.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Tuesday, June 17, 2008
Чингис Хааны алтан ургийнхны шарил олдсоор
Aхмад археoлoгич Д. Наваан багштай хийсэн ярилцлага
Эдгээр булш алтан ургийнхных гэдэг нь гарцаагүй. Чингис хаантай ойрынх, эсвэл нэлээд уламжлал болсон хойд үеийнх гэдэг нь бидэнд тодорхой байна. Харин жинхэнэ Чингис хааны бие төлөөлөгчид арай биш болов уу? Ямар ч байсан Чингис хааны алтан шонхор сүлдийг тахидаг, нандигнан эрхэмлэдэг, ийм соёлын уламжлалыг өөртөө хадгалж явсан хүмүүс гэдэг нь батлагдаж байна.
[Америкийн Баруун Эргийн Монголчуудын Cоёлын Cан] Монгол хүний дундаж нас нэгэн жаран бараг хүрэхгүй. Жарныг туулж, нэгэн сэдэвт эрдмийн ажил, эрэл хайгуул хийж чадсан монгол хүн нэн ховор. Бүтэн жаран дамжиж хайгуул хийсээр бараг өөрөө археoлoгийн олдвор шахам болсон, буурал эрдэмтэн Наваан багштайгаа уншигч та бүхийг уулзуулан, оюун бодлыг нь шимтлэн байж, ухааны тань магнайд сэтгэлийн зулaa өргөе. Алхах гишгэх нь хөнгөн шингэн, нас сүүдэр 80 давсан, эл өвгөн эрдэмтнийг тэтгэвэрт гарснаас хойш арав гаруй жил танхимдаа багшлуулж, үй олон монгол залуусын билгийн мэлмийг нээлгэн, ахмад үеэ амьд сэрүүн дээр нь хайрлаж чадсан, МУИС-ийн Антрoпoлoги-арxеoлoгийн танхимийн эрхлэгч, доктор, профессoр Д.Түмэн багшид чин сэтгэлээсээ баярлаж явдгаа энэ дашрамд давхар илэрхийлж байна.

- Наваан багштайгаа яг бүтэн жилийн босгон дээр дахин учран золгож байна. Энэ хугацаанд та олз омог ихтэй байcан гэнэ. Шинэ олдворуудынхаа тухай, өнгөрсөн жилийнxтэй хамтруулан ярьж өгөөч.
- Өнгөрсөн онд манай МУИС-ын антрoпологи-археoлoгийн танхимаас зохиосoн судалгаа шинжилгээний үр дүнд 13-р зууны үед холбогдох сонин шинэ олдворуудыг Монголын нутаг дээрээc олсон. Эдгээр олдворын талаар тухайн үед нийтэд мэдээлсний дараа 2005 онд бид үргэлжлүүлэн ажиллах ёстой байлаа. Гурван булшинд малталт хийхээр бид урдчилан төлөвлөсөн юм. Ингээд энэ жил тухайн газарт гурван булш малтcан. Өнгөрсөн жилийнхээсээ илүү үнэтэй, сонин зүйлс олдох байх гэж бид найдаж байв. Найдвар маань ёсоор биелэгдээд байна.
- Cайхан мэдээ дуулгасанд их баярлалаа. Та анх эмэгтэй язгууртан хүний булш олсон билээ. Яг ямар эд өлгийн зүйлс тэндээс гарсан юм бэ? Тэр шарил чухам ямар шүү байршилтай байсан бол. Oлдворуудын тухай таниас тодруулан сонсмоор байна.
- Хамгийн эхлээд бид Cүхбаатар аймгийн Онгон сумын “Таван толгой” гэдэг газар очсон. Тэнд хайгуул хийж яваад санамсаргүй тохиолдлоор “Дунд овоот”-ын энгэр дээр хэсэг булш байхыг би өөрийн ажиглалтаар олсон юм. Анх түүнийг олохдоо гадаад зохион байгуулалтын хувьд “Энэ булш маань Хүннүгийн үеийнх байна даа” гэсэн таамаг ойлголттой байв. Нэг гайхал төрсөн нь Хүннү нар уулын эх, өндөр, эгц энгэр газар хүнээ оршуулдаггүй юм. Харин эдгээр булшнууд газрын энгэр, цээжинд байлаa. Ямар учиртайг магaдлахаар анхны булшаа ухахаар шийдэж, хамгийн зүүн хойд энгэрийн дээд талд орших булшийг малтахад морьтой эмэгтэй хүн, урд өмнө тоногдоогүйгээр бидэнд олдсон юм. Энэ бол маш том аз завшаан бoлoв. Учир нь эмэгтэйн баруун, зүүн гараас олдсон алтан бөгжүүдийн дотор талд нууц байдалтайгаар дүрсэлсэн цагаан шонхор шувууны зураг байсан. “Яах аргагүй 13-р зууны Чингис хааны алтан ургийн холбогдолтой юм байна” гэсэн мэдээллийг энэ зураг бидэнд анх өгсөн. Энэ нь бидний хайгуулын ажлын маш том амжилт болсноор барахгүй энд байгаа бүх булшнуудыг үргэлжлүүлэн малтаж, судлах ажилд биднийг татан оруулсан. Ийнхүү удаан хугацааны судалгааны ажил энд хийх шаардлага бидэнд гарч ирлээ.
- Язгууртан хүний шарилаас алтан бөгж олсон тухай та ярилаа. Хоёр ч алтан бөгж олдсон юм байна. Мөн хоюулаа дотoр талдаа цагаан шонхорын дүрстэй байжээ. Түүнээс сонин өөр эд өлгийн зүйлc дагалдан олдов уу? Эмээл хазаар, хувцас, хэрэгсэл байсан уу? Өөр угсаатны зүйн хувьд сонирхол татахаар ямар юм олдсон бэ?
- Уг булш хүний гарт нэгэнт хөндөгдөөгүй учраас энэ эмэгтэй морьтой, морь нь толгойгүй байсан. Морины толгойг монголчууд дэргэдэх өндөр уулан дээр тахилга болгон тавьдаг уламжлалтай байснаас морин толгойг ууланд тавьсан байх. Түүнээс гадна морь эмээлтэй, эмээл нь маш уран хийцийн алтан шармал бүүрэгтэй байлаа. Энэ эмээлийн олонцог, гөлөм гээд холбогдол бүхий зүйлс цөм хэвэндээ байсан. Тэдгээр нь маш уран гоё хээтэй, торгомсог эдээр хийсэн, оёо нь маш нарийн шаглагдсан, мөн энэ эмээл төмөр дөрөөтэй. Эмэгтэйгээс зөвхөн цагаан шонхортой хоёр бөгж гараад зогсоогүй олон өөр олдворууд дагалдан гарсан. Хүрэл толь, баруун зүүн гартаа мөнгөн бугуйвч, зүүлт болгон хэрэглэж байсан үнэт оюу чулуун шигтгээтэй алтан зүүлтүүд байв. Эдгээр нь урлаг, уран дархны хувьд хосгүй нарийн хийгдсэн зүйлс юм.
- Та мөнгөн бугуйвч олдсон гэв. Тухайн үед бас мөнгөөр бугуйвч хийдэг байж дээ. Тэр бугуйвч элдэв хээ угалзтай байв уу? Эмээлийг дагалдан олонцог, гөлөм, дэвс олдсон юм байна. Тэдгээрт мөн хээ угалз хэр олон байв. Та зураглал хийж авсан уу? Эдгээр зүйлсийн хадгaлалт нь одоо ямар байна?
- Ховор материалаа Их сургуулийнхаа хэмжээнд нэлээд сайн нууцлалтай хадгaлж байгаа. Oлдворуудыг сэргээн засах ажлыг бид үргэлжлүүлэн хийж байна. Энэ ажил гарын дор тийм амархан биш. Бас түргэн хийж болохгүй. Няхуур, чимхлүүр, төвөгтэй ажил учраас эмээлийн холбогдолтой торог, нэхмэл болон бусад эдлэлд бид гар зураглал хийсэн, мөн цаашид ч хийнэ. Cэргээн засварлагдаж байгаа зүйлс маань тусгай нэгэн номонд орох учраас бид материалуудыг нягт нямбай, эрэмбэ дараатай сэргээж байна.
- Та судалгааны материалуудыг нэгтгээд ямар нэртэй ном гаргах гэж байна. Ойрын хугацаанд таны ном гарах уу?
- Онгоны Таван толгойд олдсон учраас 13-р зууны үед холбогдох бүх материалыг нэгтгэж оруулаад “Онгон Таван толгой” нэртэй номыг монгол, англи хэлээр гаргах зорилго тавиад ажиллаж байна. 2006 онд болох Чингис хааны байгуулсан эзэнт гүрний тулгар төрийн 800 жилийн ойн өмнө ном маань гарах тул бидэнд тохиолдoх их баяртай үйл хэрэг болно.
- Та эхний булшны олдворын талаар тодорхой сайхан ярилаа. Түүнийг дагалдаж эрдэнийн чулуун шигтгээтэй алтан жинстэй малгай бүхий шарил олдсон тухай би сонссон. Тэр олдвор эхний малталтаар гарсан уу? Та үүнийг тодруулж хэлнэ үү?
- Сонин сайхан олдвор гарсан, эмэгтэйн тоногдоогүй булшнаас гадна түүний хөлд нь хоёрдугаар булш байсан. Энэ булшийг анх бид эмэгтэйн хүү нь юм уу, эсвэл эмэгтэйтэй холбоотой хүний булш байх гэж үзсэн. Тэгээд малталт хийхэд уг булш дээр үед тоногдсон байдалтай байлаа. Энэ булшийг тонож үймүүлсэн мөртлөө эмэгтэйн булшийг тоноогүй үлдээсэн нь бидэнд ёстой азтай хэрэг болсон юм. Тоногдсон булшнаас анатомийн зохион байгуулалтаараа эрэгтэй хүний яс гарав. Дэргэд нь морь байсан. Морь нь харин толгойтой байлаа. Эдгээрээс ажиглахад энэ эрэгтэй нэлээд зэрэг дэвтэй, чухал хүн байсан болов уу. Түүнээс гарсан хамгийн сонин олдвор нь ууцан доороо хийсэн, зүүн гараас нь торгомсог эдлэлд цугласан бадам лянхуа цэцгэн суурьтай, танан эрдэнийн шигтгээ бүхий алтан эдлэл гарсан. Энэ нь жинс ч юм уу, эсвэл шүтлэг бишрэлийн дог ч юм уу, ямар нэгэн чимэглэлийн зүйл байх. Энэ чухал зүйлийг утга агуулгынхаа хувьд дорно зүгийн төв азийн Монгол оронд Шагжа-мунийн шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж би үзэж байна. Иймээс энэ хүн ховор нандин зүйлийг эрхэмлэж, ямар нэгэн хүнд алдахгүйн тулд ууцан дороо нуусан гартаа бат атгаж хадгалсан явдал бол зан үйлийн маш сонин олдвор хэмээн бид үзэж байгаа. Энэ талаар судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна.
- Тэр хүний шарил тоногдсон учраас морь нь эмээлгүй байв уу? Өөр ямар нэгэн дагалдсан эд өлгийн зүйл байв уу? Тоногдсон гэдгийг та яaж мэдсэн бэ?
- Арxеoлoгийн дурсгалд хүний гар хүрсэн хүрээгүй болох нь тэр дороо мэдэгддэг. Энэ хүний ясанд хөдөлгөөн бага зэрэг орсон байв. Морь нь угаасаа эмээлгүй байсан болов уу. Эмээлтэй байгаад эмээл нь тоногдсон юм лав биш. Харин нэг дөрөө байсан нь сонин юм. Яaгаад тоногдсон гэж үзэж байна вэ гэвэл эмэгтэйн булшнаас гарсантай нэгэн адил янз бүрийн үнэт зүйлс энэ хүний дэргэд байх ёстой. Ууцан дороо хийсэн жинс хэлбэртэй олдвор бол тоногчдын анхааралд огт өртөөгүй учраас тоногчид түүнийг огт анзаараагүй байна. Булшнаас өөр эд өлгийн зүйлс гараагүй, ясны байршил хөдөлсөн зэргээс дүгнээд урд өмнө тоногдсон байх гэж үзсэн.
- Өнгөрсөн жил хоёр булш малтаад өвөл болсон байх. Энэ жил хавь ойрт нь үргэлжлүүлээд малталт хийсэн юм уу? Бусад олдвороо хэрхэн олсон талаар ярина уу?
- Өнгөрсөн жил малтсан булшны дэргэд нэгэн талбай дээр ойр ойрхон олон булш байсан учир энэ жилийн хувьд бид их том зорилго тавьсан. Тэднээс гурван булшийг шилж, малталт хийсэн. Эдгээр гурван булшныг ноднин малтсан булшны дарааллаас өөрөөр, энэ жилийн малталтын дугаараар дугаарлаж 5, 6, 7 гэж нэрлэсэн. Гурван булшнаас маш их үнэтэй зүйлс гарлаа. Yүний 5 дугаар булшнаас 20 хүрээгүй болов уу гэмээр антoапологийн материалтай эмэгтэй олдсон. Залуу эмэгтэйн дэргэд маш олон зүйлийн алтан эдлэлийг толгойных нь дэргэдүүр, биен дээгүүр нь тавьсан байв. Тэдгээр зүйлcийг бид судалгаандаа авсан. Багавтар залуу эмэгтэй учраас их гоёмсог, цул алтаaр хийсэн титэм, үнэт чулуу-цагаан хашаар хийсэн алтан шигтгээтэй биндэрьяa тольтой бүсний тээг, алтан бөгж, янз бүрийн хээ угалзтай алтан даруулга, товруу, бөөрөнхий алтан хайрцагтай хүзүүний зүүлт, алтан очир зэрэг тэндээс олдсон. Oлдсон зүйлcийн хамгийн сонин нь гартaa атгасан цул алтан очир. Очир гэдэг бол бурханы шашинтaй холбоотой эдийн зүйл. Тэр үед Монгол газар, монгол хүмүүс бурханы шашины бишрэлийг хүлээн авч, залбирал үйлддэг байсны баримт гэж үүнийг үзэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн малталтаар мөн сийлбэртэй ясан очир олдож байсан. Эдгээр нь тэр үеийн шашины холбогдолтой ховор олдвор болно.
- Энэ залуу эмэгтэйгээc морь, эд өлгийн зүйлc дагалдаж гарсан уу? Эмээл байв уу? Эсвэл дан ганц эмэгтэйн шарил байсан уу?
- Залуу эмэгтэй бол үнэхээрийн их язгууртан хүний эрх танхил, энхрий охин байсан байх. Эмэгтэйг морь дагалдаж байсан ба урд өмнө Монголын археoлoгийн түүхэнд нэг ч олдож байгаагүй гайхамшигтай уран хийцтэй, луун хээ угалзаар чимсэн алтан шармал эмээл гарсан. Анх удаа олдож байгаа маш нарийн сийлбэр хээтэй, давхар бүүрэгтэй энэ алтан эмээлийг дахин сэргээх ажлыг бид эхлээд байна. Энэ алтан эмээл угсаатны зүйн талаараа дорны их соёлын том баримт гэж бид үзэж байгаa. Уран дархны хувьд бол гайхамшигтай урлал болох нь их нарийн урласан луун хээнд оршино. Луу бол тэнгэрийн гаралтай амьтан, ийм амьтнаар чимсэн хээтэй алтан эмээл яавч тэнгэр язгууртай хүний эдэлж явсан эрхэм зүйл. Дахин хэлэхэд ийм эмээл Монголын археoлoгийн түүхэнд анх удаагаа олдож байгаараа их гайхамшигтай ховор олдворуудын нэг болж, бид бахархах өв соёлтой хүмүүс гэдгийг баталж байгаа юм.
- Нэмж хэлэхэд Монголын хаадын эмээл хэрэглэлийн талаар олон ном сэтгүүл дээрээс зураг материалыг судалж үзэхэд үндсэн хоёр хэлбэрийн алтан эмээлүүд дүрслэгдсэн байдаг юм билээ. Тэдэнтэй энэ эмээлийн хийц, хэв маягийг харьцуулахад үнэхээр уран нарийн юм байна. Yүнийг би маш бахархууштай зүйл гэж бодож байна. Та үргэлжлүүлээд 6, 7-р булшны олдворын талаар ярина уу?
- 6 дугаар булшнаас алтан ээмэг олдсон. Энэ эрэгтэй хүний булш бас л хүний гарт хөндөгдсөн байдалтай байв. Шарилыг маш сайн хийцтэй авсанд оршуулжээ. Модны найрлагa нь манай оронд байдаггүй, өмнө зүгийн эд шиг санагдав. Авсны дотор талыг их сайн торгомсог эдээр доторлoсон, тэр торгомсог эдлэл их том хэсгээрээ бидэнд олдлоо. Yүнийг бид нандигнан авч ирээд засварлахаар шамдаж байна. Харин энэ шарилаас морь олдоогүй. 7-р булшинд эрэгтэй хүн оршуулсны антропoлогийн материал нь гарсан. Эндээс хувцасны тоног юм уу гэмээр хээ угалзтай алтан эдлэлүүд олдсон. Энэ булш мөн хүний гарт тоногдсон байв.
- Тэнд 5 булш олсдсoноос 2 нь эмэгтэй 3 нь эрэгтэй байжээ. Эрэгтэйчүүдийн булш хөндөгдчихсөн, эмэгтэйчүүдийн булш хөндөгдөөгүй байcaн нь оршуулснаас хойш удалгүй мэддэг хүний гараар тоногдсон байх магдлал өндөр юм байнa шүү дээ. Та үүнийг юу гэж бодож байна?
- Яг таны ярьсан таамаглал бидний бодож байгаатай адилхан байна. Эртний язгууртан хүний дэргэд маш их юм тавьдаг байсан. Тиймээс энэ оршуулга удалгүй тоногдсон, тонуулчид ч мэддэг, мэдээлэлтэй байсан болов уу.
- Хүннүгийн оршуулгын хэлбэртэй оршуулсан Монголын хаад язгууртны 5 булшнаас өөр булшнууд тэр хавьд байсангүй юу. Тэр хавийн газруудаар үргэлжлүүлэн судалгаа хийх үү?
- Бидний судалгаа хийсэн “Дунд овоот”- ын энгэрт өөр олон булш байгаа. Тэдгээр нь байршлын хувьд хоорондоо ойрхон, мөн 200, 300 метрийн зайнд ч нэлээд булш бий. Зaримд нь бид малталт хийсэн. Алтан эдлэл олдсон булшнуудаас өөр эгэл жирийн хүмүүсийн булш голдуу байгаа. Зарим нь морьтой мөртлөө алтан эмээлгүй, язгууртан хүмүүсийн булш, цэрэг эр явсан хүмүүсийн булш болох юм гэсэн санаанууд бидэнд төрж байна. Цэрэг эрсийн булш байсныг батлах эд өлгийн зүйл тэндээс гарсан. Өнгөрсөн жил ухсан ядуухан эмэгтэй хүүхдийн булшнаас хүрэл ээмэг гарч байсан. Ийнхүү юм болгон л тэнд байгаа. Жинхэнэ алтан эдлэл гарах, язгууртных гэж үзэхээр тийм хэмжээний булш бидний анхны малталт хийсэн газар ахиад хэд хэд байгаа. Барaгцаагаар дахиад лав 5, 6 булш бий. Эдгээр булшнуудыг 2006 онд бид үргэлжлүүлэн судална. Судалгаагаа мэдээж хойшлуулалгүй явуулна. Түүнээс нэг км орчмын зайнд зэрэгцээ 2, 3 толгод байгаа. Нэгэнд нь арваад нөгөөд нь 7, 8 булш бий. Цувраa толгод учраас Таван толгой гэж нэрлэсэн газар л даа. 13-р зуун, түүнээс бүр өмнөх Хүннүгийн үед хамрагдах том дурсгалууд хадгaлж байгаа газар аа. Иймээс энэ газрыг хамгаалах, улсын хамгаалалтанд авах, дархан цаазтай газар болгох зэрэг асуудлыг бид Монгол Улсын Засгийн газарт тавих гэж байна.
- Таван толгой одоо нийтэд тодорхой болсон тул ашиг олз хайсан янз бүрийн хүмүүс ухаж сүйтгэх болов уу? Нууцаар очиж малталт хийлгэхгүй байлгах төрийн хамгаалалтыг ямар аргаар зохион байгуулж болох вэ? Орон нутгаас тухайн бүсийг хянаж байдаг уу?
- Сүхбаатарын Онгон нь манай улсын хилд хамгийн ойрхон сум. Бидний малталт xийсэн газар хилийн зурвасаас дотогш ердөө 10 км зайтай. Тэнд хилийн цэргийн нэг отряд хоорондоо зайтай 3 застав байгаа учир хамгаалалт их сайн. Хилийн харуулууд байнга харж байх тул баргийн хүн тийшээ зүглэж чадахгүй. Ямар машин хаашаа явж байна, ямар дарга хаанаас ирж байна, хаа хамаагүй хүн байна уу гээд бүх юм тодорхой ажиглагдана. Xилийн хамгаалалтынхнаас гадна орон нутгийн айлууд өөрсдөө бac хилчид байдаг. Тэд хонь хургандаа явж байхдаа хэн хүн хаана явж байна, морьтой юм уу, үгүй юм уу, нутгийн хүн үү, алс холын хүн үү гээд бүгдийг ажиглаж чаддаг ёстой хилийн харуулчид (тагнуулчид) байдаг юм. Айлууд нь хүртэл тийм байхад энэ зүгт дуртай хүн очих юм биш.
- Бахархууштай cайхан хэрэг байна. Таны хэлснээс үндэслээд бас нэг бодол санаанд буулаа. Хилийн зурвасаас нааш ердөө 10 км-т ийм булшнууд олдсон юм чинь цаад талдаа байхгүй гэж хэлж чадмааргүй. Газар зүйн хувьд ойрхон тул цаад талыг нь та сонирхож үзсэн үү?
- Xилийн цаад талыг сонирхож үзээгүй. Хилийн зурвас учраас нэвтрэх боломжгүй. Биднийг тийш нь алхуулахгүй. Цаанаасаа ч нааш нь алхуулахгүй. Иймээс хилийнхээ цаад талд адил хэмжээний дурсгал бий юу, үгүй юу гэдгийг мэдэх мэдээлэл бидэнд алга. Ер нь Хятад ард улсад олдож байгаа археoлoгийн дурсгалуудын талаарх мэдээлэл их ховор байдаг. Барагтай л бол мэдээлдэггүй, нэг л нуугаад байх шиг байдаг юм. Ийм учраас тэнд манайхтай адил төстэй зүйлс байдаг уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Өвөр Монголын нутагт яаж судалгаа явагдаж ирсэн талаар ярих юм өвгөн ахад нь алга байна. Газрын байцаараа бол Таван толгойгоос урагш Хятадын нутагт харагдах уул байхгүй, ёстой толь шиг хязгааргүй тал нутаг л үзэгддэг. Уул, хад, чулуу байхгүй газар оршуулга хийхэд матeриал олдохгүй. Чулуу бол оршуулгын хамгийн гол матeриал болдог учраас тэнд ойролцоо, нэг их булш байхгүй болов уу гэж би бодож байна. Тaван толгой баруунаас зүүн тийш цувран тогтcон их хад чулуутай, жинхэнэ оршуулга хийх бололцоотой газар. Таван толгойд бас хаан хатан хоёрын гантиг чулуун хөрөг (Даригангад чулуун хөшөөг хөрөг гэж хэлнэ. Ш.Б.) бий. Оршуулгууд ч бас чулуун хөрөгтэй холбоотой байж болoх талтай.
- Хаан хатан хоёрын гантиг хөргийг цул чулуугаар хийсэн юм уу, эсвэл хадан дээр сийлсэн байна уу? Хэдий үед хамаарагдах дурсгал юм бол? Энэ дурсгал хэр судлагдсан талаар та ярьж өгнө үү?
- Таван толгойн хаан хатан хоёрын чулуун хөрөг бүр эрт номонд орсон. 1920-иод оны үед Оросын шинжээч Казикеевич энэ чулуун хөргийг тодорхойлсон. Манай доктор Баяраа чулуун хөргийн талаар их тодорхой судалгаа хийсэн. “Дорнод Монголын чулуун хөрөг” нэртэй ном бичиж түүгээрээ докторын зэрэг хамгаалсан. Энэ номондоо Баяраа доктор “Таван толгойн хаан хатан хоёрыг Монголын 13-р зууны үеийн, Чингисийн үеийн хэн нэгэн нэр нь мэдэгдэхгүй алдартай том хааны хөрөг” гэж бичсэн байгаа.
- Чулуун хөрөгний дэргэдэх булшнуудаас 13-р зууны үеийн алтан эдлэлүүд олдсон болохоор Баяраа докторын судалгааны таамаглалыг та практик дээр баталж өгсөн юм байна даа.
- Өөрөө баталж өгсөн гэж хэлж байна. Би баталж өгсөн гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл өнөөдөр энэ хоёр хөрөг Онгоны Таван толгойд бидний олсон материалтай холбоотой эсэхийг яг баталж өгөөгүй байгаа. Яаж хэзээ батлах вэ гэвэл хаан хатан хоёрын чулуун хөргийн хажууд хоёр булш бий, түүнийг малтсaны дараа л батлагдана. Хаан хатан хоёрын чулуун хөрөгтэй Oнгоны Таван толгойгоос гарсан эд өлгийн зүйлүүд холбоогүй байж ч болно.
- Тэгвэл яагаад өдий болтол тэдгээр чулуун хөргийн дэргэдэх булшийг сонирхолгүй ирсэн бэ? Тэр хоёр булшинд урд малталт хийгээгүй юм байна шүү дээ.
- Малталт хийгээгүй, одоо бид 2006 онд тэнд малталт хийхээр төлөвлөж байна. Бидний малталтаар хаан хатан хоёрын чулуун хөрөг хийгдсэн цаг үе, тэдэнд хамааралтай матeриал илэрч, хаан хатан хоёр бидний олдвортой нэг үеийн болох эсэх нь тогтоогдоно. Тэдэнтэй холбогдолтой булшийг нь малтаж байж л батална.
- Тэдгээрийг та газарт суулгaсан чулууг хөрөг гэж ярьж байна. Хөшөөн чулуу юм уу, эсвэл хавтгай байдалтай сийлсэн хөрөг байна уу? Хэр том хөргүүд вэ? Түрэгийн дургалын хөшөөнөөс хэв загварын хувьд эрс өөр үү?
- Дорнод Монголын чулуун хөрөг бол сууж байгаа хүний хэмжээтэй нүүр царай, хувцас хэрэгслийг нь сийлсэн чулуун хөшөө юм. Толгойнуудыг нь аваад хаячихсан эвдрэлтэй. Түрэгийн үеэс бүр өөр. Жинхэнэ Монголын үеийн гэдгийг нь Баяраа доктор тайлбарласан.
- Хавь ойрд нь ийм олон алтан эдлэл олдсон юм чинь чулуун хөшөө ямар нэгэн сэжүүрээр холбоотой байх магaдлал нэг л өндөр санагдаад байна. Таны бодол ямар байна вэ?
- Тийм байж болно. Хоёрын хөшөөний дэргэд байгаа хааны булш дээр үед их ухагдсан юм билээ. Харин хатны булш бага зэрэг ухагдсан байна. Аль алиныг нь урд ухсан ч гэсэн тэндээс эд өлгийн зүйл гарна гэж бодож байна. Гарсан зүйлсээр юу болох нь нотлогдоно.
- Шарилуудыг дагалдаж ном судар гарсан уу? Yйсэн дээрх судар бичиг ч юм уу, ямар нэгэн номтой холбогдол бүхий зүйл гарсан бол их сонин байна.
- Бидний малтcан газруудаас ном бичгийн дурсгал бол гараагүй. Уг нь гарч болох бололцоотой юм. Гэхдээ эндээс гарч байгаа эд өлгийн зүйлс цөм өөрөө ном шүү дээ.
- Хааны хайртай эрх гүнж баймаар залуу бүсгүйн дугуй алтан хайрцагтай зүүлтнээс улаан бор өнгийн шороо мэт зүйлс гарчээ. Тэр юу байсан юм бол? Арай угийн бичиг байсан юм биш биз.
- Тэр бол их нандигнан хайрлаж ирсэн эм байсан байх. Түүний найрлагыг арайхан тогтоогоогүй байна.
- Та бас эмэгтэй хүний гутал олсон гэж ярьж байсан. Аль булшнаас гарсан юм бэ? Сүүлд малтcан ядуу хүмүүсийн булшнаас уу, эсвэл язгууртнуудын булшнаас уу?
- Энэ жилийн малталт бидэнд маш их сонин мэдээлэл өгсөн. Онгоны Таван толгойгоос хойшoo Монгол нутгийн гүн рүү 200 км зайтай орших Сүхбаатар аймгийн Асaгa сумын нутагт дахиад энэ төрлийн булшнууд шинээр олдсон. Нэр нь Шарга уул гэдэг газар. Гадаад зохион байгуулалт нь Онгоны Таван толгойн булштай адил. Эндээс Онгоны Таван толгойд гарч байсан алтан эдлэлтэй яг адил зүйлс олдсон. Маш уран хийцийн ширэн гадартай, ширэн дээгүүрээ хээтэй эмэгтэй хүний өөрөөсөн гутал гарсан. Тэр гутлаа сэргээн засварлаж, нандигнан хадгалж байна.
- Шарга ууланд та нэг шaрил малтав уу, эсвэл нэлээд хэдэн шарил малтcан уу?
- Нийт гурван шарил малтcан ба олон янзын эд өлгийн зүйлс гарсан. Зарим нь Онгоны Таван толгойд олдсон олдвороос арай өөр. Гурван шарилаас хонины шаант чөмөг гарсан. Манайхан их хүндэтгэлд хонины шаант чөмөг хэрэглэдэг, цагаан сараар шаант шөмгийг идээнд тавьдаг. Энэ олдвор Монголын зан үйлийн дурсгалд ихээхэн ач холбогдол өгөх эд болно.
- Шарга уулын алтан эдлэлүүд нь Онгоны Таван толгойгоос олдcонooc өөр хэлбэр загвартай байв уу? Ялгарах онцлог юу байв?
- Ялгаараад байх юмгүй, Онгоны Таван толгойгоос гарсан, малгай дээр хаддаг алтан чимэглэлтэй адил гоёлын алтан зүүлт Шарга уулын булшнаас олдов. Иймээс эдгээрийг нэг үеийн дурсгал гэж үзэж байгаа. Малгайд хаддаг зүүлт нь алтан титэмнээс арай өөр, дөрвөн талдаа зүрхэн хэлбэрийн оюу шигтгээтэй, ерөнхий хэлбэрээрээ хөзрийн бундантай төстэй, эвэр угалзан хээ ихтэй зүүлт юм билээ. Тэдгээрийн хийц, хэмжээ нь хүртэл адил. Бүр нэг дархан хийсэн юм шиг адилхан байсан. Тийм болохоор энэ хоёр олдвор хэдийвэр хоорондоо 200 км зайтай ч нэг л үеийнх болно.
- Таны ярьсан болгоноос нэгэн бодол төрлөө. Манайхан эртнээс алтан ургийнхны булшийг Хэнтийн нуруунд хайгаад байсан, гэтэл бид хайсан зүйлсээ одоо Сүхбаатар аймгийн нутгаас олоод байгаа юм биш үү?
- Эдгээр булш алтан ургийнхных гэдэг нь гарцаагүй. Чингис хаантай ойрынх, эсвэл нэлээд уламжлал болсон хойд үеийнх гэдэг нь бидэнд тодорхой байна. Харин жинхэнэ Чингис хааны бие төлөөлөгчид арай биш болов уу? Ямар ч байсан Чингис хааны алтан шонхор сүлдийг тахидаг, нандигнан эрхэмлэдэг, ийм соёлын уламжлалыг өөртөө хадгалж явсан хүмүүс гэдэг нь батлагдаж байна.
- Монголын их хаадын үе дуусаад ихэнх бага хаадын амьдрал цагаан хэрэмний ард үргэлжилсэн ба бага хаад Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар хэдэн зууны турш нүүдэллэн нутaглaж байсан болов уу. Тиймд эдгээр булш Умарт Юань улсын дурсгал байж болох талтай. Эндээс харагдаж байгаа гол нотолгоо нь бурханы шашины бага хөлгөний ёс ихэд дэлгэрсэнтэй холбоотой эд өлгийн зүйлс олдсон байна. Алтан эдлэлийн хийц маягийг ажиглаад байхад Чингис хаан болон түүний залгамж үеийнх гэж хэлж болмоор юм. Тэгэхээр би эдгээр булшийг Их Монгол улсын арай сүүлийн үеийнх байх гэж таамаглаж байна. Та миний саналыг юу гэж бодож байна вэ?
- Өөрийн чинь санaлыг 100% дэмжиж байна аа. Яагаад гэвэл Баяраа доктор Дорнод Монголд байгаа зарим нэг хөшөөний талаар дурдахдаа эдгээр нь Хувилай хааны үеийн дурсгалтай холбогдох болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Тийм байж болно. Түүгээр ч барахгүй бага хаадын үеийн төр бол байр сууриа олсон боловч соёлоо дорно зүгийн соёлтой их холбож тэндээс торго, нэхмэлийн зүйлсийг ихээр оруулж ирдэг, урчуудыг нь авчиран юм хийлгээд өөрдөө их хэрэглэдэг байсан юм уу. Дурсгалуудаас харахад ийм соёлын холбоо хөгжиж байсан нь илт байна. Ийм учраас бага хаадын, ялангуяа Хувилай хааны залгамж үеийн дурсгал болнo гэдгийг би үгүйсгэхгүй байна.
- Угсаатны зүйг эртнээс сонирхож ирсэн учир монголчуудын антропoлоги (угсаатны зүй), зан үйлийн талаар би нэлээд ном цуглуулгатай болсон. Гадаадад гарч байгаа монголын соёлтой холбогдол бүхий материалыг аль болохоор олж авахыг эрхэмлэдэг. Дэлхий нийтэд монголчуудын антропологи-арxеoлoгийн талаар гарч байгаа материалуудыг харьцуулахдаа 13-р зууны үеийн монголчуудын хээ угалз, хэв загвартай бишгүй таарлаа. Гэтэл таны энэ олдвороос гарсан зүйлс ур хийцээрээ тэдгээрээc хамаагүй өндөр байна. Та нарын олсон зүйлс Монголын антропологи-арxеoлoгийн судалгааг өөрчилж чадахуйц хэмжээний дурcгалууд гэж би бодож байна. Зөвхөн тэр язгууртан бүсгүйн алтан эмээлийг сонгон авахад бүүрэг, загас, хавтасны хээ, олонцог, гөлөм, дэвc нь тасархай сайхан хийцтэй байна. Ийм гайхалтай нээлт хийж, үнэт олдвор малтсан Наваан багш таны олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг хэрхэн үнэлж ирсэн бэ? Одон медалиуд ч учир тоймгүй олон биз дээ?
- Би 60 гаруй жил арxеoлoгийн ажил хийж байгаа хүн. Миний ажилласан ихэнх хугацаа социализмын бүтээн байгуулалтын үед өнгөрсөн. Социализмын үед бид бүгд хамаг чадлаа эх орон, ард түмэндээ зориулдаг, түүнийгээ юман чинээ боддоггүй байсан цаг. Тухайн үедээ бидэнд өндөр цалин хөлс олгодог байсан учир амьдрал хэвийн өнгөрч, төр засгаас том том шагналуудыг удаа дараа авч байсан. Oдон медалиуд олон бий. Харин одоо зах зээлийн нөхцөлд байдал өөр болж, хэн хэрхэн ямар зүйлс олсноороо нөхцөл байдал, шан харамж өөрчлөгдөх байх аа гэж би бодож байна.
- Та тэгээд ямар ямар одонгууд авсaн бэ? Тодруулаад ярьж өгөөч.- Төрийн хамгийн том одон гэж үздэг “Алтан гадас”-aaр нэлээд сүүлд шагнуулсан. Хөдөлмөрийн хүндэт мeдаль гээд тухайн цаг үетэй холбоотой медалиуд надад бий. “Төрийн соёрхолыг Наваан багшид өгөхгүй бол болохгүй” гээд манай сургууль тодорхойлолт бичээд дээш нь явуулсан байгаа. Тэр ажил хэрэг болно байх гээд хүлээж сууна. Миний тодорхойлолтыг явуулсан нь Энхбаяр даргыг Ерөнхийлөгч болсон цаг үетэй давхцаж байгаа. Энэ бүхэн цаг үеэ олоод миний эрдэм шинжилгээний ажлыг үнэлсэн баярт явдал, улмаар үр хүүхдэд маань тэмдэглэлт үйл явдал болно байх. Миний хамтран ажиллагчид, мөн хилийн чандад байгаа та мэтийн дотны нөхдөд тэгж байгаад нэгэн баяртай чимээ хүрнэ байх гэж найдаж байна.
- За баярлалаа. Таны хүсэл сэтгэлчилэн бүтэх болтугай. Та цаашдын судалгааны ажлаа амжилттай явуулж, улам олон ховор нандин олдвор олоорой. Мөн бичиж буй сайхан номoo дуусгаарай. Таны бичсэн ном дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэх ховор мэдээллээр дүүрэн бүтээл болно шүү. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
- Та нарынхаа итгэл найдварыг биелүүлэхийн тулд монголын түүхээр зогсохгүй дэлхийн түүхэнд холбогдох ховор нандин олдвор олсноо гадаад дотоодын эрдэмтэд, харьд суугаа эх орондоо хайртай монголчуудынхаа хүртээл болгохooр өвгөн ах нь мэрийх болно. За та нарын өлзий буян дэлгэрч яваг.
Ярилцсан Ш.Баатар, Америкийн Баруун Эргийн Монголчуудын Cоёлын Cан
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Thursday, June 12, 2008
Wednesday, June 11, 2008
ЧИНГИС ХААН БА ОРЧИН ЦАГИЙН ЕРТӨНЦ
Гурван жилийн өмнө, 2004 оны хавар, зуны турш Америкийн /Нью-Йоркийн/ хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, хэдэнтээ хэвлэгдэн, хэдэн сая хувиар зарагдаж байсан Жак Вэтэрфордын “ЧИНГИС ХААН БА ОРЧИН ЦАГИЙН ЕРТӨНЦ” - "Genghis khan and the Мaking of the modern world" хэмээх номын бүлгээс та бүхэнд толилуулж байна. Америкт төдийгүй дэлхий дахинд Монголыг маань маш гэрэл гэгээтэй, эрч хүчтэй талаас нь сурталчилсан энэхүү бүтээлийг америкт хэвлэгдэхээс өмнө, аль 5 жилийн өмнө Чингис хаан дээд сургуулийн хамт олон “Өнөөгийн дэлхий Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” нэрээр орчуулан Монгол уншигчиддаа хүргэж байсан юм. Зохиогч сүүлд Америкийн хэвлэлд гаргахдаа Монголд орчуулагдсан эх дээрээ нэлээд нэмж, засварлажээ.
Өдгөө та бүхэнд хүргэж буй энэхүү орчуулга бол тэрхүү нэмж баяжуулсан хувилбарынх нь юм. Үүнийг Вашингтон хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Г.Ганболд орчуулсан байна.
Жак Вэтэрфорд
ЧИНГИС ХААН БА ОРЧИН ЦАГИЙН ЕРТӨНЦ
Монголын залууст:
Эх түүхээ хадгалж үлдээхийн төлөө амьдралаараа дэнчин тавьсан монгол эрдэмтдээ Та бүхэн бүү мартахтүн.
Алдар суугаа дуурсгасан
Аугаа их тэр хааныг
Чингис хаан хэмээх агаад
Аливаад түүн шиг амжилт олсон нь
Аль ч нутаг оронд үгүй ажээ.
“Хөдөөх эргийн домог”
Кантебэрийн домог 1395 он
ОРШИЛ
ҮГҮЙЛЭГДСЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ
Вашингтон Пост, 1989 он

Жеоффрей Чаусер
“Хөдөөх эргийн домог”
Кантебэрийн домог 1395 он
ОРШИЛ
ҮГҮЙЛЭГДСЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ
Чингис хаан бүтээгч байсан.
Вашингтон Пост, 1989 он
Чин сүсэгт лам хуврагууд олон зууны туршид амь тавин хамгаалж, шүтэн биширч ирсэн Чингис хааны туг сүлд Хар Шанхын нурууны ард Саран голын хөвөөнөө орших Буддын сүмээс 1937 онд алдагдвай. Сталины гар хөл бологсод 1930-аад онд шашин, соёлыг нь хөнөөн устгах ажиллагааг удаа дараалан явуулах үедээ гурван түм гаруй санваартны амийг егүүтгэсэн юм. Цэргүүд сүм хийдүүдийг нэгд нэгэнгүй түйвээн сүйтгэж лам хуврагуудыг буудан хөнөөж, гэлэнмаа нарт халдан довтолж, шашны эд зүйлсийг эвдэн бусниулж номын сангуудыг тонон дээрэмдэж, судар номуудыг шатаан түйвээж, сүм дугануудыг нь нурааж бусниулж байлаа. Энэ үеэр Шанхын хийдээс хэн нэг нь Чингис хааны их сүлдийн билэгдлийг нууцаар авч аюул үгүйг бодон улсын нийслэл Улаанбаатарт хүргэсэн нь улмаар тийнхүү үгүй болжээ.
Жадны торгон үзүүрийн доохон талын ишнээс ажнай хүлгүүдийн манлай армаг хурдан азаргануудын дэл сүүлээс дээжлэн авч бэхэлснийг туг сүлд хэмээх бөгөөд тэрхүү их тугийг Азийн уудам их тал нутагт дайчин цэрэг эрс мандуулан явсан ажгуу. Сүлдэт их туг нь Монголчуудын шүтэн дээдэлдэг өндөр хөх тэнгэрийн доорхи цэнгэг агаарт ил байдаг ажгуу. Тал нутгийн дээгүүр байнга шахам үлээх зөөлөн салхины аясаар намирах тэрхүү дэл сүүл нь хурмаст тэнгэр, гэгээн нар, хорвоогийн салхины хүчийг өөртөө шингээн агуулах бөгөөд эх дэлхийн хүчийг дайчин эрсэд уламжлан дамжуулдаг аж. Сүлдэт туганд хөгжин үлээгдэх салхи дайчин эрсийн хүсэл мөрөөдлийг бадраан хөгжөөж, их хувь тавилангаа дагах эр зоригиийг хөвчилнө. Аясын салхинд хөгжиж хөөрөх лугаа намирах адууны тэрхүү дэл сүүл шинэ нутаг, соргог бэлчээр, шинэ боломж, шинэ үйл хэргийг эрэлхийлэх эзнээ энэ дэлхийг эзэгнэхээр заяагдсан их хувь тавилан өөд нь даллан дуудна. Талын дайчин эр, түүний сүлдэт туганд далдын нандин холбоо үүсч, насан өөд болохын цагт сүнс нь мөнөөх туг сүлдэд хадгалагдаж хоцордог гэлцэнэ. Дайчин эрийг сэрүүн тунгалаг ахуйд байхад түүний хувь тавилан сүлдэт туганд нь хадгалагдаж, цог хийморийнх нь билэгдэл болно. Бие цогцос байгаль дэлхийдээ шингэдэг боловч цог хийморь нь туг сүлдэндээ үлдэж хойч үеийнхнийг зоригжуулна.
Чингис хаан цагаан азарганы дэл сүүлээр бүтээсэн тэрхүү туг сүлдийг энхийн цагт, хар азарганы дэл сүүлээр бүтээгдсэн туг сүлдийг дайн тулаанд дээдлэн шүтдэг байжээ. Цагаан сүлд эрт дээр цагт үгүй болсон бол түүний сүнсийг агуулсан хар сүлд хадгалагдан үлдсэн аж. Их хааныг өөд болсноос хойш олон зууны турш түүний сүнс шингэсэн сүлдэт тугийг нандигнан шүтсээр иржээ. Түүний удмынхны нэг өндөр гэгээн Занабазар 16 дугаар зуунд дээрхи сүлд тугийг хадгалахаар тусгайлан хийд байгуулсан гэдэг.
Хүчит салхи, цасан шуурга, харийн дайсны довтолгоон, дотоодын үймээн самууны үеэр нь буддын шашны шар малгайтны урсгалын нэг мянга илүү лам нар сүлдэт их тугаа хадгалж чадсан ч 20 дугаар зууны хомроглон устгагч дарангуйлагч дэглэмийн үед хүчин мөхөсдсөн нь тэр ажгуу. Лам хуврагууд алагдаж, хадгалж байсан сүлдэт туг нь алдагдан үгүй болжээ.
Чингис хааны хувь зохиол түүнд заяа тавилангаар ногдсонгүй, харин тэр өөрөө бүтээжээ. Сүлдэт тугийг сэргээн бүтээх тооны адуун сүрэг дахин олдож түүнийг дэлхийн энгээр мандуулах нь үгүй бололтой. Чингис хаанаар тодорсон жаал хүү овог аймгуудын аллага хядлага, дээрэм тонуул, дарлал мөлжлөг хийгээд хүчирхийлэл дүүрэн тэртээх нэгэн цагт мэндэлжээ. Тал нутагтаа үхэж үрэгдэх тавилантай, адлагдаж гадуурхагдсан айлын тэр жаал хүү балчир ахуй үедээ хэдхэн зуун хүнтэй нүүр тулж учирсан бөгөөд албан ёсны эрдэм боловсролгүй нэгэн байлаа. Хүнд хүчир нөхцөлд тэрбээр хүсэл эрмэлзлэл, шунал санаархал, балмад хэрцгий гэх мэт хүний сэтгэлийн бүхий л өнгө аясыг нэгд нэгэнгүй таньж мэдсэн юм. Бага балчир насандаа эх өөртэй ахыгаа егүүтгэж, өстөн дайснууддаа баригдаж, зарцлагдаж, тэднээс амь тэмцэн оргож зугтааж явсан нэгэн билээ.
Аймшигт нөхцлийн дунд амьд үлдэх, оршин тогтнох зөн совинг олж мэдэрсэн жаал хүүг хэзээ нэгэн цагт амжилт ялалтанд хүрнэ гэж төсөөлөх арга байсангүй. Балчир хүүхдийн зангаар золбин нохдоос эмээн нулимс дусааж явжээ тэр. Илүү биерхүү дүү нь бөх барилдаад түүнийг хаячихдаг, нум сум харвахдаа ч илүү чадамгай байсан агаад эх өөртэй ах нь хүч түрэн дээрэнгүйлэх нь олонтаа. Өлсгөлөн, доромжлол, дээрэм тонуул, дарлал мөлжлөг дүүрэн хүнд бэрх нөхцөлд тэр эрх мэдлийн төлөөх уртын урт аяны гарааг эхэлсэн юм. Нас биед хүрээгүй байхдаа тэр хожмын амьдралд нь онцгой чухал ач холбогдолтой хоёр хүнтэй ойртон дотноссон байна. Өөрөөсөө ялимгүй ахмад нэгэн хөвгүүнтэй танилцаж насан турш нөхөрлөх андгай тангараг өргөн идэр залуу насандаа анд бололцсон ч хожим нь эе эвдэрч, хорсол зангидсан дайсан бололцсон бол насан туршдаа хайрлах, хаадыг төрүүлж өсгөх хувьтай нэгэн бүсгүйтэй бас учирсан юм.
Чингис хааны идэр залуу цагт бүрэлдсэн нөхөрлөн дотносох, дайсагнан сөргөлдөх энэхүү хос чанар нь түүний насан туршид үргэлжилж хэв шинжийг нь тодорхойлох болсон билээ. Хөдсөн дээлээ хуваан нөмөрч, халуун бүлийн гал голомтын илчинд үүссэн хайрлан энэрэх, халамжлан асрах сэтгэл нь дэлхийн түүхийн томоохон хэсэгт тусгалаа олсон бөлгөө. Түүний хувь хүнийх нь зорилго, хүсэл эрмэлзлэл, алдаа түгшүүр бүх дэлхийд нөлөөлсөн .
Жил өнгөрөх тусам өөрөөсөө хүчирхэг бусдыг аажмаар ялан дийлсээр Монголын тал нутгийн овог аймгуудыг тэр булаан эзэлсэн юм. Нэр алдраа дуурсгасан түрэмгийлэн эзлэгчид дайн тулалдааныг нэгэнт орхиж хөндийрсэн байдаг тавин насанд Чингис хааныг сүлдэт туг нь нүүдэлчин аймгуудыг олон зууны турш дарлан доромжилж явсан суурин орнуудын цэргийн хүчийг сөрөн тулалдахаар алс холын аглаг нутгаа орхин аян дайнд мордоход хүргэсэн юм. Туг сүлдээ сүслэн дагасан тэрбээр амьдралынхаа үлдсэн он жилүүдэд Говийг туулж, Шар мөрнийг гатлан Хятадын нутаг дахь хаант улсууд, Дундад Азийн түрэгүүд, алс холын уулархаг Афганистанаас Инд мөрнийг хүртэл Персүүдийг олон удаа довтолж, ялалт байгуулж суу алдраа мандуулсан юм.
Довтлон дайтах бүрдээ Монгол цэрэг дайн тулалдааныг тив алгассан их ая болгон өргөжүүлж, мянга маянга бээр үргэлжлэх уудам орон зайд олон том тулалдаануудыг хийсэн юм. Чингис хааны тулалдааны шинэлэг арга барил нь дундад зууны Европын өвч дуулгатай тайж нарын үе өнгөрснийг харуулж, анги хэсгээрээ хамтдаа урагшлан довтолдог төмөр мэт хатуу сахилгатай морин цэргээр солигдсоныг харуулсан юм. Харин цайз бэхлэлтэд найдах бус тулалдааны талбарт хурд, санаанд оромгүй гэнэтийн үйлдэл зонхилж, хэрэм бэхлэлтийн үе дууссаныг чухамдаа харуулан, хориглолтын эсрэг дайтах аргыг чадамгай хэрэглэсэн юм. Чингис хаан албат иргэд, дайчин цэргүүддээ алсын замыг аялан туулж дайтаад зогсохгүй олон арван жилээр, тэр ч байтугай бүхэл бүтэн гурван үеийн турш зогсолтгүй тулалдан тэмцэхэд сургасан юм. Монгол цэргийн 25 жилийн хугацаанд дайтан эзэлсэн улс орон, хүм ам нь дөрвөн зуун жилийн туршид Ромчуудын эзэлснээс ч хол давсан байна. Чингис хаан өөрийн хүүхдүүд, ач нартайгаа 13 дугаар зууны хамгийн шигүү суурьшсан, олон хүн амтай улс орнуудыг эзэлсэн нь түүнд өртсөн хүн, дагаар орсон улс орон, эзэлж авсан газар нутгийн хувьд түүхэнд нэр алдраа дуурсган үлдсэн өөр хэнээс ч хоёр дахин илүү гардаг юм. Монгол морьдын туурайнд Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэлх бүх гол мөрөн, нуур цөөрмийн ус цалгилж байлаа. Хүчирхэгжин мандах үедээ 11-12 сая хавтгай дөрвөлжин бээр газрыг эзэлж байсан Монголын эзэнт гүрэн цар хэмжээгээрээ Африктай дүйж Карибын тэнгис дахь арлын улсууд, Төв Америк, Канад, Мексик, АНУ-ыг оролцуулсан Хойд Америкаас ч давсан байлаа. Түүнд мөс цасанд даруулсан Сибирээс халуун дулаан цаг ууртай Энэтхэгийн хөндий, Пакистаны тутаргийн талбайгаас Унгарын улаан буудайн тариалан, Солонгосоос Балканы хойг хүртэл үргэлжилэх асар өргөн уудам нутаг багтаж байлаа. Монголчуудад эзлэгдсэн тэдгээр нутагт өдгөө гурван тэрбум гаруй хүн ам бүхий 30 гаруй улс орон оршиж амьдарч байгаа юм. Энэхүү амжилтын гайхалтай тал бол нийт монголчууд нэг сая хүрэхгүй өөрөөр хэлбэл өнөөгийн аль нэг компанийн ажиллагсдаас хавьгүй цөөн байсанд байгаа юм. Энэхүү нэг сая хүнээс Чингис хаан нэг бумаас илүүгүй зоригт эрсийг шилж армиа бүрдүүлсэн нь орчин цагийн хөл бөмбөгийн томхон цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх төдий билээ.
Америкийн амьдралын жишээнд тулгуурлан Чингис хааныг ойлгоё гэвэл АНУ-ыг мэдлэг боловсрол бүхий худалдаачид, чинээлэг тариачид бус харин тэдний бичиг үсэггүй зарц нарын хэн нэг нь хувийн зан чанар, онцгой зүрх зоригийн хүчээр Америк орныг байгуулж, харийн дарлалаас чөлөөлөөд зогсохгүй, хүн ардыг нь нэгтгэн бичиг үсэг, үндсэн хуулийг зохиож шүтэх бишрэх гэх мэт хүний түгээмэл эрх чөлөөг тунхаглан, цэрэг дайны цоо шинэ арга барилыг нэвтрүүлж Канадаас Бразил хүртэл их цэрэг хөдөлгөн олон тивийг дамжсан чөлөөт худалдааны бүсүүдийг үүсгэн арилжаа наймааны том захуудыг нэээсэн гэсэн үг билээ. Чингис хааны хийж бүтээсэн зүйлсийг аль ч түвшинд ямар ч байдлаар үзсэн цар хэмжээний хувьд хэн хүний сэтгэлд үл багтах бөгөөд эрдэмтэд судлаачдын тайлбарыг эрхбиш шаардах зүйл юм.
Чингис хааны морьт цэргүүд 13 дугаар зууныг туулахдаа тив дэлхийн хил хязгааруудыг өөрчлөн шинэчилсэн юм. Тэр хад чулууг бус улс үндэстнүүдийг бүтээн бий болгож байлаа. Чингис хаан олон жилийн туршид хаант улсуудыг нэгтгэн илүү том хүчирхэг гүрнийг байгуулсан юм. Дорнод Европт монголчууд славьянийн арав гаруй вант улс, хотуудыг Орос оронд нийлүүлсэн. Зүүн Азид зүүн талаараа Манжуур дахь Зүрчдийн нутаг, баруун талаараа Түвд болон говьтой хил залган Тангуд улсыг, зүүн Туркестаны Уйгурын нутагтай Сүн улсын үлдэгдлийг нэгтгэн гурван үеийн туршид Хятад улсыг эмхлэн байгуулсан юм. Монголчууд эзэмшил нутгаа тэлж өргөжүүлэхийн хэрээр тэдний тогтоосон хил хязгаарыг орчин цагт бараг тэр хэвээр нь хадгалж хоцорсон Солонгос, Энэтхэг улсууд үүссэн. Чингис хааны эзэнт гүрэн ойр хавийнхаа олон соёл иргэншлийг дэлхийн шинэ журамд холбон нэгтгэсэн юм. 1162 онд түүнийг мэндлэх үед хаяа дэрлэсэн хөршөөсөө бусдын соёл иргэншлийн тухай үл мэддэг бүс нутгийн соёл иргэншлүүдээс дэлхийн хуучин дэг журам бүрдэж байсан. Хятадууд Европыг, Европчууд Хятадын тухай дуулаагүй, тэдний хооронд хэн ч аялан зорчоогүй үе байсан.
Тэгвэл Чингис хаан 1227 онд бие барахын цагт тэдгээр орнуудад дипломатын болон худалдааны хэлхээ холбоо тогтсон нь өдгөө хадгалагдсаар байна. Тэр ихэс дээдсийн хэргэм зэрэг, эрх ямба, угсаа гарвал гэх мэт феодалын тогтолцоог халж хувь хүний гавьяа зүтгэл, үнэнч шударгуу байдал, ололт амжилтад тулгуурладаг шинэ тогтолцоог бий болгосон юм. Торгоны зам дагуух худалдаа наймааны тархай бутархай, уйтгар төрүүлэм нам гүм суурингуудыг түүхэнд хамгийн том чөлөөт худалдааны бүсүүд болгож өөрчилж хувиргасан билээ. Тэр бүх хүний албан татварыг бууруулж, эмч, багш, санваартнууд болон сургууль, боловсролын газруудыг татвараас бүрэн чөлөөлсөн юм. Тэр байнгийн бүртгэл тооллого явуулдаг болгож анх удаа олон улсын шуудангийн үйлчилгээг зохион байгуулсан юм. Түүний байгуулсан эзэнт гүрэн, эд агуурс, хөрөнгө баялагийг хураан цуглуулах бус дайны талбарт олзолсон зүйлсийг арилжааны эргэлтэд оруулахын тулд өргөн хэмжээгээр тараан хуваарилдаг байлаа.Тэр олон улсын хуулийг анхлан бий болгож бүх хүн мөнх хөх тэнгэрийн зарлигт сөгдөн мөргөх болгосон. Ихэнх захирагч өөрсдийгөө хуулиас дээгүүр тавьдаг бол Чингис хаан ихэс дээдэс, дорд малчныг ч хуулийн өмнө адил тэгш хариуцлага хүлээхийг шаарддаг байлаа. Ямар ч шашинтан байсан шудрага ёсыг нийтээр дагаж мөрдөхийг харьяат албаддаа шаарддаг, тэр эзэмшил нутгаа шүтэж бишрэх эрх чөлөөг бүрэн хангасан юм. Тэр хуулийг дээдлэхийг шаардаж тамлан зовоох явдлыг эгнэгт арилгасан боловч тонуулч дээрэмчид, алан хядагчдыг илрүүлж устгахад чиглэсэн томоохон ажиллагаа явуулж байсан юм. Тэр барьцаалахаас зайлсхийж, дайтаж байхдаа ч дайсагнагч этгээдийн элчин сайд, элч төлөөлөгчдөд хүртэл үл халдах дипломат дархан эрхийг эдлүүлэх эрхэм заншлыг хэвшүүлсэн юм.
Чингис эзэнт гүрнийхээ тулгуурыг бат бэх бүрдүүлсэн болохоор төр улс нь түүнээс хойш 150 жил хүчирхэгжин өргөжсөн бөгөөд дараа дараагийн зуунд сарнин задарсан боловч үр сад нь олон хэсэгт хуваагдан гүрэн улсаа удирдаж Орос, Турк, Энэтхэг, Хятад мэтийн том гүрнүүдийг захирсаар байсан юм. Тэд хаан, эзэн хаан, султаан, шах, эмир болон далай лам гэх мэт цол хэргэм эдлэсээр байсан. Түүний угсаа залгамжлагчид эзэнт гүрний голомтыг долоон зууны туршид тэргүүлсэн билээ. Британичууд Бахадур шах II-ыг хөөн зайлуулж хоёр хүү, ач хүү нарынх нь толгойг авах хүртэл Моголчууд хэмээгдэн Энэтхэгийг захирсан. Чингиё хааны угсаа залгамжлагч нарын сүүлч Бухарын эмир Алимхаан Зөвлөлтийн улаан хувьсгалын түрлэгт автагдан 1920 онд эрх мэдлээ алдах хүртлээ Узбекстаныг захирч байлаа.
Олон булаан эзлэгчдийг түүх буруушаан зэмлэж амь насыг нь егүүтгэсэн. Их Александр 33 насандаа Вавилионд учир битүүлгээр амиа алдсан бол албатууд нь түүний гэр бүлийнхнийг егүүтгэн, газар нутгийг нь эзэмшсэн. Юлья Цезарийг хамтран зүтгэгчид, урьдын холбоотнууд нь Ромын сенатын тэнхимд хутгалан хөнөөсөн. Устгал, сүйтгэл, бослого самууныг даван туулсан ч ганцаардаж цөхөрсөн Наполеон энэ гаригийн хамгийн буйд нэгэн аралд орь ганцаар хоригдсоор хорвоог орхисон. Гэтэл Чингис бараг 70 насыг насалсан ч цэргийнхээ хүрээнд, гэртээ, дотны хайртай хүмүүс, анд нөхөд, түүний тушаалаар эзнийхээ төлөө амиа өргөхөд бэлэн үнэнч цэрэг эрсийнхээ дунд бие барсан юм.
Тангуд улсыг дайлаар мордсон 1227 оны зун Шар мөрний эхэнд Чингис хаан бие барж үхэл, өвчин зовлонг цээрлэдэг монголчуудын ярьдагаар тэнгэрийн оронд морилсон. Түүний чухам юуны учраас нас барсныг чандлан нууцласан явдал дараах жилүүдэд олон янзын таамаг гаргасан бөгөөд домог болсон эдгээр яриа цагийн аясаар түүхэн баримт мэт ойлгогдож ирсэн. Монголд ирсэн Европын анхны элч Плано Карпинийн бичсэнээр Чингис хааныг аянганд ниргүүлсэн гэдэг. Чингисийн ач хүү Хувилай цэцэн хааны үед Монголоор үлэмж их аялсан Марко Поло түүнийг өвдгөндөө нум сумны шарх авснаас өөд болсон гэж тэмдэглэсэн. Зарим нь үл мэдэгдэх дайсанд хорлогдсон ч гэлцдэг. Өөр нэгэн зохиолд түүнийг Тангудын хааны ид шидийн хүчинд хөнөөгдсөн мэтээр өгүүлсэн бий. Чингис хаанаас нүүр буруулж зугтаад олзлогдсон тангуд хатантай хавьтах гэтэл түүний бэлэг эрхтэндээ нуусан мэсэнд нь өртөж эр эрхтнээ тасдуулснаас зовж нас барсан гэдэг.
Түний бие барсан талаархи дээрхи бүх яриа ор үндэсгүй бөгөөд төрсөн гэртэйгээ нэн адил талын нүүдэлчний өргөөндөө жанч халсан нь тэр ард түмнийхээ ёс заншлыг хичнээн амжилттай хадгалж байсныг гэрчилнэ. Амьдралынхаа хэв шинжийг хадгалж үлдсэн тэрбээр хүний нийгмийг хэрхэн хувирган өөрчилж чадсан нь бас нэгэн гайхамшиг гэлтэй. Чингисийн цэргүүд өөд болсон хааныхаа цогцсыг төрлөх монгол нутагт нь хөдөөлүүлэхээр чандлан хамгаалж авчирсан юм. Шадар нөхөд нь төрлөх нутагт нь нууцаар оршуулан чухам хаана нутаглуулсныг нь илтгэх бунхан, сүм дугана, цац суварга, булшны хөшөө чулуу ч тавиагүй аж. Нас нөгчсөн хүний цогцсыг хөндөлгүй амар амгалан орхидог монгол заншлын дагуу тул сүнс нь тэнд үлддэггүй болохоор хөшөө дурсгал босгох хэрэг ч үгүй билээ. Тийнхүү оршуулснаар Чингис хаан анх ирсэн өргөн уудам тал нутгийнхаа хөрсөнд чимээ аниргүй шингэсэн байна. Чухам хаана нутаглуулсан нь хэнд ч үл тайлагдах оньсого болон үлдсэн бөгөөд баттай мэдээ нэгэнт үгүй болохоор хүмүүс домог түүх зохион нэмэр хачир оруулж ярьсаар иржээ. Олонтаа давтагддаг ярианаас үзэхэд их хааныг хөдөөлүүлэх ажлыг хянасан цэргүүд дөч хоногийн газарт таарсан бүх хүн амьтдыг устгаад тэр газарт 800 морьтон давхиулж ул мөрийг далдалсан. Уг газрыг нууцлах үүднээс тэдгээр морьтон цэргүүд ч дараа нь алагдсан ажгуу. Төрлөх нутагт нь хөдөөлүүлсний дараа хэдэн зуун бээрийн газрыг онголж гэр бүлийнхэн болон чанадлан сахих цэргүүдээс өөр хэнийг ч очихыг эгнэгт хориглосон гэдэг. Их хориг гэдэг энэхүү газар омогшин цохилох Азийн цээжнээ найман зууны туршид чанадлан нууцлагдаж үлджээ. Чингисийн эзэнт гүрний бүх нууц түүний нууцлаг газар нутагт хадгалагдан үлдсэн мэт санагддаг. Монголын эзэнт гүрэн бутарч сарниснаас хэзээ хойно харийн цэргүүд тус орны зарим хэсгийг эзэлсэн ч монголчууд ихэс дээдсийнхээ онголсон ариун өлгий нутагт тэднийг ойртуулаагүй билээ. Монголчууд аажимдаа бурхны шашинд дагаар орсон ч тэдний хойч үеийнхэн тэр нутагт онгоныг таниулах ямар нэг сүм дуган барих, дурсгал босгохоос зайлсхийж иржээ.
Чингис хааны төрсөн нутаг, онгон газар нь улс үндэстнээ гэх итгэл зоригииг хөгжөөн дэвэргэх хүчин зүйл болгохгүйн тулд зөвлөлтүүд 20 дугаар зуунд нууцаар хянаж цагдсаар байлаа. Их хориг гэж нэрлэх буюу Чингис хаантай холбоо бүхий аль нэгэн түүхт нэрийг дурдахын оронд зөвлөлтүүд албан тушаалтны хүрээнд бол хатуу чанд хориотой нутаг хэмээн нэрлэдэг байв. Засаг захиргааны хувьд уг нутгийг орон нутгийн мэдлээс салгаж засгийн газрын мэдэлд шилжүүлж Москва хатуу хянадаг байлаа. Зөвлөлтүүдийн онц хориотой гэдэг нэг сая га талбайн эргэн тойронд нь мөн төдий хэмжээний нутагт хориотой бүс тогтоосон байна. Коммунист дэглэмийн үед энэ нутгаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор засгийн газраас тэнд ямар нэг зам харгуй тавилгүй нийслэл Улаанбаатар хот болон мөнөөх хөл хориотой нутгийн хооронд магадгүй цөмийн зэвсэг агуулж байсан байж мэдэх зөвлөлтийн хатуу харуул хамгаалалт бүхий сөнөөгч нисэх онгоцны хороог байршуулжээ. Хориотой нутаг тийш нэвтрэх замыг хааж зөвлөлтийн танкийн анги байрласан нь тэр хавьд артеллерийн буудлага, танкийн тулалдааны сургуулилт хийдэг байжээ. Монголчууд техникийн шинэ дэвшил гаргаагүй, шинэ шашин ч үүсгээгүй, цөөн хэдэн ном, жүжиг туурвисан боловч дэлхийн сонорт хүрэх үр тарианы шинэ сорт, хөдөө аж ахуй эрхлэх өвөрмөц арга барил нэвтрүүлсэнгүй. Гар урчууд нь бөс даавуу нэхэж, төмөрлөг эдлэл цутгаж сав суулга хийдэггүй, талх ч барьдаггүй хүмүүс билээ. Тэд шаазан эдлэл, гүц, аяга таваг ч хийдэггүй, зураг зурж байшин барилга ч барьдаггүй. Гэхдээ цэрэг зэвсгийн хүчээр өвөрмөц ондоо соёлтой улс орнуудыг эзлэн дагуулж, тэдгээрийг дархлан бүтээх ур чадвартнуудыг нэгтгэн цуглуулж, авьяас чадлыг нь үеэс үеэд өвлүүлж иржээ.
Чингис хааны барьж босгосон байнгын гэхээр байгууламж бол гүүр л байдаг. Хэрэм цайз, хот сууринг эзэлж, нутаг орнуудыг хөндлөн гулд туулахдаа тэр өөр бусад хэнээс ч олон гүүр барьж байгуулсан биз. Цэрэг зэвсгийн уналага хөсгөө саадгүй түргэн зорчуулахын тулд зуу зуун гол мөрнийг гаталж явсан бөгөөд монголчууд бараа бүтээгдэхүүнд бус мэдлэг, үзэл санааны шинэ арилжаанд дэлхий ертөнцийг нээлттэй болгосон юм. Монголчууд германы уурхайчдыг хятадад, хятад эмч нарыг Персд аваачсан. Тийнхүү соёлыг түгээж дамжуулсан нь асар томоос эхлээд өчүүхэн жижгийг хүртэл хамарч байлаа. Тэд очсон газар бүртээ хивс хэрэглэхийг зааж, нимбэг, лууванг Персээс хятадад, хөзөр, гоймон цайг хятадаас өрнөдөд нэвтрүүлсэн юм. Тэд Парисын төмрийн дархныг монголын хуурай тал нутагт авчирч усан оргилуур хийлгэж, Английн сурвалжит язгууртныг их цэрэгтээ хэлмэрчээр ажиллуулж, хурууны хээг ашигладаг хятадын аргыг персид нэвтрүүлж байлаа. Тэд хятадад христосын, персид буддын сүм дуган, цац суврагууд, орост лалын коран судлах сургуулиудыг барьж байгуулах ажлыг ивээн тэтгэж санхүүжүүлдэг байлаа. Монголчууд дэлхийн талыг булаан эзэлсэн ч иргэншлийн хувьд хэнтэй ч зүйрлэмгүйгээр соёлыг түгээж дамжуулдаг байлаа.
Чингисийн эзэнт гүрнийг өвлөн авсан монголчууд бараа бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэх, урьд үзэгдээгүй нээлт гаргахуйц хэмжээнд цоо шинэ бүтээгдэхүүн бий болгож, улмаар тэдгээрийг хооронд нь хольж хослуулах талаар шаргуу үйл ажиллагаа явуулж байв. Тэдний хятад, перс, европ гаралтай уран дархчуудыг хятад дарийг хольж галт дүүгүүр хийдэг, европчуудын ширмээр хонх цутгадаг аргатай хослуулсанаар хожим гар буунаас далавчит пуужинг хүртэлх орчин цагийн зэвсгийн олон төрлийг бий болгосон техникийн шинэ нээлтийг гаргасан юм. Бүх бүтээлд өөр өөрийн ашиг тус байх хэдий ч монголчууд тэдгээрийг олж хараад өвөрмөц шинэ хувилбарыг бүтээхээр техник технологитой уялдуулан холбож өгсөн юм. Монголчууд улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээнд үнэхээр олон улсын шинжтэй үйл ажиллагаа явуулж байлаа.Тэд дэлхийг байлдан дагуулаад зогсохгүй чөлөөт худалдаа, олон улсын түгээмэл хууль, бүх хэлээр уншиж, бичих боломжтой нийтлэг бичиг үсэгт үндэслэсэн дэлхийн шинэ дэг журам тогтооход чармайж байлаа. Чингис хааны ач Хувилай хаан хаана ч хэрэглэх боломжтой цаасан мөнгө бий болгож хүн бүрийг бичиг үсэгт тайлахаар бүх хүүхдэд түгээмэл суурь боловсрол олгох бага сургуулиудыг байгуулахад зорьсон байна. Монголчууд урьд өмнөхөөс илүү оновчтой түмэн жилийн цаглабар бүтээхээр шинжлэн судалж, боловсронгуй болгож, хамгийн том хэмжээтэй газрын зураг бүтээсэн юм. Тэд худалдаачдыг эзэнт гүрэнд хуурай замаар аялан очихыг хөхиүлэн дэмжиж, арилжаа наймаа, диломат харилцааг өргөжүүлэх зорилгоор эх газраар болон усан замаар хайгуулчдаа Африкт хүртэл илгээж байлаа.
Монголчуудын хүрч очсон бараг бүх оронд мэдэгдэж танигдаагүй зэрлэг овгийн булаан эзлэлтийн дараах эвдрэл сүйтгэлийн учруулсан гэнэтийн цочрол нь төдөлгүй соёлын харилцаа холбоо урьд байгаагүй хэмжээгээр өргөжиж худалдаа арилжаа, соёл иргэншил өсөн нэмэгдэхэд хүргэсэн байдаг. Монголчууд Европт сурвалжт тайж нарыг хөнөөн устгасан бөгөөд хятад, мусламан шашинт улсуудтай харьцуулахад үгүйрч ядуурсан тэдний хот суурингуудыг эзэлж, газар орныг нь тонон дээрэмдэж өргөжин тэлж буй эзэнт гүрэндээ дагаар оруулж нэгтгэхийг огтхон ч хүсээгүй юм. Ийнхүү зовж зүдэрсэн ч гэсэн Венецийн худалдаачин Пологийн гэр бүлээр дамжуулан харилцаа тогтоосны ашиг тусыг Европ хүртсэн бөгөөд Монгол умард Европын хаад, пап лам нартай элч төлөөлөгч солилцдог болсон юм.
Шинэ техник, мэдлэг, арилжаа наймааны эд баялаг нь европчуудын өмнөх соёлыг дахин нээж, сэргэн мандлыг бий болгосон боловч хамгийн чухал нь дорно дахинаас хэвлэлийн технологи, галт зэвсэг, луужин, сампинг авсан юм. Английн эрдэмтэн Рожер Баконийн тэмдэглэснээр 13 дугаар зуунд монголчууд цэргийн урлагт шалгарсан төдийгүй, шинжлэх ухааны талбарт ихээхэн амжилт олсон.Тэд дайтахад ямагт бэлэн байдаг, гүн ухааны үндсэн зарчмуудыг судлахад чөлөөт цагаа зориулж байснаас тийнхүү хоршсон аж. Монголчуудын нөлөөгөөр дундад зууны сэргэн мандлын үед техник технологи, цэрэг дайн, хувцас хэрэглэл, арилжаа наймаа, хоол хүнс, урлаг утга зохиол, хөгжим гэхчилэн европчуудын аж амьдралын бүх хүрээнд өөрчлөлт гарсан юм. Европчууд монгол бөс даавуу хэрэглэж цувцаа дээлийн оронд өмд, хүрэм өмсч хөгжим тоглохдоо ч хуруугаараа утас татах бус тал нутгийнхны адил нумаар хөрөөдөх болгож зургаа ч өөрөөр бүтээж эхэлсэн байна. Дайтах шинэ арга барилаас гадна шинэ машин, шинэ хоол хүнс, өдөр тутмын амьдралын ердийн талууд ч өөрчлөгдөж эхлэв.
Европынхон монголчуудын бие биенээ уухайлан түрж зоригжуулдаг уриа дуудлагыг ч авсан байна. Монголчуудын ололт амжилт энэ мэтээр арвин баян болохоор английн зохиолч Жеофри Чаусер “Кантиберрийн түүх” хэмээх бүрэн хэмжээний бүтээлээ Азийн эзлэн түрэмгийлэгч Чингис хаанд зориулсанд гайхах зүйл үгүй билээ. Их хаанд түүний амжилт ололтод айн сүрдсэнээ тэр нууж хаалгүй бичсэн юм. Сэргэн мандалтын үеийн мэдлэг боловсролтой хүмүүс монголчуудын тухай ийн бичиж байхад дэлхийн тэн хагас нь тэднийг цусанд улангассан зэрлэгүүдийн дүр төрх хэмээн үзсээр байдаг нь гайхалтай. Ж.Чаусер, эсвэл Барон нарын бидэнд үлдээсэн монголчуудын дүр төрхийг Чингис хаан түүний цэргүүдийг алт мөнгө, авгай хүүхэн, цусны төлөө улайран зүтгэгч, догшин хэрцгий зэрлэгүүд мэтээр үздэг сүүлийн үеийн ном киноны дүрслэлтэй адилтгах зүйл тун бага юм.
Чингис хааны зураг хөргийг маш олон гаргасан ч түүнийг амьд сэрүүн цагт нь бүтээсэн зураг үгүй билээ.Түүхэнд нэр нь үлдсэн булаан эзлэгчдийг бодоход Чингис хаан хөргөө зуруулж барималаа бүтээлгэн, дүрээ, эсвэл нэрээ зоос мөнгөнд үлдээж байсангүй. Өдгөө үлдсэн түүний зураг нь мэдээлэл өгөхөөсөө илүү эргэлзээ төрүүлдсэг бөгөөд Чингис хааны тухай монголын орчин үеийн нэгэн дуунд бид таныг сэтгэлдээ төсөөлдөг, санаанд маань юу ч үлдээгүй хэмээн өгүүлдэг билээ.
Чингис хааны хөрөг зураг Монголд тэмдэглэгдэж үлдсэн түүхэн баримт үгүй болохоор дэлхий нийтээр түүнийг аль хүссэнээрээ дүрсэлдэг. Түүнийг бие барснаас хойш хагас зууны туршид хэн ч зураг хөргийг нь бүтээж зүрхлээгүй бөгөөд эдүгээ улс орон бүр өөр өөрийнхөөрөө дүрсэлдэг. Хятадууд түүнийг шингэн сахалтай, зөөлөн дүр төрхтэй, юуг ч үл өгүүлэх харцтай өвгөнөөр дүрсэлдэг бол персийн зураачид сэнтийд заларсан Туркк Султан, европчууд догшин сүртэй, хурц ширүүн харцтай, бүхий л байдлаараа муухай, зэрлэг нэгэн хэмээн дүрсэлдэг.
Монголчуудын нууц нь Чингис хаан, түүний эзэнт гүрний тухай бичихийг хүсэх ирээдүйн түүхчдийн өмнө амаргүй зорилтыг бий болгодог билээ. Намтар цадиг бичигчид, түүхчдэд туурвил бүтээлээ үндэслэх зүйл тун бага, түүнд эзлэгдсэн хотууд, ялагдсан армиудын цаг хугацааны товчоон байдаг боловч түүний гарал үүсэл, зан чанар, зорилго тэмүүлэл, хувийн амьдралынх нь талаар баттай мэдээлэл бага. Чингис хааныг бие барсны дараа түүний ойр дотны хэн нэг нь амьдралынх нь талаар бичиж нууцлан хадгалсан зэрэг батлагдаж нотлогдоогүй цуу яриа олон зууны турш яригдсан. Хятад, персийн эрдэмтэд нууц баримт бичиг байдаг тухай дурдан Монголын эзэнт гүрний мандлын үед үзсэн гэж зарим нэг нь ярьдаг.Чингис хааныг бие барснаас хойш барагцаалбал зуун жилийн дараа персийн түүхч Рашид-ал-Они тэрхүү баримт бичгийг монгол үсэг, үг хэллэгээр бичигдсэн жинхэнэ цадиг товчоо гэж бичсэн билээ. Хааны санд хатуу хамгаалалттай, гадныхнаас нууцлан хадгалагдсан гэж түүний бичсэн уг судар монгол эхийг ойлгох, тайлж унших чадвартай хэнд ч тийм боломж олдоогүй.. монголын засаглал задарч унасны дараа мөнөөх нууц судрын ул мөр нэг үе алдарсан тул олон эрдэмтэн тийм зүйл огт байгаагүй, Чингисийн талаархи олон домгийн нэг л байсан биз гэж бодоход хүрсэн байна.
Орон орны зураачид өөр өөрийнхөөр төсөөлөн зурдаг шиг эрдэмтэд мөн тэгж бичдэг. Солонгосоос эхлээд Армянийн эрдэмтэд Чингисийн амьдралыг нууцлаг домог болгон гоё сайхан домгийг зохиосон юм. Найдвартай мэдээлэл үгүй болохоор тэд өөрсдийн айдас, таамгийг илэрхийлсэн байдаг.Зуу зуун жил улиран одоход эрдэмтэд Александр, Цезарь, Чарли Маше, Наполеоны үйлдсэн харгислал, булаан эзлэлтийг хүрсэн амжилтыг нь түүхэнд гүйцэтгэсэн үүрэгтэй нь жишин харьцуулдаг боловч Чингис хааан, монголчуудын олсон амжилт нь мартагдаж, үйлдсэн гэм, догшин хэрцгий байдлыг нь дөвийлгөдөг байна. Тэгсэнээр Чингис хааныг цусанд дуртай, өршөөл энэрэлгүй, зөвхөн өөрийнхөө төлөө бүхнийг устган сөнөөгч, догшин зэрлэг нэгэн мэтээр ташаа ойлгох болжээ. Чингис хаан, түүний үр ач нар, цаашилбал Азийн ард түмнүүдийн соёл иргэншилт хүмүүс биш нэгэн зүйлийн шог амьтас болгон дүрсэлжээ.
18 дугаар зууны эцэст гэгээрэн тодрох үеэс Вольтерийн Чингис хааны хятадыг булаан эзэлсэн тухай өгүүлдэг “Өнчин хятад” хэмээх жүжигт энэхүү аюумшигт анхандаа хаадын хаан гэгддэг догшин хэрцгий Чингис Азийн уудам нутгийг зэлүүд хоосон газар болгосон хэмээн өгүүлдэг. Чаусер Чингис хааныг магтан дуулсан бол Вольтер аюултай, хаадын толгойг бахдалтаяа таслагч, хөнөөн сүйтгэгч, “тахир сэлэм гартаа атгаж зэвсэг агссан, цусан зам татуулсан цэргээс өөр хэн ч биш” /1 дүгээр үзэгдэл, 1 дүгээр хэсэг/. Вольтер Чингис хааныг илүү өндөр хөгжилтэй хавь орчныхоо улс оронд дургүйцсэн, боловсон, хөгжилтэй эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ойлгохгүй зүйлээ устгах зэрлэг балмад хүсэлдээ хөтлөгдсөн үзэн ядагч гэж дүрсэлдэг. Чингисийн овог аймаг, тартар, татар могал, могол, моал болон монгол гэх мэт янз бүрээр нэрлэгдсэн ч тэд бүгд доромжлол, дорд үзсэн агуулгатай байлаа. 19 дүгээр зууны эрдэмтэд азийнхан, америкийн индианчуудыг дорд гэж харуулахын тулд монголоид хэмээн нэрлэдэг байв. Дээд төрөлт цагаан арьстан эмэгтэй юуны учир тахир дутуу хүүхэд төрүүлэх болсон тухай тайлбарлахдаа хүүхдийн нүүр царайны төрхөөр уг хүүхдийн эцэг өвгөдийн аль нэгийг монголын цэргүүд хүчирхийлж байсны шинж хэмээн үздэг болсон юм. Тэдгээр зэрэмдэг хүүхдүүд цагаан арьстан биш монголжуу төрхтэй байна. Арьсны үзэлтэй ..налистууд хөрөнгө мөнгө зарцуулан ардчилсан бус, эрх тэгш үнэт зүйлсийг харуулахын тулд перс хэлээр монголчуудыг нэрлэдэгчлэн могол хэмээх болсон байна. Нэг үе аливаа улс үндэсний болохгүй бүтэхгүй бүхний шалтаг нь монголчууд болсон. Оросууд өрнөдийн техник, японы эзэнт гүрний цэргийн хүчийг гүйцэхгүй болохоор Чингис хаан татарын боолчлолын дөнгө бий болгосон, персүүд хил залгаа улс орнуудаасаа хоцрох тохиолдолд монголчууд усжуулах байгууламжийг сөнөөж устгасан, хятад улс япон болон европоос хоцрох үед монголчууд болон манжийнхан усжуулах байгууламж устгасантай, энэтхэгчүүд английн колончлогчдыг эсэргүүцэж чадаагүйгээ монголчуудын засаглалын хомхой шуналтай холбон тайлбарладаг байв. 20 дугаар зуунд арабын улс төрчид, мусламан шашинтнууд гайхамшигт номын сангууд шатаж, хотуудыг нь газартай тэгшлээгүй бол америкчуудаас өмнө атомын бөмбөгийг нээх байсан гэдэг. Америкийн бөмбөг, пуужингууд Талибанчуудыг 2002 онд Афганистанаас хөөн гаргах хүртэл талибаны цэргүүд америкийн эзлэн түрэмгийллийг монголчуудтай адилтгаснаар найман зууны турш афганистанд нутагласан монгол цэргийн үр удам болох олон мянган хазарчуудыг уур хилэнтэйгээр нухчин дарсан юм. Дараах жил нь дарангуйлагч Саддам Хуссейн сүүлийн удаа иракчуудад хандан үг хэлэхдээ өөрийг нь түлхэн унагасанд, эх орныг нь эзлэн түрэмгийлэхийг санаархсан америкчуудыг монголчуудтай адилтган буруушаасан.
Улс төрийн хэл яриа, хэт шинжлэх ухаандах эрдэмтдийн төсөөлөл дунд Чингис хааны үнэн түүх далдлагдан дараа үеийг хүртэл нууцлагдан хоцорсон. Түүний төрсөн, засгийн эрх мэдлийг гартаа авсан нутгийг эрэлхэг дайчин баатрууд нь өмнөх зуунд чанадлан нуусан шиг 20 дугаар зууны коммунистууд гадаад ертөнцөд хаалттай байлгасан юм. “Монголын нууц товчоо” хэмээх баримт бичиг анх нууц далд байсан төдийгүй Чингис хааны онгоноос өөрцгүй түүхийн гүнд уусан алга болсон юм. Чингис хааны зарим нууцыг тайлж түүний талаархи зарим түүхийн тэгшлэх санаанд оромгүй боломжийг 20 дугаар зууны хоёр хэрэг явдал олгосон. Эхнийх нь Чингис хааны сураг алдарсан үнэн түүхийг өгүүлсэн гар бичмэлийг олдсон явдал юм. Монголчуудыг үл таалж, эс ойшоогчдын эндүү ташаа төсөөлөл байсан ч Чингис хааны амьдралыг өгүүлдэг домогт монгол бичвэр тааралдсан тухай эрдэмтэд олон зууны турш үе үе дурдаж ирсэн юм. Устаж үгүй болоход дөхөж нэн ховордсон зарим амьтан, шувууны адил ам дамжсан олдвор шинжлэх ухааны судалгааг бус харин үл итгэх хардлагыг дагуулсан юм. Эцэст нь 19 зуунд хятад үсгээр тэмдэглэгдсэн нэгэн сурвалж бичиг Бээжинд олдсон байна. Эрдэмтэд хятад бичгийг тайлж уншсан ч 13 дугаар зууны монгол дуудлагыг хятад галигаар тэмдэглэснээс үгнүүд нь огтхон ч ойлгогдохгүй байлаа. Эрдэмтэд бүлэг бүрийг дагалдуулан хятад хэлээр бичсэн хураангуйн багахан хэсгүүдийг уншихаас уг баримт бичгийг бүхэлд нь тайлж чадахгүй байлаа. Уг баримт бичгийн нууцлаг далд байдлыг үндэслэн эрдэмтэд монголын түүхийн нууц товчоо хэмээн нэрийдсэн нь өнөө хэр уламжлагдан хадгалагдсаар байна.
20 дугаар зууны дийлэнхэд монголын нууц товчоог тайлж унших нь Монголд нэн осолтой байлаа. Коммунист эрх баригчид уг номын хуучны шинжлэх ухаанч бус, социалист биш агуулга буруу нөлөө үзүүлж болзошгүй хэмээж олон түмнээс, эрдэмтэд судлаачдаас түүнийг нууцалж байлаа. Гэвч Монголын нууц товчоог тойрон эрдэмтдийн нууц үйл ажиллагаа идэвхижсэн талын малчдын хотонд шинэхэн олдсон түүхийн талаар амнаас ам дамжин хотноос хотонд яригдаж байлаа. Тэд монгол хүний үүх түүх, төөрсөн санаа бодлоор бичсэн түүх эцсийн эцэст олдлоо. Монголчууд ойр хавийнхаа өндөр хөгжилтэй улс орнуудаа халдан довтолдог зэрлэгүүд төдий байсангүй. Монголын малчдын хувьд монглын нууц товчоо ард түмний итгэл найдвар урам зориг төрүүлэхээр эргэж ирсэн Чингис хаанаас өвлөгдсөн мэт санагдаж байлаа. Дал гаруй жил анир чимээгүй байсны дараа тэд түүний үгийг дахин сонсох боллоо. Коммунист эрх баригчид хичнээн дарангуйлсан ч монголчууд тэдгээр үгсийг дахин алдахгүйгээр зориг шулуудсан мэт байлаа. 1953 онд Сталины өөд болсны дараа хэсэг зуур улс төр зөөлөрч 1961 онд монгол улс НҮБ-д элссэнээр зоригжин эх түүхээ дахин судалж эхэлсэн. 1962 онд тус улс Чингис хааны мэндэлсний 800 жилийг тэмдэглэхээр шуудангийн цуврал марк хэвлүүлэв. Засаг төрийн дээд удирдлагад хоёрдугаар хүн гэгддэг Төмөр-Очир Чингис хааны 800 жилийг тохиолдуулан Онон мөрний эрэгт төрсөн газрыг нь тэмдэглэхээр бетон хөшөө босгох шийдвэр гаргав. Түүхэнд монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн сайн хийгээд саар талуудад үнэлэлт өгөх эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Шуудангийн марк болон хөшөөн дээрхи дан зураасаар зурсан хөрөг ч оройдоо Чингис хааны алдагдсан 9 хөлт цагаан тугийг дүрсэлсэн байв. Найман зууны дараа цагаан сүлд монголчууд болон түүний эзэлж явсан орнууд сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн бол оросууд дахин үндэсний үзэл, салгашгүй түрэмгийллийг дүрсэлсэн шуудангийн марк гэж үзсэн юм. Дагуул улс нь бие даасан замыг сонгож монголын нэгэн хөрш хятадын талд орж болзошгүй хэмээн эмээсэн оросууд ер бүсын ихээр уурсан монголын коммунист эрх баригчид шуудангийн марк болон эрдэмтдийг дарангуйлж, Чингисийг бурханчилж шүтэх хандлага гарсан хэмээн намын удирдагчид үзсэн учир Төмөр-Очирыг албан тушаалаас нь зайлуулж нутаг зааж цөлөөд эцэст нь сүхээр цавчиж алсан юм. Намынхаа дотор цэвэрлэгээ хийсний дараа коммунистууд намын эсрэг бүлэг, хятадын тагнуул, хорлон сүйтгэгч, хортон шавьж гэж нэрлэгдсэн эрдэмтдэд анхаарал хандуулж улмаар үндэсний эсрэг кампанит ажиллагаа өрнүүлж археологч Пэрлээг Төмөр-Очирын багш, монголын эзэнт гүрний түүхийг нууцаар судалж байсных нь төлөө шоронд хорьж хатуу залхаан шийтгэсэн. Чингис хааны үеийн түүхтэй ямар нэг байдлаар холбогдсон гэж тооцогдвол багш нар, түүхчид, зураачид, яруу найрагчид, дуучид аюулд өртөхөөр байлаа. Эрх баригчид тэдний заримыг нууцаар ялласан бөгөөд бусад нь ажилгүй болж өвлийн хахир хүйтэн цагаар гэр бүлийнхээ хамтаар орон гэрээсээ хөөгдөн явахад хүрч байсан юм. Тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ ч үзүүлэхгүй, монголын уудам орон дотор нутаг зааж цөлсөн юм. Энэхүү цэвэрлэгээний үеэр сүлдэт туг бүрмөсөн алдагдсан бөгөөд улмаар зөвлөлтүүд монголчуудыг залхаан шийтгэхээр устгасан байж ч мэдэх юм. Харгис ширүүн дарангуйлал ч, магадгүй ингэсний ч улмаас олон эрдэмтэн амьдралаараа дэнчин тавьж байж мушиг гуйвуулагдсан өнгөрсөн үеэ үнэнээр нь ойлгуулахын тулд нууц товчоог дор бүрнээ судалж монголоос гадна олон оронд, тухайлбал Орос, Герман, Франц, Унгарт эрдэмтэд эх судрыг тайлж орчин цагийн хэлэнд хөрвүүлэхээр ажиллаж байлаа. Монгол эх сурвалжуудыг ашиглах боломжгүй тэд туйлын хүнд нөхцөлд хөдөлмөрлөсөн бөгөөд 1970-аад онд эртний монгол хэл судлаач Австралийн эрдэмтэн Игор де Рачевилцийн удирдлага, няхуур дүн шинжилгээний дор эхний бүлэг нь монгол, англи хэлээр нийтлэгдсэн юм. Мөн энэ үеэр америк эрдэмтэн Фрацис Уэдман, Кливес ихээхэн хүч хөдөлмөр шаардсан өөр нэгэн орчуулгыг бие даан хийснийг Харвардын их сургуулийн хэвлэлийн газарт 1982 онд хэвлэсэн юм. Түлхүүр үгсийг тайлж уншин эх бичгийг орчуулахаас гадна уг баримт бичгийг ойлгогдохуйц болгосон юм. 13 дугаар зууны монголчуудын соёлыг төдийгүй нутаг орныг нь туйлын сайн мэддэг монголын хааны гэр бүлийн цөөн хүний хүрээнд бичигдсэн учир уг бичвэрийн орчуулга ч ойлгоход нэн амаргүй байлаа. Үйл явдал болж өнгөрсөн нутаг оронд нь очиж нарийвчлан судлахгүйгээр түүхэн агуулга хийгээд ном зүйн хувьд уг гар бичмэлийг тайлж ойлгоход бэрх байлаа.
Коммунист дэглэм нуран унаж монголд зөвлөлтийн эзлэлт дуусгавар болсон нь 1990 онд гэнэт тохиолдсон өөр нэгэн томоохон үйл явдал байлаа. Зөвлөлтийн арми монголыг орхиж нисэх онгоц, танкуудаа татаж авлаа. Төв Азийн монгол ертөнц эцсийн бүлэгт гаднынханд нээлттэй боллоо. Аажмаар цөөн хэдэн хүн хамгаалалттай нутагт хөл тавилаа. Ан амьтад ихтэй хөндийд хууль бусаар гөрөө хийж тэр нутгийн захаар малчид мал сүргээ идээшлүүлж явган аялагчид үе үе очдог боллоо. 1990-ээд онд маш нарийн техник хэрэгсэл бүхий гадна хэд хэдэн баг Чингис хааны болон түүний гэр бүлийнхний онгоныг хайж, сонирхолтой олдворууд олсон ч эцсийн зорилгодоо хүрч чадаагүй билээ.
Хятад, Ойрхи Дорнод, Европыг холбосон торгон зам хийгээд дэлхийн худалдааны түүхэнд нүүдэлчин аймгуудын гүйцэтгэсэн үүргийг судлахаар би судалгааны ажлаа анх эхэлсэн юм. Би номын сангууд, археологийн малталт хийх газруудаар явж хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн Бээжингийн төв хэсгээс төв Ази, Истамбул, Тонканы ордон хүртэл торгон замын дагуу эрдэмтэдтэй уулзаж эхэлсэн юм. 1990 онд Сибирийн монголын хэсэг болох Буриадад албан ажлаар очихдоо Орос, Хятад, Монгол, Узбекистан, Казахстан, Тажикстан Киргизстан, Туркменистанд монголчуудын мөрөөр явж эхэлсэн юм. Турк аймгуудын монголын уугуул нутгаасаа газар дундын тэнгис, Боснид хүртэл тархсан эртний нүүдлийн харгуйгаар бас нэг зун аяласан юм. Тэр үед эртний эзэнт гүрнийг өмнөд хятадаас Вьетнам, Маллаккийн хоолойгоор дамжин Энэтхэг, Персийн булангийн араб орнууд, улмаар Венец хүртэл аялсан Марко Пологийн далайн замаар бараг тойрсон юм. Ийнхүү урт аялалаар олон зүйлийг мэдэж авсан боловч төсөөлж байсанчлан бүрэн ойлголт аваагүй билээ. Чингисийн идэр насаа өнгөрүүлсэн нутгаар сүүлийн удаа богинохон аялаад төслөө дуусгахаар 1998 онд Монголд очих хүртлээ би судалгааныхаа ажлаа үндсэндээ дуусгачихлаа гэж санаж явлаа. Гэтэл миний бодож байснаас илүү шаргуу судалгаа хийгдэж аялал дахин 5 жил үргэлжилсэн билээ. Олон зууны турш үргэлжилсэн харийн эзэмшлээс чөлөөлөгдсөндөө монголчууд солиорох шахан, улс үндэсний эцэг Чингис хааныхаа дурсгалыг дурсан хүндэтгэхдээ сэтгэл нь догдолж байлаа. Түүний нэрийг архины лонхноос эхлээд зөөлөн чихэр, тамхины хайрцагт хүртэл зүүж арилжааны хэрэглүүр болгон дуу хүртэл зохиосон боловч түүхэн хүнийхээ хувьд Чингис хаан үгүйлэгдсээр байлаа. Түүний сүнсийг оршоосон сүлдэт туг хийдээс алдагдсан ч үнэн дүр төрх нь тэдний болон бидний түүхэнд үгүйлэгдэж байлаа. Тэр хэн байсан бэ?
Эдгээр асуултад хариулах боломж гэнэт бүрдсэн тэр үед би өөрөөсөө онц их хамааралгүйгээр Монголд очсон юм. Түүний балчир насны болон ясаа тавьсан тусгай хамгаалалттай нутаг найман зууны туршид анх удаа нээлттэй болох үеэр Монголын нууц товчоог мөн тайлж уншсан юм. Ганц нэг эрдэмтний хүч хүрч хийхгүй ажлыг хийхээр олон янзын угсаа гаралтай эрдэмтдийн баг тэдгээр асуултын хариуг хайж эхэлсэн юм. Өөрийн багш 20 дугаар зууны нэрт археологич Пэрлээгээс олон зүйлийг мэдэж үлдсэн эрдэмтэн Х. Лхагвасурэнтэй би соёлын түүх судалдгийн хувьд ойр дотно ажилласан юм. Би Лхагвасүрэнгээр дамжуулан олон жил нууцаар ажиллаж олж мэдсэнээ бичиж нийтлэх боломжгүй явсан олон судлаач нартай аажмаар танилцсан билээ. Коммунист намын гишүүн, энэ намын түүхийг судлах албан үүргээ ашиглан монгол бөө мөргөлийг судалж түүнийгээ Монголын нууц товчоог судалж тайлбарлахад ашигласан профессор О. Пүрэв Москвад байхдаа Монголын нууц товчоонд өгүүлсэн Чингис хааны цэргийн стратеги ялалтуудыг оросын цэргийн архивын материалуудтай харьцуулан судалсан цэргийн хурандаа Х.Шагдар Чингис хааны эрх мэдэлд хүрсэн улс төрийн арга ажиллагааг судалдаг улс төр судлаач А. Болд-Эрдэнэ нартай уулзсан юм.Чингис хааны түүхийг сурвалжлан Монголын нутгаар нэг сая илүү километр аялсан газар зүйч О.Сүхбаатар хамгийн өргөн хүрээтэй бөгөөд нарийвчилсан судалгааг хийсэн байлаа. Манай баг хамтран ажиллаж эхэллээ. Нууц түүхийг өгүүлсэн чухал ач холбогдолтой анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг арав гаруй хэлнээс харьцуулан судалж, газрын зураг дээр ажиллаж олон төрлийн баримт бичиг, хуучны дүн шинжилгээний нарийн утга учрыг харилцан хэлэлцлээ. Бид олон зүйл өөр хоорондоо зөрж, нийлж тохироход амаргүй байгааг олж тогтоосонд гайхах хэрэггүй юм. Сүхбаатар Монголын нууц товчоонд өгүүлсэн бүхнийг туйлын үнэн хэмээн үздэг утга зохиол түүхэн баримт судлаач болох нь төдөлгүй танигдсан юм. Тэр бүгдийг шинжлэх ухааны үүднээс баримттайгаар нотлох ажлыг тэр гүйцэтгэж байлаа. Гэтэл Пүрэв түүнд өгуулсэн бүхэнд үг үсэгчлэн хандах ёсгүй гэж үздэг нэгэн байв.Чингис хаан бол түүхэнд хамгийн хүчтэй бөө байсан гэж үздэг бөгөөд эх бичиг тэр бүх нууцыг билэгдлийн аргаар эмхэтгэж цуглуулсан болохоор тэр их эрх мэдэлд хүрсэн гэж үздэг байв. Энэ бүгдийг тайлж чадвал дэлхий ертөнцийг байлдан дагуулж, удирдан жолоодох бөөгийн заавар болох болно. Бидний хамтын ажлын эхэнд үйл явдал болж өнгөрсөн газарт очилгүйгээр харилцан зөрчилддөг үзэл санаа, тайлбаруудын учрыг олохгүй нь харагдсан юм. Үйл явдал болж өнгөрсөн орчинд очиж харвал эх бичвэр бүр хэр үнэн зөв өгүүлснийг тодорхой мэдэх болно. Ном эндүү ташаа өгүүлж болох хэдий ч газар орон тэгэх боломжгүй билээ. Газар орныг түргэн зуурт гүйлгэн харахад олон асуултын хариулт тодрох төдийгүй өөр олон асуулт гарна. Үнэн бодит газар орныг олж тогтоох төдийгүй болсон үйл явдлуудыг ойлгохын тулд чухамхүү тэр цаг агаарт нь хүрч очих ёстой гэж бид үзсэн юм. Бид тэр газарт янз бүрийн улиралд хэдэнтээ очсон юм. Хааш хаашаа мянган бээр үргэлжлэх уудам газар оронд дээрхи үйл явдал болж өнгөрсөн бөгөөд үйл явдлын хамгийн чухал нь Чингис хааны бие барснаас хойш хөл хориотой байж ирсэн тул нууцлаг хүрч боломгүй санагдаж байлаа. Чингис хааны нүүдэлчин ахуй амьдралаас үүдэн бидний судалгаа биеэр явж үзэх, зөвхөн нэг нутаг орны бус бүхэл бүтэн их нүүдлийн археологи болж байлаа. Монгол нутгийг сансрын зургаас харахад зам үгүй хэр нь зүг бүрт олон мянган жим харгуй зурайх боловч бүгд л Их хоригт хэмээх хөл хориотой бүст хүрээд зогсох аж. Чингис хааны төрсөн газарт хүрэхийн тулд зөвлөлтүүд хүн бүгдийг хөөн зайлуулаад өөрсдөө бэхэлж суудаг дундын бүсийг туулах шаардлага гарна. Тэд Монголыг орхин одохдоо артеллерийн буудлагад эвдэгдэсэн, эвдэрхий танк, автомашин, нисэх онгоцны сэг, их бууны хонгио, тэсрэх сумаар дүүрч бохирдсон нутгийг ардаа үлдээсэн бөгөөд агаар содон сонин үнэр мэдрэгдэж үе үе манан татна. Хэд хэдэн давхар барилгатай зэрэгцэм мушгирч тахиралдсан төмөр байгууламж, юунд хэрэглэгддэг нь үл мэдэгдэх барилга байгууламжуудын нуранги харагдана. Нууц далд цахилгаан тоног төхөөрөмж агуулдаг байснаа хэдийд ч юм нурж орхисон барилга, тос шатахууны нүүгэлтсэн толбо бүхий амьдрал үгүй мэт элсэн толгод дунд эзгүйрч үзэгдэнэ. Хүнгүй зэлүүд талд хуучин зэвсгийн эд ангиуд, хэрэггүй болсон тоног төхөөрөмж орхигдон үлджээ. Нарны гэрэлд гялтганах чухам юу нь үл мэдэгдэх хар өнгийн шингэн, ямар нэг амьтны яс мэт хувхайрч гандсан сэг зэм, хэсэг бусаг, арьс үс тогтоол усны захаар харагдана. 20 дугаар зууны аюумшигт бүхнийг булшилсан мэт энэхүү газрын цаахна олон зуун бээр үргэлжлэх өтгөн ой, үүлс, хөндий тал хээр бүхий хэн ч хөндөөгүй Чингис хааны төрсөн нутаг онцгой содон харагдана.
Дархан цаазат нутаг руу ороход цаг хугацааны өвөрмөц өөр орчин тийш довтолгож хүрэхээс гадна Чингис хааны орхин одсон янзаар байх түүний ертөнцийг нээх боломжийг олгоно. Алслагдсан арал мэт энэхүү нутаг 20 дугаар зууны теник технологийн үлэмжийн аюумшгаар хүрээлэгдэн бас хамгаалагдсан мэт санагдана. Унасан дархи мод, шигүү ургасан бут, салхи бороонд элэгдсэн асар том хад чулуунууд нь нэвтрэхийн аргагүй бөгөөд бусад талаар нь найман зууны туршид эргүүлийн цэрэг үе үе өнгөрч явсан биз. Тусгай хамгаалалттай нутаг бол Чингис хаанд зориулсан амьд дурсгал бөгөөд түүгээр явж өнгөрөх үед Чингис хаан хэзээ мөдгүй гол өгсөөд эсвэл уулын хяр даваад сүслэн хайрлаж явсан нутагтаа хүрээгээ дахин нэгэнтээ босгож, давхин одох зээр гөрөөсийг авлахаар Онон мөрний цэнгэг уснаа мөс цоолж загасчлахаар, эсвэл нум сумаа доош буулган амьд сэрүүн ахуйд хамгаалж байсан шигээ нас нөгчсөн хойно нь ч хамгаалж буй Бурхан халдун ууландаа мөргөхөөр довтолгон айсуй мэт бодогдоно. Манай шинжилгээний хэсэг шинэхэн гэмт үйлдэл болсон газарт үзлэгээр очсон мөрдөгчид шиг их хоригт дөхөж очлоо. Монголын нууц товчоог баримжаа болгосон бид хөндийг туулж олон дов толгод, жижиг гүвээ бүхий уг газрыг шинжлээ. Уулнаас зайдуу орших талд бид задгай тэнгист сэлэх далайчин мэт өтгөн ургасан өвсөн дундуур газарчилж сурсан нутгийн малчдад ихэд найдлаа. Байнга шахам солигдож өөрчлөгдөх монголын оюутан, эрдэмтэн, нутгийн малчид миний судалж буй асуудлуудын хариултыг шаргуу хэлэлцэж хоорондоо хэсэг ярилцлаа. Тэдний хийх дүгнэлт, тавих хариулт ямагт минийхээс илүү оновчтой байх төдийгүй миний санаанд ч оромгүй зүйлийг асууна. Малчид юу гэж бодож сэтгэдгийг сайн мэддэг тэд танихгүй газарт ирсэн ч гэсэн өвөг дээдэс нь хаана отголж аль зүгт одсон байж болохыг төвөггүй олно. Тэд зуны улиралд ялаа шумуул ихтэй энэ газрыг өвлийн цагт нөмөр нөөлөг багатай гэж үзэв. Түүгээр ч зогсохгүй тэд өөрсдийн бодсоныг шалгаж энэ газарт нэг хэсэг уралдан ямар хугацаа зарцуулах, өвс ногоо, хөрс шороонд өөр газрыг бодоход туурайн төдөргөөн хэр цуурайтаж дуулдахыг тооцлоо.
Голыг мориор туулахын тулд мөсний зузаан хэр байхыг мэддэг тэд хэдийд явгаар явах, мөс цоолох, хүйтэн усанд хэр удаан зогсохыг мөн мэдэж байлаа. Монгол газар усны нэрний тоолж дүрсэлдэг тал ч энэ орчин тэдгээр сэргээн дүрслэх, эгүүлж хэрэглэх боломжийг бидэнд олголоо. Зүрх хэлбэрт хар уулсын дэргэдэх хөх нуур хэмээх утга бүхий Харзүрхэн уулын дэргэдэх Хөх нуурт Чингис хаан овог аймгаа тэргүүлэх болсон тухай ном сударт өгүүлдэг. Энэ газрын дүр төрх олон зууны туршид хадгалагдаж үлдсэн тул хэн ч харсан хялбархан танигдахаар байлаа. 800 жилийн туршид салхины элэгдэл, хуурайшил гэх мэтээс хувирч өөрчлөгдөж болох тул дэлэн овоо, цөс нуур зэрэг түүний төрсөн газартай холбоотой нэрүүд тухайн газрын хэлбэр дүрс, эсвэл тэнд болсон үйл явдалтай холбоотой эсэх нь тодорхойгүй учир амаргүй байлаа.
Бид өөрсөддөө байгаа баримт нотолгооны хэрээр түүхэн домгийг түүвэрлэж сэргээсэн бөгөөд Чингис хааны бага балчир цагийн нутгийг олж тогтоосноор үйл явдлыг болсон газар орноор нь дэс дараалан хөөж, түүний амьдралтай холбогдох зарим нэг ташаа ойлголтыг залруулах боломжтой болсон юм. Жишээ нь Онон мөрний эрэгт түүний мэндэлсэн жижиг довцогийн дүр төрхийг удаан хэлэлцсэн боловч модоор хүрээлэгдсэн намаг ихтэй газар нь нүүдэлчин аймгуудын нутаглаж Чингисийн өсч торнисон хэмээн түүхчдийн үздэг газартай адилгүй байсан. Энэхүү ялгаа нь түүнийг бусад нүүдэлчдээс ондоо харуулдаг байхад Чингис хааныг бага байхад мал адуулах бус ан гөрөө хийж байсныг Монголын нууц товчоо түлхүү өгүүлсэн байдагтай холбоотой бололтой. Чингис бага залуу насанд холбоотой газар нутгийн байдал нь Сибирийн соёлд дөхүү агаад Монголын нууц товчоо монголчууд туркуудыг бодоход задгай талд бий болсон хүмүүс гэж дурддаг. Энэхүү мэдээлэл нь Чингис хааны дайсагнагч иргэдийг ан амьтан мэт хурааж дайсны цэргийг зэрлэг ан шиг авладаг тал хээрийн дайны ажиллагааны талаархи бидний ойлголтод ихэд нөлөөлсөн. Бидний баг таван жилийн туршид ихээхэн олон төрлийн орчин нөхцөлд очиж ажилласан бөгөөд 2001 оны 1 дүгээр сард Хорхоногийн талд хүчтэй салхи хүйтэнүлээж байсныг эс тооцвол агаарын хэм 150-100-д хэлбэлзэж сүүдэргүй задгай газартаа -51 хэмд хүртэл буурч байв. Ийм газруудаар аялахад азтай, харамсалтай тохиолдол адилхан учирч байсан. Автомашин маань өвөл цасанд, хавар шаварт, зун элсэнд сууж нэг удаа үерт урсч одсон юм. Отгийг маань цас, салхи нурааж согтуучууд түйвээж байсан нь нэг биш билээ. Бид 20 дугаар зууны сүүлчийн зун мах сүүгээр элбэг байсан бөгөөд энэ зууны эхний жил хавь ойрт адуу, сарлаг үхэж шөнө бод мал ч босоогоороо хөлдсөн хатуу хахир зудыг үзсэн юм. Гэвч хэзээ ч хийж буй ажилдаа эргэлзэж сэтгэл түгшиж байсангүй. Энэ нутагт байнга амьдардаг малчид, анчдыг бодоход бидний бэрхшээл ялимгүй зүйл байсан. Санаандгүй байдлаар эхэлсэн бэрхшээл ч надад энэ нутагт хүн ардынх нь талаар шинийг ойлгуулсан. Нэг өдөр мориор 50 бээр газрыг туулахад дотор эрхтнүүдийг доргиож, дотор муухайруулахгүйн тулд 4-5м урт бүсээр биеэ ороодгийн учрыг ойлгосон. Үдэлж хоол хийх завгүй хол замыг туулахад халаасандаа ааруул авч явахын чухлыг, дээл гэгч хувцас бас хатуу модон эмээлтэй морио унахад хичнээн тохирдогийг мэдэрсэн. Ариун дагшин Бурхан халдун ууланд чонотой тулгарсныг маань манай нөхөд аюултай бус харин аз жавшаантай учрал гэж дүгнэсэн юм. Олон удаа төөрч, эцэж ядарсан маань зүг чигээ олж хэн нэгний ирэхийг тэвчээртэй хүлээх сургамж болсон юм. Монголчуудын амьдардаг ертөнцөө хичнээн сайн мэддэг, тэдний оюун дүгнэлт, биеийн хүч тэнхээ, тусархаг зан чанарт бүрэн найддаг байлаа.
Энэхүү ном нь тохиолдсон цаг агаар, хоол хүнс, шимэгч хорхойн өвчин эмгэгийн тухай судлаачдын хувийн онцлог зан, уулзсан хүмүүсийн талаар дахин дурдалгүй бидний судалгааны дүнг өгүүлэх болно.
Номын эхний хэсэгт Чингис хаан бол тал нутагтаа хүчирэгжин эрх мэдэлд хүрсэн, түүнийг 1167 онд төрсөн цагаас эхлэн 1261 онд хамаг монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулах хүртэлх амьдрал, зан чанарт нь нөлөөлсөн хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх болно.
Хоёрдугаар хэсэгт монгол улс 1211-1261 онд үргэлжилсэн монголын дэлхийн дайнаар түүхийн тавцанд гарснаас Чингисийн ач хөвгүүд өөр зууртаа дайтах хүртэл, Гуравдугаар хэсэгт амгаланг эрж орчин цагийн бидний нийгмийн улс төр, худалдаа, цэргийн байгууллагын үндэсийг бий болгосон энхийн зуун, ертөнц сэрэх үеийн тухай өгүүлэх болно.

Tuesday, June 10, 2008
Хархорум хотын Түмэн aмгалан ордны тухай тодруулга
Cудлаачдаас сонирхогч хүртэл өргөн хүрээнд монголчууд бид санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, хэвлэн нийтлэх болсон өнөө үед бахархал, бэлэгдлийн чанартай домог, хууч яриаг үнэн түүх мэтээр төвийлгөн бичиx, түүхийн ээдрээтэй үнэнийг байхгүй газраас хайх, эсвэл хүчээр зохиох зэрэг төөрөгдөл газар авч, ард түмний оюун санаанд буруу ташаа мэдээлэл хоногшуулж байна. Эл байдлын нэгэн жишээ бол Өгөдэй хааны зарлигаар 1236 онд байгуулагдсан, Харxорум хотын Түмэн амгaлан ордны тухай таамаг юм. Монголд XVI зууны сүүлчээр дэлгэрсэн Шарын шашины сүм хийдийн ур хийц бүхий дээвэртэйгээр Оросын эрдэмтэн Б.Х. Ткачевын cэргээн зурснаас [5] хойш монголчууд уг байдлаар “Түмэн амгaлан ордыг төсөөлөх болсон нь XIII зууны үеийн уран барилгын хийц загварт үл нийцнэ” хэмээн үзэж энэхүү судалгааг эхлэхээр шийдсэн юм. Түүхийн олон баримтыг харьцуулсан судалгааны үр дүнд Xятан (Их Ляо) улсын Зүүн нийслэлийн (одоогийн Хятад улсын Ляодун мужийн Ляоян хот) Гуангиоу их хийд нь Харxорум хотын Түмэн амгaлан ордoнтой хийц загвар ойролцоо байсан болов уу гэсэн гол санааг тус нийтлэлд дэвшүүлж байна.

Ш.Баатар Ph.D
Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнгийн урилгын эрдэмтэн (visiting scholar), Сан Франциско
ОРШИЛ
ОРШИЛ
Хот суурин барьж байгуулах нь суурин сoёл иргэншлийн гол хэлбэр боловч нүүдэлчин аймгуудын дотор ч бас түгээмэл үзэгдэл байжээ. Өөр хоорондоо байнгын дайн байлдаантай явсан нүүдэлчдийн хот суурингийн туурь л бидний үед үлдэж хоцорсон нь харамсалтай. Монгол угсааны нүүдэлчин аймаг болох xятан нар зусланг "зун нүүбэ", өвөлжөөг "өвөл нүүбэ" гэж нэрлэж байсан нь тэр үеийн нүүдэлчид хагас суурин амьдралтай байсныг гэрчилж байна. Монголын нүүдэлчин аймгууд томоохон хот суурин байгуулж явсны хөдлөшгүй баримт бол Их Монгол улсын нийслэл Харxорум (Хархорин) юм. Монголчууд Орхоны хөндийд их орд буюу хүрээ нийслэл байгуулахаас нэлээд өмнө Монголын нутагт VIII зууны үед Уйгарын хаант улс Харa балгасун (Харбалгас) хотыг, Хятан улсын үед арваад хот, суурин байгуулж байсны туурь одоогоор бидэнд тодорхой болоод байна. Уйгарчууд хот байгуулах соёлыг дундад Ази, умарт Хятадад оршин тогтнож байсан Тан улсаас суралцсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэжээ. Тан улс бол Сиянби гүрэн задарсны дараа умраас түрэн орж ирсэн нүүдэлчидтэй холилдон бий болcон хагас нүүдэлчин, хагас суурин соёл иргэншилтэй улс байжээ. Тухайн үед дундад Азиас Торгоны замаар дамжин тэдний соёл Монголын өндөрлөгт дэлгэрч байсан ба түүний томоохон төлөөлөлд Бурханы болон Манийн шашин орно. Енисей мөрний киргизүүдэд дарагдсаны дараа Уйгарын хаант улсaac бутран зугтсан хэсэг нь Хятанд ууcан шингэж, xятан нарыг хагас суурин амьдралд шилжин хүчирхэг төр улс байгуулахад ихэд нөлөөлсөн байна. Түүгээр ч үл барам дундад Азийн сoёл иргэншлийн зарим нэг нөлөөг Хятанд дэлгэрүүлэхэд уйгарчууд их үүрэг гүйцэтгэжээ. Монголын уудам тал нутгийг хамран 210 жил оршин тогтносон Хятан гүрнийг тэдний захиргаанд байсан зүрчидүүд Өмнөд Сүн улстай хавсран мөхөөсний дараа "Төмөр Ляо (Хятан) улс шиг зэврэхгүй" хэмээн Алтан улсыг Хятан улсын үндсэн нутаг дээр байгуулж, зүүн Хятан болон умарт Хятадыг 80-аад жил дарлан суусан байдаг. Монголын нүүдэлчин аймгууд өөр хоорондоо нэгдэж Зүрчидын Алтан улсын хараанаас гарч эхлэх үйл явц Монголын Нууц Товчоонд нэлээд тодорxой тэмдэглэгдсэн байдаг [8]. Монголчууд хоорондоо нэгдэж хүчирхэгжээд Алтан улстай дайтаж, угсаа нэгт xятан нарыг чөлөөлсний дараа хятан нараас эрс хөвгүүдийг агтчин шувуучин, эмс охидыг аягачин шивигчин болгосон тухай Монголын Нууц Товчоонд мөн дурджээ. Хятаны язгууртан, их бичгийн эрдэмтэн Елюй Чуцайг (1189-1243) Чингис хаан дэргэдээ зөвлөхөөр авсан байдаг. Энэ мөчөөс Хятаны (дoрнын) соёлын нөлөө Монголд нэвтэрч, xятан нарын соёл иргэншлээс монголчууд өөрт хэрэгтэйгээ авч эхэлжээ. Тэгэхээр монголчууд хот байгуулах суурин соёлыг нанхиадуудаас биш xятан нараас өвлөн авсан гэж үзвэл зүйд илүү нийцэх бизээ. Түүний хамгийн тодорхой нэг илрэл бол Орхоны хөндийд Харxорум хотыг барьж байгуулсан хэрэг явдал гэж үзэж болно. Өгөдэй хaаны зaрлигаар Түмэн амгалан ордыг байгуулах ажлыг хааны зөвлөх чинсан Елюй Чуцай удирдан хийсэн ажээ [2], “Түмэн амгалан ордны загвар Хятаны уран барилгын ур хийцтэй байснаар барахгүй, одоогийн Ляодуны хойгт оршин Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил байжээ” гэсэн таамаглалыг хэдэн баримтаар нотлохыг оролдов.
ТҮМЭН АМГАЛАН ОРДОН
Юань улсын түүхийн Тайзүн хааны цадигт "-Долдугаар оны хөхөгчин хонин жилийн (1236) хавар Хорин хот дор Ван Ан Гүнг (Түмэн aмгaлан) ордонг байгуулжээ" гэж тэмдэглэсэн байна [1]. Энэ ордыг бас Бадамлянхуан ордон гэж нэрлэнэ [2]. Түмэн aмгaлан ордон Харxорум хот цэцэглэн хөгжиж, дэлхийн нийслэл болохын эхлэл байжээ. Их Монгол улсын анхны нийслэл Харxорум хотыг хожим Юань улсын үед "хуучин нийслэл" гэж нэрлэсэн байдаг. Aрхеологийн малталт хийснээр Түмэн aмгaлан ордон тэг дөрвөлжин хэлбэртэй, наймаар найман эгнээ өрсөн нийт 64 баганатай байсан нь тодорхой болж, ордон нь хожим тахилын газар байжээ гэсэн таамаг нэлээд хүчтэй болcон байна. Түмэн амгалан ордонг хэн удирдаж, ямар загвараар хэрхэн бариулсан тухай асуудал олон судлаачдын сонирхлыг татна. Өгөдэй хаан Харxорум хотын хэрэм байгуулах зарлигийг Зүрчидийн Алтан улсыг мөхөөсөн 1235 онд гаргаж дараа жил нь Түмэн aмгалан ордыг барьж дууссан [2, 5] гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Түмэн амгалан ордонг ердөө нэг жилийн дотор барьж босгосон явдал бол “урдаас бэлтгэсэн загвар ашиглан урд өмнө ийм том хэмжээний уран барилга барьж байсан урчуудын оролцоотойгоор бүтээжээ” гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Mонгол ухаанаар зааварчилсан хэн нэгэн нөлөө бүхий түшмэлийн удирдлаган дор Түмэн aмгaлан ордыг бүтээсэн нь тодорхой. Дорнын урчууд гэхээр заавал хятадууд байх албагүй, монголчуудад хамгийн ойрхон үндэстэн хятан нарыг энд дурдаж болно. Тэгэж хэлж болох шалтгаан байна. Түмэн aмгaлан ордны гоо үзэмжийг олон тэмдэглэлд шагшсaн байдаг нь цаанаа бас учиртай юм. Tухай үед дорнын уран барилгад Хятаны хийц толгой цохиж, Хятадын Сүн улсынхаас илт давуу, илүү нарийн байсныг энд давхар хэлэх хэрэгтэй [6]. Елюй Чуцай чинсан хятан хүн байсан учир ордыг барихад хятан урчуудыг голчлон ашиглаcaн байх бүрэн үндэстэй юм. Үүнийг батлах нэгэн баримт бол 1236 онд Түмэн амгалан ордны нурууг босгох ёслол дээр Елюй Чуцай чинсаны хэлсэн шүлэг юм. Энд уг шүлгийн нэгэн бадгийг жишээ татъя.
"...Цогцлон талибах нуруу чулуун тулгуур
Зэрэгцэн зогсох сүрлэг асрыг босговoй.
Эзэн түшмэдийн хонх хэнгэрэг аятайхан хангинан дуурсахад
Эчих наран уулын толгойгоос дайны агтадыг угтнам.."[2]
Уг шүлгийн утгаас Түмэн амгалан ордны баганыг чулуугаар босгож бүтээснийг мэдэж болно. Их хааныг эзэн түшмэд гэж хэлэхгүй учир Елюй Чуцай чинсан энд өөрийгөө дурдсан нь лавтай. Үүнээс үүдээд Харxорум хотыг “Өгөдэй хааны зарлигаар Елюй Чуцай чинсан гардан босгожээ” хэмээн нотoлж болох талтай. Хэрвээ Елюй Чуцай чинсан Түмэн амгалан ордыг босгох ажлыг гардан удирдаж байсан бол хятан урчууд урд өмнө барьж байсан ордны бэлэн загварыг ашиглаж, бусад олон үндэстний урчуудыг манлайлан, богино хугацаанд сүрлэг том орд харшийг барьсан байх магадлал тун өндөр байна. Түмэн амгалан ордонтой холбоо бүхий бас нэгэн сонирхол татах зүйл бол их ордны өмнө байсан хоёр мөнгөн мод юм Тэр мөнгөн модноос дөрвөн алтан луу мушгиралдан унжиж амнаас нь таван зүйлийн ундаа (хатуу архи, зөгийн бал, сул архи, тунгалаг ус) ундарч, хуран цугласан түмэн олонг ундаалж байсан [2] хэмээн өгүүлдэг. Энэ модыг Францын дархан Вилгельм Бушье хийсэн гэх боловч, үүнтэй адил санаа бүхий торхноос таван мэлхийн ам руу ундаа гоождог оньсон механизмыг эртний Тан улсын үед хийсэн байдаг. Тан улсын үед зохиогдсон оньсон төхөөрөмжөөс санаа авч хийсэн нь илт байгаа тул түүнийг мэддэг байсан дорнын, ялангуяа хятан урчуудын санаа мөнгөн модны оньсон төхөөрөмжинд орсон байж бас болох юм. Оросын эрдэмтэн Б.Х. Ткачевын Түмэн амгалан ордыг cэргээн зурсан зурaгт мөнгөн модыг ордны төвд байрлуулжээ. Нэгэнт мөнгөн модыг ордны голд байрлуулсан тул ордны гол хэсгийг өндөр болгон хоёр дахь асрыг бага овортой зурснаар уг ордны төсөөлөл зураг Төвд, Балба, Тай хэлбэртэй болсон байна. Хэрвээ давхар асар бага болбоос ордонд орох гэрэл гэгээ муудах тул Түмэн амгалан ордон яалтай ч саруул том, давхар асартай байсан биз ээ.
ХЯТАНЫ УРАН БАРИЛГА
Монголчуудтай угсаа, соёл нэгтэй Хятан нар Х зууны эхэн үед хүчирхэгжиж, Шар мөрний доод урсгал, Ляо голын cав нутгаасаа хальж бусад нүүдэлчин аймгуудаа нэгтгэн, Түмэн газрын цагаан хэрэмнээс хойших нутгийг эрxшээлдээ оруулаад, мөхсөн Тан улсaac тарж бутарсан хойд Xятадын жижиг улсуудыг уулгалан дoвтoлж, улмаар умарт Xятадын 16 мужийг эзлэн авч, Датун хотыг Баруун нийслэл, Бээжин хотыг Өмнөд нийслэл, Ляоян хотыг Зүүн нийслэл, Шанжин хотыг Дээд нийслэл, Зонжин хотыг Дунд нийслэл хэмээн нэрлэж, эдгээр таван нийслэлээрээ дамжуулан суурин иргэдийг захирах, торго нэхэх зэрэг гар үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн байна. Хятан нар байшин барилга, хэрэм цайз барьдаг эртний уламжлалтай байсан [6] учир 5 нийслэлээ өргөтгөн, өөр өөрийн өнгө үзэмж бүхий хийд, суварга олныг нэмж барьж байгуулсан нь одоогоор хадгалагдан үлджээ. Зарим урaн барилгын дурсгалаас дурдвал, Хэбэй мужийн Жишиан дүүргийн баруун хаалганы Шигуан гудамжинд орших Дүлэ хийд, түүний цагаан суварга, Шанси мужийн Датун (Баруун нийслэл) хотын баруун хэсэгт орших 7 их бурхант (Махивира) Хуаян хийд, Ляонин мужийн Ийшан хотын Донжиэ гудамжинд буй 7 их бурхант Шианси (Фенггоу) хийд (1020 он) зэрэг болно [7]. Эдгээр барилгын дээд асрууд том, суурь углуурга модыг маш нарийн зангидаж, хадаас оруулалгүй урласан, хана хэрмийн тоосгоны чанар их сайн, хөх чулуу мэт бэх бат хийсэн байдаг. Гадаад үзэмжийг нь сайжруулахын тулд тод өнгийн хослол өргөн ашигласан байна. Хятаны өөрийн өвөрмөц ур хийц, дундад Азийн хээ угалзны онцлогоороо хятад барилгаас эрс ялгарч байдаг боловч хятадууд Хятаны уран барилгыг дандаа хоёрдогч болгон сурвалжууддaa тэмдэглэжээ. Бээжингийн хааны ордыг Мин улсын үед байгуулсан гэж хятадууд үзэж байгаа боловч, түүхийн сурвалжуудаас харахад Хятаны барилгын туурин дээр Хувилай хааны үед баригдсан нь Марк Пологийн тэмдэглэл болон бусад тулгар бичгээс илт харагдаж байна. Бээжингийн хааны ордны их барилгын давхар асрын дээвэр их өргөн том байдаг нь Хятан барилгын уламжлалыг шингээсний нэгэн илрэл болно. Зүрчидийн Алтан улс мөн л Хятаны 5 нийслэлийг хэвээр үлдээж, адил хийцийн барилгаар өргөтгөсөн байдаг. Зүрчид угсааны манжууд Бээжинг нийслэлээ болгохдоо Хятаны олон ёс заншлыг өвлөн авсан юм. Манжийн наймын тооны бэлэгдэл болох найман тугийн цэрэг, жаргалын найман морь зэрэг нь уг чанартаa Xятаны найман овгийн бэлэгдлээс үүдэлтэй юм. Хамгийн их анхаарал татаж, Түмэн амгалан ордонтой загвар хийц нэг байж болох барилга бол Хятаны Зуун нийслэл байсан Ляоян хотын Гуангиоу (Guangyou) их хийд юм. 60 мянган квадрат метр талбаатай энэ хийдийг дэлхийд хамгийн том, хамгийн өндөрт (21.48м) одоогоор тооцдог. Хятадын сурвалжид Зүүн Хан улсын үед (25-220 он) Гуангиоу их хийд анх баригдсан, Хятадад бурханы шашиныг дэлгэрүүлсэн анхны хийдүүдийн нэг гэж тэмдэглэжээ. Нүүдэлчин угсааны Вэй улсын үед (III зуунд) Гуангиоу хийдийг засан сэлбэж дахин барьсан тухай балархай мэдээ бас байна. Вэй улсaac хойш X зууныг хүртэл 700 жилийн дотор уг хийдийг дахин сэргээхээс өөр аргагүй болсон ба Хятан улсын үед мөн сэргээн барьж, ойролцоо нь 13 давхар асартай, 70.4м өндөр, цагаан гантиг суваргыг 1161, 1189 онуудад (Алтан улсын үед) босгожээ [Зураг 1]. Энэ тухай хятадууд нэг их дурдаад байдаггүй боловч, хийц загвараараа цагаан суварга бол Хятан улсын үеийнx болох нь тодорхой байна. Харин Гуангиоу хийдийг 1900 онд Орос-Японы дайны үед Оросын тал их буугаар буудаж, галдан шатааснаас модон асартай Гуангиоу хийд устаж үгүй болсон юм [9]. Хятадууд уг загвараар нь хэдэн жилийн өмнө Гуангиоу хийдийг дахин босгож, ойр орчныг нь тохижуулахаар маш том төсөл хийн олон улсын буяны байгууллагуудад хандаад байна.
ДҮГНЭЛТ
Түмэн амгалан ордыг Хятаны Зүүн нийслэл, одоогийн Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил хийцтэй байсан болов уу гэсэн таамгийг дэвшүүлэх гол санааны нэг илрэл бол тэдгээр ордны өндөр суурь адил байсанд оршино. “Бадамлянхуан ордон хотын баруун өмнөх хэсэгт орших бөгөөд ордны гол барилга нь асар өндөр суурин дээр байгуулагдсан 64 баганатай их танхим байжээ” [2] гэсэн тодотгол ордны суурийн өндөрийг гэрчилж байна. Бас нэгэн анхаарал татсан тайлбар бол "..Танхимын гурван үүд нь бүгд өмнө талдаа байжээ"[2] гэсэнд оршино. Ляоян хотын Гуангиоу их хийдийн зургаас хаалганы байрлалыг харахад мөн адил байна [Зураг 2]. Их Монгол улсын их хаанд зориулж ертөнцийн хамгийн том сайхан орд харшийг Хархорумд сүндэрлүүлсэн нь гарцаагүй гэж үзвэл тухайн үед Хятан болон Алтан улсын Зүүн нийслэл болох Ляоян хотын Гуангиоу их хийд бол дорно дахинд хамгийн сүрлэг том харш байсан учир түүнээс үлгэрлэн Түмэн амгалан ордыг барьсан биз ээ. Хятадын уран барилгаас зарим талаараа илт давуу Хятаны уран барилгын загвараар Түмэн амгалан ордыг бүтээсэн тухай энэ таамаг бусад олон шинэ баримтаар нотлогдвоос нүүдэлчдийн соёл иргэншил хэдий өндөр, тэдний оюун ухаан хэр саруул мэргэн байсан нь тод харагдана. Хятан нарын ур хийцийг Их Монгол улсын дархчууд өвлөн aвч өнөөг хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол Монгол улсын зүүн хязгаар дахь Даригангын хийц юм. Дундад Азиас улбаатай энэхүү эртний соёл бидний дунд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна.
.
Ш.Баатар
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Subscribe to:
Posts (Atom)
: