Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 18-р)

Долдугаар бүлэг

Үйл хэрэг хар цагаанаараа ялгардаг нь жам ёс

“Хад салхи хоёр нийлээд
Харчир тасын өдийг барлаа.
Хартан хорон хоёр нийлээд
Халаг хоохой намайг зовоолоо.
Аадрын үүл цуглаад байвал
Аюулт мөндөр буухын шинж
Асман банди нар олшроод байвал
Ариун ёс маань буурахын шинж
”
Цаянжамц. XVIII зууны эхэн үеийн төвдийн яруу найрагч.
(Ц.Дамдинсүрэнгийн орчуулга)

Эмч бүсгүйг тойрсон хэрэг явдлын төвлөрөл

Ван овогт Сүгсээ халуун ханзан дээрээсээ босож Пунсалын чанасан цайг аягалан амталж тамшаалаад, дутуу ууж үлдээснээ муу усны сав руу асган:
Монголчууд уг нь цайгаа амт сайтай чанадаг гэдэг. Чи адаглаад эхээсээ цай чанадаг аргыг нь сурч авсангүй. Гөлийсөн амьтан. Чамд чадах юм юу ч байхгүй. Одоо дээшээ хараад тэгшхэн хэвтэж ч чадахаа байсан новш байна шүү гэж эхнэрээ загнаж, өөрөө цай буцалгаж уухаар гал түлэн, тогоонд ус хийлээ. Тэрээр тунгалаг шингэн хар цайнд халуун гаа хийж амтлан уухыг хүсэж байгааг дөрвөн хүүхдийн эх Пунсал мэдэж байгаа боловч өөрөө тийм цайнд дургүй учир ор дэвсгэрээ ч хураалгүй, яаран нүүрэндээ ус түрхмэр болоод, хэрүүл шуугиангүйгээр гудамжинд гарч явахаар хувцаслаж эхлэв. Үүнийг мэдсэн Ван овогт царайгаа чинэрүүлэн хилэнтэйгээр:
Чи хаашаа доншуучлах гээ вэ? Чамайг ямар луухаан нааш ир гээв гэж хахир дуугаар асуун үүд таглан зогсох нь хэн нэгэнд гаргасан уур хилэнгээ барьж дийлэхгүй, түүнийгээ авгайдаа гаргах гэсэн эрмэлзэл болохыг нь Пунсал мэдэж, хариу дуугарсангүй, хажуугаар нь бүсээ чирээд гарахыг завдлаа. Сүгсээ зам хааж хөндөлсөн зогсоод түрзэгэр хөх царайгаа чинэрүүлэн байж :
Танай монголчууд тэнэх донтой. Чи хаашаа явж, хөлчүүрэн, хэнтэй заваарах гээ вэ гэж асуухдаа царай нь гөлийн, гар нь салганаад яахаас ч буцахгүй гэсэн янзтай.
Би дүү дээрээ очъё. Надад явах газар бий шүү гэж Пунсал шазруухан байдлаар хариу хэллээ. Ван овогт энэ авгайгаа арай зоддоггүй шүү, элдвээр доромжлон загнадаг. Тэр өвчин нь хөдөлсөн хэрэг. Гэхдээ цаанаа яагаад тэгэж байгаа нарийн учрыг Пунсал мэдэхгүй, мэдэх ч хүслэн байхгүй билээ.
Сүгсээ сүүлийн хэдэн хоног гэртээ толгойгоо салаавчлан хэвтээд, дуу шуу ч үгүй бодол болон урт урт амьсгалан янцаглаад байгаа. Ингэж зангаа хувиргахдаа цаанаа ямар нэгэн бүтэл муутай юманд учрахаараа л эхнэр хүүхдүүддээ уураа гаргадаг билээ. Одоо чухам юу нь тэгэж бүтэлгүйтэн муу аашийг нь хөдөлгөснийг эхнэр, хүүхдүүдийн аль нь ч мэдэх аргагүй байлаа.
Пунсал дэндүү хүлцэнгүй номхон болохоороо эргээд дээлээ тайлан сууж цай буцлахыг хүлээх болов. Сайхи эр халуун цай уур савсуулан аягалж, бор гурилын бараан мантуу тэр цайндаа дүрэн идээд, нүдээ хялайлган авгайгаа харж сууснаа нарийн учир явдалтай нэгийг бодож олов бололтой Пунсалд хандаж:
Чи одоо яваад хүүхдийн II эмнэлэг дээр очоод нэг эмчтэй уулзаад ирээч гэж шуудхан хэллээ. Пунсал гайхаж Сүгсээг хараад:
Юун эмч вэ? Яадаг хүн юм бэ, тэр чинь гэж асуувал эзэн эр дуугаа нам болгоод, биеэ тайван байгаа янзанд оруулан хэлэхдээ:
Тэнд Аюуш гэдэг эмч байгаа. Чи түүнтэй уулзаад хоёр юм асуугаад ир! Би тэднийд очихоор өөдөөс тэр эмч ажил нэхнэ. Аюуш байрандаа хийсэн засварын дутууг надаар хийлгэж дуусгах гээд байгаа. Би түүнийг хийх ёсгүй. Манай дарга Төрхүү өөрөө учрыг нь олж хөлс мөнгийг нэмүүлэх ёстой хэрэг. Тэгээд би хөлсгүй ажил хийхгүй гэсэн санаагаар чамайг зарж байна, ойлгов уу гэж Сүгсээ эхнэрээ мэхлэн, худал хэргийн явдал зааж зарах гэлээ. Пунсал гайхан Сүгсээгийн үгийг чагнаж байв.
Би чамд тэр хүүхний ажилладаг тасалгааг зааж өгнө. Чамайг уулзъя гэхээр гоё цагаан царайтай, дэгжин алхаж явдаг, нэг зэрэвгэр хүүхэн угтаж уулзах биз. Чи түүнээс “Манай хүүхэд төлдөр буруу эм авчирч өгсөн байна. Тэр эм бол бүр гадагшаа, өөр газарт очих ёстой байсныг сольж орхижээ” гэж хэлээд тэр эмийг аваад ир! Чи чадна гэж хэлжээ. Ийм төвөггүй юмнаас Пунсал юу гэж татгалзах вэ? Тэр нэг яригдаж байгаа эмийн цаана ямар зүйл нуугдаж байгааг бүсгүй мэдэхийг хүссэнгүй. Сүгсээгийн зараалаар Пунсал хувцаслан гэрээсээ гарах болжээ. Ван овогт ингэж эхнэрийнхээ гараар гал бариулах гэж оролдож байгаагийн учир нарийн байв.
Сайхи хүн өөрийн оролцоотойгоор Улаанбаатарт худалдах гэж оруулж ирсэн эмийн чанар задарч, түүнийг бичсэн эмч, худалдсан эмийн сангийн худалдагч нар хэрэгт холбогдох байдалд орж байгааг мэдээд тэр хэргээс биеэ чөлөөлж авах, Аюуш эмчид нүүр тал алдахгүй байж түүний гараар өөр зүйл хийлгэх, улмаар энэ эмчийг эрх сүрэндээ оруулж авах санааг дотроо хадгалсан байна. Энэ учраас Сүгсээ Пунсалыг зарагдан явахад нь:
Аюуш эмчийн байдлыг сайн ажаарай. Хэлэх үгийг нь тогтоож аваарай. Цаадах чинь өндөр мэдлэгтэй, ухаантай эмч, манайх шиг олон хүүхэдтэй айл түүнтэй ойртон түнш болж танилцвал хожим тус болох сүрхий эмч шүү. Цэвэр хувцсаа өмсөөд чи сайхан очоорой. Тэгээд яадаг юм бэ, тэр эмчийг гэртээ урь. Ирэх янз ажиглагдвал чухам хэзээ манайд ирж болохыг нь асууж аваарай. Түүнийг ирэхэд чи бид хоёр гайгүй сайн бэлтгэх учиртай шүү гэж захиад, европ хувцас эхнэртээ өмсүүлэн, далдаас үнэртэй ус гаргаж биед нь түрхэж өгөөд явуулсан байна.
Сүгсээ Пунсалыг ингэж зарахдаа “Чи муу хурлийз эм нүүрээ яаж ч улайлгаж явсан хамаагүй. Тэр Аюуш эмчийг би гэртээ ирүүлж чадвал эргээд хаашаа ч гарах аргагүй болтол хэдэн давхар өргөстэй цоожинд оруулж чадна. Би яаж ийж байгаад тэр хүүхний гарын үсгийг ямар нэгэн юман дээр авч чадвал “Чиний амласан үг энэ” гэхээр юмыг би хийлгэн, түүнийг өөрт нь үзүүлж байгаад Монголын дарга даамлуудын талаар бид гаргаж байгаа зүйлээ түүний бичиж хийсэн зүйл болгон хувиргаад түүгээрээ зэвсэг болгон чамайг хаашаа ч хөдлөж чадахгүй болгон гартаа бүрэн оруулж авна” хэмээн бодсон байна. Ван овогтын дотроо бодож байгаа ийм санааг Пунсал яахан тааж мэдэх билээ. Мэдээд ч яах юм билээ.
Пунсал хүүхдийн эмнэлэг дээр очвол Аюуш эмч үзлэг ихтэй байж нэлээд хүлээлгэж байгаад уулзав. Сайхи авгай эмч бүсгүйг нүдээр харахад цэх сайхан биетэй, цэвэр цэмцгэр хувцастай, тунгалаг цагаахан царайтай, эд юм бол тостой гар хүрэхийн аргагүй, хоол унд юм бол дээд уруулд хүрэмгүй сайхан бүсгүй аж. Ийм хүүхэн яаж манай навсгар Сүгсээтэй уулзан харилцдаг байна вэ? Манайх шиг цууны үнэр шингэсэн, нохойн үүр гэмээр айлд энэ эмч яаж орох юм бэ хэмээн Пунсал бодон эмчид хандаж эр нөхрийнхөө захиж хэлсэн үгийг дамжуулж гуйн, урьд “эндүүрч” ирүүлсэн хэдэн боодолтой эмийг авъя гэж хэлэв. Аюуш эмчийн ааш зан эелдэг гэж санаанд оромгүй аятайхан аж.
Пунсал эмчид өөрийнхөө аж байдлыг ярьж, хэдэн хүүхэд овоо торниж бүгд сургуулийн босго алхаад явж байгаа боловч эрүүл мэндийн байдал тийм ч сайн биш, цаг үргэлжид элдэв өвчинд ээрэгдэж байдаг гэсэн маягийн юм хэлж, эр нөхрийн хэлдэг ёсоор энэ бүсгүйтэй ойр дотно байх хүсэлд автан явдгаа ярилаа. Мэдээжийн сайхи хүүхэн бодож санаснаа хүнд ойлгогдох төдий ярьж байгаа боловч, ярианы соёл гээч юмнаас аль хэдийнээ хужаагийн сармисагны үнэрт дэвтсэн өвөрт хэвтсээр байгаад хоцорч хаягдсан байлаа. Олзуурхууштай нь Аюуш бусдыг элдвээр ялгаварлан үздэггүй, хүний хэлж байгаа үгийг бүрэн сонсдог намуухан байдалтай, бусадтай хэл ам уралдуулан ярьдаггүй, эр нөхрийнхөө сургаж хэлсэн ёсоор “чихэнд орсныг бөндгөр дотроо наад зах нь хоёр эргүүлэн бодоод хагархайгаараа гадагш гаргаж байдаг” ажээ.
Аюуш Пунсалыг эмч нарын тасалгаанд оруулан өмнөө суулгаад хэдэн үгний солио хийх нь түүний ердийн тогтсон зан аж. Аюуш Пунсалаас эхлээд:
Чиний эр нөхөр чинь гэртээ юу хийж байдаг вэ? Чамд тусладаг уу гэж асуулаа.
Манай нөхөр уг нь мужаан. Одоо барилга засварын ажил хөөцөлдөөд гэрт суух нь бага. Надад юугаар туслах вэ? Хэдэн төгрөг олж ирж л түүнийгээ өгдөг шүү юм. Түүнийг нь би аваад хэмлэж орхино. Хэдэн хүүхдийн хоол, хувцсанд мөнгийг нь үрж дуусгадаг.
Тэгэлгүй яахав дээ. Орон гэрийн хэрэгт зарахын тулд л мөнгө олж байгаа. Танайд хүн олон цугладаг бол олсон мөнгө нь хоол унданд яваад л өгнө. Хятадууд нэгнийдээ цуглаад л янз бүрийн сонин тоглоом тоглох их дуртай байдаг гэсэн. Танайх тийм янзын айл байгаа биз?
Үгүй шүү, эмч ээ. Манай нөхөр бор хоногтоо л оромжиндоо ирнэ. Тэгээд барилга дээрээ л үдэш оройгүй ажиллаж байдаг юм. Эмч ээ! Та манайд нэг очооч! Би таныг урьж байна. Би танд их ойр байж хэдэн муусайн хүүхдийнхээ төлөө зөвлөгөө авч байх хүсэлтэй болсон. Энэ учраа танд би хэлэхийг ихэд хичээж ирсэн юм аа гэж Пунсал аялаг дотно царай үзүүлэн хэллээ.
Аюуш сайхи авгайн энэ үгийг сонсоод хэсэг зуур дуугаа хураан бодол болон сууснаа сулхан инээмэр аядаж:
Би танайд очно. Харин хэзээ очихоо би хэлж мэдэхгүй байна. Ойрдоо ажил их байгаа. Би бас эмч нарын зөвлөгөөнд илтгэл тавих ёстой. Түүнийгээ бэлтгэнэ гэж хэлэв. Пунсал дөлгөөн царай гарган инээмэр аядаж:
Таныг манайд очиход бид бүгдээрээ маш их баярлах болно. Таныг очих цагаа хэлбэл бид унаа олоод өөрийг чинь ирж авна гэж өгүүлэв. Тэрээр хорогдсон царайтай байснаа:
Би явъя даа, эмч ээ. Таны цагийг нэлээд удаан үрж орхих шив. Та манай нөхрийн гуйсан ёсоор эмийг нь надад буцаана уу? Би аваад явъя гэж хэлбэл эмч уриалгаханаар:
Ээ, би тэр эмийн чухам ямар өвчнийг анагаах чадалтайг мэдэж авах санаатай эм судлалын сорилын газар өгч орхиод байгаа. Дараа авч та нарт өгье гэлээ. Пунсал Сүгсээгийн захисан ёсоор Аюушийн гарын үсгийг олж авах санаагаар хүүхдүүддээ болох өөртөө таарах тамир тэнхээний эм бичиж өгөөч гэж бас хүсэв. Ингээд сайхи хүүхэн эмнэлгээс гарч явах нь тэр ээ.
Аюуш ажил дээрээ хэвтэж байгаа хүүхдүүд үзэн, энэ тэр ажил гэсээр байгаад “Юу болж байгаагаа дуулгаж байгаарай” гэж Шархүүгийн захиж хэлснийг санан оройхон тэр хүн рүү утасдан, амар мэндийг нь асуугаад, өөр дээрээ нэг хүн ирээд явсан байдлыг хэллээ. Энэ шөнө эмч бүсгүй жижүүрлэн эмнэлэг дээрээ хонох учиртайгаа ч Шархүүд бас дуулгасан байна. Үдэш “Аргай” хочит эр эмнэлэг дээр хүрч ирж хаалганы хонх дарлаа.
Эмч бүсгүй сайхи эртэй уулзан амар мэндийн солио хийсэн дороо эмчийн тасалгаанд орж суун хэрэг зоригоо ярилцав. Аюуш Ван овогт Сүгсээгийн эхнэр ирж урьд өгсөн эмээ буцааж авах гэсэн, гэртээ эмчийг очооч гэж урьсан, эм бичүүлж авсан зэргийг ярив. Шархүү тайван сууж:
Надад нэг “дон” маягийн юм бий болжээ. Өнөө өглөө чам дээр ямар нэгэн юм болж байх шиг санагдан, наашаа ирж чамтай уулзмаар санагдаад сэтгэл зэнтэн байсан гэж ярив. Тэдний яриа адал явдлын юм шиг, бас их ажил хэрэгч юм шиг, алиа шог ч юм шиг хачирхалтай байлаа.
Шархүү Аюушийг эргэлтгүй өөрийн талын хүн гэж итгэх сэтгэлд автсан байна. Тэр нь эндүүрэл биш аж. Шархүү бага залуу наснаасаа эхлэн хүний дотоод сэтгэлд хадгалагдан байгаа далд санааг тааварлан зөв олж тогтоох хэргээр хөөцөлдөж, тэр ухаанд суралцах гэж оролдож ирсэн учир энэ талаар үнэнхүү “дон”-той болсон нь худал гэхийн аргагүй. Гэлээ ч түүндээ хөтлөгдөн “сэтгэлийн дон”-д баригдан явж болохгүй гэдгээ сайхи хүн өөрөө бас боддог болжээ.
Аюуш эмч Шархүүд итгэн, түүний хэлж, ярьж байгаа зүйлийг дагаж мөрдөх дуртай болсон нэгэн билээ. Ийм хоёр хүн нүүр нүүрээ харан ярилцаж суулаа.
За байз, Аюуш минь бодъё. Сүгсээгийн эхнэр чамайг гэртээ очооч гэж урьж байгаа нь ямар учиртай байж болох вэ? Тэднийх яав ч орон гэрээ чамд зүгээр үзүүлж сайхан танилцъя гэсэндээ чамайг залж байгаа биш байх. Сүгсээ чамайг гэртээ аваачаад хорлон хөнөөх гэж байгаа бас биш ээ. Харин чамайг эргээд гарах үүд хаалгагүй гэх үү, хаашаа ч зайлж болшгүй тийм ангалд оруулан, өөрийг чинь ашиглах гэж байж магадгүй.
Тэр хужаа намайг яаж ашиглах вэ? Түүнд би ашиглагдана гэдэг чинь хөгтэй хэрэг байна даа. Бид хоёрын эрхэлдэг ажил шал өөр. Тэр чинь барилгачин, би эмч шүү дээ.
Аюуш минь ээ? Цаад хүн чинь барилгачин баг нүүрэндээ зүүсэн, хорон санаат, амиа бодсон амьтан янзтай. Би түүнийг анхлан Хятадын тагнуул, далдуур манай орны нийгэм улс төрийн байдал, хүн олны бодол санаа, улсын эдийн засгийн байдлыг ажиж судлаж, өөрийн тагнуулын төвдөө нууц мэдээ өгч байдаг этгээд гэж бодож явсан. Гэтэл хүний эрүүл мэндийг хөнөөгч эм тараах гэж оролдож байгаагаас үзэхээр Ван овогт хужаа бол аль ч улсуудаас далдуур тавин ажиллаж байдаг тийм тагнуулаа байгаад, бүр хорлон сүйтгэгч болж хувирсан ч юм шиг. Манай орны бие даасан тусгаар тогтнолыг устгах бузар хэргийн төлөө зүтгэгч болж хувирсан юм уу гэж би бодох болсон. Энэ аюултай хэрэгтээ чамайг нэг өөш болгон шидэж хадран загасны аманд хийх гэж санаархаж байгаа л болов уу гэж би бодож байна гэж ярилаа.
Энэ үгийг Аюуш сонсоод царайгаа хувирган бодолд автаж хэсэг зуур сууснаа:
Шар аа! Би тэгээд одоо яах болж байна вэ? Намайг тэр этгээд яаж өөрийн гартаа оруулан авах хэрэг вэ? Би тийм хүний хэлсэн үгний зоргоор салгалан гүйж байх сул дорой ухаантай амьтан гэж үү? Би яагаад түүнд тэгэж харагдав аа?
Аюуш аа! Чи өөрийгөө ингэж үнэлж байгаа чинь маш сайн хэрэг. Би чамайг ийм сэтгэлийн тэнхээтэй хүүхэн гэж анхлан хараад мэдсэн. Гэхдээ хүнийг уургалан барьж аваад хааш нь ч хөдөлгөхгүйгээр төмөр бахиар хавчин авдаг арга маш олон бий гэдэг дээ. Хүн өөрөө мэдэлгүй яваад л гэнэт ёроолгүй ангалд сөхрөн унах нь бий шүү. Тийм юм цаадах чинь бодон чамайг гэртээ урьж байж ч мэдэх л байх. Би ингэж л бодож байна.
За, намайг яаж уургалах хэрэг вэ? Түүнд ямар уурга байна вэ?
Сүгсээд их урт уурга байгаа. Чамд Хятадын “уламжлалт” аргаар их хэмжээний том бэлэг өгч атгуулаад, хэлсэн бүхнийг нь биелүүлж байхаас өөр аргагүй болгож мэднэ. Чамаас үг алдуулж аваад “Чи ингэж хэлсэн шүү. Энэ үгээ буцвал танай байгууллагад мэдэгдэнэ” гэж айлган гартаа оруулна. Чиний амь насанд холбогдолтой хэрэгт чамайг хутган, түүгээрээ жийрэг хийгээд атгандаа оруулж авна. Чиний гарын үсгийг ямар нэг улсын эсрэг утга бүхий бичгэн дээр буулгаж аваад, чамайг түүгээр сүрдүүлэн, өөр ямар ч хортой хэргийг чиний гараар хийлгэж болно... Ийм арга түүнд олон бий.
Пээ. Яасан хэцүү юм ярьдаг хүн бэ, чи? Би юугаа алдаж яваа бол?
Аюуш аа! Чи их зөв юм бодож биеэ хянан үзэж байна. Энэ сайн хэрэг. Чи түрүүн Сүгсээгийн авгайд эм бичиж өгсөн гэл үү? Тэр бичиг дээрээ гарынхаа үсгийг дурайтал зураад өгөө биз дээ, чи?
Үгүй дээ. Эмийн жор бичиг дээр би тогтсон дэг ёсоор өөр маягийн үсэг зурдаг юм.
Тэр чинь зөв дөө. Одоо нэг нэн чухал асуудал байна. Аюуш аа!
За юу билээ? Би чиний ярьсан юмнаас болоод зүрх хачин эвгүй болж орхилоо. Элдэв нарийн ширийн юм ярих тэнхээ ч алдрав бололтой.
Зүгээр зүгээр, хонгор бүсгүй минь. Сэтгэлээ өөртөө хурааж ав!
Өөр ямар нарийн чухаг асуудал байдаг билээ, Шар аа?
За яахав дээ. Ван овогт наймаагийнд чи залсан ёсоор нь очдог юм бил үү гэж би бодож сууна.
Чи юу ярьж байна вэ? Би тэднийд яасан ч очих гэж явахгүй.
Энэ чиний зөв. Гэхдээ цаана нь учир байна шүү. Хоёулаа сайн бодож үзэх ёстой байна, Аюуш аа! Тэр наймаагийнд очиход чамд одоогоор гарц байхгүй.
Чи юу яриад байна вэ? Би тэгэж алмасан сүхний далайсан ирийн дор толгойгоо тавьж өгөх хэрэг үү? Тэгэж ч би төрүүлсэн хүүхдүүдээ өнчрүүлэхгүй шүү.
Энэ чиний хэлж байгаа үг аргагүй зөв өө. Гэхдээ өөр нэг учир бол Ван овогт чухам юу гэж хэлэх нь вэ? Түүний хань хамсаатан ямар хүмүүс хаа байна вэ? Тэд юу хийж байна вэ гэх зэрэг нэлээд олон юмны цоожны далд өргөсийг мэдэхэд чи тэднийд очвол бидэнд их тус болох учир байна. Бид байдлыг мэдэж байгаа болохоор чамайг золиосны усны хулгана болгож туршилтад оруулахгүй л дээ. Бүх хүчээрээ би чамайг хамгаална. Чиний биед хэн халдана, түүний гавлын ясанд бид поолиосон үрэл зоож орхино шүү дээ. Чи ойлгож байгаа биз гэсэн яриа болоход Аюуш жижиг цахилгаан данханд ус буцалган, тунгалаг хар цай хоёр аяганд хийлээ.
Тэд цай уун яриагаа өөр тийш нь хандуулан суув. Шархүү эмч бүсгүйг инээлгэн, санаа сэтгэлийг нь хөгжөөхийг эрмэлзэв. Телевиз асаавал сайхан хөгжим нүргэлж байлаа. Сайхи эр инээн:
Өчигдөр орой манай гэрт нэг хөгийн юм болов оо. Телевизээр гарсан хүүхэлдэйн жүжгээр нэг хачин урт гартай, дэлбийсэн чихтэй хүн хийл хөгжим бариад тоглож байж харагдвал манай бага хүү түүнийг хараад:
Аав аа, та хараач! Нөгөө Никколо Паганин хөгжимдөж байна. Та гарыг нь хар даа. Яг л нугасгүй хөдөлгүүр шиг юм байж шүү гэлээ. Би зориудаар:
Чи Паганинийг мэддэг юм уу гэж асуувал хүү эгдүүцэв бололтой:
Тэр аугаа их хөгжимчнийг мэдэхгүй хүн байдаг юм уу гэж надаас хариу асуулт тавин царайгаа хувиргаж сууна. Тэгэхээр нь би дооглонгуйгаар:
Чи тийм сайн мэддэг юм бол Германы хөгжим судлаач Мендельсон Николай тэр Паганинийг юу гэж хэллээ гэвэл хүү маань инээж намайг хараад:
Паганин нь хөгжим тоглохдоо хүний бие сэтгэхүйгээс хол давж гарсан чадвартан гэж тэр судлаач хэлсэн. Та Паганинийг Францын Парист очиж тоглоход түүний хөгжмийг сонссон нэг сохор хүн юу гэснийг мэдэх үү? “Энэ бол хүн биш, чөтгөр байна” гэж хэлсэн шүү дээ гэж хэнэггүй хэллээ. Хүүгийн тэр үгийг сонсож суусан манай гэргий зөндөө инээгээд:
Миний хүү “аавдаа авгай авахыг заана” гээч болж байх шив гэв. Бид гэр дүүрэн инээдэм боллоо. Тэгэхээр хүн гэдэг ийм аугаа их юм байдаг хойно Ван овогтоос ч бас санаанд оромгүй хэцүү ухаан гарч ирж болно шүү гэж Шархүүг хэлэхэд Аюуш үг тосгуулан:
Хүний санаанд оромгүй булай муухай юм сэддэгийг бид мэдэлгүй яахав. Тийм учраас би Ван овогт хужаагийнд яаж ч байсан очихгүй гээд байгаа минь энэ. Тэр этгээд намайг цовдолж алахаас буцахгүй булай юм хийнэ. Чиний ярьдаг Дүгэрийг энэ Сүгсээ өөрийгөө егүүтгэх арга гаргаа биз. Сүгсээ намайг хятад хүний цус холилдсон хүүхэн гэж мэдэж дээ. Тэгээд өөртөө хань болгон авах санаатай наашаа сарвалзаад байгаа хэрэг биз гэж хэллээ.
Шархүү эмч бүсгүйн үгийг няцаах аргагүй болж түүнтэй өөр бусад жаал юм ярилцаж байгаад эмнэлгээс гарч явлаа. Гэтэл сайхи эрийн санаанд одоохон Ван овогттой тулгаран уулзах гэж байгаа юм шиг зүйл бодогдон, сэтгэлийг нь нэг юм руу чангаав. Яагаад гэдгийг хэлэх арга алга. Сайхи эр гадаа гарч машин барьж аваад гэр лүүгээ явъя гэж санаад замын унаа харан жаахан зогсвол гудамжны гэрэлд баруун талаас нэг шооргоносон амьтан ирж яваа харагдахаар нь Аргай эмнэлгийн байшингийн дээвэр, шал сэлбэн засахаар хураасан банзны сүүдэрт орж биеэ нуун зогслоо. Тэгтэл нөгөө ирж явсан хүн хажуугаар нь өнгөрч эмнэлгийн хаалганд тулж очоод тал тал тийшээ харж байснаа хонх даран үүдээ нээхийг гуйж дуудлаа. Сайн ажиглавал толгой нь шовойж, сэрвээгээрээ жаахан бөгтийгөөд, мөр нь далжийн яах аргагүй Сүгсээ мөн аж. “За энэ хужаа эмч хоёр уулзаасай. Тэгвэл аль аль нь надад бүрэн танигдана даа. Магадгүй Аюуш маань хоёр талд ажиллаад яваа байж болох шүү. Би ямар түүний сэтгэл рүү өнгийж харсан биш” гэсэн юм бодолд нь харван орж ирж, нүднийхээ харааг Ван овогтоос салгаж чадахгүй байв. Сайхи хужаа дээр цаанаас хүн ирэв бололтой хэдэн үгний солио хийснээ хэсэг зуур чимээгүй болов. Тэгэж байтал дахиад хүн ирэв бололтой ярилцах нь бүдэгхэн сонсогдож:
Байхгүй байна.
Байгаа. Би мэднэ.
Байхгүй гэж чамд хэлж байна шүү гэсэн чанга үг сонсогдож, нэлээн шан пан гэснээ аргагүй Сүгсээ буцаад явлаа. Түүнийг Шархүү ухасхийн барьж авч унагаан дээрээс нь өвдөглөж байгаад хэрэг зоригийг асууж болмоор харагдаж байгаа боловч тийм хандлага гаргахаас татгалзан, бодож үзвэл, тэр хужаа олон юм бодож энд ирсний дотор, “Аюушийг Монголын тагнуул байж магадгүй. Тийм бол тэр эмч өдөр Пунсалтай уулзаад, түүнийгээ өөрийн талын хүнд хэлнэ. Тэр хүн нь өнөө шөнө ирнэ. Түүнийг олж үзье. Ер нь Аюушийг шалгаж мэдэх хэрэгтэй. Эмч бүсгүй их гүрний сэтгэлтэй байгаа бол шөнийн хөл сэлүүн цагт надтай дуртайяа уулзана. Тэгэхээр би урмыг нь үнэлэн чихэр шиг амттай үг хэлнэ” гэж бодож ирээ болов уу? Аюуш эмч бол эд мөнгөний олз ашиг хөөгч эм биш байна гэсэн сэтгэл Шархүүд төрлөө.

Сармисаг өргөн тарих нь “онцгой” тустай “бодлого”

Сармисаг өргөн тариалах нь хүнсэнд их тустайг бүгд мэднэ. Сармисаг бол хүний биед илч нэмж өгдөг, бие эрхтэнд орсон элдэв нянгийн хүчийг бууруулан эрүүл мэндэд нэн тустай сайн ногоо билээ. Бид энд тэр хоолонд хэрэглэдэг сармисагийг биш, хүн тарих явдлыг зах зухаас нь бага зэрэг хэлэлцэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, хүн тарих бодлогыг сармис болгон яръя.
Ван овогт халуу дүүгсэн гэртээ нимгэн цамцтай сууж, өмнөө цаас дэлгэн хоёр гурван үдэш хөдлөхгүй суугаад урт захиа бичлээ. Түүнийг чухам юу бичиж байгааг Пунсал мэдэхгүй, хүүхдүүд нь эцгийнхээ бодлогошрон сууж хийж байгаа юм руу өнгийж харах ёсгүй билээ. Тэгээд энэ хүн чухам юу бичиж байна вэ? Энэ бол эндээ нууц зүйл. Хэрэг явдал нь нууц биш, хамгийн өргөн дэлгэр явагдах учиртай боловч түүнийг чухам “шинэ” бодлого болгон явуулах арга ажиллагааг боловсруулан тодорхойлж байгаа нь нууцад холбогдоно.
Өгүүлэх нь: “Би Ар газар ирээд дөчөөд жил энд аж төрөн ихсүүд та нарын сургааль зааврыг гүйцэлдүүлэхсэн гэж мунхаглан, бэдчин явж байна. Тэгээд миний бодож олсон нэг зүйл бол энд хүн тариалах хэргийг тун их өргөн дэлгэр хийх ёстой байна. Энэ бол цоо шинэ санаа биш ээ. XX зууны эхээр Манжийн хааны ноёрхолын сүүлчийн жилүүдэд буюу “Шинэ засгийн бодлого”-ын үед энэ Ар газарт 15 мянган хятад худалдаачид олонх нь эхнэргүй буюу эхнэр хүүхдээ дотор газар орхин ирээд, эндээс монгол том ээтэн гуталтай, андуун бөгстэй эмсийг “хань” эхнэр болгон авч шөнийн зугаа болгон, малын сүүний исгэлэн үнэрээс айлгүй өвөртөлж, улмаар манай цусан төрлийн олон үрс бий болгосон байна. Тэр хүн тарих хэрэг Монголоос мөлжимтгий харийн худалдаачдыг шахан зйлуулах гээч үе буюу 1934 он хүртэл үргэлжлэн явагдаж арвин сайхан ач тус үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ар газарт манай цусны даруй 400 мянган эрлийз хүүхэд бий болжээ. Энэ тоо үнэн худал нь мэдэгдэхгүй байгаа ч гэсэн барагцаалахад Монголын хүн амын даруй 1/4 хувь гэсэн үг. Хэрэв эдний хүн амын тэн хагас нь бидний нэг цусныхан болж орхивол 2/3 нь болгох гэсэн их хэрэг их хурдан бүтнэ. Тэр цагт наад зах нь эдний олонх сонин хэвлэл хятад хэлээр гарах болно. Төрийн байгууллагын сонгууль болоход хүн амын дийлэнхи манай эфуны төлөө юм уу, манай цусны хүнийг сонгохын төлөө саналаа өгнө. Ар газрын аж төрөх байдалд хятад арга заншил хэн ч тогтоон барьж дийлэхгүй нэвтрэн орж ирэн, мөрөн голууд үерлэн урсаж байгаа адилаар хятад ёс заншил, дэг дэглэм зад тавин дайран орж ирээд энд хэвшин тогтох болно. Ингэхийн тулд Ар газрын шимтэй сайхан хөрсөнд “сармисаг” суулган тарьж ургуулах ажлыг бүр төрийн бодлого болгон явуулах ёстой байна. Үүнийг би нүд цавчилгүй харж байдаг. Ховд, Таац, Шаргалжуут, Онги, Орхон, Туул, Онон, Хэрлэн голуудын сав нутаг-Үржилт хөндийнүүдээр “сармисаг” тарьж ургуулах бүх талын хөрс дүүрэн байна. Түүгээр ч барахгүй Ховд, Улиастай, Заяын Бааюу (Цэцэрлэг), Их хүрээ, Өндөр хаан, Баянтүмэн хаа л бол хаа манай худалдаачид “сармисаг” тарьж ургуулан байсан их туршлага бидэнд бий гэдэг биз. Тэгвэл одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг том суурин хот, бусад аймгийн төв, түүгээр ч барахгүй сумд, аж ахуйн газрын төвд “сармисаг” суулган тарих хөрс бүр ангамал байдлаар ор дэвсгэрээ засаад хүлээж байгааг би ажиж сууна. Энүүнд эргэлзэх зүйл огт байхгүйг батлан хэлье.
Тэгвэл яаж “сармисаг” энд суулган тарих вэ гэвэл, энэ талар цөөн хэдэн үг хэлэх хэрэгтэй боллоо. Тухайлбал, сургуулиудын сурагчид, оюутан, хөдөө нутагт малын дэргэд явж байгаа залуусын олонхи нь харахад эмс байна. Тэд бол халамжтай, мөнгөтэй сайн хань хүлээж үлэмж ангамал байдалтай, биеэ бусдад гоё харагдуулахын тулд элдвээр засаж маяглан, үс гэзгээ янз бүр болгож, өвдөгнөөсөө дээгүүр, бараг л нууц эрхтэнээ ил гаргасан богино хувцас өмсөөд, сайхан гуя, бэлхүүсээ олонд харуулан жиргэн гүйж байна.
Юу үнэн бэ гэвэл энэ байдал үнэн байгаа шүү. Тэгвэл бид одоо юу хийх ёстой байна вэ? Болхи би санаагаа шуудхан хэлье.
Өдгөө Монголын үсээ алаглуулан будаад, задгай хаяж, тэлээгүй банзал өмссөн охид эмс намайг хэн чангаах бол гээд л хотын гудамжаар дэмий сэлгүүцэн найгаж, майга хөлөө эрчүүдийн өмнө хөндлөн гишгээд, салхинд туугдсан хогийн цаас адил хийсэж явна. Тэд хэд хэдээрээ үдэш бүр гудамжинд гарч дэлэн хөхөө сэрэлзүүлээд, харчуудыг агнан, модтой цэцэрлэг талбай, хүн олонтой гудамжаар гоёмсоглон алхаж, нүдэн дохио өгсөн харчуудыг даллаад, даган явж баар, зоогийн газарт орж цангасан үхэр адил архи гудран, балан баас болтлоо согтоод “намайг ав” хэмээн өлссөн тахиа адил гууглан орилолдож байна. Тэдэнд эрээлхэх, ичих юм огт байхгүй. Тийм болсон амьтад бөгсөө худалдан арав, таван мөнгө эрчүүдээс салгаж авахыг гол эрмэлзэл болгоод явж байна. Уг нь монгол эмсийн бие нь чанга, эрийн зугааг гаргах чадвар дээд зэргийн сайн. Энэ байдал нь алдагдаж, нойтон эсгий гутал адил улцайгаад, ханзархай шаахай адил болж байгаа янз ажиглагдаж байна. Ингэж бэлдээ буун ноорчихсон эмсүүдийг манай хятад залуус авч, тэднээр зугаагаа тайлан гэдсэнд нь хүн тарих ёстой болоод байна. Үүнээс эрээлхэх юм огт алга.
Зүгээр алцайж хэвтээд мөнгө олж байх хүсэлд хөтлөгдсөн тэр эмс хэн ганц хоёр доллар үзүүлнэ, түүнийг дагаад шалдан гуяа гялалзуулан харайлгаж байна. хятад орноос ажил хийхээр ирсэн олон залуус өдгөө Монголын аль гоё царайтай, сайхан биетэй эмсийг гэргий болгон аваад бусдын толгой дээгүүр ихэмсэглэн хараад алхаж байна. Тийм залуус хөнжил дотроо халуун дулаан, үлэмж сайхан цэнгэлтэй байдаг нь бас илт. Ингэж өөрийгөө “тохинуулж” чадсан хятад эрчүүд Ар газарт ихээ том зан гарган, их эзэн хүний янзтай байгааг би нүдээрээ харж биеэрээ эдлэн байна. Ийм өгөөмөр сайхан боломжийг бид алдаж болохгүй санагдаж байна. Уг нь монголчууд хятад хүнийг илжиг адил дорд үзэн ихэд дургүйцдэг байсан. Өдгөө Ар монголын тэр сэхүүн зан аль хэдийнээ хаягдаж, долларт хамраа үхэр адил дөрлүүлээд, хэнд мөнгө байна, түүний өвөр нь өмхий самхай ч байсан хамаагүй шургалан ордог болжээ.
Өндөр газрын шингэн тунгалаг агаарт өсөж бойжсон монголчууд хятад хүнийг адгийн амьтан гэж үзэн илжиг луус, нохой гахай гэж дуудан, хажуугаар зөрж өнгөрөхдөө хамраа бөглөн, амаа тагладаг байсан цаг бий. Тийм үед монгол хүн хятад хүнээр жорлонгоо цэвэрлүүлж, хогоо хаяулан, хамаг бохир ажлаа хийлгэдэг байсан. Хятадууд ч эрээлж цээрлэхгүйгээр тэдний тэр өөдгүй булай ажлыг хийж өгөөд мөнгийг нь авч чаддаг байлаа. Өдгөө тэр байдал үндсээрээ өөрчлөгдөн, монголын хамгийн цэвэрхэн царайтай, гоё гуа биетэй, янцгар цэмцгэр байдалтай эмсийг манай өмнөд газраас ирсэн эрчүүд эхнэр болгон авч ааглан сууж байна. Одоо барагцаалсан тоогоор зөвхөн Улаанбаатарт 20, 30 мянган монгол гоё царайтай эмс хятад хүний хөнжилд шургалан ороод манай хүмүүсийн бие эрхтэнг баясган, хамаг бохир бүхнийг нь арчлан цэвэрлэж байна. Энэ бол бодит үнэн түүх билээ. Үүнийг би харж сууна.
Тэгэхээр одоо бид нэн даруй юу хийх ёстой болж байна вэ гэвэл, хоёр янзын том зүйл хийх ёстой байна. Үүнд: нэгд, Монгол нутагт эмс охидын сэтгэлийг зугаацуулах “гоёл”-ын барааг маш өргөн оруулж ирэх. Түүний яс чанар огт хамаагүй, гагцхүү хүний нүд хуурч чадахаар өнгөтэй байх. Эмсийн нүүрээ гоёдог оо энгэсэгийн будаг, үнэртэй ус, хиймэл үс, хумсны лак, өнгө бүрийн үсний эрээлэх будаг, элдэв нарийн багаж, өөр бусад нүд баясган, өнгө хувиргаж байх янз бүрийн зүйлс хэрэгтэй байна. Хоёрт, Монгол газарт янз бүрийн ажил хийлгэхээр хүмүүсийг их өргөн ирүүлэх шаардлагатай. Тэр ирэх хүмүүс бол эхнэргүй залуу эрс голлож байвал тэд энд ирээд заавал эндхийн эмсийг гэргий болгож авах болно. Эндээс эхнэр олдохгүй гэж эмээх явдал огт байхгүй. Тэр залуу эрчүүд өвөртөө мөнгөтэй бол бараг ирсэн өдрөө л “сармисаг” тарих эмээ олоод авна. Тэгээд олигтой ажиллавал мөнгө ч амархан олдоно доо. Манай хятад хүмүүс ажлаас айх биш. Тэр ирж байгаа хүмүүс бол манай ирээдүйн бодлогыг хангаж биелүүлэхээр “сармисаг” тарих багаж хэрэгсэлээ аятай байлгаад, тарих сайн үрийг биедээ хадгалан, Ар газрын манай ирээдүйн эздийг бэлтгэх хүмүүс гэж бид ойлгож, түүнд итгэн “өөдрөг” сэтгэл өвөрлөн явах ёстой. Үүний тулд би энэ урт бичгийг Их цагаан хэрэм давуулан илгээж байна” гэжээ.
Ван овогт энэ бичгээ урт болсноос айж залхууралгүй хэд дахин нямбайлан засаж хуулаад, цэвэр дугтуйд хийхдээ “За байз, Үүнийг би яаж Бээжинд саадгүй хүргэх вэ? Лав л ердийн шуудангаар хүргэж болохгүй. Тэгвэл Монголын тагнуулууд замаас нь үзээд манай санал бодлыг мэдэж орхино” хэмээн боджээ.
Сүгсээ юу болоо вэ гэмээр Пунсалд аятай ааш гарган цай ууж, мантуу идээд хэсэг дуур дуугүй сууснаа хэлэх үгээ олж ядсан юм шиг:
Би насны царигтай дээр чамайг дагуулан Бээжинд очиж хэд хоног байхсан гэж боддог боллоо. Хэдэн хүүхдүүд маань ч овоо торнив гэж ярихад авгай нь баясан амаа дарвайлган инээж:
Бусад иргэн хүмүүс эхнэрээ дагуулан авч яваад Бээжинг үзүүлж л байх юм. Чи ч намайг ядартал шөнөжин эдлэн зугаагаа гаргаад тэр дагнан “Шамбалын орон” гэх нь дөхөж шагшран магтаж байдаг нийслэл юмаа үзүүлэх ч үгүй, “Хүүхэд муу харж байна” гэж загнахаас өөр юмгүй байдаг биш үү хэмээн гоморхолын үг шидлээ. Ер нь Сүгсээ Пунсалын үгийг нохой хуцсан төдийд ч үздэггүй, сав л хийвэл “Чи залхуудаа баригдсан новшийн монгол” гэж загнадаг. Пунсал түүнд гомддог боловч төрүүлсэн хэдэн хүүхдээ яая гэхэв дээ гэж бодоод амаа хамхин
Хэдэн муусайн хүүхдийг минь л битгий хоосон хонуулж, голыг нь харлуулчихгүй байж үзээрэй! Би ч яахав гэхээс өөр үг хэлдэггүй байв.
Үнэндээ Сүгсээ заримдаа дэндүү муухай загнана. Гадуур барилга дээр ажиллаад мундахгүй юм олж байгаа боловч тэр мөнгөө дагнан Пунсалаас нуун, үл олдох газарт хийж далдалдаг. Сүгсээ авгайдаа жилд ёс хаах гэсэн юм шиг дээлийн нэг өнгө, дотоодын хийцний нэг гутал юм уу, шаахай авч өгөөд хэдэн хүүхдийнхээ хоол, хувцасны үнэ мөнгийг өөрөө тоолж, тааруулан зардаг. Харин түүнд нь нэлээд мөнгө зарагддаг билээ. Тэгээд сайхи хужаа “Мөнгө байхгүй. Манайх дэндүү их үрэлгэн байна. Би хуруу хумсаа элэгдтэл шавар шавхайтай ноцолдон байж цөөн мөнгө олдог боловч та нар ёроолгүй хувин адил хамаг юмыг залгиж орхидог. Ёстой шүдтэй туламнууд байна шүү” гэж л загнана. Ийм хачин харьцаа энэ айлд ноёлж байдаг. Залуудаа анхлан гэрлэж байх үедээ Ван овогт үүнээсээ огт өөр, “өгөөмөр” сонин харьцаатай, сайхан зантай байж, Пунсалын хоёр хөлийг олсоор оосорлон байшингийхаа таазнаас уяж дүүжлээд, бараг шөнөжин эдлэн, үнсэж үнхлээд амраадаггүй байв даа. Тэр цагтаа Пунсалыг амттай боов, лаазласан жимсний усаар “урамшуулан”, “ийм халамжтай сайн хүн ховор биз” гэхээр байснаа хоёр хүүхэд төрүүлсэний дараа ааш зангаа хувирган, нөгөө “сайхан” халамж нь салхинд хийссэн адил алга болж, хүүхэд бойжуулах ажилд өөрөө огт оролцдоггүй байтлаа “Чи миний үрсийг хүйтэн гараар арчилсан болж байна” гэж нүүрний нь арьсыг хуу татан хаях дөхөн загнадаг. Тэгээд ичих нүүргүй шөнө болохоор зайдагнан зугаацдаг билээ.
Сүгсээ Пунсалын зарим ядуу зүдүү ах дүү нарт хандаж гар сарвайх гэж огт байхгүй. Нэг удаан өвдөж ядарсан дүүгээ гэртээ ирэхээр хэдэн төгрөг өгье гэж Пунсалыг гуйхад Сүгсээ царайгаа хувирган:
Ямар миний төлөө аж төрөн салгалан яваа биш. Надад юу ч байхгүй гээд ганц навсархай төгрөг тэр бүсгүйн гар дээр тавьсангүй. Бүсгүйг гараад явахаар эхнэрийгээ уйлахад “Та нар авахаа л мэднэ. Өөр юу ч мэдэхгүй. Би чамтай дэр нийлүүлэн шөнийг өнгөрөөдөг болохоос биш чиний энэ хөдсөн царайтай дүү хүүхэнтэй “Хорвоогийн явдал” хийж үзсэн биш. Би яалаа гэж түүнд мөнгө өгч зулгуйдаж байх ёстой юм бэ?” хэмээн загнан:
Би чамайг ингээд байна уу гэж хангинан толгойтой үснээс нь зуурч:
Усан нүдлэхээ тат хэмээн загнажээ. Ийм харьцаатай эр маань өнөөдөр юу болов гэмээр аялаг зан гарган:
Хэдэн хүүхдийг минь төрүүлж өгсөн чамд би сэтгэлтэй. Би амьд мэнд дээрээ чамайг дагуулан явж Бээжин үзүүлнэ хэмээн давтан хэлж сайхан загнав. Энэ нь сайхи хүн бичсэн зүйлээ аятайхан боллоо. Үүнийг эзэн маань аваад тэнд байгаа миний дансанд хэдэн юань нэмж хийх нь лавтай гэж бодсоных биз ээ. Энэ ч гарцаагүй хэрэг.
Ван овогт бичсэн урт бичгээ хоёр хувь болгон хувилаад, нэгийг гэрээсээ өөр газарт гарын үсэггүй байлган хадгалах, нөгөөг хөгширсөн луухаан, урьд нь Улаанбаатарт уулзан өөрт нь зөвлөгөө даалгавар өгч байсан Ли овогтод хүргүүлэхээр өвөрлөгч нутгаас Улаанбаатарт ирж сууж байгаа Ерөөлтөд өгч, Бээжинтэй амин холбоотой, байн байн тэр зүг “албан хэргээр” явдаг найздаа өгөхөөр алхах болов. Бас үлдэх хувиа юмыг яаж мэдэх вэ, манай гэрийг монголын тагнуул ирж нэгжин үзэх болбол тийм ийм гэх ямар нэгэн сэжигтэй зүйл гэрт байж болохгүй хэмээн бодоод түүнийгээ далд хийхээр хамт авч гарах болов.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 19-р)

Нууц нууцаа тайлна

Хавар урин дулаан цагийн амьсгал орж талын болжмор жиргэх цагаар Шархүүгийн төрсөн дүү Төмөрийн Гончиг голомт сахисан эзний хувьд зөвхөн өөрийн мал сүргээсээ төдийгүй нийтийн юманд хараа тавьж явдаг болсон байна. Аав нь тийм хүн байсан, ах Шархүү нь улсын юманд санаа тавьж байх хэрэгтэй гэж захидаг учир тэрээр мал хариулангаа энд тэнд юу болж байна вэ гэж хараа тавьдаг болсон байна. Тэр орчны зүйл дотроос Агьтын хөндийн эхэнд нэлээд холоос бараатай харагддаг Хүн чулуу ямагт Гончигийн нүдийг булааж байдаг ажээ. Ах Шархүү нь ирэх болгондоо тэр чулуун дээр очиж байдлыг ажиглан эргэн тойрч үздэг нь бараг заншил болсон зүйл байв. Гончиг яагаад ах нь энэ чулууг тэгэж анхааран үзэж байдгийн учрыг төдийлөн сайн мэдэхгүй. “Энэ Хүн чулуу бол шинэ цагт бий болсон, сайн ёрын юм биш” гэж ах нь хэлдэг, бас нэг удаа яаруу яваа байдалтай давхиж ирээд, тэр чулуун дороос төмөр дээр бичсэн хятад монгол бичиг аваад явсныг Гончиг мэдсэн байлаа. Дараа нь Гончиг ахдаа идэшний мах хүргэж өгөхөөр Улаанбаатар орвол Шархүү гэргийтэй болчихсон нэлээд догь байдалтай сууж байв. Ахын нь гэргий ч нутагт нь ирж айлын айлд нь зусаж байсан, нэлээн сайн мэдэх бүсгүй байлаа. Гончиг энэ бэр эгч Цэрмаа, ах Шархүү нартайгаа хамт явж Агьтын хөндийн эхэн дээр мориор давхин очоод мөөг түүн, тэр сайхан амттай зүйлийг хээр гал өрдөн шарж идэн хөгжилдөж байснаа огт мартдаггүй. Тэр нэг явдал Цэрмаа, Шархүү хоёрын нийлж нэгдэх явдлын эх суурийг тавьсан байх. Би түүнд нь оролцон, ах ч Цэрмаа эгчийг дайлсан анхны зоог нь болсон биз гэж Гончиг тэр явдлыг их юманд бодож явдаг билээ. Сайхи хүнийг мал адгуулангаа Агьтад очих болгонд тэр хэрэг нэхэн санагддаг аж.
Гончиг ийм юм бодсоор хөндийн эхээр идээшлэн байгаа адуугаа цуглуулан тайван явж байв. Тэгтэл нэг суудлын даавуун бүрхүүлтэй тэрэг тэртээ хойгуур өнгөрдөг замаар зүүн талаас тоос манаруулан давхиж ирээд, зориуд хазайн хүн чулуун дээр очихыг сайхи эр харсан дороо нэлээд зайтай байгаа боловч яахыг нь үзэхээр бас тийшээ морин зуузай залжээ. Ингэж тийшээ явах учир гэвэл ах Шархүү нь бараг л уулзах болгондоо “Тэнд хэн очих нь вэ? Ямар нэг хүн Хүн чулуун дээр ирвэл тэнд чухам юу хийх нь вэ? Түүнийг нь ажиж мэдэхийг хичээж байгаарай. Тэнд ирж байгаа хүн хаанахын ямар унаагаар ирж байна вэ? Ирээд юу үзэж ямар ааш аашлав аа? Тэр бүхнийг нарийн ажиж мэддэг юм шүү. Тэгэхдээ болгоомжтой, элдэв дээдийн юм ярихгүй байхыг хичээн байх ёстой” хэмээн аминчлан захидаг. Ах нь бас уулзах болгондоо “Хүн чулууны хавьд юу болж байна вэ? Чамд ямар нэгэн зүйл ажиглагдахгүй байна уу” хэмээн асуудаг. Өөрөө нутагтаа ирэх болгондоо заавал тэр чулууг эргэн үздэг билээ. Байдал ийм болохоор Хүн чулуун дээр тэрэг унасан хүмүүс ирж байхад Гончиг түүнийг сонирхон хараад зүгээр өнгөрөх аргагүй байлаа. Тэгээд сайхи хүн тэр зүг хандсан хэрэг байв.
Гончиг тэргээр ирсэн хүмүүстэй уулзвал хаврын дулаалгатай савхин дээлтэй, цэмбэн пальтотой, монгол өнгөтэй дээл өмссөн хот маягийн гурван хүн адуучин эрийг тоож үзсэн шинжгүй, тэргэн дороосоо тохой хэрийн урт хоёр гонзгой чулуу гарган буулгаж, хүн чулууны баруун зүүн тал руу 300-400 алхаад, тэр авчирсан чулуугаа газарт лавхан суулгаад зоож эхлэх нь тэр. Чухам ямар учиртай чулууг яах гэж энд суулгаж байгааг адуучин эр яахан мэдэх билээ. Гончиг морио барьж зогсоод тэднийг харж байв. Үл таних гурав чулуугаа зоож суулган дуусаад, тэргэн дээрээ ирж хоорондоо хятад хэлээр жаахан ярьж байснаа Гончигт хандаж:
Та энэ нутгийн хүн үү? Танайх хаана нутагладаг вэ хэмээн асуулаа.
Тийм ээ. Би энэ нутгийн хүн. Манайх энэ баруун уулын цаад дор хаваржиж байгаа гэж Гончиг хариу хэллээ. “Гийчид” Гончигийг дэргэдээ аваачин, тэргэн дотроосоо гарган ирсэн зүсэм талхан дээр өөхтэй гахайн мах тавин өгч амсуулаад, “аялаг” зангаар ярихыг хичээж эхлэв.
Энэ хөндийд хүн амьтан ховор байдаг юм уу даа? Их өргөн газар байтлаа мал цөөнтэй юм. Өвс ногооны нь шим муу юм болов уу гэж явуулын эр асуулаа.
Гончиг хэсэг зуур дуугүй байснаа номхон царай гарган:
Өвс ногооны шимээр ч гайхуулдаг газрын нэг л дээ, энэ. Нутгийн айлууд зун болохоор тэр доогуур урсаж байгаа голоо дагаад олноороо ирж буудаг юм. Тэгээд их олон айлын мал энэ хөндийд дүүрэн байж зунжин намаржин идээшилж байна шүү. Та нар зун ирж үзээрэй гэв.
Танайх дагнан энд нутаглаж байдаг айл уу? Их хүйтэн байдаг биз дээ?
Манайх энэ хавьд нутагладаг. Цаг агаар дулаахан байдаг. Зарим өвөл цас их унадаг нутаг даа. Тэглээ ч их ээлтэй, өгөөмөр газар. Энд ер нь Монголын малчид зуу, мянган жилээр нутаглаж ирсэн гэдэг юм билээ. Тийм муу нутагт ингэж олон жил байх ёсгүй биз гэж хэлбэл европ хувцаст хоёр хоорондоо бас хятад хэлээр нэлээн удаан шулганан ярилцаад Гончигт хандан:
Энэ юуны хөшөө вэ гэж зориуд юу гэх нь вэ гэсэн янзаар асуун Хүн чулууг заалаа. Адуучин хэсэг зуур бодолхийлэн байснаа:
Би яаж мэдэх вэ? Харин та нар сайн мэдэж байгаа биз. Саявтар бий болсон муу ёрын муухай царайтай чулуу гэж манай нутгийнхан хэлдэг гэлээ.
Муухай царайтай гэнэ ээ гэж тэд үг давтаж хэлээд инээлдэн байснаа:
Мөд удахгүй сайхан царайтай, сайн ёрын чулуу гэж хүмүүс хэлэх болж орхивол яана вэ? Та өөрөө энэ чулууг ямар ёрын гэж үздэг вэ хэмээн асуулаа. Гончиг хаширлан гайхсан царай гарган харж байснаа:
Би тийм ийм гэж мэдэхгүй байна. Мөд удахгүй энэ чулууг мал шөргөөгөөд онхолдуулан унагаж орхих биз дээ гэлээ.
Та тэгэж унаасай гэж хүсэж байдаг юм уу?
Энэ хээрийн хөсрий чулуу надад гэм хийж байгаа биш, унах ёстой бол унана биз. Үүний ёс тавилан гээч нь байдаг юм бол тэр нь л мэдэх хэрэг шүү дээ гэж хэлснээ:
Та нар энд чулуу нэмж босгоод байх шив. Энд яах гэж байгаа хэрэг вэ хэмээн асуулаа. Савхин дээлт эр хуурамчаар инээж ая тавих царай гарган:
Бид одоо ийм тийм болгоно гэж байгаа юм биш ээ. Бид газар шинжиж яваа хүмүүс. Тэгээд энд хожмын цагт хот суурин байгуулах юм уу, тариа ногоо тарьж болох газар байна гэсэн тэмдэг тавин үүнийгээ газрын зураг дээр тэмдэглэх гэж чулуу нэмэн босгож байгаа хэрэг. Та харин энэ шинэ, хуучин чулууг хүн мал унагаж орхих вий гэж харж сэргийлэн байгаарай гэж хэлээд, монголчууд адил шилний бөглөө нээн, газар дэлхийд өргөсөн архинаасаа цаасан аяганд жаахан хийн Гончигт өглөө. “Гийчид” өөрсдөө бас ямар нэгэн юм үл мэдэгдэх хэлээр шулганан ярьж тэр сархдаасаа уув. Гончиг “энэ хор биш юм шив” гэж бодон өгснийг нь балгаж орхилоо.
Ирсэн хүмүүс хоорондоо үл мэдэгдэх хэлээрээ ярилцан талбай дээгүүр нэлээд явж байснаа тэргэндээ орж суугаад ирсэн замаараа эргээд давхих нь энд зориуд ирснийг нотлож байлаа. Гончиг байдлыг ажиглаж тэнд ганцаараа хэсэг зуур зогсохдоо хөнгөн тэрэгний ар, өвөртөө хадсан дугаарыг харснаа бодвол хоёр дугаар нь хоорондоо ижилхэн байв. Хар төмөр дээр цагаан будгаар бичсэн “....УБИ” гэсэн дугаар нүдэнд нь дурайн тусаж байсныг сайхи хүн санаж үлдсэн байна.
Гончиг Агьтын хөндийд бий болсон Хүн чулууны тухай ах Шархүүдээ хэлэх хэдэн үг эндээс олж хоцорлоо. Дөч шүүрч насалсан энэ эр уг явдлын цаад нарийн учрыг бодож гайхшран “Урд нь Хүн чулуу босгосон байтлаа сая ирсэн хүмүүс дахиад түүнийхээ баруун зүүн хоёр жигүүрт нэмж гонзгой чулууг босгодог нь ямар учиртай байна вэ? Тэд өөрсдийгээ газар шинжээчид гэж хэлдэг нь үнэн болов уу? Тэд хоорондоо хятад хэлээр ярилцан надаас үгээ нуух ямар учир байв аа? Тэр зүүн хацар дээрээ хар мэнгэтэй, гурвалжин нүдтэй шовгор царайт эр бол эд нарын ахлагч нь болоод хамаг үгээ тэр хэлээд байна. Хаанахын ямар гайхлууд ирээд явав даа?” хэмээн бодон гайхширч байснаа “Ах Шархүү энэ Хүн чулууг хэн эргэх нь вэ? Хаанаас ямар хүн ирж дэргэд нь юу хийх нь вэ? Сайн ажиглаж байгаарай хэмээн хоёр ч удаа надад хэлсэн. Тэр ер нь учиртай хэрэг байх” гэж Гончиг бодож байснаа сая болж өнгөрсөн явдлыг ахдаа даруй дуулгахаар шийдлээ.
Адуучин эр хэд хоногийн дараа хот орж зун цагт хэрэглэх гутал хувцас олж ирэх, малын хөлийн татварт өгөх мөнгө олох хэргээр хот орохоор шийдэн, аян замын тэрэг унаа хайж эхлэв. Тэрээр ийм хэргээр Улаанбаатарт ирж ахындаа буун, Цэрмаа бэр эгчээрээ үйлчлүүлж, ирсэн оройгоо Агьтын хөндийд хэд хоногийн өмнө болсон явдлыг ахдаа хэлэв. Гончигийн тэр яриаг ах нь сонсоод жигтэй их сонирхон сонсоод:
Тэр явдлыг чи өөр хүнд битгий хэлээрэй! Чи тун чухал зүйл надад хэлж өглөө хэмээн үнэлж байснаа бодолхийлэн байж:
Тэр тэргэнд явсан ахимагдуу насны савхин дээлтэй хүний нэрийг чи мэдэж авч чадаагүй биз дээ хэмээн асуухад Гончиг бодож байснаа:
Би тэр хүний нэрийг асуугаагүй, асуусан ч надад нэрээ үнэн зөвөөр хэлэхгүй байгаа биз. Тэд машиндаа суух үедээ жолооч нь савхин дээлтэд хандан “Лутхүү гуай! Та юмаа мартаагүй биз?” гэж асууж байсан. Тэгэхээр би тэр хүнийг Лутхүү гэдэг нэртэй юм шив хэмээн бодсон шүү гэлээ. Шархүү энэ нэрийг сонсоод нүүрэндээ таашаал тодруулан дүүгээ харж:
Чи ёстой сайн байна. Ахынхаа захисан зүйлийг марталгүй ингэж хэрэг болгож байгаа чинь ухаан сайтай л хүний явдал гэж урамшуулав. Гончиг Улаанбаатарт хоёр хоног байж Цэрмаа эгчээрээ амтат бууз хийлгэн идээд гадуур хөөцөлдөх ажлаа гүйцээгээд нутаг буцлаа.
Шархүүд дүү нь хөдөөнөөс ирээд хэлсэн зүйл том олз гэж санагдан, тэр дуулсан бүхнээ илтгэх хуудас болгон бичээд, түүнийгээ барин хэлтсийн даргаас саяхан дэвшин газрын дарга, хурандаа болж байгаа Соном дээрээ орж ёс хийн мэндлэн уулзлаа. Энэ хоёрын яриа ажилсаг дотно болов.
За, нохойн дуу ойртож байж магадгүй шив. Нэгэнт тэр хүмүүсийн унаж явсан тэрэгний дугаар, хэрэг явдлыг толгойлон зохиож явсан хүний нэр, зүс царайг бид мэдсэн хойно учир ургана даа. Би Автозамын хэрэг эрхэлдэг газарт одоо даалгавар өгөөд тэр тэрэг хаанахын болох, жолооч нь хэн болохыг мэдье. Тэдний бүртгэл заавал байж таарна. Тэгээд тэрэгний жолоочийг саяхан ямар хэргээр хэнтэй хөдөө явсныг мэдэж болох биз. Чи тэр Лутхүү гэдэг хүн хаана, юу хийж байдаг болохыг мэд! Ер нь энэ “Хүн чулуу”-ны хэргийг чи одоо улам лавшруулан судлаж олон жил бодож хөөцөлдсөн ажлаа дуусгах хэрэгтэй. Энэ талаар бид байн байн ярилцаж байгаа болохоор юм юм чиний сэтгэлд бэлэн өрөөстэй байгаа биз хэмээн Соном дарга хэлээд яриагаа дуусгав.
Шархүү элдэв тэмдэглэл юмаа шүүж үзэн, ганц нэг өөрийн таних хүнтэйгээ уулзахад эрт цагт Их хүрээнд ажиллаж байсан Хишигтийн пүүсний туслах данжаад байсан Ван Шисан гэдэг хүний хүү Жаргал гэдэг хүний их хүү Лутхүү гэдэг нэг хүн байдаг. Тэр бол хот хөдөөгийн хооронд явж худалдаа хийдэг гэсэн тэмдэглэл ажил төрөл нэгтэй Га гэдэг ажилтны дэвтэрт байж тааралдлаа. Тэр хүн Агьтын хөндийд сая очиж чулуу нэмэн босгож байсан хүн мөн эсэх нь огт мэдэгдэхгүй байв. Тийм амархан яаж мэдэгдэх вэ? Мөн бол тэд хамаг хэргээ бусдаас нуун хийж байгаа. Гэхдээ хичнээн нуулаа ч гэсэн нууц нууцаа илчилдэгийг хэлэх эрт байх аа. Ингэж Шархүү бодон бараг шөнө нойроо хулжтал уг хэргийг бодсоор байж билээ. Ингэхэд хэрэв тэр Лутхүү нь Хүн чулууг босгон, түүнийг “сэргээж”, дэргэд нь өөр чулуу нэмэн босгож явсан этгээд мөн бол яах вэ? Тэр этгээд уг хэргээ яалаа гэж тийм амархан хүлээх вэ? Бусгаж булгиад байвал яаж харилцах вэ? Барьж хорин мөрдөх үү гэхчилэнгийн юм сайхи эрийн толгой дотор эргэлдэн зовоож байв. Чингэх нь зүй байлаа.
Гурав хоногийн дараа Автозамын хэрэг эрхлэх газраас Агьтад очсон тэрэгний дугаарыг хөөж шалгаад “Элбэгсайхан жолоочтой хувь хүний суудлын хөнгөн тэрэг хөдөө Лутхүү нарын хоёр хүн суулган явсан. Тэгэж явсныхаа хөлсөнд (хоёр хоног) 20 мянган төгрөг тэр Лутхүүгээс авсан. Урьд нь тэд бие биеэ зүс таньдаг. Лутхүү чухам эрхэлсэн тодорхой ажилгүй, худалдаа арилжаа нэлээд хийдэг. Улаанбаатарт өөрийн хувийн гуанзтай, бас хүнсний жижиг дэлгүүртэй” гэсэн тодорхойлолт гарчээ. Чингэхээр одоо Агьтын хөндийд байгаа Хүн чулууг эргээн сэргээх ажил сая хийсэн этгээд Лутхүү мөн болох нь гарцаагүй болов. Харин тэр Хүн чулууг анхлан босгосон этгээд хэн болох нь гүйцэд тогтоогдоогүй, тэр хэргээс зайлах зам Лутхүүд байхгүй боловч түүнийгээ хүлээх эсэх нь бас эргэлзээтэй байлаа. Ер нь Лутхүү гэгч этгээд Ван овогт Сүгсээгийн дүү гарцаагүй мөн боловч тэд өдгөө хоорондоо ямар дотнын харилцаатай байгаа нь бас судлагдаагүй гэх үү, тэр барилагчинтай холбоотой гэж тооцогдож байгаа хүмүүсийн нэрсэд түүний нэр ороогүй, тийм сэжигт автаагүй байгаа аж.
Шархүү тэр Лутхүүгийн гэр орон хаана байдгийг мэдэж авлаа. Сайхи хүний сэтгэлд “Лутхүү бол Сүгсээгийн дүүгийн нь хүүхэд мөн юм бол эд нар хоёулаа манай орны эсрэг далд ажил хийдэг байж болно. Тэгэхдээ эд нар хамаг хэргээ яалаа гэж бусдын нүдэн дээр ил хийх вэ? Түүнийгээ хамгийн нууц аргаар үйлдэж яваа нь лавтай. Тэд ахан дүүс гэдгээ бүр ч их далдалж яваа. Эд нарын дотор бээсэн муу санаа үхээд ясыг нь хусаж байсан ч үнэнээ хэлэхгүй. Хамгийн далд үхширсэн санаа эдний цусанд шингэсэн амьтад. Тэгэхээр Лутхүү гэгч этгээд “Хүн чулууг би босголцсон” гэж яав ч хэлэхгүй. Тийм болохоор барьж аваад хатуухан мөрдөхөөс өөр арга байхгүй. Тэр Хүн чулууг босгож тавих хэрэгт Сүгсээ бас гарцаагүй оролцсон. Тэгсэн байтлаа тэр хэрэг явдлыг өөрийн гараар яав ч хийхгүй. Бусдын гараар хамаг бузар хэргээ гүйцээлгэнэ” хэмээн бодож судалгаа-сорилт-туршилтаа үргэлжлүүлэн хийсээр байлаа. Түүнээс няцах, тээнэгэлзэх, айх юм Шархүүд огт байхгүй нь мэдээж.
Тэрээр Лутхүүг Сүгсээтэй адил судлаж үзвэл, тэр этгээд зэгсэн хөрөнгө зоорьлож авсан байж мэдэх, 3-4 хүн хөлслөн авч гуанз, дэлгүүртээ зараад ажиллуулж байгаа. Гэртээ ам бүл тавуулаа гэх үү, зэгсэн торнисон гурван хүүхэдтэй, одоо хоёр нь багш, судлаач алба хаадаг, нэг охин нь хүүхэд төрүүлээд гэртээ байдаг. Эхнэр нь нэлээд ам хэлтэй, Улсын их дэлгүүрт худалдагч хийж байгаад бие муу гэсэн шалтгаанаар тэндээсээ гарсан, одоо гэртээ байгаа, бас л өмнө зүгийн цусны хүүхэн гэнэ. Сүгсээ нэг удаа хоёр жилийн өмнө Сонгинын буланд очиж загас барихдаа Лутхүүтэй хамт бургасан шугуйд уулзан, хамт ногоон дээр сууж хоол идэн, амтат ундаа балгаж байсаас үзэхэд тэд бие биеэ сайн мэдэж байгаа аж. Ван овогт Сүгсээ Бээжингээс анхлан ирсэн даруйхандаа өөрийн ахан дүүсээ нэлээд эрж гүйсэн. Тэгээд сүүлдээ тэр нь нам гүм болсон нь заримыг олж аваад өмхий санаандаа баригдан, тэр эрлээ хэнд ч хэлэхээ байсан билээ. Тийм үедээ эд бие биенээ олоо биз.
Лутхүү, түүний эцэг Жаргал нар ч хувийн арилжаа наймааны хэргээр Бээжинд нэг биш удаа очиж байсан. Тэгэхдээ хамаатан гэх үү, эцэг-өвөө нэгтэй, эх-эмээ тусдаа садан төрлөөрөө Улаанбаатарт сууж байгаа гэдгээ мэдэж авсан биз ээ. Ийм л хүмүүс Агьтын хөндий рүү хараагаа чиглүүлэн, тэнд ирээдүйн хятад орон байраа барих, тариа ногоо тарьж өөрийн болгох санаагаа биелүүлнэ гэж бусдаас өрсөн шав тавьж, сая очоод, хүн бүрт том өргөө, зоог гүнцэгийн газар, үр хүүхдийнхээ сууцыг барих буудлаа сонгон авч, хожим хэнтэй ч булаацалдахгүй болгон тэмдэгт чулуугаа босгоод ирсэн аж. Үүнийгээ “Бид Ар газарт ирээдүйг харсан алсын бодлоготой хэрэг үйлдэж яваа. Тэнд Ар Бээжинг босгоно” гэж бахархал болгон бодож яваа нь гарцаагүй ажээ. Ингэ гэж тэдний сэтгэлийн шунал хөтлөн, Агьт руу зогсоо зайгүй татаж чиргүүлсээр байгааг үгүйсгэх аргагүй.
Шархүү Долоон буудалд байгаа Лутхүүгийн хавиар хэдэн үдэш орой эргэлдэн, байдлыг ажихад тэдний гадна тал нь хэн ч тоож үзэмгүй яйжгий мөртлөө дотроо цэцэг ургуулан мод тарьж тохижуулсан хашаанд өдөрт хүн амьтан бараг орохгүй, нас барсан айлын хоосон өв байгаа юм шиг чимээ аниргүй байдаг атлаа шөнө оройхон болоод ирэхээр ганц нэгээрээ хүн цувран ирж хаалганд нь байгаа нууцхан товхыг даран дохио өгөөд орж явчихыг нэг биш удаа ажиглав. Бас түүний хурууны хээг авах гэж Шархүү оролдсон боловч огт болж өгөх биш ээ. Мөн Лутхүүгийн эзэгнэж байгаа зоогийн газрыг олж мэдээд, тэндээ эзэн хүн өөрөө байдаг үдшийн цагаар Шархүү өөртөө туслах чанарын далдхан ажил хийдэг хоёр залууг оруулан хоол идүүлж, гуанзны нуун зарж байгаа архинаас нэг шилийг авахуулан, түүнийгээ “уулгаад” нэлээд “согтууруулан”, хооронд нь “хэрэлдүүлж” байснаа бүр том “муудалцаанд” хүргэж, гаднаас цагдаа яаран дуудуулж ирүүлээд тэднийг баривчлуулав. Тэр далимаар гуанзны эзэн Лутхүүг бас баривчлах болж “Чи хууль зөрчин, зөвшөөрөлгүйгээр архи нуун худалдаасан. Эндээ хэрэг дэгдэх үүсгэврийг тарьсан” гэж зэмлэн, түүнийг саатуулж байцаалтад оруулав. Ингэх бэлтгэлийг Шархүү хийх гэж Соном даргад илтгэн зөвшөөрөл олох, түүнийг барьж авах саналаа Шүүх байгууллагаар бас зөвшөөрүүлэх зэрэг ажлыг яаран хөөцөлдөж гүйжээ. Ийм бэлтгэл хийсний эцэст уг хэргээ гүйцэтгэсэн аж.
Уг хэргийн мөрдөн байцаалтыг Аюулаас хамгаалах байгууллагаас мэргэжлийн хүн гарган явуулж, хэрэгтний мэдүүлгийг ажилтан Шархүү тухай бүрт нь танилцаж байв. Лутхүү зохих байгууллагын зөвшөөрөлгүй хийсэн архины худалдаа, Агьтын хөндийд өнгөрсөн хавар очиж хоёр чулуу босгосон хэргээ хүлээж байгаа боловч тэнд анхлан Хүн чулуу аваачин босгосоныг огт хүлээхгүй, “Түүнийг би мэдэхгүй” гээд халгаахгүй гүрийж байлаа. Хэрэгтэн хүн ”Саяхан би хуучин танил Зоригт нэртэй өвөрлөгч нутгаас 17 жилийн өмнө Улаанбаатарт ирж суусан нэг хүнийг газар мэдэх болов уу гэж дагуулан, Монголынхоо хөдөө нутгийг үзэх санаатай явж байгаад идээшлэгтэй газар дайралдахаар нь хожим тэнд очиж суун амьдрах бодлоор шав тавин, хоёр чулуу босгосон. Биднийг очиход тэнд нэг Хүн чулуу байж, түүнийг би үзээд “Эртнээс нааш энд хүн амьдарч ирсэн их өлзийтэй газар байна” гэж бодон яваандаа тэнд очиж сууя хэмээн чулуу босгосон” гэж мэдүүлэг өгч, Хүн чулууг анхлан өөрөө босгосоныг сэгсэрч байв. Мөрдөн байцаалтад түүний өгч байгаа нэг мэдүүлгийг энд дурьдахад хачирхалтай байлаа.
Чи яах гэж заавал тэр Агьтын хөндийд очиж сууршин суух гэж бодсон юм бэ? Чамайг ямар нэгэн этгээд тэнд оч гэсэн юм уу гэж асуухад Лутхүү хэнэггүй царай гарган, шулуухан байдлаар:
Намайг хэн ч тийшээ очиж суу гээгүй. Ажиглаж байхад хүмүүс хот орон газарт ирж суухыг их эрмэлзэж байна. Хөдөөд ялангуяа залуу хүмүүс байх дургүй болсон янзтай. Гэтэл хортой агаар, ус муутай болсон. Сав л хийвэл мөнгө зарж амьдрах хэргээ гүйцээж байна. Одоо миний хүүхдүүд торнин хаа ч ялгаагүй биеэ дааж амьдрах чадвар олж байгаа. Нөгөө гэвэл миний эхнэрийн бие өвчинд баригдан тааруухан болсон. Тэр маань ходоод гэдэсний архаг өвчтэй, ядаргаанд орсон учир хөдөөний шингэн агаарт байвал тэр байдал нь засарна гэж би бодсон. Эмч нар ч тэгэж зөвлөж байгаа. Бас анжисны хошуу огт хүрээгүй, онгон цэвэр хөрсөнд тарьж ургуулсан тариа ногоо идэж байх хүсэлд автаад бид хөдөөг зүглэе гэж бодсон.
Чи тэр Агьтын хөндийг шим ихтэй сайн газар гэж яаж мэдсэн бэ? Хүн нэг явж хараад л энэ сайн газар гэж таньж мэдэхгүй шүү дээ. Тийм биз дээ, Лутхүү? Аль чи газар сайн мэддэг их мэргэжилтэй хүн юм уу? Чиний өгч байгаа мэдүүлэг тун ойлгомжгүй байна.
Надад хөдөөний зарим газрыг сайн мэддэг ганц нэг хуучин танил хүн бий.
За. Тийм байж таарах ёстой. Чамд ямар гээч сайн танил хаана байдаг юм бэ? Түүнийг чинь хэн гэдэг вэ? Чи тодорхой яриач!
Би яръя. Чандмань Уул сумын төв дээр Цагаан, Далайхүү гэдэг хоёр айл бий. Тэр Цагаан гуай их өндөр настай болсон. Тэр хүмүүс ойр хавийнхаа байдлыг үзээд хамаг газрын хөрсийг таньж мэддэг болсон. Хаана ямар тариа ногоо тарьвал зохимжтойг мэддэг болсон нарийн нүдтэй хүмүүс.
Тэр хүмүүс чинь чухам хаана юу хийдэг юм бэ?
Би хэлье. Цагаан, Далайхүү хоёр одоо Чандмань Уул сумын төвийн хажуугаар урсдаг Шавартайн голын хөвөөн дээр голдуу сармисаг, бусад дун ногоо, яншуй, жууцай зэрэг нарийн ногоо тарьдаг. Тэд хотоос холхон газрын хөрсөнд харийн ногоо тарихад олон жил бордоо хийгээгүй болохоор амт шимт маш сайнтай байдаг. Тийм газрын нэг нь энэ сумаас зүүн урагшаа байгаа Агьтын хөндий гэдэг газар гэж надад танилын хувьд зааж өгсөн. Тэгээд би тэр хөндийд очиж шууд эзэгнэн жаахан ногоо тарих санаатай шав чулуу босгосон ... гэж Лутхүү өчиг өглөө. Энэ этгээд амиа хаацайлан энэ удаад өчиг өгөөгүй нь бас шалгагдав. Харин тэр Цагаан, Далай хоёр нь хэтийн зорилготой далд санаагаар Монголын тал хээрийн болон хойт бүс нутагт чухам хаана ямар тариа ногоо таривал өгөөжтэй болохыг удаан хугацаагаар судлаж байгааг Лутхүү мэдээгүй байж болох.
За, тийм санаа бодолтойгоор өнгөрсөн хавар идээшлэгтэй сайн газар үзэхийг бид хичээсэн. Тэгэж явахад тэр Агьтын хөндий миний нүдийг булаасан гэж хэн боловч үнэмших мэдүүлэг өгчээ. Хэрэгтэн энэ үгээ ямар нэгэн зохиомол биш, үнэн голоосоо бодсон янзаар хэлж байв.
Мөрдөн байцаагч ч Лутхүүгийн үгэнд итгэхээр байв.
Чамтай хамт хөдөө явсан Зоригт гэдэг эрийг чи хэзээнээс мэддэг болсон юм бэ?
Би танилцаад удаагүй. Нэг жилийн өмнө би Зоригтоос өөрөө тарьсан гэгдэж байгаа баахан төмс, байцаа худалдаж аваад л танилцсан. Тэр хүн чухам аль нутгийн, ямар эр болохыг мэдэхгүй. Түүний одоо хаана байгааг ч мэдэхгүй гэсэн мэдүүлэг Лутхүү өгч байв. Үүнээс өөр үг сайхи хүний амнаас гарахгүй, хэд хоног байцаалт үргэлжилсэний эцэст Хүн чулууны дотроос Шархүүгийн олж авсан бичигтэй төмөр дээр байгаа хүний зүүн гарын долоовор хурууны хээг авчирч хэрэгтэнд өөрт нь үзүүлээд сайхи хэрэгтний нүүр өөд нь мөрдөгч ширтэн харж:
Ийм баримт байсаар байхад чи үүнийг зөвшөөрөхгүй байх арга алга шүү дээ. Бид уг хэргийн гарцаагүй гэрчлэх баримт байгаа учир энэ хэргийг чамтай холбон асууж байна. Үнэнээ хэлбэл чамд ногдох ялыг шийдэхдээ харгалзан үзнэ гэж хэлсэнд Лутхүү баахан бодож байснаа, хөлсөө асгаруулан, царайгаа чинэрүүлж суугаад уртаар амьсгаа аван:
Би аав Жаргалынхаа заавраар Хүн чулууг Агьтын хөндийд анхлан аваачиж тавьсан. Түүнийг барилгын чулуу засдаг Найманжин хашааны сүүдэрт гурав хоног сууж нүдэн, уг дүрсийг хийсэн ... гэлээ.
Чи түрүүн үүнийгээ хэлэх байсан. Тэр хэргийг мэдэх хүн одоо хаана байна вэ? Чи түүнд оролцсон хүмүүсийг үнэн мөнөөр нь хэл!
Би одоо худлаа хэлэхгүй. Чулуун хүнийг хийхийг мэдэх хүн одоо дэлгүүрийн манаач байгаа өвгөн Гомбо мэдэж магадгүй. Бусдыг би мэдэхгүй.
Чиний өвөг эцгийн хүү Ван овогт Сүгсээ түүнийг хийхэд биеэр оролцсон баримт бас манайд байгаа. Энэ талаар чи юу мэдэх вэ?
Тийм ээ. Сүгсээ ах яг биеэрээ Хүн чулууг хийх, босгох ажилд оролцоогүй, нэлээд тооны мөнгө өгсөн байх. Би тэгэж аав Жаргалын амнаас сонсож байсан ... Өөр тэр хэрэгт оролцсон хүн одоо байхгүй болсон.
Агьтад тэр Хүн чулууг чухам яах гэж та нар босгосон хэрэг вэ?
Би бүр нарийн учрыг мэдэхгүй. “Энд монгол хүн байхгүй болж, хожмын цагт олон хятад хүн ирж сууршина. Тэр цагт энэ шимтэй газрыг бид хэнтэй ч булаацалдахгүй байхын тулд одооноос бэлтгэлээ хийж байгаа хэрэг” гэж аав хэлж байсан. Чулуун дотор байгаа төмөр дээр бичсэн үгсийг өөр хүн зохиосон. Би саарал өнгийн будгаар түүн дээр бичсэн. Тэгээд миний хурууны хээ түүн дээр тусаж үлдсэн байна гэж Лутхүү өчөөд:
Би нялх бага зээтэй. Авгайн бие муу. Намайг амьд мэнд явуулж өршөөгөөрэй гэж хэрэгтэн өршөөл гуйсныг мэдүүлгийн протоколд бичсэн байна.
Шархүү “Хүн чулууны мөр” хэргийн үнэн байдал тодорч байгаад баяртай байгаа боловч түүний цаана бас яаралтай шийдвэрлэвэл зохих нэлээд ажил байв. Тухайлбал, одоо Ван овогт Сүгсээг яах вэ? Лю овогт ажилчныг хөнөөсөн этгээд хаана, яаж яваа бол? Тэр бүгдийн хэрэг Шархүүгийн гараар орж байгаад дутуу орхигдсон. Тэр хэргүүд Лутхүүг баривчилсаны дараа сөхөгдөн яриа гарч ирж байгаа нь түүний сэтгэлийг догдлуулж байв.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 20-р)

Шударгыг эрмэлзэж яваад шуурганд уруудах нь бий

Ван Шисаны ач Лутхүүг баривчлан хийж байгаа мөрдөн байцаалт урьд нь эмзэглэж байсан нэлээд зүйлийг онгилон гаргаж ирэх уяаны нэг гогцоог олж татах сэжим болж ирлээ. Тэр гогцооноос татаж битүү савны тагийг нээх эрмэлзэлд Шархүү автан, зогсоо зайгүй элдвийг шүүн үзэж, холбогдол янз бүрийн хэрэглэгдэхүүн цуглуулж байв. Лю Жиминг хөнөөсөн этгээдүүд илрэх байдал гарч ирэв. Зөвхөн Хүн чулууг Агьтын хөндийд аваачиж суулгасан этгээдээр барахгүй, сүүлийн жилүүдэд гарсан зарим ноцтой хэрэг Лутхүүгийн мэдүүлгээс үзэхэд тухайлбал, автомашины засварчин Люг таньдаг байсан Сюй овогтын садан төрлийн Хо овогт, Цуй овогт (монголын харъяат) хоёр хүн, бусад нэг санаатан этгээдээсээ нэлээд их хэмжээний “хөлс” мөнгө аваад, амьтны хөлийн сиймхий харж байгаад ганцаараа үлдсэн тэр ажилчны байранд сэм орж дэргэд нь байсан түлээний сүхээр гавал руу нь цохиж алаад, мөр буруулан зугатсан. Тэд уг хэргээ чадмагаар нуун далдалсан учраас бараг арваад жил хэнд ч сэжиг авахуулалгүйгээр дарагдуулж байсан. Тэднийг алуурт дуудсан нэг гол хүн нь барилга засварын ажилчин Ван овогт Сүгсээ болно.
Сайхи хүн бол байн байн өөрийн эзнээс нэлээд хэмжээний мөнгө авдаг учраас тагнуулын болон хорлон сүйтгэх хэрэгт зарах гарын бэл сайнтай байдаг. Лю овогтыг алсан Хо овогт нь Монголын ямааны ноолуур бөөнөөр авч өмнө зүг рүү худалдаалах ажил эрхлэн нэлээд хэдэн жил ажиллаад өнгөрсөн жил гэнэт эхнэр хүүхдээ авч Монгол нутгаас бүрмөсөн гарч явсан. Одоо хаана байгааг мэдэхгүй. Түүнийг ингэж хил нэвтрэн гарахад нөгөө муу хэрэг хамт үйлдэж явсан Цуй овогт нь дахин дахин ангийн үс их хэмжээгээр улсын хил нууцаар давуулан худалдаа хийсэн хэрэгт холбогдон баригдаж мөрдөгдсөн явдал түлхээс болсон. Цуй овогтыг баригдахаар Хо овогт хүн урьд хамтарч үйлдсэн хэргээ илэрнэ гэж айн зугтаж хил давж явсан гэж Лутхүү мэдүүлэг өгчээ. Энэ хэрэгтэн этгээд өөрийгөө одоо “газар хулгайлан эзэгнэх гэж оролдсон” хэргээ хөнгөвчлүүлэх гэж санаархахдаа “Ерөөс Монгол улсын тусгаар тогтнолд занал учруулах улс төрийн гэмт хэрэг үйлдсэн”, “Эх орноосоо урван харийн тагнуулын хэрэгт биеэр туслан тэдний төлөөнөө үйлчлэх болсон” хэмээн хүнд хэрэг үүрүүлнэ гэж айхдаа бусдыгаа барьж идэх замд шууд орсон аж.
Энэ этгээд ийм аргад шилжсэн нь Монголын мөрдөн байцаагчид, түүнийг хянаж яваа Шархүү нарт ёстой л дотор нь орсон юм шиг мэдрэгдэж байлаа. Лутхүүгийн өгч буй мэдүүлэг бодитой эсэхийг шинжлэн судлаж, холбогдох газар, хүмүүсээс лавлаж үзвэл энэ хэрэгтэн үнэн зөв гэж үзэх үндэстэй зүйл мэдүүлжээ гэхээр байлаа. Хэргийн эцэст Лутхүүд чухам ямар ял шийтгэл үзүүлэх нь Шархүүд хамаагүй, түүний хэрэг нэгэнт илэрсэн учир уг явдлыг шүүхийн байгууллага шийдвэрлэх ёстой, тэр журмаараа л эцэслэх нь мэдээжийн хэрэг байв.
Шархүү өөр нэг ээлжит том хэргийн төлөө хүч дайчлан ажиллах хэрэгтэй боллоо. Тухайлбал, судлагдан илэрч байгаа бусад нэлээд ноцтой хэрэгтэй амин холбоотой гэх үү, Хүн чулууг Агьтын хөндийд аваачиж суулгасан, түүний бодол санааг тодорхойлон бичиж уг чулуунд хийсэн, тэр тэмдэгт газраа эргэн шалгаж “сэргээн” лавшруулж байгаа, Монгол улсад чин шударга үзлээр зүтгэж явсан Лю овогт иргэнийг хөнөөх хэргийг зохион байгуулсан, мөн ялгаагүй сайн сэтгэлт, улс орондоо үнэнч зүтгэл гарган явсан Цэвээний Балжин хэмээх Банзарын амь насыг сүйтгэсэн хэргүүдийг шууд, шууд бусаар зохион байгуулж, дэмжиж тэтгэн өөгшүүлж байсан Ван овогт Сүгсээ өдгөө юу хийж байгааг нарийвчлан судлаж, түүнийг илрүүлэх хэрэгт бүх хүчээ зориулан ажиллах ёстой боллоо. Ингэх ч гэж түүний удирдлага давтан даалгаж байгаа билээ.
Шархүү тэр зүгт анхаарлаа бүрэн хандуулан ажиллаж эхлэв. Уг хэрэг илэрхий байгаа мэт боловч чухам яг барьж аваад урьд нь ажиж туршсан зүйлүүдээ одоо нэгтгэн шалгаад үзэхээр нэлээд төвөгтэй гэх үү, Сүгсээ хаширлан гишгэсэн мөр болгоноо эргэн харж далдлан явдаг этгээд болохоор түүний үйлдсэн юм болгон давхар давхар бүрхүүлтэй, мөр нь далд гэх үү, хэтэрхий балархай, танил талууд нь чухам хэн болох нь гүйцэт мэдэгдэхгүй байгаа билээ. Энэ бол сайхи хүнд “этгээд”, “зориудын” гэж үүрүүлэх аргагүй гэх үү, түүнийг жинхэнэ тагнуулч хүн тэр байвал зохих ёсоороо байна гэж үзэх учиртайг Шархүү сайн мэдэж байлаа. Байдал ийм болохоор Сүгсээг урьд мөрдөж явсан замаараа шийдвэрлэхэд учир дутагдалтай гэх үү, түүнд ултай хандахгүй бол өөрийг нь дал мөрөн дээрээс шүүрч аваад хөлгүй ногоон замагтай усан дотор шигтгэж орхих аюул байгааг сайхи эр мэдэж байв. Тэгэхдээ Шархүү бас бэмбэгнэн сүрдэж ухарч болохгүй гэдгээ ч өөрөө тунгаан бодож байв. Чухам хэрэг дээрээ хүчээ авч загсарсан хоёр бууран тэмээ хоорондоо тэнхээ мэдэн тулалдах гэж байгаатай төсөөтэй явдал болж байв.
Шархүү өөрийн төлөөний ажилладаг зарим хүмүүсээ Ван овогтын тойронд тавьж хяналт хийлгэж эхэллээ. Ирж байгаа мэдээнээс үзвэл Сүгсээгийн авгай, “Сэвэгнүүр” хочтой Пунсал захын том дэлгүүрт ороод дотнын танил худалдагчдаа “Бусдад битгий хэлээрэй! Өвгөн маань нутагтаа даруй очоод ирэх бодолтой байгаа. Бээжинд хүний гар дээр тавьж орхихоор монгол маягийн аятайхан юм чамд юу байна вэ?” хэмээн сэм асуусан байна. Энэ үг Шархүүгийн чихэнд харван орж ирмэгц “За, сайхи хүн хэрэг бишдлээ шүү. Сүгсээ Лутхүүг баригдлаа гэж дуулмагцаа биеэ буруулж далд ичих ноохойгоо засаж байгаа байж. Тэгэхдээ Бээжинд нүүр алдахгүй очихын тулд гарын бэлтэй явах нь ээ? Тэгэлгүй ч яахав. Тэрээр хил даван зугтаасан оргодол шиг биш, өнгөн дээрээ хөлтэй панз маягтайгаар нүүрээ тэдэнд үзүүлэх гэж бодож яваа бололтой. Тэнд ичих ноохойгоо засаж орхиод хүүхдүүдээ эргэн авна гэж бодож байж ч магад. Эхнэр Пунсалыгаа ч хог дээр орхиод л шилээ харуулах биз. Туршлага эдэнд бий” гэж бодсон байна.
Шархүү галт тэрэг, нисэх онгоцны пиу-тасалбар бичдэг газар байгаа өөрийн сүлбээний хүмүүст Сүгсээгийн овог нэрийг өгч хяналт тавин, тийм хүн тасалбар авбал өөртөө нэн яаралтай мэдэгд гэж даалгажээ. Бас нисэх буудалд ажилладаг өөрийн төлөөний ажилтан Готовтоо “Ван овогт Сүгсээ мөр буруулах бололтой мэдээ байна ...” гэж мэдэгдсэн байна. Шархүүг ингэж зохих байгууллага, хүмүүстэй холбоо барьсаны маргааш нэн чухал хоёр мэдээ сайхи хүнд зэрэг шахам ирсэн нь: нэгд, агаарын онгоцны тасалбар түгээдэг газраас “Сая манайхаас Сүгсээ гэдэг иргэн хүн өнөөдрийн суудлаар Бээжин орох пиу авлаа” гэжээ. Энэ мэдээг Шархүү авмагцаа гэрээсээ гарахаар завдан хувцаслаж байтал утас хангинан “Нисэх онгоцны буудлаас Го ярьж байна. Манай үзлэгээр Ван овогт Сүгсээ гэгчийн тээшинд гадагш гаргах хориотой зүйл үлэмж байгаа тул түүнийг түр саатуулж байна. 40 минутын дараа Бээжингийн онгоц ниснэ. Та ирж манай ажилд туслаач” хэмээн ярьсанд сайхи хүн яаран гарч, “цоохор морь” барьж унаад, Буянт-Ухаа руу үсэргэсэн байна.
Онгоц хөөрөхөд дөнгөж 8 минут дутуу байхад Шархүү гаалийн байцаагчийн тасалгаанд оржээ. Тэгэхэд “Амар байна уу?” гэж байгаа юм шиг Сүгсээ хэмээгдэгч Ван овогт энд харгалзаанд зогсож байж харагдан, Шархүүг занахын ихээр занасан нүдээр харж, огтхон ч хэнэггүй царайлан, ихэмсэг байдалтай янжуур тамхи сорон байлаа. Тэнд ахлах дэслэгч Готов байж сайхи хүнтэй гар барин уулзаад, Сүгсээгийн тээшнээс гарсан зүйлийг дэлгэн үзүүлэв. Үүнд гол нь манай хот, хөдөөгийн олон үйлдвэр аж ахуйн газруудын гэрэл зураг байв. Тэр зургууд дотор Агьтын хөндийд суулгасан Хүн чулууны гэрэл зураг хэд хэдэн хувилбараар байлаа. Бас хятад хийцийн зураг авдаг аппарат том, бага хоёр байв. Энэ бүгдийг үзэж байтал Сүгсээ ихэмсэгдүү байдлаар дуугаа өндөрлөн, шалгагч нарт хандан:
Наад юмнуудаа та нар авбал ав! Онгоц нисэх цаг болсон. Би явъя хэмээн шаардах байдлаар хэллээ. Шархүү түүний үгийг таслан:
Та битгий яар! Энэ онгоцоор та тэртээ тэргүй явахгүй гэвэл Сүгсээ хилэгнэсэн царай гарган, дуугаа улам өндөрлөж Шархүүд хандан:
Намайг энд саатуулах ёс байхгүй. Би Бээжинд хүнд өвчтэй хүн эргэхээр яаран очих ёстой хүн. Би энд саатагдах гэм хийсэн биш. Намайг одоо явуулж аль хэмээн зоримог байдлаар хэлээд шалан дээр шүлсээ хаяж байв.
Та одоо явахгүй. Таныг саатуулах юм хийсэн эсэхийг бид энд ярилцахгүй. Одоо та надтай хамт Улаанбаатарт эргэж очоод тэнд тусгайлан ярилцах болно гэж Шархүү угийн тайван зангаараа намуухан дуугарч хэлээд, тэнд байгаа утас авч:
Би Буянт-Ухаагаас ярьж байна. Эндээс хүн аваачих машин харгалзагчийн хамт түргэхэн явуулаач хэмээн хэн нэгэн албаны хүнд хэлэв.
Ван овогт баригдаж байгаагаа мэдэж царай нь хувиран, шүлсээ хаяж байснаа дороо хоёр алхаад Шархүүд хандан, биеэ тайвшруулах байдлаар:
Би таныг эртнээс мэддэг шүү. Би жаахан назгайрч байгаад хожигдлоо. Уг нь би чамайг барьж авч болох л байсан биз гэж хэлэв.
Шархүү дотроо ихэд эгдүүцэв бололтой царайгаа улайлган хувиргаж, дуугаа чангаруулан:
Чи шүлсээрээ наад шал битгий бузарла! Олон юм бүү чалч! Чи баригдсан. Чамайг Монгол улсын хууль сахиулах байгууллага барьж байна гэж хэлээд, байцаагч нарт дахин:
Энэ этгээдийн биед дахин үзлэг хий! Биед нь ямар нэгэн зэвсэг, элдэв эмийн зүйл, мөнгө төгрөг байвал хураа хэмээн тушаангуй байдлаар хэллээ. Ван овогт Сүгсээ яах ч аргагүй болсноо мэдэж биеэ нэгжүүлэхдээ амаа ангалзуулан байснаа:
Намайг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг на нар тэмдэглэлдээ бичих биз гэсэн ганц үг хэлээд уртаар санаа алдан гөлийж зогсов. Энэ хэрэгт Шархүүгийн сэтгэл хангалуун байлаа.
Цагийн зүү салхинд хийссэн шувууны өд адил хурдан өнгөрч байв. Юм бүхний хөдөлгөөн тийм байлаа. Шархүү сүүлийн үед болж өнгөрсөн, өөрөө биечлэн оролцож шалгасан хэрэг явдлуудын тайланг бичиж бас л зав муутайхан байв. Шархүүгийн гаргаж өгсөн тэр тайлан, түүний удаа дараа гаргаж харъяалах даргадаа барьсан илтгэх хуудасны дагууд хэрэгтэн Ван овогт Сүгсээгээс холбогдох албаны хүмүүс мэдүүлэг авч, байцаалт нэлээд удаан үргэлжилж байгаа боловч сайхи хэрэгтэн асуугдаж байгаа зүйлийг орооцолдуулан ийш тийш нь цацах санаагаар будлиантуулж байгаа ч гэсэн яг тулган асууж байгаа зүйлээс бултаж чадахгүй, зонхилох хэргийг хүлээж байгааг Шархүү сонсож мэдээд сэтгэл тайван байдлаар ажлаа хийж суув.
Ван овогтын мөрдөн байцаалт гурван сар үргэлжилсэн байна. Том хэрэг түүнээс ч илүү удаан үргэлжилдэг ёс бий. Түүнд хэн ч яаран гоомой шуурхайлж болохгүй билээ. Сүгсээ өөрийн авч гарах гэж байсан зүйл дотроос олдсон Агьтын хөндийд суулгасан Хүн чулууны зургийг тайлбарлахдаа:
Энэ зургийг би монгол газрын үзэмж болгон шохоорхон үзэж, аппаратынхаа чадлыг сорих гэж авсан. Тэр чулууг би мэдэхгүй, тэнд байрлуул гэж хүн явуулаагүй. Тэр надад огт хамаагүй гэж зүтгэж байгаа боловч байцаагчаас тавьсан:
Тэр чулууг чи гараагаа босгоогүй боловч, Монголд амьдардаг, эх тусдаа, эцэг нэгтэй дүүгээ тэр хэрэгт чи зарсан байна. Чи тэр хэрэгт зарцуулах хуучин ханшаар 5000 төгрөг өгсөн байна. Энэ үнэн шүү дээ. Бид чамайг гүтгээгүй байна. Тийм биз дээ гэж асуухад хэрэгтэн хаашаа ч зайлах замгүй болохоор баахан түгдэрч байснаа:
Би өршөөл гуйя. Болдог бол би өөртөө ногдох ялаа Хятад нутагт очиж эдлэх хүсэлтэй байна. Ингэж л намайг өршөөж болгоо гэжээ. Ван овогтод ямар ял оноох, хаана, яаж эдлүүлэх нь Шархүүд хамаагүй хэрэг билээ.
Байдал ийм янзтай явж байтал тэр нэг өглөө хурандаа Соном ахмад Шархүүг өрөөндөө одоохон ороод ир гэж дуудлаа. Бас нэг ноцтой шинэ хэрэг гараа юм болов уу, намайг ажилд зарах гээ биз хэмээн сайхи эр бодсоор газрын даргын тасалгаанд орж номхон зогсоод:
Хурандаа таны дуудсанаар ахмад Шархүү ирлээ гэж илтгэвэл Соном дарга сулхан инээмэр болж, чухал хэрэг ярьдаг ёсоороо зөвшөөрөл олгоод, түгдрэнгүй байдлаар:
За нөхөр Шархүү, та бид адилхан ажлаасаа халагдах боллоо. Энэ бол Засгийн газрын шийдвэр гэж мэдэгдэв.
Өө тийм үү? Яагаад халагдах болж байгаа билээ, нөхөр хурандаа? гэж Шархүүг асуувал Соном дарга бодол болон хэсэг зуур дуугүй байснаа:
Улсын аппаратыг цомхотгох, албан газруудын орон тоог цөөлөх зорилгоор Ерөнхийлөгч, Тэргүүн сайд нар тийм шийдвэр гаргаснаа сая манайд өгсөн байна. Бид дээд газраас гарч байгаа зарлиг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэх ёстой болжээ.
Бусад газрууд бас л адилхан орон тоогоо хасаж байгаа юм уу?
За лав л Улсын прокурорын газрын Ерөнхий хяналтын алба, Ардын хянан шалгах хороо тэр аяараа, Сангийн яамны шалган байцаах хэлтэс татан буугдаж байна. Өөр бусад байгууллага яаж байгааг би мэдсэнгүй гэж дарга хэлээд үгээ дуусгав. Энэ хурандаа угийн үг цөөнтэй. “Мөн алж байна шүү” гэдэг үгийг хэлэх дуртай боловч энэ удаад тэр үгээ хэлсэнгүй, уулзалт төгсөв. Нэгэнт ажлаасаа халагдсан хүмүүс юугаа ярилцах билээ?
Шархүү гүдэсхэн зантай, шийдэмгий болохыг энд өгүүлэх хэрэгцээ алга. Сайхи эр ажлынхаа тасалгаанд орж ирээд бичгийн ширээгээ уудлан, хамаг юмаа цэгцэлж улсад хэрэгтэй болов уу гэсэн бичгийн зүйлээ ялгаж хавтаслаад, бусад элдэв ноорог, тэмдэглэл зэргээ ялган устгаад ялгасан хавтаст зүйлээ байгууллагын архивт тушааж өглөө. Ингээд хэдэн цаг ажил дээрээ байсны эцэст ном дэвтрээ ширэн цүнхэнд хийж бариад гэртээ гүйж очвол бие нь суларч өвчилсөн Цэрмаа үүд тайлж өгөн, нүүр өөд нь харснаа нэгийг ажив бололтой:
Чи өнөөдөр яагаад ийм эрт ирж байгаа билээ гэж асуув.
Өвгөн нь ажлаасаа халагдаад бүрмөсөн ирлээ.
Халагдаад аа? Чи яаж орхио вэ?
Би ганцаараа биш ээ. Манай Аюулаас хамгаалахаас 200 шахам хүн ажлаасаа халагдах болж байгаа гэнэ. Би тэдний эхний хэсэгт орж ажлын үнэмлэхээ хураалгаад ирлээ гэж Шархүү цөөн үгээр учирлав.
Пөөх! Юу гээч болж байгаа нь тэр билээ гэж Цэрмаа гайхав.
Шинэ цагийн аясаар байгууллагын орон тоог цомхотгож байгаа юм гэнэ. Манайд илүүдэл хүмүүс олон байгаа бололтой. Чи бодоод үз. 200 шахам хүн илүү байжээ гэсэн яриа гэрт болж тэд энд өөр ярилцах зүйл ч байхгүйтэй адил дуугаа цөөлөн, хамтарч үдийн цай бэлтгж эхлэв. Ингэхээс ч өөр яахав дээ.
Үдийн цайнаар Сэрээнэндоржийн авгай Туяа хуучин зангаараа “хоол буудах” бодолтой Шархүүгийнд гүйгээд орж ирлээ. Тэд найрсгаар шуугилдан уулзаж, гийчин бүсгүй буйдан дээр тавлан суугаад цай ууж эхлэв. Туяа Цэрмааг хараад жаахан ажиж байснаа эзэгтэйн биеийг овоо байгаа шив. Царай чинь өнөөдөр гялалзаж байна хэмээн эзэгтэйн сэтгэлийг урамшуулан ярьж эхэллээ.
Би өнөөдөр овоо. Хоёр хоногоос ажилдаа ордог юм уу гэж бодож байна гэж Цэрмааг хэлэхэд Туяа толгой сэгсрэн:
Чи тэгэж ажилд яараад яах юм бэ? Биеэ жаахан тордохыг бодсон нь дээр биш үү? Элэг ходоодны шинжтэй өвчин чинь тордлого шаарддаг гэдэг дээ. Чи эмнэлгээс гараад удаагүй байна. Эмийн чөлөөгөө сунгуул гэв.
Уг нь тийм л дээ. Тэгэхдээ өнөөдөр Шархүү ажлаасаа халагдаж орхилоо. Манайх гэдэг айл талхны мөнгөгүй болж хүүхдүүд өлсөнө шүү дээ хэмээн Цэрмаа учирлавал Туяа шүүрс алдан гайхширч хараад:
Яагаад Шараа ажлаасаа халагдаж байгаа хэрэг вэ? Эднийх эмзэг айл даа. Ямар дутагдал гаргаж орхисон хэрэг вэ, Шархүү гэж дуу алдах шахам асуулаа.
Би ямар ч алдаа гаргаагүй. Манайх орон тоогоо цомхотгон ажилтныхаа тэн хагасаас илүүг халж байна гэж гэрийн эзэн тайлбар хэллээ. Туяа гайхшран Шархүүг харж байснаа гэр рүүгээ утасдан Сэрээнэндоржид найз чинь ажлаасаа гарчээ гэж мэдэгдэв.
Гэрт бужигнаж байтал хаалганы хонх дуугаран Туяагийн нөхөр орж ирсэн дороо нүдээ том болгон:
Чи хө! Ямар ид шидийг үзүүлэн улсын албыг орхин ирээ вэ хэмээн амар мэндийн солио ч үгүй асуув. Сэрээнэндоржийн ийм үг яриатайг мэдэхгүй хэн байх вэ?
Шархүү гийчнээ буйдан дээр суулган болсон явдлыг дэлгэн ярьж танилцуулбал, Сэрээнэндорж толгойгоо маажин бодолхийлж байснаа:
Энэ чинь сонин сайхан явдал биш дээ. Шинээр төр засгийн толгойд гарсан хэдэн амьтад юу л хийх гэж байгаа бол? Учир явдлыг нарийн тунгааж чадах ухаан балар, бараг эх оронгүй гэж болмоор шахам хэдэн амьтан хэт дураараа загнан, улсыг хөмрөн онхолдуулах арга зам хайж ч байж мэдэх вий. Тэр Ардын хянан шалгах, Прокурорын ерөнхий хяналтын алба, танай яамны дотоодын хяналт, Сангийн яамны шалган байцаах хэлтсийг татан буулгалаа гэдэг чинь өөрсдөө ямар ч хяналт шалгалт үзэхгүйгээр улсын бүх хөрөнгөөр гараа угаана гэсэн үг. Тийм санаагаар хамаг хянадаг шалгадаг төрийн аппаратыг хусан хаяж байна. Үүнд өөр учир шалтгаан эрэлтгүй, эргэлзэх явдал байж болохгүй. Чи харж байгаарай Шархүү! Эд мөд удахгүй санхүү-эдийн засгийн хамаг өөдтэй өнгөтэй бүх юмыг луйврын аргаар хувьдаа авна. Тэр их хөрөнгийг гэр бүл, хамаатан садныхаа хүмүүст хувааж өгөөд, алт мөнгийг нь гадаадын банкинд шилжүүлэн тэнд хадгалуулж, мөнхийн угж болгон сорж суух хэтийн бодолтой байгаа бий вий хэмээн унжруудуу боловч болж байгаа хэрэгт бодитой дүгнэлт өглөө. Бодоод байхад Сэрээнэндоржийн хэлж байгаа энэ үг үнэнтэй нь илт аж.
Цаадуул чинь танайхыг юу гэж арга саам хийн аппаратын тал хувиас хэтрүүлэн хүмүүсийг нь халж байгаа бол? Хүн үнэмшмээр сонин шалтаг тэд гаргаа даа гэж Сэрээнэндорж лавлан асуув.
Яахав дээ. Манайхыг “монголчууд бид дотроо бие биеэ хянан шагайж харж байна гэдэг утгаггүй. Танайх бол төрд гадаад талаас ямар занал хийж байна вэ? Түүнийг цөөн хүний хүчээр тагнан мэдэж байвал зохино” гэж буурал сайд зарлиг буулгасан бололтой хэмээн Шархүү ажил дээр байхдаа бусдаас дуулснаа хэлэв.
За тэр дээ. Дотроо сайн муу ямар ч юмыг төр харах нүдгүй таг сохор болгож байгаад тэд улсын бүх хөрөнгө юмыг хувааж идэх далд санаагаар үүнийг хийж байна. Бодвол цаадуул чинь танай аль овоо мэдлэг чадвартай, ажлын дадлага олсныг нь халаа биз. “Бирдийн нүдэнд далай харам” гэдэг ардын үг үнэн шүү гэж Сэрэнэндорж хэллээ. Цэрмаа Туяа хоёр хамжин жаахан хоол хийж ширээн дээр таваг өрлөө. Гийчин эр замдаа дэлгүүрээс авсан шилтэй цэнхэрээ гарган ширээн дээр тавив. Хоол амттай, найзын үг үнэнтэй байлаа.
Гэрт яриа үргэлжлэн Сэрээнэндорж Шархүү, Цэрмаа хоёрыг дотроо энэрэх санаа өвөрлөн байхдаа “Эдэнд би яаж туслах вэ? Цэрмаа бие муутай болсон. Сая овоо хэд хоног эмнэлэгт хэвтээд жаахан засрал олсон боловч тэнхээ муутай байгаа. Уг өвчин нь ч нэлээн ужиг, удаан эмчилгээ шаардах байдалтай гэж эмч хэлсэн гээ биз дээ. Уг нь эр нөхөртөө халамжтай, багш хүн болохоороо хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлдэг. Бусадтай эвсэг. Ер нь л хэлэх өө багатай авгай сан. Одоо сэтгэл нь нэлээд зовуурьтай болж байгаа янзтай шив. Арга ч үгүй биз дээ” хэмээн бодож сууснаа Шархүүд хандан:
Өвгөн нь одоо чамд тус болох юу хэлэх вэ? Чи зах зээлийн их шуурганд өртөж эхлэв бололтой. Энэ бол юу ч биш. Бид ч бас тэр шуурганд балбуулна. Өөр бүр их хүчтэй давлагаан ирнэ гэж бодож байх ёстой. Түүнийг давахад сэтгэлийн тэнхээ мэднэ шүү! Миний найз одоо өөрөө бардам хийж чадах ажил олж хийхгүй бол амьдрал хүндэрнэ. Бид одоо өөрөө л өөрийгөө мэдэж шийдэх ёстой болжээ. Шархүү минь юуны өмнө Цэрмаагийн биеийг тэнхрүүлэх хэрэгтэй байна. Одоо энэ багш ажилдаа орно гэдэг таарахгүй дээ. Тэгээд байдлыг жаахан ажъя. Чи бол улсад хэрэгтэй юм хийж ирсэн. Уг нь чамайг элсэнд орхисон шалз адил хаях ёсгүй баймаар. Гэвч толгой дээр гарсан ноёдод тийм сэтгэл байхгүй, тэд өөрсдөө л гэдсээ цүндийлгэж авахыг урьтал болгож яваа шинжтэй. Туяа бид хоёр та нарт чадах бүхнээрээ туслахыг чармайна ... гэж элэгсэг дотно үг хэлээд гийчид маань явахдаа та нар дутагдаж гачигдаж байгаагаа нэрэлхэлгүй бидэнд хэлж бай гэж Шархүү, Цэрмаа хоёрт сануулаад тэднийхээс гарч одлоо.

Төгсгөл

Дээсэн дөрөөн дээр дэндэгнэсэн он жилүүд

Өдөр шөнө, өвөл зун ээлжилсээр цагийг элээх нь дэндүү амархан ч юм шиг. Нэг мэдэхэд цанаар гулгаж, нэг мэдэхэд уулын тагт гарч жимс түүнэ. Нэг мэдэхэд толгойд мөнгөн сор нэмэгдэж, үрийн үрийг тэврэн бүүвэйлж сууна. Ингэж нам дороос уулын оройд гарах сан гэж амьсгаадан, өндрийн хяр дээрээс намд буух сан гэж ойчиж босон гулсана. Ингэж байх нь энэ хорвоогийн жам мөн хэдий боловч тэр ёс горимыг хүч түрэн эвдэж, эргэх тойргоос нь гаргах гэж хар хүчээрээ ухаан балрууд зүтгэх нь төр түмэнд халгаатай аж. “Гай газар дороос, гахай модон дотроос” гэдэг үг ийм бартаан дунд мэндэлсэн биз.
Төмөрийн Шархүү нэлээд хугацаагаар ажил эрэн, өдий төдий албан газрын хаалгыг онголзуулсан боловч царайгаа нааш хандуулсан нь үгүй. Энэ нь сайхи хүн түмэнд нүүрээ барснаас биш, тус улсын 600 үйлдвэр хаагдан, 400 мянган хүн ажилгүй болоод, баахан сандал суудал хураагдсаны гай гэлтэй. “Танилын хуучин нь, дээлийн шинэ нь” гэгчээр Гонгорын Сэрээнэндорж уг нь “халуун тогоонд чанагдсан, сонор сэрэмж сайтай, хараа хурц хүн” гэж үнэнийг хэлж гүйсээр байгаад Шархүүг шинжлэх ухааны нэг хүрээлэнд ээлжийн жижүүр хийдэг ажилд оруулжээ. Энэ ч том тус. Их бага нь ялгаагүй ямар ч болсон хэдэн бор төгрөг бууж ирнэ. Энэ нь өвчин эмгэгтэй хүнд эм авах үнэнд нэмэр болдог. Байдал ийм байхад Цэрмаа хүүхний бие муудан байн байн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Тэр нь ч тун төвөгтэй. Тун саяхан цэвцийн гялалзаж байсан эмнэлэгт дэр дэвсгэр, цагаан даавуугаа авч очин хэвтэх болсон. Энэ ч гайгүй хэрэг. Эмийн үнэ огцом дээшээ үсрэн уудаг, тарьдаг нь ялгаагүй 1000-3000 төгрөгнөөс доош буухгүй болов.
Цэрмаа бас цөсний чулуу авахуулах мэс засал хийлгэх болов. Хөнгөн гартай, чадварлаг мэс засалч дайралдан тэр эмчилгээг төвөг багатай хийсэн боловч хагалсан биеийг оёдог утас нэгэн төө орчим арьс оёход хүрэлцэх нь даруй 50 мянган төгрөгний үнэтэй. Энэ мөнгийг өвчтөн хувиасаа гаргана. Шархүүгийн ээж аав хэдэн мал үлдээж дүү Гончиг, Навчаа нарын гар дээр өвлүүлсэн нь түүний ариун хишиг туслаж байлаа. Энэ дүү нар ахдаа тохиолдож байгаа зовлонг хуваалцаж байв. Цэрмаагийн дүү Гэрлээ, Очирмаа хоёр ч чадах чинээгээр гар сунган сүүтэй цайгаар таслахгүй байв.
Шархүүтэй хамт ажиллаж байгаад халагдсан бусад их бага хүмүүс мөн ялгаагүй гашуун юм амсан хорвоог элээж яваа ажээ. Тэдний өчүүхэн цөөн нь зах зээлийн жам ёсоор “гахай” чирэн Эрээн хот, Эрхүү, Чита хотоор нүүрээ улайлган явж гутал хувцас, алчуур саван, оо энгэсэгний будаг нааш цааш гүйлгэн тав арван юм цуглуулж амь амьдарлаа залгуулж яваа нь баярлууштай. Зарим хэд нь ганц нэг үнээ мал авч хөдөө гараад, тэр малынхаа дэлэнг шувтарч гол зогоож яваа аж. Зарим нь тариа ногоо тарьж ургуулан ашигтай ажил хөөцөлдъе гэтэл бүх сангийн аж ахуй, саалийн ферм, тэжээлийн станцууд цөм тарж бутран, бусдыг байтугай өөрсдийнхөө ногоочин, тариачин, техникчидээ яая гэх болжээ. Харин хотын ойролцоо хэдэн ам дөрвөлжин метр газар олж аваад, түүнийгээ уллаж хагалан төмс байцаа тарьсан ганц нэг нь шарж идэх ногоотой байгаа. Хоёр мэгж аваад түүнийгээ бордсон нэг эр тогоо тослох өөхтэй болов. Бас 15 ангаахай аваад түүнийгээ бордсон нэг нь зах дээр хувин дүүрэн өндөг бариад борлуулан хөл жийрэглэх гутал худалдан аваад явж байхыг Шархүү үзлээ. Энэчилэнгээр янз бүрийн л ажил нөхөд нь хийж эхэлсэн байна. Тэдний дотор албан хаагчийн ширээний ард суусан нь хуруудаж тоолохоор гэхэд болохоор байв.
Ингэж хөдөлмөрөөрөө амьдарна гэдэг үнэхээр бахархал. Бусдын бүтээсэн зүйлийг үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв улс төр, худалдаа-эдийн засаг гэсэн том үгээр халхавчилж байгаад хууран мэхлэж, луйврын аргаар авч баяжсанаас хөлсөө асгаруулан хөдөлмөрлөж яваад олсон юмыг өмсөж эдлэхэд, идэж уухад хоолойд тээглэхгүй, сэтгэл өвтгөхгүй нь бахдалтай. Уг нь зах зээлийн харьцаа гэдэг ингэж л хүн бүр хөлс шавхан юмжихын нэр байх. Гэтэл түүнийг хялбарчлаад, улс олон нийтийн юмыг уран үг, худал инээд, шунахай сувдаг сэтгэлээр жолоодуулан, ичих нүүргүйгээр дээрэмдэн баяжиж байгаа явдал шив гэж Шархүү бодох болжээ. Бодох гэж түүнд толгойгоо гашилгаж суух ч юм байхгүй, хамаг байдал нүдэнд ил байгааг хэлэх нь илүү үг дээ.
Шархүү бие муутай гэргийгээ асрах, ажлаа залгуулах гэж зогсоо зайгүй гүйсээр байгаа билээ. Эцгийгээ энэ байдалд хаврын яргуй адил цэцгэлж яваа Алтансүх, Гансүх хоёр чадах бүхнээрээ дэмжиж буйн зэрэгцээ тэд бас гэргий аваад хүүхдийн эцэг болж ажил нэмж байгааг дараашаан үзэх учиргүй. Энэ бол байгалийн жам ёс. Тэгэхдээ бие султай ээжид нь тэр зүг санаа тавих нэг том ачаа мөрөн дээр нь буун ирж байлаа. Хоёр хүүгийнхээ эхнэр, хүүхдэд Шархүү, Цэрмаа хоёрын аль нь ч бэрхшээсэнгүй, харин тэднийхээ бүлээн амьсгаанд сэтгэлээ дулаацуулан тэвэрч байхсан гэдэг хүслэнд автаж, ач нараа хараад инээж баясдаг болов.
Амьдралын тэрэгний дугуй ингэж өнхрөн танил найз нь Шархүүгийнд ирж, орчлонгийн наад цаадыг хүүрнэлдэн ярьсаар, Цэрмааг эмнэлэгт хэвтэхэд нь түүн рүү халуун савтай цай барин гүйсээр байгаа билээ. Энэ бол хүн чанарын том шалгуурын нэг мөн байв. Энэ л журмаараа Сэрээнэндорж намрын тэр нэгэн өдөр жижиг бидон савтай айраг барьсаар Шархүүгийнд орж ирэв.
Энэ эрдэмтэн амралтаараа хөдөө гарч нэг сувилалд очиж хэд хоноод ирэх санаатай Туяатайгаа хамт яваад Шаргалжуутын рашаанд очжээ. Тэнд дөрөв хоноход нэг ч шөнө нойр авахуулан амраасангүй. Ажиглаж байхад тэр амралтын дэргэд бүр захын худалдаа нээж орхисон, архи дарсыг нэмэгдэл үнээр өглөө оройгүй, тэр байтугай шөнө үүр цайтал худалдаж байх нь хачирхалтай санагдаж гэнэ. Тэнд Улаанбаатарт бий болсон хэдэн зуун ресторан, баарнаас илүү гарахаар согтуучууд зай завсаргүй гуугалан хашгирч байлаа гэнэ. “Ямар ч их мөнгөтэй, яасан ч завтай хүмүүс тэнд очиж бөөрөнхий толгойгоо алхан толгой болгож хувиргасан байна вэ? Бид бүр залхаж гүйцээд тэндээс гарч дүүгийнхээ муу ямбий тэргээр салгалан Хужиртын их алдартай байсан сувилалд ирлээ. Тэгсэн чинь энэ амралт олонх байр байшингаа хааж хаалгыг нь дарж хадаад, хэдхэн тасалгаанд цөөхөн архичин цуглаад бас л улангасан орилолдож байна. Яахаараа улсын амралт сувиллын газрууд ингэж хогийн сав, архичны үүр болдог байна вэ? Улс орон доройтохоороо юм бүгд нь зэрэг зэрэг нурж унадаг, эзэгнэсэн хүмүүс нь галзуу чоно нохой мэт болж дампуурахын ихээр дампуурдаг байна вэ? Би гайхаад учрыг нь олохоо байлаа. Бид Хужиртаас салж наашаа ирэх замдаа газар орны байдал харж явав. Урьд хөндий болгонд түмэн мал тойрч дүнгэнэн байсан нөгөө олон моторт худаг цөм байхгүй болж, байсан буурин дээр нь цементэн эвдэрхий онгоцны сэг, ёрдойсон төмөр хоолойны хугархай л байна.
Бид замдаа ус хайж худаг байсан 9 газар очиход цөм арилж үгүй болсон байх юм. Би даанч дээ, улс орон арай ч ийм болно гэж огт бодоогүй байжээ” хэмээн Сэрээнэндорж толгойгоо барин гайхширч яриад :
Үүнийг хэн ийм болгов оо гэж эзнийг нь эрэхэд монголчууд бид өөрсдөө л өөрийнхөө юмыг ингэж баллажээ гэж бодогдон “улсын эзэн” гэгдэж бидний толгой дээр сууж байсан хэдэн балай хүмүүсийг яагаад хууль сахиулах байгууллагууд дархлан “хүндэлж” орой дээрээ залах шахам байлгаж байгаа хэрэг вэ? Энэ бол түмэн олонд жигшигдсэн хэрэг. Өмнөд Солонгосыг хар даа! Тэнд хүмүүсийг хэлмэгдүүлсэн, улсын хөрөнгийг авлигын аргаар зальт этгээдийн халаасанд хийсэн Ерөнхийлөгч байсан хоёр хүн нь хууль ёсныхоо дагуу хугацаагүйгээр гянданд хоригдон сууж байна. Солонгос манай хоёр адилхан зах зээлийн харьцаат орон биз дээ. Гэтэл өдгөө улс орныг сүйрүүлсэн ардчилал, хүний эрх, зах зээлийн журам гэдэг хуурамч үгээр баг өмсгөл хийн олонд алдаршсан этгээдүүд улайран өрсөлдөж байж “дархан эрх” олж аваад, улсаас уутлаж авсан мөнгөөрөө өөрсдөдөө орд харш байгуулан, олон улсын хилийг дамжиж давхин наадаж байна. Тэд өөрсдийнхөө нурааж замбараагүй болгосон хамаг сүйрлээ урьдах нийгмийн буруу болгон тийш нь чихэж шилжүүлэх арга олж аваад их найрагч Данзанравжаагийн хэлсэнчлэн:
“Тангараг доройн бузарыг түгээж түгээж
Таньсангүй шиг суух тэмбүүтэй ертөнц” гэдэг л болж байна даа гэж Сэрээнэндорж ярихдаа улс орныхоо балран сүйрч байгаад харамссан сэтгэлээ барьж дийлэлгүй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, царай нь янз бүр болж хувиран байлаа.
Уг нь монголчууд маань эх орноо ингэж сүйтгэмгүй сэтгэлтэй баймаарсан. Цагийн урсгал гэдэг энэ юм байх даа гэж Шархүү хэлэв.
Тийм ээ. Монголчууд эх орныхоо газар шороо, бусад бүх юманд гайхалтай их хайртай. Эртний Хүннү гүрний эзэн Модун Шанью хэлэхдээ “Хэн ч яаж ч сүрдүүлсэн сөөм ч газар битгий өг” гэж байсан, Баруун монголын хан Галдан “Бурхан гуйсан ч ямх газар өгч болохгүй” гэж хэлж байсан гэдэг дээ хэмээн хэлээд бодол болж сууснаа:
Уг нь манайх ч хүн олны маань шударга хөдөлмөрийн үр шимээр чамгүй зүйл хуримтлуулж чадаж л байсан юмсан. Одоо гудамжаар хэдэн зуугаараа гүйж яваа хөл нүцгэн хүүхдүүд, бөөн бөөнөөрөө хогийн сав ухан хатсан яс олоод мэрж байгаа хүнийг харахаар “Монгол хүн даанч ийм болж орхих гэж дээ. Би сүүлийн 50-60 жил гуйлгачин үзээгүй явсан” гэж бодохоос элэг эмтрэх шиг болох юм гэлээ.
Тэгээд бид одоо яах юм бэ гэж Шархүү асуув.
Бид яах юм бэ? Олдож байгаа ажлаа л үнэнч сэтгэлээр хийх хэрэгтэй биз дээ? Ажил хөдөлмөргүйгээр амьдрах арга алга. Эрхбиш ингэж мунгинаж яваад алсдаа зөв замаа олох шүү байгаа. Зөв зохистойгоор нь чиглүүлээд явбал ардчилал маань хэрэггүй юм биш л дээ. Манай эзэд улс орноо ардчилахаасаа урьдаар өөрсдөө халаасаа дүүргэж, их юмны эзэн болж авах гэж өрсөлдөн, улс орноо баллаж орхилоо
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 21-р)

Сэрээнэндорж хэлснээ бодолхийлэн эрүүгээ маажаад


За яахав. Харж л байя. Уг нь алт шороо хоёрыг тунгаан шигшээд ялгадагийн адил түүхийн шигшүүр хар цагаан, шударга бус байдал, нүгэл буян хоёрыг ялгаж чаддаг. Тэр бүхнийг хэмждэг хэмжүүр бас бий. Энэ бол философийн сэтгэлгээний гүнзгий ухагдахуун биш, шашны мухар сүсгээр бүтэх зүйл ч бас биш. Түүхийн бодит үнэний шалгуур гэдэг сүрхий хэмжүүр байна. Юм заавал ялгарна шүү гэж хэллээ.
Сэрээнэндорж үзэгдэл юмсыг уг үндсээр нь ухаж гарган тайлбарладаг зантай болохоор нэлээд унжруу яриатай боловч бодит үнэнд түшиглэдэг учраас хэлсэн үг нь зөв байдгийг Шархүү мэдэх билээ. Ийм яриа хоёр найз, гэр бүлийн хүмүүсийн дунд болсоор байгаа билээ.


Мөнхийн харуул-мөнхийн дурсгал

Цэрмаа хүүхний биеийн байдал хоног хоногоор сулран доройтсоор байлаа. Түүнийг эдгэрүүлэхээр гадагш дотогш нь эмчилгээнд явуулах хүч тэнхээ Шархүүд дутагдаж байв. Эмч нар үзээд янз бүрийн онош, арга хэлж байгаагийн дотор өвчин улам их ужгирч, хүндрэн газар авсан байна гэж зарим нь хэлж байв. Тэгээд эмнэлгийн хүрээнээс хаашаа зайлж гарах вэ? Хөөрхий бие нь турж эцэн, тэнхээ тамир доройтсоор байлаа. Цэрмаа тав дахь удаагаа эмнэлэгт хэвтээд бүтэн нэг сар илүү хугацаагаар янз бүрийн эм ууж, тариа хийлгэн эмч нарын зөвлөгөөнд хэд дахин орсон боловч засал авахгүй, бүр сүүлдээ орон дээрээ биеэ даагаад сууж чадахгүй, хэлэх үг нь ч цаашаа холдоод хоёр хоног тун доройтож байгаад хаврын урь орж шинэ ногооны үнэр ханхлах болсон тэр нэгэн өдөр эмнэлгийн орон дээр амьсгаа хураалаа. Чингэхэд Цэрмаагийн хоёр хүү, эр нөхөр Шархүү, олон жил үерхсэн багш бүсгүй Туяа нар байв. Бас тэр агшинд Аюуш эмч гүйж ирлээ. Болдоггүй юм болдоггүй жамтайг хэн бүхэн мэднэ.
Талийгаач булга халиу шиг уян налархай зантай, их хүмүүнлэг сэтгэлтэй, хүнийг их бага гэж ялгаварлан үздэггүй гойд сайхан бүсгүй байсан болохоор түүний хойдхыг засах ажил бүтэмжтэй болж өнгөрлөө. Сэрээнэндорж доктор тэр бүх ажлыг залж чиглүүлэн хийлгэж, эдний нэг бэр охины хамт Туяа гал тогооны ажлыг үүрч гүйцэтгэлээ. Найзын чанар ядарсан цагт гэдэг энэ биз.
Сэрээнэндорж Шархүү, түүний хүү Алтансүх, Гансүх нарыг байлцуулан:
Та минь ээ! Та нар усан нүдлээд гайхаж гиюүрсэн царай үзүүлэн явж таарахгүй. Ээж чинь та нарыг сайн сайхан хүмүүс яваасай гэж цаг үргэлжид мөрөөдөж байсан. Тэр хүсэл мөрөөдлийг нь би мэднэ. Тэгэхээр та нар ээжийнхээ тэр ариун хүслийг хангаж биелүүлэх ёстой. Энэ бол та нар ээждээ босгосон хамгийн сайхан дурсгал болно. Одоо хүн бүр шударга ёсыг сахин, хийж бүтээх ажилд бие сэтгэлээ урьдынхаас илүү дайчил! Толгойгоо бүү унжуулж яв гэж зөвлөн сургасан байна. Мэдээжээр энэ эрдэмтний үг Цэрмаа асны эр нөхөр, үр хүүхдэд ухаарал өгсөн нь гарцаагүй. Шархүү ч хал үзэж хашир суусан хүний байдлаар явах болов.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг жамтай. Бороо хур ихтэй зун болж, өвөл нь хацар наасан жавар алагласан өдрүүд ирж байлаа. Шархүү жижүүрийн ажилдаа гүйж, энэ тэрийг ажигласаар, бас хүүгийн хүүхэд ямар байна вэ гэж санаа тавин, гэрийн ажилд зүтгэж байв. Цэрмаагаас хойш энэ айлын байдал өм цөм доройтоогүй ч гэсэн юм бүхэн дээр талийгаачийн сэтгэл, гар аль аль нь дутагдаж, өөдөө өгсөхөөс уруудах нь дийлэх бэрхшээл Шархүүд тулгарч байлаа. Алтансүх, Гансүх хоёр аль аль нь нас биед хүрсэн эрчүүд боловч хүүхдийн гэнэн зангаараа байгаа нь оюутны бүх байдалд нөлөөлдөг аж. Сэрээнэндорж, Туяа хоёр тэднээс хараа салгахгүй яваа нь гайхалтай том тус болж байв. Тэд бол зах зээлийн долгион гээч юманд автаагүй, бүх хүн эвдэрч байхад тэд хүн хэвээрээ үлдсэн нь Шархүүд ажиглагдаж байлаа. Өнгөрч байгаа ахархан хугацаанд “Монголчууд ийм өөдгүй муухай амьтад гэж үү” гэхээр хүн эвдэрсэнийг хэлж баршгүй байв. Доктор Сэрээнэндорж судлаач хүнийхээ хувьд эргэн тойронд болж байгаа зүйлийг гярхай нүдээр харж яваа нь лавтай. Тэрээр Шархүүтэй уулзах болгондоо:
“Манай хүн л хамгаас илүү эвдэрч байна. Миний багад мал зодож байгаа хүнийг аав хараад “Чи яаж байна вэ? Монгол хүн байна даа. Ингэж болохгүй” гэдэг байсан. Тэгэхээр уг нь монгол хүн эрүүл саруул сайхан үзэлтэй байж шүү. Одоо чи хар л даа! Монголчуудад үйлдэхгүй бузар муухай хэрэг гэж алга боллоо” гэж гасладаг.
Докторын ингэж харуусах нь зүй байлаа. Чихэнд орж ирж байгаа юмны дийлэнхи нь хулгай, дээрэм, алаан хядаан, согтуурал, хүчирхийлэл байх болов. Тэгэхдээ төрсөн эхийгээ, эцгийгээ, үр хүүхдээ алахын муухайгаар алах, хэд гурваар нь зэрэг цуслах, хүүхдээ хөхүүлж суугаа эх хүнийг, тугалаа хөхүүлж байгаа үнээг тэр байран дээр нь хутгалан алах явдал бараг өдөр дараалан сонсогдох болжээ. Бас улаан цайм өдрийн дээрэм ихсэж, эмэгтэй хүний хуруунд байгаа бөгжийг, гартаа барьж яваа цүнхийг булааж аваад зугтаадаг үзэгдэл ердийн хэрэг болжээ. Энэ хэрэг зөвхөн Монгол улсын дэвсгэр нутаг дээр биш, хилийн чанадад бас тоогоо алдтал нь монгол хүн хийх болов. Ийм байдлыг Сэрээнэндорж ярихдаа бүр гар нь салгалаж, царай нь хувиран байгаад:
Одоо бид чинь дэлхийг ямар нүүрээрээ харах болж байна вэ? Харь оронд монголчуудыг хамгийн бүдүүлэг, малаас дор амьтад гэж үзэж байгаа биз гэж хэлдэг байлаа. Энэ докторын ингэж бачуурах нь зөв өө!
Бүх эвдрэл сүйрлийн дотроос хүний эвдрэл хамгийн аюултай, улс үндэстнийг оршин тогтноход хамгийн ихээр хор хүргэх аюултай байна. Чи бодоод үз! Барилга байшин, зам гүүр алины нь ч эвдрэлийг цагаа ирэхээр ард түмэн дор нь засна. Хүний энэ эвдрэлийг 70-80 жил ноцолдоод ч дийлж засаж чадахгүй болж байна. Яагаад гэвэл хүмүүсийн сэтгэл санаа ингэж хоосрон эвдэрч шүү дээ. Аягүй бол улс үндэстэн балран унаж байж л энэ эвдрэл арилах байх гэж хэлж байв. Докторын энэ үгийг гүнзгийрүүлэн бодож үзэхэд үнэхээр тэр аюулд хүрч зогсохоос өөр замгүй болсон мэт Шархүүд санагдаж байлаа. Хүн чулууны дотор бичиж хийсэн үзэл бодол биелэж магадгүй болж байгаа ч юм шиг.
Сайхи эр өглөө ажлаасаа бууж ирээд цай уун амрахаар буйдан дээр хэвттэл утас хангинан дуугарлаа. Шархүү босож харилцуурыг авбал нэгэн танил дуу сонсогдон, тайван байдлаар:
Шархүүтэй яръя гэж байна.
Би Шархүү байна. Та хэн бэ гэж хариу асуухад цаад хүн нь инээх ая сонсогдон аажуу дуугаар:
Чи миний дууг танихаа байгаа юу? Арга ч үгүй дээ. Би Соном байна гэж урьд хамт ажиллаж байсан газрын дарга нь дуугарлаа.
Өө, та сайн байна уу? Таны бие лагшин данги байгаа биз дээ?
Би сайн байгаа. Чиний бие сайн, хүүхдүүд чинь амгалан байгаа биз гэсэн яриа болсоны эцэст хурандаа Соном Шархүүг одоо миний ажил дээр хүрээд ирээч! Би хуучин хийж байсан ажилдаа эргэж орсон. Тэгээд Шархүү чамайг урьж байна гэж хэлээд утсаа тавилаа.
Соном дарга ажилдаа эргэж орсон гэнэ. Шинэ амьсгал орж байгаа хэрэг үү? Хурандаа надаар яах гээ юм бол? Нөгөө айхавтар Ван овогтын өдүүлсэн хэрэг зүйл дууссан байх ёстойсон. Өөр л надтай ярих зүйл гарч дээ хэмээн Шархүү ганцаараа яриад, хиргүй хувцсаа сольж өмсөн, өөд болоод хоёр жилийн нүүр үзэж байгаа гэргий асан Цэрмаагийн хананд байгаа инээмсэглэсэн дүртэй гэрэл зураг руу нулимс бүрхсэн нүдээрээ нэг харж уртаар амьсгалаад, гэрээсээ гарч Аюулаас хамгаалах байгууллага руу алхав.
Энэ байгууллагын хаалгаар орвол харуулын ахлагч тосож уулзаад гар өргөн ёсолсоноо:
Та ахмад Төмөрийн Шархүү мөн үү? Хурандаа таныг 2-р давхарт ...-р тасалгаанд хүлээж байгаа гэж ая тавилаа.
Дурьдсан тасалгаанд очвол Соном дарга хоёул сууж байснаа сайхи эрийг харсан дороо “Орооч!” гэж урин угтаж босоод гар барин мэндэлж, өмнөө байгаа сул сандалд суухыг бас урив. Юу болж байгааг Шархүү яахан мэдэх вэ?
Хурандаа ая тавин найрсаг зангаар инээж байснаа:
Нөхөр ахмад! Та одоо хаана ямар ажил хийж байгаа вэ? Нөгөө жижүүрийн албандаа сууж байна уу гэж асууснаа, бодолхийлэн хуучин зангаараа инээж:
Бид урьд хийж байсан ажлаа дахин эргүүлэн хийх болж байгаа. Цагийн аясыг дагаж энэ албыг бид залгуулах ёстой болов. Тэгээд манай ажлыг мэдэх, дадлага туршлагатай хүмүүсээ бид эргүүлэн авч ажиллуулах бодолтой байна. Энд таныг ирж хуучин ажилдаа орох болов уу гэж бид урьж байна хэмээн Шархүүд хандлаа.
Сайхи эр хэсэг зуур дуугүй бодлогоширч сууснаа:
Би ч нэлээд хоцрогдсон шүү дээ. Урьдын мэддэг юм маань өдгөө таарч тохирохоо байгаа биз. Гэхдээ таныг наашаа ир гэж байхад би гэдрэг зулрах ёсгүй. Энд тэнцээд ажилд ирвэл би чадах чинээгээрээ зүтгэх болно гэж хэлбэл, Соном яах нь энэ вэ гэмээр Шархүүг харж чангаар инээн:
Чи тун ч хашир бодож шүү. Нөгөө “Хал үзэж халуун чулуу долооно” гэдэг энэ байх даа. Хоцрогдлын тухайд гэвэл нэг бодоход хоцрогдоогүй хэн байгаа билээ. Нөгөө бодоход бид биш, бидний дээр сууж байсан зарим ноёд хоцрогдсон ч юм шиг гэж хэлээд, хэсэг зуур дуугүй байснаа:
За ахмад аа! Танай байгууллагад бид бичиг хийж таныг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавина. Та маргааш одоо хийж байгаа ажлаа хүлээлгэж өгөөд, нөгөөдөр наашаа ир дээ! Энд шинэчлэн боловсруулах дүрэм журмаас өгсүүлээд нэлээд ажил байна. Та тэр бүхэнд оролцож ажиллах болно. Бас өмнө энд байхдаа дутуу орхисон юм юу байдаг билээ. Түүнийгээ гүйцээнэ байх гэж хэлэв. Шархүү босож:
Танд баярлалаа. Би ирнэ гэж хэлээд, Сономын тасалгаанаас гарлаа.
Шархүү замд өөрийнхөө байдлыг шүүж үзвэл “Би ч хог дээр хаягдах арай болоогүй юм шив. Төр засаг намайг хэрэгтэй хүн гэж үзэж байгаа бололтой. Соном дарга маань мөсөөр хүн шиг л хүн байна. Би өндөр насны тэтгэвэрт гарах дөхөж яваа. Намайг мэргэжлийн ажлаа хийх боллоо гэхэд хүүхдүүд маань баярлах байгаа. Би ч яахав. Манай аль зориулалтын сургуульд явж сурсан, овоо ч дадлага мэргэжил олсон хүмүүсийг зориуд түүн авч ажлаас халав даа. Тэднийг эргүүлэн авбал залуу үеэ сургаж дадлагажуулахад хэрэгтэйсэн” хэмээн бодсоор гэртээ ирээд дэргэд нь байдаг бэрүүддээ энэ сониноо хэлж бас Сэрээнэндорж, Туяа хоёрт утсаар болж байгаа явдлыг дуулгалаа. Цаадуул нь хөөр хөгжөөн болон, бид хоёр танайд очиж энэ явдлыг чинь тэмдэглэнэ, хоол хийж бай гэж “тушаав”.
Ямар ч болсон дадаж мэддэг ажлаа хийх нь хэн бүхэнд урамтай байлгүй яахав. Хошууч цолоор шагнуулсан Төмөрийн Шархүү Тагнуулын Ерөнхий Газрын дүрэм журмыг өдгөө үеийн нөхцөлд тохируулж шинэчлэн боловсруулах ажилд оролцон суугаа билээ. Энэ ажлын далиманд өөр нэг зүйл бодогдсон нь сонин байлаа. Юу вэ гэвэл мэргэжлийн ажилдаа эргэн орох болсон баярт шийдвэрийг “тэмдэглэсэн” тэр орой эрдэмтэн найз Сэрээнэндоржоосоо:
Агьтын хөндийд Хүн чулуу босгож байсан Ван овогт мэт Цагаан хэрмийн чинад бодолтой хүмүүс одоо чухам юу сэтгэж явдаг бол гэж асуухад тэрбээр:
Монгол улсад түргэн шиг газар хувьчлахыг л хүлээж суугаа вий дээ гэж хэлсэн нь Шархүүгийн сэтгэлд зурсан шүдэнзний гэрэл мэт тод үлджээ. Чингээд Шархүү нар 12 жилийн өмнө Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байхдаа очиж буулган хэмх цохиж хаясан Агьтын хөндийн эхэн дээр байсан Хүн чулууны оронд өлгий эх орноо цээжээрээ хамгаалж ирсэн гайхамшигт түүхт жанжны дурсгал хөшөөг босгох нь түрэмгий бузар санаатнуудын шунахайрлыг таслан зогсоох явдал мөн гэж үзээд одоо тэр бодлоо шуурхай биелүүлэх хэрэгтэй байлаа. Шархүү энэ санаагаа сайхи найз эр Сэрээнэндоржид хэлж, чухам хэний, ямар хөшөөг Агьтад босгохоо ярилцахаар тогтсон байна.
Тухайлж хэлбэл, Монголын төрийг 1368 онд цээжээрээ хамгаалан, Бээжингээс Хархорумд залж ирэх хэргийг хошуучлан хийсэн, бас Хятадын удаа дараагийн янз бүрийн түрэмгий довтолгооныг их цэргээ удирдаж няцаан ирсэн Цагаантөмөр жанжны хүү Хөхтөмөрийн дурсгалыг тэнд босгоно гэж хэлэлцэн шийдлээ. Хөхтөмөрийн цогцсыг Хятадын шунахайран довтолсон их цэрэгтэй тэнгэр газар доргиулсан тулалдаан хийж яваад, дайсны суманд өртөн 1373 онд амь биеэ алдсан газар-Алтайн үзүүрийн Хар нохойн зоод ёс төртэй оршуулсан боловч тэр алдарт жанжны дурсгал Монгол эх орныхоо төвд боссон байх ёстой гэж эрдэмтэн Сэрээнэндоржийн саналыг үндэс болгож байгаа билээ.
Тэр доктор Шархүүд өгсөн лавлах бичигтээ “Их жанжин Хөхтөмөр нь өөрийн эцэг Цагаантөмөрийн хамт бага залуу наснаасаа эхлэн Монголын төрийг хамгаалах тэмцэлд тэргүүн эгнээнд явж бие сэтгэлээ хатуужуулсан байна. Тэрээр Монголын их Юан улсыг төрийн эсрэг хятадын босогчдоос хамгаалан гурав дөрвөн жил тасралтгүй тэмцэн тулалдаж явсаар эцэг Цагаантөмөрөө хөнөөгдөхөд түүний шарилын өмнө очиж Монголын төрийн төлөө амь биеэ зориулна гэж тангараг өргөжээ.
Тэр цагаас эхлэн Хөхтөмөр дайны гол шугаман дээр тулалдаж байсан нэгдэл ангийг тэргүүлэн дайсны эсрэг тэмцлээ үргэлжлүүлсэн байна. Ингэж их цэрэг удирдан дахин гурван жил илүү хугацаанд борви бохийлгүй тулалдсаар яваад Чжу Юанжингийн удирдсан их босогчид Монголын Тогоонтөмөр хааны засгийг Хан балгасанд (Бээжинд) бүслэхэд түүнийг хамгаалан тулалдсаар эцэст нь Монголынхоо төрийн голомтыг 1368 онд тэндээс эсэн мэнд авч гараад Өвөрлөгч нутгийн Инчан хотод авчирч түр байрлуулсан. Тэнд хааны засгийн газар хоёр жил байхад Хөхтөмөр жанжин бүх цэргийг удирдан Мин улсын дайран довтолсон их цэргийн өөдөөс тасралтгүй тулалдаан хийж байгаад 1370 онд хааны засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь умар зүг нүүлгэн Хархорумд залан авчирсан. Тухайн цагт тэр явдлыг харахад Монголын төр улс Хятадын босогчдод ялагдаж байгаа нь гутамшигтай явдал мэт байсан боловч түүхийн шалгуураар эргээд харахад Монгол түмнийхээ тавилангаар өөрийн төрөлх нутагтаа төр засгаа залан ирж байгаа монголчуудын их төөрөг байлаа. Учир нь, хэрэв Монголын төр засаг Бээжинд суугаад байсан бол аяндаа Хятадын тэр үед байсан 60-70 сая хүн дотор ширхэг элсэн чихэр хувин дүүрэн усанд шидэгдэж байгаа адил уусаад, өдгөө бүхэл бүтэн төр улс байтугай, ганц монгол хүн олдохгүй болох байсан. Ийм аугаа их үйл хэргийг өөрийн амь биеэр хамгаалан авч явсан ачит хүн Хөхтөмөр жанжин мөн учир түүний алдрыг бид үүрд өргөн мандуулж явах ёстой. Түүхийн тэр эгзэгтэй үед элдвийн урвагчид олон гарч байсан боловч тэр бүхнийг Хөхтөмөр үнэнхүү аугаа их ариун тэмцлээрээ тухайн цагт нь бут ниргэж байсан түүх бүхий билээ” хэмээн өгүүлсэн байна. Шархүү түүхийн ийм лавлагаатайгаар Агьтын хөндийд босгох шинэ хөшөөний төслийг тойм зургийн хамт хийж өөрийн удирдлагадаа өргөн барилаа. Тэр санал төслийг Соном дарга хүлээн авч баахан үзэж, энэ тэрийг асууж байснаа:
Чиний гаргаж байгаа энэ санал зөвшөөрөгдвөл хэн үүнийг хийх юм бэ? Төсөв зардал нь хаанаас гарах хэрэг вэ хэмээн асуулаа. Сайхи хошуучид түүний хариуг урьд нь бодогдож байсан учир:
Төсөв зардлыг улсаас гаргах биз. Уг хөшөөг Улсын гавъяат барималчин, чулуучин Зул урлан хийх болно хэмээн хариу хэллээ.
Таг чимээгүй хагас жил боллоо. Сайхи эр удирдлагаасаа өгч байгаа янз бүрийн даалгаварт ажлыг хийсээр л байв. Тэгтэл хоёр зууны зааг болж байгаа тэр хавар аанай Соном дарга Шархүүг дуудаж уулзаад:
Чиний саналыг дээд газраас зөвшөөрсөн хариу бидэнд ирлээ. Тэр хөшөөг барьж босгоход Хилийн цэргийн удирдах газар оролцон, бидний хамт хийх болно. Тэр ажлаа чи дагнаж хөөцөлдөн тэр хөшөөг босго гэж тушаах байдлаар хурандаа хэлсэнд Шархүү тоймгүй баярлан гарч, тэр дороо Сэрээнэндоржид утсаар хэлээд чулуучин Зулыг олж уулзахаар явлаа. Сайхи эрийн сэтгэл бадрангуй байв.
Шархүү чулууны мастер эрийг Сансар хорооллоос олж гэрт нь орж уулзвал ясархаг өндөр нуруутай, туранхай хөхөлбөр царайтай тэр эр урьдын танил хүнийхээ үгийг сонсон, чулуунд элж хуурайшсан урт хуруутай гараараа мөнгөн сор суусан толгойгоо илэн бодол болж сууснаа:
Хөшөөний төсөл зургийг авч үзээд:
Үүнийг би хийж дөнгөх байх. Өндрөөрөө хоёр хагас метр, өргөн нь бүтэн хагас метр гэдэг чинь нэлээн том хөшөө болно. Суурийг нь газар нэлээн ухаж суулгаад, газар дээрээ нэг метр байхад болох биз. Тэр суурь аль аль талаараа уг хөшөөнөөсөө 20 см илүү байлгах нь зүйтэй биз. За хийх чулуугаа олох ёстой байна. Янз бүрийн сайхан чулуу ч манайд бий дээ. Газар дор далд байгаа чулууг ухаад авч хийхэд арай зөөлөн, цохиход хагардаггүй юм даа гэж хэллээ.
Хилийн цэргийн удирдах газраас нэг офицер, “Газ-69” машин гарган өгч, Зул, Шархүү нарын хамт чулууны эрэлд гарав. Зул нь түрийвчиндээ байгаа мөнгө адил хаана ямар газарт, ямар чулуу байгааг мэддэг нь гайхалтай. Тэд шулуун давхиад Цайдамын нуруунд очиж хэдэн жалга дамжин яваад хэсэг цохион дотор жаахан бэдэрсэнээ Зул хүрзээр газар сэндийлэн ухаж үзээд хүрэн боржин хадан дээр хөх цэнхэр боржингоор уг хөшөөг хийх нь зохимжтой баймаар санагдаж байна. Эндээс тийм чулууг авна. Болох уу гэсэнд хамт яваа хүмүүст нь Зулын энэ саналыг өөрчлөх арга алга.
За та нар надад энд газар ухаж чулуу авах хоёр, гурван хүн, нэг өргүүр цамхаг, том ачааны машин шаардлагатай цагт гаргаж өгөх биз. Уг хөшөөг илүү хад чулуу тээж явахгүйн тулд энд нь цохиж хийнэ. Надад нэг майхан, хань болох нэг хүн ирэх 7 хоногт гаргаж өг! Би энд ирж суугаад тэр ажлаа хийнэ. Уг нь манайд янз бүрийн сайхан чулуу бий. Маш их өлзийтэй эрдэнийн том чулуу ч бий. Боржин бол сайн чулуу. Би тэр хөшөөг эх орныхоо сайхан боржинг засаж янзлаад хийе гэсэн санал Зул хэллээ. Олон таван үггүй тэр саналыг дээд газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд хүлээж авахаас өөр яах юм бэ? Ингээд эрэл бас дуусаж, хүмүүс уг ажилдаа шамдан орохоор шийдэн, нийслэлд эргэн ирсэн байна.
Хоёр гурван сар өнгөрч, газрын өнгөнд янз бүрийн цэцэг дэлгэрсэн тэр нэг өдөр Агьтын хөндийн эхэн дээр хөшөө чулууг ёс төгөлдөр босгох болов. Нутгийн хүмүүс тэр шуугианаар энд айраг, идээ ганзгалан ирж бөөгнөрөн, нэг асар, хоёр майхан босголоо. Зуу их гаруй хүн цугларчээ. Төвөөс хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирсэн байв. Хүмүүс аяндаа цөөвтөр хурдан морь уралдуулан, бөх барилдана гэж сум, багийн засаг дарга нар тэр дуулианаар бэлтгэсэн аж. Энэ хэрэгт Шархүүгийн дүү Гончиг, Навчаа нар хөл болон давхиж зар тараан пижигнүүлэхдээ:
Манай ах энэ ажлыг санаачлан эхлүүлсэн. Бид мэднэ ээ. Эндээс мөөг түүн, Цэрмаа эгчтэй хамт хээр гал түлж тэр мөөгөө шаран идэж байхдаа энэ хөндийн эхэн дээр юу хийхээ ах Шархүү анхлан бодож олсон. Түүнийг нь бид мэднэ гэж уг ажлын үүслийг ярьж байв. Түүнд худал юм алга.
Хүмүүс хөөр хөгжөөнтэйгээр тойрон ирж зогслоо. Тэнд хилийн цэргийн ерөнхий захирагч, Тагнуулын Ерөнхий Газрын дэд дарга, хурандаа Соном, Засгийн газрын төлөөний түшмэд, аймаг сум, багийн засаг дарга нар байлцлаа.
Төр улсаа үүрд хамгаалан ирсэн эх орончдын дурсгалыг мөнхжүүлэн тэдний сүр хүчийг өндөрт өргөн хөгжүүлж байна. Энэ бол манай өлгий эх оронд өнгөлзөгчдөд хариу цохилт болно гэсэн утгатай үгийг дарга нар хэлж байв.
Түүх түүхээрээ байдаг. Түүнийг хэн ч эргэн онхолдуулж чадахгүй. Төрийн тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан эрэлхэг зоригт хүмүүсээ ингэж эх орныхоо халуун элгэн дээр хүндэлсэн дурсгалыг сүндэрлүүлж байх нь манай эх орны нэр төр. Энэ бол асар олон эх орончийг төлөөлж байна гэж түүхч Сэрээнэндорж тэмдэглэн хэллээ.
Хурандаа Соном хэлсэн үгэндээ “Эл ариун сайхан хэргийг энэ нутгийн хүү, хошууч Төмөрийн Шархүү санаачилсан. Энэ бол эх орон, монгол үндэстэндээ хязгааргүй хайртайн илрэл мөн” гэж цохон тэмдэглэж байв.
Хөшөөг босгоход төрийн далбааны өнгөтэй том даавуун бүтээлгийг сөхөн авч нээхэд гуулин хөгжимд төрийн дуулал, баярын марш эгшиглэн ёс хийж, алга нижигнэн байлаа. Хүү, хүүхэд нь эх орныхоо хэрэгт амь биеэ өгсөн хүмүүсийн ар гэрийнхэн нүднээсээ нулимс унаган, тэднийгээ дурсаж байв. Ёслолын гоё хувцасаа өмссөн сургуулийн хүүхдүүд гүйлдэн цэцгийн баглаа хөшөөнд тавьж өргөлөө. Энэ төгөлдөр сайхан явдлын төвд наранд гялалзаж байгаа сүрлэг боржин хөшөөний нүүрэн дээр толь адил гялалзах талбай дээр “Аугаа их эх оронч, их жанжин Цагаантөмөрийн Хөхтөмөр төр улсаа хамгаалан мөнхийн харуулд зогсож байна!” гэсэн үсэг тодрон харагдана. Тэр үгний цаад арын дэвсгэр дээр нум саадаг огшсон, бүлэрхэг том биетэй ханхар эр алсыг саравчлан ширтэн харж байгаа дүрс бас тодрон харагдах нь бүхнээс илүү олны нүдийг булаана.
Хөшөөг нээх ёслолын ажиллагаа дуусаж Хөхтөмөрт айраг, цагаан идээний дээжийг өргөн гийчид асарт суудал барьж, хүүхдүүд, хүүхнүүд аяга дүүрэн цэлэлзүүлсэн айраг зочдод өргөн барьж,
Эрийн гурван наадам эхлэлээ гэж Сумын засаг дарга зарлалаа. Бүх хүн хөгжөөнтэй байна. “Хайрт Цэрмаа минь амьд сэрүүн байгаасан бол энд ирээд, олныхоо хамт талын цэцэг адил гунхан явж байгаа даа” хэмээн Шархүү бодон нулимс унагаав. Түүний найз Туяа энд тэнд айраг аягалан завгүй ажиллан байж харагдлаа. Хурсан олны дээгүүр ой хээрийн шувуухайд энд байгаа хүмүүсийн адил хөөрөн баяссан мэт цэлмэг огторгуйд дүүлэн нисэж наадах нь нүд баясгах төдийгүй, эх орны гэгээн огторгуй нэн амгалан тайван байгааг түмэнд илэрхийлж байв.


Төгсөв.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: