Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 11-р)

Дөрөвдүгээр бүлэг

Бээжин дайллага-зааварчилгаа

“Тангараг дорой бузрыг түгээж түгээж
Таньсангүй шиг суух тэмбүүтэй ертөнц
Айлын хооронд цуугиулж цуугиулж
Ашгүй сайн хүн шиг зогжийж суух ертөнц
Шөнөжин нүцгэн мөлхөж мөлхөж
Өдөр эс мэдсэн юм шиг суух ертөнц
”
/”Ертөнц авгайн жам хэмээх оршив” Дулдуйтыг Равжаа/

Мэдэн будлиулсан маргаан

Сонгино Хайрхан дүүргийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын ажилтнууд Сонгины булан дахь хятадын ногооны талбай дахь намуу цэцгийн тарьж ургуулсан газар, Амгалангийн ногооны талбайд мөн цэцэг тарьж ургуулсан газарт нэг зэрэг, нэг өдөр, нэг цагт очиж, тэр улаахан цэцэг ярайлган дэлгэрсэн хэсэгхэн газрыг эзэнд нь дөнгөж дуулгаад, нарийн модон саваагаар саваадан, нэг ч ширхэг ургамал үлдээлгүй хавтгайлж орхисон байна. Цэцэг ургуулагч луухаан нар ам нэгдэж дүйсэн янзаар муухай дуугаар хашгиран:
Ай, энэ цэцэг та нарт ямар гэм хийсэн юм бэ? Та нар яахаараа хүний тарьсан ургамлыг ингэж сүйтгэж байна вэ? Энэ цэцэг ногоо та нарт ямар ч гэм хор хүргээгүй байгаа биш үү гэж орсгой шүдээ ярзайлган хашгирч, очсон цагдаа нарыг барьж ноцох нь холгүй загнажээ.
Та нар дуугаа аяд. Ингэж тонгочоод байвал та нарыг хэрэгт татахад хүрнэ шүү гэж цагдаа нар хариу анхааруулан хэлээд, “Улсын нийслэлд хэний ч зөвшөөрөлгүй хорт ургамал тарьсан хэргийн учир нэг зуун мянган төгрөгөөр (хуучин ханшаар) торголоо” гэсэн албан хуудас гардуулан өгсөнд ногоочин хүмүүсийн зан нь жаахан намжиж, аман дотроо хараал зүхлийн үг хэлээд, албаны хүмүүсийг доромжилсон бузар үгээ шивнэлдэн байв. Тэдний ааш зан нь яг нэг хүн, нэг газарт байгаа юм шиг ижил байх нь ногоочин хужаа нар хоорондоо эв нэгдэж хуйвалдсанаа илэрхийлнэ. Цагдаа нар тэдэнтэй маргаж тэмцэлдсэнгүй, хэлж байгаа үгийг нь сонсож мэдээд, үүргээ гүйцэтгэсэн учир тэндээс явжээ.
Энэ хэргийн дараа ногоо таригч хятадууд тэр талбай дээр хоёр газар адилхан нэлээд хэдүүлээ болж цуглаад, царайгаа улайлган, дуугаа чангалж бараг л бослого хөдөлгөөний байдалтайгаар элдэв үг үглэж:
Бид амь зууж аж төрөх санаагаар атга чимх ногоо тарьж байхад түүнийг энэ жудаггүй цагдаа нар олуулаа ирж тарьсан ургамлыг мод шийдмээр бороохойдон балбаж сүйтгэлээ ... Бид энд ирсэн цагдаа нартай заргалдан Улаанбаатар хотын яаманд орж хэлээд сүйтгүүлсэн цэцэг ногооныхоо үнийг төлүүлэн олж авна хэмээн зэрэг зэрэг хашгиралдсан байна. Тэднийг чухам яаж загнахыг цагдаагийн талаас тусгай хүн очиж холхоноос ажиж байлаа. Тэр очсон хүмүүсийн дотор уг хэргийг ажиж туршин, анхлан мэдээд, зохих шатны албаны хүмүүст мэдээлэн хэлсэн Шархүү байлцлаа. Хэргийн “эзэн” ингэж явах нь зүй ёсны байв.
Хятадуудын зарим нь өдөөн хатгах чанарын үг зориуд хашгиран хэлж сүржигнэж байх нь цаанаа л нэг өөдгүй шинжтэй байж харагдав. Тэд ер нь энэ хэргээр далимдуулан үймээн дэгдээх гэсэн санаатай ч байж мэдэх янзтай аж. Бүр хэтрээд торгууль хүлээсэн Мо, Су хоёр хужаа тэр торгуулийг нь хаа очсон ч төлөхгүй гэж омгорхог бардам ааш үзүүлж байлаа.
Энэ байдлыг харсан дүүргийн цагдаагийн газрууд уг хэрэг дэгдсэний маргааш нь ногоочин хоёр хужаад тогтоосон торгуулийн мөнгийг төл гэж шаардвал тэд:
Биднийг ямар ч гэм хийгээгүй зүгээр ногоогоо арчлаад байж байхад манай цэцгийг модоор нүдэн усгасан тэр цагдаагийн дураараа авирлагч хүмүүс бидний тэр юмыг төлж өгөх ёстой гэж өөдөөс нь мөнгө нэхэн загнасан байна. Энэ хужаа нар биедээ ямар ч зэмлэл халгаахгүй нь илт болов. Ийм янзын маргаан цуухиан Амгалан гацааны ногооны талбарт болж, тэнд ажиглагчаар Шархүү байж харж байхад Модны үйлдвэрийн захиалга хүлээн авагч эмэгтэй Балжин тэнд бас яваад ирчихсэн, самар цөмөөд зогсож байснаа Шархүүг харсан дороо нэрээр нь дуудан гүйж ирж мэндлэн уулзлаа. Ажиглахад энэ эмэгтэй биеэ гангалан гооддог нь буурсан шинжтэй, царай нүүр нь ч хуржийж будаг зориуд түрхэн, дух хацар нь бүрзийгээд нас харьж байгаа хүний намбанд оруулсан байв. Шархүү түүнтэй уулзалгүй нэлээд удаж дээ. Уг нь энэ хоёр цагтаа цалгиж явсан хоёрсон. Гэлээ ч залуудаа гунхаж явсны нь үлдэгдэл түүний биед тусан, жарваганан ангалздаг төрх нь хэвээр хадгалагдан байв. Аманцар тэр хүүхэн Шархүүгийн дэргэд ирж зогсоод шулганан элдэвлэж, торгууль нэхэх гэж ирсэн цагдаатай маргалдаж цуугиулж байгаа хятадыг хараад шүүрс алдан:
Ээ, чааваас даа. Энэ амь зуух гэж ядан газар мэрж байгаа амьтадтай цагдаа нар ноцолдож яах гээ вэ? Мөрөөрөө л чийгний улаан өт адил нойтон шороотойгоо зууралдаж байгаа амьтасыг оролдох хэрэггүй баймаар. Эд нар ямар цагдаа нарын эхнэр хүүхдийг очиж чангаав гэж дээ хэмээн тэднийг өмгөөлөх янз гарган, царайгаа хувирган хажуунаас нь “Та нар больж үз” гэж хашгирах шахан байв. Тэр нь чухам ямар санаатай тэгэж байгааг тааж хэлэх арга алга. Тэгтэл Шархүүгийн нүдэнд энд тэнд явж байж өртдөг өндөр туранхай, өрөвгөр хөх царайтай хятад эр бас тэнд ирчихсэн явж байж харагдлаа. Түүнийг Балжин хараад нэлээд гайхсан царай гарган Шархүүд хандаж:
Хүүе! Ван овогт Сүгсээ хүртэл ирчихсэн явж байна. Энэ бас юугаа шиншлэн ингэж явдаг билээ гэж хэлэх нь гайхалтай. Шархүү бүсгүйгээс
Энэ хаанахын юун наймаа вэ гэж санамсаргүй царай гарган асуувал,
Чи мэддэггүй юм уу? Энэ чинь манай модны үйлдвэрт ажиллаж байсан, уг нь 1955 онд урьдаас ирээд энд үлдсэн хятад шүү дээ гэж бас санамсаргүй янзаар хариуллаа. Шархүү тэр өөртэй нь байн байн тохиолддог хужааг ямар хүн болохын сэжүүрийг эндээс лавшруулан мэдэж авав.
Ногоочин луухаануудтай хийж байгаа цагдаа нарын цуухиан дууссангүй, тэднийг торгуулийнхаа мөнгийг төлөхгүй бол арга хэмжээнд орно шүү гэж цагдаа нараас анхааруулаад эндээс явсанд, ногоочингууд хятад хэлээр хараал зүхлийн үг үглэсээр хоцорлоо. Шархүү байдлыг ажиглавал тэдэнд дотночилон хандаж байгаа хүнгүй боловч Сүгсээ гэдэг хятад уг хэргийг шүлэнгэтэн ажиж байснаа Шархүүгээс цэрвэж байгаа янзаар хулгайн нүдээр ширтэж байгаад даруйхан яваад өглөө.
Балжин чухам ямар сэтгэлтэй, хэнийг нь талархаж байгаа нь эс мэдэгдэн, Шархүүд нэлээд ойр байх байдал үзүүлж, энэ эрээс үг алдуулж авах гэсэн янзаар арай ч энгийн яриа биш болов уу гэмээр хэдэн үг шидэв.
Хөөрхий дөө. Бас л амь зуух санаатай ингэж л амьтанд ад болох юм үйлдээд өөртөө зовлон тарьж явах юм даа, эд. Одоо хятадууд гэхээр хүмүүс бүр их зэвүүцдэг болж орхилоо гэж хэлэх нь тэднийг өмгөөлж байгаа янзтай Шархүүд сонсогдож, “Энэ ер нь хятадын далдын туршуул намайг өдөж байгаа юм биш биз” гэсэн сэжиг төрүүллээ. Балжин Шархүүг бас л өдөх янзаар ахархан хугацаанд янз бүрийн юм асууж, цаанаа л нэг хачирхалтай байдал үзүүлэх нь гайхалтай байв.
Та чинь тун их шив дээ. Яагаад надтай ярих дургүй болж орхио вэ? “Цадахад цагаан хурганы сүүл хатуу” гэдэг болоо юу гэж Балжинг хэлэхэд,
Би завгүй л явж байна даа, бүсгүй минь гэж Шархүү ая тал засах оролдлого хийвэл Балжин доогтойхон инээж, самрын яс үсэргэж байснаа:
Чи энд надад их зан гаргаад яах ч юм билээ. Олон хүүхэн харж нүд, сэтгэл хоёр чинь зай завгүй болоод байгаа хэрэг үү? Аль сайхан авгайтай болоод чиний сэтгэл түүндээ пологтон намайг үзэхээ болив уу гэж бүр их шалдар бальдир юм асуулаа. Үүний учрыг сайхи хүн олсонгүй, “Ер нь чи яах санаатай надад халдаад, миний сэтгэл санаа руу өнгийх гэж оролдоод байна вэ” гэсэн зүйл Шархүүгийн сэтгэлд харван орж ирэв. Тэгээд энэ эм чухам хэн болж байна вэ? Чамтай урьд нэг удаа хөнжилд чинь орж байсан явдал одоо ямар хамаа байна вэ? Чи намайг өөрийнхөө задгай хормойдоо хумхин оруулж авах санаа хадгалж яваа юм биш биз. Чи ер нь харьд сэтгэл бодлоо худалдаж, хэд гурван төгрөг олж өвөртлөн, түүгээрээ ингэж дэгжирч явдаг завхуул амьтан байхаас зайллаа гэж үү? Чи надаас өөртөө гархи нэмэрлэх юм олж авах санаатайгаар надад элдэвлэж байгаагаас эс зайлаа вий гэж бодон өөртөй нь адил нялуурч сонжъё гэж шийдээд бүсгүйд ойртож:
Би чамайг дагнан бодож явдаг л даа. Чи гаднаа ч, дотроо ч дэндүү сайхан шүү дээ. Даанч би ажилд дарагдаад чам руу гүйх зав олдохгүй нь намайг зовоодог гэж хэлээд тавьчихлаа.
Балжин яах нь энэ билээ гэмээр нэг их гэдийж зогсоод чангаар инээн:
Би чамайг мэднэ ээ. Чиний завгүй гэдэг шал худлаа. Үүн шиг манж зан чи бид хоёрын харилцаанд огт хэрэггүй. Тийм сайхан багш авгайтай ийм эр бараг гудамжны шахам байдалтай, над шиг заваан явдалтай эмээр яахав дээ. Би чиний хэлж байгаа саяны үгэнд яалаа гэж үнэмшин, одоо яалаа гэж дахиад нэг хөнжилд орж хэвтье гэж сээтэн хаяж явах вэ. Энд өөр хүнгүй байгаа дээр би чамд нэг зүйл хэлье. Юу вэ гэвэл, чи намайг хятадын тагнуул гэж битгий бодоорой. Тэгвэл чиний ажил буруугаар эргэж хоосон чулуу хөөсөн юм болно шүү гэж хэлэх нь энэ үг чиний хаанаас гарч байна вэ? Чи ер нь хэн бэ? Чи яахаараа миний бодож яваа зүйлийг өнгийн харсан юм шиг увьдастай байдлаар сэтгэдэг билээ гэсэн өөр нэг хачин зүйл Шархүүгийн сэтгэлд орж ирэв. Балжин Шархүү хоёрын энэ удаагийн яриа үүгээр дуусаж, хоёр тийшээ салан явахдаа “Чамаас би чулуун хүний өвөрлөж явсан бичгийн эзнийг олоход тус болох юм сонсож магадгүй биш биз. Дахин чамтай яаж аятай тавтай байдлаар уулзах вэ?” гэсэн зүйл бас сэтгэлд нь хадгалагдан үлдлээ. Тэр эмэгтэй эргэж ч харсангүй, цаашаа шууд яваад өгөв.
Шархүү сайхи бүсгүйн хойноос харж зогсоод бодож үзвэл, энэ эм яалаа гэж намайг даган зугаа гаргах гэсэн юм шиг ингэж олны үймээн дунд гулзганан гүйж явах билээ. Яав ч зүгээр хүн биш байх шүү. Ер нь энэ маань хятадын туршуул байж магад. Манайхыг болон бусад элдэв юм сонирхон асуугаад байдаг нь ямар учиртай байх вэ? Гайхалтай юм. Манай Соном дарга намайг яаж шүү явж байна вэ хэмээн ажих санаагаар энэ хүүхнийг миний араас дагуул болгон тавьсан юм болов уу? Тэгэж хүнээ судлах ёс бий. Тэгээ л болов уу ч. Балжин надад дэндүү нүүрэмгий зан гаргаад байгаа нь цаанаа нарийн учиртай биз. Тийм бол энэ бүсгүйн сэтгэл наашаа, хэлж байгаа үг нь үнэн байх учиртай даа. За яван байтал аяндаа надад ажиглагдах биз ээ хэмээн бодсон байна.
Ногоочин Мо овогт, Су овогт хоёр торгуулиа төлөхгүй гэсэн учир тэднийг дүүргийн цагдаагийн газрууд дуудан аваачиж байцаах байдлаар асуухад хүрчээ. Цагдаа нар тэднийг машин тэргээр тэдний гэрт нь ирж, бараг л баривчлах шахам байдлаар аваачаад албан тасалгаанд суулган байцаажээ. Тэд аль аль нь эхлээд айхавтар булзаарлан, нэлээд омогшингуй байсан нь гайхалтай.
Та нар тэр цэцгийг чухам яах гэж тарьсан бэ гэж асуухад нь:
Бид орон гэрээ гоёх, хүүхэд багачуудыг саатуулах, охид эмсийн нүдийг баясгах гэж тарьсан гэж хоёр хужаа ижил төсөөтөй хариу хэлжээ.
Та нар тэр цэцгийн үрийг хаанаас яаж авчирсан юм бэ? Түүнийг хаанахын хэн гэгч этгээд та нарт өгсөн бэ? Тэр хүн чинь монгол уу?
Ай, орос монгол ямар хүн болохыг би мэдэхгүй. Би зах дээрээс худалдаж авсан. Би яагаад цэцэгний үр авч болохгүй гэж хэмээн Амгалангийн Су овогт нэлээд адармаа гаргах янзаар хариулаад аман дотроо “Миний явдал эдэнд ямар хамаатай юм бэ” хэмээн үглэн, эгдүүцсэн янзтай байв.
Сонгинын булангийн ногоочин Мо овогт гэнэ алдав уу, яав, тэр асуултад:
Бид их холын Кантон хотоос жуулчилан яваа хүнээс жаахныг авсан. Тэр хүнийг одоо би танихгүй, жуулчин маань буцаад явчихсан байх гэж цэцэгний үр авсан эзнийг далдлах байдлаар мэдэн будилж хэлэв.
Ер нь эдний өчиг нь хэргийн мөрийг зайлуулж булах, мэдэн будилуулж, уг явдлын үнэн учрыг шүүн тунгааж олох ялыг төөрөгдүүлэх гэсэн далд санаагаар хучигдсан байхыг сэргийлэхийн ажилтнууд мэдэж байлаа.
Энэ ургамал чинь хүнд их хортой гэж мэдэх үү, та нар?
Би тэгэж мэдэхгүй. Харин хүнд таашаал өгдөг. Нүд сэтгэлийг нь баясгадаг гэж л мэдэж байгаа. Тийм санаагаар жаахан газар хэдхэн үр цацаж тарьсан.
Урьд нь та нар хаана ургуулж байсан бэ, энэ цэцгийг?
Ай, урьд өмнө тарьж байгаагүй. Улаанбаатарт үйлдвэрлэсэн “Намуу цэцэг” гэдэг нэртэй савангийн боодол цаасан дээр зураг нь байдгийг мэдсэн. Түүнийг үзээд хэрэгтэй юмыг ингэж байгаа биз гэж санаа авч тарьсан хэмээн өчиж байлаа.
Тэд амны хий алдахгүй гэсэн бодолтой ярьж байгаа нь илт байв. Энэ байцаалтад Шархүү байлцан энгийн сонирхогч байдлаар харж, хэлж байгаа үгийг нь сонсож байв. Энэ асуултаар Мо, Су овогт хоёрын алинаас нь ч өөтэй үг олохгүй, тэд Улаанбаатарт хар тамхи дэлгэрүүлэх гэсэн санаагүй, өөрсдөө хэрэглэдэггүй цэвэр сайхан хүмүүс болж асуулга дууссан шинжтэй, асуугдагчид нэлээд оодронгуй янзаар, харин хэнд ч гэм зэмгүй, ногооны талбайд ажлаа хийж байхад нь тарьсан цэцгийг нь цагдаа очиж сүйтгэсэн, энгийн хүмүүсийн ажилд саад тотгор учруулж байгаа гэсэн зэмлэлийг цагдаагийн газар тохох хандлага гаргаж байгаа нь байцаалтын явцад ил боллоо. Тэгээд уг явдлыг мухардалд оруулан хаях гэсэн далд санаа Мо овогт, Су овогт нарт байгаа нь мэдрэгдэж билээ. Энэ байдлыг ажигласан Шархүү тэдний орон гэрийг нэгжээд үзэхэд уг хэргийн ул мөрийг илчилсэн эд мөрийн баримт аяндаа гараад ирнэ гэж зөвлөх байдлаар хэлсэн байна.
Цагдаагийнхан тэр даруйд нь тэдний орон гэрийг нэгжин үзэх зөвшөөрлийг зохих газраас аваад, байцаалтын маргааш нь эхлээд Амгалан гацаанд суудаг Мо овогтын суудаг шавар байшинд шууд очиж нэгжилгээ хийв. Хөглөрсөн новшин дотроос монцгор том толгойтой, урт шилбэтэй, утаагий нь ус дамжуулан сэрүүцүүлж явуулдаг төхөөрөмж бүхий гаанс олдлоо. Үүнийг гэрийн эзэн Мо овогт “Энэ хар тамхины гаанс биш, зүгээр хятад тамхины утааг зөөлхөн болгож татдаг зүйл” гэж тайлбарлах гэж оролдоход нь цаана нь гаднаас оруулж ирсэн боодолтой хар тамхи, өөрийн нь тарьж ургуулдаг намуу цэцгийн үр зэрэг зүйл нэлээд их хэмжээтэй байж, тэдний удаа дараа мэдүүлж байсан мэдүүлэг ямар ч үндэсгүй худал зүйл болох нь нотлогдов. Хужаа нар түүнийг өөрөө харж байгаа болохоор ямар нэг цагаатган цайруулах оролдлого хийхэд тусыг авч чадахгүй нь ил болж, “Би дахиад ийм зүйл хийхгүй. Намайг уучилж өршөө” хэмээн аман баталгаа өгөхөд хүрлээ.
Цагдаагийн байгууллага Мо, Су хоёрт урьд нь ноогдуулсан торгууль дээрээ худал заль гарган хууран мэхлэсэн гэдэг зүйл нэмж 500 мянган төгрөг болгон бичсэнд тэр хужаа нар мөнгө байхгүй, төлж дийлэхгүй хэмээн цааргалах янз гаргалаа. Тэр байдлыг нь цагдаагийн байцаагч хянаж үзээд:
Та нар ноогдуулж байгаа торгуулийг одоо төлөхгүй бол түүнийг биеийн хөдөлмөрөөр олж өгөх журмаар хорих газар оч гэж хэллээ. Хужаа нар хариу хэлэх үггүй болж, тогтоон өгч байгаа торгуулийн мөнгийг гурав хоногийн дотор тушаан өгөх, тамхины хэрэгслээ өөрсдөө устгах болж таарлаа. Энэ хэргийг барагдуулах явцад Шархүү ажиглах байлаар оролцох далимаар хайсан хүн чулууны хэрэгтээ түлхэц болох ямар нэгэн зүйл эндээс олж чадаагүй ч гэсэн монгол хүний биеийг нь хордуулан, ухаан санааг хомстгож, амь насыг богиносгон сүйтгэдэг тэр явдлыг дэлгэрүүлэх гэсэн оролдлогыг илрүүлсэнээрээ улс олонд тустай зүйл болжээ. Ингэж ч удирдах ажилтнууд нь үнэлэн үзсэн ажээ. Үүндээ түүний сэтгэл хангалуун байв.
Сайхи хүнд өөр нэг адармаатай хэрэг шинээр тулгаран ирж байгаа нь Балжин хүүхнийг тандаж алдаа мадаггүйгээр түүнийг танин мэдэж авах, түүний гараар зарим нээгдээгүй байгаа олон өргөстөй цоожийг онгойлгох ажил байлаа. Гэтэл сайхи хүүхэнтэй дуртай цагтаа уулзаж, чөлөөтөй ярилцах боломжгүй шахам байв. Балжин модны үйлдвэрт ажиллахаа байсан, орон гэрээ хоёр дахин сольж нүүсэн учир одоо чухам хаана юу хийж байгаа нь эс мэдэгдэнэ. Бас түүнтэй уулзан сэтгэлийг нь үгээр нээж ярилцах зүйл юу байх билээ?
Одоо Шархүү тэр хүүхэнтэй хайр дурлалын зүйлийг арваад жилийн өмнө байсан шигээ ярьж хэлэлцэх нь яав ч аятай байж таарахгүй нь мэдээж. Худалдаа арилжааны юм би мэдэхгүй. Тэгээд түүнийг хаанаас яаж олох вэ? Олдвол юугаа ярих вэ? Гэлээ ч олох ёстой байв.
Шархүү энэ мэтчилэнгийн төвөгтэй зүйлүүд тулгарч байгаа ч гэсэн уг зорьсон хэргээ гүйцээх санаагаар гэртээ тогтож чадахгүй байлаа. Түүнд нэг баярлууштай зүйл нь Цэрмаа эр нөхрийнхөө эрхэлсэн ажлын онцлогийг хэнээс ч дутамгүй, тэр талаар ямар ч лекц яриа хэрэггүйгээр мэдэж, хэдүйд ч гэртээ ирсэн ийм тийм гэдэггүй байв. Түүгээр ч үл барам ажилдаа хөтлөгдөөд бүр үүр цайлгах шахам болгож гашуун юмны үнэр ханхлуулан гэртээ орж ирэхэд нь Цэрмаа халуун саванд цай, хоолыг нь хийгээд хадгалж орхисон, инээгээд сууж байдаг нь гайхалтай өрөвдөлтөй аж.
Шархүү яахан гэрт тогтож суух вэ? Заримдаа ажлаа тарж ирээд бэлэн хоол хэд савхдан үнхсэн дороо хөлд нь тэнэх дон шүглэнэ гээч болсон юм шиг хувцсаа яаран сольж өмсөөд, хааяа жижиг гар буу өвөртлөн гэрээсээ гараад үл мэдэх зүгт алга болно. Ийм хүнтэй Цэрмаа юу ярьж, хэнтэй хардаж суух юм бэ?
Тэрээр сүүлийн үед хятад гаралтай хүмүүс нэлээд бөөгнөрөх байдалтай болж байгаа Долоон буудлын газар луу алхах нь олшров. Тэр яагаад хятад хүнийг онцлон анхаараад явах болоо вэ гэвэл, хүн чулууны шүншиг болсон зүйл нь хятад бичигтэй байсан учир тэгэж хандахаас өөр аргагүй болгосон билээ. Ер нь найз эрдэмтэн (саяхан докторын зэрэг хамгаалаад, одоо түүх судалгааны ажлыг улам лавшруулан яваа) Сэрээнэндорж нь нэг удаа уулзаад энгийн яриан дээр “Манайд байгаа эх оронгүй хүмүүс л өөрт нь ашиг өгөхөөр бол ямар ч урвалт хийхээс буцахгүй шүү” гэж хэлсэн нэг үг нь Шархүүгийн сэтгэлийн угт хадагдсан байна.
Сэрээнэндорж өнгөрсөн намар гэрт нь ирж цай ууж суугаад ярихдаа: “Бидэнд учрах аюулыг эх орон минь яах билээ” гэж бодох сэтгэлгүй хүмүүст найдлага тавьдаг өмнө зүгийн ноёдуудаас тарьж магад. Тийм заналхийлсэн түүхийн баримт тоолж баршгүй бий. 1914 онд Хөлөнбуйрын төв Хайлааст хотоос тэнд байсан манай монгол тагнуул нааш нь мэдээллэхдээ: “Галт бөмбөг шидэхдээ гавшгай хэдэн хятад туршуул Богд болон түүний ойр дотнын ноёдыг хороох зорилгоор Хүрээ рүү гаргасан” гэж мэдээлж байсан баримтыг би үзсэн. Тэгээд удалгүй ван Ханддорж хорлогдож нас барсан гэж хэллээ. Энэ үгс Шархүүд ямар зэвүүн сонсогдов оо. Бас хадам аавын нь ердийн энгийн ярианд тийм зүйлийг олонтоо тусгаж хавчуулсан байдаг билээ. Ийм байдлаас үндэслэн Шархүү уг эрлээ хятад хүмүүс олноор орогнон байгаа газарт чиглүүлэн хийж байгаа аж.

Бие биеэ огт танихгүй явж байх нь аминд орлоо

Ван овогт Сүгсээ нарын хэдэн хүн ахлагч Төрхүүгийн байгуулсан гэрээ ёсоор Дархан хотод хэдэн хуучин байр засахаар очлоо. Энэ ажилд явахад эхлээд Сүгсээ дургүйцэн цааргалаж байгаа дүр үзүүлж чадсан байна. Дотроо бол Ли овогт ноёны сураг гарган хэлсэн ёсоор Дарханд махаар элдэв зүйл бүтээдэг үйлдвэрт (Махкомбинатад) ажиллаж байгаа дүүтэйгээ уулзах боломж тэндээс олдоно гэж найдаад баяртай байжээ.
Эдний баг бүхлээрээ тус хотод очоод хуучин Дарханд байгаа сууцны хоёр барилга засаж эхлэв. Тэнд өөр олон барилгыг оросууд, манай цэргүүд барьж байгаа болохоор засварт хэрэглэх элдэв хэрэглэгдэхүүн амархан олдох нь таатай байлаа. Тэд нэг шил “Цагаан морь” өвөртөө хийж яваад орос барилгачидтай уулзсан дороо дуртай хэрэглэгдэхүүнээ (тоосго, нарийн цагаан шохой, ханын будаг, шохой гэх мэт) тэдний тэргэнд ачаад ирдэг. Түүний нь засвар хийлгэж байгаа газарт үнэ ахиухан өгөөд, ажилдаа хэрэглэн орлого нэмэгдүүлж чадаж байв. Энэ талаар зөвхөн орлого олохоос өөрийг боддоггүй ахлагч Төрхүү хэнд ч маллагдахгүй овсгоотой эр аж.
Засварын ажил нь бүтэмжтэй явж байлаа. Энэ ажлын хажуугаар Сүгсээ өөрийн дүү зүүн хөмсгөн дээрээ мэнгэтэй хүнийг эрэн мах бэлтгэдэг үйлдвэр дээр хэд хэд очиж, ажил тарах үеэр хайсан боловч тийм хүн огт дайралдахгүй байв. Сайхи наймаа эрж яваа хүнийхээ тодорхой нэрийг мэдэхгүй болохоор бусдаас сураглах аргагүй байлаа. Тэрээр ийм байдлаар гайхаж цөхөрсөн царай гарган хэд хэд явсаар хэргээ бүтээж чадсангүй. Энэ явдлаа хамт ажиллаж байгаа бусаддаа огтхон ч дурсахгүй, гөлийж уйтгарласан царайтай байв. Энэ байдлыг нь амь нэгт Цэ, Дү хоёр ажиглаж мэдээд эхнэр Пунсалаа санаж хэмээн дооглон “Мөнгө өвөртлөн гадуур явж янхан олж уулз” хэмээн тоглоом болгон шоолж байв. Ингэж тэд Дарханд засвар хийн бүтэн сар болж байтал нь Бээжингээс тэдний гэрийнхнээр дамжин нэг цахилгаан утас Ван овогтод ирлээ. Үзвэл, Бээжинд байдаг эцэг Ван Шисан нь нас барсан учир нэн түргэн ир гэж дуудсан байв. Сүгсээ тэр утсыг авсан дороо ахлагч Төрхүүдээ дуулгаад, тэр шөнөдөө галт тэргэнд сууж өглөө нь Улаанбаатарт ирж, гэрээрээ орон мөнгө аваад, агаарын онгоцны тасалбар худалддаг газар луу очвол тэнд маргааш нь Бээжин орохоор нисэх онгоцны суудал байж тэрээр түүнийг авлаа.
Сайхи хүн төрөлх хот Бээжинд буув. Хагацал үзэж яваа ч гэсэн сэтгэл нь таатай байлгүй яахав. Хотын байдал сэтгэлд буумгүйгээр өөрчлөгдөн, энд тэнд шинэ том барилгууд баригдаж байгааг харахад сонин байжээ. Тэдний гэр Ван фу цзингийн гудамжинд гадуураа хөх тоосгон хэрэмтэй, дан шавар байшинд хэвээрээ байгааг сайхи эр захидлаас урьд нь мэдэж байв. Ван овогт гэртээ орвол нас нь ная хол гарсан эмгэн эх нь хүүгээ танихтай үгүйтэй шахам байдлаар угтан уулзлаа. Бусад хамаатан садан болох хүмүүс энд цуглараад хоол цай бариад сууж байв. Аавын нь цогцсыг зузаан модон авсанд хийгээд, гадаа хэрэмний ёроолд сүүдэрт тавьж орхисон, чамайг ирэхийг бид хүлээж байна. Одоо маргааш оршуулж болохоор болов гэж ах дүү хүмүүс хэлж байв.
Ван овогтын таних хүн амьтан энд бараг алга аа. Тэгтэл гаднаас биеийн байдал ихэд монголжсон, нүүрний нь дүрс хэлбэр аавыг нь хуулсан, нэлээд ахимаг насны нэг эр орж ирээд Сүгсээг харсан дороо төсөөлөв бололтой, урьхан царай гарган мэндэлж учрав. Түүний хөмсөг дээр нь байгаа томхон хар мэнгийг Ван овогт Сүгсээ хараад дүүгээ гэж сая танин, Монголд эрээд олддоггүй хүн яахаараа энд ийм амархан уулзана вэ гэхээр үлгэр мэт санагдан баясав. Тэд эхлээд юугаа сүр бадруулан ярих вэ? Тэр хүний монгол нэр нь Үсрэлт гэдэг содон нэртэй байна. Энэ эр талийгаач аавтайгаа хааяа захидлаар харилцан бие биеэ мартаагүй байсан, Сүгсээг Улаанбаатарт байгааг аавынхаа бичсэн захидлын үгнээс мэдсэн, саяхан эцгийгээ нас барахын өмнөхөн жуулчин нэрээр Бээжинд ирж байгаад Ван Шисаныг нүд анихад дэргэд нь байгаагүй ч гэсэн ойролцоо байж мэдээд гэрт нь ирсэн, түүнийг амьд сэрүүн байхад хоёр ч удаа ирж уулзсан байв. Тэгэхэд эцэг нь нас барах арай ч болоогүй болов уу гэмээр, эндээс явсан хүүгээ, Үсрэлтийн дүү бусад хүүхдүүдийг сураглан асууж, сэтгэл нь хөөрүү янзаар “Та нар хятад хүний үр гэдгээ мартахгүй явах ёстой шүү” хэмээн хэлж байжээ.
Эдний хашаанд Хишигтийн их пүүснээс хүмүүс ирж талийгаач өвгөний цогцсонд цаасан цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэхдээ “Манай их пүүсний хамгийн хүндэтгэлтэй, хуучин байдлыг сайн мэддэг, их пүүсийн түмэн дансыг нэгтгэн товчлоход сампин цохиж сурсан ид хаваа үзүүлэн гаргаж, залуу үеийн данс баригчдад дуурайлал болж байсан том хүн ...” гэж магтаалын үг хэлээд, оршуулахад нь хэрэглэ гэж хандив болгон нэлээд тооны мөнгө пүүсний сангаас гарган өгсөн байна. Тэр мөнгөөр нь ирсэн хүмүүсийг хэд хоног сайхан амттай хоол, архи дарсаар дайлж байгаа аж. Мэдээжийн өвгөнд Монгол газраас олж авчирсан нэлээд мөнгө байсан нь гарцаагүй боловч түүнийхээ бага хэсгийг зараад, үлдсэнийг нэгтээ хийж нуун далдалсан учир амьд сэрүүн үлдсэн хөгшин эмгэн, бусад үр хүүхдүүд нь олохгүй байгаа аж. “Хэн юмаа сайн нууж чадна, тэр буянаа эдлэж байгаа нь тэр” гэдэг хятад үг биеллээ олж буй нь энэ гэлтэй.
Сүгсээг Бээжинд очсоны дараа хоёр хоноод өвгөнийг эцсийн замд нь үдэж мордуулав. Үүнд сүр бадарсан юм болсонгүй. Илжиг хөллөсөн нэг муу яйжгий тэргэнд түүний цогцсыг ачаад, малгай дээрээ дугуй цагаан даавуу хадсан хэдэн хүн цаасан цэцэг замд хаялан, цаас шатааж яваад, Бээжингээс нэлээд зайтай байгаа тариалангийн газрын зах, хүн цуварч явдаг замыг таслан гүн нүх ухаад түүндээ хийж булсан байна. Энэ хөөрхийлөлтэй явдал нь газар олдохгүй учир тэр замын гишгэлбэрийг өндөр үнээр авч ухсан ажээ. Хэрэг явдал үүгээр дуусаж, тэдний гэрт эмгэний дэргэд будаалга хийгээд ажил шувтрах нь тэр.
Оршуулгын маргааш нь их ноён Ли Панжан урьж байна гээд Сүгсээ, Үсрэлт, өөр нэг Улаанбаатарт байдаг Өвөрлөгч нутгийн Ерөөлт гэдэг идэрхэн насны хүн, бас нэг хужаа нарыг тэргэнд суулган Чамины театрын баруун өмнөдөд байгаа асар оройтой байшинд аваачлаа. Тэднийг жигтэй их гоёж гоодсон гэх үү, хивсэн дэвсгэртэй, шил толь, элдэв эрээн мяраан зураг хананд нь хадсан бэсрэгхэн тасалгаанд орууллаа. Тэнд хэдэн жилийн өмнө Сүгсээтэй Улаанбаатарт уулзаж байсан Ли овогт хүн үлэмж урьхан зан гарган баясгалантайгаар инээж, ирсэн хүмүүстэй нэг бүрчилэн мэндчилж уулзав. Түүний хажууд хоёр хятад хүн бас бөхөлзөн мэндэлж учирлаа.
Чухам яагаад тэр билээ, ирсэн дөрвийг үлэмж хүндэтгэн үзэж байгаа янзаар зөөлөн зузаан сандалд суулган, өмнөх сум модон ширээн дээр нь гангар шаазантай цай, алим, усан үзэм, нимбэг зэрэг жимс тавьж, янжуур дэлгэж бариад гайхалтай дотночилох нь юу гээч болох нь энэ вэ гэмээр, Ли овогт нь томоохон хэмжээний дарга бололтой дэргэдэх хүмүүсээ ингэ, тэг гэж зарах нь нэлээд мэдэлтэйгээ илтгэнэ. Тэрээр:
За эрхмүүд минь! Бид нэг санаа бодолтой, түүнийхээ төлөө их Хятад улсын нэрийг дээдлэн зүтгэж яваа баатарлаг хүмүүс. Бид бие биенийхээ итгэлийг хугалж нугалах тийм дорой байдалтай амьтад биш. Бид итгэгдсэн гэх үү, шалгалт сорилт давсан шилмэл хүмүүс. Тийм болохоор энэ Бээжинд бид санаа бодлоо улам дэлгэрүүлэн, хийх хэргээ ярилцъя гэж цугларч байна хэмээн том ярианыхаа үүдийг нээн хэллээ. Тэрээр тун их баясгалантай царай гарган:
Эрхэм та нартайгаа бид ингэж уулзаж байгаадаа баясан өдөр хамтдаа сайхан хоол “Бээжин нугас” иднэ. Та нар өнөөдөр энд тааллаараа байх ёстой гэж хэлээд цай ууж, дураараа бай гээд том үг дэлгэн ярилаа.
Уг нь Хятад улс өөрийнхөө нутаг дэвсгэрийг Манж Чин улсаас яаж өвлөн хүлээж авсан бэ, яг тэр ёсоор нь хадгалан байх ёстой гэнэ. Энэ журам зөрчигдөн гадаад монгол салан тасарч гарсан. Түүнийг бид урьд байсан ёсоор нь эргүүлэн тогтоож авах учиртай. Монголчууд тэгэх дургүй, тэндээ жалга сахин дур зоргоороо байх эрмэлзэлтэй байдаг. Энэ бол тэнгэрээс бид бүхэнд заяасан эрхэм дээд ёсыг үл ойшоон, хятад, монгол аль ч хүнд маш их балаг тарин, ах дүү ёсны харилцааг алдагдуулж байна. Тэр бас аль ч талд оршиж байгаа олон хүний амьдрал, сэтгэл санааг булай муухайгаар бузарлаж байгаа хэрэг. Энэ булай явдлыг бид арилгах үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр Монгол газрыг их Хятадын газрын зурагт тэнгэрийн таалал ёсоор дахин оруулах хэрэгтэй байна. Та нар газрын зураг хардаг биз дээ. Зураг дээр бүхэл бүтэн Хятад улсын нутаг умард талаасаа цөм татуулсан юм шиг байдалтай хонхорхой харагдаж байгаа. Хүний нүд юмыг андахгүй мэддэг. Тэр сөөл гажуу байдлыг бид засаж, тэгш журманд нь оруулах ёстой биз дээ. Монголын зарим нь тэгэх дургүй юм бол бид хүнийг нь орхиод газрыг нь нааш нийлүүлж авах ёстой болоод байна. Тэнд жожигорч байгаа монголчууд уг нь өөрсдөө бие даан амьдрах чадваргүй гэх үү, хэдэн малынхаа махыг зулгааж байхаас өөр юу ч хийж чадахгүй, ямар ч гоё сайхан юм эдлэж, өмсөж чадахгүй болоод, бүр арчаагаа алдахаар арга буюу өөрсдөө наашаа гар сарвайн гуйж ирэх учиртай. Гэтэл тэдэнд Япон, Орос, Герман улс элдвээр жаахан жаахан туслаад амь торгох боломж олгоод байгаа. Одоогийн манай Хятадын засгийн газар ч нэрэлхээд, бас олон улсын харилцааны байдалд автаад Монголыг тусгай улс юм шиг үзэн, элдэв дээдийн юмаар туслаад болохгүй байна. Тэгэхээр бид түүнээс нь өөр аргаар Монгол газрыг нааш нь нэгтгэн авч болно. Тэр аргыг л та бид хийх учиртай байгаа гэж Ли овогт удаан ярьж байлаа. Түүний энэ бодлыг Ван овогтонгууд дэмжиж байгаагаа илэрхийлэн яриан дунд ганц нэгээрээ баяссан царай гарган алга таших, “Зөв” гэж дуу алдах, “Ай сайхан” гэсэн үг шидэж, цай уун, тамхи баагиулж сууцгаав. Ли овогт түүнд дуртай байлаа.
Тэгвэл бид одоо чухам тодорхой юу хийх ёстой вэ гэсэн асуулт аяндаа гарлаа.
Ай, энэ их чухал асуудал, бидний ярилцах гол зүйл энэ мөн гэж Ли овогт тэмдэглээд, зохих зүйлүүдийг зааварлаж гарав.
Тухайлбал, өдгөө Хятадын зүгээс Монголтой харилцаж байгаа бүх харилцаанд Ар газар бол манай нутгийн салшгүй хэсэг мөн гэсэн санааг шингээсэн байх учиртай. Улс төр, худалдаа, соёл, жуулчлал, хувийн чанартай бүх харилцааны агуулга нь Монгол бол ирээдүйд их Хятад улстай нэгдсэн бодлоготой байна гэдгийг баримталж байвал зохино. Үүнийг удирдлагын гол чиглэл болгох ёстой. Нэг жишээ хэлэхэд, Монгол газар дээр хөрөнгө оруулалтын журмаар нэг үйлдвэр барилаа гэхэд ирээдүйд түүнийг хятад хүн эзэмшин ажиллах болно гэдгийг л эхнээсээ бодож хийх ёстой байгаа. Энэ мэтчилэнгээр Монголд хийх бидний ажил маш олон арга хэлбэртэй байх нь зүй. Тэр олон арга ухаантай ажлаас ганц нэгийг хэлэхэд, юуны өмнө монголчуудын дотоодын эв нэгдлийг бутаргаж хүмүүс нь цаг үргэлжид хоорондоо эвдрэлцэн бие биенээ муучилж, нэг нь нөгөөгөөсөө илүү эрх эдлэн бусдыгаа дарангуйлж байх гэсэн санаа бүхий тэмцэл явуулж байхаар бид өдөөн хатгалга хийж байх ёстой шүү. Ингэснээр тэдний хүч улам задарна. Энэ бол Хятадаас Монголын дотор явуулж ирсэн манай уламжлалт бодлого. Хятадын энэ бодлогыг Манжийн хаан зээлдэн авч Монголын ноёдын хооронд яс хаях, нэгд нь илүү хэргэм зэрэг эдлүүлэн, нөгөөгийнх нь атаа хорслыг бадрааж хямралдуулах бодлого баримталж ирсэн. Бас тэдний нэгдсэн зохион байгуулалтыг нь эвдэн, шинэ аймаг, шинэ хотуудыг бий болгон бутаргаж ирсэн. Үүний үр дүнд Монголын эрх бүхий том ноёд нь бие биенээ багалзуурдан тэмцэлдэж, гадагшаа тэмцэлдэх ямар ч хүч байхгүй болоод Манжийн хааны атганд бүр базагдаж байсан. Энэ бол их сургамжтай үнэн түүх.
Ноён дарга аа! Үүнийг бид ойлгож байна. Монголчууд бие биеэ эд мөнгө, үнэ бүхий зүйлээр худалдан авдаг явдлыг эрс эсэргүүцэж байсан гэж манай өвөрлөгч нутгийн өндөр настай хүмүүс ярьдаг. Тэр ямар учир байна вэ гэж Дотоод монголын энд байгаа нэг хүн асуулаа.
Ли ноён инээж, тал өгөн:
Түүнд их учир бий шүү. Манай хятад ноёд тийм арга хэрэглэн Монголын хүчийг задлаж ирсэн үнэнтэй. Тэр бол бас л манай нэг зорьж шалгаруулсан уламжлалт арга. Тэгэхдээ ямар хүнийг, яаж эд хөрөнгөөр өөртөө татаж авах вэ? Тэр хүн чинь тэгэж татагдахаар уу, үгүй юу? Үүнийг урьдаас сайн тунгааж бодох учиртай ... гээд өөр бусад арга яаж хэрэглэх вэ гэдэг талаар Ли овогт дарга нэлээд зүйл дэлгэрүүлж хэлэв.
Монгол газарт янз бүрийн хортой юмыг өргөн нэвтрүүлэх хэрэгтэй. Хортой эм, хортой архи, тийм амттан, бүр тэнд оруулж байгаа даавуу, эд юмны будаг шунханд хор шингээн, тэдэнд худалдвал ашиг сайнтай болно. Монгол хүний бие эрхтэн, элэг, зүрх, ходоод, бөөрөнд хор хүргэх юмыг бид нарийн далдлаад Ар газарт явуулбал ашиг өгнө. Харахад худалдаа хийж байгаа янзтайгаар тэр зүйлийг нэвтрүүлж байвал тун сайн хэрэг. Тэнд бас шалиг завхай явдлыг аль болох дэлгэрүүлэн, үр үндсэнд нь хортой, ургийн эрхтэнг гэмтээдэг өвчин дэлгэрүүлэхийг чухалд үзэх хэрэгтэй байна. Ахан дүүс, төрөл садангийн хүмүүс бие биетэйгээ садар самууны харилцаанд орвол тэдний үндэс нь амархан эвдэрнэ гэнэ ...
Ли овогт нэлээд ам халж, энд байгаа дөрвөн хүнд бүрэн итгэсэн сэтгэлээ илэрхийлэх байдлаар ярихдаа:
Бид чухам нарийн агуулгаараа Монголд явуулж байгаа энэ бүх хэрэг чинь тэдний уугуул хүнийг асран хамгаалж авах гэсэндээ биш, тэр асар их шимтэй, өргөн уудам газар нутгийг нь л бид өөрийн болгох гэсэн бодлоготой байгаа учраас тэр хүмүүст рашаан болохгүй зүйлийг эрж хайх тухай ярьж байна. Энэ бол их ирээдүйтэй, нарийн ажил шүү. Үүнийг та нар сайн ойлгох ёстой гэлээ.
Ван овогт ах дүү хоёрт энэ үг тун ч амттай санагдсан бололтой.
Монголчуудын хоорондын эв нэгдлийг бутарган эвдэхэд “Та нар гар зангидан биедээ мэс гаргаад тэмцэлд” гэж бид уриалах арга байхгүй. Үүнийг тун нарийн, маш далдуур хийх ёстой биз. Тэгээд яаж хийх вэ хэмээн асуулаа.
Ли дарга энэ асуултыг гойд сайшааж үзэв бололтой инээж:
Энэ их зөв санаа шүү. Би та нарт ярих гэж бодож байсан. Одоо Монгол газарт олон янзын нам байгуулах янзтай байна гэсэн мэдээг би авсан. Тэр намууд нь хоорондоо засгийн эрх, бусад бүх юмаа булаацалдах санаагаар их өрсөлдөх байдалтай байгаа гэнэ. Энэ бол бидэнд сайн хэрэг. Тэгэхээр манай бодол санааг зөвшөөрөн дэмждэг, манай цусан төрлийн юм уу, тийм бодол санаатай хүмүүсийг тэр шинэ намуудын дотор оруулан, тэд нараар уг өрсөлдөөнийг нь улам идэвхижүүлэн хурцатгахыг бид чармайх учиртай болоод байна. Тэгвэл тэд хоорондоо эвлэрэшгүй тэмцэлдэж нэг нь нөгөөгөөсөө илүү “мэргэн цэцэн” ухаан гаргаж байгаа янзаар тэмцэлдээд нэгдсэн санаагаа алдана. Эн бол их хожоотой шүү. Тэр намуудын хүмүүсийг хооронд нь хонь, чоно адил болтол нь тэмцэлдүүлэх ёстой. Монголчууд хоорондын тэмцэл хямралаасаа болж л балардаг явдлыг бид мартаж огт болохгүй. Тэгээд ер нь Улаанбаатарт ч юм уу, Дарханд ч ялгаагүй, хоёр монгол хүн хэрэлдэж байхад та нар аль дийлэгдэж байгаагий нь өмгөөлөн хамгаалах маяг үзүүлж зоригжуулаад, тэр зодооныг нь хөөргөн хурцатгасан дороо өөрөө сэмхэн зайлаад холдож орхих жишээгээр ажиллах ёстой хэмээн ярив.
Бид чухам ямар хүмүүсийг нь дотночилон үзэж ойр байвал илүү ашигтай вэ гэсэн өөр нэг асуулт гарахад Ли овогт бодолхийлснээ:
Энэ ч бараг хэн бүхний мэдэх зүйл л дээ. Монголд олон янзын хүн байгаа. Тэдгээрийн дотроос Ар газрыг миний төрөлх орон гэж хайрлаж үздэггүй, түүнээс илүү амин хувиа хичээдэг, гаднаас хөл хэрэн орж ирсэн цагаачид, түүний үр хүүхдүүд нь л бидэнд хань болно. Та нарын гол түших хүмүүс бол манай хятад цусыг судсаараа гүйлгэж яваа эр, эм хүмүүс шүү. Хятад монголын эрлийз хүн Монгол газарт 500 шахам мянга бий гэж нэг тоо байгаа. Тэгэхээр бидэнд хань болох амьтад тэнд олон байж таарч байна. Элдэв цуурхал, худал үнэн түгшүүр төрүүлсэн үг олж тараан, монголчуудын санаа сэтгэлийг цаг ямагт түгшин зовж байхаар болговол тэд төр засагтаа дургүй болно шүү гэж сайхи дарга бас хэллээ. Эцэст нь Ли овогтоос эрхэм болгож өгүүлэхдээ “Монголчууд бие биенээ барьж идэж байдаг зэрлэг араатны санааг тэдэнд шингээж чадвал манай бодлого бүрэн биелэх болно” гэж онцлон хэлэв.
Хэдэн цаг үргэлжилсэн тэр ярианы дараа хурсан хүмүүсийн өмнө савх, хутга тавигдаж, том царанд суулгасан Бээжин нугасны шарж чанасан гоц сайхан амттай мах ирлээ. Ли овогт улам элэгсэг зантай болж, “Хоол ид. Сайн архи балга” гэж өгөөмөр зангаар хандан хоол руу гар сунгалаа. Бүгд нугасны мах амтархан, миглүү хундгалаж, хүслийн дээдээ хангаж байгаа янзтай болов.
За, итгэлт нөхөд минь. Та нарын түшиц газар, гэр чинь энэ их Хятад орон шүү. Манай Хятад орон бол хэн ч, яаж ч оролдоод дийлдэшгүй бат цайз. Нэгэн тэрбум илүү хүнтэй, аугаа их улс. Бид ямар азаар энэ орны иргэн болж төрөв өө гэж өөртөө бахархан баясах ёстой. Үүнийг та нар битгий мартаарай хэмээн захиж хэд дахин хундага өргөж байв.
Сайхи дарга ах дүү Ван овогтод хандаж хэлэхдээ:
Та хоёр одоо энд удаан байх хэрэггүй. Бас та хоёр тэр Ар газарт бие биеэ танихгүй юм шиг холхон байх хэрэгтэй. Тэнд төрхөмсөж нэг нь нөгөө рүүгээ гүйх хэрэггүй. Энэ Бээжинд ирж уулзаж бай. Би та нарыг гурван жил болоод энд ирүүлж уулзуулна гэж хэлэв.
Тэрээр бас Ван овогт Сүгсээгийн Бээжин хадгаламжид байгаа мөнгө нэлээд арвижиж нэг мянга их гаруй болсон байгаа. Түүнээсээ одоо аваад яах юм бэ? Хятад хүн мөнгийг яаж хадгалдаг билээ. Чи түүн шиг хадгалж бай. Дүү Ван овогт ахаасаа илүү мөнгөтөй болохын тулд ажиллах биз. Манай байгууллага хэн хичнээн чухал мэдээ ирүүлнэ, түүний нь хэмжээгээр санхүүжүүлдэг журамтай. Тэр бол Засгийн газрын мөнгө биш шүү. Бид хэдэн том Бээжин пүүсний мөнгөөр арвижин байгаа тагнуулын хэрэгт зарах баян сантай ... гэж өөрийнхөө ажлыг улам эрчимжүүлэх гэсэн хандлагатай үг хэлж, уулзалтыг хаав бололтой. Үүгээр тэдний цугларалт дуусав.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 12-р)

Хүлээгдээгүй байсан учрал

Ван овогт эцгийгээ нүд анисанд баярламааргүй байтал урьд өмнө үзэгдээгүй хөөр баяртайгаар Улаанбаатарт эргэж ирсэнд түүний гэрийнхэн, тухайлбал, Пунсал жигтэй гайхаж билээ. Энэ эр Бээжингээс бараг л гуяа ганзгалан ирнэ гэх шиг, гурван хүүхдийнхээ нүдийг хуурах юмгүй шахам гэх үү, атга улаан чавганаас өөр зүйлгүй, яаж хаанаас олоо вэ гэхээр авгайдаа үсний ганц дугуй сам, хүзүүнд зүүдэг хонины хорголын чинээ ээдэмтэй шар хувнаас өөр зүйлгүй гэрийнхээ хаалгыг татсан байна. Арга ч үгүй биз дээ, үхэл зовлон үзэж яваа амьтан. Харин энэ маань юундаа сэтгэл нь хөөрөө вэ гэмээр инээж орж ирсэн нь Пунсалын гайхлыг төрүүлэв.
Тэрээр талийгаач болсон эцэг, одоо амьд мэнд байгаа эхийнхээ төлөө санаа зовсон шинж ер байхгүй, эхнэрийнхээ бэлтгэж чанасан хоолыг үмхлэн, бие нь тавигдаж, санаа нь амрав уу гэмээр модон ханзан дээр тарайж хэвтээд хоёр хоног унтав. Энэ ч аргагүй, замын холд галт тэргэнд шигшигдэн ядраа биз гэлтэй.
Сүгсээ бараг л гэрийн бараа харсан дороо мөнгөний тухай яриа үүсгэн, шилээ маажаад:
Дархан хотод байгаа Төрхүү надад мөнгө ирүүлсэнгүй юу? Хүнийг зовлон үзэж явахад санаа нь зовдоггүй монгол байжээ гэж үглэн байлаа. Үнэндээ байгаа “хамаг” мөнгөөрөө онгоцны тасалбар аваад явсан учир эднийх бараг хоолны мөнгө байхгүй, хэдэн хүүхэд нь мантуу, хуурсан байцаатай хольж идэн хоног өнгөрөөж байгаа шахам билээ. Гэхдээ Пунсал хүүхний ээж аав нь Дамбадаржаагийн дэнж дээр хоёр үнээ саагаад суудаг болохоор юу ч болж байсан өлбөрч талийгаач болохгүй байдалтай аж.
Сүгсээ мөнгө байхгүй, гуйлгачин болох дөхөж байна гэж Пунсалд үглэн хэлж байгаа. Тэр нь огт худлаа болохыг “Сэвэгнүүр” яахан мэдэх билээ. Мань Ван овогтон Монголд ирээд хориод жил болохдоо далдуур хурааж хуримтлуулсан төгрөг нь нэг сая гаруй байгаа. Тэр мөнгөө суудаг байшингийнхаа туурганы шаварт хийж нуусан. Түүнийгээ гурван юманд хэрэглэнэ гээд хэн ч олж харахгүй газарт нуусан. Тухайлбал, тэр мөнгийг өөрөө Ар газраас хөөгдөж туугдвал, нас эцэслэхээрээ, сүнсэндээ хэрэглэнэ гэж байгаа. Сая Бээжинд очиход нь Ли овогтын далд байдаг даргаас “Хятад хүн яаж юмаа хадгалдагийг санаж яв” гэж хэлсэн нь Сүгсээг улам чангаар гараа атгаж явахад нэг санаа нэмж өгсөн байна. Сайхи хүнд түүнээс өөр мөнгө бас бий. Сая Бээжингээс наашаа гарахад Хишигтийн пүүсний данжаад тэнд цугларч “Зөвлөгөөнд” оролцсон дөрвөн хүнтэй уулзаад тус бүрийд тав таван мянган юань тоолж өгөөд, “Энэ мөнгийг нэн чухал эгзэгтэй үе тохиолдвол, Ар газарт холхон явах зайлшгүй хэрэг гарвал, өөрийн зорьж яваа хэрэгт чинь онцгой тус үзүүлэхээр хүнийг талдаа татаж авах хэрэг гарвал, Бээжинд нэн чухал яаралтай мэдээ өгөх хэрэг тохиолдвол зараарай. Мөнгөө монгол эмсийн салтаанд хийчихгүй шүү” гэж их үг хэлж өгсөн байна.
Эдгээрээс гадна одоо авч яасан ч болохгүй боловч сэтгэлээ зогоож цатгалан явахаар их мөнгө тэнд байгаа сургийг Ван овогт сая Бээжингээс мэдэж ирсэн. Юу вэ гэвэл, Ли Панжан нэг удаа Сүгсээтэй ганцаарчилан уулзаад аялаг зан гарган, мөрийг нь алгадаж дотночилж байгаа ааш үзүүлээд:
Ай, чи бол бидний Ар газарт байгаа нэг гол найдлага хүлээсэн түнш. Би чамд эцэг Ван Шисангаас эрхэм хүү чамдаа захиж мэдүүлээрэй гэж надад аминчлан сүүлчийн удаа захиас болгон нэг нэн чухал зүйлийг өнөөдөр дамуулан хэлье гээд өгүүлсэн нь:
Тэртээ 1920 оны намрын сүүл сард Их хүрээнд Орос Барон Унгерн баахан орос, буриад, монгол, солон цэрэгтэй орж ирээд Хятадын гамин цэрэгтэй байлдаан үүсгэхээр бэлтгэж байсан гэсэн түгшүүртэй мэдээг Го жанжин сонсоод, Хүрээнд байгаа бүх хятад пүүсний их данжаад нарт маш нууцаар “Энд дайн дажин үүсэж магадгүй байдалтай болоод байна. Их анхааралтайгаар хятад цэргийн үг-тушаалыг сонсож бай! Эд юм, хөрөнгө зоорио маш далд нууж хадгал. Тэр орос Барон Хүрээнд орж ирвэл юуны өмнө хятад пүүсүүдийг нэгжин дээрэмдэж та нарын мөнгө, юмаар хөлжиж авахыг эрмэлзэн, их үймээн дэгдээх болно шүү. Ийм болохоор мөнгө юмаа бушуу нууж далдал” гэж зарласан байна. Энэ нууц зарлалыг хятад пүүсний данжаад нар сонссон дороо юуны өмнө мөнгөө хотоос гарган хээр аваачиж нуух гэж амь тавин хөдөлсөн гэнэ. Тэгээд манай их хүрээнд байгаа Хишигтийн пүүсний данжаад хотын гадуур сэм явж газар үзээд Хүрээний баруун урд талд байдаг Сонгино уулын өвөр оройд өөртөө байгаа мөнгөө нуухаар шийдэн тэнд газар ухуулж нууц зоорь байгуулах ажил хийжээ. Тэрээр өөрийн хөлсний зарц нар, бас бус хүн олж хөлдүү шахам газарт хоёр алд том нүх ухуулжээ. Тэгээд монгол хөдөөгийн жинчдээс гамин цэргийн булааж авсан тэмээнд дөрвөн хус модон авдартай мөнгө юм ачиж шөнөөр яваад уг газарт хүрч өөрийн пүүсний хүнээр түүнийгээ ухсан нүхэндээ хийж булуулсан байна. Тэр зүйлийн хоёр авдар нь ембүү, дуут хятад янчаан зэрэг цэвэр цагаан мөнгө, нөгөө хоёр авдарт нь шүр сувд, чулуун эдлэл, хаш манан хөөрөг, гаанс зэрэг юм байсан гэнэ. Уг юмыг нууж далдалсан монгол талын хоёр хүнийг эргэж ирэхээр нь хортой архи өгч нүд аниулаад, голын бургаасан дотор аваачиж хаясан аж.
Тэр мөнгө булсан газар нь нэр дурьдагч уулын дундад өндөрлөгийн өвөр энгэр дээр байгаа авдрын чинээ шар алаг ургаа чулуунаас эгц хойшоо 22 алхмын зайтай газарт, дээр нь ердийн хэдэн том чулуу тавьсан газар байгаа. Түүнийгээ энэ пүүсний данжаад хожим нь тайвширахаараа байн байн сэмхэн үзэж байсан боловч 1932 онд яг наашаа туугдан явах үедээ явах цаг тогтоож өгсөн учир түүнийгээ очиж авч чадаагүй, дараа эргэж ирэхээрээ авна гээд үлдээсэн байна. Тэр газар дээр нь пүүсний данс баригч Ван Шисан авгай маш нууцаар биеэр эргэн очиж байсан удаатай гэнэ. Эцэг чинь “Энэ мөнгө юмыг аваад өөрийн тусгай хэрэгтээ зориулах учиртай шүү” гэж чамд аминчлан хэлж өгөөрөй гэж нас барахаасаа өмнөхөн надад захисан билээ. Одоо чи тэр мөнгийг яаралгүй сайн үзэж олоод, сэм авч манай хэрэгт зарах ёстой боллоо хэмээн хэлжээ.
Ли овогтын тэр хэлсэн үгийг Сүгсээ гүйцэд сайн тогтоож авсан байна. Тэгээд мэдээж энэ хүн тэр мөнгийг авна гэж яаран хормой шууж гүйхгүй, түүнд суурьтайхан хөдөлнө гэж бодож яваа биз ээ. Харин Ван овогт Сүгсээ түүнд сэтгэл ханаж явах учиртай биз ээ. Ийм байдалтай хүн одоо мөнгө байхгүй гэж бухимдсан царай гарган үглэх нь байж болшгүй авир баймаар даа. Гэтэл тэгдэггүй л юм байна.
Сүгсээ Бээжингээс ирээд хоёр хоног гэртээ унтаж орхиод, нэг орой гараад гүйжээ. Түүнийг хаашаа явж байгааг Пунсал мэдэхгүй. Ер нь юманд явахдаа зүг чигээ авгайдаа хэлнэ гэж Сүгсээд байдаггүй билээ.
Ван овогттой 20-иод жилийн өмнө Бээжингээс хамт Монголд ажиллана гэж ирсэн Лю Жимин хятад ажилчдыг бөөнөөр нь нутаг буцахад үнэнхүү өвчтөй, мухар олгойгоо авахуулаад монгол эмнэлэгт хэвтэж байгаад хоцорсон аж. Толгой халзан, нүд бөлцөн, хамар унжуу, ясархаг том туранхай биетэй энэ хятад хүний мухар олгой нь дотроо хагараад, буглан идээлэхэд хүрч нүд анидагийн даваан дээр тулаад эмнэлэгт ирэхэд монгол эмч нар дор нь хэвтүүлж, дэргэдээс нь салахгүй оролдсоор байгаад амийг нь аварч чадсан байна. Түүнд Лю овогт хүн ихэд баярлан “Би Монголоос явахгүй” гэж андгайлах шахам хэлээд, биеэ тэнхрүүлэн Улаанбаатарын авто засварын үйлдвэрт засварчнаар ажиллаад удсан аж. Тэрээр уг нь Тяньзин хотын зах, Шар тэнгисийн эрэгт төрсөн, цэвэр хятад цусны хүн. Лю овогт хөлс шавхан үнэнчээр зүтгэн ажиллаж байгаа учир Монголын Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор удаа дараа шагнуулсан, үнэнч шударга ажилчин аж. Тэрээр монгол авгай авч, сангийн орон сууцанд суун, гурван хүүхдийн эцэг болсон байна.
Энэ хүний байдлыг Сүгсээ сайн мэддэг төдийгүй, ажилчид буцахад хамт үлдсэн гэж тал өгөн, байн байн уулзаж Хятад орны талаар ярилцдаг, бас ч хааяахан бие биенийхээ гэрээр орж будаа идэн шар айраг уудаг байв. Энэ байдал нь хэн хэндээ таалалтай санагдана.
Ван овогт Бээжингээс ирээд дав даруйд Лю овогттой уулзахаар тэдний рүү явж гэрт нь ороод, аялаг зангаар нэлээд ярихдаа Сүгсээ дотроо түүнд дээрэлхэн гайхуулах санаа өвөрлөн, аавыгаа нас баруулсан нь харам боловч нийслэл хотод тун аятайхан байлаа. Сайн санаатай хүмүүстэй уулзан, сэтгэл ханатлаа ярилцлаа гэж хөөрүү зангаар ярьсан байна. Ван овогт Лю овогтыг өөрийн хэрэгт элсүүлэн авбал Монголын талд ихэд үнэлэгдэн, бүр одонгоор шагнагдаж байсан болохоор итгэгдэн, дээдчүүдийн талаар чухал мэдээ олж чадах хүн гэж бодож байв. Энэ санаандаа сайхи хүн хөтлөгдөн Бээжинд их чухал хүнтэй уулзан, түүнээс Монголыг олон янзын нарийн аргаар өөртөө нэгтгэж авах бодлогоо эрчимжүүлэхэд чиглэсэн сонин үг сонслоо. Миний сэтгэл их уужим болсон хэмээн гайхуулахдаа ”Монголчуудын хамгийн эмзэг зүйлийг олох хэрэгтэй. Тэдний хоорондын эв нэгдлийг эвдэн бутаргах, санаа сэтгэлийг нь цаг үргэлжид түгшүүлж байх, өөрсдөд нь итгэхгүй болгох”, “Архи, хар тамхинд өргөн олноор нь их шуналтай болгох” нь бидний дав даруйд хийх ажил мөн гэж үзэж байна гэсэн зүйлийг тоймлон уг утгаар нь бүрхэгдүүлэн яриад, өөрөө ихэд итгэл өвөрлөж ирснээ илэрхийлэн:
Өдгөө Хятад орон адил дэгжин дээшилж байгаа газар алга. Манай хятад тун ч өөдрөг, хүчирхэг болж байна. Бидний найдвар өмнө зүгт байна гэж бардам гайхуулангуй ярьлаа. Гэтэл Лю Жимин Ван овогтын энэ үгийг төдийлөн тоож итгэсэнгүй байдалтай гэх үү, шүүрс алдан сонирхохгүй, харин “Бид ийм юманд сэтгэл тавьж гүйхийн хэрэггүй. Энэ бол аж төрөх байдал, хийж бүтээх ажилд санаа самгардуулах саад болно” гэх маягийн юм хариу хэлээд, тоомсоргүй царай гарган:
“Олон санаат оргож буцдаггүй” гэж Монголын нэг үнэн үг байдаг хэмээн хэнэггүй хэлж суув. Үүнд Ван овогтын санаа гутан, ихэд зэвүүцэж тэднийхээс гараад явсан байна. Чингэхдээ Сүгсээ бүр зэвүүцэн “Энэ муу халзан илжиг бүлцэн нүдээ бүлтэгнүүлэн, их гүрний ухаантан хүмүүсийн санаа бодлоос уравсан шинжийн юм хэлж суухдаа огт зовсон шинжгүй байна. Чи Монголоос паалантай эрээн төмөр авч энгэр дээрээ зүүж орхиод, түүндээ хууртан бүр бидний бодол санаанд харш үзлээр намайг хордуулах санаатай байх шив. Чи тэгэж л бай” хэмээн Лю овогтыг занасан байна. “Би Хятад орон минь гэх ариун санаа өвөрлөн, урваж шарвахыг үл мэдэх тэсвэр хатуу сэтгэлийн охь болсон, цэвэр хятад цусаар зүрхээ тэжээж яваа гэж итгэж явсан минь алдаа болжээ. Чиний сайн сайхнаа үзэх хувь тавилан чинь дутаа биз. Чи өөрөө өөрийгөө хөнөөж байгаа чинь энэ” хэмээн Ван овогт бодон тэднийхээс гарчээ.
Сайхи хүн Дархан хот руу явж засварын ажилд оролцон хөлс мөнгөө гүйцээж авахаар бэлтгэж байгаад, маргааш орой нь Долоон буудалд байрласан танил хятадуудтайгаа уулзахаар тийшээ зүглэв. Тэрээр автобусанд хэнэггүй царайтай, гэгээвчээр нь гадагш харан зугаатай явж байлаа. Тэгтэл нь Сэлбийн голын адгийн хөвөөний ногоо тарьдаг талбайн захаар Лю Жимин модны үйлдвэрт ажиллаж байсан “дэгжин” Балжинтай хамт тун ч найрсаг байдалтай гэх үү, арай л хөтлөлцөн залгалдалгүй зэрэгцэн алхаж, хоорондоо ямар нэгэн сонин зүйл аминчлан ярилцаж байгаа янзтай бие биедээ наалдан алхаж яваа харагдав. Сүгсээ тэднийг харсан дороо ёстой л эвэртэй туулай үзэв гэгчээр нүдээ сэргээж харж явснаа, зуур замд яаран тэрэгнээс бууж, айлын хашааны ёроол даган биеэ далдалсхийж нөгөө хоёр хүнийг хаачихыг ажиж эхлэлээ. Сайхи хоёр гол өгсөн хоёулхнаа бүр дээшээ яваад өгөв.
За байз, юу билээ гэж Сүгсээ бодож байдлыг эргэцүүлбэл, нэг сонирхолтой зүйл санаанд нь орж ирсэн нь: Өнгөрсөн жил Балжин хүүхэн гарцаагүй далдын туршуул бололтой нэг хар хүнтэй хамт, үдшийн бүрийгээр түүнийг нэлээд дагаж ажсан. Тэгэхэд тэд юу эрж явааг мэдэхгүй, зүгээр тэгэж бусдыг сонирхон дагах ёсгүй. Тэр явдлын дараахан нь Ван овогтын нэг гоц танил холимог цусны нөхрөөс “Энэ голын бургас шиг нарийхан биетэй сувай хүүхэн бол гарцаагүй Монголын туршуул шүү. Чи түүнээс сэрэмжилж яваарай! Энэ эм хятад айлууд байдаг байр гудамж, зах зээлийн газраар дагнан явж биднийг ажиж байдаг юм. Тэр хүүхэн хятад хазгай муруй хэдэн үгээр бидэнтэй ярих гэж их оролддог ...” гэж хэлсэн зүйл нь сайхи хүний санаанд нь орж ирлээ. Ингээд бодоход Лю овогт хятад өчигдөр надаас сонссон зүйлээ энэ ганган эмээр дамжуулан Монголын зохих албаны хүмүүст мэдэгдэж байгаагаас эс зайллаа гэсэн юм бодогдон “Би л алдаа хийж Бээжинд болсон явдлыг Лю овогтонд хэлж дээ. Тэр урвамал этгээд энд байгаа хятад хүмүүс Монголыг хүй тэмтрэх санаа агуулж байна гэж эдний ноёдын сонорт хүргэхээр яаран бачимдаж яваа биз. Энэ тахир эм Лю овогтны нэг найз нь юм байна. Энэ хоёр одоо миний Бээжингээс мэдэж ирсэн зүйлээс өөр юуг л ингэж аминчлан, бүр хээр гадаа хоёулхнаа ярилцах вэ? Эд ямар янаг амрагийн зүйл хэлэлцэв гэж. Эдний нас ч тэгэж шалиглаж явахаасаа өнгөрсөн” гэж бодсон байна. Сүгсээ тэгэж айлын хашааны эзэнгүй ёроолоор баахан гайхширч алхахдаа “Одоо яах вэ?” гэж өөрөөсөө асуулаа. Тэгэхэд “Эднийг нэн даруй амаар нь газар үмхүүл” гэсэн хатуу хариу гарч ирж санаагий нь шулуутгалаа. Ингэх хүн ч сайхи хужаад бий билээ.
Ван овогт Долоон буудлаар таних мэдэх айлаараа орж, явсан, ирснээ сонин болгон ярьж явах далимдаа өөрийн шигшигдсэн найз хоёр нөхөртөө “Цаг алдалгүй Лю овогт хужаа, Балжин хүүхэн хоёрыг маш сэмээр далд хийж, нууцаа хамгаалах ёстой боллоо. Энэ нь та нарт ч зугаатай шүү. Би маргааш хүмүүст илээр Дархан хот руу явна. Та нар тэр аминд тулсан хэргийг гүйцээж аль” хэмээн захин, Бээжингээс өөрт нь өгсөн мөнгөнөөс хоёр хоёр мянган юань тэр итгэлт хүмүүстээ өгнө гэж амлажээ.
Энэ хэргийг тун далдуур, маш нууцаар хийж, өөрсдөө биеэ айхавтар нуух ёстой. Мөрөө буруулахдаа гэнэ алдав гэж Ван овогт тэр хоёрт анхааруулсан байна.
Ийм нэг явдлыг Сүгсээ зохион байгуулж амжаад Дархан хот руу бараг л олонд зарлах шахан, жижиг хөрөөгөө даавуугаар ороож бариад явсан ажээ. Түүний ингэж явсныг хамар хашааны хүмүүс мэдсэн байна. Энэ нь уг хэрэг манарахад Ван овогт Улаанбаатар хотод байгаагүй гэж нотлох үндсийг бий болгосон байлаа. Энэ бол хашир хүний шалгарсан арга билээ.
Шархүүг өглөө ажилдаа очоод мэдээ боловсруулан сууж байтал дэд хурандаа Соном өөр дээрээ ороод ир гэж дуудлаа. Тэд бие биеийнхээ занг мэдэхтэй болсон нь мэдээж. Дэд хурандаа царайгаа шаргалтуулан, жаахан ядарсан юм уу, аль ямар нэг хэрэгт тэвдүүхэн байгаа юм уу гэмээр байв. Соном Шархүүг дэргэдээ суулгаж байгаад хэлсэн нь:
Чи одоо яваад Дамбадаржаагийн автобусны эцсийн буудал дээр хүрээд оч. Тэнд Балжин гэдэг шар царайтай хүүхэн зогсож байгаа. Чи түүнийг танина даа. Түүний уг нэр нь Балжин биш Банзар юм шүү. Чи тэр хүүхэнтэй зогсоол дээр битгий юм ярилцаарай. Бие биеэ харж дохио авалцаад цаашаа Сэлбийн зүүн салаагаа өгсөж нэлээд яваад хээр гарсан хойноо учраа ярих биз. Чи түүний хэлэх зүйлийг сайн мэдээд ир. Уг нь би түүнтэй биеэрээ уулзвал зохих байсан боловч болохгүй байна. За яв. Би чамайг очно гэж тэр хүүхэнд утсаар хэлсэн гэж тушаал болгон хэллээ.
Шархүү гайхшран нөгөө намайг сорих царай гаргаад байсан, миний танил “ганган” хочтой Балжин маань манай хүн гэж үү? Тэгнээ тэр, нэг л хачин ганган байдаг хэмээн бодсоор Соном даргын заасан газарт яаран очлоо. Тэнд унаа тэрэг хүлээсэн хүмүүс нэлээд хэд байв. Банзар хүүхэн Шархүүг тэрэгнээс буугаад ирэхэд холхоноос таньж мэдээд, түүнд биеэ үзүүлсэн дороо цаашаа ганцаараа алхаж гарах нь тэр. Шархүү ч түүнийг дагаад хэдэн алхам зай барин явсаар өргөн шар хоолойг өгсөн нэлээд яваад хойт талын нарлаг уул өөд авиран алхлаа. Тэд нүдэн бараатай явсаар нэлээн дээр гарч, хэдэн бараан чулуун дотор орсон дороо тэнд инээж уулзан суулаа. Эхлээд:
Өө, чи юм уу? Тэгнээ тэр, намайг их сонжиж байсан.
Чи ч намайг элдэвт хардаад хужаа хүүхэн болгох гээд ядаад байсан гэж учир битүүлэг үгээр тоглоом ч юм шиг биш, юу ч биш зүйл ярьж бие биенээ сая лавтай таньж байгаа шиг хөгжилдсөн байдлаар хэсэг зуур байв.
Чи ч энэ чулуун дотор янз бүрийн хүнтэй нэлээд ирж суусан биз дээ гэж сайхи эр бүсгүйгээр дооглох байдлаар бас хэлж инээвэл, Балжин энэ үгний учрыг мэдэв бололтой инээж, жижиг чулуу авч хархүүгийн нүүр өөд нь шидээд:
Чи биш дээ, би. Хүүхнүүдийг дагуулан хотын захаар зугаацаж явдгаараа чи л энд олон ирээ биз. Аягүй бол чи энд ямар нэг эмэгтэйн хувцсыг урж тайчиж явсан даа гэж бүр хэтэрсэн тоглоомын үгээр дайрч дооглолоо. Ингэж тэд уулзан, амар мэндээ сая асууж, бие биеэ гайхширсан үгээр ширтэлцэв. Балжин царай нь жаахан борлоод, нүд нь сэргэлэн гялалзан аятайхан харагдаж “Завтай болоод морьтой сон бол” гэгчээр Шархүүгийн нүд сэтгэлийг булааж байв.
Тэд хээрийн шингэн агаарт бөөр нийлүүлэн суугаад албаны чухал яриандаа орлоо. Түүний үгийг тэмдэглэж авах гэж Шархүү халааснаасаа цаас үзэг гаргавал бүсгүй түүнийг нь байг гэж хориглон, эгцлэн харж байгаад:
Зарим өмнө зүгийн хүмүүс бидэнд буруу санасан хэвээрээ байна. Энэ бол бараг ужгирсан хэрэг л дээ. Одоо тэд “Монголчуудын хоорондын эв нэгдлийг эвдэхэд гол анхаарлаа чиглүүл. Тэд бие биенээсээ илүү том байх гэж их өрсөлдөн, эвдрэхдээ амархан” гэж Бээжинд морилж байдаг ноёд нь энд байгаа туршуулууддаа заавар зарлиг буулгаж байгаа гэнэ. За монгол хүнийг хороож алга болгох аргуудыг олон салаа замаар идэвхжүүлэн эндээс явуул гэж тэндээс зааж тушаан, тэр ёсоор энд байгаа туршуулууд нь ажиллах болж байгаа юм байна. Энэ тухай би Лю овогт хужаагаас сая мэдээ аваад түүнийг та нарт яаралтай хүргэх гэж санасан учиртай ... хэмээн хүүрнэж гарав.
Ойр хавьд нь хүн амьтан алгаа. Балжин хүүхэн байн байн ийш тийшээ харан сэрэмжлэх нь хашир хүний шинж аж. Шархүү энэ хүүхний дэргэд байхдаа “Чи манай хүн байсан нь ямар сонин бэ? Тэгээд зориуд их маягладаг байж шүү. Энэ бас намайг хачирхалтайгаар сорьж сонжоод байсан” гэж бодохоос сэтгэлд нь үнэмшилгүй, гайхалтай санагдаж байв. Тэгээд би яагаад энэ хүүхэнтэй дотно танил болж үүнд сэтгэлээ өгч байсан нь ямар сонин бэ? Би Цэрмаатайгаа Агьтын хөндийд очиж танилцаагүй бол энэ хүүхнийг ижил хань минь болооч гэж гуйх л байсан биз хэмээн бодож байхдаа хятадуудын энэ явуулга нь хөдөөд босгосон тэр хүн чулууны өвөрт нандигнан хадгалуулсан бодлогын үзэл санаа. Тэр бодлогоо биелүүлэх гэсэн ээлжит ажил нь үргэлжлэн явагдаж байгаа нь энэ гэж бас бодож байлаа. Тэгээд энэ бол гарцаагүй явагдах хэрэг гэж Шархүү аман дотроо шивэгнэв. Яриа удаан үргэлжилсэнгүй. Эндээс явахыг завдахад:
Энэ бүх үгийг Лю овогт нөхөр надад өчигдөр ярьсан юм. Харин түүнд үүнийг хэн хэлснийгээ надад хэлээгүй. Би ч асууж амжсангүй. Бидэнд хандаж байгаа тэр хүн чухам ямар туршуулуудын бодлогыг өөрт нь хэн хэлсэн, түүнийг зохион бүтээсэн эзэн нь хэн болохыг надад огт дурсаагүй. Бодвол өмнө зүгийн далд этгээд л байгаа биз. Лю овогт хүн нэг нутгийнхаа хүний нэрийг гаргахаасаа түдгэлзээ юм уу, аль дараа уулзахаараа хэлнэ гэж бодсон ч байж мэднэ гэж Балжин нэмж тайлбарлан хэллээ.
Шархүү түүнд гайхсангүй.
Лю та хоёр дахиж уулзана гэж хэлэлцсэн юм уу гэж асуувал бүсгүй:
Тийм. Бид хоёр нөгөөдөр уулзана гэж тохирсон юм гэлээ. Сайхи эр дооглонгуйгаар инээж:
Та хоёр дандаа тохиролцож байдаг юм биз дээ гэвэл, Балжин бас энэ үгний далд утгыг мэдсэн янзаар инээн сэргэлэн хурц нүдээ хөдөлгөж:
Чи юм бүхнийг доод эрхтэндээ захируулан ойлгодог юм аа. Лю овогт бид хоёрт эр эмийн харилцаа байгаагүй. Чин үнэнийг хэлэхэд тэр хятад надаас бэлгийн явдал гуйж байсан удаатай. Би тэгэж хошуу цорвойсон бүхэнд биеэ тавьж өгдөг завхуул эм биш шүү. Чи харин намайг нэг гэнэдүүлсэн удаатай. Би тэр явдалд нэг их харамсдаггүй. Яагаад тэр билээ гэдгээ ч мэддэггүй явдаг мангуу толгой доо, би гэж хэлээд инээлээ. Энэ хоёрын яриа үүгээр дуусаж, газрын нам руу буугаад, хоорондоо зай барин цуварч, зөөврийн тэрэгний зогсоол руу тайван царайтай алхжээ.

Хүний амь хөзөр даалуу биш

Шархүү ууланд чулуун дотор байхдаа Банзарын гарыг атган зогсож байгаад:
Чи гайхаж ханашгүй сэргэлэн, золбоолог бүсгүй байна. Би чамд дээдийн талархалаар сэтгэлийн таашаалаа илэрхийлье гэж хэлээд
Би чамайг ийм итгэл өвөрлөсөн хүүхэн гэж даанч бодоогүй явсан минь миний эндэгдэл байжээ гэж өгүүлээд салан одсон нь эмэгтэйн санааг ихэд хөгжөөжээ. Тэгээд бүсгүй гэртээ ирсэн дороо “Би улс орноо дээдлэн хүндэлж явдаг бусад сайхан хүний таашаалыг хүлээж байгаа боловч бас мөчиг ухаантай байна. Яагаад Лю овогтоос уг хэргийн эзнийг асуусангүй вэ? Би зэвүүн муу үг сонсоод сэтгэл өвдөж дотор бачуудсанаас болж тэр хужаатай дутуу ярьсан байна. Маргааш явж заавал түүнтэй уулзана” хэмээн өөрөө өөртөө хэлсэн аж.
Балжин гэртээ хөгшин эхтэйгээ, төрүүлсэн ганц охинтойгоо Дамбадаржаад айлын жижиг байшинд амьдран сууж байгаа. Түүний эр нөхөр хэдэн жилийн өмнө олзонд шунаад хөдөө гарч худалдаа хийнэ гээд бүр яваад өгсөн. Амьдралаа холбоё гэж хоёр ч хүн түүн дээр ирсэн боловч Банзар тэдэнд зохистой хариу өгөлгүй явуулсан. Энэ далд албаны ажилд арваад жилийн өмнө орсон, байн байн чухалчлах агуулгатай мэдээг Соном даргад өгдөг, төрөлхийн аливаад гярхай нүдтэй, зэгсэн сэргэлэн бүсгүй ажээ.
Тэрээр бүр залуудаа элдэв зугаа цэнгэлд оролцон, зарим залуустай гадуур гүйдэг нь хэнд ч нууц биш билээ. Үнэндээ ч савсаг зантай залуус энэ бүсгүйг хараад зүгээр дагаад явахын аргагүй тунгалаг царайтай, бие балдир нь ч гоолиг, ааш зан нь булга халиу л байлаа. Тэгээд Банзар залуугийн жаргалыг эдлэж цалгиж явсан нь үнэнтэй билээ. Ийм нэг бүсгүйг зохих албаны хүмүүс өөртөө тус болж чадах эмэгтэй гэж үзээд далд албандаа оруулсан байна. Балжин тэр албыг нь хөсөрдүүлээгүй явааг зохих хүмүүс мэддэг, итгэдэг. Тэр итгэлийг нь энэ бүсгүй хугалж нугалаагүй ажээ.
Банзар энэ өглөө эрт босож ундаа уусны дараа хотын төв орж 7-р анги төгсөж байгаа охиндоо таарах гутал олж авах, тэндээсээ Долоон буудал юм уу, засварын газарт очиж Лю овогт наймаатай уулзан, өөрт нь өгсөн мэдээний цаад эзнийг асууж мэдэх, түүнийгээ эргээд Шархүүд хэлж өгөх санаа өвөрлөн гэрээсээ гарч гүйсэн байна. Сайхи эмэгтэй шууд явсаар Авто машины засварын газарт очиж Лю овогт хужааг сураглахад тэр засварчин даргынхаа тушаалаар өөр газарт очиж тэрэг үзэн зөвлөгөө өгөхөөр явсан, оройхон ирэх ёстой гэж байгууллагын жижүүр хэлжээ. Тэрээр эргэж Улсын их дэлгүүрт ирж бараа үзэж явтал нь хуучин танил Шагдар гэдэг эр дайралдан найрсаг ёсоор уулзаад, ээлжийн амралтаа авсан. Тэр жилийнхээ адил хоёулаа хамт Сонгинын амралтанд очиж амаръя гэж санал гарган найрсаж дагалаа. Түүнээс Банзар татгалзахад хэцүү байв. Учир нь Банзар Шагдараас нэлээд түрүүн мөнгө зээлдэн авч байсан, тэр жил мөн Сонгинын амралтанд хамт байж хөзөр тоглон, голын хөвөөгөөр зугаацаж үлэмж дотно болсон, одоо ч хааяа дайралдвал найзархан уулздаг, түүнээс заримдаа чухалд үзэх мэдээг санаандгүй янзаар сонсдог билээ.
Шагдар цайлган цагаан зан гаргаж элдэвлэн ярих дуртай, өмнөд талын орны явдлыг зэгсэн сурвалжилсан байдлаар мэдэж байдаг, тэр зүгийн цусны хольцтой хүн. Банзар мөнгөний хэрэгцээ гарахаар түүн дээр хоёр ч удаа очиж “амь тариа” хийлгэж байсан. Тэр хоёрын энэ байдлыг нөгөө талын туршуулууд сайн мэдэж байгааг энэ бүсгүй яахан тааварлаж мэдэх билээ. Түүгээр ч зогсохгүй Ван овогт Сүгсээгийн гарын зарц энэ эмийг түргэн далд оруулах даалгавар аваад яаран гүйж Балжингийн танил Шагдартай уулзан учрыг нарийвчлан хэлээд бэлтгэл хийлгэн уг хэрэгт шамдан оруулсан байв. Энэ явдлыг Балжин хэмээх Банзар яахан мэдэх билээ. Ийм хүнтэй бүсгүй маань болзоотой юм шиг Их дэлгүүрт уулзсан аж.
Чухам өөрийг нь хэн яаж эрэл сурал болон хайж явааг энэ хүүхэн бас мэдэх аргагүй байв. Цаанаа ийм утга учиртай уулзалт Их дэлгүүрийн гутлын тасагт болж, сайхи хүн дуу алдан:
Ямар сонин таатай хэрэг вэ? Чи минь сайн л байгаа биз дээ хэмээн аманд нь орчих шахан элдэвлэж гарах нь тэр ээ. Тэд бие биеэ таалан учирлаа. Банзар энэ хүний чухам уг гарал, хаанахын ямар ажилтай хүн болохыг хараахан судалж мэдээгүй, амралтын дууль дотроос наргиан дунд, тухайн цагийн хөгжөөнт сэтгэлээр анхлан танилцсан хэрэг.
Шагдар бол Их хүрээнд байсан олон хятад пүүснүүдээс элдэв төрлийн барааг авч Зүүн Хараад аваачиж худалддаг байсан Хар сахалт (монголчууд Билэгт гэж нэрлэдэг) наймааны ач хүү, гарын бэл зэгсэнтэй эр ээ.
Бөгтөрдүү өндөр нуруутай, босоо халимагтай, орсгой том шүдээ гарган бусадтай наргиж явдаг энэ эрийн үг нь шогч, наргиантай боловч дотроо чухам юу санаж явдгийг тэр болгон хүмүүс мэдэх аргагүй. Энэ хүн өнгөрсөн өдөр эрхэм андаасаа нэгэн чухал захиалга аваад, биеэ бэлтгэн зохих “эм” биедээ хийж хоноод, өглөө эртлэн босож Банзарын суудаг хашааны үүдийг хоёр дахин эргэж үзсэнээ биеэ далдлан, өөр нэг хашааны буланд орж отолт хийсэн байна. Сайхи хүн бүсгүйг гэрээсээ гараад ирэхээр түүнийг хаашаа юунд явахыг ажиглан дагаад цувраа автобусанд орж суун хотын төд ирээд, бас бүсгүйг засварын үйлдвэр лүү явахад нь араас нь дагаж анан явсаар ийнхүү Их дэлгүүрт орж ирж сая уулзаж байгаа жүжиг тоглон, түүнтэй учирсан аж. Тэгээд шагдар Банзарыг үзсэн дороо урдаас нь очиж арай л тэврэн авч үнсэлгүй “хөөр хөгжөөн” болгон инээж таалаад:
Би ээлжийн амралтаа аваад урьдын адил чамтай л хамт зугаатайхан өнгөрөөхсөн гэж хүсээд, чамайг олох гэж бүр сэтгэл хөөрөн гүйж явна. За санаа амарлаа. “Төөрч төөрч төрөл дээрээ” гэдэг болж байх шив. Хоёулаа амралтанд явъя. Хэд хоног аятайхан зугаацаж тархи толгойгоо амраагаад ирье. Чи охиноо дагуулаад явсан ч болно. Би чиний хамаг зардлыг даая гэж Шагдар аманд нь орчих шахан гувшиж, түүнийг одоо “Баянгол” зоогийн газарт орж хоол идье гэж урилаа. Балжин өглөө сайн цай ууж чадалгүй гэрээсээ гарсан, өдөр нэлээд тэнэж орхисон зэргээс шалтгаалан Шагдарын энэ урилгыг цааш түлхэх аргагүй болж, түүнийг дагаад зоогийн газар луу явсан байна.
Уужим цэлгэр тасалгаанд цэвэр цэмцгэр ширээний ард суухад бүсгүйн сэтгэлд нийлэмжтэй байгааг өгүүлэх юун. Сайхан хоолны үнэр түүний ходоодыг баясгаж байв. Шагдар ширээнд суусан дороо хугас шил цагаан дарс, зууш, халуун хоол захиалж, инээн баяссан царайгаар бүсгүйд хандан аль чихэнд тааламжтай үг урсган хөгжөөж эхлэв. Тэд амтат ундаа ууж, ходоодоо зэгсэн халааж суугаад Шагдар босож “00” өрөө орж эргэж ирээд, цэвэр аятайханыг нь гайхаж:
Хүнгүй сэлүүн байна гэж хэлэх нь бүсгүйг тийшээ очоод ир гэсэн үг байлаа. Банзар ч тэр “урилгыг” нь бас хүлээн авч босоод явахад нь сайхи эр яаран өврөөсөө бэлэн цаасан нунтаг эм гарган бусдын нүдийг манаж байгаад “найз” эмийнхээ сархадтай хундага руу гүвж орхилоо. Тэрээр Банзарыг эргэж ирэхэд нь жаахан ядраа юм уу гэмээр толгойгоо атган ширээ түшээд сууж байв. Энэ жүжиглэлтийг бүсгүй яахан анзаарч мэдэх вэ. Тэд хоолоо идсэн дороо зоогийн газраас гарч зөөврийн тэрэгний зогсоол руу явлаа. Тэд аль аль нь нэлээд халсан янзтай.
Шагдар “өрөвчийн” царай гарган Банзарыг “халамжилж”
Гэртээ хариад амарч үз. Маргааш энэ цагт энд уулзъя гээд автобусанд суулгаж өгөв.
Бүсгүйн бие тэргэн дотор эвгүй болж, толгой нь эргэн, гэдэс нь базалж ухаан балартаад Дамбадаржаагийн эцсийн зогсоолд хүрэв үү үгүй юу тэрэгнээс буухаас өөр аргагүй болж гарчээ. Тэрээр зогсоол дээр ухаан балартан унаад, тохиолдсон сайн санаат нэг хүн түргэн дуудуулж эмнэлэг рүү явсан боловч замдаа амьсгаа хураасан байна. Чухам юу болсныг эмч нар ч мэдэх аргагүй, эмэгтэй маань “Шаг..., Шаг...” гэсэн нэг үг шивэгнэж байгаад эцсийн амьсгалаа авч зүйл дууссан ажээ.
Банзарт тохиолдсон энэ эмгэнэлт явдлыг Соном дарга, ахмад Шархүү нар хоёр хоногийн дараа мэдсэн аж. Мэдээжийн тэдэнд хэн юу мэдэж шуурхай мэдээ хүргэх билээ.
Энэ харамсалтай явдлын дараа өөр нэг эмгэнэлт явдал бас гарсан байна. Тухайлбал, Долоон буудлын газарт шавар байшиндаа суудаг, автомашины засварчин Лю Жиминг яг Банзарыг амь алдаж байх тэр үед гэртээ нөмгөн сууж байтал үл таних хоёр хүн айл асууж орж ирээд хаалганы ард байсан түлээний сүх авч, ганц үгний ч солио хийлгүй тархи руу нь хүчтэй цохин тэр дор нь нам алжээ. Энэ үеэр талийгаачийн эхнэр нь сүү авахаар нэг таних айл руу явсан, том хүүхэд нь сургуульд, бага нь хүүхэд саатуулах газарт явсан байжээ. Ийм сиймхийг гаднаас ажиж байсан хүмүүс олоод, уг хэргийг яаран үйлдсэн нь лавтай байна. Лю овогтын авгай бидонтой сүү бариад гэртээ орж ирэхэд өвгөн нь унтлаганыхаа өрөөний үүдэнд толгойноосоо цус асгаруулан хэвтэж байжээ. Түүнийг сэрээх гэж эхнэр нь татаж оролдвол аль хэдүйн амьсгаа хураасан байв. Ингээд тэр айлд хагацлын шуугиан дэгдэж, аймшигтай явдлын мөрийг албаны хүмүүс ирж хайсан боловч сураг ажиг гарах зүйл олдсонгүй. Тэр сайн санаат хятад хүний хэдэн хүүхэд, хань ижил нь болж байсан монгол эмэгтэй хагацалд учрах нь тэр.
Дэд хурандаа Соном, Шархүү нар нэг өдөр, бараг нэг цагт Банзар, засварчин Лю овогт нар нүд анисныг жаахан хожуу олж мэдээд энэ хэрэг зориудын далдын явууллагаар болж байна. Банзар харийн туршуулын гараар хөнөөгдлөө. Энэ гарцаагүй гэж ярилцан, түүнээс ямар дүгнэлт хийх ёстой болж байна вэ гэдгээ бас хэлэлцсэн байна.
Бүх хэрэг тодорхой боловч түүнийг чухам хэн үйлдэв ээ гэдэг нь мэдэгдэхгүй байлаа.
Тийм л дээ. Хорон санаат этгээд яалаа гэж би үүнийг үйлдсэн гээд өөрөө хэлж ирэх вэ? Бид л үүнийг илрүүлэн олох ёстой шүү дээ гэж Соном даргыг хэлэхэд Шархүү бодол болон сууснаа нэгийг санав бололтой духаа маажин, даргыгаа харж:
Миний бодоход энэ хэргийг зохион байгуулсан этгээд ойрхон байгаа. Надад сэжиглэн тааварлаж байгаа этгээд ч байна гэлээ.
За хэн бэ гэж Соном дарга олзуурхан асууж ахмадыг ширтэв.
Тэр үү? Ван овогт Сүгсээ гэдэг наймаа байж магадгүй гэж бодож байна. Тэр хүн бол миний явсан газар болгон нүүсэн айлын буудал шиншилж яваа банхар адил явж байдаг, ямар нэгийг эрэлхийлсэн этгээд. Талийгаач Банзар төлдөр уулзахдаа түүний нэрийг гарган “Энэ олигтой хүн биш. Лю овогтоос шал ондоо хүн” гэж хэлж байсан. Энэ үг цаанаа учиртай байгаа биз. Би ер нь санамсаргүйгээр тэр Сүгсээтэй хэд хэдэн удаа тулгарч уулзсан. Хүнээс дагнан нүүрээ буруулна. Монголоор нэг ч үг ярихгүй. Хаа хэрүүл шуугиан болно, тэнд л бас явж байдаг, арай л хоёр нохой яс булаацалдахад хараад зогсож байдаггүй хүн дээ гэв.
Энэ хүний тухай яриа үүслээ. Энд хамт байгаа хүмүүс янз бүрийн санаа гаргаж ярив.
Тэр этгээд буруу санаатай бол түүнийгээ өөрөө илчлэх гэсэн юм шиг тэгэж будлиан самуун дагаж явахгүй, биеэ аль болохоор нууна шүү дээ.
Олз олохын тулд хаа ч явж болно.
Тийм ээ. Тэр этгээд Бээжинд эцэг нь нас барлаа гээд түрүүхэн яаралтай явсан мэдээ агаарын онгоцоор зорчигчдын бүртгэлд байгаа. Тэр хүн Бээжин явж зохих эзнээсээ даалгавар авсан байж болох учиртай.
Тэр Ван овогт хүн галт тэргээр 5 хоногийн өмнө Бээжингээс Улаанбаатарт ирсэн сураг байгаа.
Өө, бид Сүгсээ гэж нэрээ монголчилсон тэр хүнийг мэдэлгүй яах вэ? Тэр чинь модны үйлдвэрт ажиллаж байгаад цалин бага байна гээд тэндээсээ гарсан. Одоо Төрхүүгийн багт ороод барилгын засвар хийж байгаа. Монгол эхнэртэй, гурван хүүхэдтэй, эхнэр нь бас бие давхар, барилга, модны ур чадвар сайтай гэгдэж байгаа хүн. Бээжингээс ирсэн дороо Дархан хотод ажиллаж байгаа баг дээрээ очихоор явлаа гээ биз дээ. Ер нь бодол санаа нь тодорхой мэдэгддэггүй хүн гэсэн шүү үг хүмүүс хэлэв.
Аа, тэгвэл тэр Ван овогт энэ хэргийг гарахад Улаанбаатарт байгаагүй юм шив дээ. Гэхдээ байлаа ч гэсэн тэр хэргийг өөрөө хийхгүй, түүний гар хөл нь л хөдлөө биз. Гарч байгаа өөр түйвэргэх хэргүүдийг үүсгэн санаачлагчид нь өөрсдөө үйлдэхгүй, биеэ худалдсан этгээдүүд нь хийж байгаа байдал бидэнд тов тодорхой мэдэгдэж байгаа биз дээ. Ер нь тэгэх л ёстой гэсэн яриа тасалгаанд боллоо. Эцэст нь, ямар ч болсон сая хөнөөгдсөн хүмүүсийн гэр орныхонтой уулзаж үгий нь сонсох, Цагдаагийн байгууллагын ажилтнуудтай холбоо тогтоох, тэднийг оршуулахад хэн яаж байх нь вэ гэдгийг ажих хэрэгтэй болж байгааг зөвлөлдөн ярилцлаа.
Нас барагсдыг оршуулахад хөнөөсөн этгээд өөрсдөө яагаад ч бараагаа харуулахгүй. Харин яах вэ, ямар ажиг сэжиг ажиглагдах нь вэ гэдгийг мэдэх санаагаар сайндаа л төлөөнийхөө хүнийг очуулах биз. Тэр очсон хүн нь уйлж унжих зэргээр жүжиглэх болно байх гэсэн үг бас сонсогдож байлаа. Энэ богино зөвлөлгөөний эцэст Банзар агсны эх, охин хоёрт мөнгөн туслалцаа үзүүлэх, цаашдаа тэднийг харж хандаж байх талаар дарга нар бодвол зохистой байна гэсэн санал Шархүү гаргаж хэллээ.
Хэлмэгдэгсдийг хөдөөлүүлэх ажлыг цаад гэмт этгээдийг нь илрүүлэхэд тус болж болох зүйлийг хайх байдлаар бид ажиглая гэж бас шийдсэн байна. Энэ ч ердийн байдаг ажил билээ.
Шархүү Банзар агсныг оршуулах ажилд танил хүний ёсоор очиж байлцав. Үрээ алдсан хөгшин эх, эхээ алдсан сурагч охин хоёрыг харахад тэсэхийн аргагүй эмгэнэлтэй байлаа. Охин нь эхийнхээ толгойг тэврэн наалдаад уйлж цурхирах нь дэндүү өрөвдөлтэйг тоочиж хэлэхийн арга алга. Түүнийг үзсэн хэн боловч харамч нүднээсээ дусал савируулахгүй байхын арга даанч үгүй байлаа. Шархүү албаны хэрэгтээ тус болох зүйл эндээс олж үзээгүй ч гэсэн анхаарал татсан нэг үг сонссон нь: Бүрзгэр хөх царайтай, зузаан уруултай, тэдний танил нь болов уу гэмээр аяс гарган хандаж байгаа идэрхэн насны эр хэнэггүй царай гарган:
Одоо яая гэх вэ. Хүн заавал алга болдог жамтай юм чинь яах ч арга алга. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг биз дээ хэмээн хэд хэд хэлэх нь “Энэ явдал ерийн байдаг зүйл. Үүнд их эмзэглээд байх хэрэггүй” гэсэн санааг тэнд ирсэн цөөн хүнд төрүүлэх гэсэн далдын санаатай болов уу гэмээр байв. Ажиглахад тэр хүн арай ч ердийн халх хүн биш байдалтай нь сонин. Шархүү энэ хүнийг сэтгэлийнхээ мухарт тогтоож авахдаа өөртөө бас нэг ажил тарьж байгаа хэрэг байлаа. Өөр элдэвтэй юм энд ажиглагдсангүй, хэрэг дуусав.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 13-р)
.
Тавдугаар бүлэг
.
Түүхийн сургамжийг эс анзаарвал мөхөл
.
“Санаа заяа хоёр нийлдэггүй
Сахал хөмсөг хоёр нийлдэггүй”
“Санасан бүхнийг дэмий битгий ярь
Сайтар оносон санааг нөхөрт битгий булаалга
”
“Монгол цэцэн үгийн далай”
.
Санасан дуулсан бүхэн үнэн байдаггүй

Шархүү хэлтсийн дарга, дэд хурандаа Сономын баталсан гүйцэтгэх ажлын төлөвлөгөө ёсоор сая гарсан хүн амины хоёр хэргийн учир шалтгаан, тэр явдлыг үйлдсэн этгээдийг олох ажилд гарлаа. Энэ хэрэг шив шинэ байгаа боловч түүнийг олно гэхэд мөр нь даанч далд бүдэг байгаа нь их түвэг учруулах янзтай. Сураглан яваад Банзарыг анхлан үзсэн түргэний эмч Гэ-тэй уулзвал, тэр эмч анхлан ихэд цочирдсон янзаар шүүрс алдан:
Тийм ээ. Би тэр хүүхнийг Дамбадаржаагийн автобусны эцсийн зогсоол дээр унаж орхисон байхад нь яаралтай дуудлага утсаар аваад давхин очиж үзсэн. Идэрхэн насны золбоолог бүсгүй надтай тулгарсан. Ийш тийш нь авч явах цаг зав ч алга. Тэр дор нь сайн санаат хүмүүсийн хэвтүүлсэн гудамжны сандал дээр анхны үзлэг хийж үзвэл зүрх нь дөнгөж цохилж байсан. Нүүр ам, нүдний хараа, хэл, хоолой нь хачин их улайж, хүчтэй хоронд хордсон шинжтэй байсан. Ажиглахад уг нь тэр эмэгтэй ямар нэгэн хурал юм уу, уулзалтанд оролцохоор явсан болов уу гэмээр биеэ аятайхан хувцаслаж үнэртэн түрхсэн, үс гэзгээ ч гоёж янзалсан байдалтай харагдсан. Тэгээд би сувилагчтайгаа түүнийг дамжлан тэргэндээ оруулбал амьсгал хурааж орхисон. Бид түүнийг дүүргийн тусгай байранд авчраад цагдан сэргийлэхэд хэлж хүн ирүүлсэнд түүнийг Балжин гэж таниад, Дамбадаржаад байдаг гэрт нь дуулгаж, манайх эндээ шинжилгээ хийж үзвэл гарцаагүй хоолны хордлогоор хамаг гэдэс дотор нь хувиран өөрчлөгдөж, улмаар амьсгалах эрхтэнд нь нөлөөлжээ гэсэн дүгнэлт гарсан гэж ярилаа.
Эмч Гэ-гийн тэр яриаг эмнэлгийн дарга, шинжээч эмч, гудамжинд анхлан үзлэг хийхэд очсон сувилагч бүсгүй бүгд ам зөрөхгүй батлан хэлж байв. Харин түргэн тусламжинд хэн утсаар хэлсэн нь мэдэгдэхгүй, эмнэлэгт жижүүр хийж байсан хүүхний үгээр бол ахимагдуу насны нэг эмэгтэй нэлээд бачуурсан дуугаар “Энэ Дамбадаржаагийн буудал дээр нэг бүсгүй хүн автобуснаас буусан дороо унаад хөдөлж чадахгүй байна. Түргэн ирж үзээч” гэж хэлээд утсаа тасалжээ. Энэ холбоо баригч бол жирийн сайн санаат нэгэн байсан нь гарцаагүй хэрэг.
Шархүү Дамбадаржаагийн дэнжид очиж Банзар агсны гэрээр зориг гарган орох болов. Тэгэхдээ НАХЯ-наас тэтгэвэр болгон олгож байгаа овоо хэдэн тоотой төгрөгийг аваачиж эхэд нь өгөх далим олж очоод тэр юмаа яамнаас өгч байна гэж хүнд ярих хэрэггүй хэмээн захижээ. Сайхи эр нулимс унаган суугаа ээжтэй нь ярилцахдаа тайван байдал сахиж:
Талийгаач тэр өглөө ямар хоол унд ууж идээд, хаашаа юунд явна гэж гарсан бэ гэж асуулаа. Буурал эмгэн түгдчин байж хэдэн үг хэлэв.
Охин минь ер нь өглөөд нэг их юм ууж иддэггүй. Ганц аяга цай ууж, зүсэм талхан дээр тос юм уу, чанамал жимс түрхэж үмхээд л ажилдаа явдаг байсан. Яг тэр янзаараа өглөө гэрээсээ гараад явсан. Юунд, яах гэж явж байгаагаа надад хэлээгүй. Би юу ч гэж хэлэх билээ дээ. Охиндоо таарах гутал олно гэж нэг үг сонсогдож байсан. Тэгээд охиноо сургууль дээрээ очиж бүртгүүлээрэй гэж захиж байж дуулдсан. Тэр өглөө хуучин заншлаараа охиныхоо үсийг самнаж өгөөд, битгий задгай тавьж бай! Одоо чи завхуул охидыг дуурайн үсээ маяглуулах гэж оролдох хэрэггүй шүү гэж хэлж байхыг нь би сонсоод:
Зөв дөө, үр минь гэж хажуунаас нь ташуур өгч суусан гэж эмгэн яриад өөр гогцоолдож авмаар зүйл юу ч ярьсангүй. Банзар асны тэр өдөр хаагуур явсан зам мөрийг олоход туслах зүйл эднийхээс олдох болов уу гэж Шархүү хамгийн их горьдож ирсэн нь бүтсэнгүй. Ингээд энэ эр тэднийхээс гарахдаа эмээ, охин хоёрт тэр муухай бараан өдрийн явдлаас та нарт юу сонсогдоно, түүнийг мэдэж аваад надад хэлээрэй гэж захисан байна.
Банзарын тэр өдөр хотод чухам хаагуур явсан нь даанч бүрхэг аж. Автобусны буудал дээр ирсэн, тэрэгнээс буугаад унасан гэдгийг сонсоход тэр хүн өглөөгүүр хотын төв оржээ. Тэгээд хаана, хэнтэй уулзаа бол? Хаана ямар юм идэж хордоо бол? Тэр нь санамсаргүйгээс биш, цаана нь үхлийн цайг бэлтгэж идүүлсэн эзэн заавал байх ёстой. Тэр яагаад? Талийгаач бол жаахан савсагдуу өнгө үзүүлдэг байсан болохоор түүнд нууц “дэгээ” хаяад, түүнийгээ бүтэхгүй болохоор ухвар мөчид этгээд хорон муу санаа санаж яваад, тийм хэрэг тарьсан байж болох уу? Бололгүй яахав. Гэхдээ тийм явдлын уршгаар Банзар алга болоогүй. Сая болсон манай байгууллагын богино зөвлөгөөнөөс харийн этгээдүүдийн том тагнуулын бүлэг манайд ажиллаж байна гэж үзсэн. Энэ бол 1937 онд “байсан” шиг тийм зохиомол зүйл биш, жинхэнэ бодитойгоор байсаар байгаа хэрэг. Тиймгүй бол яалаа гэж Лю Жиминг Банзартай Сэлбийн голд явж байсны дараа тэр хужаа хүнийг үл таних этгээдүүд гэрт нь орж алсан байх вэ гэж Шархүү бодож явлаа. Тэгэхээр Банзарыг гарцаагүй далдын туршуул л алсан гэж сайхи хүн өөртөө дахин сануулан хэлж билээ. Ингээд бодоход энэ эр ч бас өөрөө далдын хүмүүсийн хараанд, тэдний заналын дор яваа нь лавтай гэж түүнд бодогдож байв.
Лю овогт засварчинг хөнөөсөн хэрэг, Банзарыг үхүүлсэн явдалтай гарцаагүй гинжин холбоотой, хөнөөх нэг л үзүүртэй. Тэгтэл би Лю овогтын амийг бүрэлгэсэн тэр явдлыг бас нарийн судлан үзэх ёстой. Тэгээд тэр талийгаачийн орон байраар орж үзэхгүйгээр түүнийг мэдэж болохгүй. Засварчин хужаагийн байдаг Долоон буудлын тэр хавьд хятадууд нэлээд бөөгнөрч байрласан. Тэнд би очно гэдэг бас шилээрээ тэнгэр харна гэсэн үг. Тэгэхээр тэнд очсон цагдаагийн албаны хүмүүсийн мэдээг л судлах болжээ гэж Шархүү бодон тэр хавийг хамаардаг сэргийлэхийн байгууллагын албан тасалгаанд хүрч очлоо.
Тэнд таньж мэдэх Чи гэдэг дарга сууж байв. Цагдаагийн дарга Шархүүг энд юу хийж явааг асуултгүй мэдэж байгаа учир тэд амар мэндийн солио хийсэн дороо шууд Лю овогт яаж хорлогдсоныг шүүн тунгааж үзэх байдлаар ярилцаж эхлэв. Конторт гаднын өөр хүнгүй байлаа.
Энэ хэрэг гарцаагүй улс төрийн шинжтэй байгаа юм. Лю овогтыг сүхээр цохиж хөнөөсөн алуурчид тэднийхээс ямар нэгэн эд юм, мөнгө төгрөг авалгүй шууд мөр буруулан алга болсон байна гэж хошууч Чи танилцуулан ярилаа. Энэ цагдаагийн газрын бичсэн мэдээ-танилцуулгыг Шархүү урьд нь уншиж мэдээд ирсэн. Тэглээ ч тэнд ажиллаж байгаа хүнээс давтан сонсох нь зохистой байв.
Засварчин хужааг цохиулж үхсэнийг эхлээд хэн яаж мэдээ бол?
Түүнийг эхлээд авгай нь мэдсэн. Тэр монгол хүүхэн гол руу явж Дэлгэр гэдэг хоёр үнээтэй айлаас урьд авдаг ёсоороо хоёр литр сүү аваад гэр рүүгээ яарсхийн хүрч ирээд байрандаа орвол өвгөн нь унтлаганыхаа өрөөний үүдэнд уначихсан, толгойноос нь зөндөө их цус асгаран шалан дээр тунасан, дэргэд түлээний хурц иртэй сүх нь хэвтэж байжээ. Алуурчид өвгөнийг сүхний ирээр цохиогүй, алхан талаар нь тархины ясыг цөмөртөл нь цохиж нам унагаасан байна. Эхнэр нь дуу алдан гарч айлдаа хэлээд, тэдний нэг бүсгүй гүйж бидэнд хэл хүргэсэн. Би яаран эндээс хоёр цагдаа явуулж үзүүлсэн. Тэр хэл хүргэдэг айлын хүмүүсээс уг явдал болоход бусдын анхаарал татсан юм юу болсныг асуухад, бидэнд мэдэгдэх гоц юм юу ч болоогүй, элдэв содон чимээ анир ч гараагүй гэж байгаа. Тэр хавиас хэргийн халуун мөрөөр сурвалжилбал, талийгаачийн байрны гадаа гулгуур дээр тоглож байсан гурван жаахан охин ам нийлж хэлэхдээ:
“Лолоо гуайнхаас (тэр хавийн хүмүүс Лю овогт засварчныг “Лолоо” гэж нэрлэдэг) биднийг энд гулгаж байхад хоёр ах гарч ирээд хажуугаар түргэн түргэн алхаад машин зам руу явахдаа манай тоглоомын явган хашаанд тээглэн унах дөхсөн” гэнэ. Энэ нь алуурчид яаруу сандруу явсны шинж биз. Манай мөрдөгч тэр гурван хүүхэдтэй бас хэдэн үгний солио хийсэн гэнэ. Тэгээд өнгөрчээ.
Мөрдөгч хүүхдүүдээс юу асуугаа бол гэж Шархүү лавлав. Хошууч Чимэд дэвтэр нээн, тэмдэглэл харж хэлэхдээ “Тэр хүмүүс ямар хувцастай явсан бэ” гэхэд охид:
Нэг нь богино хар цамцтай, нөгөө нь хүрэн савхин цамцтай байж харагдсан гэжээ. “Тэд гартаа юу барьж явсан бол” гэхэд хоёр охин толгой сэгсэрсэн. Нөгөө нь “Тэр ах нар гартаа юмгүй байсан. Нэг ах толгой нүцгэн, нөгөө нь урт саравчтай хөх малгайтай явсан” гэж хэлээд, өөр янз бүрийн юм асуухад хүүхдүүд бие биеэ харж инээн, гайхаж толгойгоо сэгсэрч байсан гэнэ. Тэд тоглож юм ярих завгүй, тоглоом руугаа хамаг санаагаа чиглүүлээд, зарим асуултад хөхрөлдөн бужигнаж байв гэнэ” гэж мэдээлсэн байна. Энэ нь бас нэг чиг гаргаж байгаа мэдээ байв.
Би төвд утсаар хэлээд мөрдөн шинжигч ирүүлэн зургийг нь авч, гар хурууны мөр хээ байгаа эсэхийг шилжүүлсэн. Тэгэхэд анхаарал татах ямар нэгэн юм олдоогүй. Үүнээс үзэхэд уг хэргийг зориуд бэлтгэн, маш их далд байдлаар сэмхэн хийж чадсан байна. Өвгөн хужаа нэг муу ханиад хүрч гээд хоёр гурав хоног ажилдаа яваагүй, гэртээ байсан гэж авгай нь ярьж байгаа. Алуурчид өвгөний тэр байдлыг нь хүртэл мэдсэнийг бодвол, эднийхийг таньдаг хүн уг хэргийг үйлдсэн нь гарцаагүй гэж хошууч Чимэд яриад:
Үүний эзнийг олоход их төвөгтөй болсон. Яагаад гэвэл алуурчид мөрөө сайн нууж чадсан. Нохой тавиад ч юм олоогүй. Би хоёр нохойтой хүн ирүүлээд тавихад тэдний ул мөр олны хөлд дарагдсан учир нохой огт явахгүй, хий хоосон хуцаад л байх юм гэж хошууч нэмж өгүүлж байлаа.
Энэ хоёр аллагын эзний тарьсан хэргийн гогцоо тийм ч амар олдохгүй шинжтэй байв. Шархүүгээс гадна энэ хэргийн мөрийг хайсан НАХЯ-ны болон Цагдан сэргийлэхийн өөр хүмүүс бас ажиллаж байгааг өгүүлэх юуны тус. Тэд зав чөлөөгүй гүйж байна. Сайхи ажилтан хэдэн өдөр дараалан хоёр хүн амины хэргийн мөрийг хайсаар хот даяар явлаа. Түүнд ялангуяа Банзар агсны амь үрэгдсэн явдлын мөрийг тодорхойлон гаргах их сонирхол байв. Талийгаач бүсгүй сүүлийн мэдээгээ өөрт нь өгсөн. Урьд нь таньдаг, бие сэтгэлээ ойртуулж явсан. Хэдий өөрийн талын ажлын хүн байсан гэдгийг нь хожуу мэдсэн ч гэсэн Шархүүгийн санаанд Банзарын байдал тод хадгалагдан үлдсэн байв. Нөгөө Лю овогт засварчныг харийн хүн гэж гадуурхан үзэхгүйгээр бас “Манай төлөө санаа тавьж явдаг сайн сэтгэлт хүн байж дээ” гэж бодохоос тун өрөвдөлтөй байлаа. Өөр нэг бодох зүйл нь тэр амь насаа гээсэн хоёрыг энд тэнд хааяа гардаг хүн амины хэрэгтэй зүйрлүүлэн, цагдан сэргийлэх л учрыг нь олох биз гээд орхиж болохгүй, яг Шархүү нарын хөөцөлдөж яваа хэрэгтэй утга нэг, улс төрийн хэрэг, тэгэхдээ бүр үзүүр ёзоор нэгтэй, нэг амьсгаатай зүйл болохоор анхаарал илүүтэй татах нь зүй байлаа.
Талийгаач хоёрын хорлогдсон шалтгаан судалгаанаас улам тодорхой болов. Юу вэ гэвэл, Лю овогт хүн Бээжинд Монголын эсрэг хорон санаатнууд төвлөрөн, аюул занал учруулах гэсэн хорт санаа боловсруулж, тэр хэргээ гүйцээх гар, савар болсон этгээдийг нааш нь илгээж байдгийг сайн мэдсэн. Мэдээд ч зогсоогүй Монгол Улсын талд мэдээлсэн. Тэр нарийн мэдээг Лю овогтоос Банзар мэдсэн. Тэр бүсгүй уг зүйлийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гарган гээж явах эм биш гэдгийг хорон санаатнууд лавтай мэдсэн. Тэгээд хөнөөгдсөн гэдгийг Шархүү бүрнээр ойлгож авсан байна. Бас уг хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийн улаан нүүр нь үзэгдээгүй байгаа боловч түүний зүг чиг нь зөв гарч ирсэн байна. Өөр нэг ноцтой зүйл нь Улаанбаатарт Хятадын Засгийн газрын бус тагнуулын том бүлэг ажиллан, бүр тэр нь даамжирч хөнөөн сүйтгэх ажиллагаандаа шилжин орж байгаа ч байж магадгүй болов. Ийм хэргийг гардан авч хөөцөлдөн боловсруулна гэдэг хүний сэтгэлийг агшин зуурт ч зүгээр суулгахгүйгээр шаналгаж буй нь гарцаагүй.
Шархүү уг хэргээ гүйцээх санаагаар хэдэн өдөр дараалан хотын дотор хүн харвал эргүүтсэн юм шиг тэнэхэд хүрлээ. Яая гэх вэ, энэ бол түүний эрхэлсэн ажлын онцлог юм чинь. Талийгаач Банзар охиндоо гутал авна гэж байсны нь сайхи эр санан Улсын их дэлгүүр дотор ороод амьтны байдлыг битүүхэн ажиглаад явж байтал бэлэн хувцасны тасаг дээр ажилладаг өөрийн нь танил Ягаан гэдэг залуувтар бүсгүй ажлаа хийгээд зогсож байв. Шархүү Ягаантай уулзан танимхайрч, амар мэндийн солио хийгээд, энэ тэрхэнийг хүүрнэлдэн, хэсэг зуур саатан зогсов. Яахав дээ, тэд эхлээд өдөр тутмын аар саар зүйлээр амны зугаа болгон, энэ яриандаа яаж ийж байгаад Банзар хүүхний тухай цухалзуулан гаргаж ирэх вэ хэмээн Шархүү хорхойтон байв.
Чи чинь гоё гоё бүсгүйчүүд дагуулаад л үүгээр явдагсан. Өнөөдөр яагаад ганцаараа архаг архичин адил гөлөлзөөд яваа юм бэ гэж Ягаан дооглон асуулаа шүү. Ямар сайхан шалтаг вэ, энэ чинь яриа өдөхөд гэж Шархүү бодон:
Би зүгээр дээ. Миний сайн танил Балжин гэдэг нэг сайхан хүүхэн байсан. Тэр маань сая нас барсан гэж дуулдаад сэтгэлд эвгүй оргин ... гэж сайхи эр хэлбэл
Юу гэв ээ? Нөгөө модны үйлдвэрт ажиллаж байсан хүүхэн мөн үү? Ээ халаг гэж Яагаан уулгалав.
Шархүү уруу царай гарган худалдагчийг харж:
Мөнөөр барах уу? Хөөрхий, гэмгүй цайлган зантай, бусадтай их найрсаг, хүнд тус болох л гэж бодож явдаг байдалтай бүсгүй байв даа гэвэл Ягаан шүүрс алдан лангуугаа тэгнэж ойртон ирээд томоор харж:
Ямар хачин юм бэ? Гурав билүү, дөрөв хоногийн өмнө шүү дээ. Тэр хүүхэн чинь охиндоо хөлд нь углах аятай юм авах гэсэн чинь сэтгэлд нийлэх юм алга гэж яриад, энд надтай уулзаад явсан. Тэгэхдээ тэр цонхны наана нэг өндөр биетэй, саарал костъюмтай хүнтэй уулзан их л түнш байдлаар элдвийг ярилцан бүр инээдэм болж байснаа тэд хоёулаа хамтдаа дээшээ гараад явсан. Тэгээд би Балжинг “Биеэ сайхан авч явдаг яггүй хүүхэн шүү. Одоо ямар ч эрийн сэтгэлийг өөр дээрээ татахтайгаа л байна” гэж бодон хойноос нь харж байтал худалдан авагчид ирж надаас юм асуугаад, би ажилдаа болж түүнээс хараагаа тасалсан гэж унжруулан ярилаа.
Сайхи эр Ягааны үг нэг бүрийг анхааралтай чагнаж байснаа, үүнтэй жаахан яръя гэж бодон дахин өдөж:
Тэгээд л алга болж дээ. Та хоёр хоорондоо тун их ойр байсан уу гэж асуулаа. Ягаан эмэгтэй хүний өрөвч сэтгэл гарган царайгаа хувиргаж:
Хөөрхий минь дээ. Бид хоёр тэр жил нэг удаа самар, жимс түүхээр ууланд яваад, Сэлбийн нурууны эхэнд хээрийн хоног тааралдан, ойролцоо майханд хоноод, маргааш нь ууланд хамт явж танилцсан юм. Түүнээс хойш бие биеэ мэддэг болж бүр ойртон хааяа нэг гэр орноороо ордог, гардаг болсон учиртай. Их аятайхан гэх үү, амьдрал мэддэг ухаалаг бүсгүй байлаа. Нэг овоо том болсон охинтой байх ёстой доо гэж ярьж байснаа
Яагаад нас барж орхив доо гэж лавлав.
Нарийн учир шалтгааныг би сайн мэдсэнгүй, хоолны хордлого авсан юм шиг хүн ярьж байхыг би сонслоо гэж Шархүү хэлээд, тэр хамт дээшээ гарсан хүн нь чухам ямар янзын нөхөр байв гэж асуувал Ягаан толгой сэгсрэн:
Би сайн харж амжаагүй. Нэлээд дотнын хоёр уулзав бололтой гэж санасан. Тэдний яриа хөг нийлэмжтэй байгаа янз дууны нь өнгөнөөс надад бодогдсон. Тэр хар хүн наашаа харахгүй байсан болохоор би нүүрийг нь гүйцэд харж амжаагүй, харъя ч гэж би эрмэлзээгүй, нэг зөрүүхэн харахад баруун хацар дээрээ хөндлөн сорвитой байж үзэгдсэн гэж хэлээд Шархүүг түүнийг сонирхож яваа шив гэж худалдагч боджээ. Яагаад гэвэл, энэ эрийн хаа ажилладагийг Ягаан мэддэг байлаа. Тэгээд энэ бүсгүй “Дэмий юм би бурж байж хүний ажилд саад учруулж магад” хэмээн болгоомжилж үзсэнээ гүйцэд яриагүй билээ. Гэхдээ худалдагчийн хэлсэн нь гарцаагүй болов уу?
Шархүү Ягаантай уулзаад Банзарыг тэр сорвитой хүн дагуулж яваад зохих хачиртай хоол өгч хордуулсан байж магад гэсэн дүн хийж бодлоо. Сонссон дуулсан бүхэн үнэн байдаггүй ч гэсэн эрлийн чигийг нэгэн ямхаар ойртуулсан байж мэдэх байв. Шархүүг чухам юу хөтөлж байгааг мэдэхгүй. “Тэр хацар дээрээ хөндлөн сорвитой хүн Банзарыг Балжин гэж дуудаж яваа биз. Тэд энэ Их дэлгүүрээс гараад хамт хоол идэхээр “Баянгол” зоогийн газарт очиж орсон болов уу. Юу ч болсон би тийшээ яваад үзье” хэмээн бодоод тэр газар луу гүйж очоод орлоо. Зоогийн их танхимд хүн цөөхөн байв. Гурав хоногийн өмнө өдрийн цагаар энд үйлчилж байсан үйлчлэгчийг сураглавал, тэр өдөр Гэрлээ бүсгүй үйлчилж байсан гээд, намхан тагдгар биетэй, сэргэлэн нүдтэй бор охиныг зааж өглөө.
Ажиглавал нэлээн яггүй хэрсүү болов уу гэмээр тэр бүсгүй Шархүүтэй нэг ширээний хажууд суугаад хэрэг зоригийг нь асуулаа. Сайхи эр аргагүй Гэрлээд ажлынхаа үнэмлэхийг үзүүлээд, тайван байдлаар:
Бүсгүй! Чамайг ажиллаж байсан тэр ээлжинд чинь энд туранхайвтар биетэй, нэлээд нуруулаг, гөлгөрдүү шар царайтай, зэгсэн золбоолог маягийн дунд зэргийн насны нэг хүүхэн, баруун хацар дээрээ хөндлөн сорвитой, саарал костъюмтай нэг эрийн хамт орж ирж хоол идсэн биз. Тэд аль ширээнд сууж, ямар байдлаар хооллосон бэ гэж асуулаа. Үйлчлэгч Шархүүгийн ажлын үнэмлэхийг үзээд, нүдээ онийлгон хэсэг зуур бодолхийлснээ, сая нэгийг санав бололтой Шархүүг эгцлэн харж:
Үд хэлбийж байх үед тийм хоёр хүн манайд орж ирээд, тэр булангийн ширээн дээр сууж, надаар хоол авчруулан идсэн. 200 гр Шведийн “Еxplorer” гэдэг хатуу архи авчруулан уусан. Тэр хоёр энд овоо удаан суусан. Нэлээд наргиантай ярилцаж, заримдаа чанга инээлдэж байсан. Бүсгүй нь нэг удаа босож 00 өрөөнд орсон. Тэгээд хоёулаа бараг хөтлөлцөх шахам гарч явсан. Тэдний аль аль нь урьд манай зоогийн газарт орж ирж надтай дайралдаагүй гэж ярив.
Зөв дөө. Чи үйлчилсэн хүнээ овоо гярхай харж чаддаг юм байна. Тэгэх ёстой. Тэр хоёр хүнийхээ талаар өөр надад юу хэлж чадмаар байна вэ гэж сайхи хүн нэмж лавлав. Гэрлээ хуруугаараа оролдон бодолхийлээд:
Өөр гоц юм надад санагдахгүй байна. Бүсгүй нь тэр хагархай хацартай хүнээ “Шаагаа” гэж нэрлэн дуудаж байсан ... гэж хэллээ. Шархүү энэ зоогийн газарт нэг хоол захин авч идэж суухдаа ““Шаагаа” гэдэг нь хэн байх вэ? Шарав, Шаравдорж, Шагдар, Шажмятав гээд л олон нэр байдаг. Ша гэдэг нь гарцаагүй нэрний нь эхний үсэг байж таарна” хэмээн бодсоор гарч явтал нь “Хэрэв тэр Шаагаа нь Банзарт хортой юм өгч алсан бол түүний юу болохыг ажин чих тавьж байгаад нас барлаа гэж мэдсэн бол биеэ яаралтай нууж таарна. Тэгээд яаж нуух вэ? Ягаан, Гэрлээ хоёр тэр хүнийг нэлээд бийлэгжүү байдалтай, цэвэр сайхан хувцастай байсан гэж хэлээд байгаа. Тэр бол Банзарыг Лю овогттой харийн хэргээр харилцаа барьсны төлөө гэж хөнөөсөн бол биеэ өмнө зүг рүү л нууж таарна” гэж бодмогцоо
Энэ хэргийг ингэж дутуу алсан могой шиг болгоод би орхиж болохгүй гэж санаад, цаг орой болж байгаа боловч зөөврийн тэргэнд суун Буянт-Ухаа руу хүлгийн жолоо заллаа.
Шархүү нисэх онгоцны буудал дээр очсон дороо өөрийн байгууллагын төлөөний, тэнд байгаа хүнтэйгээ яаран уулзвал цаад дэслэгч Го нь ялдамхан байдлаар учирсан дороо юуны урьд замын гэх үү, зорчих албан ёсны баримт бичгийн талаар зөрчилтэй байсан хүмүүсийн бүртгэлийг гарган, хоёулхнаа тухлан сууж үзлээ. Түүнд олон юм шүүж үзнэ гэх төвөг бараг алга.
Хоёр хоногийн өмнөх бүртгэлийг сөхөөд хартал, Ломбо овогтой Шагдар гэдэг хүн бусдын паспортыг засаж нэр, зургаа сольсон учир саатуулагдсан. Тэр хүн Хөх хот онгоцоор хүрээд, тэндээсээ галт тэргэнд сууж Утай, Гүмбэн орж мөргөл хийх хүсэлтэй яваа гэж өчсөн. Биедээ авч яваа зүйлийг нь үзвэл 1500 ам.доллар, хятад юань 2000 орчим өвөрт нь байсан. Солих хувцаснаас өөр юмгүй байжээ. Тэр этгээд паспортаа зөв болгон сольж авахаар шийдвэрлүүлэх, сая хууран мэхлэх оролдлого хийснийхээ бурууг хүлээж торгууль хүлээх болоод буцсан байна. Түүний хаягийг нисэхийн цагдан сэргийлэх тэмдэглэн авч бүртгэсэн байгаа ажээ.
Энэ бүх баримтыг Шархүү цуглуулсаны дараа “Банзар асныг хөнөөсөн этгээд олох зам нээгдлээ” гэж үзэн хэргийн явц байдлыг дэд хурандаа Сономд илтгэн мэдэгдэж, тэр Шагдар гэгч этгээдийг яаралтай баривчлах нь зүйтэй боллоо хэмээсэн саналын хуудас бичээд дээш оруулав. Энэ ажилтны тодорхой саналыг ёсоор болгож, Ломбо овогт Шагдарыг баривчлан байцааж эхэлсэнд тэр этгээд Банзартай хамт зоогийн газарт орж хоол идсэн, гашуун ундаа хэрэглэснээ анхны байцаалтаар хүлээсэн боловч хор найруулж өгснөө арай хүлээгээгүй байгаа ажээ.
Бүр нэлээд хожим Хятадын нэг баригдсан туршуулын өгсөн өчгөөр бол, Ломбын Шагдар Монголын тагнуул Балжин гэдэг эмэгтэйг хөнөөсөн нь үнэн. Тэр Шагдарыг Бээжинд аваачаад, тэндээс Утай, Гүмбэнд явуулан, Монголоос очиж байгаа мөргөлчдөд орчуулагч болгосон. Одоо их сайн байгаа гэж тэндээс нааш нь явуулж байгаа туршуулууддаа нууц байдлаар сурталчилан хэлдэг нь энд ирэх хүмүүсийг хуурамчаар зоригжуулж байгаагийн жишээ ажээ. “Одоо би яах билээ? Юу хийх вэ?” гэсэн олон асуулт Шархүүд тавигдан, түүний сэтгэлийг шаналгаасан хэвээр байв. Энэ хүний эрэл хайгуул зогсох биш, бас боржин цохионы эзнийг олох бараг үндсэн гэж хэлмээр шахам болсон сурвалжилгаагаа хийсээр байлаа. Ямар сайндаа Цэрмаа Шархүүг нэг орой ирэхээр нь бууз жигнэж өгөөд, 100 гр хундгалан барихдаа:
Муу өвгөний минь толгой тархи нь амарч, бүтэн нойртой хонох шөнө тоотойхон байх юм даа гэж хэлж байх вэ?

Элэг буруу бол санаа хүйтэн

Цаг үргэлжид нүүсэн айлын буудал шиншлэн явдаг золбин нохой шиг гадуур элдвийг хайж гүйдэг Ван овогт Сүгсээ яах нь вэ гэмээр гэрээсээ гарахаа байж, бодолд дарагдан өр алдсан данжаад гэгчээр гэдрэгээ хараад толгойгоо салаавчилан хэвтэх болов. Эхнэр Пунсал нь түүнийг хараад гайхшран ядахдаа:
Юу болоо вэ? Ажил чинь муу байна уу? Чамайг хүн загнаад байна уу гэж асуун, аргадангуйгаар цай аягалан өгч, сэтгэлийг нь тайтгаруулах санаагаар ая тавьж байв. Сүгсээ “Зүгээр” гэдэг үгнээс өөр юу ч эс ярина. “Зүгээр ч биш дээ. “Би чамаас үхэж л хагацна” гэдэг энэ хүн намайг хэдэн хүүхэдтэй минь энд орхиод нутаг буцах гэж байгаа юм биш биз. Санаа нь буруудна гэгч болж байгаа юм болов уу” хэмээн Пунсал бодож байлаа.
Хэрэг явдлын учир огт өөр байгааг мөнгөнд нь сэтгэл тавьж өвөрт нь орсон энэ хүүхэн сайхи хүний үнэн байдлыг яаж мэдэх билээ. Пунсалын сэтгэлд элдвийн л юм бодогдож байв. Тухайлбал, Энэ Ван овогт нөхөр маань анхлан намайг гэртээ авчраад “Чи миний хань авгай болооч! Би чамайг алган дээр байгаа тахианы өндөг адил энхрийлэн дураар чинь байлгана. Би ямар ч ажлыг хийж мөнгө олж чадна. Тэр олсон мөнгөө чамайг гоё сайхан явж байхад л зориулан зарна” гэж хэлж байсан. Бас “Чи бид хоёрын цус нэг төрлийн. Чи бол манай хятад хүмүүсийн ясаар бүрэлдэж бий болсон хүүхэн. Би Ар газраас ийм хүүхэн олж эхнэрээ болгоно гэж хүсэж явсан. Тэр хүсэл одоо хангагдлаа. Чиний эцэг Шандуу хотын үндсэн иргэн байсныг би мэдээд жигтэй их баярласан. Одоо надад эхнэр хүүхэн яах билээ гэж бодох юм байхгүй. Сайн ажиллаж их мөнгө олох л үлдлээ. Миний ээж аав Бээжинд байгаа ч гэсэн энэ Ар газраас амин тэжээлдээ хүрэлцэх эд мөнгө олж аваачсан юм гэдэг. Тэгэхээр би Бээжинд мөнгө явуулах хэрэг байхгүй. Олсон мөнгөө чамд л зориулна” гэж хэлж байсан. За бас энэ маань “Надад хүн хэрэгтэй. Би 10-15 хүүхэдтэй болсон ч тэднийгээ тэжээж өсгөн, эргээд хүүхдүүд маань чи бид хоёрыг тэтгэн явж байх үртэй болно. Энэ бол бидний хэтийн бодлого” гэж хэлээд, бараг шөнө болгон хэд дахин дээр гарч намайг хазаж үнхлэн байсаар одоо дөрвөн хүүхэд гаргууллаа. Тэгээд тоо нь гүйцэх болоогүй гэж энэ маань хэлдэг. Ийм байж намайг Ван овогт хаяад Бээжиндээ буцах гэж байгаа биш болов уу” хэмээн бодож байв. Гэтэл эр нөхрийнхөө далд санаа бодлыг Пунсал яахан мэдэх билээ. Яагаад гэвэл, тун саяхан Ван овогтыг гэртээ харихаар нэг орой засварын ажлаа хийж байгаад завсарлан явж байтал нь гэнэт нэг муу хөвөнтөй хувцас өмссөн навсгар хүн түүний суудаг гудамжны нь аман дээр дайралдан:
Сайн байна уу? Би танаас сампингийн эрхи асуухаар явж байна гэж хэлж уулзав. Сүгсээ гайхшран түүний нүүрийг харж ажвал, Бээжинд хоёр жилийн өмнө Хишигтийн пүүсэнд очиж, Ли овогт ноёноос “сургааль” хамт сонсож байсан Өвөрлөгч нутгийн гэгддэг Ерөөлт гэдэг тултираа хэлтэй эр мөн байлаа. Энэ хүн Бээжинд байхдаа яг хятад маягаар хувцасласан, нэлээд цэвэр дэгжин байдалтай байсан. Одоо монголжуу байдалтай болж хувирсан, яг л хар бор ажил хийдэг хүний төрхтэй харагдав.
Чи намайг таньж байна уу, Ван овогт минь ээ?
Ай, би төсөөлж байна. Бид хэд Бээжинд хамт Хишигтийн пүүсний ...
Яг тийм. Чи их сайн ой ухаантай байна. Бид Ли овогт ноёноос хишиг хүртэж байсан хэмээн амьтны хөл чагнан байж ярилцсан дороо:
Одоо байдал нарийн болсон учир бид хааяа Бээжин ёс журам баримтлан уулзаж болохгүй болсон. Тэгээд маргааш орой Туул голын Баянзүрх уулын наад гүүрний дээд талд, орой 5 цагт загас баригч байдалтай байж байхыг Бээжингээс сая ирсэн зараалын элч чамд хэлүүлсэн. Тэнд дурьдсан цагт очихыг зарлаж байна. Би Улаанбаатарт Хятадын ноос авч угаан боловсруулдаг нэг пүүсэнд ажиллаж байгаа. Дараа би тантай тавтай уулзана гэж өвөрмонгол хүн хэлчихээд Ван овогтоос бушуухан салж одлоо.
Дурьдсан цагт Сүгсээ загасны хулсан уурга барин, дугуй унаад Баянзүрх уулын наад гол дээр хүрч, очсон дороо усанд дэгээ шидэж эхлэв. Тэгтэл голын захын усан дотор урт түрийтэй резинэн гутал өмсөөд, дэгээ шидэж байгаа өмрөг бошинзтой нэг хүн аажуухан явсаар Сүгсээд ойртож ирээд, тал тал тийшээ бараа харснаа бүр нүүр нь харагдахаар дөхөж зогсоод:
Сайн байна уу? Би Ли овогт даргын бие төлөөний хүн байна. Намайг Фунтууз гэдэг. Чи таньж байна уу? Бид Бээжинд уулзаж байсан шүү дээ гэж хэлэхэд нь ажвал, нээрээ Хишигтийн пүүсэнд очиход даавуун хормогч зүүгээд цай, нугасны мах өмнө нь авчирч тавиад байсан таних нүүр харагдлаа. Тэгээд бие биеэ таньж мэдэв.
Нэг ойртон, нэг холдож загасанд дэгээ хаянгаа нэлээд хэдэн үгний солио хийлээ. Ойр орчинд хүний бараа эс харагдах нь таатай мэт. Фунтууз тоотойхон цөөн үгээр ярилцахдаа:
Энд хүнгүй байгаа мэт боловч монголчууд биднийг модон дотроос дурангаар харж байгаа шүү гэж анхааруулаад:
Бид бие биедээ хүрч, гараар юм өгч авалцаж болохгүй, далдаас зураг авч байгаа биз. Ли овогт ноён дарга чамд халуун мэнд хүргэсэн, түүнийг уламжилъя гэж хэлээд загас хөөсөн мэт цааш холдоод, эргэн ойртож ирэхдээ
Та нарыг саяхан урвагч Лю овогт засварчин болон урт хэлт эм Балжин нарыг далд оруулсан нь уг чанартаа туйлын зөв боловч арга нь буруу болсон гэж Лю овогт хэлсэн гээд, цаашаа усан дотор явж холдоод бас эргэж ойртсон дороо:
Тэднийг өөрсдөө өөрсдийгөө хөнөөсөн байдалтайгаар далд оруулах байсан. Юу нь буруу вэ гэвэл, түүнээс чинь үүдэгдээд Монгол газарт Хятадын олон тагнуул ажиллаж байна гэж тэдний Аюулаас хамгаалахынхан мэдэж аваад, та нарын эсрэг далд ажиллагаагаа улам идэвхжүүлэн, хүчтэй болгож байна хэмээн Ли дарга хэлсэн гэж ярилаа.
Яаж тэд нараар өөрсдийг нь хөнөөлгөх юм бэ? Бараг болохгүй.
Ай, болно гэнэ ээ. Тухайлбал, бүүрийхэн газар уулзаад мэс бэлтгэж өгөн, тэсвэрлэхийн аргагүй үгээр хорыг нь маажин, хамгийн хүндээр доромжлон хэлэх, бүр сонсох аргагүйгээр гүтгэлгийн муухайгаар гүтгэсэн, хараал зүхэл хэлж тэсэж суухын аргагүй болгох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө биеэ хорлохоор юм уу, та нарын эсрэг хэрэглэх зэвсгийг нь тэдэнд ойр, бэлэн байлгах ёстой байсан. Тэгээд халдвал “биеэ хамгаалан” мөр үлдэхгүйгээр учрыг нь олох хэрэгтэй байсан. Та нар тэгэж чадаагүй яарсан чинь алдаа болсон гэж энэ тухай мэдээ авсан Ли овогт та нарт зориуд хэлж сургамж болго гэсэн. Бараг энэ хэргээр би наашаа ирсэн гэж нууц элч хэллээ. Тэд усан дотор нэг ойртон, нэг холдсоор байв.
Одоо та нар гадуур битгий хол, ойр яв. Гэр гэртээ маш болгоомжтой, сайн бүгэж бай. Бүтэн гурван сар бие биетэйгээ битгий уулз. Тэгвэл Монголын тагнуулуудын нүдний хор гарна. Тэгэхдээ ажлаа далдуур улам шургуу хийж бай гэж хэлснийг би уламжилъя хэмээн Фунтууз элч хэлээд, хэсэг зуур ус сөрөн нэлээд холдон явснаа уургаа гозгонуулан эргэж ойртон ирээд:
Ван овогт оо! Бээжинд чиний дансанд 1000 юань нэмж хийсэн. Тэр харж байна уу, цаанаа байгаа том ягаан чулууг? Түүн доогуур Ли даргын чамд явуулсан хишиг-2000 төгрөгийг (хуучин ханшаар) би хийсэн. Түүнийг чи одоо аваарай. Би ямар нэгэн гуанзны газар уулзах арга байхгүй. Монголын тагнуулууд саяхан алагдсан хоёр хүнийгээ хорлосон этгээдийг олох гэж том ажил болж байгаа. Та нар ч одоо бас түүний эсрэг том ажил хийх ёстой болсон гэнэ гэж нууц элч хэлээд, загас хөөн цаашаа яваад дахин нэг ойртож ирсэн дороо бараг шивэгнэн:
Одоо манай хүмүүс Монголын орлогч сайдуудаас дээшхи тушаалын дарга, сайд нарын нууц бүртгэлийг шинээр гарга. Түүнд нам, залуучуудын эвлэл, үйлдвэрчин зэрэг олон нийтийн байгууллагын дарга нар орно. Тэр бүртгэлийг та нар гэртээ удаан хадгалж байж огт болохгүй. Ерөөлтөөр дамжуулан Хөх хотод хүргүүлж бай. Тэндээс бид нар авна. Тэр дарга, сайд нарын эхнэрүүд ямар янзын эмс байна вэ? Түүнийг нарийн сайн судалж бүртгэ! Эдний тэр өндөр албан тушаалтангуудын хэн нь эд мөнгө, эмсэд их дуртай байна вэ, түүнийг сайн мэд! Тэдний ямар авгай нь садар самуурах, салан задгайд таалалтай байна вэ, үүнийг гүйцэд мэдэх ёстой. Өөр нэг чухалчилах зүйл бол энэ орны хот, хөдөөд ямар гэмт хэрэг их гарч байна вэ? Хүн олонд төр засгийн ажлын юу эс таалагдаж байна вэ? Үүнийг тун сайн шинжиж бай! Монголчууд чухам ямар архинд дурлаж байна вэ? Манайхаас оруулж байгаа архийг шинжлэн үздэг газар хаана байна вэ? Тэнд ямар хүмүүс ажиллаж байгаа бол? Тэр шинжлэгчид ямар шан хөлс таалах нь вэ? За энэ бүгдийг нарийн судалж мэд гэж дээрээс та нарт даалгаж байна гэж нууц элч Фунтууз хэлээд, усанд дэгээ шидэн гол дагаад бүр доошоо холдон явлаа. Тэр хаана хүрч, ямар тэргэнд суун, хаашаа явахыг Сүгсээ ажиж харсангүй, голоос гарч ягаан чулуун дотроос цаасанд боож хийсэн мөнгийг сэмхэн аваад, сая барьсан хоёр ширхэг годгор загасаа дугуйныхаа бариулаас ил уяж унжуулаад хот руу хурдлан давхилаа. Тэрээр ингэж явж сурсан болохоор замд эмээж зовох ч юм алга.
Сүгсээ ажлаасаа ирээд гэртээ хэвтэж байгаад үдэш албан хаагч хүний дүртэйгээр янз бүрийн цаасан дээр баахан юм хятад үсгээр бичнэ. Энэ хүн Хянганы армид алба хааж байхдаа бичиг үсэг овоо сурсан болохоор бичгийн ажилд түүртэх нь гайгүй байв. Түүний чухам юу бичээд байгааг “Сэвэгнүүр” Пунсал яахан мэдэх билээ. Сайхи хүн тэр бичсэн зүйлээ гэртээ огт байлгадаггүй, байлгавал түүнийгээ нямбайлж, цаасанд давхар боогоод хогийн савны дор, түлээ хураадаг жижиг тасалгааны шалан дор хийн хүүхдүүдээсээ хүртэл нууц байлгана. Тэгээд өдөр ажил дээрээ иддэг талх, мантуу юмаа хийдэг савныхаа ёроолд тэр бичгээ далдлан хийгээд авч яван, тэр өдөртөө алга болно. Түүнийгээ Сүгсээ хэнд өгдөгийг Пунсал бас мэдэхгүй.
Энэ чинь юун бичиг вэ гэж авгайгаа асуувал Ван овогт уцаарлан:
Чамд огт хамаагүй дээ. Энэ бол засвар хийж байгаа мод, шавар, шохойн бүртгэл гэж хэлээд, бичиг мэдэхгүй хүнийг ч түүн рүүгээ өнгийлгөх дургүй байдаг. Юу бичдэгээ Сүгсээ зөвхөн өөрөө сайн мэддэг байлгүй яахав. Хааяа алдах юм уу, буруу биччихээрээ “Үхээрийн чоно!” гэж харааж сонсогддог болсон. Түүнд янз бүрийн цаасан дээр баахан хүний нэр бичсэн байна.
Сайд До гурван хүүхэдтэй. Түүний эхнэр цэвэр халх. Өөрөө архи нэлээд балгадаг. Уусан үедээ эхнэртээ тун сайхан зантай байдаг. Хятад янжуур, Болгар тамхинд дуртай. Байн байн гэртээ цөөн хүн ирүүлээд даалуу тоглодог. Тэр тоглоомондоо хожигдохоороо уурлаж, бусаддаа омог бардам зан гаргана. Би тэдний цонхыг засаж өгөх, хаалганы нь цоожийг сольж суулгаж өгөхөөр хэд хэд очсон. Намайг тэр сайд тоож ярьдаггүй. Харин эхнэр нь “Бээжин явж үзэх юмсан. Тэнд хуучны “мөөгөөдээ” гэдэг ноосон торго одоо байдаг болов уу” гэж надаас асууж байсан. Сайд өөрөө намайг хүн гэж юун тоож үзэх вэ гэсэн байна.
Бас Го даргын тухай нэлээд дэлгэр бичсэн аж. Го дарга эрлийз бололтой. Зүс царай нь монголоос арай өөр, нүд нь сүрхий хянуур янзтай. Архи сайн балгадаг бололтой, орж гарахдаа үнэртүүлээд явж байдаг. Эхнэрийнхээ дэргэд надтай нэг ч үгний солио хийхгүй. Авгай нь халх хүн болоод надад дургүй юм уу, аль дээд дарга нар нь “Хятадаас хол бай” гэж тушаасан байж ч магадгүй. Эднийх гурван хүүхэдтэй, тэд нар нь том болж яваа. Намайг бас хүн гэж тоож үзэхгүй, надтай ярьдаггүй юм. Тэднийх голдуу хонь, үхрийн мах ногоотой чанаад оройд иддэг бололтой. Энэ бол ганц эднийх биш, бараг л Улаанбаатарын бүх айлууд ийм хоолтой байдаг. Го дарга мөнгөнд тун их дуртай хүн байх. Энэ дарга цалингаа аваад авгайдаа тушааж өгөхдөө нарийн тоолоод, хуруугаа даран, дутлаа гэж яриад хоорондоо маргалдаад байх шиг харагдаж байсан. Тэгээд Монголын дарга нарыг мэдэхэд их төвөгтэй байна. Учир нь дарга нар хятад хүнийг гэртээ оруулах дургүй шүү дээ. Би дарга айлд ордог нүүр талтай нэг хүн олж авах гэж чармайж явна. Тэр ч миний дураар олдохгүй нь лавтай. Надтай хамт ажиллаж байгаа Цэ, Дүхоёр бол надад тэгэж туслаж явахаар тийм овсгоотой амьтад биш, урагш муутай маанагдуу амьтад. Тэгэхдээ далд хэргийн талаар миний үгнээс гардаггүй амьтад. Тэр нь бас яамай шүү хэмээн Сүгсээ Бээжинд бичээд, Монголын бүх дарга нарын байдлыг тодорхой таньж мэдэх гэж сэтгэл нь донтон яваа билээ. Энэ түүний зоргоор бүтэх хэрэг биш ээ.
Төрхүү ахлагчтай засварын хэсэг Ра гэдэг нэг том даргын байранд засвар хийх боллоо. Засварчид очиход тэднийх гэрийнхээ эд юмыг гаргаж арай л гүйцээгүй байв. Даргын гэргий нь Аюуш гэдэг нэлээд дэгжин, залуувтар насны царайлаг бүсгүй, найм, арван насны хоёр хүүхдээрээ туслалцуулан гэрийнхээ ойр зуурын юмыг гадаа зогсож байгаа улаан номертой хар тэргэнд зөөн хийж байв. Сүгсээд тэр хүүхэн тун ч аятайхан харагдаж байгаа учир шалмаглан зөөж байгаа ажлаас нь элбэлцэв. Аюуш дориун аялаг зан гарган засварчинд хандаж, ямар нэгэн зүйл ярих гээд ч байгаа юм шиг ая тавингуй байлаа. Тэд хэсэг зуур хамт ажиллаж байгаад цонхны дэргэд зогсож хэдэн дулаан үгний солио хийв. Аюуш Сүгсээд хайрцаг янжуур өгч, бусдын нүдийг манаж байснаа:
Миний өвгөн аав танай нутгийн хүн байсан гэж хэлэв. Сүгсээд энэ үг чихэр бурам шиг сонсогдон, инээх аядаад:
Чи ямар сайхан үг хэлдэг хүүхэн бэ? Даанч тэгнээ тэр! Анхлан уулзахад чиний нүдний харц надад их дулаахан байсан. Би ийм хүмүүстэй танилцах дуртай гэж хэллээ. Бүсгүй шарваганан:
Манай нөхөр чи бид хоёрыг ингээд зогсож байгааг харвал намайг “ниргэнэ” шүү гэж хэлэх нь бүсгүй нөхрөөсөө айдаг, нөхөр нь хятад хүнд тааламж муутай байдаг юм уу, энэ эхнэр гадуур сэлгүүцэн хормойгоо сөхөж явсаар байгаад эр нөхрөө хашрааж орхисон байж магад. Тэр надад ямар хамаа байна вэ хэмээн Сүгсээ бодоод Аюушид ая засах царай гарган:
Чиний нөхөр чамд их хартай юм уу? Би чамтай ойр дотно танилцан, хааяа уулзаж баймаар санагдаж байна гэж хэлээд юу гэхийг нь хүлээв. Бүсгүй инээж харан:
Уулзаж ч болох биз. Тэгэхдээ их хэцүү. Манайд зарим дарга нар ирдэг. Тэд тоглоом тоглон хоорондоо маргалдаад манайд удаан суудаг юм гэж ярьж байтал юм зөөлцөж байгаа жолооч орж ирээд тэдний үгийг тасаллаа. “За би энэ хүүхэнтэй лавхан танилцаж болох бололтой. Энэ ч том олз шүү” гэж Сүгсээ бодон ажилдаа орж, бусдыгаа ирэхээр шавар шохойнхоо юмыг хийж эхлэв. Ийм янзын олз олоод л түүнийгээ Ван овогт бичиж тэмдэглэн урагш нь мэдээлэхээр бэлтгэж байгаа билээ. Сайхи засварчин тэр зүйлээ гэртээ сийрүүлж бичээд, ажил дээрээ авчран Цэ засварчнаар дамжуулж Өвөрлөгч нутгаас ирсэн ноос угаагч ажилтай Ерөөлтөд өгч, тэр нь Хөх хотод явуулдаг замтай байлаа.
Сүгсээ энэ хэргийн хажуугаар Банзар бүсгүй, Лю Жимин хоёрыг хөнөөлгөсөн хэрэг юу болж байгаа бол гэж чих тавин сонссоор яваа аж. Чингэхдээ Шагдар баригдсан гэдгийг бусад туршуулаасаа мэдсэн. Гэвч сайхи Шагдар гэдэг сахалт наймааны хүүд Сүгсээ өөрөө биеэр даалгавар өгөөгүй, бусдаар дамжуулан хэлсэн болохоор тэр Шаагаа яаж ч өчсөн над руу үсэрхийлэх нь гайгүй болов уу? Харин Лю засварчныг далд хий гэж би яаран өөрийн хүмүүст биеэр очиж хэлсэн болохоор тэд баригдан, хатуухан байцаагдвал юу ч гэж мэдэх биз. Яадаг бол? Тэд битгий л баригдаасай хэмээн бодож сэтгэл нь зовиурлаж байлаа. Тэгээд хэсэг хугацаанд өөрөө гэртээ бүгэн амьтны нүдэнд аль болохоор харагдахгүй байхыг хичээж байгаа боловч бас Бээжингийн Ли овогт даргаасаа нууц элч Фунтуузаар хэлүүлсэн зүйлийг хань хамсаатандаа хүргэх том ажилтай байв. Үүнийгээ залгуулах гэж хааяа гарч сэмхэн гүйж байлаа. Тэгэхээс өөр арга алга.
Сүгсээ ямар совингоор юм бэ, уг нь үл таних боловч энд тэнд байн байн тулгарах шахам тааралддаг болсон Шархүүгээс тун их эмээж зугтаана. Тэр монгол ажилтны нэрийг мэдэхгүй боловч түүнтэй энд тэндхийн элдэв явдлууд дээр дайралддаг төдийгүй, бие биеэ цаанаа нэг ажигч байдлаар харж, туршуулын харцаар дагаад байдгийг нь ажиж мэдээд “Чи бол миний толгойг шороон дээр хаях монгол туршуул зайлшгүй мөн” хэмээн бодож, түүнээс сэргийлэн, аргагүй гэнэт нүүр тулан тулгарвал гар зөрүүлэхэд бэлтгэлтэй явдаг болов. Тэгээд сайхи хужаа Шархүүг чухам хаана ажилладаг, хэн болохыг мэдэх гэж дотроо бас нэг хэрэг хадгалан яваа аж. Шархүү ч түүний байдлыг аль түрүүн мэдсэн, юуг яаж хийх гэж яваагий нь далдуур ажиглаж байгаа аж. Энэ хоёрын аль алинд туслах хүчин цаана нь байгааг бас хэн хэн нь мэдэлгүй яахав.
Шархүүг Банзарын амь насыг нэхэн далд ажиллагаанд хэдэн хоног нойр хоолгүй шахам явсныг нь яам нь үнэлэн үзэж гурав хоног гэртээ амар гэж чөлөө өгснийг сайхи хүн зохистой эдлэн өнгөрөөх санаагаар найз Сэрээнэндоржтойгоо хамт агаар салхинд гарахаар бэлтгэсэн ажээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: