Friday, October 24, 2008

МОНГОЛ БОЛ БØØ МØРГØЛТЭЙ БАЙСАН АРД ТVМЭН.

МОНГОЛ БОЛ БӨӨ МӨРГӨЛТЭЙ БАЙСАН АРД ТҮМЭН. ШАРЫН ШАШИН ОРЖ ИРЭЭД АР ХАЛХАД БАЙСАН БӨӨНҮҮДИЙГ ХЯДСАН ШҮҮ ДЭЭ. ТИЙМ УЧРААС ХАЛХАД НЭГ Ч БӨӨ БАЙХГҮЙ.

ДОКТОР, ПРОФЕССОР С.ИШБАЛЖИР


Гавьяат багш Самбуугийн ИШБАЛЖИРЫГ урьж ярилцлаа. Тэрээр Монголын түүхийг сонирхон суралцдаг бөгөөд Монголын Инженэрийн Академийн гишүүн, ШУТИСийн хүндэт профессор, техниоийн ухааны хүндэт доктор хүн юм. Бусармаг зүйлүүдийг хараад зүрх өвддөг гэж ярих багшийн ярианд анхаарлаа хандуулъя.

-Та техникийн ухааны доктор. Тийм байтал түүхээр бас докторын анзаанд мэргэшсэн хүн гэж сонслоо?
-Энэ асуултыг олон хүн гайхсан маягаар тавьдаг. Өөрийнхөө нарийн мэргэжлээс өөр юм мэдэхгүй бол тэр мэргэжлээ мэдэхгүй байна гэсэн үг. Ямар ч хүн тархи нь хэвийн ажиллагаатай л бол өөр олон зүйлийг судалж мэдэж чадна. Түүхээ мэдэхгүй бол ойн сармагчинтай адил гэдэг биз дээ. Арван жилийн сургуульд байхаас багш нар түүхээ мэдэж төрлөө танихийн учир утгыг ухуулж өгсөн.
-Таныхаар монголын түүхийн хамгийн онцлог үе юу байна. Аль үе нь ?
-Монголын түүхийг VIII зуунаас авч үзэх хэрэгтэй гэж боддог. Энэ цагийн онцлог нь монгол гэдэг угсаатан бүрэлдэн бий болсонд байгаа юм. Уйгар, Түрэгийн дайны үед л болсон шиг байгаа юм. Дараагийн чухал үе нь иргэний дайнаар бий болсон овгийн байгуулал иргэний дайн гэдэг нийгмийн нэг тогтолцоог нөгөө тогтолцоогоор халсан үндэстний дотоод хямрал шүү дээ. Тэгэхээр XIII зууны эхэн үеийг бол тархай бутархай юмыг нийлүүлсэн гэж түүхчид бичээд байна.
-Үгүй гэж үү ?
-Би туйлын зөв гэж үздэггүй. XII зууны сүүлд монгол нутаг байсан овгийн байгуулал хямралд орсон. Тухайн үед цөөхөн хүнийг ард түмэн дээшлүүлдэг нь хууль шүү дээ. Тэр хямралыг иргэний дайнаар шийдсэн.
-Иргэний дайн гэж үү?
-Би л тэгэж нэрлээд байгаа юм. Үндэстэн хоорондоо тэмцэхийг л хэлээд байгаа юм шүү дээ. Сайхан юм биш ч гэсэн түүхийн дуудлагаар ганц монголд ч биш 1861 онд АНУ-д Аврам Линкольн Ерөнхийлөгч болсон. Тэр үед эзэн боолын нийгмээр гарч л байсан. АНУ ардчиллын 200 жилийн уламжлалтай гэдэг нь худлаа. 1860 онд боол байж байхад чинь тэнд ямар юмных нь ардчилал байх юм бэ. Оросын Октябрийн хувьсгал ч иргэний дайн байсан шүү дээ. XII зууны эхэнд Монголд иргэний дайн болж эцэст нь 1206 онд Монголын тулгар төрийг байгуулсан түүхтэй.
-XIII зууны үед монголчуудын сэтгэхүй хийгээд тархины хөгжил одоогийнхтой харьцуулбал ямархуу байсан байх вэ?
- Харьцангуй ойлголт л доо Миний сэтгэлийг зовоодог бас сонирхол татдаг нэг асуудал байдаг. XIII зуун түүнээс өмнө монголчууд янз бүрийн тэрэг хийдэг байхгүй юу. Хааны ордон ч тэргэн дээр явж байдаг. Тэр тэргийг хийхэд янз бүрийн ширэм, металлыг ашигласан маш боловсронгуй эд байхгүй юу, тэр чинь. Өүлэн эхийн тэжээсэн дөрвөн өргөмөл хүүгийн нэг Борхулыг Хорь түмэндийг байлдан дагуулахаар явуулсан байдаг. Хэрэм байхгүй учраас харвалдаж алуулсан. Ингээд ойн иргэдийг дагуулахаар Сүбээдэй баатарыг явуулсан байдаг юм. Тэгэхэд төмөр тэрэгтэй явуулсан *Нууц товчоо*-нд бий. Хэн ч харин тэр төмөр тэргийг нь тайлбарлахгүй байгаа юм. Одоо бодоход бол танкны маягтай юм байж.
-Арай ч танк биш. Яг ямар тэрэг гэж та бодож байна?
-Морин тэрэг байсан. Хуяг өмсөөд, тэрэг дээрээ сум нэвтрэхгүй төмрөөр хамгаалалт хийгээд түүн дээрээ суугаад явж байлдаж ялсан. Нэг үгээр хэлбэл анхны танкийн хэлбэр гэж үзээд байгаа юм.
-Өөр ямар зэвсгийн эх хувилбар байна?
-Дүүгүүр байна. Жирийн дүүгүүрийг жаахан механикжуулаад жижиг дүүгүүр гэдгийг хийсэн байгаа юм. Морины сүүлийг эрчлээд чулуугаа хийгээд татаад тавихаар илүү хол, хүчтэй тусдаг нь дэвшил болсон. Энэ нь түүхэн зурэгт ч байгаа.
-Арай ч механик дүүгүүр биш юм шиг санагдлаа ?
-Яг ийм дүүгүүр тавыг нэг дор байрлуулаад байгаа зураг олж үзсэн. Нэг үгээр хэлбэл дөрвөн их буу нэг дор зоосон шиг байгаа биз. Оросын 16 сумаар зэрэг бууддаг *Катюша* бууг XIII зуунд монголчууд хийчихсэн л байхгүй юу. Ялангуяа цэрэг дайны техникийн сэтгэлгээ хаана ч байхгүй өндөр төвшинд хүрсэн байсан, тэр үед.
-Тэр өндөр хөгжсөн техник сэтгэлгээ хэдийд биднээс алга болчихов ?
-Монголчууд өөрийн хөрш зэргэлдээ улсуудаа их түйвээн өдөөсөн. Америкийн нэвтэрхий толь дээр Хоёр дахь мянган жилийн хамгийн эмгэнэлт явдал нь XIII зуунд монголчууд хойд Хятадын 30 сая хүнийг хүйс тэмтэрсэн гэж бичсэн байгаа. Тэнд Манжуур, Зүрчид Сүн Тангад орж байгаа юм.
-Гучин сая хүнийг хүйс тэмтэрсний хор уршиг гэж хэлэх гэж байна уу?
-Тэр чинь заавал гарч ирэх ёстой байхгүй юу. Үйлийн үр гэж бий. Ямар нэгэн юм хоёр янзын үр дагавартай. Сайн муу гэж XIII зууны энэ байлдан дагуулалт хойноосоо бас тэр хэмжээний сөрөг үр дагавар дагуулж л явна. Энэ нь хойчдоо гамшигтайгаар нөлөөлсөн түүхтэй. Монголчууд Хархорум хотыг байгуулж металл хайлах зуухтай, техникийн дэвшилттэй болж ирсэн. Хятадууд харин Монголыг нийслэлтэй байж болохгүй гээд 1380 онд наашаа дайрсан. Энэ бол түүхийн хар он Сүн улс 150,000 цэргээр Монгол руу дайрахад манай цэргийн тоо цөөхөн байсан. Монголчуудын танкийг судалсны үндсэн дээр Хар хорумыг түйвээчихээд буцаад Цагаан хэрмийнхээ цаана орчихсон юм. Түвд Тангад хоёр чинь нэг шашинтэй зан заншилтэй улс. Тэгээд түвдүүд ах дүүсийнхээ өшөөг авахаар маш хүчтэй сургаалтай буддын гүн ухааны номлол дээр тулгуурласан шарын шашныг дэлгэрүүлсэн.
-Буддын шашныг Монголын устгахад зориулж оруулж ирсэн гэх гээд байна уу?
-Яг тийм, Сургааль нь буддын гүн ухаан ч Монголд таарсан хувилбартай байсан.
-Ямар хувилбар гэж?
-Хөдөлмөр хийгээд хэрэггүй, Бурханд залбир мааниа унш диваажинд төрөхийг бод гэж. Ерөөсөө хүн хөдөлмөр хийхээ боливол тархи ажилгүй болдог шүү дээ. Биеэ угааж болохгүй хувцсаа ч угааж болохгүй. Хуучин хувцсаа нөхөж өмс гэж байсан. Бөөсөө ч алж чадахаа байсан. Бас галд муухай юм оруулж болохгүй гэсэн. Уг нь галаар бүгдийг ариутгадаг байхгүй юу. Дээр үед гаднын хүн орж ирэхэд хааны ордны хоёр талд түүдэг асааж тэр дундуур оруулдаг байсан нь ариутгалын чанартай юм. Тэр бүгдийг устгасан.
- Тэгээд ?
-Тэгээд яахав, монголчууд биеэ угаахаа байсан, хөдөлмөр хийхээ байснаас хурдан авах чадвар муу болсон, Буддын шашинтэй орнууд нас барагсдаа шатааж чандралдаг. Тэгвэл Монголд галд муухай юм оруулж болохгүй, газар булж болохгүй сүнс нь диваажинг олохгүй гэж номлосон Талийгаачдаа ил хаядаг болсон. Намайг сургуульд байхад гандангийн хур доогуур ил тавьсан шарилуудыг нохой идээд л байж байсан шүү дээ. Өвчнөөр үхсэн хүний өвчин тарна биз дээ.
-Уучлаарай, буддын шашин Монголын хөрсөнд сайн суурьшсан бөгөөд зохицсон гэж боддог л доо ?
-Монгол бол бөө мөргөлтэй байсан ард түмэн. Шарын шашин орж ирээд Ар халхад байсан бөөнүүдийг хядсан шүү дээ. Тийм учраас халхад нэг ч бөө байхгүй захаараа Дархад Тагнын урианхай буриадад үлдсэн, Бөөгийн зан үйлийг шарын шашин авч хэрэглэхдээ уламжилж биш, Монголчууын сэтгэлийг татах гэж авсан. Энэ чинь түүхэнд бичээстэй байгаа. Тэр үед олонхи эрчүүдийг лам бол гэж байсан. Лам хүн авгай авч болохгүй. Хутагт болбол хойт дүр нь хүмүүний үржлийн замаар биш сүнс нь диваажинд хүрээд дэлхийдээ төрнө гэж байсан.Өндөр гэгээн Занабазарыг хүртэл гурван настай Түвдэд суулган лам болгосон нь Чингис хааны удмыг таслах бодлого шүү дээ. Түвд өөрөө ч шарын шашин шүтдэггүй улааны шашин шүтдэг. Шарын шашин дэлгэрснээр нөхөргүй эмэгтэй хүн олон болсон, завхай зайдан явдал их болсон. Яр, хүйтэн өвчин дэлгэрсэн.Тэгээд ХХ зуун гарахад 570 мянган хүнтэй болж ар Монгол сүйрч байлаа.
-Тэр хүчирхэг байсан XIII зуунд Монголд хэдэн хүн байсан юм бол ?
-Монголд нэг сая хүн байсан гэж Гумилевын номд бий. Энэ бол ар монголых нь бусад монголтойгоо нийлбэл хоёр сая гарах байх. Цэргийн тоогоор нь бодож олсон байдаг. Хятадад 80 сая зүүн Европт 10 сая хүн байсан гэдэг. ХХ зуун гарахад Хятад 400 сая болж үржсэн. Зүүн Европт 150 сая болсон. Мэддэг юмаа мэдэхээ больж маань уншихаас өөр хийхээ болиод ирэхээр юм хийж чадахаа байсан 500 гаруй мянган хүн их Монголын буурийг сахиж ХХ зуунтай золгосон юм.
-Буддын шашинтай болсноор харин иргэний дайн гараагүй байх тийм үү?
-Үүний уршигаар Галданбошгот Занабазар хоёрыг тэрсэлдүүлж үндэстэн хоорондын буюу Ар монгол дөрвөн Ойрадыг шашнаар мөргөлдүүлэх юмыг хийсэн. Үүнийг Занабазар ойлгохгүй.
-Өндөр гэгээн ойлгосон баймаар юм ?
-Занабазар шарын шашныг эрчимтэй дэлгэрүүлж нийслэл Хархорумын үлдэгдлийг нурааж түүгээрээ шарын шашны төв Эрдэнэзууг байгуулсан хүн. Харин Галданбошгот түвдүүдийн муу санаархлыг ойлгож байсан нь түүхээс харагддаг юм. Үүний түрүүнд шарын шашны хор уршгийг мэдсэн хүн бол Цогт хун тайж шүү дээ.
-Та арай 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг дэмждэг юм биш биз дээ?
-Хэлмэгдүүлэлт биш, хэлмэгдэнэ гэдэг чинь газар хөдлөхөд нэг айлын байшин нураад уначихсаныг хэлдэг, дайн болоход хоёр цэрэг харилцан буудалцаж байгаад нэгнийгээ буудчихаад хэлмэгдлээ гэдэггүй биз дээ. 30-40 он хүртэл юу болсон бэ гэхээр нийгмийн хувьсгал хийж феодалын нийгмийг халсан иргэний дайн болсон. Гуравдугаарт дэлхийд байхгүйгээр шашныг хүйс тэмтэрсэн. Аймаглан устгасан сүрт аймшигтэй явдал болсон. Дөрөвдүгээрт бас гэм зэмгүй хэлмэгдсэн улсууд байсан. Магадгүй шарын шашин өөрийнхөө хийсэн үйлийн үрийг үзсэн гэж боддог. Хэтэрсэн хэтрээгүй гэдгийг бол би мэдэхгүй. 1932 оны эсэргүү бослогыг ардын бослого гэж манай ардчилагчид ярьж буй нь буруу л даа. Эсэргүүцэгчид нь бас 1000 гаруй хүнийг алсан шүү дээ.
-Үлдсэн лам нар аргагүй эрхэнд өөр ажил эрхлэх болсон ?
-1937 онд феодалуудын талыг нь устгаж, жижиг дунд лам нарыг тракторын жолооч ч юм уу, автомашины жолооч, тариачин малчин болгосон. 1940 онд МАХН-ын Х их хурал хуралдсан.
-Ялагчидын их хурал гэдэг байх аа ?
-Би тэгэхэд хоёрдугаар ангийн сурагч Хөгжсөн намын Х их хурал гээд л дуулаад явж байлаа. Тэгэхээр 1206 онд иргэний дайны үндсэн дээр Чингис хааны зарлигаар байгуулсан феодализм 1937 он 1940 оны төгсгөл хүртэл 734 жил оршин тогтноод үгүй болсон сонин түүхтэй.
-Дэлхийгээр дүүрэн монголчууд бий гэж ярьдаг ?
-Алтан ордныг, Зүчийн дараа Батхаан захирсан. Тэнд монголчууд 10 сая хүнийг захирах хэрэгтэй болсон. Батхаанд Монголынхоо хамаг л ухаантай 4000 хүнийг өгсөн. Европт байгаа оросуудын 10 хувь нь монгол гентэй байдаг. Хамаг сороо дэлхийд цацчихаад Их савны ёроол гэдгээр үлдсэн л дээ. Тэгээд 30-40 оны үеийн тэр иргэний дайны хувьсгалын үед бас сорчлон устгасан.
-Одоо тэгээд ямар болчихоод байна?
-Улсынхаа бүгд найрамдах гэдгийг аваад хаячихсан баячууд бий болсон гээд ардыг нь авч болно. Бүгд найрамдахыг нь л авч болохгүй байхгүй юу. Одоо зүгээр л Монгол улс гэхэд учир дутагдалтай Саяхан Бүгд найрамдах улсынхаа 80 жилийг тэмдэглэж байдаг. Гэтэл бүгд найрамдах нь алга болчихсон байдаг. Дээрээс нь генийхээ сорыг дэлхийд тараачихсан учраас аливааг ултай суурьтай сэтгэж чадахаа больсон. Үйлдвэргүй болсон, бүх арьс ширээ хятадад аваачсан, үйлдвэрүүдээ сэргээе гэхэд тэнд монголчууд ажиллаж ч чадахгүй. Бэлддэг ТМС-үүд нь байхгүй болчихсон. Их сургуулийн дипломтой юу ч чадахгүй гангамсаг залуусаар Монгол дүүрлээ. Юу ч чаддаггүй мөртлөө би чадна гэж барьж аваад нураадаг... Тэгээд байна шүү дээ.
-Монголчууддаа яагаад ийм дургүй болчихсон юм бэ?
-Хайрлаад хэлж байгаа юм. Өөрийгөө хэт магтаад л цагаан хэл аманд орчихсон биеэ тоосон. Аль ч давхаргынхан нь. Бид л өөрөө өөрсдийнхөө сүүдэртэй талыг харж хэлэхгүй юм бол цаашаа яаж явах юм бэ?
-Өнгөтэй өөдтэй юм харагдахгүй байна гэж үү ?
-Хөгжихгүй байна, хамаг юмаа унагаачихсан байна. Хүний оюун биокодоор ухаан нь социокодоор дамждаг. Оюуны эсрэг утга нь тэнэг ухааны эсрэг утга нь мунхаг. Монголчууд яагаад тэнэг болов гэвэл генийн харшил, цус ойртолт, архидалт, мансууруулах бодис хэрэглэх, хортой нөхцөлд ажиллах зэргээс төрөлхийн гажигтай болсон. Харин олдмол тэнэгийн шалтгаан нь тураал, витамины дутагдал, иодын дутагдал буруу хүмүүжил юм. Эмэгтэйчүүд ахмад настан, хүүхдээ хүндэлдэггүй ард түмэн хэзээ ч сайн сайханд хүрдэггүй. Эмэгтэй хүнийг эртнээс маш их хүндэлж ирсэн. Тэр ард түмний ген агуулагдаж байдаг учраас. Хүндлэхгүй байгаа болохоор тэнэг хүүхэд олон төрж байна. Эмэгтэй хүний хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг бол эрүүл хүүхэд төрүүлж, Зөв өсгөж хүмүүжүүлэх юм шүү дээ.


No comments:

: