Friday, October 24, 2008

СОЁМБО ҮСЭГ МОНГОЛЧУУДАД ИВЭЭЛЭЭ ӨГӨӨГҮЙ

Монгол Улс төрийн сүлдээ өөрчилөхөөр болж, xоёр хувилбар тунаж үлдсэн гэнэ.
Хувилбар-1 нь тэргүүндээ номын алтан хүрдэнтэй, түмэннаст хээн дугариг хүрээн дунд төрийн их цагаан тугаар дэвсгэрлэсэн алтан соёмботой, цагаан бадам цэцгэн суурьтай аж.
Хувилбар-2 нь хөх могой гартаа тэлж, таван сум савартаа атгасан, элгэндээ цагаан бадам цэцгэн суурьтай соёмбо бүхий хангарьд шувуу гэнэ.


“Нэг их өөрчлөх бодолгүй байгаа” эдгээр хувилбар нь Монголын төрт ёсны билэгдэл, уламжлалын үүднээс авч үзвэл андуу эндүү ихтэй болсoн. Эн тэргүүнд хэлэх зүйл гэвэл хоёр хувилбарын аль аль нь шарын шашин, төрийн билэгдэл хоёрыг хольж хутгасан бантан болжээ. Ерөөс төрийн цагаан тугийг хасчихвал тэр чигээрээ шашины утга агуулагатай дүрс билэгдэл болчихож байгаа нь гайхалтай. Ийн өгүүлснийхээ учрыг тайлъя.

Хангарьд гэж юу вэ

“Хангарьд шувууг монголчууд Хүннүгийн үеэс шүтэж ирсэн бөгөөд үлгэр домогийн шувуу юм” гэж дээр дурдсан шинэ сүлдний хоёр хувилбарийн тухай мэдээнд өгүүлжээ. Энэхүү Хангарьд нь гэм хорын хөх могойн амийг булаан хоёр мутартаа тэлсэн гэнэ. Хачин юм даа. Хангарьд бол Азийн олон оронд түгэн тархсан үлгэр домогт гардаг шувуу бөгөөд “Гариду” гэдэг өөрөө саскрит үг. Монголчууд хангарьдыг төрийн шүтээн болгож байсан удаагүй.

Харин их хүрээг тойрсон дөрвөн хайрханыг шарын шашны уламжлалаар тахиж эхлэхдээ Богд хан уулын эзэн шүтээн нь хангарьд шувуу хэмээсэн түүхтэй, Гэхдээ нь бол Монголын нийслэл нүүн суурьшсан дараа үед хамаарах хожимын түүх. Хангарьдад хамаатуулах гээд байгаа Хүннү гүрэн маань алтан шонхор сүлдтэй, луу шүтээнтэй байсан нь нэгэнт нотлогдсон түүхэн үнэн.
Манай тооллын эхэн үед хамаатай нэгэн чухал олдвор Далан хар уулнаас гарсан нь Хүннүгийн хааны, дээрээ алтан шонхор бүхий алтан титэм билээ.Энэ титэм өдгөө Өвөр Монголын өөртөө засах орны үндэсний түүхийн мүзейн хамгийн үнэт олдвор гэгдэж буйг мэдэх хүн даан ч олон. Үүнээс хойш 500 орчим жил улираан үзвэл их Нирун улсын хаан алтан шонхор шүтээнтэй байв. Үүнээс дахиад хэдэн зууныг улираахаар Их Монгол Улс шонхорыг шүтсээр иржээ.

Гэтэл өнөө цагийн мэргэд шонхор бол домгийн шувуу биш, сэг зэм нь энд тэнд үзэгддэг тул төрийн сүлд болгож болохгүй гэж онолдож байх юм. Шонхор бол зөвхөн боржгоны шүтээн тул төрийн сүлд болгох нь зохисгүй гэж зарим нь үзсэн гэнэ. Дахиад л эндүүрэл. Энэ бол боржгоны шүтээн биш, хаан угсааны шүтээн, төрийн эзний шүтээн. Тийм ч учраас Хүннү, Нируны үед ч төрийн шүтээн байсан. Ийм түүхтэй шүтээнээ харь гарлын хийсвэр сэтгэлгээний хангарьдаар орлуулах нь сайны ёр биш ээ.
Хангарьд маань гэм хорын хөх могойн амийг булаан хоёр гартаа тэлсэн байх юм гэнэ. Хөх инээд минь хүрч байна.Угаасаа шарын шашны бодлого сурталаар бүтээгдсэн билэгдлээс санаа авсан тул тийн бүтээж л дээ. Монголчууд могойг лусын амьтан гэдэг. Бөө мөргөл, тэнгэр шүтлэгт могой чухал байр суурьтай.

Тэгэхээр бөө шүтэгч монголчуудыг шарын шашинд оруулж алгандаа базахын тулд ийнхүү амь могойг нь хангарьдын саварт базуулсан ёр билэгдэлийн дүрсээр Богд хан уулын эзэн савдгийг дүрсэлсэн байдаг нь явсаар байгаад төрийн сүлд болж залрах нь дээ. Гэм хорын хөх могой гэснээс үүдээд Монгол төрийн өнгөний билэгдлийн тухай бас өгүүлэхгүй байж чадаггүй нь.
Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг өнгөний нэг нь хөх. Хөх Монгол, хөх туг, хөх тэнгэр, хөх толбо ийнхүү ариун нандин тэнгэр усны өнгө гэж билэгдэн нандигнадаг хөх өнгө маань яахаараа гэм хорын хөх өнгө болчихдог байна аа? Эсвэл тэнгэр шүтлэгт хөх Монголын амийг нь таслахын билэгдэл үү? Төрт ёсонд өнгөний билэгдэл нэн чухал байсан эрхэм уламжлал хаачив? Манжийн төр монголчуудын эрчийг нь сааруулах гэж эрээн алаг дээл өмсгөж, эрдмийг нь юүлэх гэж этгээд өд, малгайд нь чулуу шигтгэж, омгийг нь барих гэж омрууг нь товчилж, гарыг нь хүлэх гэж нудрага зүүлгэж, төөргийг нь төөрүүлэх гэж цаг тооны бичгийг нь өөрчилсөн гэдэг.

Тэгэхдээ өнгөний билэгдэлийг нь эн тэргүүнд анхаарч өмсдөг хувцасыг нь эрээн цоохор болгосон түүхтэй. Гэтэл манай мэргэд лус савдагийг мөнх тэнгэртэй холбодог элч гэж тэнгэр шүтлэгтнүүд үздэг могойг хангарьдын саварт тас базуулж буйгаар тэгэхдээ бүр хөх өнгөтэйгээр дүрсэлж сүлдлэх гэнэ дээ. Уг нь тэнгэр, усны билэгдэл хөх, нар галын билэгдэл улаан,ургаж төлжихийн билэгдэл ногоон өнгийг дээдэлж,энэ гуравыг хувь тэнцүүлэхэд гардаг цагаан өнгийг бүр дээдийн дээд гэж үздэг ард түмэн юм сан.

Соёмбо гэж юу вэ

Хоёр хувилбарын аль алинд нь соёмбо оруулжээ. Аль алинд нь тэргүүүн зэрэгт тавьсаныг үзвэл ихэд чухалчилж байх шиг. Гэтэл соёмбо гэдэг маань юусан билээ? Түүнийг сөхөөд үзье. Их эзэн Чингисийн үед, эртний дээдэс Хүннү, Сүмбийн үед соёмбо төрийн гол шүтээн байсан уу? Үгүй, энэ бол хамаагүй хожим харийн шашинаар дамжин орж ирсэн зүйл. Чингис хааныг тэнгэрт хальснаас 351 жилийн дараа Түмэдийн Алтан хан Төвдээс нэгэн хутагтыг залан авчирч далай лам цол шагнан, шашинд нь дагаар орсон байдаг.
Энэ нь Энэтхэг орноос гаралтай, Төвдийн шар малгайтны шашины төлөөлөгч байсан бөгөөд үүнээс өмнө харийн шашиныг төртэй хослох оролддогыг Аригбөхөөс хаан ширээг хууль бусаар булаан авсан Хубилай хийж, Пагва ламыг Дайду (Бээжинд)-д урин “Хос ёс” гээчийг хэрэгжүүлсэн нь Юан гүрний мөхлийг далласан түүхтэй.

Соёмбын тухайд тодруулан өгүүлэх юм бол XҮII зуунд төр шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн хос ёсны тэргүүн, анхдугаар богд Занабазар түүнийг зохиосон гэдэг. Энэ үсэг нь “өөрөө тодорсон” гэсэн утгатай соёмбу зояди хэмээх энэтхэг үгээр нэршсэн гэдгийг судлаачид нотолдог. Өндөр гэгээний соёмбо үсэг нь Энэтхэгийн ланз үсгээс сэдэлтэй бөгөөд цагаан толгойн эхний титэм үсэг, зохиолчийн өөрийнх нь мутрын тэмдэг төдий билээ. Тэрбээр энэхүү соёмбо үсгийг бүтээснээсээ хойш ердөө ганцхан жилийн дараа Манжид дагаар орж монголчуудын 200 жилийн доройтолын түүх эхэлсэн.
1911 онд Манжийн дарлалаас сая нэг чөлөөлөгдсөн монголчууд төр улсаа сэргээж төвхнүүлэхдээ соёмбыг төрийн сүлд болгож улсын туг, далбаа, тамгандаа хэрэглэжээ. ҮIII Богдыг шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжилж өөрөөр хэлбэл, мөнөөх хос ёсны уламжилалыг сэргээхдээ соёмбыг ийнхүү залсан гэдэг. “Соёмбу Э Бам”үсэг энэ удаа ч монголчуудад ивээлээ өгсөнгүй.
Монголчууд соёмбыг төрийн бэлгэ тэмдэг болгосноос хойш 82 жил өнгөрчээ. Соёмбын тайлбарлал нь монголчууд бидэнд бэлгэдэлтэй сайхан санагддаг бөгөөд түүний учир утганд хэн ч эргэлздэггүй билээ. Харин соёмбын зарим дүрс ямар учир утгатай, хаанаас үүсэлтэй болохыг тайлбарлан бичсэн зүйл манайд маш ховор тохиолдоно. Yнэндээ соёмбын дүрсүүдийн үүсэл, утга учир нь ихээхэн сонирхолтой юм.

Соёмбын голд байдаг, бидний эх орноо нүд цавчилгүй хамгаалж байгаа эр, эм хоёр загас гэж тайлбарладаг дүрсийг дэлхий нийтэд янь инь-ий тэмдэг гэж нэрлэдэг юм байна. Энэ тэмдэг нь Хятадад Күнзийн сургаальтай бараг нэгэн зэрэг үүссэн Даогийн сургаалийн бэлгэ тэмдэг юм байна. Даосизмд хүчтэй, хүчгүй, халуун хүйтэн, өдөр, шөнө, өмнөд, хойд, эр ба эмийн нэгдлийг энэ тэмдгээр дүрсэлдэг ажээ.
Бурхны шашинд Мянган бурхны тамга хэмээх ариун дүрсийг дээдлэн шүтдэгийг манай сүсэгтэн олон сайн мэднэ. Тамгын төв хэсэгт бидний сайн мэдэх соёмбын дүрсүүд байна. Бурхны номын ёсоор бол Мянган бурхны тамгын ач тус нь цаглашгүй их ажээ. Түүнийг зүүсэн хүн хойд төрөлд одох цагт сайн цагийн мянган бурхад угтан заларч, сайн заяаны оронд хүргэдэг юм байна. Соёмбо тэмдгийг Өндөр гэгээн өөрийнхөө соёмбо үсгийг зохиохдоо анх бүтээжээ. Соёмбо нь хоёр янз ба байдаг үүгээр эхлэл төгсгөлийг заадаг аж. Энэ хоёр тэмдгийн эхнийхэд нь янь инь-ий тэмдгийг ба нарыг хүрээгээр дүрсэлсэн байхад дараагийнхад нь дүүргэж будсанаараа ялгагдана. Гадаадын нэртэй нэвтэрхий толинуудаас үзэхэд эхний тэмдэг нь ямар нэгэн бичиг судрын эхлэл, хоёрдахь нь төгсгөлийг заадаг хэмээн тайлбарлажээ. Гэтэл 1992 оны Yндсэн хуулийг батлах хэлэлцүүлэг дээр гишүүд зурагтаар хоёрдахь тэмдгийг нь аливаа бичгийн эхлэлийг заадаг гэж ярьж байсан нь санагдана.

Xэрэв Өндөр гэгээн манай одоогийн сүлдийг харвал баярлахаасаа илүү гайхах байх. Учир нь Монголын төрийн сүлд, далбаа хоёрын аль алин дээр нь өөрийнх нь зохиосон цагаан толгойн “төгсөв” гэсэн тэмдэг байж байдаг. Чухам юу төгсөж байгаа хэрэг вэ. Төрийн бэлгэ тэмдэг нь Монголын өнө мөнхийн билэгдэл баймаар. гадаадын судлаачид ташаарсан хэрэг, манай сүлдэн дээр “эхлэв” гэсэн тэмдэг байгаа юм гэж маргах хүн гарч болох юм. Тэгвэл юу эхэлж байгаа хэрэг вэ. Чингисийн Монголын өмнөх түүх хэрэггүй гэсэн үг үү. Эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа дараагийн үг өгүүлбэрүүд нь сүлдэн дээр бичигдэх юм болов уу гэсэн асуудлууд гарч ирж байна.

Бадам цэцэг гэж юу вэ

Бадмалянхуа гэдэг нь угтаа харь хэлний үг. Бадмаа нь угтаа түвэд, Лянхуа нь хятад үг. Тэгээд ч 12 дэлбээтэй Бадамлянхуаг буддын шашинд л түгээмэл хэрэглэдэг болохоос Монголын төрд даанч хүртээлгүй. Шашин төрийг хослон баригч, өөрөөр хэлбэл, хос ёсны төрийг эрхэмлэгч I,ҮIII богдын үед бадамлянхуа төрийн сүлдэнд ороод ирвэл ойлгож болохсон. Гэтэл энэ чинь хэддүгээр зуун билээ, бид чинь ямар орон билээ?


No comments:

: