Wednesday, September 10, 2008

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Эзэнт гүрний үеийн Цагадайн улс

Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо өөрийн отгон дүү Аригбөхөд Хархорумыг даатган үлдээсэн билээ. Гэтэл Мөнх хаан 1259 онд тэнгэрт халив. Аригбөх Толуйн отгон хөвүүний хувьд Толуйн удмын мэдэлд шилжин ирсэн Их Монгол улсын хаан ширээг залгамжлах илүү эрх бүхий байжээ. Мөнх хааны бэлбэсэн их хатан Сорхогтани-бэхээс эхлээд алтан ургийн ихэнх ноёд, нөлөө бүхий сайд түшмэд Аригбөхийг хаан өргөмжлөхийг дэмжиж Хархорумд ноёдын Их хуралдай хийлгэхээр болсон байна. Уг хуралдайд хүрэлцэн ирэхийг ах Хубилайд тусгай элч илгээн мэдэгджээ. Гэтэл Хубилай Аригбөхийг монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буйг мэдээд тэр даруйдаа Кайпин хотод 1260 оны 5 сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. [Д’Оссон 1937:288]. Тэр “Их хуралдайд” оролцогчид нь их хааныг сонгох хэргийг шийдвэрлэх нэр нөлөө бүхий этгээдүүд биш байсан аж. Хубилай их хаан гэж өргөмжлөгдөөд Хархорумд байсан хүүгээрээ дамжуулан Их хааны тамгыг Ариг-Бөхөөс салгаж авахыг оролдож байжээ. Хубилай хаан болоод зарлан тунхаглах бичигтээ: “Олон ноёд намайг хаан өргөмжлөх гэж дахин дахин шаардав. Өвөг Чингисийн удам угсааны дотроос насны ах, сурсан эрдмээр надаас илүү нь үгүй тул түмний хүсэлт шахалтыг дагаж хаан суув” гэжээ. [МҮТТ 1988:108].

Аригбөх 1260 оны 5 сарын 12-ноос 6 сар хүртэл Орхон голын эхэнд бас монгол ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны их хаан гэж өргөмжилсөн байна. Ингэж Монголд 1260 онд хоёр хуралдай хурж нэгэн зэрэг хоёр их хаан тодорчээ. Урьд хаан ширээний төлөө тэмцэл ах дүү Өгэдэй, Толуйхны дунд явагдаж байсан бол энэ удаагаас эхлээд Толуйнхны дотор, түүний ах дүү хоёр хүүхдийн хооронд өрнөжээ. Аригбөх Хубилай нарын хооронд өрнөсөн зэвсэгт тэмцэл бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч үнэн хэрэгтээ Аригбөхийн тэмцэл нь улс төрийн төвийг монголд хэвээр нь байлгаж, монгол нутгийг урьдын адил Эзэнт гурний төв хэвээр байлгахад чиглэгдэж байжээ. Аригбөхийг их хааны ширээнд залсан явдлыг Цагадай болон Алтан ордны улсын нөлөө бүхий ноёд санал нэгтэй дэмжжээ. Монголын ихэнх ноёдууд Аригбөхийн талд байсан бол Хубилайг Толуйн төрлийн зарим ноёд дэмжиж байснаас гадна хамгийн гол нь Аригбөхийн эсрэг дайнд Хубилайн удирдлагаар Хятадыг байлдан явсан цэргийн хүч шууд оролцсон ажээ. Их Монгол улсын хаан ширээний төлөө тэмцэлд Цагадайн улсын байр суурь чухал байсан тул хоёр тал түүнийг булаацалдан тэмцэх болжээ. Тухайн үед Цагадайн улсын төрийг барьж байсан Эргэнэ хатныг Хубилай хаан өөрийн талд татан авах зорилгоор Бүрийн хүү Абишкаг тус улс уруу илгээжээ. Гэвч Абишка Тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж удалгүй хороогдсон байна. Ингэж Абишка нь Хубилай, Аригбөхийн тэмцлийн золиос болов. Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагадайн улс уруу өөрийнхөө дэргэд алба хааж байсан Цагадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ, зарлигаа өгч явуулжээ. Аригбөх Алгуйг Цагадайн улсын эзнээр томилж хэрэв Хүлэг, Бэрх хоёр Хубилайн талд гэнэт орж цэрэг илэгээвэл түүний замыг хаах мөн энэ үед Хубилай Хятадаас Монгол уруу талх тариа нийлүүлэхээ больсон учир Монголд өлсгөлөн гарсан тул Туркестанаас талх тариа нийлүүлэх зэрэг даалгавар өгчээ. Ийнхүү Цагадайн улс нь Эл хаадын улс, Алтан ордоны улсаас Их Монгол улсыг хамгаалах “жийргэвч”ийн үүрэг гүйцэтгэх болжээ.

Алгуй өвөг эцгийнхээ хувь улсад очиж Цагадайн удмын ноёд, тэдний талыг дэмжигчдийн итгэлийг хүлээн улсаа бүрэн эрхтэйгээ захирч эхэлжээ. Эргэнэ хатан захирагч Масуд-бекийн хамт Аригбөхийн зүг явж тэнд очоод Алгуйн талаар гомдол мэдүүлж байжээ. Эргэнэ хатан Аригбөхийн халамжинд нэлээд хугацаагаар хажууд нь байжээ. Энэ хугацаанд Алгуй Мавераннахрыг эзэлж Бэрхийн захирагч нарыг зайлуулахаар Никпей-Огулыг 5 мянган цэрэгтэй илгээв. Никпейн хамт Учачар ноён, Хабаш-Амидын хүү Сулейман-бек нарыг явуулснаас үзэхэд Алгуйн талд лалын шашинт нөлөө бүхий сайд ноёд байсан байна. Бухар хотыг эзлэх үед лалын шашны томоохон төлөөлөгч Сейф ад-дины хүү Джелал ад-дин Бахарзи амь үрэгджээ. Мавераннахр дахь монгол цэргийн дарга Бөх-Нуш болон Чинсан Тайфу нар Алгуйн талд орсон байна. Алгуй үйл хэргээ үүгээр хязгаалалгүй Цагадайн улсын нутаг дэвсгэрт урд өмнө огт орж байгаагүй Хорезм болон Афганистаныг эахиргаандаа оруулахыг зорьж байлаа. Хорезм уруу Учачарыг, Афганистан уруу Садай-илчийг тус тус илгээв. Мөнх хааны үед Энэтхэг уруу явуулсан монгол цэргийн дарга Салибаатарын захиргаанд байсан хүмүүсийг Садай-илч өөрийн талд татан оруулснаар тэд нар түүнд цэргийн даргаа барьж өгчээ. Үүгээр Афганистан нь Алгуйн захиргаанд оров.

Энэ бүхнийг Алгуй Аригбөхийн төлөө бус өөрийн төлөө хийж байсан нь тун удалгүй тодорхой болсон юм. 1262 онд Аригбөх Цагадайн улсын аравт бүхнээс ачлаганы хоёр мал, зэвсэг, мөнгө цуглуулахаар зарлиг гарган Иркакун, Бүритай, Шади нэрт гурван элчийг илгээв. [Рашид-ад-Дин т.II: 97]. Элч нар Алгуйтай уулзаж зарлигийг гардуулан уналга ачилганы мал, зэвсэг мөнгө цуглуулж эхэлжээ. Элч нар нэлээд мал, зэвсэг мөнгө цуглуулаад буцах болоход “Бусад нөхдий чинь ирэхээр та бүхнийг хамт явуулна” гээд Алгуй тэд нарыг сатуулсан байна. 1263 онд бусад нөхөд нь ирээд яагаад буцаагүй байгаа шалтгааныг элч нараас асуухад үнэн байдлаа хэлсэн байна. Элч нар бүгдээрээ нийлж Алгуйгийн өргөөнд хүрэлцэн очоод “Бид бүхэн Аригбөхийн зарлигаар ирж татвар цуглуулаад явж байна. Бидний нөхдүүдэд саад хийх та ямар эрхтэй юм бэ?” гэж асуужээ. Хубилай Аригбөх нарын тэмцлээс гархаар шийдэж Алгуй энэ алхамыг хийсэн бололтой. Тэгээд шалтаг гаргаж бүдүүлэг үг хэллээ гэж тэд нарыг баривчлан хорих тушаал өгөв. Үүний дараа Алгуй ноёдтойгоо яавал зрхилтой талаар зөвлөжээ. Ноёд өгүүлсэн нь:”Элч нарыг баривчлахын өмнө зөвлөлдөх ёстой байжээ. Одоо бид Аригбөхтэй эв эвдрэлцэн түүний дайсан боллоо. Иймээс бидний цорын ганц зөв зам бол Аригбөхөөс бүрмөсөн салж, Хубилай хаантай нийлэх нь зөв” гэжээ. [Рашид ад-Дин, мөн тэнд].Алгуй Аригбөхийн элч нарыг алж, цуглуулсан эд мөнгийг аваад ихээхэн хүчирхэжсэн байна.

Элч нарыг алсан тухай мэдээг Аригбөх аваад ихэд уурсан цэргээ Мавераннахрын зүг Алгуйгийн эсрэг хөдөлгөсөн байна. Аригбөхийн манлай цэргийг удирдсан Харбөх жанжин Сум-куль (Сайрам) нуурын ойролцоо Алгуйгийн цэрэгтэй тулгаран байлдав. Энэ тулалдаанд Харбөх амиа алдаж Алгуй ялагч болсон тул Аригбөхийн манлайн цэргийг бут цохиж жанжин Харбөхийн аминд хүрснээр нэр нөлөө олсон байна. Ялалт байгуулж сэтгэл нь амарсан Алгуй Или голын хөндийд байсан ордондоо буцаж очоод цэргээ гэр гэрт нь явуулжээ. Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн ар талын цэргийг удирдаж байв. Асутай Төмөр хаалгын даваагаар Илийн хөндий рүү орж Алгуйг гэндүүлэн бут цохижээ. Алгуй Дорнод Туркестан уруу зугтан зайлав. Аригбөх Илийн хөндийд өвөлжихдөө нутгийн ард иргэдийг байнга дарлаж байсан учир өлсгөлөн болж олон хүн үхсэн байна. [Бартольд 1963 а:576]. Тэр өвөл Аригбөхийг дэмжиж байсан ноёдын олонхи нь түүнийг орхин оджээ. Мөн Алтайд цэрэгтэйгээ өвөлжиж байсан Өгэдэй хааны өөр нэг хүү Уранташ (Рашид ад-дин: Уренгташ) Хубилайн талд урван оржээ. Дээрээс нь өвөлжингөө нутгийн иргэдээс хүчээр гаргуулан авсан улаан буудайгаар адуу малаа тэжээж байсан учир хавар ногоо цухуйхад агт морьд нь өвчилж хиарсан байна. Алгуй Аригбөхийн энэхүү хүнд байдлыг ашиглан түүнийг нэгмөсөн бүт цохих санаатай хүн хүчээ базаагаад дөхөж ирэхэд Аригбөх Эргэнэ хатан болон Масуд-бекийг түүнийг угтуулан илгээгээд өөрөө 1264 онд Асутайн хамтаар Хубилай хаанд бүүж өгөхөөр оджээ.

Бидний үзэж байгаагаар Аригбөх Эргэнэ хатныг чухам энэ үед Алгуй руу явуулсан нь үнэнд нийцнэ. Энэ үеэс Алгуй Эргэнэг хатнаа болгож харин Масуд-бекийг Самарканд, Бухарын захирагчаар томилжээ. Бэрх Хүлэг хоёрын дунд Алгуй яс хаясан гэж армян сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Алгуй Бэрхийг үзэн яддаг биш юмаа гэхэд дүргүй байх бүрэн үндэстэй юм. Нэгд, Бэрх лалын шашинд орсон бөгөөд лалыхныг Хүлэг хааны шахалт дарамтаас өөрийгөө сахин хамгаалагч хэмээн зарлаж байв. Хоёрт, Бэрхийн матаасаар Алгуйн удам буюу Өгэдэйн үр ач нарыг хэлмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл 1251 оны үйл явдлын гол буруутан нь Бэрх мөн гэж Алгуй үзэж байв. [Бартольд 1963 а: 576].Алгуй Бэрх хоёрыг дайтаж байсан гэж Бартольд үзсэн байна. Алгуйн зарлигаар Масуд-бек Мавераннахрын хотын оршин суугчдаас Бэрхтэй хийх дайнд зориулсан мөнгө татаж Алгуйд өгсөн гэжээ. [Бартольд, мөн тэнд]. Энэ дайнд Бэрх бүрэн ялагдаж, Алгуй түүний мэдэлд байсан Отрарыг эзлэн дээрэмдсэн байна. Арран, Азербайджаны нутаг дэвсгэр нь Алтан ордны болон Эл хаадын улсын хоорондын хэрүүлийн алим болж байлаа. Энэ хоёр улсын хооронд 1262 оноос дайн явагдаж байсан бөгөөд энэ дайны үед Хубилай элч зарж Бухарын хүн амын тооллого хийхийг зарлигджээ. Эл тооллогоор Бухар хотноо 16 мянган монгол цэрэг байснаас 5 мянга нь Батын буюу Алтан ордны, 3 мянга нь Сорхогтани хатны буюу Хубилай, Хүлэг нарын эхийн, үлдсэн 8 мянга нь их хааных байжээ. Хубилайн зарлигаар Алтан ордны улсын цэргүүдийг хотоос гаргаж бүгдийн хороосон бөгөөд гэр бүл, өмч хөрөнгий нь хураан авчээ. Алгуй 1264 онд нас барав.

Аригбөх Хубилай хоёрын зэвсэгт тэмцэл 1260-аас 1264 он хүртэл бүтэн 5 жил үргэлжилж эцэст нь Аригбөх тэмцлээ үргэлжлүүлэх ямар ч нөхцөлгүй болсон тул, үлдсэн цэрэгтэйгээ Хубилайд бууж өгөв. Хубилай хаан дүү Аригбөх болон Асутайг хэрхэх талаар ах Хүлэг, Бэрх, Алгуй нарын санал авсан хэмээн Бартольд бичжээ. [Бартольд, мөн тэнд]. Гурвуул булзамхай хариу өгсөн тул Хубилай хоёулангийн өршөөж амь насыг нь хэлтрүүлжээ.Хубилай өөрийн отгон дүү Аригбөхийн амь насыг хэлтрүүлсэн боловч түүнийг нас барах хүртэл нь тусгай харгалзан барьж байжээ. Гэвч Хубилай Аригбөхийн талын бусад ноёдыг ах дүүсийн хооронд хуйвалдаан зохион байгуулж, хэрүүл маргаан гаргаж, дайн өдөөв хэмээн шийтгэж нэлээд олныг нь цаазлан алсан билээ. [Рашид-ад-дин т.II :197].Үүгээр ах дүү хоёрын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч, их хааны ширээний төлөө тэмцэл зогссонгүй, энэ удаа уг тэмцэл монгол ноён Хайдугийн удирдлагын доор явагджээ. Хубилайн эсрэг Монгол ноёдын шинэ эвсэл 1266 онд байгуулагдаж түүнийг урьд Аригбөхийг дэмжиж явсан Хайду толгойлжээ. Хайду, Өгөдэйн үр ач нарын дунд сэргэлэн ухаантай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед их хааны эсрэг хуйвалдаанд оролцож шийтгүүлэхийн даваан дээр хаанаас өршөөл гуйсан тул их хаан түүний амийг хэлтрүүлэн Тарвагатайд нутаг заан тэнд байнга байхаар цөлсөн ажээ.Хайду бол Өгэдэй хааны тав дахь хүү Хашины хүү. Өвөг эцэг Чингисийн ордонд хүмүүжил олсон, Өгэдэй хааны нас барахад Мөнх хааны дэргэд байсан бөгөөд дараа нь хааныг Хятад уруу дайлаар мордоход Аригбөхийн дэргэд үлдсэн. Ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл дэгдэхэд Аригбөрийн талд орсон. Харин Аригбөхийг бууж өгөхөд Хайду өөрийн удмын эрх дархыг сэргээн хамгаалхаар үлджээ.

Энэ удаа тэрбээр Хубилайн эсрэг тэмцэж монгол ноёдын эвсэл байгуулах болсон шалтгаан нь “эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээ эзлэн Хятадын нөлөөнд орсон” гэж Хубилайг буруушааж байсантай холбоотой юм. [БНМАУ-ын түүх 1 боть: 289]. Энэ эвсэлд Мөнх хааны үед хэлмэгдэж явсан Өгэдэй болон Цагадайн удмынхан оржээ. Хубилай хаан Хайдугийн довтолгооноос бүх талаар сэргийлж эсэргүүцэн байлдах цэргийн хүчийг бэлтгэж, ерөнхийлөн захирагчаар хөвүүн Номхоныг тохоон томилжээ. Номхон Хархорумд хүрэлцэн ирсэний дараа юуны өмнө монголын шилдэг цэргийн хүчнийг бөөгнөрүүлж, цэргийн сургууль хийлгэжээ. Үүнээс гадна Алтан орд, Цагадайн улсын монгол ноёдтой холбоо барихаар элч төлөөлөгч заржээ. Эн түрүүнд Цагадайн улсад хаан эцэг Хубилайн нэрээр хэд дахин яаралтай элчийг “хятад газрын үнэт бэлэгтэй илгээж түр зуурын холбоо тогтоон хэлэлцээр байгуулж амжжээ. Тэр хэлэлцээр ёсоор Цагадайн улсын Чапар цэргийн хүчээр Хайдуг цагдан сэргийлж байхаар тогтжээ”. [МУ-ын түүх II боть:198]. Чапар бол Хайду ноёны хүү бөгөөд эцгийн үйл хэргийг үргэлжлүүсэн билээ.

Номхон бас эцгийн нэрээр Артан ордны улсад элч заржээ. Алтан ордны Мөнхтөмөр хаан, Хайдуг Юань улсад довтолбол цэрэг гаргаж Хубилайд туслахыг зөвшөөрчээ. Чухам ингэж Номхон богино хугацаанд бусад улсын хүчийг Хайдугийн эсрэг чиглүүлж чадсан боловч тэр нь бат бэх биш байжээ. 1276 онд Хубилайн эсрэг явуулсан тэмцэлд Мөнх хааны хөвгүүн Ширжи, Ариг-Бөхийн хөвгүүн Мингэл-Төмөр, Юмахор нар идэвхитэй оролцсон байна. Хубилай өмнөд Хятадыг дайлаар явуулсан цэргийн гол хүчийг татан авчирч эсэргүүцэн боссон ноёдыг дарах арга хэмжээг яаралтай авсан байна. 1283 он хүртэл үргэлжилсэн ширүүн байлдааны эцэст Хубилайн эсрэг боссон ноёд хүч мохож бууж өгсөн боловч Монгол гүрний тал нутгийн баруун хэсгийн ихэнхийг эзэлсэн Хайду Хубилайн эсрэг тэмцлээ цааш үргэлжлүүсэн юм. Хубилай Хайду нарын зөрчлийн үндэс нь Хубилай Хятадад төрийн төвийг шилжүүлсэн, Хайду монголын нүүдлийн уламжлалт хэв ёсоо хадгалахын тулд Хубилайг эсэргүүцэн тэмцсэн нь уул тэмцлийн нэгэн гол шалтгаан мөн боловч “үүнээс өөр илүү чухал шалтгаан байсныг үгүйсгэж болохгүй”. “Юуны урьд Хубилай Төв Азийг өөрийн гүрэнд багтаан оруулахыг чухалчилж байсныг дурьдах нь чухал. Хубилай Төв Азиар дамжин өрнө зүг асар их худалдааны замыг нээх бодолтой байсан. Гэтэл Хайдугийн эсэргүүцлээс болж энэ бодлого төлөвлөгөө биелэгдэхгүй болсон байна. Төв Ази Хайдугийн гарт байх нь Хубилайд ашиггүй боловч энэ бол бага хэрэг. Хэрэв Монгол орон тэр аяараа Хайдугийн гарт орвол Хубилайд хэмжээлж баршгүй аюул хохирол гарах нь тааж цөхөрмөөргүй зүйл байв. Хэрвээ Хайду Монгол орныг эзлэн авбал Хубилай эх нутгаасаа салж зөвхөн Хятадыг захирах төдийгээр үл барам өчнөөн олон жил үйл тамаа эдэлж байж эзлэн авсан Хятадыг алдахад хүргэх нь ямарч маргаангүй байв.Эцсийн бүлэгт Хубилай Тогоонтөмөр хаан шиг хөөгдөн гарах нь гарцаагүй байв. Энэ бол зөвхөн Хятадад Монголын ноёрхол унаж байгаа хэрэг төдий биш Чингисийн үүсгэн байгуулсан Монгол их гүрэн бүрмөсөн балран мөхнө хэмээсэн хэрэг байв” гэж академич Ш.Нацагдорж дүгнэсэн байна. [Нацагдорж.1998:41-42].

Эргэнэ хатан Цагадайн улсын ноёд түшмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек-шагийг хаан ширээнд өргөмжилжээ. Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрч Есөндувагийн хүү Боракийг Мубарек-шахтай хамтран төр барьж Хайду ноёныг дарж газар нутгий нь эрхэндээ оруулахыг зарлигдан нутаг уруу нь илгээв. Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, хааны итгэлийг олсон хүн байлаа. Энэ үед Хайду Эмиль голын эрэг дагуу газрыг эзлэн эрхшээлээ Дорнод Туркестан хүртэл тэлжээ. Уйгурын нутаг Хайду, Хубилай хоёрын хоорондын жийрэг газар болон хувирчээ.Хубилайн талд орсон уйгурууд Хайду ноёны эвсэлд орсон Цагадайн улсын цэрэгт олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй Бишбалык хотоо орхин зайлхаас өөр арга олсонгүй. Уйгурын идикуутууд ард иргэдээ дагуулаад эхлээд Хамид нүүн очоод дараагаар нь барагцаалбал 1283-1284 онд 400 жилийн турш оршин суусан газар орноо орхиж Ганьсуд зугтаан очиж, эцэж ядарч хэсүүчлэн явсан нь Юань улсын хааны аврал өршөөлөөр эцэс болж, Юнчанд амьдрах болжээ. Ийнхүү уйгурын газар нутаг Цагадайн улсын бүрэлдэхүүнд оров. Турфан, Хамийн ногоон талдаа үлдсэн зарим уйгур хэсэг хугацаанд Юань улс ба Цагадайн улсын хооронд тал засах аргаар тусгаар тогтнолоо нэлээд хамгаалж байжээ. 1369 онд тэдгээрийг Цагадайн улсын хаан Хизр-Ходжа эзлэн авчээ. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек-шахын байр суурь нэлээд бэх бат болохыг олж харжээ. Иймд тэрбээр Мубарек-шахтай эеээр үзэхийг шийдэж хүн ардаа цуглуулж эцэг өвгийнхээ эзэмшил нутагт очиж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эцэг Есөндувагийн эзэмшил нутаг нь Чаганианд байсан тул Мубарек-шах хүсэлтийг ёсоор болгов. Мумин, Басар хэмээх хоёр ах нартайгаа Борак Чаганианд очиж суурьшиж аажмаар Цагадайн улсын ноёд түшмэдийн ихэнхийг өөртөө урвуулан татаж чаджээ. Улмаар Мавераннахрыг гартаа оруулж 1264 оны 10-р сард Цагадайн улсын хаан ширээнд суужээ.

Рашид ад-Дины тэмдэглэснээр Мубарек-шахыг Борак өөрийн барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. [Рашид ад-дин т. II: 98].Ийнхүү Борак Цагадайн улсын хаан ширээг эзлэн авчээ. Цагадайн улс нь Хайдугийн эзэмшил газартай хиллэж байв. Энэ үед Эзэнт гүрний хувь улсуудын хоорондын хил хязгаар нарийн тогтоогдоогүй байсан учир Борак Хайду хоёр газар нутгийн маргаанаас хэд хэдэн удаа тулалджээ. Гэвч Борак дан ганц өөрийн хүчээр Хайдуг цохиж чадахгүй гэдгээ мэдээд түүнтэй эвлэрхээр шийдэв. Ингээд Борак Хайдутай хилийн маргаанаа эв дүйгээр шийдэж энэ асуудлаар дахин эвдрэлцэхгүй гэж андгай тангараг тавьсан байна. Хэргийн явцаар Борак хүчээ нэмэгдүүлж Хубилайн даалгаврыг умартан эзэмшил нутгаа өргөтгөх үүднээс түүнээс урвахаар шийдэв.

Юуны өмнө Борак Дорнод Туркестан дахь их хааны мэдлийн Хотаныг тонон дээрэмдэж их олз авсан төдийгүй Хубилай хааны томилсон Туркестаны захирагч Мугултай ноёныг Хятад руу хөөж явуулсан байна. Боракийн зөв тооцоолсноор зүүн, зүүн өмнөд Азид байлдан дагуулал хийж байсан Хубилай хаан түүний эсрэг их цэргээ илгээж чадахгүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны цэрэг илгээсэн боловч амжилтанд төдийлөн хүрсэнгүй. Хубилайн эсрэг хийж байсан монгол ноёдын тэмцлийн үр дүн нь Хайду Борак нарын зохицож хүчээ нэгтгэж чадах эсэхээс ихээхэн хамаарч байлаа. Иймд Борак, Хубилай нарын зөрчил тэмцлийг ашиглан өмнө Цагадайн удмынхны мэдэлд байсан Талас гол хүртэлх нутаг дэвсгэрийг Хайду эзлэн авчээ. Мавераннахраа хамгаалахын тулд Хайдугийн эсрэг хөдөлж Сыр-дарья мөрний эрэг дээр болсон анхны тулалдаанд Борак ялан дийлжээ. Алтан ордны улсын хаан Мөнхтөмөрийн илгээсэн 50 мянган цэргийн дэмжлэгтэйгээр Хайду хариу цохилт хийж Боракийн цэргийг бут цохижээ. Борак маш хүнд гарз хохирол амссан тул цөхрөнгөө баран Бухар Самарканд хотын оршин суугчдыг хотоос гаргаж өмч хөрөнгийг нь цэргээр тонон дээрэмдүүлэхийг хүссэн байна. Гэвч хотын оршин суугчид лалын шашны өмгөөлөлд орсноор Борак дээрх зорилгоосоо няцаж хотын гар урчуудад дийлж давашгүй татвар оногдуулжээ. Үүний улмаас дархчуул өдөр шөнөгүй зэвсэг хийх болжээ. [Бартольд, мөн тэнд]. Боракийг дайны бэлтгэлээ ид базааж байх тэр үед Хайду, Өгэдэй хааны хөвгүүн Хадааны хөвгүүн Кипчакийг элчээр илгээж найрамдахыг хүссэн байна. Кипчак Борактай дотно харьцаатай байсан учир хоёр этгээдийн дунд зуучилж тэднийг эвлэрүүлэн нөхөрсөг харилцаатай болгож чаджээ. Борак Кипчакийг Самарканд хотноо хүндэтгэлтэй хүлээн авч монгол заншлаар нэг нэгэндээ хундага барьжээ. Ингээд учир зүйгээ ололцож дараа жил хуралдай хийж газар нутгийн маргаанаа шийдвэрлэхээр тохиролцжээ. Ийнхүү Хайду Боракийг нэг мөсөн дуусган цохихыг бодолгүй харин элч зарж дараа жилийн хавар уулзаж гэрээ хэлцэл хийх санал болгосоны цаана ямар утга агуулж буйг Борак тааварлан мэдээгүй ч дуртайяа хүлээн зөвшөөрчээ. Хайду тухайн үедээ Боракийг бут цохиж Цагадайн улсыг бүгдийг эзэлж авах боломж байсан боловч тэгээгүй нь гайхал төрүүлж байна. Алтан ургийн дунд өвөг эцгийн гэрээс захиасыг давах эрх үгүй байсан нь үүнээс харагдаж байгаа юм.

Рашид-ад-Дины мэдээгээр 1269 оны хавар Талас голын хөндийд Цагадай, Өгэдэйн удмын хан хөвүүд болон ноёдууд хуран цугларч Дундад Ази дахь монгол ноёдын анхны хуралдайг хийжээ. [Рашид-ад-Дин т.III:71]. Уг чуулганд (Сурвалжид курултай, зөвлөгөөн, чуулган гэж зөрөөтэй тэмдэглэсэн байгаагаар авав). Алтан ордны улсын Мөнхтөмөр хаан тус чуулгаанд оролцсонийг зарим судлаачид үл зөвшөөрөн “Зүчийн улсын төлөөний хүн оролцсон байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн үздэг байна. [Бартольд 1963 a :582].Хуран цугларагчид 7 хоног найрлаж цэнгэж, найм дахь өдөр нь хэлэлцээрээ хийж эхэлжээ. Бүх хэлэлцээрийг Хайду удирдаж байв. Талас гол хүртлэх улсынхаа зүүн хэсгийг алдсан Борак, Цагадайн хууль ёсны залгамжлагчийн хувьд газар нутгаа эргүүлэн өгөхийг шаардсан байна. Гэвч уг хуралдайд оролцсон ноёдууд хэлэлцэж Мавераннахр нутгийн 2/3 хэсгийг Боракт, 1/3 хэсгийг Хайду болон Мөнхтөмөр хаан нарын хамтын эзэмшилд олгохоор шийдвэрлэжээ. [Рашид-ад-Дин т.III :71].Уг чуулганаар хэлэлцсэн хамгийн хэцүү бөгөөд маргаантай асуудал бол Долоон гол, Илийн хөндийд аж төрж байсан Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хэсгийг суурьшмал соёлтой Мавераннахрт нүүлгэн шилжүүлж тэнд нэгмөсөн нутагшуулах тухай байв. Ингээд Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хийгээд суурьшмал хоёр хэсэг хэрхэн зэрэгцэн орших үндсэн зарчмуудыг чуулганаар боловсруулан гаргав. Үүнд нүүдэлчид Мавераннахрын зөвхөн хээр талд аж төрж хот суурины ойр орчимд эргэлдэн хоргодож байхгүй агаад тариалангийн талбайд малаа билчээхгүй, хотын оршин суугчдаас хууль ёсны татвараас гадуур нэмэлт татвар авахгүй байхаар тохиролцов. Мавераннахрын захирагчаар Масуд-бекийг улираан томилжээ. [Рашид-ад-Дин т III.:71]. Мөн чуулганаар Цагадайн улсын хан Боракийн өвөл зуны ордын газрыг нарийн тогтоож өгөв. Академич В.В.Бартольдын үзэж буйгаар энэ чуулганаар Хорасан руу Ил хан Абагагийн эсрэг хийх Боракийн дайны төлөвлөгөөг мөн хэлэлцэж тохиролцсон ажээ. [Бартольд 1964 б:510].

Эцэст нь чуулганд оролцсон хан хөвүүд анд бололцон өвөр хоорондоо хувцас хунараа солилцож өмсөөд хундага өргөн үеийн үед нэг нэгэндээ үнэнч байх андгай тангараг тавьжээ. Үүгээр Таласын чуулган өндөрлөв. Таласын чуулганыг санаачлагч Хайду уг чуулганаар тогтоосон Дундад Азийн шинэ зохион байгуулалтын гол этгээд байсан нь эргэлзээгүй бөгөөд түүний цаад санаа нь эцэг өвгөдийн хуучин нутгийг сэргээхэд чиглэгдэж байсан бололтой. Хайду Цагадайн улсын газар нутгийн Долоон гол, Или голын хөндийн хэсгийг эзэлж аваад хариуд нь нөхөн төлбөр маягаар урьд нь 1260 онд Алтан ордны улсаас Алгуйн булааж авсан Мавераннахрыг албан ёсоор Цагадайн улсын эзэн Боракт шилжүүлж өгөх зорилго өвөртөлж энэхүү чуулганыг зохион байгуулсан нь харагдаж байна. Харин яагаад Цагадайн улсыг нэг мөсөн эзэлж өөрийн захиргаанд оруулаагүй юм бэ? гэвээс их хаан Хубилай хийгээд Алтан ордон болон Ил хаадын улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж Хайду Цагадайн улсаас цэргийн хүчээр авсан газар нутгаа ямарч маргаангүйгээр өөрийн удмын захиргаанд оруулахыг юу юунаас илүүд үзсэн бололтой. Үүнийгээ ч хийж чадав. Таласын чуулганд Хайду Борак хоёроос гадна Алтан ордны хан Мөнхтөмөр оролцсон нь газар нутгаа булаацалдаж байгаа хоёр этгээдийн маргааныг таслахаас гадна хөндлөнгийн гэрчийн үүрэг гүцэтгэж байв. Ингээд Хайдугаас ялагдал хүлээсэн Борак хүссэн хүсээгүй Таласын чуулганы шийдвэрийг дагаж харьяат ард иргэдтэйгээ Мавераннахрт шилжин суух болов. Цагадайн улсын хүн амын үндсэн монгол хэсэг нь Жалайр, Барлас, Хуучид болон Арлуад аймгаас бүрдэж байжээ.

Оросын эрдэмтэн А.Ю.Якубовскийн тэмдэглэснээр “жалайр аймгийнхан Ангрен мөрний хөндийд, барласууд Кашка-дарья голын сав газарт суурьших болсон ба эдгээр аймгууд Долоон голоос ирэхдээ хэл ярианы хувьд их бага хэмжээгээр түргийн нөлөөнд автсан байсан бөгөөд Мавераннахрт ирээд тэдний түрэгжих үйл явц улам эрчимжсэн байна” гэжээ. [Якубовский 1946: 49].Цагадайн улсын нөгөө хоёр үндсэн аймгуудын тухайд гэвэл “хуучид Аму-дарья мөрний эхэнд, арлуадууд Аму-дарья мөрнийг өгсөн өмнө этгээдээр нутаглан суужээ”. [Петрушевский 1984:152].Ихэнх судлаачид эдгээр аймгуудыг Мавераннахр луу шилжих болсон гол шалтгааныг Мубарек-шах болон Борак нар лалын шашинд орж суурьшмал соёлыг эрхэмлэн үзэж хот сууринг бараадан амьдрах болсонтой холбон үүний төлөө Таласын чуулганыг хуралдуулжээ хэмээн үздэг нь бидний бодлоор эндүү зүйл бололтой. [Петрушевский мөн тэнд]. Цагадайн улсын эдгээр аймгуудын сууж байсан хуучин нутаг болох Долоон голд Эрчис мөрөн, Тарвагатайн тэндээс шилжин ирсэн Өгэдэй хааны харьяат аймаг болох сүлдүс, хонгирад, хонхотан нар эзлэн суужээ. Чу голын хөндийг Хайду хааны хориг /“хоруг”/ болгов. Рашид-ад-дины тэмдэглэснээр “Или болон Чу голын завсар байх Шонхорлиг хэмээх нэртэй өндөр ууланд Хайду болон бусад хан хөвүүдийн онгод байдаг” гэдэг нь энэ нутаг Хайдугийн эзэмшил болсныг гэрчилж байгаа юм. [Рашид-ад-Дин т.II:16].

Цагадайн улсын дараа дараагийн хаадууд алдсан нутаг дэвсгэрээ Өгэдэйн удмыхнаас эргүүлэн авахыг оролдож байсан тул энэ хоёр улсын хооронд дайн самуун нэг бус удаа дэгдэж байв. Энэ хоёр этгээдийн хоорондын дайн самууныг судлаачид Цагадайн улсын дотоодын нүүдлийн болон суурьшмал хоёр чиг хандлагын зөрчил тэмцлээр тайлбарлан авч үздэг. [Бартольд 1963 д: 731].Хуралдайн дараа Хайду Боракаас ихэд сэрэмжилж байв. Боракийг Бухарт ойртуулахгүйн тулд Хайду Боракийн сууж байсан газар хот хоёрын дунд цэрэг байрлуулжээ. Борак хуралдайн шийдвэр болон тавьсан андгай тангарагтаа үнэнч үлдэж Хайдутай энэ асуудлаар ам мурийсангүй, харин: “Манай цэргийн тоо ихэд олширлоо. Цэргээ нутагтаа агуулахад хүндрэлтэй байна. Гол гаталж Хорасан мужийг эзлэх хэрэгтэй байна. Энэ ажиллагаанд Хайду анд тусал” гэжээ. [Рашид-ад Дин т.II :98]. Хайду нь Хорасаны Абага хаантай таарамж муутайгаас гадна нөгөө талаар Боракийг холдуулахын тулд Кипчак, Чапат хоёрыг тус тусад цэрэг захируулан Боракт туслуулахаар илгээжээ. Чапат нь Гүюг хааны хүү Нагугийн хүү ажээ. Борак цэрэгтэйгээ хөдлөн явсаар голыг гатлан Мервийн хилийн хавьцаа будаллав. Дараа нь тэрбээр Абага хааны дүү Тобшины цэрэгтэй тулалджээ. Энэ үед Абага хааны мянганы ноён Сүжигтү Борактай хамт Кипчак ирснийг сонсоод бултан очиж түүний талд ороод өгүүлсэн нь:”Би Кипчак ноёны албат тул өөрийн эзэндээ ирлээ. Бас эзэндээ сайн хөлөг морь авч ирлээ” гэжээ. Кипчак хариу болгон:”Хэдэн сайн морь авч Боракт бэлэг болгон барь” гэжээ. Сүжигтү Кипчакийн хэлсэн ёсоор болгожээ. Маргааш нь Боракийн өргөөнд Жалайртай ноён Кипчакт хэлсэн нь:”Борак чиний төлөө сэлэмнийхээ ид хавыг үзэх гэж олон мянган цэрэгтэйгээ энд ирсэн” гэжээ. Кипчак:”Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж гайхан асуув. “Болох юм ёсоороо л болж байна. Сүжигтү чиний албат, чамд захирагддаг ч гэлээ, өчнөөн хугацаа өнгөрчихөөд байхад тэр одоо яагаад чамруу ирэхгүй байна. Борак байгаа учраас л Сүжигтү наашаа ирсэн. Сүжигтүгээс Боракт өгөх ёстой сайн морьдыг чи өөртөө авсан. Чи өөртөө авах ёстой морьдыг Боракт өгсөн. Ийм учраас чи Сүжүгтүгээс өөртөө авсан морьдыг Борагт бэлэг болгон барь” гэж Жалайртай зандарсан байна. Энэ үгийг сонссон Кипчак уурсангуйгаар:”Ах дүү нарын хоорондуур орж их үг хэлж байдаг чи ер нь хэн юм бэ?” гэжээ. Жалайртай:”Би Боракийн зарц болхоос чинийх биш. Тийм учир чи намайг хэн бэ гэдгийг асуух болоогүй” хэмээн хариулав. Кипчак:”Хэзээ Чингис хааны удмынхантай харц хүн маргалдаж зүрхэлж байлаа? Чи муу нохой надад юу гэж сөргөлдөнө вэ?” хэмээн уурлав. Жалайртай:”Хэрвээ би нохой юм бол чинийх биш Боракийнх. Чи өөрийн нэрээ хичээж, хирээ мэд”.Кипчакийн шар нь хөдөлж:”Чи надад ингэж хариулж байгаа юм уу? Би чамайг тас цавчина даа! Борак миний ах учир чамайг тас цавчисаны төлөө надад юу ч хэлэхгүй” гэжээ. Жалайртай хутга шүүрэн авч:”Хэрвээ чи миний өмнөөс сарвалзах юм бол би чиний гэдсийг хүү татна” гэж ханхалзав.

Тэр хоёрын хэрүүл ийнхүү түйлдаа хүрэхэд Борак огт дуугаралгүй байхыг Кипчак хараад Боракийг Жалайртайн талд байна гэж ойлгоод нэрээ хичээн гарч явжээ. Тэрбээр өөрийн цэргээ авч голыг гатлан буцав. Кипчакийн буцасныг Борак мэдээд сандран, түүнийг буцааж ирүүлэх гэж дүү Никпейгээ, мөн араас нь Жалайртайг 3 мянган цэрэгтэй явуулжээ. Үүний дараа Чапат ч цэргээ аван Кипчакийн араас Хайдугийн зүг буцсан байна. 1269 онд болсон энэхүү тулалдаанд Боракийн цэргийн ихэнх нь амь үрэгдэж үлдсэн хэдэн нь таран зугтав. Хунд шархадсан Борак Бухарт очиж хэсэг хугацаагаар биеэ тэнхэртэл байсан байна. Борак өөртөө туслахаас татгалзсан Цагадайн хүү Мужи-Яягийн хөвүүн Ахмедын эсрэг далд тэмцэл дэгдээв. Борак Басар ахыгаа элч болгон Хайдуд зарж: ”Хан хөвгүүд надад туслах гээд хайхрамжгүй хандснаас би болон миний цэрэг ялагдлаа. Хэдийгээр миний хүчин чадал доройтсон ч гэлээ анд минь надад тусалбал би тэдний араас мөшгөн хөөж, барьж авч зохих шанг нь хүртээх болно” гэж хэлүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].Боракийн энэхүү саналыг Хайду эрэгцүүлэн бодож, хүний гараар могой барих гэсэн Боракийн далд санааг гадарлан элч Басарыг баривчлан дөнгөлжээ. Хайду Боракийн хүчин суларсныг далимдуулан бүрмөсөн зайлуулахын тулд түүнд туслана гэсэн цуу тараагаад 20 мянган цэргийн хамт Боракийн эсрэг морджээ. Энэ үед Боракийн хүмүүс Ахмедыг гартаа оруулан алсан байжээ. Үүнээс болж Борак Хайдугаас цэргийн тусламж хүссэндээ харамсч Хайдуд элч илгээн: ”Анд Хайду минь энд өөрийн чинь туслалцааг авах хэрэгцээгүй боллоо. Одоо санаагаа зовоолгүй буцаж харь” хэмээн хэлүүлжээ.Хайду Боракийн элчийн үгийг үл тоож урагшилсаар Боракийн өргөөнд ойртон бүсэлж хоножээ. Борак айсандаа тэр шөнөдөө нас барсан байлаа гэж “Судрын чуулган”-д өгүүлсэн байна. [Рашид-ад-Дин т.III:85]. Дараа өдөр нь Хайду Боракийн өргөөнд очиж гашуудал илэрхийлээд, оршуулагад нь оролцжээ. Боракийн цогцсыг монгол ёсоор өндөр газар онголсон байна. Тэнд байсан хан хөвүүд, ноёд Хайдууд бараалхан “Энэ цаг үе хүртэл бидний эзэн Борак ах байсан юм. Үүнээс хойш Хайду ах биднийг захирах болно. Та юу гэж зарлиг буулгана бид ёсоор гүйцэтгэнэ” гээд мэхийн ёслов. [Рашид-ад-дин т.II:100].

Хайду Боракийн хөрөнгийг цэргүүддээ хувааж өгөөд нутгийн зүг оджээ. Үүнд нь Боракийн үүган хөвгүүн ихэд дургүйцэн Алсу, Чупай, Капан нэрт дүү нараа дагуулан Алтан Ордоны Бэхтөмөр хаанд дагаар оржээ. Гуюг хааны хоёрдугаар хүү Чапат нь ард иргэдээ дагуулан Хубилай хааныг бараадан явжээ. Харин Мубарек-шахын хөвгүүд болон Харахүлэгийн хөвгүүн Эл хаадын улсын Абага-хааны харьяанд ороход хаан тэднийг Газни хотын орчим байрлаж байсан Никударын цэргийн дарга нараар томилжээ. Боракийн ах Басар нь мөн тэдний араас Абага хаанд очиж алба хаах болов. Боракийг нас барснаас хойш Цагадайн улсын нөлөө бүхий хан хөвгүүд болон ноёд Хайдугийн захиргааг үл зөвшөөрөн тал тал тийшээ сарнин оджээ. Өөрөөр хэлбэл, Цагадайн улсын нөлөө бүхий ноёд Хубилайн эсрэг хийж байсан Хайду ноёны тэмцлийг толгой дараалан дэмжиж байгаагүйг энэ баримт харуулж байгаа юм. Хайду Хубилайн хоорондох зэвсэгт тэмцэл Хубилайн нас нөхчих хүртэл (1294) 30 гаруй жил үргэлжлэв. Хайду үе үе Хубилай хааны эсрэг их бага довтолгоон хийсээр өвөг эцэг Өгэдэйн эзэмшил нутгийг сэргээн товхинуулаад эзэн нь сууж байжээ. Хубилай хаан амьдралынхаа турш Хайдугийн хүчийг бүрмөсөн бут ниргэж чадаагүй юм.Энэ хоёрын тэмцэлд Дундад Ази дахь Цагадайн хаант улс хамгийн их хэлмэгдсэн учир нь түүний эдийн засгийн хөгжил цэцэглэлт Торгоны замын худалдаатай шууд холбоотой байсанд оршино.Хайду ноёныг нас барсны дараахан Цагадайн удмын Дува хаан 1282 онд улсынхаа эзэн суусан байна.

Олон жил үргэлжилсэн Хайду Хубилай нарын зэвсэгт тэмцлийн хөлд нэрвэгдсэн улс орноо төвхинүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх асуудалтай Цагадайн улсын төрийг барьсан Дува хаан болон түүний үе залгамжлагчдын өмнө тулгарав. Юуны өмнө тэрбээр засаг захиргааны хуучин тогтолцоог халж түмтийн хуваарийг дэлгэрүүлэв. Үүний үр дүнд Цагадайн улсын дотоод байдал нэлээд тогтворжив. 1306 онд Дува хан нас нөхчив. Дува хааны дараа ээлж дараалан төр барьсан түүний гурван хөвгүүдийн нэг нь болох Кебек (1318 – 1326) улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд нэлээд анхаарлаа хандуулжээ. . Академик В.В.Бартольдын бичсэнээр Кебек хаан “мусульманы шашинд ороогүй ч мусульманчууд түүнийг шудрага төр баригч хэмээн магтан хотуудыг сэргээж, шинээр барьж байгуулсан” ажээ. [Бартольд 1964 б: 543].
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Их Монгол улсын үеийн Цагадайн улс

Цагадай 1227 онд эзэмшил нутагтаа очсоныхоо дараа өөрийн ордуудыг байгуулжээ. Цагадайн зуны орд нь Алмалиг хотын хаяанд Или голын хөндийд Куяш (Нар) нэрт газар байжээ. Өвлийн орд нь Или голын эрэгт Мераурик-Ила нэрт газар байжээ. Зуны орд Куяшийн ойролцоо Кутлуг (Жаргалан) нэртэй хот Цагадай байгуулжээ. Чан- Чунь бомбын тэмдэглэлээс үзэхэд Цагадайн орд нь Или голын урд талд байсан бөгөөд тэнд түүний өв залгамжлагчдын өргөө бас байжээ. Жүвейни тэр орд өргөөг Улуг Иф буюу Улуг Их гэж нэрлэсэн байна. [Жувайни т.II:241].Цагадайн улсын гол хот нь Алмалиг байжээ гэж академич В.В.Бартольд тодорхойлсон юм. Рашид-ад-диний тэмдэглэснээр эцэг Чингисийн таслан өгсөн улсаа Цагадай захирч “Бишбалигт өөрийн улсын хан ширээнд бүрэн эрхтэй байлаа” гэжээ. [Рашид-ад Дин т, II:96

Чингис хааны гэрээслэл ёсоор 1228 онд Өгэдэйг их хаанаар өргөмжлөх Их хуралдайг Алтан ургийнхны хамгийн ахмадын хувьд Цагадай удирдан явуулжээ. “Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түмтийн ноёд, мянганы ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө аралд хурж, Өгөдэйг их хаан өргөмжлөв. Өгөдэйг хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгөдэйд хүлээлгэн өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгөдэй хаанд өгөв” гэж “Монголын нууц товчоонд” өгүүлжээ. [МНТ 1990: 242].Хаан суудалд залах ёслолын үед Өгөдэйн баруун гараас Цагадай түшиж, зүүн гараас Толуй түшиж, ар талаас Отчигин түшиж их хааны суудалд залсан байна. Ах дүү нарынхаа дотроос Цагадай ахтайгаа Өгөдэй санаа бодол нийлдэг байсан учир илүү дотно байжээ. Хаан болоод тэрбээр ах Цагадайгаа дотно зөвлөгчөө болгож, төрийн чухал асуудлаар зөвшилцдөг байжээ. Сурвалжаас үзэхэд тэр хоёр ам зөрж эв түнжин хагарч байсан удаа үгүй ажээ. Тийм ч учраас Өгөдэй хааны авч хэрэгжүүлсэн төрийн брдлогод Цагадайн оруулсан хувь нэмэр зохих байр эзэлнэ.

“Монголын нууц товчоонд” өгүүлснээр Өгэдэй хаан өргөмжлөгдсөний дараа Цагадай ахтайгаа зөвлөөд Багдадын Халифт улсад Чормаган, Оготор, Мөнхөт нарыг, Орост Бат, Сүбэдэй нарын цэргийг тус тус томилон илгээжээ. Энэ тухай сурвалж бичигт тэмдэглэхдээ: Өгөдэй хаан өгүүлрүүн: “Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: “Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй” гэж байсан юм. [МНТ 1990: 242-243].Ахмад хөвүүдийг алс холын аян дайнд явуулах нь Чингисээс хойш тогтсон төрийн нэгэн уламжлал юм. Цагтаа Чингис хаан ахмад хүү Зүчидээ цэрэг өгч ойн иргэдийг эзлүүлэхээр явуулж байсан. Мөн эзлэгдсэн улс орнуудын хамгийн алс холын нутгийг түүнд хувь улс болгон өгсөн. Баруун зүгийн аян дайнд ахмад хөвүүдийг явуулсан гол зорилго нь цэргээ сүртэй олон харагдуулах гэхээс илүү уламжлалаа дагасан хэрэг буйзаа.

“Монголын нууц товчоонд” дурьдсан өөр нэг жишээ бий. “Бас Өгөдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь “Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? Гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё” гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч “Юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!” гэжээ. [МНТ 1990: 243].Энэ мэдээнээс дараах дүгнэлтэнд хүрч болох юм. Нэгд, Их Монгол улсын эзэн хаан атал ах Цагадайтай “зөвлөж” санаа бодлоо илэрхийлэх явдал нь нэг талаас ах хүнийг дээдлэн хүндэлсэн хэрэг, нөгөө талаас Өгэдэйг хаанд өргөмлөх саналыг анх дэвшүүлсэн хүний хувьд Цагадай их нэр нөлөөтэй байсан тул “Өгэдэйн үеэс эзэмшил нутгаа бие даасан улс мэт захирч байсныг” нотолж байгаа билээ. [Хаадын сан 2000: 73].Тэр үед ах Цагадай зөвшөөрч бас өөрийн улсаас цэрэг гарган илгээсний дагуу Өгэдэй хаан 1231 онд Хятадын Алтан хааныг эзлэхээр мордож зорилгоо биелүүлсэн билээ.Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотод Их хуралдай хуралдуулжээ. Их хуралдайгаар Чингисийн гэрээсийг биелүүлж Алтан улсыг байлдан эзэлсэн дүн болон Өрнө зүгт хийх дайны ажиллагааг нарийвчлан хэлэлцжээ. Цагадай улсаа өөрөө захирч байсан тул хүү Байдарыг ач хүү Бүрийн хамт Өрнө зүзгийн байлдаанд томилжээ. Өгөдэй хааны ууган хүү Гүюг, Толуйн ахмад хүү Мөнх нар тус тусын харьяат цэргээ захирч явжээ. Харин Зүчийн удмаас түүний ууган хүү Ордаас гадна хоёр дүү Шибан болон Тангуд нар нь аян дайнд мөн оролцжээ. Нийт найман хан хөвүүд Европын дайнд явсан бөгөөд түүх бичлэгт энэ аян дайныг “ахмад хөвгүүдийн баруун тийших дайлалт” гэдэг ажээ. [МҮТТ 1988:95].Найман хан хөвгүүдийн дөрөв нь Зүчийн хөвгүүд байсан нь санамсаргүй бус санагдана. Үүний цаана цэрэг дайны шаардлагаас гадна ямар нэгэн давхар санаа агуулагдаагүй гэх газаргүй.

1236 оны хавар Гүюгийн захирсан голын улсын цэрэг, Мөнхийн захирсан монгол газрын цэрэг, Байдарын захирсан баруун орны цэрэг, Батын захирсан өрнө дахины цэрэг тус тусын газар орноосоо хөдөлж Булгар улсын хил хязгаар дээр цугларсан байлаа. Бүх цэргийн тоо нь 120 мянга байсан бөгөөд үүний дотор монгол цэрэг 50 мянга, монгол ноёдын захирсан түрэг цэрэг 70 мянга байжээ. [Алтаншаа 1993: 328]. Баруун зүгт дайлаар мордсон бүх хан хөвүүдийг ахлан захирсан Бат, Өгөдэй хаанд илгээсэн нэгэн нууц захидалдаа Бүри, Гүюг хоёртой муудалцах болсон шалтгааныг тайлбарлан өчив. Энэхүү мэдээ ёсоор баруун зүгт хийсэн аян дайн амжилттай явагдаж “алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би (Бат) бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри, Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов…Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн боловч, Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!” гэжээ. [МНТ 1990: 246]. Энэ тухай “Монголын нууц товчоонд”: Явахдаа Бүрийн хэлсэн нь : “Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уух билээ?” Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгэчих юм сан!” гэжээ”. [МНТ 1990: 246]. Үүнээс үзэхэд Бүри, Гүюг хоёр өөрсдийгээ Батаас хавьгүй дээгүүрт тавьж байсан нь илэрхий байна. Бүри бол Цагадайн ач хүү, Гүюг бол Өгөдэй хааны ууган хүү, Бат бол Зүчийн хоёр дугаар хүү билээ. Насны хувьд гэвэл 1238 оны байдлаар Гүюг 32, Мөнх 30, Бат 29 настай байжээ. Насаар ах Бүри, Гүюг хоёр Бат тэднийг зохих ёсоор хүндэлж үзсэнгүй гэж найрыг орхин явсан бололтой.

Гэтэл Бат өөрийгээ бүх цэргийн ерөнхий удирдагч гэсэн утгаар Гүюг, Бүри нараас түрүүлж сархад хүртэж ах нарын өмнө ёс алдсан гэлтэй. Харин Гүюг хурим найрын үед ахчлах ёсоо дагах нь зүйтэй бөгөөд үүнд цэргийн албан тушаал огт хамаагүй гэж бичиж болох юм.Өгөдэй энэ мэдээг сонсоод ихэд хилэгнэж “Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюгийг Бат мэдтүгэй Бүрийг Цагадай ах мэдэж шийтгэтүгэй” гэжээ. [МНТ 1990: 247-248].Ач хүү Бүрийгээ Цагадай хэрхэн шийтгэсэн тухай мэдээ олдоогүй байна. Уламжлал, хууль ёсыг хатуу дагадаг Цагадай ёс алдсан ач хүүгээ сургамжлан донгодсон нь лавтай юм. Харин Бат тухайн үед Гүюгийг санасандаа хүртэл шийтгэж чадаагүй учир үүнээс хойш түүнд муу санаж Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх ёслолд оролцоогүй төдийгүй их хааны орыг Өгэдэй удмаас булаан авч Толуйн удамд шилжүүлэн өгөх бодлогыг тууштай хэрэгжүүлжээ. Өгэдэй хаан Цагадайн дэмжлэг туслалцаатай бас нэг томоохон шинэчлэлт хийв. Өгөдэй хаан “Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дурьдатгасан нь зөв зүйтэй санагдах боловч Цагадай ах мэдтүгэй” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч “Тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь:”Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас өгүүлсэн нь:”Бүгдийг хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” гэж илгээжээ. Ийнхүү Цагадайн шууд оролцоогоор Их монгол гүрний хэмжээнд хан хөвүүдийн улсуудыг нийслэл Хархорумтай холбосон төрийн хэргийг шуурхай түргэн залгуулах өртөөг байгуулжээ.

Мөн Цагадайтай нарийн зөвшилцсөний үндсэн дээр их гүрний хэмжээнд хийгдсэн томоохон шинэчлэлтийн нэг болох татварын шинэчлэлтийг Өгэдэй хаан хийжээ. “Монголын нууц товчоонд” өгүүлсэн ёсоор:”Цагадай ахтай зөвлөлдөөд ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нижгээд шүдлэн иргэ, зуун хониноос нижгээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов” гэжээ. [МНТ 1990: 252-253].Өгэдэй хааны нэрээр түүхэн мөнхөрсөн эдгээр шинэчлэлтийн цаана Цагадайн шууд оролцоо яах аргагүй байгаа билээ. Цагадай төр ёсыг хэрхэн дээдэлж байсан тухай сонирхолтой үйл явдлын тухай Рашид-ад-Дин өгүүлсэн байна. Өгэдэй хаан болсныхоо дараа Цагадайтай хамт морь унаад явж байхад Цагадай бооцоо тавьж уралдах санал тавьжээ. Уралдахад Цагадайн морь Өгэдэйн мориноос толгой түрүүлэн давхижээ. Шөнө нь Цагадай өдрийн болсон үйл явдлаа эрэгцүүлэн бодоод хаантай мөрий тавьж түрүүлэх нь бүдүүлэг бөгөөд ёс бус зүйл төдийгүй алсдаа хор уршиг тарьж мэднэ гэж үзээд өглөө эртлэн босч ноёдоо цуглуулан болсон үйл явдлын тухай өгүүлэв. Тэгээд хаанд очиж зохих шийтгэлээ хүлээх ёстой гээд хааны ордон руу чиглэв.

Цагадай олон ноёдоо дагуулан ордонд өглөө эрт гэнэт хүрэлцэн ирсэн учир Өгэдэй хэдийгээр түүнд бүрэн итгэж байсан ч хүн илгээж юу болсныг асуулгажээ. Цагадай:”Бид төрөл төрөгсөд нь хурилдай дээр Өгэдэйг өргөмжилж түүнд захирагдаж, зарлигийг нь дагаж байхаар тангараг тавьсан билээ. Бид ямарч тохиолдолд түүнийг эсэргүүцэхгүй, түүнтэй маргах учиргүй. Өчигдөр би түүнтэй мөрий тавиад унасан морио уралдуулсан юм. Бид хаантайгаа мөрий бооцоо тавьж уралдах ёстой гэж үү? Ийм учраас би гэмтэн мөн. Би ингээд өөрийнхээ гэмийг мэдээд шийтгүүлбэл таарна гэж ирлээ. Намайг албал алтугай, ташуурдвал ташуурдтугай, хаантан өөрөө шүүгч” гэжээ. [Рашид-ад-Дин т.II: 95-96]. Өгэдэй хаан Цагадайн тэрхүү үгийг сонсоод өмнө нь сэжиглэж сэрэмжилсэндээ ичиж, түүнийг улам хайрлан “Энэ чинь юу гэсэн үг вэ? Тэр чинь миний том ах. Тийм жижиг юмны төлөө санаа зовоод хэрэггүй” гэжээ. Цагадай эхлээд Өгөдэйн зарлигийг хүлээн авсангүй. Гэвч хаан түүний амийг өршөөсөн тул хойшид үнэнч зүтгэхээ илэрхийлж есөн морио өргөн барьсан байна. “Цагадайн амийг хаан өршөөлөө. Цагадай гэмээ өршөөснийг тохиолдуулан “тикшимиши” (хааны өмнө есөн удаа сөгдөн мөргөх) хийж буйг бүгдээрээ сонсон мэдэгтүн” гэж зарлан сонсгожээ. Энэ үеэс Өгэдэй, Цагадайн хоёрын харилцаа улам бэхэжсэн байна. Бусад ах дүү нар нь ч тэднийг улам илүү хүндэтгэх болсон ажээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].“Энэ бол Цагадай ёс журмыг илүү сахиж баримталдаг хүний шинжийг илэрхийлж байна. Нөгөө талаар Цагадай эцгийнхээ байгуулсан улсыг бат бэх байлгахсан гэсэндээ Өгэдэйн нэр сүрийг өргөх гэсэн зориудын бодлого байсан гэхэд үгүйсгэх аргагүй юм”. [Хаадын сан 2000 а: 78].Цагадай, Өгэдэй хоёрын харилцаа их дотно байсны өөр нэг жишээ бол Өгэдэй өөрийн хүү Гүюгийг түүний дэргэд “кезик”-ийн албанд томилжээ. [Рашид-ад-дин т.II:96].

“Монголын нууц товчоонд” бичсэнээр Өгэдэй хаан эцгийн сууринд сууснаас хойш олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон нэгдүгээр буруу болов гэж гэмшсэн байдаг. “Судрын чуулганд” өгүүлснээр өдөр ирэх тусам Өгөдэй хааны бор дарс уух нь ихсэж бие лагшин нь улам доройтож байжээ. Хаан дүүдээ тодорхой хэмжээнээс илүү архи уулгахгүй гэсэндээ Цагадай нэг ноёндоо үүрэг өгч Өгэдэйн дэргэд суулгадаг болжээ. Цагадайн тогтоож өгсөн хундаганы тоог хэтрүүлэхгүй гэж Өгөдэй архи дарсыг хундгаар бус аягаар уудаг болов. Яваандаа тогтоосон хундаганы тоог үлэмж олшруулжээ. Цагадайн томилсон ноён эхлээд хаанд архийг хязгаартай өгч байснаа сүүлдээ өөрийнхөө нэрийн өмнөөс архи өгдөг, ямар ч тохиолдолд эвлэрэнгүй ханддаг итгэлт нөхөр нь болжээ. Тэр ноён Өгэдэй хааны архи уухыг хязгаарлана гэж очоод ямар ч тус нэмэр болж чадаагүй байна. [Рашид-ад-Дин т.II: 42]. В.В.Бартольдын бичснээр:”Цагадай нь хууль сахиулагчийн хувьд Өгэдэй хааныг архинд хэтэрхий дурласны төлөө хариуцлага хүлээлгэж байлаа. Өгөдэй хаан ахынхаа ногдуулсан хариуцлагад илээр эсэргүүцээгүй ч зальжинаар аргалан гарч чадсан юм” гэжээ. [Бартольд 1963 a:539].Өгэдэй хаанчлалынхаа 13 дахь жилдээ буюу 1241 онд таалал төгсөв. Төрийн уламжлал ёсоор их хааныг таалал төгсөхөд дараагийн хааныг сонготол түр хугацаагаар хааны бэлэвсэн хатан төрийн хэргийг хамааран гүйцэтгэдэг ажээ. Өгэдэй хааныг өөд болоход ахмад таван хөвүүдийн эх Туракина (Дөргэнэ) Өгэдэй, Цагадайн талын эрх мэдэл бүхий ноёдын нэлээд хэсгийг бэлэг шангаар өөртөө татан төрийн хэргийг түр хамаарах болов. Туракина хатан бол арга ухаан, авьяас чадвар, заль мэх хосолсон мэргэд аймгийн эмэгтэй аж. Гэтэл тун удалгүй Цагадай 1242 онд талаал төгсөв. 1246 оны зун Хархорумаас холгүй орших Шар ордонд их хааныг өргөмжлөх ёслолд оролцохоор эзэнт гүрний бүх өнцөг булангаас төлөөлөгчид хуран цугларчээ. Үүнд: Өгөдэй болон Толуйн бүх хөвгүүд, Сорхугтани хатан, Тэмүгэ-Отчигин болон Эльчидай ноёд хөвгүүдтэйгээ, Цагадайн үр ач нараас Хархүлэг, Есөнмөнх, Бүри, Байдар, Есөнбөх болон бусад ач зээ нар, Зүчийн үр ач нараас Орд, Шибан, Бэрх, Бэрхчар, Тангут, Тугтөмөр, захирагч Аргун, Масудбек болон бусад ноёд, Гүржийн хаад Давид Нарин болон Давид Улу болон Оросын их ван Ярослав нар хүрэлцэн ирж их хааныг өргөмжлөх ёслолд оролцжээ. Есөнмөнх, Урт хоёр Гүюгийн зүүн, баруун гараас түшиж их хааны сууринд суулгажээ. Гүюг хаан Өгөдэйгээс хойш тараасан хааны тамгатай цаас, гэрэгэ пайз зэргийг хураан авч, Монголын төрд хохирол учруулсан Абд ар-Рахман, Фатима нарыг цаазалжээ. Түүнчлэн төрийн эргэлт гаргахыг оролдсон хэмээн авга ах Тэмүгэ-Отчигинийг цаазалжээ.

Цагадайн улсын төр барьж байсан Хархүлэгийг “Хүү нь амьд байхад ач нь яахин өв залгамжлах билээ” хэмээн Гүюг хаан төрийн эрхийг нь булаан авч өөрийн дотно Есөнмөнхөд шилжүүлэн өгчээ. Хятадын захирагчаар Махмуд Ялавачийг, Мавераннахрын захирагчаар түүний хүү Масуд-бек Ялавачийг, Ойрхи Дорнодын захирагчаар өөрийн итгэлэй ноён Эльчидэйг тус тус томилсон боловч хаант төрийн байдал төдий л тэгширсэнгүй.Гүюг хаан Бат хаантай уулзахаар явж байх замдаа гэнэт нас баржээ. Ёс заншлын дагуу Гүюгийн бэлбэсэн хатан Огул Каймиш төрийн хэргийг хамааран явуулах болсон боловч ур ухаанаараа ч, байр сууриараа ч Туракина хатантай зэрэгцүүлэшгүй сул байжээ. Огул Каймиш Өгэдэй өөрөө гэрээслэн захиж байсан Ширэмүнийг сонгуулах бодолтой байжээ. Мөн Өгөдэйн эзэмшил газар дээр өөрийн улсаа байгуулах ажлыг эрчимтэй хийжээ. Тэр нь Цагадайн эзэмшил улстай зэргэлдээ оршиж байсны хувьд түүний дэмжлэгийг авчээ. [Саундерс 1992: 112].Зүчи,Толуйн удмынхан их хаанд Мөнхийг дэвшүүлэхээр тохирч Их хуралдайг Дундад Азид Иссык-куль нуураас хойш Алагтаг хэмээх нутагт хийхээр зарлажээ. Гэтэл Өгэдэй, Цагадайн удмынхан тэрхүү хуралд оролцохоос татгалзжээ.

Хархорумд 1251 онд Их хуралдайг хуралдуулжээ. Их хуралдайд Алтан Ордны улсаас Бэрх болон Сартаг, Цагадайн улсаас Хархүлэг, Толуйн бүх хөвгүүд: Мөнх, Хүлэг, Хубилай, Аригбөх болон Хоргасун ноён, Зүчи-Хасарын хөвгүүд, Элжигдэй ноён зэрэг оролцжээ. Их хуралдайд гол төлөв Зүчийн болон Толуй удмынхан цугларч Мөнхийг их хаанд өргөмжилжээ. Өгэдэйн удмынхан Мөнх хаанаас хатуу шийтгэл хүлээсэн боловч Өгөдэйн хүү Хадаан, ач хүү Хайду нар Мөнх хаанд мөргөж өршөөл гуйсан тул Имилийн хөндий дэх эзэмшил нутагтаа очиж суужээ. Цагадайн ач хүү Бүрийг Европын аян дайны үед тэрсэлдэж байсны өшөө хорыг авахуулхаар Батад тушаажээ. Мөнх хааны зарлигаар Цагадайн улсын эзэнээр Цагадайн ач хүү Хархүлэгийг тохоон суулгав. Гэвч Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ, зарлигийг Мөнх хаанаас гардаж, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчимд таалал төгсчээ. Хархүлэгийн бэлэвсэн хатан Эргэнэ (Ургуна) Мөнх хааны олгосон гэрэгэ зарлигийг ашиглан авч очоод Есөнмөнхийг баривчлан Бат уруу явуулж цаазлуулж, өөрөө хаан ширээг залгамжилжээ.Эргэнэ хатан Цагадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй. Мөнхийг хаан ширээнд суулгахад чухал үүрэг гүйцэтгэсэн Бат хаан Монголын эзэнт гүрний хэмжээнд үлэмж байр суурьтай болжээ. 1254 онд Мөнх хаанд очиж бараалхасан Францын вангийн элч Рубрук Алтан ордны улс, Цагадайн улсын нутгаар явж өнгөрөхдөө эл хоёр улсын нутгийн заагийг Талас болон Чу голын дундуур гэж заасан байна. Энэ нь Цагадайн улсын нэлээд газар нутаг Батын захиргаанд орсоныг харуулж байна. Бартольдын үзэж буйгаар Цагадайн улсын захиргаанд Өгэдэй хааны үед орсон Мавераннахр Батын харьяанд шилжжээ.[Бартольд 1963 a: 566].Түүнчлэн Дорнод Туркестан, Кульжийн хязгаар, Долоон гол цөм Мөнх хааны мэдэлд орсон байлаа. Өөрөөр хэлбэл, Өгэдэй, Цагадай нарын эзэмшил нутгийн үлэмж хэсгийг Бат, Мөнх хоёр хуваан авчээ. Зарим судлаачдын үзэж буйгаар 1251 онд Баруун Зүүн гар, Кашгар Цагадайн улсын бүрэлдэхүүнд орж харин Уйгур их хаадаас хараат хэвээр үлдсэн байна. [Кутлуков 1984:103]. Өгэдэй, Цагадайн удмын насанд хүрсэн төлөөлгчид энэ үед бараг цөм өөрөө алагдсан буюу цөлөгдсөн байсан учир Мөнх хаан, Бат хоёр эзэнт гүрний газар нутгийн шинэ хуваарийг төвөггүй хийж чаджээ. Цагадайн удмын балчир хүүхдүүдийг хааны ордонд хүмүүжүүлж байсан учир тэд Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт ирж суух болсон ажээ.

Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байсан бөгөөд 1254 онд их хааны зарлигаар Персийг дайлаар явж байсан Хүлэгийг хүлээн авч байжээ. 1258 онд Хүлэг Багдадыг эзлэн авч Персид Монголын ноёрхолыг тогтоосноор Эл хаадын улс байгуулагджээ. Эргэнэ хатан Цагадайн улсын төрийг 1260 он хүртэл барьж, Аригбөх хааны томилсон Алгуйд шилжүүлэн өгчээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

ЦАГАДАЙН УЛСЫН ЗАДРАЛ


Монголын эзэнт гүрэн задарсан нь, түүний шалтгаан

ХIII зууны II хагаст Их Монгол улс задралын шатандаа оржээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань улсыг үндэслэн байгуулснаар Монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа бие даасан хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, алтан ургийнхны дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогнолд аюул учирч эхэлсэн байна.

1259 онд Мөнх хаан тэнгэрт хальсаны дараа монгол улсын төр засаглалын явдалд хожмоо зарчмын учир холбогдол бүхий үйл явдал болжээ. Тэр нь Хятадыг дайлах хэргийг удирдаж явсан Хубилайн үйл ажиллагаанаас болсон аж. Хубилай болон түүний залгамжлагчид хятад газар төвлөн сууж, нүүдлийн монгол ахуйгаас хөндийрсөн нь хэргийн явцаар өөрийн орныг бус харийн орны хөгжилд үлэмжхэн хувь нэмрээ оруулахад хүрчээ. Монголын Эзэнт гүрний үед Хятад улс түүхэндээ байгаагүйгээр хөгжиж хэсэг хугацаанд дэлхийн улс төр, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцааны төв байв. Харин уугуул Монгол нутгаа орхигдуулахгүйг хичээн анхаарч байсан ч нийслэлийн ач холбогдлоо алдаснаар хөгжлийн эрч хүч нь саарчээ.Академич Ш.Нацагдоржийн тэмдэглэснээр “Юань улс байгуулагдсан нь монголын хэвийн хөгжилд дэвшилтэд роль гүйцэтгээгүй. Хубилай ах Мөнх хаанаас өвгөдийн хуулийг дагана, өөр улсын ёсонг дагахгүй гэж олонтаа хэлдэг байсан бодлогын шууд эсрэг байр суурь баримталсан” гэжээ. [Нацагдорж 1987:128]. Энэ нь монголчуудыг хятадад уусах аюулыг агуулж байсан аж. Харин хятадын ард түмэн монголын түрэмгийлэгчдийг ”1368 онд эх нутгаасаа хөөн зайлуулсан нь хэрэг дээрээ монголыг хятадад уусах аюулаас аварсан гавьяат үйл болсон байна” хэмээн М. Санждорж дүгнэжээ. [Санждорж 1998:68].Хубилайн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэг хэсэг судлаачид нийслэлийг Хархорумаас Хятадад шилжүүлсэн, хууль бусаар хаан суусан, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад [Майдар 1990:84-88, Нацагдорж 1998:41-42 , Санждорж 1998:66-68] нөгөө хэсэг нь дорно дахиныг эзэгнэсэн их гүрний төвд нь сууж удирдахаас аргагүй байсан гэж үзэж байна. Аль алинд үнэний хувь бийг үгүйсгэх аргагүй боловч дахин нягтлан эрэгцүүлбээс, Хубилай хаан тухайн үедээ улс төрийн төвийг Бээжинд шилжүүлэхдээ Хятадын нутагт суурьшиж байна гэж бодоогүй, харин өнө эртнийхээ Монгол газар, Монгол, Хятадын зааг нутагт шилжин суурьшлаа гэж үзэж байсан бололтой. Түүнчлэн, хуучин нийслэлээ төрийн төв хэвээр байлгасан бол дорно дахиныг эзэлсэн их гүрнийг удаан тогтоон барьж чадахгүй байсан. Ингэж чадлаа ч эл удаан хугацаанд хятадууд Монгол нутаг руу шилжин суурьшиж, монголчуудыг үндэстнийх нь хувьд уусгах аюул нүүрлэх байсан байж болох юм. [Дэлхий дахины түүх. 2003:157].1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Монголын Юань улсыг байгуулснаар эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал буй болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Толуйн хөвгүүн Хүлэг 1254-1258 оныг хүртэл баруун тийш аян дайн хийжПерс, Араб зэргийг байлдан дагуулж, Эл хант улсыг байгуулжээ. Зүчийн хөвгүүн Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтлож, Польш, Мажарыг эзлэн, Алтан ордны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагадайн хант улс байгуулагдав. ХIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан боловч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна. Ази, Европын ихэнхийг эзэлсэн Монгол гүрэн ийнхүү тус тусын өвөрмөц онцлог бүхий хэд хэдэн улс болж хуваагдсан билээ. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм.

Манай түүхчид Монголын эзэнт гүрэн хэд хэдэн биеэ даасан уулсууд болон сарнисан шартгааныг эзэнт гүрний хэсгүүдийн дунд нийтлэг талуудаас гадна өвөрмөц ялгаа, үл нийцэх зүйл олон байсан бөгөөд тэр байдал нь эцсийн дүнд түүнийг задран бутрахад хүргэсэн гэж үздэг юм. [Бира 1994: 42].

Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн хөгжлийн төвшин нь ч харилуан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан билээ.


Цагадайн улсын задрал

Судлаачдын үзэж буйгаар нүүдлийн хийгээд суурьшмал амьдралыг эрхэмлэгч ноёдын хоорондын зөрчил тэмцлийн улмаас ХIҮ зууны II хагасаас Цагадайн улс Мавераннахр болон Моголистан гэж хоёр хуваагдахад хүрсэн ажээ. Ингэж хоёр хуваагдах болсны гол шалтгааныг Таласын чуулганаар тавигдсан гэж үзэж болох юм. Учир нь Мавераннахрт очсон монголчууд уламжлалт мал аж ахуйгаасаа салж суурьшмал соёлыг эрхэмлэн лалын шашинд орох үйл явц Моголистаны монголчуудыг бодвол илүү түргэн явагдсан ажээ. Улмаар энэ хоёр хэсгийн хүн амын ялгаа улам даамжирч эцсийн эцэст хоёр ондоо угсаатан бүрэлдэн тогтоход хүргэсэн.

Юуны өмнө Цагадайн улсын хаадууд засаг захиргааны хуучин хуваарийг халж Мавераннахрын газар нутгийг Их Монгол улсын засаг захиргааны жишгээр түмтүүдэд хуваасан байна. Дараа нь Кебек хан (1318-1326) өөрийн нэр бүхий мөнгөн зоосыг шинээр гүйлгээнд оруулсан бөгөөд энэхүү зоосыг түүний нэрээр кебекүүд гэдэг байсан нь хожим сунжирч “копейка” болон хувирчээ. Чингис хаанаас уламжлагдан ирсэн сүм хийдийг аливаа алба татвараас чөлөөлдөг монгол төрийн бодлогыг цагадайн угсааны хаадууд мөн Мавераннахрт дэлгэрүүлсэн. Судлаачдын дүгнэлтээр Мавераннахрт ХIII-ХIV зууны заагаас эхлэн сүм хийдийн эзэмшил газар (вакф) өргөн дэлгэрсэн байна. [Чехович 1959]. Эдгээр шашны байгууллагуудын эдийн засгийн хүчин чадлыг дагалдан лалын шашны санвартангуудын нийгмийн байр суурь дээшилж улмаар лалын шашны нөлөө ихэссэн гэж үзүүштэй. Монголын Эзэнт гүрэнд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэзээд дээгүүр байсан учир лалын шашинт Мавераннахрын эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг дээшлүүлэхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Эдгээр жишээнүүд нь монголын нөлөө Мавераннахрын нийгмийг бүхэлд нь хамарч байсныг харуулж байгаа юм.

Ингээд Цагадайн улс Моголистан ба Мавераннахр гэж хоёр хуваагдах болсон гол шалтгаан нь тус улсын хүн амын нүүдэл суурьшмал хоёр хэсгийн зөрчлийн үр дагвар байсан төдийгүй Долоон гол, Или голын сав газарт Хайдугийн сэргээсэн Өгэдэйн улс тогтох болсонтой шууд холбоотой юм. Чингис хаан эзэлсэн орны газар нутаг, улс иргэнийг хөвгүүддээ хувааж өгснөөр Монголын Эзэнт гүрний задралын эх тавигдсан хэмээн судлаачид үздэг. Мөнх хааныг нас барсаны дараа дэгдсэн Ариг-Бөх Хубилай нарын хаан ширээний төлөө тэмцэл нь 1264 онд Хубилайн ялалтаар төгсөв. Улмаар Юан улс байгуулагдаж эзэнт гүрэн задрах тийшээ хэлбийжээ.
Цагадайн улс Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсгийн хувьд түүхэн хөгжлийн энэхүү үйл явцыг туулж өнгөрүүлэв. Өөрөөр хэлбэл, Хубилай хааны үед Цагадайн улсад эзэнт гүрнээс салан тусгаарлаж биеэ даах чиг хандлага улам бүр давамгайлах болов. Энэ нь Дува ханы хийсэн засаг захиргааны шинэчлэлт, Кебек ханы мөнгөний шинэчлэлтээр нотлогдож байгаа юм.

Цагадайн улсад өрнөсөн салан тусгаарлах үйл явц нь дотоодын улс төр, шашин соёлын зөрчилтэй нягт уялдаж байсан онцлогтой юм. Хайду Дундад Азид биеэ даасан улс байгуулсан нь үнэн хэрэгтээ Цагадайн болон Өгэдэйн улсыг нэгтгэсэн явдал байлаа. 1269 онд болсон Таласын чуулганаар Хайду Дорнод Туркестан, Долоон голын сав газрыг өөрийн удамд шилжүүлэн авч Цагадайн улсын нутаг дэвсгэрийг Мавераннахраар хязгаарласан юм. Таласын чуулганы тэрхүү шийдвэр нь мөн чанартаа Цагадайн улсыг Мавераннахр болон Моголистан хэмээн хоёр хуваагдахад хүргэв. 1269 оноос хойш Цагадай Өгэдэйн удмын хооронд эрх мэдэл, газар нутгийн төлөө тэмцэл тасралтгүй явагдах болжээ. Ихэнх судлаачид эл тэмцлийг Цагадайн улсын улс төрийн хоёр чиг хандлагаар тайлбарладаг. “Цагадайн улс төрийн амьдралд хоёр гол хандлагыг барьж байлаа. Үүнд: Или голын хөндийд нутаглаж байсан хаад нь Монголын уламжлалт хуучны ёс зарчимд үнэнч байж ихэнхдээ лал болон буддизмыг талархан дэмжиж байсан бөгөөдМавераннахрт очсон бүхэн персээр ярьж, лалыг шүтдэг хотуудын эрхшээл нөлөөнд орж байсны дээр лалын ёсон дотор Ясаг дагах тангараг тавьдаг байлаа” гэж Ж.Ж.саундерс тэмдэглэжээ [Саундерс. 1992:198].

Дээрх тэмцэл өнгөцхөн харахад Мавераннахр Моголистаны хоорондын шашин соёлын ялгаагаар илэрч буй мэт боловч мөн чанартаа Цагадайн угсааны хан нар Таласын чуулганаар Хайдуд алдсан Дорнод Туркестан, Долоон голын сав газрыг эргүүлэн авч өөрийн улсын улс төрийн нэгдлийг хангахын төлөө тэмцэж байсан аж. Хайду Хубилай нарын тэмцэл 40 жил үргэлжлэхэд Цагадайн улс нэгдэж нэгэн төвтэй болж чадаагүй байна. Сурвалж бичигт өгүүлснээр, “Цагадай ханы хөвүүд нэгэн ширээнд нэгэн тогооноос хоол идэж байснаа мартаж, бие биеэсээ хэтэрхий хөндийрч, бие биедээ бэлэг сэлт явуулж, харилцан амар мэндээ мэдэлцэхээ байжээ. Зарим нь хятадын ордныхны дэргэд хоргодож, нөгөө нь узбек улсын ивээлд орж, үлдэх нь Толуйн үр угсаатны эзэмшил нутагт одож нийлэв” гэжээ. [МИКК 1973:114].“Тарих-и Рашиди”-д өгүүлсэн сүйрэл Цагадайн улсын түүхийн чухамхүү энэ үеийг харуулсан бололтой. “Моголистан дотор цэцэглэж яваа олон муж, хотууд байсан . . . тухайлбал, Түрэгийн Афрасиаб хааны босгосон Балагасун хот юм. Балагасун хар-киданы ирэхээс өмнө Афрасиабын үр угсаатны эрхэнд байжээ . . . Гүр хан Балагасунг Илик хаанаас булаан авч нийслэлээ хийв. Балагасун бараг 95 жилийн турш хар-киданы нийслэл болж байв. Моголууд Балагасунг “Каралык” гэж нэрлэсэн. Гэвч манай үед нээ хот оршин байсан гэх ямар ч шинж тэмдэг алга” гэжээ [Кутлуков 1984:111]. Моголууд Балагасунг “Алмалиг” хэмээн нэрлэж байжээ. Тэнд Туглак-Төмөрийн шарил байгаа бөгөөд энэ хотоос одоо ямар ч ул мөр үлдсэнгүй гэжээ [мөн тэнд].Сурвалжийн энэхүү мэдээ нь Мавераннахр Моголистаны хооронд болж байсан олон жилийн тэмцлийн хөлд Дорнод Туркестаны хот суурин газрууд ихэд сүйрсэн тухай өгүүлсэн баримт юм. Үүнээс үзэхэд Цагадай Өгөдэйн удмын хоорондох тэмцэл ихэд ширүүн явагдаж байсныг гэрчилж байгаа юм. Цагадайн улсыг задрахад хүргэсэн улс төрийн дээрх шалтгаанаас гадна өөр шалтгаан мөн байсан хэмээн судлаачид үздэг. Тухайлбал, Алтан Ордон, Юан улс Цагадайн улсын дотоод хэрэгт үе үе хөндлөнгөөс оролцож дайн байлдаан тасралтгүй хийж байв. Үүний уршгаар тус улсын хүн ам газар нутгаасаа дүрвэж, худалдаа наймааны ажил зогсонги байдалд орж тариачдын аж ахуй ядуурч, зам харгуйн аюулгүйн байдал хангагдаагүй байв. Мөн “XIV зууны үед Жата буюу Жете гэдэг нүүдэлчин дээрэмчдийн бүлэг Төв Азийн хүн амьтныг алан хядаж, дээрэмдэн сүйтгэж байсан нь яггүй бэрхшээлийг учруулж байжээ” [Саундерс 1992:198].

1301 онд Хайдуг нас барахад түүний хүү Чапар Өгөдэйн улсыг захирах болов. Чапарын үед Цагадайн улсын Дува хан улс орноо биеэ даан захирч Хайдугийн байгуулсан эвслээс салан гарчээ. Иймээс зарим судлаачид Дува ханыг Цагадайн биеэ даасан улсыг байгуулсан хэмээн үздэг юм. Дува хан алтан ургийнхны дунд ихэд нэр хүндтэй байсан тул тухайн үед түүний дэвшүүлсэн нилээд зоримог саналыг Их хаан хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байжээ. Дува ханы санаачилснаар Монголын эзэнт гүрний нэгдсэн байдлыг холбооны улсуудын хэлбэрээр сэргээж эдгээр улсуудын хооронд чөлөөтэй худалдаа арилжаа хийх бөгөөд аливаа хоорондын зөрчил маргааныг эвээр шийдэж байх тухай Төв Азийн геополитикийн цоо шинэ зарчмыг боловсруулан дэвшүүлсэн ажээ. Гэвч Дува ханы тэрхүү алсын хараатай санаачлагыг Өгөдэйн удмынхан хэрэгжих шатанд нь таслан зогсоосон юм. Учир нь 1305 онд Чапарын цэрэг Мавераннахр луу уулгалан довтолж уг санаачлагыг хөсөр хаяв. Дува ханы цэргүүд Чапарыг бут цохисноор Дундад Азийн дээд эрх мэдэл Өгөдэйн удмаас ийнхүү Цагадайн удамд нэг мөсөн шилжсэн ажээ [Кутлуков 1984:113].

Энэ үеэс хойш “Цагадайн улс” гэдэг нэр томъёо тогтож Цагадайн удмын хан нарын цэргийн хүчийг бүрэлдүүлж байсан нүүдэлчид өөрсдийгөө “Цагадайхан” хэмээн нэрлэх болжээ. Энэ нэр нь Цагадайн угсаа залгамжлагчдаас гаралтай хаад бүр үгүй болсон хойно ч бас л хэвээр үлдсэн. Тэрч байтугай, тэр үед Дундад Азид тогтсон уран зохиолын хэлийг “Цагадайн” гэж нэрлэж байв [Бартольд 1963в:152].Өгөдэйн харьяат нар шилжин суурьшсан Долоон гол, Дорнод Туркестаныг Моголистан гэж нэрлэх болжээ. Энэ газрын байгаль цаг уур нь нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой тул энд нутагласан нүүдэлчид уламжлалт аж ахуйгаа хэвээр үлдээж энд урьд нь хөгжиж байсан газар тариалан уналтын байдалд оржээ. Үүнээс болоод худалдаа наймаа уналтанд орж хот суурин газрууд балгас болон хоцорчээ. Моголууд өөрсдийгөө жинхэнэ монголчууд хэмээн үзэж байсан бөгөөд Мавераннахрт аж төрөх болсон цагадайнхныг уламжлалаа гээсэн эрлийзүүд хэмээн дорд үзэх болжээ. Мавераннахрт очиж суурьшсан цагадайнхан аргагүйн эрхэнд лалын шашинд орох болсон бөгөөд тэдгээрээс анхлан лалын шашин шүтэх болсон нь Мубарек-шах юм. Дараачийн хан Борак лалын шашинтан болов.Ийм үйл явц мөн Моголистанд ч өрнөсөн аж. Өөрсдийгөө албан ёсоор могол (монгол) гэдэг боловч, Моголистаны нүүдэлчид үнэндээ жинхэнэ монголчуудаас их ялгаатай байсан бөгөөд тэд орон нутгийн түрэг, уйгар хүн амтай хутгалдан уусч түрэг маягаар хувцаслаж, түргээр ярих бөгөөд XIV зуунд лалын шашин шүтэх болжээ [Кутлуков 1984:113].

Моголистаны хан нараас Туглаг-Төмөр хан эхлээд лалын шашинд орсон юм. Лалын шашин шүтсэн хаад ноёд нүүдлийн амьдралаас салж хот сууринд төвлөн суух болов. Туглаг-Төмөр хан өөрийн байнга байх орд харшаа Или голын биеэс Аксуд нүүлгэн шилжүүлэв. Мавераннахрын карши хотод амьдарч байсан Кебек хан ба түүний дүү Тармаширин нар нүүдлийн амьдралаа орхисон юм. Хан нар хот руу шилжин сууж нүүдлийн уламжлалт ахуйгаас тасарсан явдал улс орны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж хоёр удмын хооронд улс төрийн тэмцэл арилаагүй байхад шашин соёлын зөрчил тэмцэл нэмэгдэв. Уг тэмцлийн үр дүнд Долоон гол, Или голын сав газарт байсан хотууд нэрвэгдэж, тэдгээрийн амьдралд сөргөөр нөлөөлөв. 1346 онд Мавераннахрт лалын бүлгийн эсэргүүцэл тэмцэл дэгдэж Казан ханыг хан ширээнээс түлхэн унагааж төрийн эрхийг түрэг ноёд булаан авав. Мөн энэ үед Моголистаны ноён Пуладчи төрийн эрхийг булаан авч Чингисийн удмын гэгдэх 18 настай Туглаг-Төмөрийг 1348 онд хан болгожээ. Пуладчи ноёны эзэмшил гэдэг нь “Манглай субе гэж хойшид нэрлэгдэж бүрэлдэхүүнд нь Дорнод Туркестаны хэсэг Кашгараас Кучи хүртэлх газар, Долоон голын хэсэг Иссык-Куль нуураас өмнө тийших нутаг орж байв” [Бартольд 1963б:79]. Цагадайн улс тийнхүү хоёр хэсэгт хуваагдсан тухай судлаачид янз бүрийн санал дэвшүүлсэн байна. Зарим нь энэ бол Цагадайн удмын хан хөвгүүдийн хоорондын эрх мэдоийн төлөө хийсэн тэмцлийн үр дүн гэх агаад нөгөө нь Дуглат ноёдын эрх ямба өссөнөөр шалтгаална гэх аж. Бартольдын саналаар ахул, Цагадайн улсын хоёр хэсэг нь соёлын талаар харилцан адилгүй байсан явдал тэр улсыг хоёр хэсэг болон задрах гол шалтгаан болсон гэх ажээ [Бартольд 1973:66].

Моголистаны хаадаас Туглаг-Төмөр хан эхлээд лалын шашинд орж түүнийг аажмаар ард түмний дотор дэлгэрүүлжээ. Туглаг-төмөр хан 1360 онд Мавераннахрыг эрхэндээ оруулсан боловч түүнийг нас барсны дараахан 1370 онд тус нутаг дахин тасарчээ. Хожим тэнд Төмөрийн улс тогтож Самаркандад төвлөж Цагадайн улсын зүүн хэсэгт бүрэн тусгаар тогтносон Моголистан улс байгуулагдаж Турфан, Аксугаар төвөө хийжээ. Тус улсын бүрэлдэхүүнд Дорнод Туркестанаас гадна нүүдэлчдийн оршин суудаг өргөн уудам газар – Зүүнгар, одоогийн Киргизийн нутаг дэвсгэр, Долоон гол оржээ. “Моголистаны нутаг дэвсгэр хойноосоо өмнө тийш долоо найман сар явах замын хэртэй үргэлжлэх ажээ” [Кутлуков 1984:115].Академич В.В.Бартольдын тэмдэглэснээр: “Энэ улс зан үйлийн хувьд хэлэхэд хэцүү боловч ахуй, соёлын талаар маш их зөрүү байсан нь Персийг өөринй эзэмшилд оруулсан Төмөр ч хүртэл Цагадайн улсын нэгдлийг сэргээн босгож Дорнод Туркестанд эрх дархаа тогтоож чадсангүй” ажээ [Бартольд 1963в:66]. Улмаар эдгээр хоёр улсын хооронд дайн дэгдэж Төмөрийн угсааны сүүлчийн хаад хүртэл аль тал нь ялах ялагдах нь мэдэгдэхгүй байв. Төмөр Моголистаны эсрэг 1370-1390 оны хооронд долоон удаагийн аян дайн хийж энэ орны ард түмэнд тоолж баршгүй гай зовлон учруулав. Бүхэл бүтэн хот балгас, мужууд цөлбөн дээрэмдэгдэж үгүйрэн хоосров.

Эцэст нь тэмдэглэхэд Цагадайн улсын задралын шалтгаан нь тус улсын хоёр хэсгийн гагцхүү ахуй соёлын ялгаа төдийгүй нийгэм- улс төрийн шинжтэй байжээ. Мавераннахр хийгээд Моголистан гэж хуваагдах болсон шалтгаан нь Таласын чуулгантай шууд холбоотой юм. Уг чуулганаар Цагадай, Өгөдэй нарын эзэмшил газрыг нэгтгэж газар нутгийн шинэ хуваарь хийснээр хожим хоёр удмын хаад эрх мэдлийн төлөө тасралтгүй тэмцэх болж улам бүр нэгнээсээ холдож байв. Дээрээс нь Мавераннахрын хаад лалын шашинд орж ахуй соёлоор өвөр хоорондоо ялгарч эцсийн дүнд Мавераннахр Моголистан гэж салан тусгаарлажээ.

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Цагадайн Улс

Доктор (Ph.D) Ц.Энхчимэг

Цагадайн улс унасан нь

Монгол гүрэнд эхэн үедээ багтаж байгаад хожим салж тусгаарласан Хүлэгүгийн улс, Цагадайн улс, Алтан ордны улс нь Юань улсын нэгэн адил удаа дараагаар мөхөж Ази, Европын орнуудад Монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон билээ. ХIҮ зууны 30-40-өөд он болоход Хүлэгү, Цагадайн улсын монгол байлдан дагуулагчид Перс, түрэг угсааны аймаг ястны дунд орж уусан ижилсээд, нутгийн хүнээс бараг ялгагдахгүй болсон байна. Гэвч тэдгээр улсын төр, цэргийн эрхийг монгол угсааны ноёд гартаа барьсан хэвээр байсан юм.

ХIV зууны 30-аад оны үест Эл хаадын улсад тархай бутархай байдал хүчтэй болж, дотоодын дайн самуун дэгджээ. Үүний үр дүнд Хүлэгүгийн улс биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагдан бутрахад хүрчээ. 1352-1355 оны үед Персид хотын уран дархан, хөдөөгийн тариачдыг хамарсан том бослого гарчээ. 1353 онд босогчид Эл хаан Тугай- Төмөрийг бусад монгол ноёд түшмэдийн хамт барьж алснаар, Персид Хүлэгүгийн угсааны монгол хаан төр барих явдал эцэс болжээ.

ХV зууны эхээр Алтан ордны улсад самуун дэгдэж, 1412 онд Эдигей ноён Хорезмын зүг зугтан гарчээ. Тэр үед Алтан ордон улсын гол хэсэг болох Ижил мөрний адгаар нутагтай Их ордон улам сулран доройтсоор байжээ. ХIV зууны эцэст Ижил мөрөн, Эрчис мөрний хоорондох газар нутаг дээр Ногайн орд гэдэг шинэ улс бий болж Алтан ордноос тасран салжээ. 1437 Ижил мөрний дунд урсгал буюу хуучин Булгарын хант улсын нутаг дэвсгэр дээр Казаны хант улс шинээр байгуулагдаж, 1449 онд Крымын хант улс, дараа нь Астраханы хаант улс, бий болж, Алтан ордноос мөн салан тусгаарлав. Алтан ордноос бас баруун Сибирийн хэсэг аймаг, ястан тасран салж, Сибирийн хаант улсыг байгуулжээ. Сибирийн хаант улс Тоболь, Тура, Эрчис болон Обь мөрний хоорондох газар нутгийг эзэлж байв. Ингэж ХV зууны дундуур Алтан ордны улс бүрмөсөн задарч, бие даасан хэд хэдэн улс болжээ.

Юан улсын төгсгөл буюу Тогоонтөмөр хааны үед монгол, хятад бусад Азийн оронд монголын байлдан дагуулагчдын дарлал их болж ард түмний аж байдал хүнд хэцүү болсны улмаас бослого хөдөлгөөн гарах нь улмааар нэмэгдэж тэр нь өдрөөс өдөрт эрч хүчээ авсаар эцсийн эцэст хятадаар төвлөсөн Юан улсын төрийн ноёрхолыг түлхэн унагаасан ажээ.
Юан улсын захиргааг эсэргүүцсэн хятадын тариачдын улаан алчууртны бослого 1351 онд гарч улмаар эрч хүчээ авсаар 1368 онд Хаан балгасан хотыг давшин байлдахад Юан улсын сүүлчийн их хаан болох Тогоонтөмөр торгон цэргийн гол анги, сайд, түшмэдийн хамт Монгол нутгаа зорин оджээ. Ийнхүү Юан улс үндсэндээ мөхөж, хятад монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон байна.

Цагадайн улс 1227 оноос 1370 он хүртэл 143 жил бие даан оршин тогтножээ. ХIV зууны тэргүүн хагаст Цагадайн улс Мавераннахр болон Моголистан гэж хоёр салснаас хойш монгол түрэг угсааны ноёд эдийн засгийн талаар байр сууриа үлэмж бэхжүүлэн улмаар төрийн эрхийн төлөө тэмцэл хийх болов. Зөвхөн 1330-аад оноос 1346 он хүртэл 10-аад жилийн дотор Мавераннахрт 10 хан солигджээ. Хаан сууринд суусан хүн бүр өмнөх хаанаа хорлон хөнөөх аргаар зайлуулжээ.
1343 онд хаан суурийг залгамжилсан Казан нь том ноёдын эрх мэдлийг хязгаалах замаар хант төрийн эрхийг орон даяар тогтоох бодлогыг тууштай хэрэгжүүлж байсан учир түүний эсрэг Казаган тэргүүтэй сурвалжит ноёд эсэргүүцэн тэмцэж байгаад улмаар 1346 онд түүнийг алж засаг төрийн эрхийг булаан авчээ. Ийнхүү Цагадайн улсын төрийн дээд эрх мэдэл Казаган ноёны гарт шилжжээ. Гэвч тэрээр Чингисийн удмын хүн биш байсан учир “өөрөө хаан сууж зүрхэлсэнгүй” харин зүгээр “эмир” буюу перс хэлнээ ноён гэгдэж байв. [Бартольд 1964 a:34-35]. Эмир Казаганы мэдэлд зөвхөн Мавераннахр орж байв. Энэ үеэс эхлэн Алтан ургийн гишүүдийн нэрийг нь ашиглах төдийгөөр хаан ширээнд тавих болжээ. [Саундерс 1992:100].

Цагадайн улсын бусад нутаг дэвсгэр бүхэлдээ дуглат хэмээх түрэг угсааны аймгийн ноёдын захиргаанд багтаж байв. Монгол болон түрэг угсааны ноёд өөрийн эрх мэдлээ хууль ёсны болгохын тулд Чингисийн угсааны жинхэнэ буюу хуурамч хахныг Цагадайн улсын хаан ширээнд залахыг эрхэмлэж байв. Эдгээр жинхэнэ бөгөөд хуурамч хаадын дотор янз бүрийн этгээд таарч байжээ. Бартольдын хэлсэнчлэн “Мавераннахрын хаад бодит эрх мэдэлгүй ёс төдий эрх баригчид байсан ахул дуглат эмируудын олж тавьж байсан хаадуудын дотор гарамгай бие хүмүүс тохиож байсан бөгөөд тэд ёс төдий бус харин жинхэнэ төрийн тэргүүн болж бур өөрийн угсаа залгамжлалыг тогтоож байсан” гэжээ. [Бартольд 1964 a: 35].

Казаган, Хайду ноёны хөвүүн Данишменжийг (1346-1348) эзэн суулгажээ. Казаган 1346-1358 онд төр барьж, цэргийн эрхтэн нарын ашиг сонирхолыг илэрхий хамгаалж байв. Казаган нүүдлийн амьдралд үнэнч хэвээр үлдэж, Аму-Дарья мөрний хөвөөнд Сали-Сарай хэмээх газарт өвөлжиж, Мөнх хотын (одоогийн Бальджуан) ойролцоох зусаж байжээ. [Бартольд 1964 a:37]. Тэрээр суурин иргэдийн газрыг хөнддөггүй байсан учир түүний талаар монголчууд төдийгүй түрэг, таджикүүд сайнаар дурсдаг байжээ. Казаганыг 1358 онд үхэсний дараа Мавераннахрт улс төрийн самуун дахин өрнөж, биеэ даасан хэд хэдэн эзэмшилүүд болж хуваагдаад харилцан дайн дажин хийх болжээ.

Мавераннахрын хүчин ийнхүү суларсан учир Моголистаны довтолгооныг няцааж чадахгүйд хүрч байв. Мавераннахрын ноёд дундаас Балха, Самарканд хотын захирагч ноён Хусейн, барлас аймгийн доголон Төмөр хамгийн хүчтэй байсан бөгөөд 1365 онд Моголистаны хан Туглагтөмөрийн довтолгооныг эсэргүүцэн байлдсан боловч цохигдож, гадагш зугтан гарч Мавераннахрын бүх газар нутаг, түүний дотор Самарканд хот ямар ч хамгаалалтгүй үлджээ.

Энэ үед Цагадайн удмын ноёд Моголистаныг улс төрийн төв болгохыг хичээж эхэлжээ. Моголистаны эзэн ноёд Цагадайн хант улсыг нэгтгэхээр аян дайн хийсэн боловч зорилгоо гүйцээж чадахгүй байв. Цагадайн удмын ноёд Дува ханы ач хүү Туглагтөмөрийг Моголистаны эзний ширээнд 1348 онд суулгажээ. [Бартольд 1964 a:79]. Туглагтөмөр ханы үед Моголистанд лалын шашин өргөн дэлгэрч, хаан өөрөө энэ шашинд оржээ. Туглагтөмөр хаан Мавераннахрыг эзэлж хаан ширээг хүү Ильяс Ходжад заргамжлуулжээ. Тэгтэл Мавераннахрт дахин самуун дэгдэж Төмөр, Хусейн хоёр ноён цэрэг хөдөлгөн явж, Ильяс-Ходжаг хаан ширээнээс зайлуулаад өөрсдөө эзэн суув. Самарканд хотын гар урчуудын дотроос сербедар нар гэдэг зоригтой тэцэгчид гарч, хотын иргэдийг удирдан дайсны эсрэг гавшгайлан байлдаж, өөрийн хот болон нийт Маверанахрыг Моголистаны ноёдын гарт орохоос аварсан байна. Сербедар нар бас улсын албыг хөнгөвчлөн, зарим алба татварыг хүчингүй болгохын тулд нутгийн ноёд, цэргийн эрхтэн нарын эсрэг тэмцэл хийжээ. Гэтэл 1366 оны хавар Хусейн, Төмөр нарын дагуулан ирсэн цэрэгт сербедар нар цохигдож, Самарканд хот болон нийт Мавераннахр тэдний гарт оров. Гэвч удалгүй хоёр холбоотны хооронд зөрчил гарч 1370 онд зэвсэгт мөргөлдөөн болж. Төмөр нь Хусейныг барьж алжээ.

Мөн ондоо Балх хотод хийсэн монгол ноёд цэргийн язгууртнуудын хурадайгаар Төмөр “эмир” цол хүртэж, улсын ёс төдий хаанаар Өгэдэйн удмын Суюргатмышийг өргөмжлөв. 1388 онд түүнийг нас бархад Төмөр Суюргатмышийн хүү Махмудыг залгамжлагчаар томилж 1402 онд түүнийг нас барснаас хойш ямар ч хүнийг хаанаар өргөмжлөөгүй байна. [Кычанов 2000:443]. Төмөр бүх Мавераннахрыг өөрийн захиргаанд оруулан авч Самарканд хотыг улсынхаа нийслэл болгожээ. Ийнхүү Цагадайн улс 1370 онд Төмөрийн гарт орж улмаар Дундад Азийн Төмөрийн эзэнт гүрний суурь тавигдав. Цагадайн улс задран унаж, Дундад Азид оршин сууж байсан барлас, жалайр, хуучид, арлуат зэрэг монгол аймгууд түрэгжиж байсан хэдий боловч Төв Азийн түүхэнд идэвхитэй үүрэг гүйцэтгэсээр байсан юм. Тэнд монголын ноёрхол унасны дараа ч гэсэн монголчууд удаан хугацааны туршид нэр хүндтэй хэвээр байлаа. [Гаскойн 2003:15]. Тэдний дотроос Монголын хант улсуудын үлгэр загвараар Дундад Азид Төмөрийнхний эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан доголон Төмөр мэт алдарт эмир төрөн гарч байсан билээ.

Төмөр бол монголын барлас аймгийн бек Тарагайн хүү бөгөөд Цагадайн удмын бүсгүйтэй гэрлэжээ. Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ.[Гаскойн 2003:15]. 1362 онд шархдаж доголон болсон тул Төмөр-ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ. Европ дахинд Тамерлан гэж алдаршжээ. Моголистаны хан Туглагтөмөрт алба хашиж байгаад хожим нь салан тусгаарлажээ.Төмөр болон түүний цэргүүд монгол заншлаар гэзэг тавьж байсан нь тэр үеийн зурагт гар бичмэлүүдэд үлджээ. Энэ нь тэр үеийн түргүүдээс монголчуудын ялгарах нэгэн онцлог юм. Төмөр Мавераннахрыг нэгтгэхдээ, чадамгай зохион байгуулагч болохоо харуулжээ. Төмөр Мавераннахрыг өөрийн хувийн эзэмшлийн байдалд байлган онцгой эрх дарх олгож ивээж байв. Хол ойрын аян дайнаас үй олон гар урчуудыг олзлон авчирч Самарканд хотын алдарт барилга байгууламжийг бариуулж байв. “Төмөр Монголын эзэнт гүрнийг сэргээх төдийгүй түнээс ч илүү өргөн их байлдан дагуулал хийхийг зорьж байжээ. [Новосельцев 2000:434]. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн хийсэн байна.1381 онд Төмөрийн анхны түрэмгийлэлд Хорасан өртжээ.

1388 онд Хорезмыг эзлээд, дараа нь Моголистаныг байлдан дагуулав. 1380 оны үед Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак болон Бага Азид довтолжээ. Тэрээр Алтан ордны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд хэдэн удаа дайтжээ. 1391, 1395 онд Алтан ордны Тохтамыштэй хийсэн хоёр тулалдааны хоёуланд нь Төмөр ялж Сарай Бэрх, Астрахан зэрэг хотуудыг эзлэн авав. 1398-1399 онд Төмөр хойт Энэтхэгийг эзлэн авчээ. 1401 онд Сириг эзлэж авав. Энэ бүхний эцэст Төмөр Түркийн Баязид султантай сөргөлдөж улмаар 1402 онд Анкара хотын ойролцоо болсон шийдвэрлэх тулалдаанд Төмөр султан Баязид Ансарийн цэргийг бут цохиж султаныг олзлон авав. Ийнхүү Төмөр Дундад Ази, Туркестан, Персийн ихэнхи хэсгийг нэгтгэж 15-20 жилийн дотор томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхолыг устгаад байсан Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-сард насан эцэс болсон байна.

Төмөрийн байлдан дагуулал харгис хэрцгий явагдаж өнгөрсөн нь Ази, Европын түүхэнд тодорхой тэмдэглэн үлджээ. Зөвхөн ганц хоёр зүйлийг жишээ болгож дурьдвал, 1378 онд Ираны Исфахан хотын иргэд босож тэмцснийг зэвсгийн хүчээр цус урсган дараад 70 мянган хүний гавлаар цамхаг босгож, олныг айлган сүрдүүлэх тушаал өгчээ. 1388 онд Дундад Азийн соёлжсон, хөгжилтэй хотын нэгэн болох Ургенчийг эзэлж аваад эвдэн газрын хөрстэй тэгшилж, дээр нь тариа тарих шийдвэр гаргаж байжээ. [БНМАУ-ын түүх I боть: 339].
Төмөр бол нүүдэл ба суурьшмал аймгуудын язгууртан нарыг түшиглэж, дотоод бодлого нь тэдгээр язгууртны ашиг сонирхолд нийцэж байжээ. Төмөр эзэлсэн газар орноосоо гагцхүү Дундад Азийг шууд өөрийн захиргаанд үлдээгээд бусад газрыг үр ач, цэргийн эрхтэн, шашны төлөөлөгч зэрэг нөлөө бүхий этгээдүүдэд хуваан өгчээ. Төмөрийн үед газар эзэмшлийн гол хэлбэр нь үе залгамжлан эзэмших соёрхол болж байв. Соёрхол хүртсэн хүн хааны төлөө цэрэг авч дайнд явах үүрэгтэй байлаа. Соёрхолын газар эзэмшигч этгээд өөрийн газар нутгийн дотор алба татвар, зарга заальхай, засаг захиргааны бүх эрхийг толгой мэдэн шийдэх эрхтэй байжээ. Соёрхолын газарт төв засгийн газрын ямар ч албаны хүн дур зоргоороо орох эрхгүй байжээ.

Төмөр бас цэргийн шинэтгэл хийжээ. Хуучин цэргийн бүрэлдэхүүнд нүүдэлчин аймгийн цэргээс гадна суурьшмал иргэдээс цэрэг дайчилж оруулах болжээ. Цэргийн зэвсэгт чөдөр оньст нум, хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх орж байсан бөгөөд Төмөрийн цэрэг галт зэвсэг (буу) хэрэглсэн үзэгдэнэ. Төмөр ба түүний ач Үлүгбэхийн үед Самарканд тэргүүтэй зарим хот сүрхий хөгжиж, Дундад Азийн соёлд ахиц гарсан байна. Төмөрийн үед Мавераннахрт суваг татах, хот барих ажил нэлээд байжээ. Энэ үед шинээр баригдсан болон сэргээсэн 20 сувгийн 9 нь Төмөрийн цэргийн жанжин ба сурвалжит ноёдын нэрээр нэрлэсэн ажээ. [Ашрафян 2000:437]. Самарканд зэрэг зарим хотод гар урчууд, эрдэмтэд, урлагийн хүмүүсийг аваачиж ажиллуулан олон сайхан барилга, орд харш, сүм дуган, бунхан суварга босгожээ. Самарканд хотын орчин тойрны сууригуудыг дэлхийн томоохон хотуудын нэрээр Багдад, Дамаск, миср, Шираз, Султанийя хэмээн нэрийдсэн нь угтаа нийслэл хотын сүр жавхааг харуулах зорилготой байсан аж. Самарканд хотноо зөвхөн эд материалын үнэт зүйлс төвлөрч байсан төдийгүй мөн оюуны хөрөнгө оруулалт идэвхитэй хийж байв. Эзлэгдсэн орны уран барилгачин, уран зураач, яруу найрагч, эрдэмтдийг Самаркандад авчирч суулгаж байв. Тэдгээрийн гараар бүтээсэн Самаркандын уран барилга дэлхийн соёл урлагийн санд гайхамшигт сайхан хувь хандив болж орсон билээ.

Төмөрийн үйл ажиллагааг нарийвчлан хянан үзвэл, эхнээсээ эцэс хүртэл гүнзгий зөрчилтэй юм. Нэгэн налаар үй олон хүнийг хядаж, зарим хотыг газрын хөрстэй тэгшлэн эвдэж туйлын харгислаж байжээ. Нөгөө талаар Дундад Азид самууныг дарж, тархай бутархай байдлыг устган, зарим хотыг нь өөд татан хөгжүүлж, гоёмсог сайхан барилга бариулж, суваг татуулж байсан нь дэвшилттэй зүйл байжээ. Цагадайн хант улсад оршин суугчдын ихэнхи нь түрэгүүд байлаа. Тэнд оршин сууж байсан монголчууд түрэгүүдээс тооны хувьд хавьгүй цөөн байсан бөгөөд тэд аажимдаа лалын шашинд орж түрэгийн орон нутгийн угсаа соёлын хүрээнд уусахад хүрснийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Бүр хожим нь Цагадайн хант улсын эзэмшил газрын нэлээд хэсэг нь Зүүн гарын хаант улсын нутаг дэвсгэрт хамрагдах болжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Данзан сайдын нэгэн албан бичгийн тухай

Ардын засгийн газраас 1921 оны 9 сарын 14-нд гадаад олон улсуудад Монгол улс тусгаар тогтносон тухай зарлан мэдэгдсэн тунхаг бичиг илгээхийн зэрэгцээ худалдаа эдийн засгийн харилцаа тогтоохыг уриалсан байдаг.

Монголын шинэ засгийн газрын энэхүү уриалга Монголд худалдааны тодорхой ашиг сонирхолтой байсан Герман улсын сонирхлыг татсан болох нь ХБНГУ-ын Холбооны архивт хадгалагдаж буй дараах баримтаас харагдаж байна. Германы ГЯЯ-наас Бээжин дэх Элчин төлөөлөгчийн газартаа 1921 оны 12 сарын 10-нд илгээсэн 85 тоот цахилгаанд Бээжин дэхь дэд консул Hermann Gipperich-ийг Монголын эдийн засгийн хэтийн төлөв байдлыг тандах зорилгоор Өргөө рүү түр зуурын аялал хийхийг1 даалгасан байна. Тус архивт хадгалагдаж буй баримтаас үзэхэд үнэхээр дэд консул Hermann Gipperich 1922 оны 7 сарын 1-нд Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар, ГЯЯ-ны сайд Цэрэндорж, Сангийн яамны сайд Данзан, Цэргийн яамны сайд Сүхбаатар, ДЯЯ-ны сайд Сэцэн хан Навааннэрэн, Шүүх яамны сайд Магсаржав нартай уулзаж танилцсан төдийгүй Богд хаанд бараалхсан байна. Тэрээр 8 сарын 2-нд Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирсэн Германы Москва дахь элчин сайдын яамны зөвлөх Dr. Asmis-тай уулзаад, 8-нд Бээжин рүү эргэн буцжээ.

Монголын тал тэдний айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, худалдааны харилцаа тогтоох тэр ч байтугай худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Германы дипломат ажилтан Hermann Gipperich ГЯЯ-даа илгээсэн нууц мэдээндээ энэ тухай: “Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар намайг буцахаас өмнө дахин хүлээн авч уулзаж, Монголын засгийн газрын өмнөөс Герман Монгол хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээрийг хийх эрмэлзэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн билээ” хэмээн бичсэн байна. Хэдхэн хоногийн дараа тухайлбал 8 сарын 5-ны өдөр Ерөнхий сайд, Гадаад болон Цэргийн яамны сайд нарт бараалхсан герман дипломатч Dr. Asmis Монголын талын дээрх хүсэлтийг дахин нотолж өөрийн тэмдэглэлдээ: “...гурван цаг гаруй үргэлжилсэн энэхүү уулзалтанд Монголын сайд нар германы пүүсийн тоо улам нэмэгдэж, тэдний тусламжтайгаар Монгол оронд аж үйлдвэрийг нээн хөгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэхийг надаас дахин дахин хүсч байв. Түүнчлэн ерөнхий сайд эдийн засгийн харилцаа холбоо тогтоож эхлэх, нөхцөл байдалтай нь танилцах зорилгоор өөрийн төлөөлөгчдийг Герман улсад явуулах талаар засгийн газраас шийдвэр гаргалаа гэж надад албан ёсоор мэдэгдэв” гэж тэмдэглэжээ.

Үнэхээр ч монголын зах зээлд гуравдагч орнуудын худалдааны капитал орж ирснээр монголын худалдаа наймааны үндсэн бараа болох мал, ангнуурын гаралтай түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлийн үнэд ойртсон явдал жирийн ард иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж байв. Түүний ач холбогдлын үнэ цэнийг дараах түүхэн баримтуудаас харьцуулан харж болно. XX зууны эхний жилүүдэд монголын зах зээл дэх гадаадын пүүсүүдийн өрсөлдөөний үр дүнд нэг ширхэг тарваганы арьсны үнэ 20 копейкоос 1 рубль 50 копейк хүртэл4, ноосны үнэ нэг пүү нь 1 рубль 70 копейк байснаа 5 рубль хүртэл5 өссөн бол 1920-иод оны II хагаст тэдгээр гадаадын худалдаачдыг хүчээр шахан гаргаснаар өрсөлдөөн үгүй болж зөвхөн оросуудын хэлсэн үнээр барааг худалдан авах, өгөхөөс өөр аргагүй байдалд орж, нас гүйцсэн эр хонь 6-8 төгрөг байснаа 3 төгрөг, чонын нэгдүгээр зэргийн арьс 40 байснаа 13,50, үнэгний нэгдүгээр зэргийн арьс 35 байснаа 12, тарваганы арьс 4 байснаа 1 төгрөг 20 мөнгө болтлоо буурсан6 байна.

Германы дипломатчдын дээрх айлчлалын үеэр Сангийн яамны сайд Данзангаас Hermann Gipperich-т нэгэн албан захидал7 илгээжээ. Монгол бичгээр бичигдсэн энэхүү нугалбар бичиг нүүрэн талдаа “Монгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны бичиг. Их Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих танд илгээв” гэж монгол бичгээр бичсэн бичээс,“Монгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны тамга” гэсэн бичээс болон дундаа соёмбо сийлсэн тамганы дардастай, ар талдаа “Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он 5 сарын 24, аргын улирлын 7 сарын 18” гэсэн бичээс мөн сангийн яамны тамганы хоёр дардас дарагдсан дугтуйтай байжээ. Энэхүү нугалбар бичиг үндсэн эхээрээ, орос орчуулга болон түүнээс буулгасан герман орчуулгын хамт ХБНГУ-ын Холбооны архивт хадгалагдаж байна.

Энэхүү бичгийн утга нь Германы харьяат Yuen Fung Trading хэмээх пүүсээс эх нутагтаа илгээх зорилго бүхий 600 агт морийг Монгол улсаас худалдан авах зөвшөөрөл хүсч Сангийн яамнаа өргөн мэдүүлсэнд хүсэлтийг зөвшөөрөн хүлээж, зохих үнэмлэх бичгийг шийтгэн олгосон болохыг мэдэгдэхийн зэрэгцээ Герман улсын харьяат пүүсийн зүгээс ийнхүү худалдаа хийхээр албан ёсоор хандсан явдалд ихээхэн ач холбогдол өгч, хоёр улсын цаашдын худалдааны харилцааны эхлэл болох анхны энэхүү худалдаа нь зохих дүрэм журмын дагуу явагдахад анхаарууштай зарим нэг зөвлөгөөг утга хавсаргасан байдалтай бичигджээ. Дашрамд дурдахад 1922 оны хавар Монгол улсын Цэргийн яамнаас цэргийн хувцас үйлдэхэд шаардагдах цэмбэ, цагаан ямбуу, хар цагаан утас, будаг зэрэг материалыг худалдан авахаар дээрх Yuen Fung Trading хэмээх германы пүүстэй худалдааны гэрээ байгуулсан боловч тодорхой шалтгааны улмаас хэрэгжиж амжилгүй цуцлагдаж байсан8 байдаг.

Гэвч энэхүү бичгийн гол зорилго нь Монгол улсын засгийн газар нь Герман улсын худалдааны пүүсүүд монголоос мал болон ангийн гаралтай түүхий эд худалдан авч, Германаас төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа авчран худалдаалахад дэмжлэг үзүүлэх төдийгүй цаашид худалдааны харилцаа тогтоох замаар хоёр орны хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Бээжин дэх элчин сайдын газраар нь дамжуулан Засгийн газарт нь хүргэх явдал байсан гэж үзүүштэй. Үнэхээр ч энэхүү бичиг Герман улсын гадаад явдлын яаманд нэгэнт хүргэгдсэн болох нь уг эх дээрх тэмдэглэгээнээс харагдаж байна.

Мөн энэхүү бичиг бичигдсэн цаг хугацаа Hermann Gipperich-ийг Нийслэл Хүрээнд байх хугацаатай давхцаж байгаагаас үзэхэд түүнийг Нийслэл Хүрээнд байхад нь гардуулан өгсөн бололтой.
Ингээд тус тус нугалбар бичгийг ямар нэгэн тайлбаргүйгээр кирилл бичигт буулган толилуулж байна. ХХ зууны эхэн үеийн Монголын гадаад харилцаа, ялангуяа Монгол Германы харилцааны түүхийг сонирхон судлагч хэн бүхэнд хэрэг болуужин хэмээн итгэнэм.


Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он 5 сарын 23, аргын улирлын 7 сарын 18


Илгээх бичиг
Монгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны бичиг


Их Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих танд илгээв.

Мэдтүгэй хэмээн явуулах учир. Эдүгээ эрхэм улсын Yuen Fung Trading хэмээх пүүс манай Монгол газраас 600 морь худалдан авч уул улсад аваачихыг гуйн Думдад улсын Тяньжинд суугаа харьяат Консулаас үнэн хэмээн баталж олгосон тамга дарсан бичиг хамтаар манай яамнаа өргөн мэдүүлсэн ба басхүү эрхэм зөвлөгчөөс манай засгийн сайдууд лугаа нүүр учирч худалдаа арилжаа харилцан нэвтрүүлэх саналыг илтгэсэн үгэнд тус улсын хязгаараас морь малыг гаргаж, худалдахыг түр түдгэлзэн буй боловч эдүгээ нэгэнт эрхэм их улс бидний Монгол улс лугаа анх худалдаа нэвтрүүлж харилцан найрамдахыг илэрхийлсний тулд даруй баярлан талархаж уг морьдыг тооны ёсоор худалдан өгөхөөр зөвшөөрөн хүлээж уул пүүсэд үнэмлэх бичиг шийтгэн олгосон явдлыг мэдэгдэхээс гадна эрхэм их улсын албаны газар ба худалдааны ард манай Монгол улсаас аливаа мал, арьс, өөх, тосны зэрэг түүхий эд юмыг худалдан авч уул улсад нэвтрүүлэн аваачих ба харьяат улсаас аливаа эд бараа зүйлийг тээн авчирч худалдаалах аваас мөн татгалзах үгүй бөгөөд харилцан тусламжийг үзүүлж үүрд удтал бат зузаан найрамдахыг гүнээ эрмэлзмой. Гагцхүү харьяат худалдааны ард санаснаас ангид онц илүү ашгийг бодож бидний Монгол улсаас худалдан авсан морь малыг харин бидний улсын дайсан этгээдэд дамжуулан худалдваас манай Монгол улс үнэхээрийн дурлах үгүй бөгөөд бидний хоёр улсын хол урдын хүнд зузаан найрамдалд харшлалтай болмой. Жич: Эрхэм улсын худалдааны хүмүүн манай Монгол улсаас морь мал худалдан авах ба хязгаараас гаргаж аваачих тухай бүрд эрх үгүй уул нутаг газрын харьяат албан яамны газраа мэдүүлэн тэмдэглүүлж, дотоод гадаадын гааль татварыг цөм тогтоосон дүрэм хэмжээний ёсоор гүйцэтгэн тушаалгаж, үнэмлэх, хамгаалах тэмдэгт бичгийг хүлээн авахуулбаас зохимой. Хэрвээ харьяат худалдааны хүмүүн тийнхүү албаны газраа мэдүүлж, тэмдэглүүлж, гааль татварыг тушаан хураалгаж, үнэмлэх, хамгаалах тэмдэгт бичгийг хүлээн авахгүйгээр сэмхнээ морь малыг худалдан авч аваачих хэмээвээс эрх үгүй будлиан учир гарч худалдааны явдлыг саатуулахуйд хүрмой. Учир байдал иймийг урьдаар илэрхийлэн гаргаж найртай сайны ёсоор мэдэгдвээс зохихын тулд тусгайлан албаны бичиг шийтгэн гаргаж эрхэм зөвлөгч танд мэдтүгэй хэмээн явуулаад байцаан очиж бидний Монгол улсын ийнхүү эрхэм их улс лугаа харилцан худалдаа нэвтрүүлж үүрд удтал бат зузаан найрамдахыг ихэд эрмэлзэн буй явдлыг уламжлан засгийн газраа нэвтрүүлж, басхүү олон худалдааны ардад зарлан ухуулах ажаамуу үүний тулд илгээв.

Монгол улсын сангийн яамны тэргүүн сайд Данзан.

Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он, таван сарын хорин гурван, аргын улирлын долоон сарын арван найман

Дугаар 567
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: