Sunday, July 20, 2008

Доголон Төмөр


Түүниий жинхэнэ нэр нь Төмөр. Энэтхэгээс Бага ази хүртэл асар уудам нутгийг байлдан дагуулж Ертөнцийг байлдан дагуулагч хэмээн алдаршсан Төмөрийг (1336-1405) өрнө дахинд Тамерлан нэрээр нь андахгүй. Нэгэн тулаанд шарх олсоны улмаас доголон болсоноор түүнийг ийн дуудах болжээ. Бас багадаа хүнд өвчин туссанаас ч доголон болсон гэдэг. Мэдээж хэрэг амьд ахуйд нь ойр тойрныхноос нь хэн ч ингэж дуудаж зүрхлэхгүй байсан нь ойлгомжтой.

Угсаа гарал

Монголын түрэгжсэн Барлас овгийн Төмөр нь 1336 онд Трансаксонийн Кеш тосгоны ойролцоо (Узбекстан) овгийн ахлагч Тарагайн гэрт мэндэлжээ. Энэ үед Цагаадайн удмын хаад бие биенээ халаад төв засаглал нилээд суларсан цаг үе байлаа. Багаасаа л ихэмсэг хүүхэд байв. Дандаа удирдагч, жанжин болж тоглодог бөгөөд бусад хүүхдүүдийн тоглоом наадааныг цаг үрсэн ажил мэтээр үзэж шатар тоглож, яруу найраг сонирхдог байжээ. Морь унахдаа эрэмгий байсан учраас тэр үед аавынх нь нулимс дуслуулан хэлсэн үгс их Александерын түүхийг санагдуулам байдаг.
Барлас болон Жалайр овгууд бол Цагаадай хааныг дагаж Туркестаны нутагт ирсэн овог,аймгуудын хоёр нь юм.

Төмөр ба Цагаадайн улс

1350-аад онд гэхэд Төмөр өөрийн ах дүүс, садан төрлийнхөнтэйгээ Трансаксоныг хуваан захирчээ. Ерөнхийдөө Цагаадайн улс хоёр хэсэгт бутарсан байв. Моголистаныг Дуглатын эмирүүд, Трансаксоныг Баян Сүлдүс тус тус захирч байжээ. 1360 онд Моголистаны дуглатын язгууртанууд өргөмжилсөн Цагаадайн улсын эзэн байсан Эсэнбух хааны хүү гэлцдэг Туглагтөмөр цэргийн хамт Трансаксонид цөмрөн орж ирэв. Бүх язгууртанууд түүнийг эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Төмөрийн авга ах Хажибег ч түүнийг хаан гэж үзсэн боловч айн зугтсан байна. Энэ нь Төмөрийн хувьд завшаан болж авгынх нь газрыг Туглаг-төмөр хаан түүнд захируулахаар өгчээ. Дараа жил Цагаадайн хаан нилээд хатуу цээрлэл ноёдод үзүүлж заримыг нь цаазлав. Харин сэргэлэн, зоригтой Төмөр хааны угсаа залгамжлах хүү Ильяс Хожагийн шадар туслагч болов. Гэвч өөрийг нь илүү том албан тушаалд томилох байх гэж найдаж байсан Төмөр өөр хүнийг баруун гарын ноёноор томилсон Туглаг төмөрт хилэгнэв. Ийнхүү бослого гаргатал Төмөрийг нутгийн ард түмэн идэвхтэй дэмжсэнгүй. Төмөрт зугтах л үлджээ. Эхнэр, өөрийн шадруудаа авч тэнүүчилсээр ууланд Нэгүдэр овгийн Хазаган (Казаган) эмирийн ач хүү, өөрийн эхнэр Ажайн ах Хуссейнтэйгээ учрав. Тэр бас хаанаас нуугдан тэнүүчилж байжээ. Өлсөх, даарах, нөхөддөө хаягдах, дээрэмдүүлэх гээд олон бэрхшээлийг туулсаар тэр хоёр өөрсдийн тойрон хүрээлэгчдийг бий болгож чадсан байна.

Алдрын зам

Овжин аргаар цагаадайн ноёдын цайз бэхлэлтүүдийг цөөн боловч чамгүй тоотой цэргийнхээ хүчээр эзэлж эхлэв. Трансаксониас хаан хүү Ильяс-Хожагийн монголчуудыг хөөж чаджээ. Нэгэн гол дээр болсон тулаанд Илья-Хожа өөрийн хаан эцэг Туглаг-төмөрийг нас барсан мэдээ авсанаар цэргээ Моголистанруу татжээ. Энэ нь Хуссейн, Төмөрийн хувьд амрах завшаан олгов. Гэвч удсангүй Цагаадайнхан дахин дайрч хэд хэдэн хотыг эзэлж, хоёр эмирийн цэргийг ялжээ. Золоор орон нутагт монголчуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж, бүслэлт хийж байсан Цагаадайн улсын цэргүүдийн дунд халдварт өвчин гарсанаар дундад ази Моголистаныхнаас ангижирч Ильяс-хожа Цагаадайн улсыг нэгтгэх мөрөөдлөө үүрд алджээ.
Хуссейн Маверенхарыг эмир цолтойгоор өмнөх түрэг ноёдын адил Цагаадайн удмын тоглоомон хаадын өмнөөс захирч байв. Гэвч түүний бодлогогүй, цаваан зан нэр алдарт дуртай Төмөрт саад болж байсан нь тодорхой. 1370 онд Төмөр Хуссейныг түүний хүүхэлдэй хаан Кабул шахтай нь хамт хороогоод улсыг дангаар удирдах болов. Гэхдээ л тэр өөрийгөө Хаган буюу хаан гэдэг цолоор чимэж зүрхэлсэнгүй. 1368-1369 онд бусад ноёдоос болгоомжлохдоо Өгөөдэйн удмын Сюргатимишийг хаан хэмээж өөрөө түүний эмир болсон байна. Гэвч хаан титэмгүй жинхэнэ эзэн нь Төмөр байсан юм.
Төмөр ойр хавийн уулын афгани овгуудтай дайтаж, зүүн Ираны Сарбадаруудыг буулган авч багагүй газар нутагтай болсон.

Төмөр ба Алтан орд

1359 оноос Зүчийн улсад хаан ширээний төлөөх тэмцэл өрнөж нэгэн цагт хүчирхэг байсан тус гүрнийг хямралд оруулжээ. Гэхдээ Цагаан ордны Урус хаан Алтан ордыг бараг нэгтгээд байв. Үүнд нь эсэргүүцэл үзүүлсэн өөрийн садан Туйхожаг хороожээ. Түүний хүү Тохтамыш Төмөрлүү зугтсан байна. Төмөр түүнийг хил дагуух хотуудын захирагчаар томилсон боловч үүнийгээ эзлэх ёстой байв. Энэ бол Төмөрийн алсын хараатай бодлого байсан юм. Тэрээр дотроо зүчийн удмын хүнийг хаан болгосоноор Алтан ордыг хараатаа болгож, газар нутгаа өргөжүүлэхийг хүсчээ.
Тохтамыш түүнээс цэрэг авч 3 удаа Цагаан ордныхонтой тулалдсан бөгөөд сүүлд Төмөр өөрөө цэргээ удирдаж Уруст цохилт өгөхөөс нааш ялж үзээгүй байна. Шинэ хаан 1381 онд Алтан ордны нэгдмэл байдлыг сэргээж дараа жил нь татвар төлөхөөс тээршааж байсан Москвагийн вант улсыг шатааж 10,000 оросуудыг цаазлав. Ийнхүү 2 жилийн өмнө оросууд Куликовын тулаанаар монгол-татаруудыг ялсан нь тус болсонгүй. Төв болон өмнөд оросын бүх ван ноёд Тохтамышд сөгджээ.
Эрх мэдлийн оргилд хүрсэн Тохтамыш өвөг дээдсийнх нь эртнээс санаархаж ирсэн Өвөр кавказруу довтлож тонож дээрэмдээд буцжээ. Харин удалгүй энэ газар Төмөрийн цэргүүдэд эзлэгдсэн билээ. Гэвч дахиад л үүнийг үл тоомсорлон Төмөрийн дарангуйлалыг үзэн ядсан гүржийн вантай холбоо тогтоон Тохтамыш Азербайжанруу цөмөрчээ. Энд тэр Төмөрийн моголчуудтай (персээр Монгол гэхийг Могол, Могул гэдэг) тулалдав. Төмөрийн том хүү Жахангирийн туслах цэрэг амжиж ирсэнээр Алтан ордны армийг ухраажээ.

Тохтамышийн олзлогдсон цэргүүдийг Төмөр хооллож, хувцаслаад ихэд энэрэнгүй хандаж дахин ийм алдаа гаргахгүй байхыг эзэнд нь анхааруулаад буцаажээ. Тохтамыш Чингисийн удмын хүн байгаагүй бол тэр ингэхгүй байсан биз ээ.
Гэвч Тохтамыш Төмөрийг өрнөд перст Жалайрынхан болон Хар хонь, Цагаан хонь түрэгүүдтэй байлдаж байх зуур хорезмруу дайрч Самаркандыг бүсэлжээ. Төмөр даруй цэргээ татаж тэднийг ухраав. Ингээд хурилдай зарлаж Алтан ордруу дайрах шийдвэр гаргасан.
1394 онд Төмөр цэргүүдтэйгээ Хибчакын зэрлэг тал дундуур 2720 км замыг туулан Ижил мөрөн дээр Тохтамышийг гүйцэж ялжээ. Хэт хол удаан явсанаас цааш түүнийг хөөсөнгүй орхиж нийслэл Самаркандад буцав. Төмөр энэ удаа дайснаа дутуу үнэлсэн ч байж мэднэ. Тохтамыш Крымд хүчээ дахин бөөгнүүлж эхэлжээ.

Иймд перс дэхь Түрэг, монгол гаралтай эздийн байгуулсан улсуудад хүчтэй цохилт өгөөд Кавказаар дамжин Хипчакийн хаант улсруу дайрав. Замдаа бослого гаргасан Гүржийн вант улсыг хатуу гэсгээн цээрлүүлээд Тохтамышийн ард түмэнийг хүйс тэмтрэх аймшигт аянаа цааш үргэлжлүүлэв. Астрахан, Сарай хотыг эвдээд улам цааш аялж Азовьд очив. Крымийн хойгт 1280-аад оноос хойш Мөнхтөмөр хааны зарлигаар хэд хэдэн боомт хот эзэмшиж байсан Италийн Генуя хотын худалдаачид түүнд ая тал засаж угтсан боловч Төмөр дээрэмдэн, галдан шатаасан юм.
Цааш давшиж байсан Төмөрийн арми Оросын Ельц хотод тулж тус бяцхан хотыг эзлээд вангуудыг нь олзолжээ. Энэ үед Оросууд бусад европын орнуудтай нийлж түүний эсрэг загалмайтны аян дайн хийх тухай ярилцаж эхэлсэн байв. Тэдний азаар Төмөр эргээд явж замдаа Булгар, Аланчуудыг хядаад дундад азидаа буцсан.
Тохтамышийг Литваруу хулжин зугтсаны дараа Алтан ордын хаан ширээнд Төмөрхүтлүгийг гаргажээ. Төмөр одоо хойд хил дээр айх аюулгүй болов. Гэвч Кастилийн элчийн захианаас үзэхэд тэр шинэ хаанд төдий л итгэхгүй байсан бололтой.
Тохтамыш 1405 онд Төмөрөөс уучлал гуйж эвсэхийг хүсэн элч илгэжээ. Төмөр зөвшөөрөн үнэн сэтгэлээс бууж өгвөл дахин нэг мужын захирагч болгоход бэлэн буйгаа мэдэгджээ. Гэвч тэр хоёр ахиж уулзаж чадаагүй юм.

Энэтхэг рүү

Энэтхэгт хийсэн Төмөрийн аян дайн бол түүний хамгийн харгис аян дайнуудын нэг байсан юм. Энэ үеэс түүний хүний гавлын ясаар пирамид босгосон домог түгсэн билээ. Өмнөд персийн Мансур шагийг ялсаны дараа фарс, кирманы ард түмэн үүнийх нь золиос болсон юм.
Тухайн үеийн Делийн султант улс хямралд орсоныг Төмөр ашиглажээ. Умард хэсэгт хүчээ төвлөрүүлсэн Делийн султант улсын лалууд нь уугуул Хиндучуудтай мөргөлдөхөөс гадна хаан ширээ булаалдсан тэмцэлд татагдан орсон байв.
Төмөрийн арми 1398 оны 9-р сард Инд мөрөнг гаталсаны дараа Дели хот хүртэл ямар нэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсангүй. Зам дагуу хот, тосгодын шатаан, ард иргэдийг нь хүчирхийлсээр байсныгаа тэд буруу номтон Хиндичуудтай хийж буй ариун дайн гэж үзэж байв. Гэхдээ тэр цагт мусульман Насир-ад Дин Мехемуд султан тус орныг хаанчилаж байсан юм. Нийслэл Делийн гадна султаны армийг ялж хотыг нь дээрэмдэж, тоноод газрын хөрснөөс арчив. Султан нь зугтсан байна. Харин түүний олзлогдсон 100,000 хүнийг Төмөр цаазалжээ.
Энэтхэгээс олзолсон байлдааны заануудыг Төмөр хожим том тулаануудад ашигладаг байв.

Баруун хязгаарыг төвшитгөсөн нь

Жалайрын улсын эзэн Ахмед Тохтамыш, Оттаманы султан, Мамлюкүүдтэй Төмөрийн эсрэг холбоотны гэрээ байгуулсан боловч тэрээр хорогдох газаргүй болтлоо Төмөрийн армид нутгаа алдсаар байв. Түүний дээр Тохтамыш ялагдсан явдал одоо түүнрүү бүх анхаарлаа хандуулах боломжийг Төмөрт олгожээ. Оттаманы туркийн султан Баязид Ахмедийг аврах гол хүч байлаа. Адилхан Аллахыг шүтдэгийн хувьд тэр хүчирхэг хаантай дайтах чин эрмэлзэл Төмөрт байгаагүй юм. Хувь заяаны эргүүлэг л тухайн үеийн баруун азийн хоёр гол хүчийг хоорондоо дайтахад хүргэсэн. 1399 онд Төмөр сирирүү цөмөрч мамлюкийн томоохон армийг ялаад Дамаск, Аллепог эзлэн авчээ. 1400 онд армени, гүржийг дахин түйвээгээд бага азийн хилд өнгөлзөх болов. Ийм аюултай нөхцөлд оттоманчууд Балкан дахь байлдан дагуулалтаа зогсоож цэргээ эх нутагруугаа татаж эхэлжээ. 1401 онд Жалайрын улсын Ахмедаас Багдадыг булаан авч 20,000 иргэдийг нь хядаж, хотыг түймэрджээ.
Дараа жил нь Оттоманы туркийн Баязид султан өөрийнх нь нутагруу хүрч ирсэн Төмөртэй Анкара хотын ойролцоо түүхэнд Анкарын тулалдаан хэмээн алдаршсан том тулааныг хийжээ. Үүний дараа Оттаманы эзэнт гүрэн нэг хэсэгтээ зогсонги байдалд орсон юм. Баязид султан олзонд байж байгаад нас баржээ.

Сүүлчийн аян дайн

Хятадын Мин улсын эзэн хаан Хонъву (洪武帝) Хубилайн угсааныханы их Юан улсын залгамжлагч болсон гэж өөрийгөө үзэн 1370-аад оноос хуучин Их Монгол улсын эзэмшилд байсан улс түмэнд хараат болохыг шаардсан элчсийг илгээжээ. Үүнийг бас Монголын хаадаас ч давхар шаардаж байсан юм. Эхэндээ Төмөр эгдүүцсэн боловч үүнийг хүлээн авсан байна. Нанжин дахь засаг захиргаанд 3 удаа татвар төлжээ. Гэвч ертөнцийг байлдан дагуулагч хэмээх алдарыг хүртэж, Чингисийн эзэнт гүрнийг дахин сэргээхийг хүссэн Төмөрт энэ нь доромжлол мэт санагдсан юм. Мин гүрний цэргүүд монгол нутагт аюул учруулж, олон монголчуудыг хүйс тэмтэрсэнийг ч тэрээр дуулсан нь гарцаагүй.
Төмөр өөрийн итгэлт нэгэн жанжинг элчээр илгээж Монголын Энх хаантай холбоотны гэрээ байгуулжээ. Үүний хариуд Энх хаан Төмөрийн асрамжинд хожим Умард Юан улсын хаан Өлзиий Төмөр хэмээн алдаршсан ач хүү Буянширыг илгээв. Самаркандаас хил хүртэл бүх замыг аян дайнд зориулж сайтар бэлтгэсэн байна. Ач хүүгийнхээ найран дээр олон ноёдыг цуглуулж хятадад Лалын шашныг дэлгэрүүлье хэмээсэнд эмир, ноёд бүгд дэмжив. Өмнө нь ч Төмөр Кастилийн вангийн элчийн доогуур хятадын элчсийг суулгаж үгээр доромжилж байсан юм. Дайн зарласанаас хойш Хятадууд хил дагуу бэхлэлтээ чангалж, дайнд бэлтгэж эхэлсэн байна. 1405 онд цэргээ авч Хятадын Мин гүрэнтэй дайтахаар явж байгаад Бухар хотын орчимд өөд болжээ. Амьсгал хураахын өмнө үр удамд нь жанжид, ноёдоос нь үнэнч байх тангараг авч, ач хүү Пир Мухаммедийг гүрний хаан ширээг залгамжлуулахыг захисан байна. Ийнхүү Их цэрэг эзэн хаанаа оршуулахаар нийслэл Самаркандруугаа буцаж Хятад орон бас нэгэн аюулаас аврагдсан түүхтэй.

Төмөрийн өв

Байгуулсан эзэнт гүрэн нь бараг Төмөртэй хамт үгүй болсон. Хэдийгээр Төмөрийн үр удам нэг хэсэгтээ хүчирхэг байсан боловч тэдний хоорондын хэрүүл,тэмцэл хаан ширээний маргаанаас болж Хар хонь болон Мохаммед Шейбаны Узбекүүдийн шинээр гарч ирж буй хүчинг эсэргүүцэх чадваргүй болжээ. Цагаадайнхан ч үүнтэй зэрэгцэн тэдэнд аюул учруулах болсон аж. Харин түүний удмын Бабур 16-р зуунд энэтхэгт гарч Их Моголын эзэнт гүрэнг үндэслэжээ. Мэдээж Төмөр Чингисийн эзэнт гүрэнг дахин эмхлэн байгуулахын төлөө зүтгэсэн ч уг хоёр агуу суутны хооронд асар их ялгаа байсан юм.

Өнөөдөр энэ түүхэн хүний тухай ярихдаа янз бүрээр шүүмжлэлтэй хандаж байна. Зарим нь түүнийг харгис хэрцгий залхаан цээрлүүлэгч мэтээр бичсэн байхад бурхан мэт шүтэх нь ч бас байна. Үзбекчууд түүний гал голомт болсон Маверанхар, Трансаксонийг сахиж сууснаараа Төмөрийг үндэсний баатар гэж үздэг билээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Wednesday, July 9, 2008

Цогтын цагаан байшингийн үлдэгдэл, гэрэлт хөшөө


Халхын Цогтхун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын туйр одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг бөгөөд түүний дэргэд босгосон монгол, төвд бичигтэй хөөшөө чулуунаа "Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд эгшнөрчүүд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой /1617/ жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" гэсэн бичээс бий.


Байшинг бяцхан товцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй, хятад дээврийн ваартай байжээ. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд хүн ам оршин сууж байсны гэрч юм. Цогтын Цагаан байшингхуучин барилгын суурь дээр барьж хэрмийн доод хэсгийг чулуу өрж тэхий дундаас дээшийг тоосгоор үйлджээ.


Хэрмийн хэмжээ нь баруун урдуураа 119, зүүн урдуураа 208, зүүн хойгуураа 109, баруун хойгуураа 203 фут. Цагаан байшингийн барилгууд өнгө өнгийн паалантай гоёмсог цэцэг чимэгт ваараар чимэглэгдсэн байв. Цогтын Цагаан байшинг 1889 онд Клеменц нар 1889,1895 онд үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн бөгөөд 1894 онд Георг Хут тэнд босгосон хөшөө чулууны монгол, төвд бичээсийг герман орчуулгын хамт нийтэлжээ. Мөн 1933-34 онд оросын эрдэмтэн Д.Д.Букенич бага сага малталт хийж шинжилсэн тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Аваргын балгас


Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Аварга Тосонгийн рашаан сувиллаас урагш, Аваргын голын хойд хөвөөнд, Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дээр эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Судлан үзэхэд хотын барилгуудын гадуур нь хүрээлсэн ерөнхий хэрэм байхгүй, нийтдээ 4,5 ам км талбай эзэлнэ. Хотын үлдэгдэл нь нийтдээ дөрвөн хэсгээс бүрэлдэх бөгөөд эдгээр нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрмүүд болон орд харшийн барилга юм.


Рашаан дэрсний ухаа

Гар урлал тариалангийн хороолол нь суурин-гийн зүүн хэсэгт, барилга бүхий гурван гудамж, бусад эмх замбараагүй барилгын үлдэгдлүүдээс бүрдэнэ. Хөрс шороонд ихэд дарагдсан учир байшингуудын хэлбэр дүрсийг тогтоох аргагүй. Шүтээний сүм нь давхар хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд тусгайлж зассан довжоон дээр хотын төв хэсгийн хойхно байжээ. Тусгай хана хэрмүүд нь баруун хэсэгт, зүүнээс баруун тийш чиглэсэн нэп эгнээгээр байрласан. Энд 13 хэрэмт барилгын үлдэгдэл мэдэгдэнэ. Хэрэм болгоны дотор 3-4 барилгын ором бий. Ордны барилга нь бусад хэсгээсээ баруун урагш онцгойдуу байрлалтай, мөн өндөрлөж зассам шороон довжоон дээр байх ажээ. Хотын талбайд хэдэн газар малтаж үзэхэд янз бүрийн баялаг олдвор гарчээ.


Аваргын балгасын туйраас олдсон чулуун эдлэл

Гар урлал худалдааны хороололд хийсэн малтлагаар шавар ваар савны хагархай, анжисны хошуу, төмөр, яс, шавраар хийсэн жижиг эдлэлүд, бичигтэй хүрэл зоос, тариа будааны хальс, төмрийн баас, малый яс, тусгай хана хэрмүүдийн нэгээс гайгүй сайн хадгалагдсан төмөрлөг хайлуулах зуух, хайлуулсан ширэмний хэдэн хэсэг хайлш, төмрийн баас асар их хэмжээтэй, байшин дулаацуулах ханзны үлдэгдэл, шавар савны том хэсгүд, чулуугаар хийсэн янз бүрийн билүү, гуранзын зүйлс гарсан.

Шүтээний сүм болон ордны барилгын өмнөх хөрсийг цэвэрлэхэд тэдгээрийн суурь, тулгуур чулуудын байрлал зохион байгуулалт ил бопжээ. Сүмийн барилгын суурь нь 81 ам метр хэмжээтэй. Ордны барилгын 180 ам метр суурийн дээр баганын суурь 40 гарсан нь зарим нь тодорхой хэлбэр гарган зассан байв. Довжооны өмнө талд зүлгэж зассан зургаан талтай чулуун багана олджээ. Уг суурингийн үндсэн хэсгүүдийн дундах чөлөөтэй талбай нь сүмийн өмнө баяр ёслолын зан үйл гүйцэтгэх зориулалттай байжээ.

Аваргын балгас гэгдэх энэхүү эртний хотыг судалсан эрдэмтзд, малтлагаас гарсан эд зүйлсийн хэлбэр төрх, уг хотын байрлал зэргийг харьцуулан үзэж энэ нь Их монгол улсын анхны суурин орд өргөө байсан газар мөн гэж дүгнэжээ. Энэхүү суурин газар нь, дараахь үеүдэд монголын их хааны хаан сууринд суух төв болж байсан Хэрлэнгийн домогт Хөдөө аралын төв юм. Тэгээд ч өдгөө энд "Монголын нууц товчоо" зохиогдсоны 750 жилийн ойд зориулсан хөшөөг босгосон билээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханы сүм


Энэ сүм Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн баруун талын гандан хийдийн дэнжид Гандантэгчилэн хурлын дуганы архан талд хаа холоос сүндэрлэн харагддаг. 1911 онд сэтгэл энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханд зориулсан сүм босгохыг VIII богд Жавзундамба Хутагт зарлиг буулгаж түшмэл Өлзийхутаг, Зайсан лам Чойжамц нарт 1911 оны долдугаар сарын 20-нд даалгажээ.

Барилгын ажилд нийт 236000 лан мөнгө зарцуулснаас 100.000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулсан. Бурханыг 80 тохой дотор багтаан босгох тэг зураг үйлдсэнээс барилга нь шалнаас орой хүртэл 30-аад метр байхаар бодож, барилга барих 26 метр урт 24 ширхэг гуалин мод, тоосго бэлтгэх, шохой болгох гэх мэт ажлаар сүмийг бүтээн босгох бэлтгэл хийж эхлээд 1913 онд барьж дуусгасан. Энэ дурсгалт барилга, шүтээний талаар Н.М.Щепетильников 1960 онд хэвлүүлсэн "Монголын бурханы сүмд орж үзсэн тухайгаа " гадаа гэрэлд явж байгаад ороход бүрэг харанхуй болж биеийг сэрүү татуулан ямар нэгэн болгоомжилсон ёслолын нам гүм байдал эзэмдэнэ. Бүрэг харанхуйн дундаас нүдний өмнө маш том бадамлянхуа цэцгийн алтадмал дэлбүүд тодрох нь дээш харахад алтан шармал бие эрхтэн нь гялалзан сүмийн дээврииг тэтмээрээ тулсан асар том бурханы дүрсийг сэтгэн ухамсарлах завдалгүй байтал нүднээ тусах нь гайхалтай. Бурханы гар цээжиндээ залбирал хийж, үл хөдлөх нүд нь алс хязгаарт чиглэж, уруулд нь амирлангуй инээмсгэл тодрох аж .


Энэ том бурханы дүрийн хоёр хажуугаар шармалдсан гуулиар хийсэн үүлний дүрсүүд, өмнө талаар нь шар, цэнхэр өнгийн том, жижиг, дунд зэргийн хадгууд бараг бурханы дүрийг халхлах шахам байв" гэж бичсэн байдаг.



Мэгжиджанрайсэг бурханы сүм


1930 онд Жанрайсэг бурханы сүмийг засварлаж дээд давхарын цонхны жааз ба тоосгон хананы дээд төгсгөл хашлагын мод муудсаныг бүрэн сольжээ. 1960, 1968 онд Монгол, ЗХУ болон БНХАУ-ын уран барилгачид тус тус хэмжилт судалгаа хийж нэлээд нарийвчилсан судалбар зураг гаргажээ. Эдгээр судалгааны үед уг сүмд зүүн урагш ихээхэн хазайлт үүссэнийг тогтоож, хазайлтыг засаж хэвийн байдалд оруулан бэхлэх хэдэн аргыг дэвшүүлсэн боловч зөвхөн өнгө будгийн болон алтан шармал чимэглэлүүдийг өнгөлөх, дахин шармалдах ажил хийсэн билээ. Мэгжиджанрайсэг бурхны сүмийг босгосноор тэр нь нийслэл хүрээний зонхилогч өнд?өрлөг болж Зүүн хүрээ, Гандантэгчинлэн хүрээ хоёрыг нэгэн орон зайд холбосон барилга уралхуйн ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж Нийслэл хүрээ гэх нэрэн дор нэгтгэн холбох болсон юм. 1996 онд Жанрайсэг бурхныг бүрнээр сэргээн бүтээж с?мийг шүтээний газар болгожээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Гандантэгчэнлин хийд


Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан.

Дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгож улмаар 1824 онд Ламрим дуган, 1838 онд Y Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчэнлин буюу "Их хот мандлын сүм", Дашчойнхор, Ядгачойлин зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам өргөжүүлж 1839 онд Цогчин дуган, 1844 онд Бадамёго, 1848 онд Жүдийн сүм, 1909 онд Гунгаачойлин, 1913 онд VIII Богд Жавзандамба хутагтад зориулж Мэгжид Жанрайсигийн сүмийг туc туc байгуулжээ. Мөн 1841 онд V Богдын Шарилын сүм, 1869 онд VII Богдын шарилын сүмийг, 1925 онд VIII Богдын шарилын сүмийг тус тус барьсан. Хийдийн хойт талд 20 суврагатай байжээ.
Тус хийдээс зургаан сүм үлдсэн бөгөөд 1944 оноос эхлэн сүмийн хурал номын ажлыг сэргээсэн билээ.

Гандантэгчэнлин хийдэд олон ховор ном судар, түүх, соёлын үнэт дурсгалт зүйлс хадгалагдаж байгаагийн дотор Г.Занабазар ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Ойродын урчууд ХYI зуунд мөнгөөр цутгасан шарын шашныг үндэслэгч Амдо нутгийн Зонховын баримал /15 кг хүнд/, зурмал болон зээгт наамал бурхны хөрөг, Энэтхэг, Төвд зэрэг газраас авчирсан баримал бурхад, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, XX зууны эхэн үед Польш, өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, Буддын мэндэлсний 2500 жилийн ойгоор тохиолдуулан 1956 онд туc хийдийн лам Дамбадаржаа, Данзан нарын бүтээсэн Шагжамуны баримал, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддийн баримал, Буддын шарилын хэсэг, Шри Ланкаас авчирсан суврага бүхий мөнгөн шүтээн зэрэг бий.


Гандантэгчэнлин хийд

Хийдийн Очирдарийн сүмийг 1840-1841 онд барьсан бөгөөд уг сүмд 1683 онд Занабазар алт, мөнгөөр бүтээсэн Очирдарийн баримал, 1000 жилийн өмнө Балбад хүрэн зандангаар бүтээсэн Локешвари бурхан, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, туc хийдийн лам Самбалхүндэв 1858 онд монгол зургийн аргаар бүтээсэн эв зохицлыг бэлэгдсэн зураг хадгалагддаг.

Эндэх Зуугийн сүмийг 1869 онд VII Богд Жавзандамба хутагтын шарилыг оршуулахад зориулан барьсан. Уг сүмд XIX зуунд Долнуурт бүтээсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа баримал, монголын уран сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр зэрэг бий. Зуу, Очирдарийн сүм ур хийцээр адил бөгөөд алтадмал ганжиртай, паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьжээ. Эл хоёр сүмийн хоорондох хүзүүвчийг 1945-1946 онд барьж их хурлын тахил, балинг бэлтгэх байр болгожээ.

Дидан-лавиран сүм буюу Y Богд Чүлтэмжигмэддамбийжанцангийн номын сан байсан сүмд 1904 онд XIII Цапай лам сууж байжээ. 1926 онд барьсан сүмд Гандантэгчэнлин хийдийн номын сан байрладаг бөгөөд тэнд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, тэрчлэн Богд Зонхов, Банчин Богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваан-балдан, Агваанхайдав, Агваандандар, Сумбахамба, Ишбалжир зэрэг монголын 70 гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм байдаг. М?н монгол, ойрд, санскрит, деванагар, пали зэрэг үсгээр алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн төвд, монгол судар олон бий.

Гандантэгчэнлин хийдэд 1958 онд Бурхны сургаалыг үндэслэсний ойд зориулан босгосон суврага, 80 хүн багтах зайтай, үндэсний хээ угалзаар чимсэн 108 уньтай, 11 ханатай гэр байдаг. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар 1981-1982 онд туе хийдийн үлдсэн сүм дуганы гадуур Гол Асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр барьжээ. Түүнчлэн 1986-1987 онд Зуугийн сүм, 1987-1988 онд Очирдарийн сүмийг, 1995 онд Жанрайсиг сүмийг сэргээн засварлаж, 1992 онд Д?йнхор дацан, 1995 онд Дашчоймбол дацанг шинээр барьсан байна.
Гандантэгчэнлин хийдийн уран барилгууд нь монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго, хөх болон паалантай төрөл бүрийн вааран эдлэлээс бүрдэнэ. Хийдийн сүм дуган, асар хаалгыг буддын шашны ёс дэглэм, зан үйлтэй холбоотой зураг, баримал, чимэглэлийг өнгө хослуулан үндэсний хээ угалзаар баяжуулан уран сайхнаар бүтээсэн байна. Сүм дуганы барилгын үндсэн гоёл чимэглэл нь алтадсан ганжир, жанцан, чойж-хорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг юм. Уламжлалт уран барилгын дурсгал Гандантэгчэнлин хийдийг 1994 онд улсын хамгаалалтад авчээ.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Чин ван Ханддоржийн өргөө


Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод бий.

Өөрийн хөрөнгөөр бариулсан энэ байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915 он хүртэл амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Цэрэндорж сууж байв.


1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1941-1948 онд туc улсын нутаг дэвсгэр дээрхи түүх, соёлын дурсгалт барилга байшинг хамгаалах, сэргээн засахтай холбогдуулж гаргасан удаа дараагиин тоглоол шиидвэрийн дагуу улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авчээ.
1973 онд түүнийг засварлаж Дүрслэх урлагийн музейн харъяа Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1975-1977 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөл, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн байна.

Гэтэл байшинг сэргээн засварлаад Театрын музей байгуулаагүй бөгөөд Хүүхэд, залуучуудын театр "Саран хөхөө" гэр театр байгуулахаар 1991 онд шинэчлэн сэргээн засварласан байна.

Чин ван Ханддоржийн байшин нь монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай юм. 7.5м х 16.0м-ийн хэмжээтэй, тоосго, модон ханатаи, модон дээвэртэй сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатаи өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Цэвэлваанчигдоржийн суврага


Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас баруун хойш Арцатын амны дунд хэрд, сумын төвөөс 10 км зайд Тахилгын Бумбат гэдэг газар энэ дурсгал оршдог.
Энэ нь олны дунд тарган бандид хэмээн алдаршсан Эрдэнэбишрэлт мэргэн бандид Шагдарцэвээний Цэвэлваанчигдорж /1836-1895/-ийн мэлмий гийсэн дурсгалт газар тул 1840 өөд онд уг суврагыг байгуулжээ. Буддын шашны суврагын хэв загвараар бүтээн босгожээ.
Мэндэлсэн газарт нь суврага босгосон Ш.Цэвэлваанчигдорж нь буддын шашны сургалтаар боловсрол олж, дорно дахины их, бага таван ухааны бүх төрлөөр 15 боть буюу сүмбүм зохиосон их эрдэмтэн байв. Түүний бүтээсэн зохиолын нэрийг энэ хэр бүрэн бүртгэж амжаагүй байгаа бөгөөд бүрэн бус мэдээгээр зуугаас хол давжээ. Эдгээрийн дотроос "Эрлэг тамын тайлбар" хэмээх 18 тамыг зурагтайгаар тайлбарласан том хэмжээний судар, "Таван хошуу малый өвчин эмгэгийг анагааж засах судар" зэрэг бүтээлүүд нь олноо ихэд алдаршжээ.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган


Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм.

Эх дагины аймгийн гэр хэлбэрт модон дуганууд. 1903 онд YIII Богдын хатан Дондогдуламын нэртэй дуганыг байгуулж Эх дагины аймаг гэж нэрлэсэн байна. Богдын хүрээний 30 аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж байжээ. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган юм. Эл дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж одоо хүртэл ашигласаар байна.


Эрхэм Тойны аймгийн гэр дуганууд. Эрхэм Тойны аймаг нь ХYII зууны эцэст байгуулагдсан боловч гэр хэлбэрт модон дуганыг 1778 онд барьжээ. Түүний анхных нь Y, YI Богд Жавзандамбын үед баригдан 300-гаад лам хурал хурж байв. Тэдгээр дуганаас үлдсэн гурван дуганы том нь 19м голчтой, 6 м өндөр, голдоо зургаан баганатай, дөрвөн цагираг нуруутай , зассан чулуун суурьтай модон гэр юм. Нөгөө хоёр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. үүний хойт жижиг гэр дуган нь 9,5м голчтой, 5м орчим өндөр, голдоо дөрвөн багана, засаагүй чулуун суурьтай, хаалга, цонхгүй зөвхөн урд жижиг гэрийг дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5м голчтой, 4м орчим өндөр, засаагүй чулуун суурьтай, дөрвөн баганатай байжээ. Вангаа аймгийн гэр дуганууд. Вангаа аймгийн гэр хэлбэрт модон дуганууд 1790 оны орчим баригдсан бөгөөд 500-600 лам хурал хурж байжээ. Хийц нь Эрхэм Тойны аймгийн том дугантай ижил бөгөөд 19 м голчтой, 6 м өндөр юм.

Улаанбаатар хотын гэр хэлбэрийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн засварласан. Одоо эдгээр дуганд Дайшчойлин хийд буддын шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байна. Зүүн хүрээний гэгдэх гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн эдгээр гэр дуганууд нь монголын үндэсний архитектурын дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авчээ. Энэ дугануудыг барихад монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн түүний орон зайн зохиомж, бүтээцийг үргүжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг.


дэлгэрэнгvйгээр цааш унших...
Жаргалантын дуган


Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилгат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890 ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дуганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төв байгаа газар авчиран барьжээ. Туc дуган нь монгол загварын сүм дуганы төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд банз модоор хийн банзыг хагас сэр хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ.


Жаргалантын дуган

Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуургадан зангидах, шаантаглаж холбох, ханыг дан банзаар хөндлөн босгох зэрэг аргаар угсран барьсан нь буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмбэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй гадуураа эргэн тойрон 6-8 баганатай, гурван үе байсан ба 1930 аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураан янзалж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Улаан сахиусны хийдийн туйр


Ноён хутагт Д.Данзанравжаа одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Рийтэд ч гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм.
Энэ хийдэд бясалгал агийн ёсны хурал хурдаг байжээ. Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны агуйтай ханаар холбож байгуулжээ. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байжээ.
Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоёр талын хадан ууланд нь дээрхи үзмэрүүдийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байжээ. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг. Хийдийн хадны агуйгаас ханаар холбогдсон дуганаас одоо зөвхөн туйр л үлджээ.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
: