. Бүр ч их сонирхол татах баримт нь Рерих Ванчин Богд болон Дэ ван нартай биечлэн уулзсан байдаг юм.
АНУ-ын хөдөө аж ахуйн яамны сайд Г.Э.Уоллес Рерихийг бишрэн шүтдэг байсан агаад 1933 онд “Дайн болон зэвсэгт мөргөлдөөний үед соёлын дурсгалуудыг хадгалан үлдэх” Рерихийн санаачлагыг дэмжин түүнийг олон улсын Пакт болгоход тус болсон байна. Энэ нь одоо ч гэсэн хүчинтэй байдаг.
Асар удалгүй япончууд Рерихийн эсрэг нэлээд сүрхий суртал нэвтрүүлгийн компани өрнүүлсэн нь анхаарал татдаг юм. Энд ч гэсэн Рерих “Шинэ Улс” байгуулах хүслээ орхиогүй бөгөөд харин ч “Канзас” хэмээх төсөл санаачлан ажиллаж байжээ. Энэхүү “Шинэ Улс”-ыг Уайт, Мейз нар “Монгол” гэж, харин Уокер “Сибирь” гэж тайлбарласан байдаг. Харин Рерих болохоор энэ улсаа “Сибирийн”, “Монгол–Сибирийн”, заримдаа “Азийн штат” гэж ч нэрлэж байжээ.
Ямар ч гэсэн энэ “Улсын” газар нутагт Орос, Монголын Алтай, Шинжаан, Умард Түвд, Өвөр Монгол зэрэг орж байсан бололтой.

Ер нь энэхүү Манжуурын экспедици болон “Канзас” төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Д.Рузвельт сайн мэдэж, дэмжиж байсан бөгөөд энэ нь Рерихийн 1934-1935 онуудад Рузвельтэд бичсэн захидлуудаас илт харагддаг юм.
Гэтэл улс төрийн бололтой шалтгаанаар Нью-Йоркийн музейн захирлуудын зөвлөлийн дарга Л.Л.Хорш, сайд Г.Э. Уоллес, Ерөнхийлөгч Ф.Рузвельт нар татгалзах болсноор Манжуурын экспедици үйл ажиллагаагаа зогсоожээ. 1935 онд “Чикаго Трибьюн” сонинд Монголын хилийн дэргэд энэхүү экспедици цэргийн бэлтгэл хийж байна гэж мэдээлснээс болж АНУ-д ихээхэн шуугиан дэгдсэн ба энэ нь экспедицийг зогсоох шалтгаан болсон байж магадгүй юм.
Гэлээ ч гэсэн Рерихийн үзэл санаа мөхөөгүй бөгөөд дээр дурдсан Л.Л.Хорш бас нэг “Монголын төсөл” боловсруулсан бөгөөд үүнийгээ “Шинэ Канзас” гэж нэрлэсэн байна. Гэвч ч энэ монголчуудгүй болон Рерихгүйгээр үл гүйцэлдэх зүйл болон хувирчээ.
Рерих 1927 онд Өргөөд байхдаа “Буддизмын үндэс” хэмээх ном бичсэн бөгөөд хожим нь ЗХУ түүний санааг дэмжихээ болимогц үүнийгээ “Амьд суртахуун” (Живая этика)-ны сургааль болгосон ба одоо энэ нь ертөнцийг үзэх үзэл-номлолын томоохон системийн нэг болж Монголоос бусад дэлхийн ихэнхи оронд сонирхон судалж байна.

Рерих 1947 онд Энэтхэгт нас барсан бөгөөд өтөл насандаа Орост амьдрах зөвшөөрлийг гуйсан боловч Оросууд зөвшөөрөөгүй юм. Харин түүний хүү Ю.Н.Рерих 1957 онд Орост ирсэн бөгөөд яагаад ч юм ЗХУ-ын ШУА-ийн профессор болсон байна.
Рерих болон түүний гэр бүлийн үйл ажиллагааг судалдаг төвүүд Монголоос бусад дэлхийн өнцөг булан бүрт байна. Рерих Шамбалын оронд нэвтрэх “шидэт чулуу” юмуу өөр ямар нэг “түлхүүр” хайж байсан нь тодорхой бөгөөд энэ нь шинжлэх ухааны хүрээнээс халин гарах юм. Гэхдээ А.Баатархуяг ямар нэг юм олсондоо л “чулуу”-ны тухай бичээд байгаа болов уу даа. Шамбалын орон байхгүй юмаа гэхэд Атлантида зэрэг өнө эртний соёл иргэншил байж болохыг хэн ч үгүйсгэхгүй буй за.
Шамбалын орныг биш юмаа гэхэд К.Н.Рерихийн үзэл санаа, үйл ажиллагааг монголчууд бид нэлээд ултай судлах ёстой л байна даа.

Судлаач Д.Ганхуяг
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: