Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ......Бүхний үүсэл билээ. Миний уг гарал билээ.
Мөнх хөх тэнгэрийн ивээл дор, түүний сүр хүчинд итгэн, тэргүүн дээгүүр, хараа алсуур омог бардам явсан мянган мянганы түүх маань эцэг тэнгэрийн таашаалаар билээ. Бидний монголчууд ийн дээд тэнгэрээс тохиосон гэрэлт заяанд төрж, тэрхүү эзэн тэнгэрийнхээ тааллаар юу эс амжилтанд хүрэв. Одоо ч гэсэн хаана ч бай “Ээ тэнгэр минь, тэнгэр ивээлээ, тэнгэр өршөө” гэх мэт үгсийг монголчууд өргөн хэрэглэдэг. Ингэж тэнгэрт итгэх, тэнгэрийн сүр хүчинд өөрийгөө даатгах үзэгдэл оршсоор байна. Харин энэхүү тэнгэрийг шүтэх үзлийг Мөнх тэнгэрийн үзэл гэх ба их эзэн Чингис хаан бие даасан үзэл болгон хөгжүүлсэн юм. Монголын түүхэн судруудыг сөхвөл Чингис хаан өөрөө мөнх тэнгэрээс заяагаар төрсөн бөгөөд хүн хүнээс онцгой нэгэн байжээ. Тухайлбал Монголын Нууц Товчооны 59-р зүйлд түүний төрсөн тухай
“Тэр цагт Есүхэй баатар, Татарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн Татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єүлэн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татарын Тэмүжин-үгэг барьж ирэхэд тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” хэмээсэн нь онцгой тохиолоор тэнгэрийн хүү бидэнд заяаж тэгээд ч түүний хийх ба бүтээх нь тэнгэрийн тааллаар байв.
Энэхүү тэнгэрийн үзлийн талаар академич Ш.Бира Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Азийг судлах хааны нийгэмлэгийн Денис Синорын медалийг гардуулах ёслол дээр уншсан лекциндээ ийн өгүүлжээ: “Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг тэнгэр бол Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрх байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. Монголчууд гагц тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх ба үл үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал зовлонгийн эзэн хэмээн үзнэ.
Чингис хааны алив бичиг сэлтийн оршил дох «Мөнх тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл дур...» гэсэн томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хос үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба хаган гэсэн хослол нь эцэг тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд ер бусын нэгэн төрлийн Бурхан мөн бөгөөд энэ нь хүчин хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Єөрөөр хэлбэл Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн суу-заль буюу харизма-гийн ачаар тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Энэ үзлээр дээр гагц тэнгэр байдаг шиг доор газарт гагц хаган байх учиртай, өөрөөр хэлбээс Монголын хаан нь «Наран ургахуй зүгээс наран жаргахуй хүртэлх» буюу Мөнх тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ”.
Тиймээ. Чингис хаан өөрийн Тэнгэрийн үзлийг боловсруулж, үр шимийг нь хүртэж «Наран ургахуй зүгээс наран жаргахуй хүртэлх» буюу Мөнх тэнгэрийн доорх бүхнийг нэгэн гараар атгаж чадсан хүчтэн. Энэ нь өнөөгийн хэлээр глобальчлалын үндсийг тавьсан бөгөөд энэ тухай академич Ш.Бира лекциндээ “Чингис хаан дорно өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч Монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Yүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Єртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орнуудын хооронд чөлөөтэй явагдаж байв. Түүх үзэл санааны баримтын үүднээс авч үзвэл, Монголын тэнгэрчлэл бол эдүгээгийн бидний дэлхийчлэл, Тэнгэрийн үзэл нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй харьцуулан үзэж болмоор байгаа юм» хэмээн дурьдсан байна.
Чингис хаан бөө мөргөл, мөнх тэнгэрийн үзлийг ул суурьтай, онолын хэмжээнд боловсруулж, хэрэглэж чадсанаараа аугаа их амжилтанд хүрсэн билээ. Энэ тухай доктор П.Нэргүй “Монголчуудын үзэл ба бодлого” нийтлэлдээ ийн бичжээ.
“Чингис хаан болон алтан ургийнхан, өрлөг жанжнууд, Чингисийн их цэрэг монголчууд бүгд л бөөгийн үзлийг, бөөгийн ёс горимыг чандлан баримталж, бөө мөргөлийг ёсчлон гүйцэтгэж ирсэн бөгөөд бөөгийн үзэлд гүнээ итгэл үнэмшилтэй байсан учраас XIII-XүI зууны туршид аль ч шашинд уусалгүй, өртөж оролгүй, урваж дайвалгүй явж чадсан гэлтэй. Бөөгийн үзэл өөрийн оршин амьдрах бүх л үеийн туршид монголчуудыг аймхай бус зоригтой, дуулгаварлаг бус идэвхтэй, арчаагүй бус авхаалжтай болгож, чин үнэнийг, шударга ёсыг дээдлүүлж, цайлган цагаан сэтгэлтэй болгож хүмүүжүүлж чаджээ. Христос, будда, лал гээд аль ч шашныг бодвол бөөгийн үзэл нь бодит амьдралаас үүсэлтэй бөгөөд Монгол гүрнийг, Монголын төрийг төвхнүүлэхэд монголчуудыгаа дайчлан, идэвхийлэн оролцуулах дотоод оюун сэтгэлийн үлэмжийн шандастай байсан аж. Чингис хаан өөрөө бөө мөргөлийг хамгийн их шүтдэг хүн байлаа. Чингис хаан улс төр, цэргийн талаар их эрх олж, монголыг нэгтгэж , монголын их хаан болсон явдал бол бөө мөргөлийг ашиглаж биедээ татсантай холбоотой. Монгол гүрний хас их төрийн бодлого нь бөөгийн мөргөлд биш бөөгийн цогц үзэлд тулгуурлаж байсан. Бөөгийн үзэл нь арга билгийн ухаантай шүтэн барилдаж байсан учир монголчуудын, эсгий туургатнуудын, хаад ноёдын, монгол төрийн ертөнцийг үзэх үзэл болж байжээ.
Чингис хаан бөө мөргөлийг, бөөгийн ёс суртахууныг гойд эзэмшсэн төдийгүй, бөөгийн зарим горим үйлдлийг төрийн ёслолд хэрэглэж байв. Хамгийн гол нь тэрбээр монголын бөөгийн үзлийг лавшруулж, энэ үндсэн дээр төрт ёсны үзлээ, мөнх тэнгэрийн үзлээ дэлхийн их гүрний төрийн бодлогын төвшинд хүргэж томъёолсон. Тэрбээр ерөнхий бүгдийг сайтар мэдэх, тодорхой бүгдийг сайтар жолоодох гэсэн зарчмыг баримталж, өмчит их улсыг мөнх тэнгэрийн үзлийн, хас их төрийг төрт ёсны үзлийн үндсэн ойлголт болгон дэвшүүлжээ. Мөнх тэнгэрийн үзэл нь өмчит их улс гэсэн ойлголтоор монголын бодит амьдралтай холбогдон мөнх тэнгэрийн ивээлээр зохих гавъяатанд хувь хүртээх, харъяалах иргэдийг хувааж өгөх явдал монголын бодит амьдралд мөнх тэнгэрийн үзэл хэрхэн яаж амилж байгааг илэрхийлж байна.Хаан гэдэг нь мөнх тэнгэрийн хүчин дор гал, нар, сараар сүлдэлсэн өмчит их улсын ерөнхийлөгч бөлгөө”.
Чингис хааны боловсруулсан мөнх тэнгэрийн үзэлд тэнгэрийн таалал нь хаан хэмээгч тэнгэрийн элчээр дамжин иргэн ард, хэн бүхэнд хүрнэ. Тэд нь мөнх тэнгэрийн хүсэл зоригийг биелүүлэгч нэгэн хүч байсан ба тэнгэрт итгэсэн итгэлээрээ тэд сэтгэлийн хүчтэй байж, итгэл үнэмшлээрээ ариусан төв сэтгэлийг, авах гээхийн ялгалыг олж, тэнгэрийн зарлигт бүхнийг нийцүүлэхийн төлөө амьдарч, мөнх тэнгэртээ амьдралаа даатгадаг байсан байна. Энэ тухай доктор, профессор Г.Гэрэлбаатар бүтээлдээ: “1920 онд Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевский Ватиканы архиваас Гүюг хаанаас 1246 онд Ромын пап Инносент Iү-т илгээсэн Монгол улсын төрийн албан бичгийн тамган дээрх «Мөнх тэнгэрийн хүчинд Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй айтугай» гэдэг үгийг задалж үзвэл Мөнх тэнгэр-Далай хаан-Иргэн гэх гурван цогц ойлголтод хуваагдах ба энд сав шим ертөнцийн аливаа юмс үзэгдэл, үйл явдал болбоос мөнх тэнгэрийн санаа болон түүний тааллаар болж тогтоогдоно. Энэ нь хаан эзнээр дамжин эгэл жирийн ард иргэдэд хүрч биеллээ олдог. Хэрвээ ард иргэд мөнх тэнгэрийн хүсэл зоригийг ойлгож түүнд хүчээ өгөн таалагдаж чадваас мөнх тэнгэр нь шууд болон хаан эзнээр дамжин таалан соёрхоно гэсэн үзэл номлол тэр үед хүчтэй ноёлж байсныг харуулж байна. Бөөгийн шашин нь бөөлөхүйн хүчээр сүнс онгодтой харьцаж байдаг бол Мөнх тэнгэрийн үзэл нь голдуу оюуныг бясалгаж, залбиран даатгах хэлбэрээр бурхан хэмээх туйлын зүйлтэй харьцаж байдгаараа ялгаатай...” хэмээн тайлбарлажээ.Монголчуудын тэнгэрийг бүхний эхлэл, бүхний эзэн хэмээн үзэх үзлийг өөрийн “Мөнх тэнгэрийн үзэл” болгон хөгжүүлж, үүнийгээ улс иргэнээ амруулахад зориулж чадсан ба нийгэм олныг тэнгэрт итгэж зовлон жаргалаа даатган, тэнгэрийн хүсэл зоригт үйлийг таашаагдуулж, Тэнгэр гэх аугаа их эзэнтэй харилцан хамааралтай амьдарч итгэн биширснээр төв сэтгэлийг олж, шударга ариун ёсыг сахин, хүн бүр тэнгэрийн таашаалд захируулан өөрийн чадах мэдэхийг төрийн төлөө зориулдаг болгон хүмүүжүүлж чадсан нь Их Эзэн Богд Чингис хааны алдар гавъяа билээ.
«Миний уг санаа нийгэм түвшин болгохыг эрсэн буй за.
Они улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу амар болвоос барвай»
хэмээсэн нь түүний хүрэх зам, очих оргил байлаа. Yүнд хүрэхийн тулд Чингис хаан гагцхүү мөнх тэнгэрийн их хүчийг авч, тэнгэртэй харьцаж, сэтгэлээ гэгээрүүлэн төв сэтгэлийг олж, хаан хүний 35 эрдэмд боловсорч, түүнээрээ хүмүүст нөлөөлж чадсан юм. Тэгээд ч түүний нийгэмд тэнгэр эзний ивээл дор сайн үйл бүтээсэн бүхэн тэнгэрийн тааллыг хүртэж тэр нь шууд ба хаанаар дамжин илэрч байв. Цэрэг, нийгэм мөнх тэнгэрт итгэн биширснээр сэтгэлийн их хүчийг олж, амь насаа тэнгэрт даатган, тэнгэрийн зарлигаар тэд үргэлж ялдаг байв. Ингэж Мөнх тэнгэрийн үзэл бодитойгоор оршин, өөрийгөө харуулж байсан бөгөөд одоо ч гэсэн би мөнх тэнгэрийн удам хөх монгол хүн гэж бодохоор сэтгэл ариусан, омог огших шиг болно. Тэнгэрийн таалал орштугай.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Их Эзэнт улс минь амгалан, бат орших болтугай!
1 comment:
Sain bna uu mongolchuudaa bi bas sahiuustai yumaa sahiuusaa avah gej ix hetsuu yum ix ch mungu orhiin nad deer buuh sahiuus maan tenger deed sahiuus yumaa Chinggis haanii 9 urlugiin neg buux yum nadad tuslaach mongochuuddaa sahiuusaa avah gesen chin bagshdaa barih barits mungun deerei gatschaad banaa nadad tusalval ergeed tus bolno shuu nadtai holboo barih utas 99732466, 99332732
Post a Comment