Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 14-р)

Цэнгэг агаар ухаан санаа сэргээнэ

8-р сарын сүүлч, сургууль эхлэхийн өмнөхөн цаг. Энэ жил цаг агаар гандуу байгаа болохоор хот суурингийн хүмүүс цэнгэг агаартай, ногоо цэцэг багсайсан газрыг ихэд хүсэж байв. Сэрээнэндорж, Шархүү хоёр хэд хоног агаарт гарч, гэр бүлийнхнээ амраагаад ирье гэж шийджээ.Тэгээд Сэрээнэндоржийн хамаатан, машин жолооддог нэг залуугаас бид хэдийг агаарт гаргаад өгөөч гэж гуйсанд санаснаар бүтэж, “аавын цээж” хэмээх ар тал нь задгай жижиг тэргээр зугаацах болов. Энэ ч магнай тэнийм хэрэг.
Бороо хургүй, нар ээсэн тэр нэг өглөө Сэрээнэндорж гэргий Туяа, гурван хүүхдийн хамт, Шархүү гэргий Цэрмаа, хоёр хүүхдийн хамт хоёр жижиг майхан, хөнжил пүүгээ, гал тогооны хэрэгсэл ачаад, хөгжилдөн, машинд сууж шуугилдсаар Улаанбаатараас гарч Хатан Туулыг өгслөө. Жолооч хүү Зэ урьд нь энэ голыг өгсөн хэдэнтээ явж байсан болохоор зам мэднэ.
За чи биднийг шавайгаа ханатал зугаацаж болох нэг сайхан газар хүргэ дээ гэж Сэрээнэндорж тэр дүүдээ хэлжээ. Хүү их голоо өгсөн 70-80 км газар шулуухан давхисаар Уу булангаас нэлээд дээшээ, Загасчины булангийн цаад талд, голын хөвөө, ногоон ойн захын торгон зүлгэн дээр авчирлаа. Юутай амилуун зөөлөн бэ? Тунамал чийглэг агаар тэднийг угтан авч хацрыг нь илэн таалж золгох мэт. Харсан зүг бүрийд ногоон ой багшран, шувуухайд жиргэж сонсогдоно. Голын хойт биед биндэръяа чимэгтэй хадан халил нүд булааж, түүний оройгоор цагаан элэгт хүрэн тас шувууд дүүлэн нисэж нүдний хараа шалгана. Их голын ширүүн урсгалт цэнхэр ус саргиатан урсаж сувдан дусал шидэн бүхнийг чийглэн цэнгээнэ. Хаана ус элбэг байна, тэнд юм болгон цэнгэгээр амьсгалж сэтгэл баясгадаг.
Машин дээрээс хүүхдүүд буусан дороо торгон зүлгэн дээгүүр гүйлдэж шуугив. Туяа, Цэрмаа хоёр ч найман настай балчир адил хөл нүцгэлэн жиргэж бөмбөг хөөгч хүүхдүүдийн дунд ороод гүйлдэх нь сэтгэл булаам хөгжөөнтөй харагдаж байлаа. Шархүү, Сэрээнэндорж, Зэ хүү нар аяны хоёр шар майхан босгож, дунд нь газар ухан шавар зуух хийж эхлэв. Тэдний дунд “Гал алдаж түймэр тавин шуугиан тарихгүй байх хэрэгтэй”, “Хүүхдүүд ээ, усанд унахаас болгоомжилж байхгүй бол их голын эрэг гэмтэй шүү” гэсэн санамжийн үг хэлэлцэж байлаа. Тэд майхан дотор пүүгээгээ задлан, хивс газар тавина. Цэрмаа, Туяа нар хийсэн зуухан дээр хүүхдээр хуурай мөчир түүлгэн гал асааж, аяны тогоонд цай чанахдаа түргэн шаламгайгий нь магтаж баршгүй. Эдэнд юм бүхэн байгаа. Замдаа айлаас сүү, тараг, бэсрэгхэн төмөр саваар айраг авч ирсэн. Түүнийгээ Туяа усанд суулгаж хүйтэн байлгана гэнэ. Хээрийн зугаалганы ажилд хүн бүхэн оролцох дуртай болохоор тэр бүхэн нь бүтэмжтэйг өгүүлэх юун бэ?
Аялагчид сүүтэй, агаар шингэсэн халуун цай ууж, боорцог, чихэр жимс дэлгэн хүүхдүүдээ баясгаж бас ч шилний бөглөө нээгээд, дээжлэн хангай дэлхийдээ өргөж, балган суухдаа элдэв ажил явдлаа мартаж, хүссэн ёсоор толгой тархи нь амарч эхлэв бололтой.
Хөгжөөн наргианы үг хүн болгоны амнаас ундран:
Бид хоёр загасанд явлаа. Орой хоёр дахь, гурав дахь шөл буцалгаж ууна даа гэж Сэрээнэндорж хэлээд босоход, Цэрмаа ам булаалдах янзаар:
Та хоёр алдсан нь алд дэлэм, авсан нь барим гэгчээр хоёр жараахай барьж ирж чадах уу, үгүй юу. Харж л байя гэж дуугарлаа.
Туяа сэвхэрсэн борхон царайдаа инээмсэглэл тодруулан:
Манай өвгөн загасыг амаараа хэнээс ч дутахгүй барина. Ачир дээрээ чиний хэлсэн үнэн л болдог юм даа. Та хоёр хүүхдүүд битгий хоосон горьдоож үзээрэй гэв. Ийм үг сонссон хоёр хулсан уурга барьж, утас эвхээд гол руу явлаа.
Хүүхдүүд тэднийг дагахад Сэрээнэндорж хөмсөг зангидан:
Та нар хажууд очиж шуугилдаад загас үргээж орхино. Эндээ тогло. Уснаас хол байгаарай гэж зандран захиад, хоёул явж голын эрэг дээр очлоо. Тэд эхлээд дэгээгээ холхон шидэж нэлээд идэвхитэй байв. Хагас цаг ингэж биеэ усанд тольдсоноо залхуу нь хүрэв бололтой модны сүүдэрт очиж суулаа.
Шархүү янжуур асаан байгаль харж сууснаа, нэгийг санав бололтой:
Саяхан манайд ирсэн нэг мэдээнд зарим хятад хүмүүс “Монголчуудын дотор эв түнжингүй явдлыг л их өдөөх хэрэгтэй” гэж нэг нь нөгөөдөө захиж хэлсэн байх юм. Тэр хэр уршигтай үг вэ гэж асуулаа.
Сэрээнэндорж энэ асуултад баяссан юм шиг өндийж суугаад чихээ хөдөлгөн харж:
Тэр чинь манай монголчуудын араншинг судалж үзээд, манай хамгийн эмзэг талыг барьж авч хатгаж байгаа нь тэр дээ. Манай өөдгүй муу юм болгон дотроо эв эвдрэлцэн, нэг нь нөгөө рүүгээ занал дэгдээдэгээс л болдог түүхтэй шүү гэлээ.
Тэгэж л таарна даа. Бидэнд сөрөг бодлого баримталсан хүмүүс манай аль бүтэлгүй талыг л шүүрэн авч, түүнийг хөгжөөх гэж зүтгэх нь зүй.
Ээ, тэгэлгүй яахав. Чи бод доо, Шархүү! Манай оронд учирсан нийгмийн доройтол, ургашгүй муухай бүхэн хүмүүсийн хоорондын эв нэгдэл эвдэрдэгээс болдогийг түүх харуулж байна. Түүнийг манай руу өнгөлзөгч хар санаатай этгээдүүд андахгүй мэднэ. Тийм этгээдүүд тэр эмзэг талыг юуны өмнө шүүрэн авч, ил далд янз бүрийн аргаар монголчуудыг дотроос нь дэлбэлэх гэж өдөөж ирсэн. Тэр оролдлого нь тухайн цагтаа амжилтад хүрч тэднийг баясгаж ирсэн явдал ном судраар дүүрэн байгаа. Үүнийг 20,30 жил тоостой цаастай ноцолдож ирсэн хүний хувьд, сайн түүхч эцэгтэй байсны хувьд би төсөөлж ирсэн юм гэж Сэрээнэндорж хэлээд, хэсэг зуур бодлогоширсоноо:
Энэ талаар би чамайг түүхийн баримтаар цатгаж дөнгөх байх шүү гэж нэмж өгүүлэх нь сайхи хүн тэр сэдвээр ярихсан гэж хорхой нь гозгонон, тэсэж ядаж байгаа янзтай, халимагаа гэдрэг илж суув. Шархүү тэр байдалд олзуурхах янзаар:
Би ерөнхий тоймыг мэдэж байна, Сэрээнэн минь. Чи надад нээрээ түүхийн сонин баримтууд хэлж өгч, миний оюуныг жаахан хурцалж өг л дөө гэлээ.
Болох юм шүү. Чи шанд нь өгөх юмаа бодож бай гэж түүхч эр хэлээд, энэ талын баримтыг урсгасан нь сонин байв.
Түүнийг Шархүү шүлсээ залгин хорхойтон чагнаж байлаа. Тэнд усны битүү шуугианаас өөр ялаа ч нисэх чимээ гарахгүй аятай байв.
Чи бод доо! XIII зууны дунд үеэс оршин тогтносон Монголын их гүрэн Юан улсын үед 98 жил Бээжинд төвлөрөн байхдаа 11 хаан суусны найм нь дотоодын зөрчлөөр хөнөөгдсөн. Өлзийт Төмөр гурван жил хаан байгаад 1307 онд, Хайсан Хүлэг гурван жил болоод 1311 онд, Шадубала гэгээн гурван жил болоод 1324 онд, Есөнтөмөр дөрвөн жил болоод 1328 онд, Ашитхэв нэг жил суугаад 1328 онд, Хүслэн нэг жил суугаад 1329 онд, Төвтөмөр гурван жил болоод 1332 онд, Ренчинбал ердөө хоёр сар суугаад 1332 онд тус тус нүд анисан байна. За ямар байна вэ? Тэд нэг нь нөгөөгийнхээ ор ширээг булаацалдаад ингэж улс орон толгойгүй болж байж шүү дээ гэж яривал, Шархүү шүүрс алдан:
Нэг хаан алагдахад түүнийг дагаад өдий төдий хүн бас сүйрч, улсын ажил алба замбараагаа алдаж байгаа биз дээ гэв.
Энэ хоёр дээр хүүхэд гүйж ирэн, баясгалантай байдлаар инээн:
Ээж та хоёрыг ирж хоолоо зоогло. Барьсан загасаа үүрээд ирэхгүй бол муудаж орхино шүү. Бид түүнийг чинь аялуулъя гэж байна гэлээ.
За, чи бид хоёр ам алдсан. Тэгээд загасны өрөнд орж байгаа нь энэ дээ.
Өө, яахав. Хүйтэн усан дотор байвал өмхийрдөггүй гээд барьснаа голд аргамжиж орхиод ирлээ гэж тэдний амыг таглаж орхиё.
За за. Чи л энэ мэргэн үгээ хэлж үзээрэй гэж хөгжилдсөөр хоёр эр гуяа ганзгалан уургаа хоосон чирсээр гал тогоон дээр хүрч ирлээ.
Та нарын барьсан загасны гэдсийг би түүхийгээр нь идье гэж Туяа хэлээд, гал тогооны дэргэд бөөн шуугиан болов. Хүүхдүүд бас хөгжилдөнө.
Хээрийн хоолны амттайг хэлж барах арга алга. Гоймонтой халуун шөл ууж, тарган хонины махаар хийсэн шорлог, 50 гр халуун юмтай нийлэхээрээ орчлонд ховор амттай зоог болдогийг тэд үзэж хөгжилдөн байлаа. Шальсан ч үгүй дээ, таван том хүн гэхэд дөнгөж ганц лонхны ёроол үзсэн байна.
Тэнгэрт одод яралзан, сарны сүүн цагаан туяанд орчин тойрны байгаль ээлтэй өнгөөр тодрон харагдаж, голын усны урсгалын шуугиан чих баясгаж байв. Хүүхдүүд гадаа нуугдаж тоглоно. Томчуул усанд байлган хөргөсөн айргаа авчирч залгилав. Цэрмаа, Туяа хоёр түүдэг галаа сэргээж түүний гэгээн дөлөнд зэрэгцэн суугаад, аж байдлын элдэв ээдрээтэй явдал ярилцан бие сэтгэлээ зугаацуулах нь гайхалтай зүйл биш ээ.
Шархүү, Сэрээнэндорж хоёр тамхины оч гялалзуулан явж голын эрэг дээр очоод хонин чулуу сандайлан сууж, өдөр модны хаяанд хийж байсан яриагаа үргэлжлүүлэн байх нь нэн зугаатай. Тэр нь Шархүүд анчин хүн чоно буудан алж байгаагаас илүү дур сэтгэлийг нь хөгжөөж байв. Сэрээнэндорж өөрийн яриандаа “согтох” гээч болж, сэтгэлд нь түүхийн эгзэгтэй явдлууд ундран орж ирж, байн байн тамхиа сольж татаад л ... Түүхч болгон ингэж ярих сонирхолд автаад байдаггүй ч сонирхогчийн урмыг сэргээж байгаадаа баясдаг аж.
Монголын төрийн сүлд, түмний аз заяагаар Бээжингээс эргэн ирж Хар Хорумд залагдан, Аюушридар Билэгт хаан найман жил ор суугаад 1370 онд нас барсан. Түүний дараа бас л суудал булаацалдан, хаад ноёд бие биеийнхээ дээр гарах гэсэн атаат тэмцэл сэргэн галзуурч, хөнөөлт хэрэг үргэлжилсэн. Тэр нь Монгол улсыг тайван амьсгалж, хүчирхэгжүүлэх боломж олгохгүй байлаа. Төгстөмөр Усгал хаан ширээнд сууж байгаад 1388 онд хорлогдов. Энхзоригт гурван жил хааны ширээнд суугаад 1392 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас барлаа. Энхзоригтын дүү Элбэг Нигүүлсэгч гурван жил хаан байгаад 1399 онд алагджээ. Гүнтөмөр хоёр жил ор суугаад 1502 онд, Угч Хашхаа таван жил суугаад 1409 онд, Өлзийтөмөр гурван жил суугаад 1411 онд, Дэлбэг дөрвөн жил дээдсийн суудалд суугаад 1415 онд, Ажай 12 жил хаан байгаад 1438 онд, Тайсун овоо 13 жил хаан байгаад 1452 онд, Агваржин (жонон) ганц жил суугаад 1452 онд, Эсэн тайш гурван жил ор авч суугаад 1455 онд, Мэркус ганц жил суугаад 1456 онд, Тайсун нэг жил болоод 1455 онд, Молом зургаан жил болоод 1462 онд тус тус алагдсан. Тэр бүх алаан хядааны дүнд Монголын нэгдсэн байдал бутран, бүрэн задарч, улс орон биеэ даасан янзтай олон жижиг аймгууд болж хуваагдсан байна. Үүнд Хятадын Мин улсын хаад жигтэй их баярлан, Монголын тэр бутархай хэсгүүдийг хооронд нь улам эвдрэн, хядалцуулах явууллагыг байдаг хүчээрээ хийжээ. Тэр үед Хятадын хатгалгаар Ойрад, Халх хоёр хоорондоо тэмцэлдэн бүр дайн тулаанд нэг биш удаа хүрч илд зөрөлдүүлэв. Тийм тулалдаанд Мин улсын зүгээс эхлээд Ойрадад туслан тэдэнд зэвсэг өгч цэргийн хүчээр оролцож байснаа Халхын тал ихэд дийлдээд ноёд нь бүр зүүн тийшээ, Онон голын зүг зугтаахаар Мин улс эргээд Ойрадын эсрэг Халхад туслах болж хувирсан. Энэ нь хагарч бутран тэмцэлдэж байгаа монголчуудын тэр хагарлыг бүрэн туйлд нь хүргэх санаагаар чингэж яс хаян “өгөөмөр” царай гарган аашилсан хэрэг. Ийм санаатай “нөхөд” монголчуудад “хань” болж шүү дээ. Үүнээс цааш хэтэрсэн юм их бий гэж Сэрээнэн өгүүлж, тэргэл сарны цагаан гэрэлд босож, голын хөвөө даган хэд алхаад
Миний нутгийн энэ анхилам агаар, сүрлэг ганган байгалиас хүн салах арга алга шүү хэмээн хэлснээ:
Байдал ийм тааламжтай учир харь орны сувдаг сэтгэлтнүүд бидний түүхэнд гарсан тэр явдал адил хооронд нь хямралдуулж байгаад өөрсдөө эзэн суух санааг л тэд дотроо агуулж яваа юм шүү дээ. Үнэхээр итгэхэд бэрх хүмүүс дээ, цаад хятадууд чинь гэлээ.
Хөөе! Та хоёрын үлгэр дуусах болоогүй л байна уу? Одоо унтаж амарвал зүгээр биш үү гэж хоёр майхны дунд улалзаж байгаа түүдгийн дэргэдээс Цэрмаа хашгирлаа.
Сэрүүн байгаа хүүхдүүд бас “Наашаа ир ээ” гэж орилолдов.
Энд нэг шил юм байна. Та хоёрт хүрэхгүй дуусах нь байна шүү гэж Туяа бас өндөр дуугаар хэллээ. Сэрээнэн тэдэн рүү хандан:
Бид хоёрт хувь үлдээхгүй бол та нарт загас өгөхгүй шүү хэмээн наргиан дэгдээж хариу хэллээ. Хүүхдүүд шуугилдан “Аав загас барьсан байна шүү” гэж хэлээд тэнд наргиан болсоор байлаа.
Хүүхэд, томчууд ялгалгүй өглөө нар дээр хөөрсөн хойно босож, шар майхнаа түнхэлзүүлэн байж гараад зүлгэн дээгүүр гүйцгээж, амьсгалын дасгал хийж сарвалзан байснаа алчуур бариад гол руу гүйлдэв. Өтгөн шар цайнд боорцог дэвтээн идэж, нүцгэн цээжээ наранд ээж суухдаа Туяа яриа үүсгэн:
Загасчид дагаж явах ч сайхан юм байна. Өглөө шарсан загасны мах идэх ямар гоё юм бэ гэж үг өдлөө. Цэрмаа энэ үгийг угтан авч:
Нөхөд минь, та нар наад амьтдынхаа гэдсийг битгий үмхлээд бай. Түүхий загасны гэдэс ямар олиг байх вэ гэвэл Сэрээнэндорж царайгаа хувирган:
Шархүү! Чи бид хоёр энэ хоёр хүүхэнд ингэж дарлуулж байх нэг л биш санагдаад байна. Явъя, хоёулаа. Эдэнд хэн болохоо харуулъя гэлээ.
Хоёр эр уургаа бариад тэр дээр харагдаж байгаа хадан хясаа руу алхав. Жолооч Зэ хүү тэргээ асаан төлгөнд мордлоо. Өдрийн хоолон дээр халуун шавай, шарсан элэг, сэмж идэх нь гарцаагүй болов. Хоёр хүүхэн хувин саваа бэлтгэлээ.
Загасчин хоёр дэгээ шидээд өглөөний хоол хайсан өлөн загас чийгний улаан өтөн өөшийг дуртайяа үмхэн, тохой, төө хэмжээний хоёр гурван амьтан уургалаад:
Хүүхэн, хүүхдүүдийн нүдний хорыг гаргах антай боллоо гэцгээн дахиад суганыхаа булчирхайг цочтол нь дэгээ шидсэн боловч түүнийг нь загас эс үмхэх нь хяслантай байлаа.
Тэд хадны сүүдэрт сууж тамхиа асаагаад урьд үдэш ярьж байсан зүйлээ үргэлжлүүлэхэд хүрэв.
Өмнө зүгийн хөрш маань цаанаа л нэг элэг буруутай байх юм гэж Шархүү яриаг сэргээн үүсгээд:
Манай монголчуудын эв нэгдэл яагаад тэгэж дагнан эвдэрч байдаг юм бэ гэж Сэрээнэндоржид хандлаа. Цаад эр нь тамхиа сорон бодолхиймэр аядаад найз нөхөртөө ойртон ирж суунгуутаа:
Бид үүнийг судалдаг ухаантай. Түүнд хэдэн зүйлийн бодит шалтгаан байгаа юм. За эрх баригч ноёд, даамал нар бие биеэсээ илүү эрх дарх эдлэн бусдыг хөл доороо байлгах гэсэн эрмэлзэлээр. Нөгөө гэвэл бас бие биенээсээ илүү хөрөнгө юмтай байх хүсэлд автан. Гуравт гэвэл, харийн улс гүрний хатгалгад автан, түр зуурын ашиг хонжоонд шунаж, тэр хар санаатанг дагалдах, биеэ худалдах шалтгаануудаар дотроо хямралдан, нэг нь нөгөөгийн эсрэг бүр илд зөрүүлэхэд хүрдэг бололтой байдаг. Тэгээд манай дотоодын зөрчил хямрал бол судалж үзэхээр заавал харийн хар дотортонгуудын ятгалга, шахалтаар хүчийг олдог баримт их дайралдаж байгаа нь анхаарал татдаг юм гэж Сэрээнэндорж ярьж байлаа.
Шархүү тэр үгийг сонсож байснаа уртаар амьсгалж:
Чи тэр сонин баримтуудаасаа надад нэмээд хэлээд өгөөч гэв.
Хамгийн наад захын баримт бол Монгол Манжийн хаанд эзлэгдэхийн эхлэлийг бусадтайгаа эв эвдэрсэн Өвөрлөгч нутгийн Нуун арван хошууны засаг ноёд тавьсан. Тэр ноёд нь эрх дарх, шан хишиг горилон өөрсдөө Манжид дагаар орсон. Тэр зангий нь Манжийн хаан мэдээд өглөгч зан гарган, өөрийнхөө гүнжийг хүртэл хатан болгон хайрлаж, элдэв цол хэргэм өгсөн. Өвөрлөгч нутгийн бусад ноёд тэр Нуун хошуудын ноёдыг дуурайн дагасан учиртай. Тэгээд л монголчууд гурав тасраад жар жаран жилийн зайтайгаар Манжийн хааны “өмгөөлөл”-д орсон хэрэг. Ингэж “хишиг хүртээн” худалдан авч талдаа оруулдаг нь Хятадын эртнээс дадсан сонгодог арга. Түүнийг Манжийн хаад зээлэн авсан учиртай. Энэчилэнгээр Монголд учирсан бүтэлгүй муу явдал бүхэн дотоодын зөрчил хямралаасаа голлон шалтгаалдаг. Үүнийг нь ч харийн хар санаатангууд ажиж мэдээд, манай доторхи зөрчил тэмцлийг гал дээр тос хийж байгаа адилаар асаан өөгшүүлж бадраахыг эрхэм болгож ирснийг чи сайн мэдэж аваа биз гэж Сэрээнэндорж ярилаа.
Чи 1930-аад онд болсон их хэлмэгдэлтийг бас л ингэж дотоодын зөрчилтөй холбоотой гэж үздэг үү хэмээн Шархүү бас асуув.
Үүнийг бид бүр гүйцэд судлаагүй байна. Гэхдээ бас л хойд хөршийн хатгалгаар хийсэн. Фриновский 113 хүний нэрийг Х.Чойбалсанд гардуулан өгч “Энэ этгээдүүд танай орны заналт дайсанд бие сэтгэлээ өгч, тэдний төлөө ажиллаж байгааг бид мэдсэн. Танайд одоо Японы милитаристуудын тагнуулын том бүлгүүд идэвхитэй ажиллаж байна. Тэд өнөө маргаашгүй та нарын толгойг хэрчиж аваад, төрийн эргэлт хийх гэж бэлтгэж байна шүү. Хэн нь хэнийгээ гэсэн үзэлтэй дайсантай өрсөж л юу болохыгоо үздэгийг Зөвлөлтийн туршлага харуулж байна...” гэж хэлээгүй бол тэр олон мянган гэмгүй хүмүүс баригдан амь насаа гээхгүй байсан байх шүү гэж Сэрээнэндорж бодлогоширон байж хэлээд, тамхиа нэрж хэсэг зуур сууснаа:
Чи бодоод үз л дээ. Тусгаар улсын төр засгийн тэргүүнүүдийг барьж нийслэлдээ аваачаад, буудан алж байдаг тийм лут эрх эдэлдэг улс дэлхий дээр ЗХУ-аас өөр хаана байдгийг би мэдэхгүй юм гэж нэмэн өгүүллээ.
Тэр чинь манай улсын төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс эрээ цээргүй оролцон, дур зоргоороо аашилж байгаа хэрэг мөн үү гэж Шархүү бас асуулаа.
Чи түүнээс өөрөөр яаж уг хэргийг тайлбарлах гээ вэ? Чи надаас огт илүү зүйл асууж байна шүү, Шархүү гэж Сэрээнэндорж мөчөөрхөх янзаар хэлэв.
Хэсэг зуур хоёр нөхрийн яриа дууссан мэт чив чимээгүй байлаа. Шархүү босож, уурга авч голын ус руу харж зогссоноо нэгийг санав бололтой:
30-аад оны тэр их нүгэлийн гол буруутан эзэн нь Чойбалсан мөн үү гэж бас асуугаад Сэрээнэндоржийн дэргэд бүр ойртон ирээд:
Ингэж бодогдохоор байдаг. Гэхдээ үүнийг тун нарийн судлаж үзээд дүгнэн хэлэх учиртай. Би тэгэж хэлж чадахгүй байна. Чамайг нэг мундаг хүчтэй эр барьж аваад “Чи эхнэрээ одоо нугасалж ал. Эс тэгвэл би чамайг нугаслана” гэвэл чи яах вэ гэж Сэрээнэндорж хариу асуулаа. Шархүү бодол болон зогсож байгаад:
Одоо бид яах ёстой вэ хэмээн хариу нэг бүрхэгдмэл шинжийн асуулт тавив.
Тийм ээ. Үүнийг бас л бодох ёстой. Юуны өмнө түүхийн ийм том сургамж байсаар байтал түүнийг сонсохгүй байхыг хичээн, нүүр буруулан зүтгэж яавч болохгүй биз. Тэр хэргийг өмгөөлөн зөвтгөх гэж бас оролдвол хэлмэгдлийг дахиад үргэлжлүүлэх гэсэн хэрэг болно. Тэгээд л монголчууд бас дотроо хоёр анги бүлэг болоод л хоорондоо нүдэлдэж гарах шинж одоо харагдаж байна гэж түүхч эр хэлснээ усны урсгал хэсэг зуур харж байгаад нүдээ том болгон:
Одоо олон анги бүлэглэл болж харгалдах, элдэв нам зам байгуулан бие биеэ гоочлохыг бид хамгийн аюултай зүйл гэж үзэх ёстой болов уу? Тэр бүхэн бол эв нэгдлээ хутгалан бутаргаж Монгол Улсаа доройтуулан, харийн өнгөлзөгчдөд хормой дэлгэн бөхийж, найр тавин зузаан дэвсгэр засаж өгч байгаа хэрэг болох шүү дээ гэж шуудхан хэллээ.
Загасчид олз багатайхан майхан дээрээ ирэв. Өдөр Зэ хүү ганзага дүүрэн ирж, таван цулын шөл амсан, хонины халуун шавай үнхэлцгээлээ. Хүүхдүүд ёстой л нар нь гарна гэдэг болж бужигнана. Түлээний нүүрсэн дээр шарсан шинэ махны шорлог гоц амттай байлаа. Гэдэс мэдэхээр сайхан айраг Зэ хүү сая авчирч модны сүүдэрт суугаад хуруудаж эхлэх нь бас нэг ая байв. Хээрийн хоол гоц амттай байв. Бүсгүйчүүд ойд явж хэдэн шар улаан мөөг түүж ирсэн боловч тэр нь Агьтын хөндийн мөөгийг яахан гүйцэх вэ?
Үд хэлбийж байх үеэр хотоос дугуйтай, мотоцикл унасан, бас машинтай хүмүүс голын дагуу ирж загасчилах нь нүд булааж эхлэв. Гайхалтай нь Шархүү, Сэрээнэндорж хоёрын дэгээг үнхдэггүй загаснууд тэр хотоос ирсэн хүмүүсийн уургыг арвинаар мялааж байх нь хачирхалтай. Түүнийг харсан Сэрээнэндорж толгой сэгсрэн:
Загасыг хүслээр биш, уран аргаар барьдаг юм шив гэж байна. Загас барих аргыг хайлгүй, энд ямар хүмүүс ирж байна вэ гэж ажиж суусан Шархүү хэнэггүй царайлан инээсээр:
Юм бүхэнд урлаг байдаг бололтой. Түүнийг олж эзэмших хэцүү юм шив гэж дуугарлаа.
Нар уулын толгой руу бууж эхлэхэд аялагчид шар майхануудаа буулган “Аавын цээж” машиндаа ачиж эхлэв. Хүүхдүүд эндээс явах дурамжхан байгаа бололтой.
Маргааш дахиад амралтын өдөр болдог ч болоосой гэж Туяа бас хэлэв.
Бид дахиад ингэж явна шүү. Та нар мөнгөө л сайн базааж бай гэж Шархүү тэр үгэнд хариу болгон хэллээ.

Аль ч нууц газар дороос гарч ирдэггүй

Шархүү, Сэрээнэндорж нар Туул өгсөөд хоёр өдөр хөгжилтэй амраад тоос татуулан буцаж хот орохоор давхиж байв. Тэд зориудаар зам хазайн Баянзүрх уулын араар явж оройн сэрүүнд голын захад бас жаахан зугаацъя гэж тэнд тормос даржээ. Голын хөвөөний зүлгэн дээр бүгд тэрэгнээс буун бас хүүхдүүд бөмбөг өшиглөн гүйлдэхэд Туяа тоглож байгаа хүүхдүүдэд хандан:
Голын ус энд их ширүүн урсгалтэй харагдана. Тэр цаана чинь хуйларч эргэлдээд усны том эргүүлэг байна шүү. Усанд битгий ойрт! Бөмбөгөө уулын хажуу өөд өшиглөж тогло гэж зааварлан, тэднээс хараагаа салгахгүй байв. Сэрээнэндорж Цэрмаа хоёр тэргэн дээрээс бидонтой айраг буулган аяны дугараа барина.
Шархүү аль хэдийнээ уулын ар хэсэн бөөн хаданд оччихсон, чулуу шинжээч адил газар ажиглан харагдав. Тэрээр нэг нуранги хадны ёроолд зогсон, түүнийг ёстой л тоглоом үзсэн хүүхэд адил шохоорхон шүлэнгэтэн харж байснаа:
Яг мөн дөө. Тэр хүн чулууны хацар дээгүүр нь дамнаад доошлон явж, зүүн энгэрийг нь дагаад гарсан цайвар судал яг л ийм янзтай шулуухан байсан. Энэ чулууны өнгө нь ч яг адилхан байна. Тэр хүн чулууг эндээс авснаас эс зайллаа гэж үү хэмээн ганцаараа ярьж байтал нь Сэрээнэндорж хажууд нь ирээд доогтой янзаар инээн харж:
Чи бас хээрийн хадтай юугаа ярьж эхлэв дээ? Гаргууд сайн луужинчин болох гэсэн хүн 100 булгын туруу, 100 хадан чулуу, 100 хүүрэн дээр очиж жодныхоо номыг уншдаг гэсэн. Түүн шиг чи ид шид олох гээд л энэ эзэнгүй хээрийн хад, уултай ярилцан ном уншиж эхлэв үү гэж дооглолоо. Тэдэн дээр Цэрмаа, Туяа хоёр хүрч ирэв. Тэд Шархүүг тойрч зогсоод:
Энэ морин толгойн чинээ молор эрдэнэ байна уу?
Чи эндээс “Барон Унгерн”-ий булсан алтыг олоо юу?
Сайн залбирч сүсэглээд тэр алтаа ав гэж дооглон шуугилдаж эхлэв.
Би эндээс юм бүгдийг олж магадгүй боллоо шүү гэж Шархүү хариу наргиан болгосноо, царайгаа төв болгон нурангидуу хадыг харж зогсоод:
Та нар хар л даа! Эндээс хүн чулуу авсан байгаа биз дээ? Тийм ор харагдаж байгаа биз гэж асуулаа.
Сэрээнэндорж хаданд ойртон очиж харж байснаа:
Эндээс ямар нэгэн хүн чулуу авсан байнаа. Тэр хадны ёроолыг ухаж байгаад хонхор дотроос нэлээд том чулуу авсан мөр ч байна. Тэгэхдээ арай сая аваагүй бололтой. Чи чулуу алдсан юм биш биз дээ гэж бас тоглоомын үг хавчуулан хэллээ. Шархүү гайхшран дуугүй зогсоно. Цэрмаа хажуунаас нь:
Манай энэ хүн яг л жороо морь алдсан хүн адил нэг чулууны эрэлд орсон амьтан даа. Түүнийгээ л хайж яваа царай нь энэ гэж хэлэв. Үүнээс үүдэгдэн Шархүү нөхдөдөө хандаж, Агьтын хөндийн эхэн дээр байгаа хүн чулууны тухай дэлгэн ярьж эхэллээ. Тэнд нэлээн удаан яриа болов.
Эндээс тэр сайхи хүн уг чулууг хийсэн хадыг авсан байж магад гэж бодож байна уу? Чи тэр хүн чулууны учрыг олох гэж зорьдог бол үнэхээр анхаарал татах муухай зүйл юм гэж түүхч эр хэлээд, уг газрыг шинжих байдлаар харцгаав. Юм нэлээн мэддэг хүн л уулын арын чулуу зөөлөн байна гэж бодож, эндээс тэр юмаа авчээ. Энэ ууланд ямар ч чулуу байж болох сонин тогтоцтой газар байна хэмээн Сэрээнэндорж ярьж байлаа.
Шархүү тэндээс тал тоосгоны дайтай чулуу шилж авав. Ингээд зугаалагчид хотын зүг шулуудан давхилаа. Замд Сэрээнэндорж бодол болон явснаа:
Надад чулуу сайн таньдаг мастер бий шүү. Чиний энэ чулууны учрыг олоход тэр мастер туслах байх аа хэмээн ам дуугарлаа.
Шархүү ажилдаа оров. Тэрээр олзны чулуугаа цаасанд боож бариад дэд хурандаа Соном дээр орж ёслон мэндлээд, нөгөө олзоо үзүүлэн, нэлээд бодлогоширсон янзаар:
Би Агьтын хөндийн хүн чулууг энэ Улаанбаатарт хийсэн юм уу гэж бодлоо. Үүнийг Баянзүрх уулын араас олж авлаа. Энэ чулуу яг тэр хүн чулууг хийсэн хадтай адил юм шиг санагдаж байна хэмээн илтгэв.
Дэд хурандаа чулууг авч үзэж байснаа Шархүүд хандан, ухаан сийлсэн байдалтайгаар:
Би юугаа мэдэх вэ? Энэ чинь тэр хүн чулууны чулуутай яг ижил байна уу гэж асуув. Сайхи эр чулуугаа зааж:
Та хар даа, дэд хурандаа! Энэ судал чулуун хүнд байж байгаа, шаргал өнгө сэлт нь миний нүдэнд тусаад нэг л содон харагдаад байгаа юм хэмээн ярьвал Соном халзан толгойгоо илэн үгээ зөөж:
Миний бодоход энэ чулууг сайн судалж баттай мэдэх хэрэгтэй байна. Чи чулуу сайн мэддэг хүн аваад тэр Агьтын хөндий рүүгээ нэг ухасхийгээд ирвэл яасан юм бэ? Нөгөө засварчин Лю овогтыг хөнөөсөн хүн олдох янз байна уу гэж асуулаа. Шархүү тайван царай гарган бодож үзсэнээ:
Лю овогттой холбогдолтой этгээд биеэ нэлээд сүрхий далдалж байгаа нь лавтай. Түүнийг алгуур, тухтайхан эрэх ёстой биз. Түүн дээр цагдан сэргийлэхийн нөхөд шургуу ажиллаж байгаа. Би Агьтын хөндий рүү яваад ирэхэд татгалзахгүй. Та л үүнийг мэд гэж хариу өгүүлэв. Шархүүг ажлаа хийж бай гэж дэд хурандаа хэлээд тасалгаанаасаа гаргасан болно.
Хоёр хонож байтал Шархүүг хэлтсийн дарга, дэд хурандаа дуудаж уулзаад адар ширтэн бодол болж байснаа намуухан дуугаар:
Ахмад аа! Чи нөгөө ярьж байсан ажилдаа яваад ир. Тэр хүн чулууны хэргийг чамаас өөр судлан мөрдөж байгаа хүн одоогоор манайд байхгүй. Тэр бол үнэхээр ноцтой зүйл. Монгол Улсыг устгаж газар нутгийг нь эзэнгүй болгоод өөрөө эзэн суух гэсэн этгээдийн хорон санаагаар босгосон хөшөө шүү дээ, тэр бол. Тэгээд хожим хойчийн цагт “Энэ нутгийн эзэн нь би байна. Бүр эртнээс бид энэ нутгийг эрх мэдэлдээ авч, хараандаа байлгаж ирсэн” гэж хэлэхийн тулд тэр этгээд хүн чулуугаар гэрчийн баримт болгох санаа гарган хийсэн учраас манай улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хорт явдал гэж бид түүнийг үзэх ёстой. Энэ талаар чиний бүр анхлан бодож олсон бүх баримт бол туйлын зөв хэрэг гэж би үздэг. Тэгэхээр тэр асуудлыг нотлон илчлэх хэргийг чи туйлд нь хүргэхийн тулд улам шаргуу ажиллах ёстой. Бид чиний энэ ажилд дэмжлэг үзүүлнэ гэж ярилаа. Шархүү Соном даргын энэ үгэнд дотроо баясан урамшиж байв. Өдгөө Агьтын хөндий рүү зориуд явах гэж байгаагийн үндсэн зорилго нь тэнд байгаа чулуун хүнийг Улаанбаатарт хийсэн эсэхийг нотлон тогтоох хэрэг болохыг тэд бас хэлэлцсэн байна.
Соном даргаас үүрэг авсны маргааш нь Агьтын хөндий рүү явах болов. Яамны авто грашаас явах “Газ-69” машин чинь жаахан сааталтай байгаад одоо бэлэн болсон гэж Шархүүд хэлжээ. Ингэж явахдаа чулууны мэргэжилтэнтэй хамт очно. Чи тэр таньдаг Зул гэдэг хүнээ надтай уулзуулан, маргааш явах болгож өгөөч гэж Шархүү Сэрээнэндоржоос хүсвэл түүхч эр чулууны мастерийг дагуулаад би өөрөө хамт явж тэр хүн чулууг үзье гэж хариу хэллээ. Тэгтэл Цэрмаа би та нартай хамт явна гэнэ. Ингэж тэр оройжин бужигнаж, жаахан хувийн бэлтгэл хийгээд явахыг Соном дарга бас зөвшөөрлөө.
Маргааш нь биш, нөгөөдөр нь өглөө эртлэн таван хүн суусан хөнгөн тэрэг Улаанбаатараас гарав. Хэргийн нарийн учир газар дээр нь очиход аяндаа өөрөө мэдэгдэх нь илэрхий. 400 гаруй км замд тэргэн дотор хөгжөөнтэй шуугилдан явж, хааяа буун хүйтэн юм уугаад, чихэр боов хүлхэн давхина. Замд ойролцоо хоёр ч айлд буун ширэн хөхүүрт исгэсэн айргаар ходоодоо мялаав. Тэд ингэж довтолгосоор оройхон Агьтын хөндийн хойт уулын ард байгаа Шархүүгийн хөдөө гэрт очлоо. Эдний аав Төмөр гуай 3 жилийн өмнө төрөл арилжсан, тэр цагт хүү бэр хоёр нь Улаанбаатараас очиж хөдөөлүүлэхэд оролцсон. Одоо тэднийд 80 хол гарсан ээж Должин нь, Шархүүгийн дүү Гончиг нутгаасаа гэргий аваад голомтоо сахиж байгаа болно. Тэд энэ Гончигийн гэрт орсон дороо хонь хурга нийлнэ гэгчээр бөөн шуугиан болж учран, ануухан байгаа ээж нь нүднээсээ дусал бөмбөрүүлж хүү бэр хоёроо тэврэн учирч уулзлаа. Гэрийн эзэн Гончиг тэр дороо нэг төлөг төхөөрүүлэн шинэ шөл хийдэг юм байна. Хонины гэдэс дотрыг арчиж янзлахад Цэрмаа хүүхэн ханцуй шамлаад орж явчихдаг нь таатай байлаа. Ингэж тэд таван цулын шөл балган тавлаж, эднийд хоноглоод маргааш нь аажуухан босож цай уусан дороо Агьтын хөндий рүү гарав.
Очиход Хүн чулуу мармийж өөвийгөөд, хилэнтэй ч юм шиг муухай царайлан зогсож байлаа. Чулуун “лүдэнд” ямар нэгэн хүний гар хүрсэн шинжгүй, харин мал ирж шөргөөгөө болов уу гэмээр үс ноос наалдсан байв. Түүний орчин тойронд сахлаг ногоо урган, уг газар нь хөрс их шимт нутаг болох нь илэрхий байлаа. Тэд тээж очсон чулуугаа гарган “хөшөө”-ний дэргэд барьж нийлүүлэн үзвэл ямар ч ялгарах зүйлгүй, яг нэг газрын хөрсөнд байсан ижил хад мөн болох нь сохор хүн тэмтэрч үзсэн ч танигдахаар байв. Дагуулж ирсэн Зул гэдэг идэрхэн насны эр үүнийг шинжилж үзээд:
Энд байгаа хад тээж ирсэн чулуу хоёрт ямар ч ялгаа алга. Задлаад найрлагыг нь үзсэн ч ийм л байгаа гэж оношлон, түүнийг баахан үзэж байснаа Зул чулууны тухай ном ярилаа.
Энэ бол улаан боржинд багтах хүрэн боржин байна. Босоо ширхэгтэй, гялтганах одод нь тархайдуу энэ чулуу элбэг биш. Манай нутгийн хээрийн бүсийг голлоод ийм янзын боржин чулууны бүс байгаа. Түүнд Улаанбаатарын дэвсгэр нутаг хамрагддаг. Говь тал руугаа боржин их арвин байгаа. Галбын гурван хийдийг Дулдуйтын Равжаа гэгээн байгуулахдаа зарим дуганыг дан боржингоор барьсан байдаг. Боржин чулуу бол олон төрөл боловч үндсэн гурван бүлэгт хуваагддаг юм. Үүнд: аргай боржин, хятгануур боржин, хадан цагаан-ийм гурван янз байна. Энд байгаа Хүн чулуу бол аргайдаа багтах чулуу юм гэлээ. Зул бол өөрөө эх орныхоо чулууг гаргуун судалсан, энэ талаараа өндөр мэдлэгтэй, яриа хөөрөөгөөрөө мэдсэнээ бусдад таниулан хэлж чаддаг, нэлээн ч хөгжөөнтэй эр болох нь аяны замд танигдсан байна.
Сэрээнэндорж нөхрөө магтах аясаар танилцуулан ярих нь бас чихэнд чимэгтэй аж.
Үүний хэлж байгаа зүйлд алдаа гарахгүй. Зулаа ямар ч орны чулуучин ирээд ном хаялцахад дээр нь гарна уу гэхээс дор нь орохгүй дээ гэж хэлж байв. Энэ үг хүний нүүрийг хараад хэлдэг хоосон магтаалын үг биш болох нь энд байгаа хүмүүст илэрхий байв. Зул цааш ярих нь:
Боржин бол таван өнгөнд хуваагддаг. Шар, улаан, цэнхэр, цагаан, хар хүрэн гэж ялган үзэж барилгын өнгөн тал, түүний гоёл чимэглэлд өргөн хэрэглэдэг болсон. Ингэж энэ хадыг ашигладаг болсон нь 4000 жилийн түүх лав байна гэж чулуу судлаачид хэлж байгаа. Энэ бол таавар, таамаглал биш, шинжлэх ухааны судалгаан дээр гарч ирсэн зүйл гэж Зул хэлж байлаа.
Үүнээс үүдэгдэн Сэрээнэндорж тодорхой санал хэлэв. Тухайлбал, энэ хөндийд “эзэн” царай гарган зогсож байгаа энэ чулуун хүний сүгийг нэн даруй булгалан авч, эндээс зайлуулан хаях хэрэгтэй байна. Энэ бол манай улсын аюулгүй байдалд заналхийлсэн, ёстой бузар булай зүйл. Үүнийг анхлан санаачилж, тусгайлан чулуу шилэн олж хийлгээд энэ шимтэй сайхан газарт зориуд авчирч босгоно гэдэг чинь монгол хүнийг бууны дуу гаргалгүйгээр бүгдийг устгах гэсэн далдын том башир бодлогын илрэл зайлшгүй мөн. Энэ чулуун хүний сүг бол мөд амилан босож ирээд манай өнө эртний хөшөө дурсгалуудыг хортой утга санаагаараа бузарлана. Бид эх орныхоо хэрэгт өндөр сонор сэрэмжтэй хандаж байгаа гэдгээ харуулахын тулд үүнийг нэн түргэн авч хаях ёстой гэж том үгийг түүхч эр зоригоор хэллээ.
Энэ үгийг сонсож байсан Зул нэгийг санав бололтой:
Энэ сүгийг авч хаяад тэр дайсагнагч этгээдэд хариу цохилт болохоор юм үүний суурин дээр босговол зүйтэй болно байх гэв.
Сэрээнэндорж Зулын үгийг тосон авч арай л ханцуй шамлалгүйгээр:
Би чулуун барималчин Зулын саналыг дэмжиж байна. Энэ газар дээр эх орноо өмнө зүгээс ховдог сэтгэлтэнгүүдийн удаа дараагаар манай улсад халдан довтолсон түрэмгийллийн өөдөөс зориг баатарлагаар тэмцэн тулалдаж байсан эрэлхэг тэмцэгчийн дүрийг энэ маримгар чулууны оронд босгох хэрэгтэй байна. Тэр нь чухам хэн гэгч ямар баатар зоригтон байхыг би түүхээс судлан олж гарган, тэр дурсгалын хөшөөний зургийг хийлгэж өгнө гэж хэлэв. Зул Сэрэнэн түүхчийн үгийг сонсоод бодолхийлж байснаа:
Би доктор Сэрээнэндорж гуайн гаргасан зураг ёсоор энд босгох хөшөөг эх орныхоо боржин чулуугаар шүүж хийнэ гэж бас амлалаа.
Энэ үгсийг сонсож байсан Цэрмаа тэрэг рүүгээ гүйн очиж нэг шил идээний дээж авчран Шархүүд өгч:
Энэ сайхан санал гаргаж байгаа эрдмийн нөхөддөө баръя гэлээ. Тэр дороо Шархүү сархад хундгалан барьж:
Та нөхдийн аугаа их эх оронч санал даруй хэрэгжих болтугай гэж өргөлөө.
Аялагчид ийм зүйл үйлдэж хийгээд тэндээсээ тэргэндээ суун давхиж Агьтын хөндийн баруун уулыг онилон давж, Шархүүгийн эцэг Төмөр гуайг нутаглуулсан газар очиж уулын өвөрийн нарлаг, тэгш ногоон талбай дээр буун хотод бэлтгэж ирсэн идээний дээж, чихэр, цагаан будаа, нунтагласан цай өргөн хүндэтгэл илэрхийлээд, хэсэг зуур байв. Ингэж ёс хийхийн тулд л Цэрмаа эднийг дагаж хотоос ирсэн нь хэн бүхэнд ойлгогдож байлаа. Өвгөдөө нутаглуулсан газрыг гурван жилийн дараа тайлдаг монгол ёсонд энэ тахилга үйлдсэн нь яг нийцэж байгаад хүмүүс сэтгэл хангалуун байсан нь мэдээжийн хэрэг.
Зорчигчид үд хэвийж байх үеэр тэндээс тэргэндээ сууж Улаанбаатар хотын зүг хээрийн дардан замаар хүнгэнүүлэн давхижээ. Тэд шөнө дундын үед Шар хөвийн дөрөлж дээр ирж хотын анивчин байгаа түмэн гэрлийг харсан байна.
Шархүү хамт явсан хүмүүстээ талархал илэрхийлэн, салахын мэнд мэдэлцээд, гэртээ ирж хоносны маргааш өглөө дэд хурандаатайгаа уулзан, Агьтын хөндийд очоод ирсэн тухайгаа илтгэж, энэ талаар бичсэн богино илтгэх хуудсаа гардуулав. Түүндээ түүхч Сэрээнэндорж, чулуучин Зул нараас Агьтын хөндийд очоод хэлсэн үг, гаргасан саналын үндсийг бичсэн байлаа. Соном дарга түүнийг уншиж үзээд таашаасан байдлаар:
Чи ийм хүмүүсийг авч явсан юм уу? Ямар сайн санаачилга вэ? Энд дурьдсан тэр хүмүүсийн саналыг хүлээж авах л ёстой юм байна. Үүнийг би дарга сайд нарт танилцуулъя. Тэгээд бид дахин ярилцах биз. Чи нөгөө Шагдарын хэргийг юу болгож байна вэ? Лю овогтыг хөнөөсөн этгээдүүд олдох өнгө байгаа эсэхийг мэдэж, тэр ажлаа бод гэж хэлэв.
Шархүү босож ёслоод гарч өөрийн албан тасалгаандаа орлоо. Хамт ажилладаг хүмүүс нь өнгөрсөн хоёр өдөрт юу болсныг Шархүүд дэлгэн ярилаа. Ахархан хугацаанд бас л сонин явдлууд болсон байв. Алуурчин Шагдарыг байцаахад тэр этгээд эхлээд Банзарыг хөнөөснөө огт халгаахгүй, бусгаж байснаа зүйл зүйлийн баримт гарган байцаахад Банзар нэртэй хүүхнийг би мэдэхгүй, Балжин гэдэг авгайг би таньдаг гэж өчсөн байна. Зоогийн газрын үйлчлэгч Гэрэлээг нүүрэлдүүлэн асуухаар “Би Балжин авгайтай эднийд хоол идсэн маань үнэн” гэж хэлээд элдэв орооцолдоонтой юм гарган ярьж:
Би өөрөө эднийд хоол идсэний дараа хордлого болж, орой нь их эвгүйгээр суулгасан. Тэгээд энэтхэг улаан давс ууж гайгүй болсон гэж өчсөн байна.
Балжин хэмээх Банзарын тухай асуухад мэдэн будилуулж:
Би тэр хүүхэн юу болсныг яаж мэдэх вэ? Балжин надаас 2000 төгрөг зээлдэн авсан. Бие тааруухан байна. Эмнэлэгт үзүүлж хэд хоног хэвтэх санаатай гэж тэр хүүхэн надад ярьж байсан.
Та хоёрт ямар хэлхээ холбоо байсан юм бэ?
Бид хоёрт өөр хэлхээ холбоо байхгүй. Би хэдэн жилийн өмнө Сонгинын амралтанд тэр хүүхэнтэй хамт байж таньдаг болсон. Тэгэхдээ жирийн шүү.
Та хоёр нэг нутгийн хүмүүс биз дээ?
Үгүй. Би Зүүнхараад төрсөн. Балжин бодвол Улаанбаатарын уугуул иргэн нь биз хэмээн өчиж байснаа, хэд хатуухан байцааж, бусад баримт гаргаад ирэхээр Банзарыг хөнөөх хэргийг үүсгэсэнээ Шагдар хүлээсэн байна. Тэгэхдээ чухам яагаад, хэний ямар шахалтаар, яаж хөнөөснөө хэлэхгүй, “Би энэ хэргийг хар толгойгоороо үүрээд зүйл дуусгана” гэж шийдсэн байдалтай гүрийж байгаа нь хачирхалтай гэх үү, уг хэргийг үйлдэх болсон сурвалжийг нуун дарахаар хатуу шийдсэн байдалтай байгаа ажээ.
Тэгэхээр Банзарыг чухам яагаад хөнөөсөн учир шалтгааныг олох хэрэг хууль хамгаалагч байгууллага болон аюулаас хамгаалахын ажилтан Шархүүгийн өмнө тулгарсан хэвээр байгаа болохоор сайхи хүн энэ зүгт бас хүч тавин ажиллах хэрэгтэй байлаа. Энэ үүргээ Шархүү хэнээр ч хэлүүлэлтгүйгээр бүрэн мэдэж, судалгааны шинэ арга ажиллагаа боловсруулах ёстой болжээ
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 15-р)

Зургадугаар бүлэг

Элэг нь хар бол санаа нь харь

“Олмыг нь асуулгүй
Усыг бүү гатла
Ончийг нь ололгүй
Хэргийг бүү шүү
”
/Монгол цэцэн үгийн далай/

Танилд нүүр бий, үгэнд учир бий

Хамтарч айл гэр болон аж төрж байгаа хүмүүсийн амьдралыг холбодог хэлхээ нь зөвхөн хайр сэтгэл биш, тэдний зан араншин байдаг аж. Түүхч Сэрээнэндорж эцэг Гонгорын эрдэм мэдлэгийн өвийг хадгамжлан авчирсан төдийгүй, түүний эелдэг зан ааш, итгэмтгий чанар, нөхөртөө тусч сэтгэлийг хуулан авч үлдсэн нь Шархүүтэй бараг л анхлан нүүр учирч мэндийн солио хийснээс эхлэн танигдаж билээ. Тэгээд ч энэ хоёр эр бие биенээ нөхөр гэж үзэн, даруй 20-иод жил нэг нь нөгөө рүүгээ гүйж байгаа. Үүнээс овойж товойсон их хожоо гараагүй ч гэлээ амаа барихаар алдаа гараагүй өдий хүрсэн байна. Нөхрөө дагаад эхнэрүүд нь бас үерхэн найзархах болжээ. Энэ ч бас зүй ёсны хэрэг. Тэгтэл бас тэр хүүхнүүдийн цаана үеийн найзууд байдаг. Энэ нь хэнд ч зайлшгүй байх ёстой зүйл ээ. Ингээд л танил талын хэлхээ холбоо гэгч юм өргөжин тэлсээр айлын хаяа хамаар улам цаашилсан байдаг. Энэ нь ганц монголчуудын зан авир биш ээ.
Эх үрсийн баяр 6-р сарын нэгний нялх ногооны үнэр дөнгөж ханхлан хүмүүсийн сэтгэлд баясгалан нээдэг тэр өдөр Сэрээнэндорж Шархүүгийн гэр рүү утасдан, дагнан ёж үгээр нөхдөө дооглож байдаг зангаараа:
Эрхэм ноён, ахайтан та нар миний хар овоохойд залран ирэх болоогүй байна уу? Надад та бүхнийг угтуулан давхиулах “Бенз” машин алга. Харин үүдээ томсгохоор хаалганыхаа нугасыг сугалаад авчихлаа гэж хэлэв. Энэ Сэрээнэнгийн үгийг Цэрмаад дамжуулбал, хүүхэн инээд алдаж:
Бид танайхаас хишгийг чинь хийж ирэх уут саваа манай авгай оёж арай дуусаагүй байна гэж хэлэхгүй яагаа вэ гэлээ.
Шархүү Цэрмаа хоёр өөдтэй өнгөтэйгээ өмсөөд, урьсан айлдаа очлоо. Сэрээнэндоржийнд олон хүн алга. Туяа торниж эрийн цээнд хүрч яваа хоёр хүү охинтойгоо, бас урьд зүс таних төдий нэг цагаан царайтай авгайн хамт ширээ дүүрэн идээ засаж орхисон сууцгааж байв. Тэд зөвхөн мэндийн хэдэн үгээр биш, дагавар инээдэм тарьсан ёж үг цувруулан уулзаж буйданд суун халбага сэрээ, дийз авч, ширээнд тавьсан алаг тарган мах руу гар сунгацгаав. Болор хундаганд виски дүүргэж баярын үг хэлэх ялдамд:
Би сархадаа буруу аяганд хийж алдаа гаргав аа? Уг нь энэ сархдыг стаканд хийдэг гээ биз дээ? Уучлаарай Шархүү гуай гэж Сэрээнэндорж бас л ёжилно.
Чи биднийг ёс төртэй хүндэлж байгаа бол эхлээд виски ч биш, цагааныг хундгалах ёстой байсан. Би түүнийг нь ч бодсонгүй, Сэрээнэндорж, Туяа хоёрыг мөнгө ихтэйгээ гайхуулан вискигээр цай барьж байгаа юм байх гэж бодож байна хэмээн Шархүү гэрийн эзний үгний хариуд нэгийг хэлэв.
Танай хаалга зүгээр байх шив дээ. Нугас нь унаж орхисон мужаан байна уу гэж Сэрээнэн утасдаж байгаа сураг байсан гэж Цэрмаа үг нэмэв.
Сэрээнэн минь, чи ч ингэж л аман дээрээ алгадуулж байх гэж дээ. Түрүүн даанч их цэцэн цэлмэг үг хэлэх гэж арга ядаад байсан гэж Туяа хажуунаас нь хачир нэмлээ. Ингэж шуугилдаж байтал Туяагийн найз Аюуш нэртэй бүсгүй тэгш цагаан шүдээ яралзуулан инээж:
Та нар чинь ийм хачин яриатай, над шиг мангуу амьтанд тоглоом шоглоом нь ялгагдахгүй гайхалтай хүмүүс юм аа. Нөгөө бие биедээ баяр талархал хүргэж ерөөх нь хэзээ болж байна вэ хэмээн бас л ёжлон асуулаа.
Ээ, өршөөгөөрэй! Би л тэнэглэн энэ ноён хатагтай нартай ярилцах учраа ч олохгүй хөгөө тарьж байх шив гэж Сэрээнэнг хэлэхэд Шархүү хундагатайг авч өргөн:
Ноён Сэрээнэнг тэнэг гэдгээ ойлгож байгаад би баяртай байна. Тэгэхдээ бүр усан тэнэг гэж хэлэхгүй, нэг үг дутааж орхих юм даа. Тэр тэр нь яах вэ? Эх үрсийн баярын мэндийг та бүхэндээ хүргэж, дахин бүгдээрээ нэг нэг хүүхэд энэ жил төрүүлэхийг ерөөе гэж наргиан дэгдээн хундагатайгаа хөнтрөв. Сэрээнэн төрхгүй хүүхэд адил инээн:
За зүйтэй. Бид баярлаж байна. Манай их ухаантан маань бүгдээрээ нэг нэг хүүхэд төрүүл гэв үү? Би буруу дуулсан ч байж магадгүй. Эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй биз дээ. Шархүү өөрөө төрүүлэх юм байлгүй. За энэ ч яах вэ. Хундагатайгаа зоогло гэлээ. Тэгтэл Туяа хүүхэн ов товхон цоохор царайдаа хөгжөөн тодруулж:
Нээрээ тэгвэл Шархүү ч хүүхдээ гаргаж хаячихаад л ажил их байна гээд гүйгээд явчих биз. Цэрмаа минь л түүнийг нь асрах гэж ядрах байх даа гэлээ.
Мэдрэлийн солиотой юм шиг ийм хүмүүстэй би яаж, юу ярих болж байна вэ гэж Аюуш толигор цагаан царайдаа инээмсэглэл тодруулж хэлснээ жаахан бодолхийлэн:
Одоо бодоод байхад Туяагийн хэдэн хүүхдийн заримыг Сэрээнэндорж төрүүлсэн байж мэдэх нь байна. Би хүүхдийн эмч. Намайг АУИС-д сурч байхад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэг, түүнийг эх барьж авдаг тухай юу ч ярьдаггүй, багш нар маань тэр тухай огт ам ангайдаггүй л байсан даа. Би чагнуураа бариад энэ айлд хүүхдүүдийг нь үзнэ гэж нэлээд хэд ирсэн. Тэгэхдээ эдний хүүхдүүдийг бүгдийг нь Туяаг л төрүүлсэн гэж бодож байсан. Тэр миний бодол эндүүрэл байсан болж таарч байна уу гэвэл гэр дүүрэн инээдэм боллоо.
Аюушийн үгийг чагнаж суусан Шархүү “Энэ чинь нэлээн наргиж болох бүсгүй байх шив. Харваас энэ байж байгаа нүдний нь бусдыг гижигдсэн харц, үг хэлж байгаа дууны нь өнгө цаанаа л нэг шооч шинжтэй байна шүү” хэмээн бодон “Энэ хүүхэнтэй чинь лавхан танилцъя. Ийм нүүрэмгий хүнээс юу ч гарч болно” хэмээн боджээ. Цэрмаа ч бас шинэ танил Аюушид талархах сэтгэлтэй болж “Аюуш бол Сэрээнэн, Туяа хоёрын бурхан нь болж таарлаа. Эдний хэдэн хүүхдийн эрүүл энхийг хариуцдаг эмч нь Аюуш болж байх шив. Эднийд олон ирсэн гэж байгааг бодоход энэ гэрийнхэн хүүхдэдээ хамрын шуухинаа туссан ч Аюушийг дуудан авчирч байдаг шив” хэмээн бодож байтал Шархүү өндийж бүх хүний хундагыг дур мэдэн сэргээгээд:
За Сэрээнэнгийн хуучин найз, Цэрмаа бид хоёрын цоо шинэ танил Аюуш эмчийн сайн сайхны төлөө, бидний энд эхлэж байгаа найзлал улам өргөжин зузаарахын төлөө энэ хундагаа өргөе гэвэл Цэрмаа хөндлөнгөөс:
Миний өвгөн бодсон санасныг минь дандаа ингэж таадаг увьдастай шүү. Шархүүгийн хэлж байгаа үг бас миний үг гэж хүч нэмлээ.
Би эднийд ирээд огт дуулж мэдээгүй яасан их сонин зүйлийг олж мэдэж байна вэ? Шархүү, Цэрмаа хоёр бас ижил сэтгэхүйтэй болж таарч байна уу гэж Аюушийг хэлбэл тэндээс Туяа хундагатай сархадаа сунган:
Энэ Шархүү, Цэрмаа хоёрын зөвхөн нүүр царайны өнгө байдал ялгаатай харагддаг боловч бусад бүх зүйл нь ив ижилхэн болохыг сая Аюуш таагаад хэлчихлээ. Би ганцхан юмыг нь мэддэггүй гэж наргиан нэмэхэд:
Чиний мэддэггүй юм чинь шөнө эд нар орондоо яаж наргидаг нь л байгаа биз гэж Сэрээнэндорж хэлэв. Бас бөөн инээдэм боллоо. Ийм хөгжөөн хагас өдөр үргэлжлэн, халуун бууз зооглоцгоож, виски шимж наргилаа. Хөгжөөнтэй, хөөр нь бялхаж цалгилсан уулзалт болж, Шархүүд нэгэн шинэ танил нэмэгдэв. Сайхи хүн нэг байтугай 1000 танил нэмэгдэхэд тэдэнд хүрэхүйц харилцаа тогтоож чадахтайгаа аж.
Аюуш эмчийн өөрөө хэлж байгаагаар энэ бүсгүй Сэлэнгийн Алтанбулаг хотод төрсөн, арав хүрэхгүй настайдаа эцэг, өвөө нартайгаа хамт Улаанбаатар хотод ирж суурьшсан. Эцэг Дашдаваа нь газар тариалангийн гэх үү, хүнсний ногоо тарих мэргэжилтэй, тэр ажлаасаа одоо салаагүй, Сонгинын буланд хоёр га газарт төмс, хүнсний бусад нарийн ногоо тарьдаг ажилтай. Өвгөн эцэг нь Далай гэдэг дээсэн сахалтай, зузаан бор царайтай, ногоочин хятад байсан. Түүнийг өндөр настай болсон байхад Аюуш өвөр дээр нь сууж эрхэлж байсан гэнэ. Эцэг Дашдаваа нь өөрийнхээ ааваас газрын ажил яаж хийж шимийг нь хүртдэгийг заалгасан байна.
Би бол хятадын хурлийз хүүхэн. Манай өвөө тэр луухаан намайг дөнгөж бага сургуулийн босго алхаж байхад “Хүн эрүүл саруул явж байвал хамаг явдал бүтдэг. Энэ охиныг минь хүний эрүүл энхийн төлөө зүтгэж явдаг эмч болгоорой” гэж ээж, аавд хэлдэг байсан гэдэг. Тэгээд би 10-р ангиа төгсөөд Анагаахын дээд сургуульд орж эмч болсон гэж Аюуш ярьж Шархүү, Цэрмаа хоёрт өөрийгөө танилцууллаа. Шархүү Аюушийн энэ үгийг сонсоод “Эрлийз хүн хоёр амьтай гэдэг үг байдаг. Энэ авгай хэдэн амьтай бол? Эрлийз хурлийз бүхнийг эх оронгүй гэж үзэж болохгүй. Хурлийз байтугай цэвэр хятад байлаа ч манай улсад үнэнч санаатай хүн байдаг. Түрүүн нас барсан Лю Жимин гуай манай улсад үнэнч сайхан сэтгэл гарган зүтгэж ажилласаар яваад төрийн дээд шагнал хүртэж байсан шүү дээ. Тэр ариун сэтгэлээ хадгалж яваад амиа алдсан. Гэхдээ эдний олонх Монгол Улсыг эх орноо гэж үздэггүй нь бүр батлагдсан үнэн. Аюуш аа, чи аль нь бол? Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг гэж хэлдэг дээ” хэмээн бодож байлаа.
Аюушийн эр нөхөр нь геологич, одоо улсад хариуцлагтай ажил хийдэг, саяхан Чех улс руу албан ажлаар явсан. Тэр хүн одоо 7 хоноод ирнэ гэнэ. Аюуш хоёр хүүхдийнхээ хамт хадам аавындаа түр байгаа, сууц байшин нь засвартай учир тэнд сууж байгаа гэнэ. Энэ байдлыг нь Шархүү сонсоод Аюушид ойртон, аж байдлын янз бүрийн юм нэлээн ярилцлаа. Эдний байрыг Төрхүү ахлагчтай засварын бригад болсон хэдэн хүн засаж байгаа. Тэр засварчид ажилдаа овоо нарийн ханддаг. Тэдний дотор Сүгсээ гэдэг овлог байдалтай, ажилдаа тун нямбай болов уу гэмээр нэг хятад хүн нүүхэд тусалж байсан гэсэн үг бүсгүйн яриан дунд хавчуулагдан гарч ирж байв. Тэд нэлээд халж дотоод санаагаа дэлгэн ярилцаж байгаа боловч Аюуш вискиний халуунд зүрхэндээ тээж яваа бодлоо гүвж сэгсрэн хаяж орхих хүүхэн биш бололтой. Ихээхэн хянуур байдал ажиглагдаж байлаа. Олон зүйлийн эрэлд орсон аюулаас хамгаалахын ажилтан Шархүү хүчит ундаа зэгсэн балгасан ч гэсэн хэний амнаас ямар үг унах бол гэж ухаалгаар чагнаж олз олохын төлөө л бүхнээ хандуулан дайчилж яваа нь мэдээж билээ. Тийм байх нь энэ эрийн гажуу зан биш ээ. Ингэх нь зүй ёсны хэрэг.
Аюушаас Шархүү “олз” хайхдаа тэр Сүгсээ гэдэг хүний байдлыг судлаж мэдэхэд тус нэмэр болох зүйл олж авъя гэсэн нэг санаа сэтгэлд нь орж ирлээ. Учир нь Шархүү тэр Сүгсээгийн монгол нэрийг урьд талийгаач Цэвээний Балжингаас мэдэж авсан болохоор “Энэ ямар хүн бэ?” гэж онцгой анхаарал тавьж, түүнийг барилга засварчин, дэргэдээ мөнгөнд хэт шуналтай хоёр ч найзтайгаа хамт байгаа. Тэднийг Төрхүү гэдэг барилгын мэргэжилийн нэг хүн даргалан ажиллуулж байгааг мэдэж яваа. Тэгэхээр Аюушийг Сүгсээд аль болох ойр дотно байлгаж, түүгээр дамжуулан судлан танилцах ажлаа амжуулж магад гэж сайхи эр бодож билээ. Шархүү эхлээд Аюуш өөрөө ямар бодолтой хүн бэ? Түүний эр нөхөр нь ямар хүн байна вэ? Улсын хариуцлагатай алба хашдаг гэхээр нуруу алдахгүй догь амьтан байгаа болов уу хэмээн бодон, одоо эмч бүсгүйг судлах гэсэн санаагаа хэрэгжүүлэх эрмэлзэлд автав. Тэд буйдан дээр зэрэгцэн суугаад байн байн сархад шимэн, араандаа шанцай, дун ногоо зууж амтлан байж:
Хүүхдийн биеийг эмчилнэ гэдэг хамгийн төвөгтэй байдаг биз дээ гэж Шархүү асуув. Аюуш сайхи хүнийг эгцлэн харж:
Та яагаад хүүхдийг эмчлэх хэцүү байх гэж бодов оо хэмээн хариу асуулт тавилаа. Шархүү инээж, эелдэглэн, зориуд гайхах аяс үзүүлээд:
Хүүхэд хаанаа юу яаж өвчилж байгаагаа өөрөө хэлж мэдэхгүй шүү дээ. Том хүн бол бүгдийг ярина.
Хүүхэд биеийнхээ зовуурийг хэлж чадахгүй нь үнэн боловч эмчлэхэд хялбар тал нь дийлдэг. Яагаад гэвэл тэр нялх амьтанд том хүний адил өөр янз бүрийн архагжсан өвчин байдаггүй. Удамшлын юмгүй л бол биенд нь туссан өвчин дангаараа байдаг. Тэр өвчний нь зөв оношлон таниад, түүнийг нь барьж авч эмнэхэд илаарших нь хурдан, танихад ч бас дөхөм байдаг юм даа, эрхэм дарга минь! Би хүүхэд эмчилж байх дуртай болсон хүн.
Чи хүүхэд эмчлэх мэргэжлээ дээшлүүлэх талаар гадагшаа гарч элдвийг үзэж сонирхож яваа биз дээ? Манай хүүхдийн эмчилгээ бусад хөгжилтэй орны түвшинд хэр ойртож очсон бэ, Аюуш аа?
Би эмчилгээний хувьд овоо дээшилсэн гэж боддог. Гэхдээ сүрхий эмнэлэг хөгжсөн орнуудын түвшинд хүрэх болоогүй л байгаа байх. Би мэргэжил дээшлүүлэхээр ЗХУ-д 6 сарын хугацаатайгаар курст явж Москвад суралцсан. Тэдний эмчилгээний арга ажиллагаа ерөнхийдөө манайхтай тун төсөөтэй. Арга ч үгүй байх. Манай эмчилгээ ЗХУ-ын эмнэлгийн онол дадлагыг түшин дагаж хөгжсөн юм чинь. Бид Зөвлөлтийн багш, мэргэжилтэн эмч нарыг л даган дуурайж яваа шүү дээ. Тэгэхээр түүнийгээ дагалгүй яахав гэж Аюуш эмч нэлээн бодолд орсон янзаар хэллээ. Тэд хэсэг зуур яриагаа тасалснаа Шархүү “Энэ эмчийг би мэдэж авах гэж санаж байгаа болохоор уг асуудлаа гүйцээх учиртай шүү. Энэ маань ам алдахгүй гэж хаширлаж байгаа нь лавтай” хэмээн бодоод:
Аюуш аа! Чи өөр хаашаа явж юу үзсэн бэ? Бодвол нэлээд яваа биз?
Би өнгөрсөн жил Бээжинд болсон Азийн орнуудын хүүхдийн эмч нарын семинар зөвлөгөөнд оролцож тэнд хагас сар байсан. Би гурвуулаа явсан.
Бодвол Хятад улс ч хүүхдийн эмнэлгээр урагшаа нэлээн хол явчихсан айл байгаа биз дээ. Эмнэлэг нь сүрхий хөгжсөн орон гэдэг биз?
Та яагаад Хятадыг хүүхдийн эмнэлэг сүрхий хөгжсөн гэж байгаа юм бэ хэмээн Аюуш хариу асуув. Энэ эмч хүн юм асуухаар сөрөг асуулт тавьж өөрөө юм дуулах таалалтай бололтой байдал ажиглагдсан байв.
Хятад хүн амаар дэлхийд тэргүүлдэг. Хүүхэд их олонтой болохоор тэднийх энэ талын эмнэлэг, эмчилгээгээ гоц анхаардаг болов уу гэж би бодоод хэмээн Шархүүг хэлэхэд эмч бүсгүй нүдээ том болгон харж:
Бидэнд тэдний гоц сүрхий юм огт ажиглагдаагүй. Нарийн юмаа ч биднээс нуугаа биз. Хүн ам нь шороон түм болохоороо урсгалаараа өсөж явдаг биз дээ. Эмчилгээний голлох зүйл нь хятадын ардын эмнэлэг гээд л мэдэх мэдэхгүй баахан өвс ургамал хандалж уулгаад байдаг юм билээ. Бид учрыг нь олох аргагүй зүйл дээ тэр.
Одоо чинь өвс ургамлын гаралтай зүйл л хүний биед сайн гэж та нар ярьдаг биз дээ. Тэгэхээр Хятадын зөв юм байгаа биз?
Шархүү та юмны нарийн учрыг мэддэг хүн байна. Тэгэхдээ ургамал бүхэн сайн биш шүү. Хорт ургамал бишгүй их байдаг. Хорыг ургамлаар хийдэг. Хар тамхийг ургамлаар бүрдүүлдэг. Хятадын тэр хэрэглэж байгаа юмны учир утгыг мэдэж аваад бид эмнэлэгтээ тэднийг дуурайн хэрэглэнэ гэвэл одоогоор л лав бүтэхгүй зүйл. Бид чинь европ эмнэлэгт суралцсан. Түүгээрээ эмчилгээ явуулдаг. Түүндээ дадсан хүмүүс.
Аюуш аа! Хятад чинь аливаа юмны учир утгыг мэдэж тайлах талаар тун амаргүй гэдэг. Тэгэхээр Хятадын тэр сүрхий юмнуудын учрыг олж мэдэж ашиглахыг бид зорих нь олон талын ашигтай биш үү?
Та тэгэж бодож байгаа бол түүн рүүгээ өөрөө яв! Та хятадуудыг бидний хүссэн ёсоор хамаг юмныхаа учир байдлыг “ингэдэг юм” гээд хэлээд өгч орхино гэж бодож байна уу? Тэр чинь эндүүрэл биш биз? Тэдний нарийн юм нь хаалттай байдаг.
Чи яагаад тэгэж бодож байгаа хүүхэн бэ? Хачин юм аа?
Юу нь хачин байхав дээ. Та мэднэ биз дээ. Хятадын будаан хээтэй шаазангийн хийдэг аргыг мэдсэн манай нэг оюутан бүсгүйг наашаа ирэхээс өмнө тэд хэн нь мэдэгдэхгүй амь насыг нь хөнөөгөөд, мөрийг нь балласан гэж. Хятад хүн бидэнд юмныхаа учрыг зааж хэлэх байтугай эцэг нь хүүдээ өөрийнхөө мэддэг чаддаг юмныхаа нууцыг хэлж өгдөггүй үхдэг гээ биз дээ. Тийм баримт ч маш олон сонсогдож байдаг.
За тийм байжээ. Эмнэлгээ байя гэхэд хятадаас өөр бусад сурч мэдэх юм бидэнд их бий байх аа. Наад зах нь хүнд үйлчилдэг үйлчилгээ гойд гэдэг. Та нарыг Бээжинд 15 хоног байхад үйлчилнэ гэдгийг ч үзүүлж алдаа биз дээ гэж Шархүү асуулаа. Аюуш энэ үгийг сонсоод хөмсөг зангидан:
Тийм ээ. Сайн үйлчилгээтэй гэж хятадуудыг хэлдэг. Тэгэхдээ цаанаа юм бүхэн нь хуурамч, зөвхөн өнгө зассан байдаг аюултай даа. Ер нь эднийд үнэнч юм байдаг болов уу гэмээр шүү. Тэгэж байж л тэр олон хүн чинь бие биеэ мэхлэн амь тэжээх аргаа олж яваа хэрэг. Юм бүгдийг өнгөн талаас нь хүний нүдийг төөрүүлэхээр гял цял харагдуулж байгаад л бусдын мөнгийг салгаж авахыг хамгийн дээд эрмэлзэл болгож байна шүү дээ. Ийм арга ухаан хятадын бүр цусанд нь шингэж. Тэдний амьдрах гол арга нь болсон хэрэг. Яагаад хятад хүн хуурамч, өнгөц байдаг юм бэ гэж асуухын хэрэггүй. Тийм шүү, Шархүү гуай!
Чи тэгээд Хятад оронд хэд хоног байгаад сүсэг муутай ирсэн бүсгүй шив дээ. Уг нь тийм баймааргүй л байлтай гэж Шархүү хэллээ.
Аюуш бодлогошрон хэсэг зуур сууснаа уртаар амьсгаа авч:
Би танд хэлэх юмныхаа эвийг олохгүй байна. Бид чинь энэ эх нутаг дээрээ эрх дураараа өсөж бойжсон баян айлын эрх танхи хүүхдүүд гэсэн үг дээ. Нутаг минь өргөн уудам, байгаль минь баялаг, уудаг ус нь хүртэл тунгалаг. Өндөр газар учраас агаар салхи цэвэр ариун. Жилийн дөрвөн улиралтай, зуны халуун, өвлийн тэсгим хүйтэн хоёроороо хамаг нянг устган, хамаг юмаа ариусган цэвэрлэж чаддаг. Олон мянган жилээр талхиж үхүүлэн сүйтгээгүй газрын хөрсөнд ургаж байгаа тариа ногоо маань хүртэл байгалиас хайрласан тэр амт шимтийг хадгалж байгаа. Түүнийг идэж уухад ямар сайхан амттай байдаг билээ. Одоо бидний өмнө Хятадаас авчирсан улаан лооль овоолгоостой байж байна. Үүний өнгө нь ямар гоё вэ? Гэтэл Монгол газрын хөрсөнд ургуулсан улаан лооль ямар амттай байдгийг бид мэднэ. Бээжинд зангидсан гараас том, час улаан лооль өмнө авчраад тавина. Амт нь ус. Одоо манайх хүнсний юугаар бордсон зүйл хаанаас хэт их аваад өмөн үү өвчин газар авч байна гэж бодож байна вэ? Бодоод үз. Манай лоолийн амт нь сүү гэсэн үг. Тийм үү, үгүй юу? За тэгээд Бээжинд гудамжинд гараад зугаацахаар явахад нүдэнд харагдаж байгаа бүхэн хүний юм. Тэнд манай юм, миний юм гэж санагдах зүйл нэг ч байхгүй. Агаар нь халуун гэж яана вэ? Хүн эрдэм номын зүйл бодож, түүнийг бясалгах зав чөлөөг тэр халуун уур амьсгал нь огт олгохгүй. Тэгэхээр монгол хүн тэнд зун цагт очоод юм сурч мэднэ гэж санахын ч хэрэггүй бололтой. Бид Бээжинд очоод л тэр оройноосоо гэрээ санаж эхэлсэн. Ёстой хагархай ч болов гэр минь, хазгар ч болов ээж минь гэдэг үг үнэн юм билээ. Тэгээд их хөгтэй. Бид гурав нутаг буцна гээд хүүхэд хуурах жаахан хог түүн дэлгүүр хэсэж аваад л байрандаа ирээд хэвтсэн чинь тэр шөнө нойр хүрдэггүй. Тэгээд өглөө галт тэргэнд суугаад наашаа хоёр өдөр явлаа. Галт тэрэг удаан яваад байх шиг санагдана. Мааньтын дөрөлж дээр гараад Богд хан уулын оройг хараад бид бүгд дуу алдан нүднээсээ дусал унагасан шүү. Хүүхдүүдээ санах гэж бүр тоймоо алдсан гэж Аюуш хэлээд инээлээ.
Хүүхдүүдээсээ илүү хар хүнээ санаад хөнжлөө мөрөөдөө биз дээ гэж Шархүүг хэлэхэд хажууд нь нэг ч үг дуугарахгүй суугаад байсан Туяа инээн:
Шархүү юун гэнэхэн бэ? Түүнийг заавал хэлүүлэх гэж шалгаагаад яах нь вэ гэж хэлэхэд гэрийн эзэн эр хундага сэргээн өргөж бас инээсээр:
Бидний ярилцсан зүйл дотор хамгийн гоё нь Аюушийн яриа болох шив гэлээ. Бүгд энэ үгийг таашаан хундага суллав. Туяагийн хийсэн хоол гоц сайхан амттай байв. Гэхдээ Агьтын хөндийн шарсан мөөгийг гүйцсэнгүй.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 16-р)

Сөрөг давшилт зөвхөн дайны талбарт байдаггүй

Аюуш эмчийн суудаг байранд орсон засвар дуусаж суугчид нь гэртээ эргэн ирж байна. Аюушийн нөхөр Тогоо ч харьд яваад ирж ажилдаа орсон байна. Дарга нар нүүж суухдаа албан газраасаа хүн гаргуулаад ачаа бараагаа зөөлгөдөг. Тогоо дарга тийм явдалд дургүй учир Аюуш ажлаасаа чөлөө аваад гэр орныхоо юмыг Тогоогийн жолоочтой хамжин зөөж байрандаа авчирч байлаа. Гэрийн эзэн өөрөө дээд албаны ийм тийм хурал зөвлөгөөнтөй гээд гэр орны ажлаас бие сугаран, контор сахиж суугаа билээ. Аюуш том толио өргөлцөж яваад гадаа хаалганы босгонд саяхан Тогоо нь авчирч өгсөн гоё гутлынхаа хошууны өнгөн арьсыг нэлээд том газар хэгзлэн өмсөх аргагүй юм болгож орхижээ. Түүндээ эмч бүсгүй жигтэй их харамсаж уйлахын наагуур юм болов. Гэрт нь хагарсан цонхны шил тааруулан тавьж байсан Сүгсээ түүнийг хараад Аюуш дээр гүйн ирж үзэн:
За яахав дээ. Ийм юм болдог шүү. Уг нь Чех улсад үйлдвэрлэсэн тун гоё гутал байна. Одоо ийм торгон хошуун дээрээ шалбархай гутлыг чам шиг гоё бүсгүй яаж өмсдөг юм бэ? Наадахыг чинь засаж наалаа ч гэсэн олигтой юм болохгүй гэж сэтгэл санаагий нь бүр үхүүлэв.
Сайхан эдээ эвдсэн бүсгүй харамсан:
Одоо яана вэ? Манай нөхөр хувцсаа гамнахгүй гэж муухай загнах байгаа. Би юу гэж хэлдэг юм билээ гэж жолоочдоо ярьвал тэр үгий нь Сүгсээ сонсож мэдээд, бас адилхан харуусах янз үзүүлэн толгой сэгсэрч байснаа:
Одоо яах вэ? Бүсгүй чи өөр гутал сольж өмсөөд наадхыгаа надад түр өгөөдөх. Би хятад сайн гуталчинд үзүүлээд аятайхан засах арга хайя гэж хэлэв. Аюуш бусдын ийм халамжийн үгэнд баярлалгүй яахав. Ингээд орой ажил дуусахад сайхи хужаа эмч бүсгүйн гутлыг цүнхэндээ хийж үүрээд явлаа. Энэ бол Ван овогт засварчинд “нэн чухал олз” болж байгаа хэрэг.
Сүгсээ урьд нь айл хунарын хүмүүсийн амнаас Аюушийг өмнө зүгийн хүний цус холилдсон эм байж магадгүй гэж мэдсэн байв. Тэгээд сайхи хүн дотроо олон юм бодсон байна. Тухайлбал, “Энэ хүүхэнтэй лавхан танилцах боломж олдов бололтой. Би үүнийг өөртөө дасгаж аваад түлхүүр болговол нэлээд юмны тагийг нээн ашиглаж болох биз. Бусдад нүүр талтай эмчтэй тун нарийн шаардлагатай гэж байгаа манай өөр хүн бий. Түүнд тун их хэрэг болно. Би энэ хүүхнээр дамжуулан Монголын дээд ноёдын хувийн байдал, тэдний гэр бүлийнхэнийг лавхан мэдэж авч болно. Ялангуяа Монголын том дарга, сайд нарын дотор болон тэдний эхнэр хүүхдүүдийн үндэс угсааг мэдэж авч чадах биз. Тэгэхдээ манай Хятадын цусны хольцтой ямар сайд дарга байгааг чи ёстой тунгалаг толинд харж байгаа юм шиг мэдэж байгаа. Би арга эвийг нь олж байгаад чиний тархи толгой дотор байгаа тэр зүйлийг чинь уудлан авч дөнгөх биз. Наад зах нь дарга даамлуудын авдаг цалингийн хэмжээ, тэдний хүсэл эрмэлзэл, хэн нь юунд шуналтайг данс бүртгэлд бичсэн адил мэдэж болох биз. Тун ойрын үед байн байн надтай энд тэндгүй тулгардаг, харахад дөлгөөн царайтай, номхон байдалтай юм шиг атлаа цаагуураа гойд ажигч, хөдөлгөөн хурдантай, чөтгөр гээч шиг энд тэндгүй давхиж, юм бүхнийг шиншилж явдаг нэг гонзгой шар амьтан байгаа. Түүнийг Сэлэнгэ мастер авдар захиалж хийлгэх гэж тэдний үйлдвэр дээр очиход нэрийг нь мэдэж авсан гэдэг. Түүний нэр Шархүү гэсэн. Тэр монгол эр чухам хаана ямар ажил хийдэг, гэр орон нь хаана байдаг, энэ бүхнийг Аюуш эмчээр олуулан мэдэж авч болно. Тэгвэл би тэр мөр хөөн шиншлэн гүйдэг сургуультай нохой адил амьтдаас хурдан салж чадах биз. Тэр өндөр шар монгол Лю Жиминг оршуулахад түүгээр явж байсан сураг бий. Балжин хэмээх Банзар хүүхнийг хэн алсан бэ гээд харайлгаж явсан, Шагдарыг тэр хэргийн учир баригдах явдлыг бас тэр Шархүү хийсэн байж магад гэсэн мэдээ миний чихийг дэлсэж байгаа. Тэгэхээр бидний аюултай дайсан бол тэр өндөр шар царайтай монгол гарцаагүй мөн. Би одоо түүнийг даруй цааш харуулахгүй бол гишгэх газар олдохгүй болж байгаа янзтай. Тэр этгээд юманд хүртээмжтэй гэж яана. Амгалан гацаанд тарьж байсан хар тамхины цэцгийг устгах хэргийг бас л тэр үзэж хараад Цагдаа яамандаа хэлсэн байх гэсэн таамаглал манай туршуулуудад байгаа. Энэ ч таамаглал биш, бүр эзнийг нь олоод нүд рүү нь хатгаж байгаа хэрэг биз” гэж Сүгсээ бодон тэр зүйлээ аман дотроо өдий төдий үглэсээр байлаа.
Ван овогт Сүгсээгийн овжиныг хэлж баршгүй. Тэрээр маргааш нь даавуун цүнхээ үүрээд Тогоо даргын үүдний түгжээг засаж бэхлэж өгнө гээд тэднийд тавьж хүрлээ. Тэрээр Аюуштай тогтоох харьцаагаа өнөө маргаашийн дотор дүүрэн амжуулж авахгүй бол засварчид энэ байшингаас хоёр хоноод ажил дууссан гээд холдох учиртай болж байгаа. Сүгсээг 12 дугаартай хаалгыг тогшвол ашгүй эмч бүсгүй хаалгаа нээж өглөө. Тэдний гэрт өөр хүн алга. Аюуш сайхи хүнийг ирнэ байх гээд хүлээж байсан ч болов уу гэмээр байдалтай, сандалд суулган цай аягалан өглөө. Сүгсээ хэнэггүй царайлан байж цүнхээ уудлан гутал гаргаж ирсэн нь эмчийн хамрыг нь шалбалсан гутал тэр хэвээрээ, огт гар хүрээгүй байв.
Бүсгүй гутлаа үзээд царай нь барсхийн хувирч:
Засаж огт болохгүй байна гэнэ үү? Арга ч үгүй байх аа. За яахав гэхэд Сүгсээ аялаг зан гарган инээж:
Надад их сайн танил гуталчин Улаанбаатарт байгаа. Би өчигдөр шөнө тэр хүн дээр очиж гуйсан боловч үүний хошууны нь савхийг бүр солихгүй бол юу ч наагаад аятайхан болохгүй, муухай болно гэнэ. Бээжинд бол дор нь тэр эвдэрсэн хэсгийг нь солиод оёж орхих газар байна. Тэгээд би чамайг хайрлаад өөр нэг ийм гутал авчирлаа гээд бүр цоо шинэ, харваас ч аятайхан, яг хөлд нь таарах хэмжээний гутал сайхи хүн гаргаад ирэв. Аюуш түүнийг нь шүүрэн авч эргүүлж тойруулан үзсэнээ уртаар амьсгалж, толгой сэгсрэн:
Уг нь их аятайхан гутал санж. Даанч өнгө нь өөр. Хүрэндүү юм байна. Манай Тогоо энэ чинь юу юм бэ? Миний авчирсаныг чи яасан бэ гэх байх гэж хэлээд Сүгсээд эргүүлж өглөө.
Засварчин маасганан инээж, ая тавих байдал гарган:
Ай зүгээр дээ. Чи нөхөртөө чиний авчирсан гутал миний хөлд жаахан эвгүй оргиод байхаар нь үүнээс сольж орхилоо. Миний найз бүсгүйд ийм гутал байж гэж хэлээд л үүнийг үзүүлээд өмсөж орхи хэмээн арга зааж хэлэв. Аюуш энэ үгийг сонсоод засварчнаас гутлыг эргүүлэн авч өмсөж үзээд, шалан дээр хэд алхаснаа авахаар болж толгой дохин байснаа:
Энэ чинь ямар үнэтэй гутал вэ гээд гар цүнхээ уудлан мөнгө гаргаад ирлээ. Сүгсээ мөнгийг үл анзаарах царай гарган:
Мөнгө авахгүй дээ. Таньсан хүүхэн чи надад мөнгө битгий өг өө гэв. Аюуш нүдээ том болгон харж гайхсанаа дуугаа хувирган:
Би яалаа гэж таны юмыг зүгээр авдаг юм бэ? Тийм ёс байхгүй гээд гартаа байгаа мөнгөнөөс 3000 төгрөг тоолон сайхи хужаагийн цүнхэнд хүчээр хийж:
Таны авснаас үнэ нь дутаж байгаа бол надад шууд хэлээрэй. Зах дээр иймэрхүү гутал 2000 орчим төгрөг гэдэг юм билээ гэв. Ингээд засварчин бүсгүй хоёрын дунд мөнгө авахгүй, өгнө гэсэн жаахан маргаан болж, эцэст нь Аюуш хужаагийн цүнхийг зориуд хаав.
Ай, чи их сүрхий чанга хүүхэн байна. Би чамаас мөнгө биш, өөр юм авна гэж бодож байгаа юм. Тэгэхэд чи миний авах гэсэн зүйлийг хааж байна.
Та надаас юу авах гээ вэ? Эр нөхөртөй эм хүнээс ийм гоё гутлаар сольж авдаг юм юу байдаг билээ? Хачин хэрэг байна даа.
Ай, одоо яах вэ? Чи надад ярьдаг утсаа өгч болох уу? Би дараа яръя.
Манай утас одоо ажилгүй байгаа. Та дахиад үүгээр ирэх биз дээ гэсэнд:
Би танай энд дандаа ирээд чамтай уулзан, энэ тэрийг ярьж баймаар байна. Чи бид хоёр нэг ясны хүмүүс биз дээ гэж Сүгсээ хэлэв.
Хаалганы хонх хангинан, тэдний яриа тасалдаж, засварчин багажаа бариад үүд рүү очлоо. Гаднаас нэг танихгүй бүсгүй орж ирэн Аюуштай мэндэлсэн дороо:
Манай хүүхэд халуураад байна. Үзээд өгөөч гэж эмчээс хүсэв. Аюуш энэ дуудлаганд очих ёстой боллоо. Хүүхдүүд эзгүй учир эднийх гэрээ цоожлоод гарах болоход Сүгсээ тэдэнтэй хамт гадагш гарахдаа Аюушид хандан:
Би чамтай дахин уулзмаар байна. Бүсгүй чи надад ясаа бодон тус хүргэх биз дээ? Тэгэж болно биз гэж эмчийн нүүрийг тас ширтэн шалах байдлаар асуув. Аюуш энэ засварчин чухам ямар тус өөрөөс нь хүсэж байгааг мэдэхгүй гайхшран, дэмий л толгой дохиод түүнээс салж дуудагч бүсгүйг даган явлаа. Сүгсээ эргэн харж:
Танай байрны хаалганы засварт жаахан юм дутуу. Би маргааш ирж түүнийг хийж өгье гэж хэлэхэд эмч засварчинд хандан:
Би маргааш ажилдаа явна. Үдээс хойш дөрвөн цагаас гэртээ байна байх гэж хэлээд салж одов. Эмчийн энэ үгийг “Нааштай байна. Би энэ бүсгүйгээс салж холдолгүй явж байж дотоод хэргээ гүйцээнэ шүү” гэж Сүгсээ өөртөө хэлж билээ.
Энэ засварчинд ил далд танилууд олон байгаа. Хамт ажилладаг хүмүүстэйгээ сайхи засварчин уулзвал, цуг ажилладаг Цэ нь угтаж ирээд:
Дархан хотоос чиний дүү Үсрэлт гэдэг хүн өглөө манай гэрт ирж чамтай даруй уулзах учиртай. Би галт тэрэгний маргааш өглөөний суудлаар буцна гэж хэлээд явсан хэмээн бусдаас нууцлах байдлаар шивэгнэн хэлэхдээ “Би Ерөөлтийнд байгаа гэж ахад дамжуулаарай” гэсэн гэж бас мэдэгдлээ. Сүгсээ энэ үгийг сонсоод “Би дүү гэгддэг Үсрэлтийг нэг л удаа үзсэн. Дархан хотод очоод түүнийг сураглаж гүйсэн боловч олоогүй. Их л чухал хэрэг болж дээ” хэмээн бодлоо.
Бодож үзвэл, миний дүү Улаанбаатарт ирсэн гэдэг худлаа. Тэр бол манай хүмүүс мөрөө баллаж яваа хэрэг. Би одоо Ерөөлтийнд очих биш, урьд уулзаад тохиролцсон газар, Амгалан гацаанд байдаг Сү овогт луухааны ногооны газарт гафу бариад очих хэрэгтэй болов бололтой. Маргааш өглөө нар лавхан хөөрсөн үед би тэнд байвал зохистой болох нь ээ? Миний дүү намайг сураглаж явна гэдэг чинь “Чи бушуу ирж уулз” гэсэн Ерөөлтийн далд үг гэж бодоод, гэртээ харьж хонон, өглөө нь тааран шуудай, газар малтаж засдаг гафу барьсаар Амгалан явдаг автобусны буудал руу алхлаа. Ингэж явахдаа Ван овогт дадсан аж.
Хэдэн жилийн өмнө хар тамхины улаан цэцэг тарьж байгаад цагдаа нарт саваадуулан баллуулсан Сү овогт луухааны талбай дээр очвол Ерөөлт тэнд ирчихсэн, ногоочин өвгөний хамт ус урсгадаг нарийн шуудуу засаад, хүрз барин зогсож байх нь харагдав. Тэд яалаа гэж түнш ёсоор гар барин мэндэлж, нүүр тулан уулзах вэ? Харин “Би ирлээ шүү” гэсэн дохио болгон малгайгаа сэгсэрч мэнд мэдэлцэв. Орчин тойронд нь өөр хүний бараа эс үзэгдэнэ. Тэд тус тусдаа шуудууны газар засан ажиллаж байгаа дүр үзүүлэн, бие биедээ ойртон явсаар нэг дөрвөлжин тэгш газрын хоёр талд хоорондоо хэдхэн алхмын зайтай тулж ирлээ. Ерөөлт саримгар шар сахлаа алгаараа арчин сулхан инээж Ван овогтыг харан:
Энэ жил ногоо сайн ургах байгаа гэмээр газрын өнгө аятайхан байх шив гэж ам нээв. Энэ нь “Хэрэг явдал аятайхан байх шив” гэсэн үг байлаа.
Уйгагүй л хятад ёсоороо оролдоод байвал хэдэн бөөрөнхий байцаа хураах шүү байх аа гэж Ван овогт хариулав. Тэр нь бас өөр далд утгатай үг. Тэд амьсгаа даран амарч байгаа янз үзүүлэн зогсоод тал тал тийшээ харж, ойр хавьд хүн амьтан байгаа эсэхийг ажаад намуухан дуугаар хэдэн үгний солио хийж хэллээ.
Урд өвөлжөөн дээрээс (Бээжин хотоос гэсэн үг) хэдэн шуудай хонины хоргол маягтай нарийн бордоо (эм гэсэн үг) ирсэн. Түүнийг яаж бяцлан, тарианы газар тарааж цацах вэ гэж би бодож байна. Уг нь их шимтэй бууц л даа, янз нь.
Энэ хэргээр чи надад хандсан юм уу? Бодвол тэр “бордоо”-г хувааж зохистой хэрэглэхэд мэргэшсэн тариачингууд (эмч гэсэн үг) их анхаарах ёстой юм биз дээ?
Ээ дээ, яг тийм. Тун нарийн аятайхан хэрэглэхгүй, хамаагүй цацвал өөрсдийн ногоог сүйрүүлнэ гэж ногоочин хүн хэлж байгаа.
Ай, зөв дөө. Тэр чинь их хүчтэй, сайн “бордоо” байж дээ.
Хэлээд яахав. Ар газрын сэрүүн нутагт байдаг хүмүүсийн хоолонд хэрэглэх ногоонд хольж оруулах хэрэгтэй юм байна гэсэн яриа болов.
Сүгсээ гэр лүүгээ буцах замдаа “Хэдэн шуудай хортой эм ирж дээ. Түүнийг бид худалдах хэрэгтэй болжээ. Тэгэхэд уг нь нэлээн мөнгө гар дээр унах бололтой шүү. Яаж борлуулах вэ? Бас хамаагүй, зах дээр зогсоод худалдаж болохгүй гэсэн үг хэлүүлсэн байна“ гэж Ерөөлтийн хийсэн ярианаас үзвэл ирж байгаа эм “нэлээд” учиртай болохыг ойлгож мэдсэн Сүгсээ “Таних итгэлтэй эмч, түүнийг зарах эмийн худалдааны хүн бидэнд хэрэгтэй шив. Яаж тийм хүн олох вэ” гэж Сүгсээ аман дотроо үглэн бодсоор. Чухам ямар эм юм бол? Ямар өвчинд яаж өгдөг эд байгаа бол? “Өөрсдөө хэрэглэж болохгүй” гэхийг бодоход сүрхий хортой эм байж таарна. Бээжинд л найруулсан эд байгаа даа. Гарцаагүй тийм. Бид монгол хүнийг огт байхгүй болгох санаатай болохоор хүний үр үндсийг хөнөөх чадалтай эм байгаа биз? Эр, эм ямар ч хүний үрийг үхүүлэн, хүүхэд төрүүлэхгүй болгодог эм байдаг гэдэг. Тэр бол энд тун чухал юм байж таарна даа. Тийм ээ. Хүний аль нэг дотоод эрхтэнийг нэлээд удаан хугацаанд мэдэгдэхгүй байгаад аажим гэмтээн үхүүлдэг янз бүрийн эм байдаг. Тархи мэдрэлийг хордуулан солиоруулдаг, элэг бөөрийг өвчлүүлэн сүйрүүлдэг янз бүрийн айхавтар эм байдаг гээ биз дээ. Түүний аль нэг нь байгаа болов уу хэмээн сайхи хүн ганцаараа яриад, эцэст нь тэр эмийг худалдсан хүнд үнийн тэн хагасыг “шагнал” болгон өгөх болзолоор эмч нараар уух бичиг бичүүлэн өвчтөнд өгүүлэх, тийм болзолтойгоор эмийн худалдааны худалдагч нарт бас өгч борлуулах, уг зүйлийг өөрсдийн гар дээр байлгахгүй, өөр “найдвартай” хүнд хадгалуулах, далд ажиллаж байгаа хүмүүсээр танил эмчийг нь олуулж, түүгээр дамжуулан монголчуудад уулгах арга хэрэглэх ёстой шив. Бас бус арга ажиллагааг санаачлан тэр хэргийн мөрийг гаргахгүй байхыг бид гоц анхаарах хэрэгтэй боллоо. Манай далд хүмүүс бас өөр янз бүрийн нууц аргууд олох биз хэмээн сайхи хүн бодов. Сүгсээ ийм нэг шинэ ажил далдуур хийх ёстой болоод гэрийн зүг санаашран явлаа.
Сайхи хүн сэтгэл бардам, хийж яваа далд ажлаа бүтэмжтэй болно гэж бодон алхсаар гэртээ ирсэн байна. Гэхдээ Аюуш эмчийг өөртөө элсүүлж авбал эмийн жор бичүүлэхээс өгсүүлээд тун олон зүйлээр хэрэг бүтэх байдалтай санагдаж байжээ. Үүнийг бодохоос Сүгсээ сэтгэл яаран, яаж тэр хүүхдийн эмчийн санаа бодлыг өөртөө татах вэ гэхээс бүр байж сууж цөхөн байгааг түүний эхнэр “Сэвэгнүүр” Пунсал төдий л ажиж мэдэхгүй, оройд хөнжилдөө Сүгсээтэй хамт түргэн орохыг л бодож байв.
Чи харах царайнаасаа л өндгөн толгойлсон айхавтар эм бололтой билээ. Овоо дориун хятад чанарын далд санаатай бололтой шүү. Өгсөн гутлын мөнгө аваагүйгээр барахгүй, миний бусдаас авсан үнээс хол давуулж надад мөнгө шааж өгсөн. Энэ нь ч том даргын өндөр цалин хангамжинд байдаг болоод тэр биз гэж бодож болох юм. Эр нөхөр Тогоо гэдгээсээ ухаан алдталаа айдаг бололтой байсан. Цаад эр нь албан тушаалаараа гул бариад Аюушийг төмөр гаваар гавласан мэт атгаж байдаг биз. Тэр хүүхэнд өөрийнхөө гарал үүсэл, цусан төрлийг бодно гэж нэг юм баймаарсан. Эр нөхөр нь хөнжил дотроо Аюушийн санаа сэтгэлийг хэнтэй ч зүйрлэмгүй баясгаж байдаг нэг онцгой арга хэрэглэдэг юм болов уу? Нэг л аминд нь тулсан нарийн юмаар Тогоо дарга тэр эмийг хаашаа ч хөдлөх аргагүйгээр хүлж аваагүй байгаа бол санаа нь наашаа хандмаар юм даа хэмээн амандаа үглэж байхад Пунсал Сүгсээг хавирга руу нь тохойгоороо ёврон:
Чи чинь аман дотроо юу шивнээд байгаа юм бэ? Өөр хүүхэнд сэтгэл чинь татагдаад байдаг болж орхиогүй биз дээ? Наашаа хараач гэж зандрангуй хэлжээ. Ван овогт хүн:
Ай, Пунсал аа! Чи юу ч мэдэхгүй байна. Миний ажлын хөлсийг Төрхүү даамал зориудаар буруу бодоод надад дутуу өгөөд байх шиг байна. Тэр даамал өөрөө бидний засвараас мөнгө идээд байгаа ч юм уу? Түүнийг сайн бодох ёстой болоод байна гэж худал өчиг өгч хэвтлээ. Сайхи хүн иймэрхүү зохиомол зүйлээр Пунсалыг бараг насан туршид нь мэхлэн, хэдэн төгрөгөөр өөш хийж, хүүхдүүдийнхээ бөгийг бөглүүлэн, эхүүн үнэртэй дэвсгэр болгож байгааг гайхал бүсгүй яахан ухаарах билээ.
Сүгсээ тогтоосон цагтаа Тогоогийнд ирвэл тэдний хүүхдүүд нь байна. Аюуш эмч ажлаасаа ирээгүй байгаа бололтой, алга. Засварчин тэдний хаалганы нэг талын гуя модыг сольж өгөхөөр өөр мод бэлтгэн авчирсан. Хуучин гуя мод нь хоёр дахин нүхлээд хууч муутай болсон гэж энэ мужаан үзээд солихоор болсон. Одоо тааруулж бэлтгэсэн модоо засаж, цоож, түгжээний нь нүхийг нарийсган засаж эхлэв. Тэгтэл Аюуш хүүхэн ч хүрч ирээд засварчинтай мэндлэн уулзсан дороо цай аягалан өгч найрсах янзтай байлаа. Аюуш ер нь орсон гарсанд ундтай, ааш зангаар хайлсан тугалга мэт хүүхэн билээ. Сүгсээ ч сүрхий аялаг зангаар эмч бүсгүйтэй харьцан, хийж байгаа модоо хурдан тааруулж ажиллахдаа:
Танай энэ хаалганы яс мод их хуучирч олон нүхлүүлсэн болохоор бүрэн солихгүй бол болохгүй гэж би бодсон. Одоо их сайн болно. Би тун хатуу таримал мод олж энд хийж байна хэмээн оноо авах үг хэлж ажлаа дуусгаад, цоожийг дахин дахин шалгаж үзсэнээ инээмсэглэж:
Аюуш эмч ээ! Танай хаалга бөх боллоо. Тэгээд өөр засаж янзалмаар юм байвал надад хэлж байгаарай. Би “за” гэвэл монголчуудын хэлдэг ёсоор “ёогүй” хийж өгнө шүү. Ганц энэ хаалга ч биш, сандал ширээ, ор, шүүгээ сав аль ч модон эдлэлийг би засдаг. Танайд бол би үнэ хөлс гэж элдэв дээдийн юм ярихгүй. Одоо хоёулаа их танил боллоо гэж хэлэв.
Тэглээ. Би тантай сайн танил боллоо. Та юмыг хурдан, цэвэр сайн хийдэг уран гартай мужаан байна. Та одоо надаас юу авах вэ гэж Аюуш эелдэглэв. Сүгсээ толгой сэгсрэн:
Би энэ хаалга зассан гэж юм авахгүй шүү. Танил хүмүүст энэ зэргийн юм байлгүй яахав.
Хүүе! Яалаа гэж тэгэж болдог юм бэ? “Хөдлөвөл хөлс, зогсвол зоос” гэдэг үг бий. Та шууд хэл. Хэдэн төгрөг надаас авах вэ, түүнийгээ ав!
Ай, Аюуш аа! Би хөлс авахгүй гэж хэлсэн шүү. Харин чи надад хүн авчирч өгсөн дотор газрын хэдэн сайн эмийг өвчтөнд уулгахаар бичиж өгч туслаарай. Тэр бол олон янзын өвчинг анагаах чадалтай, манай дорно зүгийн хүний биед зохидог ховор ургамлаар найруулж хийсэн тун сайн эм. Би эхнэрээ, хэдэн нусгай хүүхдээ аваад Бээжин явж сайхан юм үзүүлэх санаатай. Тэгэхэд мөнгөний хэрэг нэлээд гарах байх гэж бодож байна гэж сайхи хүн жирийн байдлаар хэлэв. Аюуш хужааг харж жишимгүй янзаар зогсож байснаа сулхан инээж:
Би таны хэрэгцээг мэдлээ. Тэр эмээ надад үзүүл! Тэгээд би өөрөө шалгаж үзээд зохих ёсоор өвчтөнд бичиж бололгүй яахав. Харин тэр эмийг чинь би урьдаар заавал үзнэ шүү гэж хэлэхдээ цаанаа элдэв дээдийн зүйл бодсон шинжгүй царайлав.
Ай, Аюуш аа! Тэгвэл их сайн байна. Би үүнийг чамаас өөр эмчээс гуйхгүй. Бас тэр эмийг худалдаад орж ирсэн мөнгөний гурав хуваасны нэгийг чамд өгөх болно гэж амлан хэлэх байна. Би нэг үгтэй хүн шүү гэж хэлснээ “Уг эмийг би өөрөө биш, өөр хүнээр энэ эмчид өгөх нь хожим өлзийтэй болох байгаа” хэмээн бодсон аж.
Аюуш Сүгсээ хоёрын энэ удаагийн яриа дуусаж , гадаа суудлын тэрэг сүн хийж ирээд зогсож байгаа дуу сонсогдлоо. Бодвол Тогоо гэдэг дарга ирж байгаа биз. Түүнд өөрийгээ харуулах гэж гүйх хэрэггүй гэж Сүгсээ бодон, яаран багаж хэрэгсэлээ авч гарвал шатан дээр нэлээд догь байрын гэх үү, ихэмсэгдүү боровтор царайтай хар хүн тансаг үнэр ханхалуулан, сайхи хүнтэй зөрж өнгөрлөө. “Энэ Аюушийн нөхөр мөн байна. Яггүй буурь суурьтай байрын хүн юм. Би энэ хүнтэй халз тулахыг санаархах хэрэггүй. Тойруу замаар чиний цагаан царайт эхнэрийг монгол дарга нарын нарийн юмны авдарын цоожны түлхүүр болгож авахыг би зорих болж дээ. Юуны өмнө энэ Тогоо даргын элгэнд хүйтэн чулуу оруулчихаж дөнгөдөг болов уу? Аюуш эмч ч бас дотроо цахиур чулуу шиг хатуу сэтгэл хадгалан явдаг байж магадгүй шинжтэй байна шүү. Чамд их гүрний данжаадын цус хадгалагдаж байх л ёстойсон. Чи бол зэгсэн хөлтэй, хятад пүүсний туслах данжаадын удмын охин гэж надад дуулдсан. Тэр удмыг нь би энэ эмд сануулаад, зүрх сэтгэлийг нь ганхуулж байх учиртай даа. Энэ Тогоо гэдэг зузаан дарга Аюушийг хаашаа ч гулзайхгүй болгон хүмүүжүүлэх гэж том ухаан зарж, эхнэртэйгээ ноцолддог биз. Тэгээд чи бид хоёрын аль дийлдэгийг бидний харилцан хийх сөрөг давшилт мэдэх хэрэг болоо шив. Би уг нь цэргийн эр байв даа” хэмээн бодсоор цаашлав.
Ван овогтын сэтгэлд янз бүрийн юм бодогдож байжээ. Гол нь яавал Аюуш эмчийг өөрийн гарын хүн болгож авах вэ? Би түүнд сая төгрөг амлаж чадна. Надад Бээжингээс гуйвуулж ирсэн мөнгө бий. Тэр эм мөнгө тоохгүй байх ёсгүй. Монгол эмс мөнгө үзэхээрээ шээс алддаг амьтад. Надтай дайралдсан бүсгүйчүүд бүгд тийм байлаа. Ер нь ертөнцийг мөнгө захирч байгаа. Би яаж түүнд мөнгө өгөх вэ? Шууд аваачаад өгөх үү? Тэр эм чингэх бол айхавтар бусгана даа. Хэрэв тэрээр надаас ахиухан тоотой мөнгө авдаг юм бол ч миний гарт орж байгаа нь тэр. Тэгээд би Аюушид “Монгол улс хэзээ ч бие даан оршин тогтнож байж чадахгүй. Манай том гүрний хаяаны манаас болоод байж байх болно. Энэ хэрэгт чи эртхэн нийлж нэгдэх нь чамд илүү тустай байх болно. Манай их Хятадын хүмүүс ч монголчуудыг өөртөө нийлүүлж нэгдье гэхэд ёстой алга тосон угтаж авч, халуун ханзан дээрээ бөмбөрүүлнэ. Энэ бол гарцаагүй хэрэг. Тийм цаг ирэхээр “Би энэ хэрэгт эрхэм тус хийсэн хүн шүү” гэж ам бардам хэлэх үгтэй, хэний ч өмнө нүүр бардам байх ёстой. Тэр хэргийг эс ойшоон эсэргүүцсэн хэн боловч эцсийн бүлэгт муу уурт газар туугдан очиж тэнд тамаа цайна гэж мэд хэмээн Аюушид ярьж ойлгуулах юмсан. Даанч бидэнд тийм дөгөө, боломж олдохгүй байна даа. Яадаг юм билээ? Яах ч юу байхав. Би одоо Аюушаас салахгүй дагах ёстой. Энэ эмийн гараар хийлгэх зүйл надад тун олон байна. Тэгээд би яаж Аюуш эмчтэй харьцаж, түүний бодол санааг эргүүлэн өөрийн тэжээсэн муур адил болгох вэ? Аюушийн гараар тэр эмнэлэгт хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүдэд урдаас ирсэн эмийг уулгуулбал манай хэрэгт нэг том нэмэр болох ёстой. Яаж тэр хэргийг Аюушаар хийлгэх вэ? Эмч хүүхэн манай эмийг сорилын шинжээч нараараа үзүүлээд хортой юм байна гэвэл яана вэ? Аюуш тэгэж байж чадахаар эм бололтой шүү. Тэр эмнээс шалтгаалаад энд бидний хийж байгаа хэрэг сэдэгдэн илэрч балгаа тарих юм болбол яах вэ? Хамгийн түрүүнд би хүзүүгээ оосорлуулна гэсэн үг. Тэгээд яах вэ? Ингэж айж болгоомжлоод зүгээр яваад байх уу? Тэгэх юм бол эрийн тэнгэрийг гутаасан, амьдаараа үхэж байгаа булай явдал болно. Тэгэж болохгүй дээ. Их гүрний алдрыг бодон, зорьж яваа том хэргээ бүтээхийн тулд шантаршгүй хатан зориг гаргах ёстой. Би тийм болохоор Аюуш руу хамаг хүч тэнхээгээ дайчлаад ойртон очиж, хамаг санаагаа түүнд хэлж зүрхэнд нь шингэтэл ойлгуулах хэрэгтэй. “Чи манай бодлогын төлөө хүч тавин зүтгэвэл Бээжинд хамгийн их нэр хүндтэй баатар эмэгтэй болон өргөмжлөгдөнө. Тун ч их шагнал хүртэн насан туршдаа жаргалын дээдийг эдлэн явах болно” гэдгийг би Аюушид ойлгуулах ёстой болжээ. Би одоо энэ явдлаас ухарч болохгүй” гэж Ван овогт Сүгсээ өөртөө хэлээд Аюуш эмч рүү зориглон зүтгэж яваа аж. Үүнийг бид нөгөө олон нүүр гаргаж явсан эм Цэвээний Балжин адил болгож болохгүй. За үзэж алдана гээчийг хийнэ дээ хө. Чи Хан үндэстэн Хятадын хүү мөн юм бол энэ хэргээс хойш суун зүрх алдаж болохгүй. Оролдоод болохгүй бол Аюушийг газар доогуур оруулна даа гэж Сүгсээ өөртөө хэлээд, тангараглаж байгаа маягаар газар нулимсан байна.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 17-р)

Гурвалжин зангилааны торгон үзүүр

Шархүүг хэлтсийн дарга, дэд хурандаа Соном дуудуулан уулзлаа. Шархүү шалан дээрээ эрээн хивс дэвссэн, хуучивтар царс модон тавилгатай даргынхаа тасалгаанд зөвшөөрөл авч орсон дороо номхон зогсож:
Дэд хурандаа таны дуудсан ёсоор ахмад Шархүү ирлээ гэж мэдэгдвэл Соном дарга:
Наашаа суу гэж өмнөх суудлаа заалаа. Тэд бие биеэ харан хэсэг зуур суувал:
Ажил их байна уу гэж дэд хурандаа ам нээж,
Чи юуг гол болгон ажиллаж байна вэ хэмээн өөрөө мэдсээр байгаа зүйлээ лавлан асууж, Шархүүгийн нүүр өөд тайван харцаар ширтэв. Соном дарга ямар ч яаруу, чухал ажил тулгаран ирэхэд түймрийн дохио өгөлгүй, ямагт тайван байж чаддаг онцлогтой. Тэгээд ч түүнийг “Тайван Соном” гэж нөхөд нь хэлдэг.
Дэд хурандаа! Би Лю овогт луухааныг хөнөөсөн этгээдүүдийг мөрдөх ажилд оролцон гүйж байна. Түүнийг гаргаж ирвэл нэг их том хэргийн зангилааны торгон үзүүр бидний гарт орж ирэх учиртай. Шагдар гэдэг оргон зайлсан этгээдийн эндэх уяаны үзүүрийг бас олох гэж хайж байна. Мэдээжийн тэр бүхэн хүн чулууны мөртэй холбоотой байх ёстой. Ийм хэргүүд дээр голлон анхаарч яваа.
Тийм ээ. Тэр хэргүүд чинь бүгд л “Хүн чулууны мөрөөр” явж байгаа зүйл биз. Үүнээс гадна өөр нэг шинэ хэргийн сэжүүр бидний сэтгэлд тэмтрэгдэж байна даа, нөхөр ахмад аа гэж дэд хурандаа хэлэв.
Нөхөр дэд хурандаа! Та эмийн ...-р санд худалдагдсан хоёр төрлийн эмний тухай хэлж байна уу гэж Шархүү бодлогоширсон царай гарган асуув.
Тийм. Чи тэр эмийн явдлыг яаж мэдээ вэ? Чи хаанаас сэдэж мэдээ вэ?
Би эм судлалын сорилын тасгийн их эмч, судлаач Жа гэдэг хүнээс “Улаанбаатарт худалдаалагдаж байгаа эмийг шалгаад заримыг шинжилж үзвэл сэжиг бүхий найрлагатай эм зарагдаж байна” гэдэг үгийг өчигдөр сонссон. Энэ тухай би илтгэх хуудас бичиж байгаа.
Тийм ээ. Би тэр тухай чамтай ярилцахаар дуудуулж байгаа хэрэг. Тэр Жа эмч гэдэг эмч яагаад тэр тухай чамтай ярьдаг билээ?
Тэр Жа эмчийн нөхөр нь манай эхнэртэй хамт нэг сургуульд багшилдаг. Тэгээд түүгээр дамжин би Жа эмчтэй танилцсан. Тэр бол сорилын танхимд удаан жил ажиллаж байгаа, төлөв томоо бүхий зүтгэл сайтай судлаач гэдэг юм билээ. Тэр Жа судлаач өчигдөр манай Цэрмаатай хамт үдийн цайны цагаар орж ирээд, надтай жаахан ярилцах далимаар “Хачин гажуу найрлагатай эм манайд орж ирсэн байна” гэж надад хэлсэн. Тэр ярианаас нь сэдэвлэн уг эм хаанахын ямар газар найруулсан, ямар өвчинд яаж хэрэглэдэг, хэзээ гарсан хугацаатай зэргийг би асууж танилцсан юм. Тэр эмийн танилцуулганд тархи, судасны холбогдолтой өвчин, элэг бөөрний өвчинд аажуу сайн нөлөө өгнө. Ургамлын гаралтай зүйлээр нарийн судалж хийсэн гэж англи хэлээр тайлбарласан байна гэнэ. Үйлдвэрлэсэн хот нь Таншань гэж байгаа, гаргасан он тодорхойгүй гэнэ гэж Шархүү илтгэв.
Үүнийг чи олж мэдсэн байгаа чинь сайн хэрэг. Одоо тэр эмийн тухай албан ёсны тодорхойлолтыг тэр сорилын газраар нь гаргуулж авъя. Тэгээд түүнийг хэн хаагуур, яаж манай улсад оруулж ирсэн. Ямар аргаар яаж эмийн санд худалдаалж байгаа. Ямар эмч нар тэр эмийн жорыг бичдэг зэргийг судлаж мэдэх ёстой байна. Тэгэхдээ уг ажлыг хурдан гүйцэтгэнэ шүү дээ. Энэ ажил дээр чамайг ажиллуулахаар би томилж байна. Чи Лю овогт луухааныг хөнөөсөн явдал, оргон зайлах оролдлого хийсэн Шагдарын холбогдолтой хэргээ орхи. Би тэр хэргүүдийг цагдаагийн байгууллагатай хамтран өөр хүмүүсээр мөрдөн судлуулж байгаа. Хамгийн гол зүйл чинь цаашдаа “Хүн чулууны мөр” шүү. Тэр хэрэг их удааширч байна. Чи түүнийг хэдэн жилийн турш яриад л яваа. Одоогийн гарч байгаа гол хэрэг явдал тэр л Хүн чулууны мөрийг эрчимжүүлэх гэсэн санаа бодолтой уялдаатай явж байгаа л болов уу гэж дэд хурандаа хэллээ. Шархүү даргынхаа хэлсэн үгийг бүрэн сонсож аваад босож:
Мэдлээ. Гүйцэтгэе гэж хэлээд түүний тасалгаанаас гарчээ.
Шархүү энгийн хуучивтар хүрэн костъюм өмсөөд Баянзүрх уулын арын нуранги хаднаас авсан боржин чулууныхаа хэлтэрхий хэсгийг халаасандаа цаасанд боож хийгээд, гадуур явж ...-р сорилын газар очиж тэнхимийн эмч, судлаач Жа хүүхэнтэй уулзан түүнийг дагуулж гараад хэсэг зуур ярилцвал урьд өдөр нь өгсөн зүйлээсээ илүү юм мэдээлсэнгүй, харин тэр эмнээс нь тус бүр хоёр ширхэгийг боолгон авлаа.
Өөрийн судлаад илрүүлсэн зүйлээ албан ёсны болгон бичиж өгвөл болох уу? Түүнийгээ эрхлэгчээрээ батлуулбал бүр сайн болно гэж Шархүү Жаргал эмчид хэлэв. Цаад судлаач нь энэ зүйлд зовиурласан янз гаргахад Шархүү:
Үүнээс танд буруу болох зүйл нэг ч гарахгүй. Та зовиурлах юм юу ч байхгүй. Бид уг мэдээг таныг өглөө гэдгийг чандлан нууцална. Харин танд хожим сайн нөлөө үзүүлэх учрыг тайлбарлан хэлжээ. Ингэх нь ч зүй байлаа.
Шархүү энэ өдрийн ихэнхийг нэг муу цоорхой сүрлэн малгай толгой дээрээ тавиад, чулуугаар байшин барилгын довжоо, шал хийсэн газруудаар явав. Танихгүй хүн түүнийг харвал эргүүтсэн мал адил нэг амьтан байшин барилгуудын үүд хаалга шиншлээд л явж байна гэхээс цаашгүй хэрэг. Сайхи эр ингэж Улаанбаатарт сүүлийн жилүүдэд барьсан барилгуудаар яваад, сэтгэлдээ шингээх юм олж харсангүй. Удалгүй нэг өдөр гайхсан царай гарган Аюуш эмчийн ажилладаг хүүхдийн эмнэлэг дээр очихоор алхав. Шархүү өөрийн сэтгэлд сэжиг төрүүлсэн засварчин хужаа Сүгсээгийн байдлыг лавшруулан мэдэхээр зорьсон билээ. Чингэхийн учир нь ч тодорхой.
Ван овогт хужаа хотын дотор, Туул голын хөвөө, Дамбадаржаагийн дэнж, Амгалан гацаа, Долоон буудал хаа л бол хаа айлын буудал шиншилсэн золбин нохой адил тэнэж явдаг. Тэгэхдээ сайхи хүн бараг л хүн бүгдийн байдлыг галзууруулсан үзэм шиг наалдан ажиж, амьтны яриа хөөрөөг чагнах гэж малгайныхаа чихийг сөхөж байдаг. Хаана хэрүүл шуугиан, маргаан тэмцэл болно, тэнд уяатай юм шиг зогсон, ажиг тавьж явахыг Шархүү нэг биш удаа харж мэдсэн. Харин сүүлийн хоёр жил түүний бараа харагдах нь арай цөөрөх хандлагатай болсон. Тэр нь Балжин хүүхэн хорлогдсон, Лю овогт луухаан гэртээ алагдсан цагаас хойш тийм болсон нь уг хэрэгт холбогдоно гэж биеэ нууснаас гарцаагүй болов уу? Чингэхдээ тэр хэргүүдийг шууд биеэр оролцон үйлдэв үү, аль эсвэл үйлдэгчдийн ар талд хутга ирлэж өгөөд зогсож байв уу гэдэг нь тодроогүй байгаа билээ. Уг хэргийг мөрдөн судлаачид тэр тодроогүй хэргийг илчлэн гаргах бодлого баримтлан ажиллаж байгааг өгүүлэх нь бараг илүү зүйл биз.
Сүгсээ Цэ, Дү гэдэг хоёр эрлийз эртэй хамтран Аюуш эмчийн суудаг байшинд засвар хийсэн. Уг ажлаа муу хийгээгүй. Ажиглахад тэр гурав хоорондоо илэрхий найзархаг хандлага үзүүлдэггүй боловч бие биенийхээ ажил байдлыг битүү ажиглан дагаад байдаг нь мэдэгдсэн. Тэд бас байн байн (голдуу үдийн цайны завсарлагаагаар) түргэн зуур бөөгнөрөн нэн товч, цөөн үгээр харилцдаг, дохио зангаа өгөлцөөд, орой ажил тарахаар нэг нэгээрээ Сүгсээг бараадан зүг буруулан яваад өгдөг нь манай далдыг харагч нарт мэдэгдсэн. Өөр нэг зүйл бол Ван Шисан нэрээ монголчлохдоо зориуд баруун аймгийн хүнд хааяа байдаг Сүгсээ гэсэн нэр сонгосон нь хүмүүсийн анхаарлыг холдуулах гэсэн далд санаа байж мэдэх аж. Энэ бүгдээс дүгнэн бодоход сайхи хужаа жирийн нэг амьдралын мөр хөөсөн ариун санаатай хүн биш, Хүн чулууны мөр хэрэгт холбогдож мэдэх сэжиг бүхийг Шархүүд аль эрт гадарласан билээ. Гэхдээ түүний биед халдан баривчилж байцаая гэхэд урьдын муу зуршил “Порт-Артур”-ын хэрэг гээч шиг үр нөлөөгүй, чулуу хөөсөн болох вий хэмээн болгоомжилж явааг хэн ч буруушаан үзэх аргагүй байлаа.
Шархүүгийн эрхлэн буй ажил ийм бэрхшээлтэй, далдын сэтгэлийн зовлон зүрхэнд нь хадаатай байдгийг гэргий Цэрмаа нь ч гүйцэд яаж мэдэх вэ? Мэдье ч гэж гэргий нь, мөн найз Сэрээнэндорж нарын хүмүүс эс хичээдэг нь гайхалтай зүйл биш ээ. Харин Цэрмаа эр нөхрийгээ элдэв ажилд яваад шөнө ирэхгүй оройтоход “Өвгөний минь ажил амьтай холбоотой юм шиг ажиглагддаг. Тэр минь нэгтээ амьсгал хураачихсан хэвтэж байгаа юм биш байгаа” гэж муу ёрын юм бодох ч бий. Тамжид гуайг сэрүүн тунгалаг байхдаа Шархүүг аанай гэртээ ирэхгүй удахад охиндоо “Чи юмыг алгуур тайван бодож байх хэрэгтэй шүү. Манай Шархүүгийн эрхэлдэг алба улсын өмнө амь насаараа тангараглан хийж байгаа, эх орны маань тусгаар тогтнол, хүн амын аюулгүй байдлын хэрэг. Түүний төлөө биеэ зориулан явдаг ажил бололтой.Чи бие сэтгэлээрээ түүнийг мэдэрч, хэрэг явдлыг нь дэмжин хаацайлж явах учиртай шүү. Энэ талаар чи амаа жимийж, бусдад үг алдахгүй байх ёстой” гэж анхааруулан хэлж байсан ажээ. Тийм ч байх учиртай билээ.
Шархүү Аюуштай ажил тарахаас нь өмнө уулзмаар санагдан, тэдний эмнэлэг дээр хүрч очив. Тэгтэл гадаа хаалганы дэргэд Сүгсээтэй бараг духаараа мөргөлдөх шахам дайралдаж орхилоо. Тэдний аль аль нь сандарсан боловч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээв. Сайхи хүний сэтгэлд нэг хачирхалтай зүйл сэрдхийн орсон нь “Энэ хужаа эмч бүсгүйг тоть шувуу адил торонд хийгээд авсан юм биш байгаа? Аюуш өөрөө хурлийз гэж хэлж байв даа. Түүнийг Сүгсээ мэдэж аваад их хэмжээний мөнгөөр өөш хаяж, хулгана үмхсэн тул загас болгож орхиод байгаа биш биз ээ? “Азийн хятад арга ихтэй” гэдэг үг хоосон чалчаа яриа биш ээ. Тэгэхээр би яах вэ?” гэж Шархүү бодсоноо ямар ч болсон эмч бүсгүйтэй уулзаад байдлыг ажъя хэмээн шийдвэрлэн, ажлын тасалгаанд зөвшөөрөл аваад шагайвал бүсгүй маань өөр нэг эмчтэй хоёулаа яриад зогсож байв. Аюуш Шархүүгийн барааг хараад:
Орооч гэж дуу алдсанаа амар мэндийн солио хийсэн дороо:
Хүүхдүүд чинь зүгээр үү хэмээн асууж царайгаа төв болгов.
Манай бага хүү жаахан сөөнгөтөөд царай нь улцайгаад, Цэрмаа намайг чамтай уулзаж асуу гэж явууллаа хэмээн заль зохиож хэлэв. Аюуш эелдэглэн харж:
Тийм ээ. Хүүхдийн нэг тийм ханиад байгаа. Халуурч бүлээрсэн үү? Хоолонд дургүй байгаа биз дээ гэж асууснаа дэргэдэх бүсгүйгээ өөртэйгээ хамт ажилладаг Б гэж танилцуулан:
Бид энэ тасалгаанд дөрвүүлээ хамт байдаг. Нэг их конторлоод суух биш дээ, бид. Эмч хүн чинь өвчтэй хүүхэд дунд л голлож байдаг юм. Одоо ажил тарж байна гэж байдлаа ярьж байхад Б хувцсаа солиод баяртай гээд гараад явчихлаа.
Тасалгаанд Шархүү Аюуштай хоёулхнаа үлдэв. Юм юм л урагштай байна.
Танайхан сайн биз дээ? Би зүгээр чамтай уулзахсан гээд ирсэн. Дэргэд чинь хүн байхаар гэрийнхэнээ өвчин зовлонтой байгаа юм шиг худал хэлж орхилоо. Уучлаарай, Аюуш аа хэмээн Шархүү хүлцэл өчив.
Би ч таны нүдийг хараад байдлыг мэдсэн л дээ. Зүгээр зүгээр!
Эмч нар чинь ийм хэцүү хүмүүс байдаг юм аа. Хүний байдлыг нүдээрээ мэддэг гэдэг чинь яасан айхавтар үг вэ?
Тэгэлгүй яахав. Юуны төлөө хүн судладаг эмч билээ дээ. Эртний Грекийн удган нар хүний нүдний солонгон бүрхүүлийг хараад уг хүн ямар өвчтэй болохыг шууд оношлон хэлдэг байсан гэж номонд бичсэн байдаг.
Ээ, бурхан минь. Чамтай чинь болгоомжлон ярилцаж байвал зохих хүүхэн шив. Одоо мэдэж авлаа гэж Шархүү хэлээд:
Сонин сайхан юу байна вэ гэвэл Аюуш хөгжөөнтэй царай гарган инээж, шомбогонож байснаа:
Тэгэж болгоомжлох чинь зөв байх аа. “Хашраас гашуун гарахгүй” гэдэг үг бий дээ гэснээ:
Надаар сонин юу байх вэ? Би харин өнөөдөр л тун сонинтой сууж байна. Сая манай байранд засвар хийсэн хужаа Сүгсээ гэгч ирээд надтай гадаа гарч уулзсанаа намайг нэг эм борлуулахад тусал. Чамд хагас сая төгрөг өгнө. Тэр мөнгийг одоо ч өгч болно гэж байхгүй юу. Би айгаад зүрх бамбалзан, түүнээс зугтах шахам болж орж ирлээ гэж ярьлаа.
“Энэ чинь яасан сайхан үг вэ” хэмээн Шархүү бодон, аялаг зангаар эмчид ойртон очоод:
Чи тэр мөнгийг авч орхихгүй яагаав. Бөөн олз шүү дээ гэв.
Ээ, бүү үзэгд! Тэгэж ч биеэ тамын тогоо руу түлхэж үхэхээ болъё.
Үгүй Аюуш аа! Чи тэр мөнгийг авчихсан бол би “Манай эмчийг худалдаж авах оролдлого хийсэн, баримт нь энэ” гээд тэр Сүгсээтэй хуулийн нэрээр ярих байсан байхгүй юу. Тэр эм чинь чамтай чамгүй өөр бусад эмийн санд тараагдаад бид эзнийг нь олох санаатай, тэр хэргээр би чамтай уулзаж байна гэлээ. Аюуш дуу алдах шахам царайгаа барайлгаад:
Тэгнэ ээ, тэр! Тэр Сүгсээ намайг жигтэй их шалан, “Уг эмийг хэрэгтэй гэж үзвэл би биш, чамд өөр хүн овоо их хэмжээгээр авчирч өгнө. Их олон өвчинд таардаг, хүний биеийн эсэргүүцэл сайжруулдаг, тун сайн эм гэнэ билээ. Уг нь дам дам хүний юм” гэж хэлэх үгээ олж ядан магтаад, “Тэр бол миний эм биш. Би түүнийг борлуулах ажилд тусалбал, надад бас хэд гурван төгрөг олдож болох юм” гэж дахин дахин хэлж байна билээ. Эд нар хүнийг цусгүй алах амьтад шүү. Ёстой л надаар бамбай хийж, бид бүхнийг хутган үймүүлж хорлох гэж байгаа нь тэр хэмээн Аюуш нэлээд сүрхий санаа гаргалаа. Шархүү эмчийн үгийг сонсоод “Чи ч бусад эрлийз, хурлийзуудтай эгээ л адилгүй хүн шив ээ. Чамаас бид туслалцаа авч болох бүсгүй байна” хэмээн бодон:
За Аюуш аа! Би чамтай уулзах гэж бодож ирсэн хэргээ гүйцээлээ. Чи одоо тэр эмийн тухай хэнд ч битгий хэлээрэй. Цаадуул чинь хар авсан л бол чамд тэр эмээ дахин авчирч өгөхгүй. Уг эмээ өвчтөнд өгч уулгах бичиг чамаар бичүүлж тараалгах санаатай байгаа биз. Тэгэхээр чи яах вэ, гэвэл, энэ талаар би чамд яавал зохих аргыг дараа удахгүй хэлж өгнө. Чи одоо тэр Сүгсээ болон түүнийг гар хөлийн хүмүүсээс зугтаах, тэднийг үзэн ядсан байдал гаргаж огт болохгүй. Тэдний талын бололтой хүн ирж уулзвал чи их “эелдэг” аятай тавтай зан гаргаад л малилзаад байгаарай. Чи бас битгий ай! Бид чамайг хамгаална ... гэж хэллээ.
Аюушийн царай хувиран нэг цайж, нэг хөхрөн бодолд дарагдахад сайхи хүн түүнийг ажиж байгаад:
Аюуш аа! Үдэш орой ганцаараа гадуур битгий яваарай! Нөхрийнхээ машин унааг ашиглан, түүгээр ажилдаа хүргүүлж бай гэж нэмж зөвлөн хэлэв.
Байдлыг цэгнэж бодоход уг хэргийн цаана ноцтой явдал байгаа нь илт. Шархүү Аюуш эмчид өөртэйгээ байнга харилцаж байхыг хүсвэл бүсгүй хүсэлтийг талархалтай хүлээж аваад бодлогошрон байснаа:
Сүгсээг эмээ аваад ирвэл би яах вэ? Түүнийг авахаар нь намайг хоморгонд оруулах хэрэгсэл үл болох байх. Авахгүй бол намайг өслөж мэдэх байгаа гэв.
Чиний бодож байгаа зөв. Гэхдээ Сүгсээ чамд эм өөрөө яавч авчирч өгөхгүй. Тэр чинь тийм лоосуутай хэргийг өөрийн гараар хийж явах хүн яасан ч биш. Мөнгөөр биеэ худалдсан түүний гар хөл болсон амьтад энд байгаа нь лавтай. Тэднүүсийг нь бид таньж мэдмээр байна. Тэгэхээр чи өөр хэн нэгэн хүн эм авчирч өгвөл дургүйцсэн царай гаргалгүй, түүнийг нь аваад, тэр ирсэн хүний нь нэр, суудаг хаягийг нь мэдэж авахыг хичээгээрэй гэж Шархүү захиж хэлэхдээ “Ван овогт хужаа сая надтай дайралдан намайг таньж мэдээд явсан болохоор Аюушид тэр худалдах гэж байгаа зүйлээ яавч авчирч уулзахгүй. Харин энэ эмчийг миний эсрэг ашиглах гэж оролдоно. Чухам тэр этгээд яаж уг хэргээ гүйцээх гэж чармайх бол? Хүний санаанд огт оромгүй далд, муухай арга л хэрэглэх байх. Бас Аюушийг Сүгсээ шууд хөнөөх гэж одоогоор махрахгүй. Тэгэж хандвал өөрөө сүйрнэ гэдгээ тэр хүн сая мэдсэн байж таарна. Харин энэ эмчийг надтай булаацалдах хэрэг гарч, тэр нь хурцдах биз” хэмээн бодож, одоо өөрөө юу хийхийгээ төлөвлөх ёстой болж байгаагаа Шархүү санаж билээ.
Сайхи эрд байдал нэлээд ноцтой болж ирэх шиг, сэтгэлд нь нэг амь өрссөн хэрэг тулж ирэх гэж байгаа болов уу гэсэн зүйл санагдаж байлаа. Ажил тарах цаг болжээ. Шархүү Аюуштай хамт эмнэлгээс гарч бүсгүйг гэр лүү нь дөхүүлж өгөөд буцахдаа Сүгсээг чухам юу хийгээд явааг лавшруулан мэдэж авах ёстой болж байна. “Хүн чулууны мөр” хэрэг Ван овогттой холбоотой байж мэднэ. Энэ хүн өөрөө чулуун хүнийг “урлаагүй”, түүнийг Агьтын хөндийд аваачиж босгоогүй ч гэсэн, түүнийг тэнд биелэлтэй болгох хэргийг санаачлагчийн нэг гарцаагүй мөн болох вий гэж бодлоо. Энэ бодол ч урьд нь Шархүүгийн сэтгэлд байн байн орж ирж байсан билээ. Тэгээд Сүгсээ чухам юу хийж, яаж байгааг лавшруулан мэдэж авах санаагаар түүнийг далдуур тагнан, үйлдлүүдийнх нь зургийг авах гэсэн санаа сайхи хүнийг зүгээр байхын аргагүйгээр дотроос нь хатгаж эхлэх нь тэр. Энэ бодлоор Шархүү хоёр өдөр дараалан Сүгсээгийн суудаг газар, түүний өөр байшинд засвар хийж байгаа засварын ажлыг далдаас харуулдаж гарав. Мэдээжийн эхний алхамд сэжиг төрүүлсэн явдал дайралдахгүй байлаа. Шархүү ингэж явахдаа Ван овогтыг баривчлан байцаахад хүрэх гарцаагүй нотлох баримт нотолгоог бүрдүүлэх гэсэн санаатай байв. Энэ хүн өвөртөө зургийн аппараттай, халаасандаа гар буутай яваа билээ. Магадгүй, Сүгсээ ч бас тийм бэлтгэлтэй явж байж чадахтайг үгүйсгэх аргагүй аж.
Тэр нэг үдшийн бүрийгээр Сүгсээ ажил тараад хамт ажилладаг Дү гэдэг хүнтэйгээ хамт явж, байн байн зогсоод элдвийг хоорондоо ярьж байв. Хашаа байшингийн өнцөг булангаар тойрч гарахдаа холуур зайтай тойрон цуварч гарч байх нь ямар нэг зүйлээс сэжиглэн хардах болсоны гэрч гэх үү, гэм зэмгүй тайван байсан бол тэгэх учиргүй билээ. Бас Аюуш эмчийн байрны үүдээр ажил тарах үеэр эргэлдэн, биеэ нууж зогсох явдал хоёр ч удаа болж харагдлаа. Алсханаас хараад байвал Сүгсээ амралтын өдөр Жанрайсаг бурханы сүмийн үүдээр жаахан эргэлдэж байгаад Туул голын Баянзүрхийн гүүрний тэр рүү мотоциклээр давхиад алга болов. Тэрээр ямар нэг хүнтэй уулзаж учрах хүсэл өвөрлөн яваад байгаа нь таагдаж байв. Чингэхдээ мэдээ солилцох гээ юу, аль заавар зөвлөгөө өгөх, авахын аль нэгийг хийх гээ болов уу? Шархүүд сайхи хужаагийн юу хийхийг мэдэж авахаас гадна чухалчлан мэдэх зүйл нь Ван овогтын далд хэргийн хань хамсаатан хэн хэн байгааг таньж мэдэж авах явдал байв.
Шархүү ингэж Ван овогттой хөөцөлдөж яваад Өндөр Жанрайсаг бурханы сүмийн ард барьсан нэг жижгэвтэр байшингийн үүдний довжооны гурван шат чулууг ажиглавал нөгөө Баянзүрх уулын араас авсан хүн чулууны ижил нь мөн байж болохоор нүд булаажээ. Эрэлч хүн яаран гэр лүүгээ гүйж энэ чулууны хэлтэрхийг авчран нийлүүлж үзвэл түүний судал, ширхэг, өнгө зэрэг нь яг нийлж, догдолсон сэтгэлийг баясгасан байна. Шархүү тэр нэг жижгэвтэр дэлгүүрийн байшингийн даргатай уулзан, энэ барилгыг хэдийд хэн барьсан, барилгын хэрэглэгдэхүүнийг хаанаас яаж авсан зэргийг асуувал, түүнийг мэдэх амьтан нэг ч байхгүй гайхширна. Эрэлч өөрийгээ барилга ашиглалтын газраас явж, хотын зарим байшинг хэр суурь сайтай байгааг судалж явна гэх нэг судлаачтай дайралдан сонирхсон асуултаа тавьж билээ. Түүнээс хэрэгтэй зүйл сонссонгүй. Дэлгүүрийн манаач гэгдэх дэл шахсан насны нэг өвгөнтэй бас уулзан ярилцвал тэрээр бага сага зүйл гадарлан ярилаа. Энэ манаачийг дэлгүүрийн эрхлэгч “Манай өвгөн бол энд хамгийн удаан ажилласан” гэж танилцуулан уулзуулсан нь үнэнтэй байв. Го гэдэг энэ эр гуулин толгойтой модон гаансанд тамхи нэрэн бодол болж суугаад:
Би эднийд анхлан барилгын ажилд ороод түүнээс хойш 24 жил болж байна. Анхлан намайг энд ирэхэд энэ байшингийн дээврийг тавьж байсан. Хотын барилга трестийн ажилчид гээд л хятад ажилчид голдуу 10 шахам хүн, нэг ачааны машинтай ажиллан үүнийг барьсан. Манай гэр энүүхэн баруун хойно байдаг. Барилгачид байшингаа дуусгаад явсан. Би гэр ойр учир эндээ нярав болж үлдсэн. Энэ байшингийн довжооны чулууг чухам хаанаас авчирсаныг мэдэхгүй. Барилгын хужаанууд л хаа нэгтэйгээс авчирч Найманжин гээч хүн балбаж дөрвөлжин болгоод энд зоосон гэж ярилаа. Түүнээс өөр гогдоод авч орхихоор үзүүр гогцоотой юм ярьсангүй. Бодож үзвэл эрэл сурал болж яваа Хүн чулууг Улаанбаатарт хийсэн нь батлагдаж байгаагаар барахгүй, түүнийг хятад хүмүүс ч “урласан” байж болох нэг сэжим цухалзав. Дахин дахин нийлүүлж үзэхэд Хүн чулууг хийсэн хад энд байгаа довжооны хадны нэг хэсэг нь гарцаагүй мөн ажээ. Өвгөн Гомбын үгэнд “Үүнийг барилгын хятадууд хаа нэгтэйгээс авчирсан байх” гэсэн үг байгаа нь хэдий таавар юм шиг боловч тэр үед ажиллаж байсан хүний сэтгэлд тэгэж хадгалагдан үлдсэнийг анзаарахгүй өнгөрч болохгүй гэж Шархүү бодоод, өвгөн Гомботой дахин уулзаж:
Тэр үед ажиллаж байсан хүмүүсээс одоо таньж мэдэх хүн байна уу? Байгаа бол хэн гээч хаана байна вэ? Энэ чулууг авчрах үеэр барилгын чулууг хэн хаана засаж янзалдаг байсан бэ гэдгийг та сайн бодож байгаарай! Би тантай дахин уулзъя гэвэл өвгөн энэ үгэнд дургүйцсэнгүй, за гэж толгой дохин хоцорлоо. Шархүүгийн эрлийн торгон үзүүр гүйцэд баригдаж өгөхгүй, өөрөөс нь дутаагаад байгаа мэт. Мэдээжийн “Би энд байна” гээд тэр хэрэг өөрөө яалаа гэж гарч ирэх билээ?

Буу яагаад дуугарав аа?

Шархүү хоёр хоног эмийн худалдааны хэргээр далдуур хөөцөлдөж явлаа. Сүгсээ хэлсэн үгээ гүйцээж Аюушид үнэ олж авахаар эмч бүсгүй рүү нэг үл таних хүн зарж 3 боодол эм ирүүлсэн байна. Аюушийг ажил дээрээ байж байтал нь оюутан болов уу гэмээр даавуун цүнх барьсан хүү ирж эмийг нэг зурвас бичгийн хамт өгөөд, юм ярилцах завгүйгээр эргээд алга болжээ. Зурваст өгүүлсэн нь энэ эмүүд элэг цөсний болон бусад дотор эрхтний өвчин илааршуулдаг, олон давхар шалгагдан туршигдсан, эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан гэдэг тодорхойлолттой болно. Энэ эм манай орны анагаах ухааны нэр хүндийг олон оронд өндөрт өргөж яваа юм билээ гэж бичээд одоо Улаанбаатарын ... дугаар эмийн сангуудад худалдаж байгаа гээд эм худалдаалах гурван газрын дугаарыг хэлсэн байв. Тэр бичиг дээр нь ямар нэг хүний гарын үсэг байсангүй. Анхаарал татмаар зүйл нь эм, бичиг авчирч өгсөн хүн илбийн юм шиг тэр дороо гүйгээд алга болж биеэ буруулсан явдал байлаа. Энэ нь хэтэрхий гэнэхэн байдалтай боловч цаанаа нэлээн ээдрээтэй болохоо харуулсан аж. Аюуш эмч тэр эмийг дор нь сорилын танхимд өгч шинжлүүлсэнд учир явдал тодорхойгүй гэх үү, манай эмийн санд орж ирээгүй, шал өөр төрлийн бодисын хольцтой байгаа нь тодорчээ. Бас хүний биед элдэв харшил өгдөг зарим бодис түүнд байгаа нь илэрсэн байна. Аюуш энэ судалгаагаа маш яаралтай хийлгээд, өөртөө ирсэн эмийн хамт нууцласан аж.
Тэгээд эмч бүсгүй сэтгэл санааны хувьд нэлээд зовуурьт автан “Намайг буруу санаат этгээд торлон авч амь насанд минь хөнөөлтэй явдалд оруулж байна уу? Үгүй юм аа гэхэд элдэв сөрөг явдалд хутгалдуулан миний нэр төрийг хорлон хөнөөх юманд би хавчуулагдаж орхив уу, яав?” гэдэг бодолд автсан байна. Хэргийн далд учрыг эс мэдэх хүнд тийм байдал бий болдог нь буруутгах зүйл огт биш билээ.
Шархүү аанай л ажил тарах үеэр хүүхдийн эмнэлэг дээр гүйн очиж Аюуш эмчтэй уулзлаа. Бүсгүй маань энэ өдөр жижүүрлэн хонож ажиллах ээлжиндээ байж дуудуулаад нэлээд удаан хүлээлгэж байснаа гарч ирж уулзсан дороо Шархүүд цагаан халаад авчирч нөмөргөн дотогш оруулаад эмчийн тасалгаанд байлган, халуун цай өгүүлж ярилцах жаахан зав олгов. Эмч бүсгүй сэжиг бүхий эм олж авсан, тэр гадны найрлагатай эмийг худалдаж байгаа эмийн сангийн дугаарыг олж мэдсэн зэргээ Шархүүд ярьж танилцууллаа. Ажиглахад Аюушийн сэтгэл зовуурьтай байгаа нь илт аж. Тэр нь “Би удам угсааныхаа нэр төрд харш үйлэнд оролцож байна” гэсэндээ биш, өөрийгээ элдэв булай хэрэгт хутгалдаж орхив уу гэсэндээ сэтгэл зовниж байгаа нь мэдэгдэж байлаа. Энэ бол эрүүл саруул сэтгэл санаатай хэнд ч болов гарцаагүй бодогдох зүйл мөн билээ. Харин Аюушийн тэр зовуурьт сэтгэлийг яаж арилгах вэ гэдэг асуулт сайхи хүнд тулгарч ирэв. Тэгэх ч ёстой.
Аюуш эмч ээ? Чи улсад, хүн олонд тустай юм хийж өгч байна. Энэ эмийг урьдчилан хийсэн хяналт шалгалтгүйгээр хэрэглэсэн бол магадгүй манай өдий төдий хүн эрэмдэг зэрэмдэг юм уу, эрт орой амь насаа алдаж болох байсныг чи таслан зогсоолцож байна. Энэ чинь гавъяат үйл шүү! Чи одоо өөртөө бахархаж явах ёстой. Би чамайг хамгаална гэж түрүүн нэг үг хэлсэн. Тэр хэрэг чамд өөрт чинь эс үзэгдэхээр биелэгдэж байгаа. Тэглээ ч болгоомжтой байгаарай гэж Шархүү хэлээд эмчийн бүрдүүлсэн шинжилгээний дүн, санал дүгнэлтийг эмийн зарим хэсгийн хамт аваад эмнэлгээс гарч явлаа.
Шархүү өглөө эрт ажил дээрээ хүрч ирж хэлтсийнхээ даргыг хүлээж байж уулзаад болж байгаа хэрэг явдлуудаа танилцуулан илтгэв. Одоогоор эзэн нь гүйцэд мэдэгдээгүй байгаа эмийн шинжилгээний дүнг бас танилцлаа.
Үүнээс үүдэгдэн гаднаас орж ирсэн зарим эмэнд эм хангамжийн газраас хийсэн хоёр ч удаагийн сорилыг нэгтгэн үзэж, Улсыг аюулаас хамгаалах газраас гаргасан дүгнэлт ёсоор Эрүүлийг хамгаалах яамны Шалган байцаах эрх бүхий хүмүүс гарч, нэр заасан ..-р эмийн худалдааг шалгавал тэр хортой гурван төрлийн эм 100 мянган хүнд хүрэлцэхээр тоо хэмжээтэй гарчээ. Энэ эмийн сангуудын нэгний нь эрхлэгч Ич гэгч уг эмийг худалдаалуулахаар өгсөн хүнээс үлэмж их хэмжээний мөнгөн шагнал авснаа хүлээсэн байна. Нөгөө хоёр эмийн худалдааны эрхлэгч, эм тавин олгогч нараас хээл хахууль авсан гэх тодорхой баримт гаргаж хэлээгүй учир тэднийг хуулийн байгууллагаар шалгуулах болов. Тэд эмийн эзнээс их үү, бага уу, ямар нэг хэмжээний хээл хахууль авсан нь гарцаагүй байв. Бас тэр эмийг өвчтөнд бичсэн эмч нарыг эмийн санд байгаа бичгээр нь хөөж шалгах ажилдаа улсын байцаагч нар орсон байна. Энэ хэргээс үүдэгдэн Аюуш эмч, өөр бусад эмнэлгийн хоёр эмч, Шархүү нар хорон санаат этгээдийн далдын хараанд орж, амь насанд аюул учирч байгааг хаа хаанаа сэрэмжлэх ёстой боллоо.
Гаднаас улсын хил даван нэвтэрч орж ирсэн энэ эмийн хэргийн уг үндсийг нь олж илрүүлэх нэн чухалчлах шаардлага Аюулаас хамгаалах байгууллага, бусад хяналтын албаны хүчний өмнө тавигдлаа. Энэ бүхнийг хийхгүйгээр түмэн олон амгалан байж чадахгүй гэдгийг Шархүү, түүний нөхөд улам илүүтэй ухамсарлан, уг ажлаа дахин эрчимжүүлж байгааг өгүүлэх юун бэ? Энэ эмийн хэргийг илрүүлсэн, түүнээс гарах дүгнэлт, авах арга хэмжээний талаар тусгай асуудал төлөвлөн, төрийн дээд байгууллагад оруулах илтгэх хуудас бичиж, түүнд Шархүү бас биеэр оролцон, хэд хоног суув.
Шархүү Хүн чулууны хэргийг үргэлжлүүлэн эрэх ажилдаа самбаачлан байлаа. Сайхи хүн аятайхан монгол дээл өмсөөд ааваасаа үлдсэн манан хөөрөг өвөртлөн тайван алхаж явсаар Гомбо өвгөний манаа манаж байгаа шөнө ажил дээр нь очлоо. Тэд хуучин танил ёсоор уулзан хашааны буланд байгаа жижигхэн модон бүхээгт орж суун тамхилж, өвгөний данхтай бүлээн цайнаас уун, цүнхэндээ хийж очсон гахайн махтай талх үмхэж, гаансанд тамхи нэрээд хааяа гэгээвчээр гадна юу болж байгааг хараад тавлан сууж ярилцав. Яаж үүр цайлгадаг билээ гэж тэнгэрийн хаяа ширтэж суугч хүнд ингэж хоёулаа гангар гунгар хийж суух нь зугаатай байгаа биз ээ. Шархүү өөрийгээ барилгын хэрэглэгдэхүүн судлан шалгах ажилтай гэж нэмж танилцуулсан байлаа. Сайхи хүн гэр зусланд байгаа. Өнөөдөр харьж чадахгүй болж орхилоо гээд алсаас эхлэв.
Танай дэлгүүрийн үүдний довжоо хийсэн чулуу бол бөх аятайхан төдийгүй гоёмсог, нүдэж засахад догшин хатуу биш, манайд хаа сайгүй байдаг өнгийн боржингуудаас арай өөр байдалтай юм байна шүү. Тэгээд би судлаач хүний хувьд сонирхож, ийм чулуугаар юм хийдэг ажил манайд хэзээ эхлэх бол гэж бодож байгаа хэмээн санаагаа танилцуулж эхэлсэн. Гомбо сайхи хүний танилцуулгад хэр итгэж байгаа бол? Таахад бэрх зүйл ээ.
Гомбо гуай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хүн гэснээр нь бодоход энэ лав цэвэр халх хүн байж таарах нь ээ. Тийм бол ил далд овжин зан гарган, өөртөө хожоо хожих гэж холион бантан хутгаад байхгүй нь лавтай билээ. Го өвгөн бараг л энэ дэлгүүрийнхээ түүхийг бүхэлд нь ярьж, аялаг зан гаргана.
Дэлгүүрийн барилга бариулж байгаа шоволзсон хөх царайтай нөхөр хятад хэлэнд овоо бололтой барилгачин хужаа нартайгаа л шулганан шуугилдаж, цөөн монгол ажилчиддаа жаахан дээрэлхүү зан гаргаад байх шиг тэр үед надад санагддаг байлаа. Би юугаа мэдэх вэ? Банз мод, тоосго, шавар зөөж ойртуулна. Барилгын хоёр дугаарыг өрөхөд хоёр мөрөнд таарсан хөндлөн модтой шатан тавиур маягийн юман дээр тоосго өрөөд л дээш үүрч гаргаж байлаа. Тэр нь зэгсэн хүнд дээ. Өөр нэг хятад хэл гадарладаг залуу хэлэхдээ манай даамал бидэнд хандаж “Энэ байшинг сайн барих ёстой шүү. Энэ чинь мөд бидний юм болох учиртай. Тэгэхээр өөрийнхээ юмыг солгой гараараа хийж болохгүй” гэж хэлж байна гэж орчуулж байсан хэмээн Го гуай хэлээд:
Тэр нь чухам юу гэсэн үг вэ? Түүний нарийн учрыг би юугаа мэдэх билээ хэмээн бодлогоширсон янзаар ярьж байв.
Энэ байшингийн довжооны чулууг хаанаас авчирч, яаж ийм аятайхан зассан хэрэг вэ? Тэр үед манайх чулууны үйлдвэр ажиллуулж байж дээ гэж Шархүүг асуухад өвгөн эрүүнийхээ хэдэн урт сахлыг илбэж сууснаа:
Чухам хаанаас авчирсан чулуу юм бэ, мэдэхгүй. Үүнийг машинаар зөөж авчраад л Найманжин нэртэй нэг идэрхэн насны хүн хашааны буланд тавиад цүүцдэн өөлж зассан. Найманжин хоёулаа нэлээд хэдэн өдөр үүнийг балбасан шиг санаж байна. Тэгээд л янз бүрээр хэмжиж засаад барилгын үүдэн дээр байрлуулсан. Нэг урт чулууны өрөөсөн булан жаахан хугархай байгаа болов уу? Чулууны ажил гэдэг чинь яггүй төвөгтэй юм харагдаж байсан гэж өвгөн ярихдаа цаанаа бодож санасан юмгүй янзтай байлаа. Шархүү ярианд нь ташуур өгч:
Тэгээд тэр үед манайхан овоо юм сэдэж хийж байж дээ. Өөрийнхөө барилгын юмыг өөрөө хийж орхино гэдэг овоо шүү дээ гэв. Өвгөн мушийн инээж, тамхиа угсруулан нэрж сороод:
Хийе гээд хөдөлбөл ч манайхан юм юм хийчих ухаантай. Даанч залхуу л даа гэлээ.
Яг үнэн дээ, ах минь. Тэр Найманжин нар чулуугаар энэ шатнаас өөр юм хийсэн үү гэж асуувал өвгөн духаа маажин бодолхийлснээ:
Аа, тийм. Нэг эртний хөшөө чулуу шиг гэх үү, хүн дүрстэй юм тэд чулуугаар хийж байсан шиг санагдаж байна. Би түүнийг нь хараад нас барсан хүний цогцос дээр босгох гэж байгаа юм болов уу гэж бодож байсан.
Тэр чинь хэр том байсан бэ? Та санаж байна уу, Гомбо гуай?
Би бүдэг бадаг юм санаж байна. Босоо хүний л дайтай юм байсан шиг билээ. Тэр чулуун хүн аятай юман дээрээ цэрдээр сахал, ам зураад л тэд нар бие биенээ зааж “Чамтай адилхан боллоо” гэлцэн тоглож наадаж байсан нь одоо санаанд орж байна. Тэгээд бас тэр чулуун хүнийхээ доод талаас жаахан хөндийлөн ухаж байсан шиг билээ гэж Гомбыг хэлэхэд Шархүүгийн сэтгэлд ёстой л “Түмэн лангийн олз олдоно” гээч болж баясан, арай л дуу алдан алга ташсангүй, нүдээ том болгон өвгөний нүүр өөд ширтэн:
Тэр чулуун хүнийг чухам хэн нь голлож “урлаа” бол гэж асуув.
Мэдээжийн хэрэг. Найманжин гартаа чулуугаар юм хийх дадлага олсноороо гардаж хийлгүй яахав. Тэр ер нь юм юманд яггүй гаажтай хүн байсан шүү.
Найманжин одоо хаана байдаг бол? Ажиллаж байгаа болов уу?
Хөөрхий тэр чулуу хагалагч маань насан өөд болсон гэж нэлээд түрүүн дуулдаж байсан. Хотод ажиллаж байгаад л өнгөрсөн байх.
Аа хөөрхий, ум ма ни бад ми хум! Тэгээд тэр чулуун хүнээ яагаа бол?
Хэн мэдэх вэ? Нэг харахад л алга болсон байсан. Хаа нэгтэй босгож тавиа юу, аль хээр аваачиж хаяа биз. Тэр тэгээд олигтой юм биш дээ. Уйдсан хүмүүсийн зугааны юм болоо доо. Ингэхэд чи юун саваагүй юм хөөж асуугаад байх. Түүгээр яах нь вэ гэж Гомбо хэлээд Шархүүгийн нүүр өөд харав.
Яахав дээ. Манай энэ барилгын чулуугаар чухам юу хийж болох юм бол гэж л би сонирхож байгаа чух. Та их сонин юм ярилаа шүү. Танд баярлалаа гэж сайхи хүн талархалаа илэрхийлээд, одоо энэ барилгыг бариулж байсан хүмүүсээс хэн нь хаана байгааг бас лавлан асууж, нэлээд яриа болов...
Бүхээгээс гарч хараад тэнгэрийн оддыг ажвал шөнө нэлээн орой болж байгаа янзтай. Шархүү дотроо баяртайгаар гэр лүүгээ алхжээ. Тэгэлгүй ч яахав. Олон жил эрж байгаа ажил нь нэг шат ахиж, хэргийн эцсийн нууц илрэх зам нээгдсээр байхад хэн боловч дотроо баясаж, уг ажилдаа урамших нь зайлшгүй тохиолдох зүйл бизээ. Одоо Хүн чулууг чухам хэн санаачлан хийсэн эзнийг олох л үлдээд байна.
Хоёр хоногийн дараа Аюушийг гэртээ, барагцаалбал шөнө дунд өнгөрч байх үеэр дуг нойрон дунд нь гэнэт буу тасхийн цочоон сэрээжээ. Бүсгүй давхийн цочиж өндийж ирвэл эр нөхөр Тогтох нь бас өндийн яав аа, чи гэж гайхшран асуулаа. Аюуш босон харайж цонхоор гадагш харан нөмгөн зогсоод гайхширсан, айж цочсон дуугаар:
Чи сонссонгүй юу? Сая манай гадаа буу дуугарлаа шүү дээ гээд гэрлээ асаах гэвэл, Тогтох босон харайж тэр гэрлийг унтраалган:
Би буу дуугарахыг тун бүдэг сонслоо. Гэрэл асаан тэмдэг үзүүлж болдоггүй юм гэж хэлэв.
Юу гээч болж байгааг сэм чагнавал төдөлгүй гадаа хүмүүс шуугилдаж эхэллээ. Аюуш нар байрандаа байж түүнийг ажиглав. Тогтох, авгайд нь Ван овогт Сүгсээ гутал авчирч өгч худалдсан, эм худалдуулах гэж махран гүйсэн, үл таних хүнээр хоёр боодолтой эм, зурвас бичиг өгүүлсэн, Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан Шархүү Аюуш дээр хэд ирж уулзсан зэргийг нэхэн санаж байлаа. Тэр бүх явдлын тухай эмч бүсгүй эр нөхөртөө бүгдийг хэлсэн байв. Тогтох тэр бүхнийг сонсоод гэргийгээ “дэмий юманд орооцолдлоо” гэж зэмлэсэнгүй. Байдал ийм байгаа учир тэр эр гэргийгээ хамгаалах талаар анхаарал тавин, цаг үргэлжид Аюушийн эргэн тойронд болж байгаа явдлуудыг ажиглан яваа билээ. Ийм нөхцлийн дунд тэдний гэрийн ойролцоо бууны дуу гарна гэдэг сөрөг үр дагавартай байж болох талтай аж. Тогтох:
Хайрт минь ээ. Манай гэрийн орчинд харанхуй шөнө ер бусын чимээ гарган, чамайг гадаа гаргаж ирээд хорлох гэж байж магадгүй шүү. Чи биеэр энэ тэр хэрэгт битгий оролцоорой хэмээн захиж билээ.
Буу дуугарсаны маргааш өглөө Аюуш Шархүүгийн гэр лүү утасдвал тэр явдлыг сайхи хүн мэдсэн төдийгүй, түүний учрыг шалган олох хэрэгт биеэр оролцож яваа аж. Түүнд Аюуш сэтгэл амарч ажилдаа явлаа. Чухам яагаад буу дуугарсан шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа гэнэ. Тогтохын байрны ойролцоод Төрхүүгийн барилга засварын хэсэгт оролцон ажиллаж байсан Дү буюу Дүгэр гэдэг хүн тэнд биеэ буудан нас барсан нь тодорхой болов. Харин тэр этгээд яагаад өөрөө өөрийгөө хөнөөсөн шалтгаан нь хараахан мэдэгдээгүй байлаа. Судалгаанаас үзэхэд Дүгэр нь уг гарлаараа өмнө зүгийн худалдаачин иргэн хүний үр сад. Барилга засварын ажилд арав гаруй жил ажилласан. Төрхүүгийн засварын хэсэгт Сүгсээг даган, Цэ гэгчийн хамт ирсэн. Мөнгөнд гаргуун шуналтай нь ажиглагдаж байсан. Дүгэр сүүлийн хэд хоногт Улаанбаатарын эмийн худалдааны гурван ч газарт гаж буруу найрлагатай гэх үү, харь газраас орж ирсэн хортой эмийг худалдаалуулахаар явж биеэрээ хүргэн өгч байсан. Бас Со, Хо, Юу нарын эмч нартай биечлэн уулзаад, тэднээр гажигтай эмээ өвчтөнд бичүүлж байх аман хэлэлцээр хийж, үлэмж тооны мөнгө амлаж байснаар барахгүй тэдгээр эмээ түлхүү худалдаж байх талаар зарим эмийн худалдаатай тохиролцоонд хүрч, урьдчилгаа мөнгөө эмийн сангийн эрхлэгчид гардуулсан баримт шалгалтаар илэрсэн байв. Тэр байдлаас үзэхэд Эрүүлийг хамгаалах яамнаас зохих шалгалт хийн, эмийн худалдаанд будлиан тарьсан цөөн эмч, эм худалдагч нар хяналтанд орж байгааг Дүгэр баттай мэдээд, өөрөө энэ хэрэгт дуун дээр холбогдох болж байгаагаа ойлгож, бас уг хэргийн ул мөрийг баллан мэдэгдэхгүй болгох санаагаар бусад хамсаатныхаа зайлах аргагүй болгосон шахалтаар биеэ хөнөөсөн байж болох талтай байв. Гэвч энэ нь эцсийн хөдлөшгүй дүгнэлт хараахан биш гэж тэр хэргийн судлаачид үзэж байгаа гэнэ. Ямар ч болсон Дү л Ван овогт Сүгсээийн гар хөл болох этгээд мөн гэж Шархүү нотолгоо гаргасан байна.
Яагаад тэр этгээд Аюуш эмчийн байрны ойролцоо ирж биеэ сүйтгүүлсэнийг анзаарахгүй өнгөрч болохгүй нь бас мэдээж. Дү-гийн биед богино гар буунаас өөр ямар нэгэн бичиг баримтын зүйл байсангүй. Байсныг нь түүний хамсаатнууд хураан авсан ч байж болох билээ. Энэ хэргийг лавшруулан судлах ёстой болов.
Улаанбаатарт харь орны хэд хэдэн тагнуулын бүлэг ажиллаж байгаагийн нэг нь Ван овогт Сүгсээ тэргүүлсэн хэсэг Монголын талд мэдэгдэж байгаа. Тэр удирдагчийг нь бариад авч болохоор байгаа боловч бас азнах учир шалтгаан байв. Тухайлбал, Сүгсээг шууд тулган хүлээлгэх хэргийн баримт хараахан бүрдэл болоогүй, ажиглагчийн гарт одоо байгаа зүйл судалгаа, магадлагаанд явж байгаа. Нөгөө нь гэвэл, тэр этгээд цаашаа яах нь вэ? Хэн хэнтэй далдын холбоо сүлбээтэй байна вэ? Тэр зөвхөн тагнуул төдий биш, бүр хорлон сүйтгэгч болж үйлдэл нь гүнзгийрсэн шинж цухалзаж байгааийн язгуур үндэс хэр их байна вэ? Энэ бүгдийг нэлээд нарийсган магадалж, уг ёзоороор нь мулталж авах ёстой болоод байна. Учир иймээс нэг хэсэг хугацаанд Ван овогтыг хэн ч анзаарсангүй байгаа янз үзүүлэн бүр задгай тавьж орхивол яадаг бол гэх мэтчилэн асуудалд манай эсэргүүцэн тагнах байгууллагад тулгарч ирлээ. Ийм байдал дунд Шархүү ажиллаж байхдаа тэр бүхнийгээ магадлан задлаж ярилцах түшиц суурьтай байгаа нь тодорхой.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: